Sunday, July 4, 2021

Монгол наадмын ГЭГЭЭН ДУРСГАЛД зориулав

 


Сүхбаатарын талбайд NoNaadam, YesNaadam жагсаал болж эхнийх нь 20-иод насны залуусын төлөөлөл, хоёр дахь нь морьтон эрчүүдийн давамгай оролцоотой болж өндөрлөлөө. Аль аль нь бага насны хүүхдийг олон нийтэд хандсан үг хэлүүлж нийгмийн сүлжээн дэх сурталчилгаандаа ашигласан байв. Мөн ковидын түүхэнд анх удаа халдвартай гэдгээ мэдсэн 35 настай монгол залуу өөрөө явж эмнэлгийн тусламж авах гээд хүлээж авах газар олдохгүй байсаар Улаанбаатарын нэгэн эмнэлгийн гадна нас нөгчив. Үүний дараахан Ерөнхий сайд Замын-Үүд боомтод зочилж, тээврийн хэрэгслийг ариутгах зориулалттай хэмээх хачирхалтай бүтээн байгуулалтыг нүдээр үзээд, алдааг засахыг үүрэг болгоод буцлаа.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны долдугаар сарын 2-нд болж “Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлууллаа. Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов” гэсэн шийдвэр гаргасан билээ.  

Энэ жил анх удаа монголчууд наадмын нээлт үзэхгүй нь. Есөн хөлт цагаан тугаа наадмын талбайд залахыг, ерөнхийлөгч талбайн голд зогсоод мэндчилгээ дэвшүүлэхийг үзэхгүй учир иргэд нь нээлтийн арга хэмжээг хүлээн догдлохгүй, бас нийгмийн сүлжээнд наадмын сэдвээр шүүмж мэтгэлцээн өрнөхгүй нь бололтой. Ийм мэдээ сонссоны дараа өнгөрсөн жилийн цахим наадам бас ч гэж гайгүй байсан юм биш үү хэмээн харьцуулагдах нь гайхмаар санагдана.

Дэлхийн түүхийг Ковидын өмнөх ба дараах үе гэж хуваадаг болох нь үнэн аж. Ковидоос өмнө монголчууд бид цагаан сараа өргөн дэлгэр угтаж, үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байлаа. Гэтэл ковидын дараа цагаан сар тэмдэглэхгүй байсан ч огт тоохгүй, одоо бүр Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхгүй хэмээн жагсацгааж, нийгмийн сүлжээнд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байна. Үндэсний их баяр наадмыг ердөө л хэдхэн бөхчүүд, уяачид, эрх мэдэлтнүүдийн баяр буюу Баячуудын зэрлэг цэнгэл хэмээн нэрлэх болжээ. Учир нь тэднээс бусад нь баярлаж цэнгэдэггүй наадам байсан бололтой юм. Үнэхээр харамсалтай...

Гэвч яг үнэн хэрэгтээ, наадам болж л байвал монгол хүн бүр сэтгэлийн цэнгэл эдэлж, дүүрэн жаргалтайгаар энэ өдрүүдийг угтаж, үддэг байсан билээ. Хэний морь хэдэд давхив, аль аймгийн бөх түрүүлж үзүүрлэв, мэргэнээр хэн тодров гээд наадмын сонин хачныг хуваалцсан яриа нэг хэсэгтээ л гол сэдэв болдог сон. Ард түмний баяр цэнгэл шингэсэн болоод ч тэр үү наадмын хуушуур, айрагны амттай гэж. Стадионд тасалбар аваад орж суудаггүй юм аа гэхэд, телевизийн шууд нэвтрүүлгээс наадмаа үзэж, бас төв цэнгэлдэхээ нэг гороолчихсон байхад наадмын уур амьсгал аяндаа л бүрэлдчихдэг байсан юм. Хаашаа л харна үндэсний хувцсаараа гоёж ижилссэн хосууд, баярлаж хөөрсөн олон хүн, хацар дээрээ төрийн далбаагаа зуруулсан хүүхдүүд талбайн эргэн тойронд хөлхөлдөж, оюутан залуус нь “Цэмцгэр наадъя” гэсэн уриатайгаар ажиллаж, бизнесүүд цэцэглээд л гоё байжээ.

Хүй долоод бол бүр ч сайхан. Хүсвэл танил уяачдынхаа гэрээр зочилж болно. Нэг л тансаг, өвөрмөц мэдрэмжийг тэндээс л авдаг сан. Хурдан морьдын уралдаан үзсэн ямар ч монгол хүн самсаа нь шархираад л ирнэ. Дараа нь сур харваагаа үзэж, шинэ мэргэн тодрохыг харж нүд баясан бахархах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Үдэш нь ёслолын буудлага, талбайн шоу цэнгээн болохын зэрэгцээ наадмын өмнөх өдрүүдээс эхлээд тасралтгүй өрнөдөг соёлын олон арга хэмжээг үзэж сонирхон баясдаг байлаа. Наадмын сүүлчийн өдөр хамгийн сэтгэл догдлом мөч ирнэ. Энэ бол түрүү бөх хэн бэ гэдгийг харах торгон агшин юм. Гэвч тэдгээр он жилүүд нэгэнт ард үлджээ.

Энэ жилийн хувьд, наадмын сэдвийн хүрээнд хамгийн их анхаарал татсан асуудал нь хурдан морины унаач хүүхдүүдийн тухай байлаа. Мэдээж, энэ хөндвөл зохих асуудал мөн. Бас бид соёлоосоо улам бүр хөндийрч буйг илтгэх нэгэн үзүүлэлт болж байгаа нь ч үнэн. Үүнийг бичигч би вээр төв суурин газарт амьдардаг хүүхэд байсан ч, долоон настайдаа морь унаж сурч, үеийнхээ хурдан морь унадаг хүүхдүүдийг бишрэн харж, наадмын гийнгоог нь сонсон догдолж өссөн болохоос биш, тэднийг халтар царайтай ядуу зүдүүгээр нь дуудах талаар хэзээ ч бодож байгаагүй билээ. Гэтэл өнөөдөр хурдан морь унадаг хүүхдүүд бол ядуу учраас баячуудын морийг унаж гэрээ тэжээдэг хэмээн нийтэд нь хамруулан бичиж, үеийн хүүхдүүд нь ч тийнхүү ойлгож, тэднийг өрөвдөлтэй халтар бороор нь дууддаг болж. Морь унаж гэр бүлээ тэжээдэг хүүхдүүд тэдний дунд байгааг үгүйсгэхгүй ч, малчин айлын хүүхэд багаасаа морь унаж сураад наадамд хурдан морь унан уралдаж яагаад болохгүй гэж? Чухам хүүхдүүд морь унаж уралддаг учраас л тэднийг гэмтээхгүйн тулд давхих зай нь нас насандаа өөр байхаар зохицуулж, зөвхөн монгол адуугаа уралдуулж ирсэн уламжлалтай шүү дээ.  

Гэтэл үүнийг гадны орнуудын морин тойруулгын уралдаантай ижилтгэн ойлгож, яг энэ өнцгөөс нь харж, насанд хүрсэн хүн л хурдан морь унах ёстой гэж бичээд байгаа нь монгол соёлыг огт мэддэггүй, ойлгодоггүй хүмүүсийн харь сэтгэлгээ төдий юм. Морин тойруулгыг хүсээд байгаа юм бол хэл ам татлаад байдаг эрлийз адуугаа уралдуулдаг байхаар зохицуулж, тэндээ зөвхөн насанд хүрсэн хүнээр морь унуулах боломж байгааг олж харахад тийм хэцүү байна гэж үү? Тэгээд ч үүнийг хийх хүсэл тэмүүлэл, эдийн засгийн чадавх нь манай морь сонирхогч капиталистуудад байгаа гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна.

Харин өнөөдөр дэлхийн олон улс оронд, түүний дотор Монголд ч бас ковидын тархалт, хүн амын өвчлөлтэй холбоотой шинэ асуудал бэрхшээл өдөр тутам өсөн нэмэгдсээр байгаа. Энэ нь яг л дайн шиг...

Хэрвээ 1942 онд Александровын ансамбль “Вставай страна огромная, Вставай на смертный бой...” гэж дуулаагүй бол, Дмитрий Шостакович Долдугаар симфонио зохиож Бүслэгдсэн Ленинград хотод тоглуулаагүй бол, ялна гэдэгтээ итгэж зөвлөлтийн ард түмэн сэтгэл зүтгэлээ нэгтгээгүй бол тэд дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулах байсан гэж үү? Тэд дайтаж байсан ч хайрлаж дурлаж, итгэж хүлээж, дуулж бүжиглэж, ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харж байсан түүхтэй. Хэрвээ дайн болж байгаа гээд бүгд сэтгэлээр унаад, нэг ч хүн инээмсэглэхгүй, дуулахгүй, хөгжим зохиохгүй, кино бүтээхгүй, зохиол бичихгүй байсан бол өдийд орос орон гэж байх эсэх нь ч эргэлзээтэй байх байлаа. Гэвч тийм зүйл болоогүй. Тэд ялсан, улс орон нь өнөөдөр цэцэглэн хөгжиж байна.

Үүний нэгэн адил, ковидын өвчлөл нэмэгдэж байгаа гээд хүмүүсээ аз жаргалтай байхыг нь хориод эхэлбэл, нийгмээрээ зөвхөн гуниг гутралд автаад байвал, хувь хүн бүр өөрийн хариуцлагыг бусдад тохоод хэвшчихвэл, иргэдийнхээ цахимаар боловч наадамлах эрхийг нь хязгаарлаад байвал бид ковидыг ялж чадна гэж үү?

Ц.Оюунчимэг

2021-07-05

Tuesday, June 29, 2021

Цар тахал ба ЦАХИМ НААДАМ



Домгийн шувуу үргээсэн цахим наадмын чимээ айсуй. Наадмын чимээтэй зэрэгцэн байгалийн сайханд аялж буй хүмүүсийн аз жаргалтай зураг, туйлдаж ядарсан эмч, сувилагч нарын үнэнээ өчсөн пост, үхэлтэй тэмцэн буй өвчтөнд хиймэл амьсгаа хийж буй бичлэг, цахим наадмыг эсэргүүцсэн зурагт хуудас өргөсөн иргэдийн эсэргүүцэл нийгмийн сүлжээнд түгэж байна. Хоёр жил шахам хорио цээрийн дэглэмд үйл ажиллагаа нь доголдож ирсэн байгууллага, аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнесүүд эцсийн хүчээ шавхан өндийхийг оролдож, дуу хоолойгоо нэгтгэн нэгнээ дэмжиж, хэрэглэгчдэдээ урамшуулал үзүүлэх тухайгаа зарлаж эхэллээ.

Вакцин бол чип хэмээн сурталчилж нийгмийн сүлжээнд дархлаажуулалтын эсрэг давалгаалж байсан хүмүүс эрс цөөрчээ. Утсаа авахаа больтлоо ачаалалд дарагдсан өрхийн эмнэлэг, зөвлөгөө өгөх төв, яаралтай тусламжийн төвүүд болон эмнэлгүүдэд хүний нөөц нь шавхагдаж байна гэсэн мэдээлэл үзэгдэх нь түгшүүр төрүүлнэ. Өөрсдөө өвдсөн эмч, сувилагч, асрагч нар хамгаалалтын хувцсаа өмсөөд улаан бүсдээ үлдэж, өөрсдийгөө болон өвчтөнөө эмчлэхээс өөр аргагүй байгаа тухай ч дуулдах юм. Монголын эрүүл мэндийн салбар сөхөрч байна. Эмч, сувилагч, асрагч нар ядарч туйлдаж байна. Тэд өөрсдөө бас өвдөж байна.

Монголд хэдэн хүн ковидоор өвдсөн тухай шинжилгээний үр дүнд үндэслэсэн мэдээллийг албаны хүмүүс нь өдөр тутам хэвлэлд мэдээлдэг ч, ердөө гуравхан цэгт хөдөө орон нутгийг зорьж буй хүмүүсээс л шинжилгээ авч байгаа учир өвдсөн эсэхээ мэдэхийн тулд 40-90 мянган төгрөг хувийн эмнэлэгт төлөөд шинжилгээ өгч чадахгүй тэдгээр хүмүүсийн хэд нь чухам өвдсөн байж болохыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Албаны тоо бол баталгаат цэгт хандсан эсвэл мөнгөө төлж шинжилгээ өгч чадсан хүмүүсийн л тоо.  

Халдвар орон даяар тархсан учир аймаг бүрийн албан мэдээллийг фэйсбүүкээс харж, үзэж болж байгаа. Зарим аймгуудад халдвар цөөн, заримд нь улам бүр нэмэгдсээр буй өдрүүдийг бид хамтдаа туулж байна. Улаанбаатарт халдварын тоо цөөрсөн дүн ажиглагдаж байгаа ч ажилгүй хүмүүс, эмзэг бүлгийнхэн чухам хэдээрээ өвдөж байгааг хэлэхэд хэцүү өдрүүд үргэлжилсээр. Энэ бүхнийг яая гэж байхад цахим наадмын сураг гарч буй нь иргэдийг бухимдуулж байгаа нь илт.

Гэтэл цар тахлын энэ бэрх цагт монголчууд бид цахим наадам байтугай Ерөнхийлөгчийн сонгуулиа хийгээд, шинэ Ерөнхийлөгчөө сонгочихлоо шүү дээ. Өмнөх ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга халаагаа өгч, шинэ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ажлаа аваад удаагүй байна. Түүний нээлтийн үгээ хэлэх анхны наадам цахимаар болж байгаа нь ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэхэд нь нэг их хүндрэл учруулахгүй л болов уу.
 


Цахим наадам гэж юу болохыг бид өнгөрсөн жилийн наадмаар үзсэн. Тэрхүү наадмаас харахад, үзэгчгүй наадам гэдэг үнэхээр сүр сүлдгүй юм билээ. Үзэгчдийг төлөөлөн суусан жүжигчид наадмын уухайгаа найруулагчийн командаар жүжигчлэн хийж буй нь мэдрэгдээд, наадамчин олны халуун дулаан уур амьсгал үгүйлэгдээд, санаа дагаад ч тэр үү бөхчүүд нь хүртэл муу барилдаад байх шиг санагдсан. Морь, сур хоёр л арай дөнгүүр байсан даа.

Монгол Улс гэж байсан цагт наадам хийх нь гарцаагүй учир цахимаар ч болов наадаж уламжлал соёлоо дээдлэх нь зүйн хэрэг. Харин наадмын үйл ажиллагаанд оролцох хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн сахиж, масктай ч байсан халддаг дельта хувилбараас яаж сэргийлэх вэ гэдэг дээр л мэргэжилтнүүд толгойгоо ажиллуулах хэрэгтэй байх. Хурдан морины хүүхдүүд маск зүүгээд морь унаж уралдах юм бол амьсгалын дутагдалд орж болзошгүй хэмээн олон нийт эсэргүүцсэний үр дүнд өнгөрсөн жилийн наадмаар маскгүй уралдуулж байсан. Сур харвааны хувьд амьсгалаа хүртэл хуваарилан байж цэц мэргэнээ сорьдог тэд маань маск зүүвэл бас л хэцүү. Бөхчүүдийн хувьд нэгэнтэйгээ хамгийн ойр байж хүчээ үздэг учир эрсдэл нэн өндөр. Тэгэхээр PCR шинжилгээний хариугаар л наадамд оролцох эсэхийг шийдэж таарах нь хэмээн төсөөлж сууна.

Цар тахал боллоо гээд цахим наадмаа хойшлуулах, зуны дэлгэр цаг болж байхад хөл хорио тогтоон хөдөө явахыг хязгаарлах нь монголчуудын хувьд угаасаа биелүүлэх боломжгүй зүйл. Иймд иргэн бүр хариуцлагатай, ухамсартай байж дархлаажуулалтад бүрэн хамрагдахыг уриалах, ковидын дельта хувилбараас сэргийлэх зөвлөмж бүхий сурталчилгааг хэвлэлүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд түгээх, албаны хүмүүс ч бас энэ тухай тайлбарлаж таниулах, өөрсдөө үлгэрлэх, эмч мэргэжилтнүүд нийгмийн сүлжээгээр дамжуулан зөвлөгөө өгөх арга замыг эрэлхийлэхэд оройтоогүй байна.

Мөн цар тахал ихэслээ гээд бизнесүүдээ хумин дарамталж, юм л бол үйл ажиллагааг нь зогсоодгоо больцгооё. Социализмын үе шиг бүхнийг улс нуруун дээрээ тээж явдаг цаг өнгөрсөн шүү дээ. Хэдийгээр улсаас хэд хэдэн сайн арга хэмжээ авч ард түмнийхээ амьдралыг дэмжсэн ч, энэ нь түр зуур аргацаах хэмжээний дэмжлэг болохоос биш өдөр тутмын амьдралыг удаан хугацаанд авч явах хэмжээний дэмжлэг биш юм. Иймд халдвар хамгааллын дэглэмээ бариад ажиллуулж болох бүхий л үйл ажиллагааг нээж, иргэддээ орлогоо нэмэгдүүлэх боломжийг нь олгоё. Халдвар авах эсэхэд хувь хүний хариуцлага, халдвар хамгааллын дэглэмээ баримталсан эсэх, мөн биеийн дархлаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг болохоос, аль нэгэн бизнесийн үйл ажиллагаанаас болж халдвар ихсээд байгаа хэрэг биш шүү дээ. Тэгээд ч энэ нь бизнесүүдийг дарамтлах шалтгаан ерөөсөө ч биш билээ.

Дэлхий нийтэд тулгамдаж буй олон асуудалтай Монгол ч бас нүүр тулж байна. Гадаад орнуудын цар тахалтай тэмцэж буй сайн туршлага, зохион байгуулалтын оновчтой арга барил, бизнесээ дэмжиж буй алсын хараатай бодлогуудаас нь суралцах боломж нээлттэй байхад, хөмөрсөн тогоон дотор байгаа мэт арга барилаар ажиллах нь илтэд анзаарагдах боломжтойг холбогдох албаны хүмүүс нь анхаарна биз ээ.

Цар тахлыг хамтдаа даван туулж, сайн цагийг авчирч чадна гэдэгтээ итгэлтэй байцгаая.

Ц.Оюунчимэг

2021-06-28

Тахлын үеийн Сэтгүүл зүй ба Аса станц


Сэтгүүлчийн ажлыг хэн дуртай нь хийдэг болжээ хэмээн халагласан сэтгэгдэл нийгмийн сүлжээнд харагдсаар удлаа. Нээрэн ч тийм юм уу гэж санагдтал “Аса станц” гэсэн бичиг бүхий зурагтай постын дор сэтгэгдлүүд тасралтгүй урсаж харагдана. Гэхдээ тэр нь яг сэтгэгдэл ч биш, харин Аса аваргын ээлжит ярилцлагын асуултуудыг иргэд өөрсдөө бэлтгэж өгч буй үйл явц юм.   

“Би маргааш тийм хүнтэй ярилцлага хийнэ, юу асуух вэ?” гэж постлоод л асуултуудаа бэлтгүүлж аваад түүнийгээ харж байгаад ярилцлага хийчихдэг юм бол энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлэл бэлтгэн хүргэж, энд олон мэргэжлийн хүмүүс цалин авч ажиллах хэрэг байна уу гэх тэрслүү бодол хэнд ч төрнө биз дээ? Сэтгүүлчийн ажил үнэхээр тийм амархан юм уу? Аса гэгч нөхөр телевизийн камерын өмнө сууж, иргэдийн бичсэн асуултуудыг цаасан дээр хэвлэж өмнөө барьчихаад сэтгүүл зүйг ганц биеэрээ төлөөлөн, хэвлэлийн мэдээ мэдээллийг түгээж суух хэмжээнд хүртлээ хэвлэл мэдээллийн салбар доройтчихсон хэрэг үү?

Сэтгүүлчдэд хүртэл асуултын тоог хязгаарлаж, тодорхой цагуудад ямар хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэвлэлийн хуралд оруулахыг жагсаалтаар баталж, тусгайлан зохицуулсаар ирсэн тэр систем Аса-гийн өмнө гэнэт хүчин мөхөстөж, хамаг мэдээллээ ганцхан түүнд харамгүйгээр өгч, уулзъя гэсэн бүхэнтэй нь уулзуулж, Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээллийнхээ хойморт залчихаад, албан ёсны цор ганц эрх бүхий хэвлэлтэй харьцаж байгаа мэт хандаж байгаагийн цаана ямар сценари явагдаж байгаа бол хэмээн хардахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.

Цар тахлын үеийн мэдээлэл, олон нийтийн харилцаанд сэтгүүлчид бид хүлээцтэй, басхүү учир байдлыг ойлгон хандаж, зөвхөн албан эх сурвалжийн мэдээллийг тэнцвэртэй хүргэж ирсэн. Сэтгүүлчдийн үүрэг, оролцоог цар тахлын үеийн мэдээлэл харилцаанд ийм л хэм хэмжээнд байлгахыг шаарддаг нь олон улсын нийтлэг жишиг юм. Ийм цаг үед албаны хүний амнаас хэвлэлийнхэнд болон олон нийтэд хандаж хэлсэн үг болгон нь нийгмийн сэтгэл зүйд шууд нөлөөлөхүйц мессеж болон хүрдэг гэдгийг Засгийн газар, Улсын Онцгой комиссынхон болон тэдний хэвлэлийн төлөөлөгч нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тийм ч учраас хэвлэлийнхний мэдээлэл авах боломжид тодорхой хязгаарлалт тавьж, зөвхөн албан мэдээлэл түгээхийг анхнаасаа шаардаж ирсэн билээ.  

Гэтэл яагаад гэнэт Аса станц гэгч бий болж, хамаг мэдээллийн эх сурвалжийг ганц энэ рүү чиглүүлэх болов оо? Сэтгүүлчид нь олон нийтэд баталгаатай мэдээлэл түгээж чадахгүй болоод тэр үү, эсвэл албаны хүмүүс нь олон нийтэд ойлгомжтойгоор нөхцөл байдлыг тайлбарлаж өгч чадахгүй байна уу? Ийм хоёр асуулт гарцаагүй урган гарч ирнэ биз дээ.  

Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд мэдээлэл түгээх ажлаа хариуцлагатайгаар хийж, аль болох олон эх сурвалжийн мэдээлэл хүргэхэд анхаарч ажиллаж байгаа гэж харагддаг. Гэтэл албан эх сурвалжийн хувьд, өмнөх засгийн газар нь огцорч ЭМЯ төдийгүй бусад холбогдох байгууллага, албадын бүрэлдэхүүн солигдсон хэдий ч тэд ажлаа хийж, хэвлэлийнхэнд болон олон нийтэд мэдээлэл өгч, нөхцөл байдлын талаар тайлбарласаар л байгаа тэр үйл явц огт тасалдаагүй.

Тэгвэл юу болов? Ийм хөл толгой нь мэдэгдэхгүй нөхцөл байдал үүсэхэд чухам юу нөлөөлөв гэдэгт анхаарлаа хандуулах гээд үзье.

Нийгмийн сүлжээний талбарт, ялангуяа фэйсбүүкт нэг үзэгдэл ажиглагддаг нь, пост хийсэн хүн бүхэн өөрийгөө мэдээлэл түгээгч болохоо мэдэрдэг тэрхүү мэдрэмж бөгөөд чухам энэ нь дээрх төөрөгдлийн нэг шалтгаан болж байна. Фэйсбүүк нь үнэн хэрэгтээ, тухайн хүний үзэл бодлоо илэрхийлэх хувийн орон зай төдий зүйл. Харин албаны байр суурийг илэрхийлэхийг хүсвэл тусгай хуудас нээж түүгээр дамжуулан мэдээллээ хүргэх боломж үргэлж нээлттэй байсаар ирсэн.

Гэтэл хувь хувьсгалаа ялгахгүй хольж бичих, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрийн өмнөөс пост хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн албан ёсны байр суурийг илэрхийлж байгаа мэт үг хэллэгээр бичих явдал улам бүр газар авч аль нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн байр суурь, аль нь хувийн үзэл бодол гэдэг нь ялгагдахаа больсноор өнөөгийн эмгэнэлт үзэгдлийн эхлэл тавигдсан билээ. Нэгэнт ийм замбараагүй байдалд автсан орон зайд тодорхой зорилго бүхий этгээд хувийн тоглолт хийх, тэр тусмаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэт ойлгогдон олны анхаарлыг татах, тэр ч байтугай хүлээн зөвшөөрөгдөх боломжтой байгаа нь хачирхалтай хэдий ч бодит байдал болоод байна.  

Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахим орон зайд, тэр тусмаа нийгмийн сүлжээгээр дамжуулан уншигч, сонсогч, үзэгчдэдээ мэдээлэл сурвалжилгаа хүргэх нь давамгай болсон ч, тэрхүү мэдээллийг хэн дуртай нь биш, гагцхүү сэтгүүлч, сурвалжлагч, нийтлэлч, редактор, зураглаач, найруулагч, хөтлөгч гэхчлэн мэргэжлийн хүмүүс бэлтгэдэг гэдгийг эрхбиш санууштай. Тэд олон нийтэд хүргэх мэдээ, мэдээллээ бэлтгэхийн тулд фэйсбүүкт пост хийж, иргэдийн өгсөн шипи-гээр ажлаа хийдэг хүмүүс огт биш. Тэд бол нийгмийн сайн сайхны төлөө гэсэн сэтгэл зүтгэлээр, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхээ нийтлэлийн бодлогод уялдуулан, оюун сэтгэлгээ, хүч хөдөлмөрөө дайчлан байж олон нийтэд хүргэх мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгээ бэлтгэдэг хүмүүс юм. Гэтэл энэ бүхнийг үнэгүйдүүлж, ганц хүний дур зоргоороо үйлдэлд орон зай гаргаж өгч буйн цаад шалтгаан нь юу вэ?

Фэйсбүүкт тавигдсан мэдээлэл бүхэнд сохроор итгэдэг хүмүүсийг үй олноор нь бий болгох бодлого уу, аль эсвэл Аса-г пост хийнгүүт нь даган хуйлардаг массын сэтгэл зүйг бүрдүүлэх явдал уу? Ямар ч байсан, Аса-гийн мэдээлэл бүхнээс чухал хэмээн итгүүлэхэд чиглүүлэн залуурдаж буй хандлага ажиглагдаад эхэлснийг та ч бас анзаарсан байх...   

Тийм ээ, олон хүн фэйсбүүкийн постоо алдаатай бичдэг, бас нийгмийн сүлжээнд биеэ хэрхэн авч явахаа мэдэхгүй байх тохиолдол бий. Тэглээ гээд энэ нь таныг хэн нэгний тоглоомын “бай”, дээр нь юу ч бичиж болдог “цагаан цаас” болгоно гэсэн үг биш юм.

Дэлхий нийтийг хамраад буй цар тахлыг далимдуулан эмх замбараагүй байдалд турхирах, нийгмийн сэтгэлгээнд нөлөөлөх замаар хэмжээлшгүй эрх мэдэлд хүрэхийг санаархах явдал гарч болзошгүйг олон улсын түвшинд анхааруулсаар ирсэн. Энэ бүхнээс зайлсхийх арга зам нь, иргэн бүр албан ёсны мэдээлэлд илүү их ач холбогдол өгч тухайн мэдээллийг хаанаас түгээж буйг заавал анзаарч байх, хуурамч мэдээлэл биш биз хэмээн эргэлзэх орон зайг өөртөө үлдээх, хардах эрхээ эдлэх явдал билээ.  

Ц.Оюунчимэг

2021-06-21

Friday, May 22, 2020

БИ ЯАГААД МАНДАХБАЯРТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ?


Та яагаад Мандахбаяртай ажилладаг юм бэ? Энэ асуултыг надаас хэд хэдэн хүн асуусан учир би хариулт өгөхөөр үүнийг бичиж сууна. Анх “Зиндаа” сэтгүүлийн №01 дугаарыг эрхлэн гаргахаар бэлтгэх тэр мөчөөс л бид хамт ажиллаж эхэлсэн. 2016 онд тэр “Зиндаа” сониноо оюунлаг, үнэ цэнэтэй хэвлэл болгон хөгжүүлж “Зиндаа” сэтгүүлийг эрхлэн гаргахад хамтарч ажиллаач гэж намайг ажилд урьсан юм. Тэр үед надад цалингаас өөр юу ч амлаагүйг хэлэх хэрэгтэй. Түүний том мөрөөдөл, хөгжил дэвшлийн төлөөх хүсэл тэмүүлэл нь намайг энд ажиллах сонголт хийхэд минь нөлөөлсөн билээ. Би тэрхүү том мөрөөдлийн нэг хэсэг нь байхыг хүссэн учраас “Зиндаа” сэтгүүлийн анхны дугаараас эхлэн өнөөг хүртэл сэтгүүлийнхээ зөвлөх редактор, ерөнхий редактор, ерөнхий эрхлэгчээр дэвшин ажиллаж ирлээ.
“Зиндаа” сэтгүүл өдгөө 16 дугаар эрхлэн гаргаж уншигчдын хүртээл болгоод байна. Соён гэгээрүүлэх нийтлэлийн бодлоготой 240-280 нүүр сэтгүүлийг эрхлэн гаргаж, хэвлэлт бүрийг нь редакторлан, бүхнийг толгойгоороо хариуцна гэдэг тийм ч амар ажил биш шүү. Энэ ажлыг хийхийн тулд ажиллах боломжтой бүхий л цагаа зөвхөн үүнд зориулж, сэтгэлээ, хөдөлмөр зүтгэлээ 100 хувь өгч ажиллахаас өөр арга байхгүй юм. Миний яаж ажилладаг байсныг хамт олон маань болон манай хуучин оффис байрлаж байсан MNBC кабелийн телевизийн зарим ажилтан, албан тушаалтнууд ч сайн мэднэ. Надад амралтын өдөр гэж байгаагүй. Амрахгүйгээр ажиллаж байж л сэтгүүлээ гаргаж амждаг байлаа.
“Зиндаа” сэтгүүл хэмээх асар том машины эрэг шураг бүрийг зөв хөдөлгөх нүсэр ажлыг шантралгүй хийхэд минь надад маш том урам зориг өгч, дэмжиж ирсэн хүн бол Х.Мандахбаяр захирал юм. Цагаа олсон шагнал урамшуулал, ажлыг минь ойлгож үнэлсэн үнэлгээ, бичсэн нийтлэлийг минь дүгнэж хэлсэн үг, ажлыг минь хөнгөвчлөхийн тулд хамтарч хийсэн ярилцлага гээд зөвхөн сэтгүүлч хүн л гаргаж чадах тийм нарийн мэдрэмжтэй тус дэмийг би энэ хүнээс авч ирсэн билээ.
Х.Мандахбаяр захирал өөрөө сэтгүүлч хүн учир сэтгүүлчдийнхээ ажлын хүнд бэрхийг ойлгож, тэр хэмжээгээрээ хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж чаддагийг нь би дөрвөн жил хамт ажиллахдаа нүдээрээ харж, сэтгүүлч нөхдийнхөө өмнөөс баярлаж бахархаж ирлээ. Манай байгууллага жил бүр Хөдөлмөрийн аваргаа шалгаруулж, түүндээ байр өгдөг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Хөдөлмөрийн аваргуудаа шагнаж 2016 онд байгууллагын ня-бо Заяад 2 өрөө байр, 2017 онд “Зиндаа” сэтгүүлийн “Гол тоглогч” булангийн нийтлэлч Д.Дамдинжавт 3 өрөө байр, 2018 онд Дэд захирал Х.Доржпаламд 3 өрөө байр, 2019 онд Өглөөний сонины эрхлэгч Э.Энхболд, Сайтын нэгдсэн редакцын эрхлэгч Н.Гантуяа нарт тус бүр 3 өрөө байр өгч, “Үнэ цэнийн шагнал” 4 өрөө байраар Гүйцэтгэх захирал С.Мөнхзулыг шагнаж, тэд маань шагналын байрандаа амьдарцгааж байна. Үүнээс илүү сайхан зүйл гэж байх уу. Түүнчлэн санаанд оромгүй нэгэн шагналын эзнээр намайг тодруулж “Үнэ цэнийн шагнал” буюу “Зуслангийн байшин” бариулах анхны хүн болсон минь үнэхээр гэнэтийн бэлэг байсан юм.
Энд ажилд орсон цагаасаа л сэтгүүлчийн хөдөлмөрийг ойлгодог, мэддэг, үнэлдэг захиралтай байхын буяныг жил бүр л хүртэж ирсэн хүн бол би. Хэдийчинээ хичээнгүй хөдөлмөрлөнө тэр хэмжээгээрээ хөдөлмөрөө үнэлүүлж, төр засгийн шагналаар ч шагнуулж, “Ган үзэг” оны тэргүүн наадмын “Сэтгүүлийн шилдэг редактор” шагналын эзэн болсон гээд магнай тэнийн баярласан гайхалтай мөчүүдийг захирал Х.Мандахбаяр болон хамт олонтойгоо хуваалцаж ирсэн билээ.
Мандахбаяр захирал бол том мөрөөдөж, хэний ч санаанд оромгүй асар том зорилгыг өмнөө тавиад, түүнийгээ биелүүлэхийн төлөө уйгагүй тэмцэж чаддаг хүн. Тэр МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ аль ч үеийн ерөнхийлөгчийн тавиагүй том зорилтыг тавьж, түүнийгээ биелүүлэхийн төлөө боломжтой бүхнийг хийсэн. Цаашид ч энэ бүхнээ гүйцээж хийх зорилго өмнөө тавиад улс төрд орсон гэж би ойлгож байгаа. Тэр сэтгүүл зүйн салбараа, сэтгүүлчдээ мартах хүн биш. Зорьсондоо заавал хүрч чадна гэдэгт нь би итгэж байна.
“Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Ц.Оюунчимэг
2020.05.19

Monday, May 21, 2018

Б.Мандухай: Бөө мөргөлийн зан үйл нь тухайн нийгмийн ой санамж юм

-Би судлаач гэдэг нэрээ баталж, шинжлэх ухаанд хувь нэмэр оруулснаараа MIT-д профессороор ажиллаж байгаа-

Xарвардын их сургуулийн доктор (Ph.D), Массачусетсийн технологийн институтын дэд профессор Буяндэлгэрийн Мандухай “Зиндаа” сэтгүүлийн “Дэлхийн Монгол” буланд уригдлаа. Бид анх танилцсанаас хойш 9 жилийн дараа Skype-аар ярилцаж буй нь энэ билээ.




Сайн байна уу? Манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч цаг зав гаргасанд баярлалаа.
“Зиндаа” сэтгүүлийн хамт олонд ажлын амжилт хүсэн мэндчилье.
Ярилцлагаа мөрөөдлийн тухай сэдвээр эхэлье. Та өнөөдрийн хүрсэн амжилтаа хүүхэд байхдаа мөрөөдөж зүрхэлдэг байв уу? Багадаа ямар мэргэжил эзэмшье гэж боддог байсан бэ? 
Социализмын үед Орос 3-р сургуулийн сурагч байхдаа зохиолч болохсон гэж мөрөөддөг байлаа. Миний ээж Мэнгэтийн Буяндэлгэр сэтгүүлч хүн. Ээжийн мэргэжил ч нөлөөлсөн байх. Европын уран зохиол уншиж өссөн. “Уран зохиол бичихэд тэнгэрээс заяасан авьяас хэрэгтэй” гэж боддог байлаа. /инээлдэв/ Гэхдээ антропологич болоод шинжлэх ухааны бүтээл бичихэд уран зохиол сонирхож байсан минь их нэмэр болсон. Ихэнх зохиолч нар “aвьяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь” гэж ярьдаг. Тэр нь ортой юм гэдгийг хожим өөрөө ном бичихдээ л ойлгосон доо.  
Зохиолч болно гэж мөрөөддөг байхдаа ямар мэргэжил сонгож байв?  
Оросын утга зохиолын их сургуулийг зорьж уран зохиолын судлаач шүүмжлэгч болох уу? Аль эсвэл Монгол хэл шинжлэлийн ангид сурч байгаад учраа олох уу гэдэг хоёр сонголтын өмнө би ирсэн. 1980- аад оны сүүл бол үндэсний үзэл сэргэж эхэлсэн үе. Би МУИС-ийн монгол хэлний ангид элсэн орох сонголт хийсэн. Монгол хэлний анги төгсчихвөл уран зохиол бичдэг хүн болно гэж бодсон шиг байгаа юм. / инээлдэв/ Харин МУИС-д оронгуут л ардчилсан хөдөлгөөн үүсч, манай улс оронд маш их өөрчлөлт өрнөсөн. Тэгээд уран зохиол гэхээсээ илүү, энэ өөрчлөлтийн тухай яаж бичих вэ гэж бодож эхэлсэн. Надад шинэ онол, шинэ арга барил хэрэгтэй санагдсан.
МУИС-иа хэзээ төгссөн бэ?  
Монгол хэлний ангиа 1994 оны 1-р сард төгсөөд 1995 оны 6-р сар хүртэл гурван семестр сураад анхны магиструудын нэг болсон. Бидэнд заах арга зүй, судалгааны арга зүй, компьютерийн хичээл зааж, өөрийн судалж байгаа сэдвээр шалгалт өгөөд Хэл шинжлэлийн магистрын зэрэг авч байлаа.

“АНТРОПОЛОГИЙН ХӨТӨЛБӨР НЬ САЙН” ГЭЖ Dr.Энн Уэлдэн ЗӨВЛӨСНИЙ ДАГУУ СУРГУУЛИА СОНГОСОН
Америкт хөл тавих зам тань хэрхэн нээгдэж байв гэдэг их сонин байна?  
1993 онд оюутны эрдэм шинжилгээний хуралд сууж байхад Америкийн ЭСЯ-ны соёлын атташе Dr. Энн Уэлдэн, Тина гэдэг орчуулагчтайгаа хамт оролцож байлаа. Тэр үед би Монгол ардын аман зохиолын холбогдолтой нэг хэсэг дээр нь нэмээд тайлбарлаад өгсөн юм. Энн Уэлдэн дараа нь орчуулагч Тинагаар намайг утсаар дуудуулж уулзсан. “Чи юу хийдэг юм, юу сонирхдог вэ” гэж асуугаад, “Чи ер нь антропологиор суралцвал яасан юм бэ?” гэж байлаа. Тэр үед би антропологи гэж юу байдгийг ч сайн мэдэхгүй шүү дээ. /инээв/ Намайг “Шалгалтанд ор. Гадагшаа явж сурах сонирхол байгаа юу?” гэхэд нь тэгье л гэсэн. TOEFL өгөөд дараа нь GRE (Graduate Record Examination) өгсөн. Аль алийг нь бэлдээд 2 удаа өгсөн дөө.
Шалгалт өгөх амаргүй байсан уу?  
Гурван хэсгээс бүрддэг GRE шалгалтыг Доктор болон Магистрт элсэх гэж байгаа бүх хүн өгдөг. Математикийг манайд өндөр түвшинд заадаг болохоор нэг их бэлтгэхгүйгээр тэнцсэн. Англи хэлийг нэлээн бэлтгэж байж дээд сургуульд орох оноонд хүрсэн. Логик л их хэцүү байлаа. Гэхдээ оноогоо авсан. Докторын программд юу сурах гэж байгаа, яагаад гээд нэлээн дэлгэрэнгүй эссэ бичнэ. Энэ бүхнийг МУИС-д сурахын хажуугаар л амжуулж байгаа. Докторын хөтөлбөрт элсэх, бас Фулбрайтын тэтгэлгийн шалгалт өгч байгаа нь тэр л дээ. /инээв/
Сургуулиа хэрхэн сонгож байв?  
Dr. Энн Уэлдэн болон Нью-Йорк дахь Фулбрайтын төв оффис зөвлөлдөж байгаад миний аппликейшнийг 4-5 сургуульд явуулсан юм билээ. Гурван сургуулиас санал ирсэн. Фулбрайт мөнгөө хэмнэхийн тулд оюутнуудыг тэр үед дандаа улсын сургуульд явуулдаг байлаа. Улсын сайн сургууль, хувийн сайн сургуулиудиас төлбөр нь хямд. “Антропологийн программ нь сайн, энэ сургууль чамд тохирно.” гэж Dr. Энн Уэлдэн зөвлөсний дагуу Нью- Йорк мужид байдаг SUNY Albany их сургуулийг сонгосон. Докторын программ эхлэхийн өмнө Бостонд зуны бэлтгэл сургалтанд намайг явуулсан юм. Тэнд анх 22 настайдаа очиж байлаа. Чек бичиж төлбөр хийх, банк ашиглах, компьютер, номын сан ашиглах алиныг нь ч мэдэхгүй. Бүхнийг тэгээс эхэлсэн. Тэр үед Монгол, Америк хоёрын хөгжлийн зөрүү их байсан шүү дээ.
Бостонд хэр удаан суралцсан бэ?  
Бостоны их сургуульд 45 хоног сураад сургуульдаа явах ёстой байсан. Тэнд очоод танилцсан найзуудын маань нэг Монголыг сонирхдог, Орос судлалаар Ph.D хамгаалсан хүн байлаа. “Харвардад Монголын түүх судалдаг нэг профессор бий. Чи тэр хүнтэй уулз” гэж надад зөвлөсөн юм. Tэр профессор бол Манж, Монголын түүх судлаач Nicola Di Cosmo байлаа. Намайг өөртэй нь Ph.D хийх сонирхолтой байна гээд ойлгочихож. “Ерөөсөө л энд ир. Чи Mонгол, Oрос, Aнгли хэлтэй, Tөвдөөр уншдаг, Франц хэл гадарладаг. Одоо чи Хятад хэл сурчихвал тасархай эрдэмтэн гарна. Харвардад ирж манай Зүүн Ази судлалын тэнхимд Ph.D хий” гэж хэллээ. Би Фулбрайт руу утасдаж хэлэхэд “Харвардын их сургууль Нью-Йоркийн SUNY Albany-гаас хоёр дахин өндөр төлбөртэй. Фулбрайт нэмж мөнгө өгөхгүй” гэж байна. Би Nicola Di Cosmo профессорт “Би шилжиж чадахгүй нь ээ” гэсэн. Гэтэл профессор “Чи Харвардад орох шалгалт өг. Хугацаа хожимдсон аппликейшн бөглө. Харвардаас мөнгө гуйна” гэлээ. Шалгалт өгөөд тэнцэж Харвард мөнгө нэмж өгсөн. Антропологийн онол сурахаар ирсэн хүн түүхийн багшийн шавь боллоо. Гэтэл 1995 он бол Монголд шилжилтийн үеийн амьдрал ид буцалж байсан дэврүүн цаг үе. Монголд өчнөөн үйл явдал өрнөж байгаа. Тэр тухай бичье гэсэн мөрөөдлөөсөө салаагүй байлаа. Гэтэл би XIII, XVI зууны хаад ноёдыг судлаад, уншаад сууж байхад сонин санагдаад, бүр багтаж ядаж байсан. Багшдаа “Би антропологи судалмаар байна” гэсэн чинь “Хоёуланг нь хий. Чи чадна” гэдэг юм.
Америкт үздэг хичээлийг Монголынхтой харьцуулбал ямар ялгаа байсан бэ?  
Ачаалал маш их. Монголд нэг жил үзэх хичээлийг Америкт нэг сарын дотор үздэг юм шиг л анх санагдаж билээ. Докторын оюутнуудад заах арга нь их өөр. Багш зөвхөн чиглүүлэх үүрэгтэй. Би хичээлээ Англи-Орос толь бичиг хэрэглэж уншина, их хэцүү. Антропологийн тэнхимд ч хичээлд ороод, түүхийн тэнхимд ч хичээллээд, зүүн Ази судлалын тэнхимд ч хичээл аваад, дээрээс нь хятад хэлний түргэвчилсэн хичээлд ороод хачин юм болж байгаа юм. Унтах ч зав гарахгүй. Унтахгүй хичээлээ хийгээд ч барагдахгүй, тийм их хичээлтэй. Монголоор ярих ч хүн байхгүй. Хичээлээ хийгээд л бараг орой болгон уйлдаг байлаа.
Антропологи руу хэзээнээс дагнаж оров?  
Антропологийн тэнхимийн багш надад “Хэрвээ чи антропологич болъё гэж байгаа бол антропологичидтой хамт байх ёстой” гэж хэлснээр би шулуудсан. (Манай тэнхимийн үндсэн оюутан бол гэсэн үг.) Дахиад л олон хуудастай аппликейшн бөглөөд, эссэ бичиж, шалгалт өгсөн. Тэнхимийнхэн надад “Харвардын Антропологийн тэнхим жилд таван Ph.D-гийн оюутан авна, сайн л бол зургаа. Иймд чи бусад их сургуулиудын Антропологийн Ph.D хөтөлбөрт аппликейшнээ давхар явуул” гэсэн. Би анх удаа өөртөө ухралт өгч байгаа юм. “За яахав Харвардын Антропологийн тэнхим намайг авахгүй бол зүүн Ази судлалын тэнхимдээ үлдье дээ” гэж бодсон. Nicola Di Cosmo профессор ч намайг авч үлдэхийн тулд олон янзаар ятгадаг байлаа. Тэр үед л би oлон юм зэрэг чадна гэж дайраад байдгаа больж, Антропологийн тэнхимд аппликейшнээ явуулсан чинь намайг авчихлаа. Бөөн баяр. Тэгээд л антропологийн чиглэлээр судалгаа хийж эхэлсэн дээ.
Нийгмийн антропологийн хамгийн сонирхолтой тал нь юу вэ?
Антропологи бол маш их өргөн хүрээтэй, аль сонирхол татсан талаас нь судалж болно. Ямар ч сэдвээр судалгаа хийж, хэлийг нь мэдэж л байвал хаашаа ч явж болно. Тухайн сэдвийг судлахдаа аль өнцгөөс нь харах, ямар онол хэрэглэх, бусад судалгаатай өөрийн судалгааг яаж холбох, шинжлэх ухаанд ямар хувь нэмэр оруулах гээд бүгдийг өөрөө тодорхойлно. Тэр утгаараа нэг талдаа их хэцүү, нөгөө талдаа маш их эрх чөлөөтэй.

СУДЛААЧ ГЭДЭГ НЭРЭЭ БАТАЛЖ, ШИНЖЛЭХ УХААНД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСНААРАА MIT-Д ПРОФЕССОРООР АЖИЛЛАЖ БАЙНА
Таны анхны судалгааны бүтээл Буриадын бөө мөргөлийн сэдвээр байсан. Яагаад энэ сэдэв рүү орох болов?
1996 онд Монголдоо ирэхэд, Оросын Буриадад Байгал нуурын эрэгт 5-р сард бөө мөргөлийн ОУ-ын бага хурал болж, ээж нэвтрүүлгийг нь хийсэн байлаа. Би эхлээд судалъя гэж бодоогүй. Ээжийг дагаж сонирхоод Налайх руу жаран ес хөлсөлж бензинээ ардаа ачаад, хүнд өгөх болон өөрсдөө идэх юмаа аваад явсан. Налайхын бөөг аваад Дорнодын Баян-Уул сум руу 36 цаг машинаар явж очсон. Дараа нь би 1997, 1998, 1999 онд дахин очиж, 2000 онд Баян-Уулд судалгаа хийж бүтэн жил тэнд амьдарч билээ.
Юу нь тийм их сонирхол татсан бэ?
Хүмүүс мэдлэгийн заагт ирээд, тэгээд шинэ мэдлэг нээж байгааг нь ажиглах тун сонирхолтой байлаа. Бөөгийн ёслолын үед ирсэн хүмүүсийн өвөг дээдсийнх нь онгодыг дуудаж уулзуулахад тэр онгодууд нь өөрсдийн түүхийг ярьдаг. Нэмээд дутуу байгаа, урьд нь мэдэж байгаагүй онгодоо дуудаж хүндэл гээд ийм гинжин нээлт болоод байдаг. Тэр нь яг л шинжлэх ухааны лабораторид туршилт хийгээд дараа нь юу болох бол гээд хүлээгээд сууж байгаатай төстэй. Социализмын үед бөөтэй холбоотой бүх зүйл дарагдаж байгаад, сэргээд удаагүй байсан тул хүмүүсийн мэдлэг тасарсан байсан. Судлаач хүн бусад хүмүүсийн итгэл үнэмшил, мэдлэг, дүгнэлтийг шүүмжилдэггүй. “Энэ нь буруу, зөв, эсвэл энэ нь үнэн, тэр нь худал гэж” гэж дүгнэдэггүй. Харин хүмүүс яагаад тухайн зүйлийг үнэн, эсвэл худал гэж бодож байна, ямар зүйлд итгэлтэй, эсвэл итгэлгүй хандаж байна гэдгийг судалдаг.
Эндээс хамгийн гол нь юуг олж харав?
Нэгдүгээрт, бөө мөргөлийн зан үйл нь тухайн нийгмийн ой санамж юм. Албан ёсны түүхэнд орхигдсон маш нарийн мэдлэгийн хуримтлал тэнд байдаг. Хоёрдугаарт, нүүдэлчдийн хувьд бөөгийн ёслол нь суурин улсын архив, угийн бичиг, номын санг ч орлож байгаатай зүйрлэж болохоор... Тэд угийн бичгээ сэргээхдээ аман болон театрчилсан маягаар мэдээллээ авч, биеэрээ амьд түүхээ авч явдаг гэсэн утгаараа их сонин байсан. Гуравт, бөөгийн онгод, ялангуяа олдохгүй төөрсөн онгодууд нь манай оронд болсон хэлмэгдэлтэй холбоотой болж ирсэн. 80-аад оны сүүлч, 90-ээд оны эхэн үед манай улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн тухай мэдээлэл ил тод болсон. Буриадууд хамгийн их хэлмэгдсэн хүмүүс. Тийм учраас тусдаа сэдэв гэж бодоод судалж байлаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж байгаа үйл явцыг судлахын тулд Түүхийн ухааны эрдэмтэн, доктор Мөнхдалайн Ренчин агсантай очиж уулзаж байлаа.
Ренчин гуай тэр үед юу ярьж байв?
Миний юу хийдэг тухай асуугаад, “Бөө мөргөл судалдаг” гэсэн чинь Хөөх! тийм үү гээд л бид хоёр судлаач хүмүүс учир яриа өрнөөд л явсан. Намайг шалгах маягаар “Сүнс байдаг уу?” гэж асуусан. “Хүмүүс байдаг гэж боддог, би тэр саналыг нь хүндэтгэдэг” гэсэн чинь “Сүнс гэж байдаг юм” гээд их сонин түүх ярьж өгч байлаа. Хөдөө экспедицээр явж байхад нь, хангай газар говийн гүрвэл тааралдаад, тэднийг бараг дагуулаад явсан гэдэг. Нэг газрыг сонгоод ухах гэхээр хүрзэн дээр нь гарч суучихаад дагуулж байгаа юм шиг л яваад байж. Дагаад явж байтал нэг газар очоод цомцойтол суучихсан. Тэр газрыг нь ухсан чинь тэнд нь булш байсан гэсэн. Ренчин гуайн ойлгосноор сүнс гэж байдаг. Бид олон зүйл дээр санаа нийлж, надад хэлмэгдэгсдийн тухай маш их материал өгсөн. Гэтэл энэ нь миний бөө мөргөлийн судалгааны материалтай их сонин байдлаар нийлж байгаа юм.
Яаж нийлсэн гэж?
Намайг Дорнодод байх 1996-2000 оны үед, Буриадууд уг гарвал нь олдохгүй байна гэж зан үйл их хийдэг байлаа. “Танай гэр бүлд хүндлэгдээгүй, мартагдсан өвөг дээдсүүд байна. Та нарыг энэ чинь зовоогоод байна. Өвөг дээдсийгээ гүйцээж уулз, хүндэл” гэж бөө нар хэлдэг байсан. Тэр мартагдсан, зовоогоод байгаа өвөг дээдэс нь заримдаа огт олдохгүй. Гол нь хэн гэдэг нь ч мэдэгддэггүй. Гэтэл Ренчин гуайтай уулзаж, Монгол даяар байгаа хэлмэгдэгсдийн нууцлагдсан булшнуудын тухай мэдсэн юм. Тэр булшнуудад хэн нь хэн гэдэг нь мэдэгдэхгүй,нэр усгүй, танигдахгүй яснууд л байгаад байдаг. Тэгээд би гэнэт бодлоо. “Олдохгүй байгаа өвөг дээдэс, мартагдсан хаягдсан сүнснүүдийн зарим нь 1930-аад оны үед хэлмэгдээд, тэднийг дурсаагүй, олигтой ч оршуулаагүй, нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар, хойноос нь маани ч уншаагүй хүмүүс юм биш үү” гэж. Хаана нас барсныг нь мэдэхгүй. Ерөөсөө нас барсан үгүйг нь ч мэдэхгүй, “Зүгээр л алга болчихсон”, “Аваад явсан”, “Хониндоо яваад эргэж ирээгүй” гэдэг юм билээ. Тэр нь тэдний ойлгож байгаагаар, харагдахгүй, одоо уулзаж чадахгүй байгаа сүнснүүд нь байна шүү дээ. Тэр төөрсөн сүнснүүд, энэ нэргүй нууцлагдсан булшны араг яснууд нэг юмны хоёр тал юм биш үү?
Тэгэж үзэж болох юм байна.
Бусад улс орнуудад ийм том хэмжээний булшны малтлага дээр генетикийн тест авдаг. Ялангуяа дэлхийн хоёрдугаар дайны дараа барууныхан тийм ажил нэлээд хийсэн. Саяхан 1990-ээд оны Босни- Герцеговиний дайнд нас барж нэргүй нийтийн булшинд оршуулагдсан хүмүүст зориулж Генетикийн (DNA)- ийн тестний лаборатори байгуулж, бүх яснуудыг нэг нэгээр нь шинжилж, амьд байгаа гэр бүлийнх нь хүмүүстэй холбож өгсөн шүү дээ. Энэ ажилд тусгай хөргөгч, янз бүрийн химийн бодис ашигладаг учраас асар их үнэтэй. Гэтэл манайхан ийм зүйлээр оролдсон хүмүүст дургүй. Хүн чинь хөөрхий, энд ингээд нас барсан юм байна гэдгийг ойлгохоороо гашуудаад, бас тайвширдаг юм байна. Хэлмэгдэгсдийн тухайд хаана байгааг нь мэдэхгүй учраас тайвширч чаддаггүй гэж судлаачид бичдэг. Энэ нууц булшнууд, уг гарвалаа гүйцээж чадаагүй гэж онгод тэнгэрийн хайгаад байгаа энэ хоёр ингэж онолын хувьд нийлж байгаа юм.
Таны “Эмгэнэлт онгодууд” номонд энэ тухай өгүүлсэн байх нь ээ?
Тийм. “Эмгэнэлт онгодууд” бол антропологийн шинжлэх ухааны ном. Номоо бичихдээ шинэ санаа гаргах гэж өчнөөн судалсан. Энд тэндгүй л бөө мөргөл, улс төрийн хэлмэгдүүлэлт байгаа. Дэлхий даяар гарсан судалгаануудыг шүүн уншиж, энэ бүхэнд миний судалгаа ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг талаас нь харж бичсэн. Ёстой л далайд дусал нэмэрлэхтэй адил тийм их судалсан сэдэвт ямар нэгэн шинэ зүйл нэмэх маш хэцүү. Энэ ном бол миний ажлын баталгаа. Би судлаач гэдэг нэрээ баталж, шинжлэх ухаанд хувь нэмэр оруулснаараа Массачусетсийн технологийн институт (MIT)-д профессороор ажиллаж байгаа.

“ЭМГЭНЭЛТ ОНГОДУУД” 2014 ОНЫ ЗҮҮН АЗИЙН АНТРОПОЛОГИЙН ОНЫ ШИЛДЭГ НОМООР ШАЛГАРЧ, 2015 ОНЫ АЗИ СУДЛАЛЫН ШИЛДЭГ ТАВАН БҮТЭЭЛИЙН НЭГД ОРСОН

Та номоо хэвлүүлэх хэвлэлийн газраа хэрхэн сонгов?
Миний номыг хэвлэсэн Чикагогийн их сургуулийн хэвлэлийн газар бол Антропологийн шинжлэх ухааны бүтээл хэвлэгчид дотроо хамгийн дээгүүрт ордог. Тийм учраас залуу судлаачийн анхны номыг хэвлэхгүй гэдэг зарчимтай. Америкийн Антропологийн ассоциациас жил бүр зохион байгуулагддаг том хуралд оролцож байхдаа, хэвлэгч нар судалгааны сайн ном хэвлэх гээд судлаад явж байхтай таарч, Чикагогийн их сургуулийн хэвлэгчтэй цаг авч уулзсан юм. Редакторт нь “Танайх миний номыг хэвлэхгүй байх. Гэхдээ би та нараас зөвлөгөө авах гэсэн юм” гээд номынхоо тухай ярьсан чинь “Бид чиний энэ номыг хэвлэе. Маш чухал судалгаа байна. Чи үнэхээр гоё ярилаа. Номоо явуул” гэсэн.
“Эмгэнэлт онгодууд” номыг хэвлүүлэхэд ямар шалгуурыг давсан бэ?
Ном хэвлүүлэх процесс хамгийн багадаа хоёр жил, цаашлаад арваад жил болдог. Хэвлэгч миний номыг хүлээж аваад профессоруудaap нууцаар уншуулна. Ямар хүмүүс уншиж байгааг надад хэлэхгүй. Тэд бол энэ сэдэвтэй төстэй сэдвээр амжилтад хүрсэн, ранкаараа надаас илүү хүмүүс. Унших гэж нэг жил болно. Учир нь тэгэж уншуулахад мөнгө ордоггүй. Нөгөө профессорууд үндсэн ажлынхаа хажуугаар миний номонд саналаа хэлж нөлөөлнө. Гурван хүнд уншуулахад гурвуулаа маш сайн гэсэн үнэлгээ өгч “Хэвлэх хэрэгтэй. Энэ их чухал ном байна. Ийм юм зас” гээд засвар ирүүлснийг нь надад явуулсан. Тэр үед миний докторын дараах Харвардын их сургуулийн грантын судалгаа дуусаад MIT-д хичээл зааж эхэлж байлаа. Хичээл заана, шинжлэх ухааны өгүүлэл гаргана, номын засвараа хийнэ. Шинэ ажилд шинэ юм сурах хэрэгтэй байсан үе. Номынхоо засварыг явуулаад нэлээн хэдэн сар боллоо. Манай хэвлэгч миний зассан засваруудыг эргээд нөгөө хүмүүстээ уншуулахаар явуулж, дахиад бүтэн жил болсон. Тэд “Их сайн болсон байна, одоо үүнийг ингээд засчихвал зүгээр байна” гээд санаа бичихээр би улам сайжруулах гээд л сууна. Тэгэж явсаар байгаад 2007 онд эхэлсэн ном 2013 онд хэвлэгдэж гарсан.
Таны ном шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал хүртсэн байх аа?
Номын шүүмж олон газар хэвлэгдэж, Зүүн Азийн Антропологийн нийгэмлэгийн Francis Hsu-ийн нэрэмжит 2014 оны антропологийн шилдэг бүтээлийн шагнал хүртсэн. Мөн xоёр жилд нэг удаа болдог Ази судлалын том хурлаас (ICAS буюу International Convention of Asia Scholars) шинжлэх ухааны бүтээлүүдийг шалгаруулахад, тухайн хоёр жилд гарсан 500-гаад номноос эхний тавд орж байлаа. Энэ шалгаруулалт нь шилдэг 20, 10, 5 ном гэсэн шат дарааллаар явагддаг. Эхний тавд орсондоо би маш их баярласан. Яагаад гэвэл, зөвхөн антропологи  төдийгүй улс төр, эдийн засаг, түүх судлал, Хятад, Малайз, Солонгос судлал гээд шинжлэх ухааны салбар бүрийн судлаачдын олон орноос ирсэн бүтээлүүдийг өрсөлдүүлж байгаа. Тэр бүхнээс эхний тавд шалгарна гэдэг ямар сайхан гэж бодно.
Харвардын их сургуулийн 3 жилийн грант ямар учиртай байсан бэ?
Докторын дараах судалгааны ажил хийх 3 жилийн грант байсан. Хэлмэгдүүлэлтийн тухай судалгаагаа хийж, номоо дэлгэрүүлэн бичиж, мөн шинээр эмэгтэйчүүд сонгуульд оролцож буй тухай судалгааныхаа гол суурийг тавьсан жилүүд. Тэр шагналын гол болзол нь нэгдэх өдрийн орой болгон шагнал авсан бусад хүмүүстэйгээ хоолонд орох. 30 орчим нь залуучууд, дээр нь Харвардын профессор, Нобелийн шагналтнууд нэмэгдээд 50-иад хүнтэй клуб маягийн хамт олон болж түүхч, математикч, физикч, яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, биологич, генетикч гээд олон салбарт амжилт гаргасан дэлхийн алдартай хүмүүстэй гурван жил хамт байлаа. Гайхамшигтай байсан.
Тантай анх 2008 онд танилцаж байхад жендерийн судалгаа хийж байсан. Энэ таны хоёр дахь номын судалгаа гэж ойлгож болох уу?
“Эмгэнэлт онгодууд” номоо хэвлүүлж амжаагүй байхад 2008 оноос сонгуулийн судалгаа эхэлсэн. 2008-2012 онд хийсэн судалгаагаараа эмэгтэйчүүд улс төрийн сонгуульд оролцож байгаа талаар жендерийн анализ хийсэн судалгааны номоо бэлдэж байна. Олон жил бичсэн. Засаж янзлаад, шинэ юм гарч ирэхээр нь харьцуулж уялдуулаад, хичээл заахын хажуугаар бичиж байна. Энэ номоо удахгүй гаргах ёстой.
Өөр ямар чиглэлээр судалгаа хийж байгаа вэ?
Өнгөрсөн хавар “Монголд үл хөдлөх хөрөнгө хэрхэн хөгжиж байгаа талаар судалгаа хийх” грант аваад зун очиж эхлэлээ тавьсан. Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрхэн явагдаж байна гэдгийг хүн судлал талаас нь судалж байгаа. Хашаагаа байраар сольсон болон сольж чадаагүй хүмүүс, ногоо тарьдаг жирийн эмэгтэй, хотын дарга нар, барилгын сайдууд, гүйцэтгэгч компанийнхан зэрэг хүмүүстэй уулзаж улс төр, эдийн засаг талаас нь харьцуулан судалж байна. Антропологи бол системээр нь судалдаг учраас олон хүнтэй уулзаж, олон жил судалж байж бүтээл төрдөг.
Ph.D хийх залууст юу зөвлөх вэ?
Хамгийн гол нь сэдэв болон ажилдаа үнэхээр сонирхолтой байх хэрэгтэй. Сонирхолгүй ажлыг долоон жил хийнэ гэдэг хэцүү.
Та Массачусетсийн технологийн институтын дэд профессор. Энэ зэрэг цолд ямар шалгуур тавигддаг нь сонин байна?
Би 2008 онд анх профессороор ажилд орсон юм. Америкт ассистант профессорууд сургуулиасаа хамаараад 5-6 жилийн дараа “жинхэлдэг” (tenure avana). “Жинхэлнэ” гэдэг нь профессор болох түвшинд бүтээлээрээ тэнцэхийг хэлдэг. MIT бол хоёр ном, нэмээд өгүүллүүд гаргасан байхыг шаарддаг. Бусад сургуулиуд нь голдуу нэг ном, бас өгүүллүүд шаардана.
Тэгэхээр хоёр ном бичиж байж жинхэлнэ гэсэн үг үү?
Тийм. Нэг нь хэвлэгдсэн, нөгөө нь хэвлэлтэнд орох болчихсон гээд 2015 оны намар бүх материалаа бүрдүүлж өгч байлаа. Миний анхны ном 2013 онд гарсан. Энэ номоо гарахаас өмнө би хоёр дахь номоо бичээд, 400 хуудас эхийг нь өгч байлаа. Mиний сэдвээр Европ, Америк, Австрали даяар ажиллаж байгаа багш нар уншаад шүүмж бичих түвшинд бичигдсэн байх ёстой. Эхний номын шүүмж Антропологийн шилдэг таван сэтгүүлд гарсан байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Аз болж, тэр шүүмжүүд бүгд нааштай байсан.
Үүнээс өөр ямар шалгуур үзүүлэлтийг хангах ёстой вэ?
За тэгээд хичээлээ хэр заасан талаарх оюутнуудын шүүмж, тэнхимийн болон сургуулийн амьдралд оролцсон оролцоо, мөн Антропологийн холбоонд ямар хувь нэмэр оруулсан гэх мэт.
Таныг дэд профессороор жинхлэх шийдвэрийг хэн хэрхэн гаргадаг вэ?
Минийхтэй ойролцоо сэдвээр судалгаа хийдэг эрдэмтдэд миний бүтээлүүдийг явуулж уншуулдаг. Хэнд уншуулж байгааг би мэдэхгүй. Тэнхимээс 40-45 профессортой холбогдож “Буяндэлгэрийн Мандухай дэд профессор болох процессыг эхэлж байна. Та профессорын ажилд үнэлгээ өгөхөд оролцох уу? Хэрвээ оролцоно гэвэл 11-р сард Мандухайгийн материалыг явуулна. Та гурван сарын хугацаанд уншаад энэ ажлыг нь дүгнэж захиа бичиж ирүүлнэ үү” гэж бичдэг юм байна. Хамгийн багадаа 30-аад хүнээс захиа авч, тэдний өгсөн үнэлгээг тэнхимийн эрхлэгч нэгтгэж деканд танилцуулна. Декан комиссоор оруулж, их сургуулийн ерөнхийлөгчийн комисст танилцуулна. Дараа нь корпораци буюу хандивлагчдын нууц комиссоор хэлэлцүүлнэ. Шат дамжлага бүр нь нууц явагддаг. Дээд, доод шат шийдвэр гаргах түвшинд хоорондоо харьцдаггүй. Нэг нэгэндээ тайлбар өгөх ёсгүй. Тэнхимийн комиссоор миний ажил зөвшөөрөгдөж байж деканы комисст очно. Деканы комиссыг давж чадахгүй бол ерөнхийлөгчийн комисст явуулахгүй. Яагаад дэмжээгүй талаараа тайлбар өгөх ч албагүй. Эцэст нь ерөнхийлөгч үгээ хэлнэ. Бүгд хүлээн зөвшөөрсөн ч ерөнхийлөгч үгүй гэвэл яах ч аргагүй. Ерөнхийлөгч хэнд ч тайлбар өгөхгүй.
Чанга байна шүү. Ерөнхийлөгчийн шийдвэр хэзээ яаж гарсан бэ?
Би 2015 оны 8-9 сард материалаа өгөхөд, хариу нь 2016 оны 5 сард ирж байгаа юм. Нэг өглөө и-мэйлээ шалгахад “Танд баяр хүргэе” гэсэн деканы захиа ирсэн байлаа.
Энэ захиаг авах хүртэл хэдэн удаа шалгуурт оров?
Эхнийх нь 2011, тэгээд 2013 онд. Хамгийн чухал гурав дахь шалгуур нь 2015-2016 онд болсон. “Захиргаа таныг жинхлэгдсэн дэд профессор болголоо гэдгийг мэдэгдье” гэсэн захиа ирж байгаа юм. Жинхэлсэн гэдэг гол утга нь, би дахин гэрээ хийх шаардлагагүй. Тийм учраас тэтгэвэрт гарталаа Массачусетст багшлах эрхтэй. Жинхлээгүй ассистант профессор байхдаа гэрээ нь 3-4 жилээр сунгагдаад явж байлаа. Tenure авахаар насаараа тэр сургуульдаа ажиллаж болно. Хэрвээ Tenure аваагүй бол тэр сургуульдаа үлдэхгүй, өөр ажил хайх хэрэгтэй болдог. Миний хувьд 2008-2016 оны таван сар хүртэл маш олон жил амьсгаа дээгүүр явлаа.
Эрдмийн ажил хийж буй хүн олон даваа давж, ачаалал ихтэй ажилладгийг тэр бүр хүн мэддэггүй.
Яг үнэндээ маш их ачаалалтай. Өдрийн ихэнх цаг оюутнуудтай өнгөрдөг. Би эхний номоо бичиж байхдаа өглөө бүр 3.30-4.00 цагийн хооронд босч ажилдаа явахаасаа өмнө бичээд, ажилдаа очиж бусад ажлаа хийж ирээд, орой чадвал бичнэ. Хүүхэд бага байхад есөн цагт хүүхдээ унтуулчихаад арван цагт босч юмаа хийнэ гэж төлөвлөөд, заримдаа компьютерийн урд бүхлээрээ унтчихсан өглөө 4, 5 цагт нэг их сандарсан хүн сэрдэг байлаа. /инээв/
Судалгааны бүтээл бичихдээ редакторуудтай хамтарч ажилладаг уу?
Судалгааны өгүүлэл нь онолын хувьд төдийгүй уран яруу талаасаа хүн уншихад эвтэйхэн, санаагаа зөв илэрхийлсэн байх ёстой. Тийм учраас редакторуудаар хэд хэд уншуулна. Их мөнгө зарцуулдаг. Судалгаагаа олон хүнээр уншуулж шүүмжлүүлдэг учир нарийн нямбай хандах хэрэгтэй. Хөдөлмөр их шаардана. Миний ажлын 90 хувь нь оюутнууд, олон нийтийн ажилд зориулагддаг ч, шалгуурын 90 хувь нь бүтээлээр хэмжигддэг.
Ийм шалгуурыг хүн бүр давж чадахааргүй юм байна шүү?
Ялангуяа шинжлэх ухааны хүмүүс бүтээл гаргаж чадаагүй бол 3-5 дахь жилээсээ шалгуур бага, нэр хүнд нь тийм өндөр биш ч бас боломжийн газарт ажил олдвол явчихдаг. Гэхдээ эцсээ тултал зүтгэнэ гэсэн хүмүүс байгаа шүү дээ.
Таны хувьд, хамгийн аз жаргалтай мөчүүд хэзээ байв?
Анх Фулбрайтын тэтгэлэг аваад Америк руу нисэх гэж байхдаа маш их баярлаж байсан. Ээж минь анх үнэмшээгүй гэдэг. Мөн Нийгмийн антропологийн тэнхимд орсон тэр мөч үнэхээр сайхан. Харвардад Антропологийн докторант байхдаа санаа нийлсэн ухаантай, чадварлаг хүмүүстэй өдөр тутам хамт байх нь гайхамшигтай байсан. Оюуны их далай дотор байгаа юм шиг л санагдана. Тэнхимийн эрдэм шинжилгээний хурал, семинар, бусад их сургуулиудаас хүмүүс урьж лекц уншуулах үед докторын оюутнууд, багш нар санал солилцох тэр мөч бүр ч сайхан. Өгч, авч, өөрөө санал оруулж байна. Одоо бол би голдуу оюутнуудад өгч байгаа хүн шүү дээ. Өгөх нь их, авах нь бага.
Монголоо санадаг уу?
Санана аа. Найз нөхөд, ах дүүсээ санана. Халуунд ч сэвэлзэн үлээдэг талын салхиа санана. Монголд нар удаан жаргадаг. Ялангуяа тал нутагт оройжингоо улбар шаргалтаад л ягаараад байдаг нь бодогдоно. Шөнийн тэнгэрт түгсэн одод, талд ургасан зэрлэг цэцэгсээ санана. Хөдөөгийн замд явж байгаад хүссэн газартаа машинаасаа буугаад өвсөн дээр сууж амардаг сайхан мөчөө их үгүйлдэг дээ. Энд бол газар нь тэр чигээрээ эзэнтэй учраас, хурдны замаас шууд гараад амрах боломжгүй шүү дээ.
Монгол хүний гээж болшгүй хамгийн эрхэм чанар гэвэл та юуг онцлох вэ?
Гэр бүлээ гэсэн өөриймсөг хандлага, ээж аавыгаа харж тэтгэх, нэгэндээ туслах, хэцүү үед нь харж хандах сэтгэл. Үүнийгээ л бүү гээгээсэй гэж боддог.
Бидний ярилцлага маш өгөөжтэй боллоо гэж бодож байна. Эрдмийн ажилд тань улам их амжилтыг хүсье.
Ярилцсан: Ц.Оюунчимэг
2017 он 10,11 сар "Зиндаа" сэтгүүл №07/507