Monday, September 19, 2011

“Энэрэнгүй” гудамж

Нийслэлийн дүүрэг тус бүрт хуваарилагдсан тэрбум төгрөг, бусад хөрөнгө оруулалтын эх үүсвэрээс хотын гудамжийг энэрэнгүй болгох ажил хийгдсээр намартай золголоо. Хараагүй хүн таягаараа мэдэрч явах ховилтой зам, тэргэнцэртэй хүн өөрөө явах зориулалттай налуу зам, амарч зугаалж яваа хүмүүс суух сандал, хогийн сав, ногоон бүс гээд багагүй ажлыг нугалсан харагдах нь бахархмаар.  Гэвч энэ их ажлыг хийлээ гээд хотын гудамж энэрэлгүй хэвээр үлдсэн нь харамсалтай.
Европын хотын гудамжинд хүссэн газартаа явган алхалсаар хүрэх боломжтой, дээр нь хаа сайгүй сандал, хогийн сав, хэсэг явж байгаад л уух ус тааралдахад нь ихэд гайхаж, бас баярладаг байснаа санаж байна. Одоо бодоход, жинхэнэ энэрэнгүй гудамж гэдэг тэр байж. Гэтэл манай нийслэлд амарч зугаацах зориулалт бүхий хэсгээс бусад газарт нэг ч сандал хийгдсэнгүй. Хотын гудамж тэр чигээрээ эрүүл чийрэг, бие бялдрын хөгжил сайтай, хурдан гүйж, алхалж чаддаг хүмүүст зориулагдсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ийм ч учраас бие муутай, өндөр настай, бага насны хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүд гэнэт бие нь муудлаа гэхэд суух нь байтугай зогсох боломжгүй орчинд зорчиж, хамгийн наад захын туслалцааг ч авч чадахгүй байх нөхцөл бүрджээ.
Автобусны зарим зогсоолуудад ганц хоёр сандал харагддаг ч, “монголчуудад ийм л юм байхад болно” гэсэн хүйтэн сэтгэлээр хандаж, зөвхөн компанийнхаа рекламыг тавих зорилго агуулсныг нь гэрчлэх мэт, Худалдаа хөгжлийн банк тэргүүтэй байгууллагуудын зар сурталчилгааны саравчнууд ёрдойн харагдах нь “автобусны буудал” гэж нэрлэхэд үнэхээр хэцүү. Хэдэн номерын ямар чиглэлийн автобус зогсдог, хэдэн минут тутамд явдаг, ямар үнэ тарифтай зорчдог гээд хамгийн наад захын мэдээлэл огт байхгүй. Хогийн сав нь гэхэд л олон хүүхэдтэй айлын хэрэглээг ч хангахгүй болов уу гэмээр нүд хуурах төдий жижигхэн, ангилал зэрэглэл гэж огт байхгүй. Автомат утас, ариун цэврийн өрөө, ундны ус гэх мэт хүний наад захын хэрэглээг хангах зүйлс өдрийн од мэт ховор. “Хүнлэг, энэрэнгүй, ардчилсан” гэх олон тодотгол бүхий энэ нийгэмд монгол хүн ийм хотод амьдарч, ийм үйлчилгээг авч байна.

“НИЙГЭМШЭЭГҮЙ” НИЙТИЙН ТЭЭВЭР
Ердөө хэдхэн хоногийн өмнө, есдүгээр сарын 13-ны өдөр 13.10 цагийн үед бие муутай болов уу гэмээр хоёр хүн Жуковын музейн буудлаас автобусанд суухад, жолооч “хурдан суу” гэж зандраад, хаалгаа тас хийтэл хааж, бараг л сууж амжаагүй байхад нь огцом хурдтай хөдөлсөн юм. Энэ үед зогсож явсан баахан хүн, түүний дотор кондуктор эмэгтэй нь хүртэл бүгд унаж, зарим нь гараа улаан нялга болтол нь шалбалсан. Энэ бол “Тэнүүн-Огоо” нийтийн тээврийн ХХК-ийн, УНБ 45-33 улсын дугаартай, шар өнгийн 9-133 тоот, 27 номерын “Таван шар-Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон-Баянзүрхийн товчоо” чиглэлийн автобусанд болсон үйл явдал. Уг автобусны жолооч болох 25-30 орчим насны залуу, зорчигчдын зүй ёсны шаардлагад ундууцаж хурдаа улам нэмснээр дахин нэг удаа аваар хийх шахсан билээ. Хоёр удаа унаж бэртэн, гэмтэл авсан эмэгтэй голдуу зорчигчид хэрхэн гомдлоо барагдуулсныг мэдэхгүй ч энэрэлгүй гудамжны бодит дүр зураг энэ үйл явдлаас тод томруун харагдаж байлаа. “Автобусны жолооч нь эмэгтэй байсан бол арай ч ийм байдлаар хандахгүй” гэж зорчигчид хоорондоо ярилцаж, иймэрхүү хандлага дэндүү газар авч, мэргэжлээ сайн эзэмшээгүй бүдүүлэг жолооч олширч буйг шүүмжлэн ярилцаж байсан юм. Нийслэлд өнөөдөр 134 чиглэлд автобус үйлчилж, нэг чиглэлээр 50 мянган хүн зорчиж байна хэмээн албаны эх сурвалж мэдээлдэг. Нийслэлийн нийтийн тээврийн газраас автобусны жолоочийг нэг жил бэлтгээд 14 хоног хашир туршлагатай жолоочийг дагалдуулж байгаад ажлын байраар хангадаг байжээ. Гэтэл одоо сонирхогчийн Д ангиллын жолооны үнэмлэхтэй л бол автобус жолоодох эрх олгож байгаа нь дээр дурдсан хүндрэлүүд улам нэмэгдэхэд нөлөөлж буй аж.
Гадаад орны автобусны жолооч нар гэж дүрэмт хувцастай, ажил мэргэжлээрээ бахархдаг нь илт, ажлаа мэддэг хүмүүс байдаг бол манай автобус компаниудын жолооч нарын дийлэнхи нь ажил мэргэжлээ үзэн яддаг болов уу гэмээр харагдах нь зорчигчийг хохироосон тохиолдлын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлсээр байна. Иймэрхүү зүйл үүнийг бичигч надад ч бас тохиолдож байсан удаатай. Зуны ид үеэр, өнгөрсөн долдугаар сард 3-4 дүгээр хорооллын ягаан өнгийн автобусаар зорчиж, буудалдаа буух гээд зогсож байтал “элс шигшигч” технологийг гарамгай эзэмшсэн жолооч огцом огцом тормозлож, би ар дагзаараа тас хийтэл унаж, арай ядан босоод өөрийн буух буудалд газардсан юм. Толгой маш их өвдөж байснаас автобусны дугаарыг харж чадаагүй ч зорчигчид намайг ихэд айсан нүдээр харж, зүгээр үү хэмээн асууцгааж байлаа. Иймэрхүү арга барилыг биднийг бага байхад, автобусны жолооч нар байнга хэрэглэж, хүрэлцээ муутай цөөн хэдэн автобусандаа хүнээ “чихэж” багтаахын тулд ашигладаг байсныг санаж байна. Дарангуйлагч нийгмийн үед хүний эрүүл мэнд, тав тух зэрэг нь хэнд ч хүртээлгүй байсан учир энэ асуудлын талаар нэг ч сэтгүүлч “хүнээ өмөөрч” бичээгүй санагдана. Гэтэл 21 дүгээр зуунд, нийтийн тээврийн үйлчилгээний зургаан компани үйл ажиллагаа явуулан өрсөлдөж, автобусны зорчигчдоо булаацалдах шахам байхад ийм арга барил амь бөхтэй оршсоор, хэрэглэгдсээр байх нь үнэхээр хачирхалтай.  
Нийгэмтэйгээ зохицож амьдарч чаддаггүй, илтэд хоцрогдсон нэгнийг “нийгэмшээгүй” хэмээн тодорхойлдог. Тэгвэл бүхэл бүтэн зуунаар цаг үеэсээ хоцорч, өмнөх нийгмийн арга барилтайгаа зууралдсаар байх нийтийн тээврийн салбарыг юу гэж нэрлэвэл зохистой вэ?

ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИУД “ДАМПУУРСАН УУ”
Хотын гудамжнаас такси олж сууна гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил болсоор удаж байна. “Такси барих гээд зогсох нь ичгэвтэр зүйл болж эхэллээ. Үүний оронд алхсан нь дээр, эсвэл автобусанд л чихэлдэхээс” гэсэн бухимдлын үгс элбэг дуулдах болж.
Улаанбаатар хотод такси үйлчилгээний 25 орчим компани үйл ажиллагаа явуулж, 556 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд явдаг гэсэн албан ёсны тоо баримт байдаг ч эдгээрээс тогтмол ажилладаг нь маш цөөн бололтой. 300000, 340000, 343433, 1109, 1950, 331212 гэхчлэн такси компаниудын утсаар дуудлага өгөхөд 1-3 удаа хаяг хэлж дуудаад л, “уучлаарай, ойрхон такси алга аа” гэсэн маань-мэгзэм уншдаг болсон. Тэгээд ч суудлын даруулга бүс арын эгнээнд нь огт байдаггүй, урд эгнээний бүсээ хэзээ ч цэвэрлэдэггүй, жолооч нар нь зорчигчдоо үл тоомсорлон тасралтгүй утсаар ярих, эсвэл ухаан жолоогүй огцом давхих зэргээр эрсдэл дагуулсан үйлчилгээ үзүүлдэг учир зөвхөн азтай хүн л аятайхан такси олж суудаг болоод  байна.
Хэрвээ “1991” гэсэн утасны дугаар бүхий шинэхэн такси ногоон гэрлээ асаагаад явж байхтай нь таарч суух юм бол сугалаанд аз таарлаа л гэсэн үг. Учир нь зорчигчийн суудлын даруулга бүстэй, таксигаар үйлчлүүлсэн баримт өгдөг, авч давхидаггүй гээд одоогийн байдлаар үйлчилгээний соёлтой “цорын ганц” нь учраас тэр. Энэ бол Улаанбаатар хотод орчин үеийн такси тээврийн үйлчилгээг бүрэн утгаар нь нэвтрүүлэх зорилгоор 2010 онд байгуулагдсан “Улаанбаатар Такси Транспорт Сервис” ХХК-ийн такси. Нийслэлийн хэрэглэгчид ихээхэн найдвар тавьж байгаа тус компанийн хувьд дуудлагын утас нь ашиглалтад орж эхлээгүй ч гудамжинд 1991-ийн такси олж суух нь зорчигчдын туйлын хүслэн байдаг билээ. Тус компанийн нэгэн жолоочийн ярьснаар, компани нь 1000 гаруй такси оруулж ирээд үйлчилгээнд явуулахад бэлэн байгаа ч бусад компаниуд болон төрийн байгууллагын зүгээс 200-гаас илүү такси үйлчилгээнд гаргахгүй байх хатуу шахалтыг үзүүлж байгаа гэнэ. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр, бусад компаниуд үйлчлүүлэгчдээ алдаж, таксиных нь тоо цөөрч, дуудлагаа ч авч чадахгүй болчихсон хэрнээ хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг уландаа гишгэсэн иймэрхүү шийдвэрийн араас хөөцөлдөж буйг юу гэж ойлгох вэ?.. 

МАШИНД ЗОРИУЛАГДСАН “ГАРЦ”
Ийш тийш сандран харж, хар эрчээрээ гүйх монгол, гадаад хүмүүс бол Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцож, “явган хүний”, бишээ “машины” гарцаар гарах гэж буй явган зорчигчид юм. Хэдийгээр ногоон гэрэл асч, 15-20 секунд гэсэн тоо гардаг ч аль нэг урсгалаас нь машин гарч ирээд дайрчих гээд байдаг учир тэд ийнхүү айдаст автан гүйлддэг болсон билээ. Явган зорчигчид зам хөндлөн гарах зориулалттай энэ цөөхөн секундын хугацаа бол гүйж харайж чаддаг, эрүүл чийрэг биетэй хүмүүс арай гэж амжиж гарахад зориулагдсан байдаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэр дээр суудаг, өндөр настай, өвчтэй ядруу хүмүүс ийм хугацаанд яагаад ч зам хөндлөн гарч чадахгүй. Энэ хугацааг анх тогтоохдоо замын цагдаа нараа зам хөндлөн алхуулж үзээд, “амжих юм байна” хэмээн шийдсэн болов уу. Манай хотыг харгис хэрцгий харагдуулдаг энэ үзэгдэл гадаад орны өөр бусад хотуудад ямар байдгийг сонирхоё.
Филиппин улсын нийслэл Манила хотын гудамжинд явган хүн гарцаар гарах хугацаа 45 секунд байдаг бөгөөд энэ хугацаанд аль ч талаас нь машин орж ирэхгүй. Тэр ч байтугай явган зорчигч гарахыг хүсвэл гэрлэн дохионы дэргэд байрлах хонхыг дарахад л гэрэл өөрчлөгдөж, явган зорчигчийн зам хөндлөн гарах эрх нь нээгддэг. Ийм дүр төрх Америк, Ази, Европын аль ч улс оронд зорчиход харагддаг ердийн л үзэгдэл. Гэтэл манай Улаанбаатарт явган зорчигчдодоо хоёр дахин богино хугацаа өгдөг мөртлөө аль нэг урсгалаас нь заавал машин гарч ирэхээр зохицуулсан байдгийн учрыг хэн ч тайлж чадаагүй байна. Зохицуулалтыг хийсэн хүмүүс нь, яагаад ийм дүрэм зохиосноо иргэдэд тайлбарладаггүйг бодоход, тэд өөрсдөө ч энэ тухайгаа мэддэггүй байх. Машинтай хүмүүсийн хувьд явган зорчигчид зам тавьж өгөх нь байтугай яг дайрах гэж байгаа юм шиг хурдаа нэмдэг. “Гарцан дээр явган зорчигч давуу эрхтэй” гэдэг үг бол хоосон лоозон. Яг л сонгуулийн үеэр сайхан зүйл амлаад сонгогдсоныхоо дараа мартдаг “амлалт” шиг.
Энэ бүхнээс харахад манай хот, хотын гудамж зөвхөн машинд болон машинтай хүмүүст зориулагдсан болов уу гэмээр. Нийслэлийн замд 200 мянга орчим автомашин зорчдог гэсэн статистик тоо байдаг. Гэвч хүн байхгүй бол машин өөрөө хотын гудамжаар явахгүй билээ. Хотод хүн амьдардаг болохоос машинууд амьдардаггүй. Тэгээд ч хүн хэрэглэхгүй бол машин гэдэг зүгээр л хог хаягдал. Машин техник, байшин барилгаа гэсэн хандлагаар зохицуулсан хот харгис хэрцгий болон хувирч, “аюултай” гэсэн ангилал руу аажмаар шилждэгийг мартаж болохгүй. Хот гэдэг их айл хүнээ дээдэлсэн зохицуулалттай байж л энэрэнгүй болж чадна. Хотоо энэрэнгүй болгоход иргэдээсээ эхлээд байгууллага, аж ахуйн нэгж, хотын удирдлагууд хүртэл хүн бүрийн оролцоо, сэтгэл зүтгэл хэрэгтэй. Сэтгэл зүтгэл, хүсэл тэмүүлэл байж гэмээнэ ямар ч бэрхшээлийг давж, зорьсондоо хүрч чаддагийг хүн төрөлхтний хөгжлийн түүх гэрчлэх билээ.
Ц.Оюунчимэг

Улаанбаатар хот, 2011 оны 7-9 сар
www.shuum.mn вэб сайт, "Үндэсний мэдээ" сонинд нийтлэгдсэн.

Sunday, September 18, 2011

“Алтан шар” замын тэмдэглэл

Зах хязгаар нь үл харагдан цэлийх Дорнодын тал нутгийн салхины үнэрийг мэдрэхсэн хэмээн тэсэн ядан хүлээсэн сургалтын багийнхан маань Улаанбаатараас хөдөллөө. Цонжин болдог хүртэлх замыг засмал зам гэж нэрлэж болох ч “дардан” гэж тодорхойлох ямар ч үндэслэлгүй тул ихэд болгоомжтой явахаас өөр аргагүй байв. Зам нь угаас нарийхан, дээр нь эвдэрхий, энхэл донхол ихтэй нь шороон замаас ч долоон дор санагдсан билээ. Энэ замыг аль компани хэдэн онд зассан юм болоо гэж гайхмаар. Цонжин болдог өнгөрөөд жинхэнэ дардан зам эхэлнэ. Замын голоор харагдах заагийн тэмдэглэгээ нь хүртэл тод энэ зам япончуудын гараар бүтсэн гэсэндээ нэлээд хэдэн жил өнгөрчихөөд байхад ч эвдрэл, гэмтэлгүй толийгоод байж байх нь бас гайхмаар. Гэтэл монголчуудын тавьсан зам жил ч бололгүй энд тэндээсээ эмтэрч, хагараад ирдэг. “Манай замын компаниуд дараа жил нь ажилгүй болчихно гэж айгаад чанаргүй зам тавьж, дарга нартай хамт өргөн, зузаанаас нь иддэг юм гэнэ лээ” гэж олон жилийн туршид ам дамжиж ирсэн яриа байдаг. Үнэний ортой ч юм шиг энэ яриаг сонсоод удаагүй байхдаа гадаад оронд зорчих боломж гарч, өргөн, зузаанаас нь “идээгүй” зам хичнээн өргөн, бас зузаан бөгөөд толийсон сайхан байдгийг нүдээр үзэж билээ. “Монголчууд маань хэзээ нэг цатгалан болж, замынхаа өргөн, зузаанаас нь идэхээ болино доо” гэж бодогдож байсан тэр үеэс хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ...

“АЛТАН”  ЖИМСНИЙ АМТ  
Нийслэлээс өглөө эртлэн гарсан манайхан Цонжин болдогт ажлын цаг эхлэхээс өмнө хүрсэн юм. Хамт явсан гадаад зочиндоо уг цогцолборыг үзүүлэх сонирхол их байсан ч хаалга нь нээгдээгүй байсан учир гадна нь хэдэн зураг татуулсаар хүлээв. Тэр хавьд нь 00 байхгүй, ариун цэврийн өрөөг хэрэглэхийн тулд монгол хүн 5000, гадаад хүн 10,000  төгрөг төлж билет авснаар дотогш нэвтрэх боломжтой байдаг тул ойролцоох “Хаан жимс” жуулчны баазыг зорилоо. 
Туул голын хөвөөнд байрлах уг жуулчны бааз цогцолбороос 4 км, нийслэлээс 57 км зайд орших аж. Бааз руу орохын тулд бяцхан горхин дээгүүр тавьсан модон гүүрийг давж, замын хоёр талаар эгнэн ургасан чацарганын ойгоор нэвтэрнэ. Биднийг гурван давхар дүнзэн байшингийн үүдэнд менежер нь угтан авлаа. Тус баазын нэр нь ч бас чацаргана жимстэйгээ холбоотой гэнэ. 
Хэнтий аймгийн төв Өндөрхаан хүртэл явах замынхаа үдийн хоолыг энд төлөвлөсөндөө бид баяртай байсан. Хоолны амт чанар сайн, үйлчилгээ нь шуурхай, ажилтнууд нь харьцааны соёлтой санагдсан энэ орчинд хэсэг саатах боломж олдсон нь таатай байлаа. Дахин ирмээр санагдсан учир үнэ тарифыг нь сонирхов. 2-4 ортой зочид буудал болон гэрүүд нь хоногт 150,000 төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Хүний тав тухтай амрах орчныг бүрдүүлсэн зэрэглэл өндөртэй хэмээн бидэнд үйлчилгээгээ дэлгэрэнгүй танилцуулж байлаа. Төрөл бүрийн спорт тоглоомоор тоглож, караоке танхимд үйлчлүүлэх болон бусад сонирхолтой хөтөлбөрүүдийг санал болгодог юм байна. Чацаргана хураах ургацын баяраа 9 дүгээр сард хийдэг бөгөөд энэ үеэр ирсэн зочин ургац хураалтад оролцох боломжтой байдаг ажээ. 
Тус баазад ажил хэрэгч хүмүүсийн сонирхлыг татах нэгэн үйлчилгээ байсан нь сургалтын иж бүрэн тоноглогдсон танхим байв. Ойролцоогоор 20-25 хүний багтаамжтай уг танхимыг нэг өдөрт 180,000 төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд энэ үйлчилгээнд нь хоёр удаагийн “кофе бреак” багтдаг, үүнд цай, кофеноос гадна өөрсдийн хийсэн боорцог, вафли, печень зэрэг орно хэмээн менежер нь бидэнд танилцуулсан юм. Эндхийн ердийн хоолны үнэ дунджаар 3000-8000 төгрөг орчим, нэрийн хоол нь 5300-12,000 төгрөгийн үнэтэй бөгөөд хүлээн авалтын иж бүрэн меню нь нэг хүний 12900-14800 төгрөг байдаг юм байна. Нэг литр чацарганын жүүсийг 3500 төгрөгөөр, үхрийн нүдний жүүсийг 3000 төгрөгөөр авч ууж болно. Ингээд 25 хүнээ энд хэрхэн авчрах зардлаа тооцож үзэхээр лавлахаас утасны дугаарууд авч хэд хэдэн компанитай холбогдож үзэв. Тухайлбал, “Авто рент” хэмээх компани долоо хоногийн өмнө захиалсан тохиолдолд 24 хүний суудалтай автобусаар үйлчлэх боломжтой бөгөөд бүтэн өдрийн түрээс нь 150,000 төгрөг байдаг гэнэ. 24 хүнтэй арга хэмжээний нийт зардлыг тооцоход ердөө 690,000 төгрөг болж байна. Үүний зэрэгцээ тусгай арга хэмжээ, хүлээн авалт хийх бол хаан гэр болон ресторанд, мөн VIP танхимуудын аль нэгэнд захиалж болох ажээ. Ийнхүү өвөрмөц тансаг орчинд, байгалийн сайханд сэтгэл баяссан шиг сургалт арга хэмжээ зохион байгуулан, “алтан жимс”-ийг амтлах боломж нийслэлээс холгүй байгааг мэдэж авлаа. 

“АЛТАН” ТАЛ ДАХЬ ДАРДАН ЗАМ
Цонжин болдогоос цааш толь мэт замаар давхисаар Өндөрхаанд хүрэв. Манай багийнхны түрүүлж явсан машин нь 30 минутын өмнө эндээс хөдөлсөн болохыг утсаар холбогдон мэдэж авлаа. Аймгийн төвийн гудамж гэрэлтүүлэг чимэглэл сайтай, зам харгуй нь цэгцтэй хэдий ч захдуу хэсгээрээ яг л сумын төвд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйц хэвээр байлаа. Олон жилийн өмнө Дорнод руу нисэх замдаа Өндөрхаанд түр буудаллаж, онгоцны буудал дээрээс нь харахад жижигхэн сумын төв шиг сэтгэгдэл төрүүлж байсныг бодвол ерөнхийдөө томорсон ч хуучны барилга байшин, гудамжууд нь өмнөх төрхөө хадгалан үлджээ. Нэгэн хүнсний дэлгүүрээс цэвэр усаа сэлбэж аваад Дорнод руу гарахаар хөдөллөө. Аймгийн төвийн хүмүүсээс зам асуувал, цахилгааны шонгоо дагаад яв гэсэн зөвлөгөө өгөв. Зөвлөгөөг дагаж явтал зам нь дахиад олон салаад эхэллээ. Замын тэмдэглэгээ огт байхгүй тул аль зам нь Дорнод руу явдгийг асуухаар дахин нутгийн хүнээс зам асуув. Тэрээр, Хэрлэн гол талаа бариад явах нь дээр, шонгийн модоо дагах юм бол огт өөр сумын  төвд хүрнэ гэв. Ингээд Хэрлэн голдоо зориулан “Буурлын буман үеэсээ Буян хишгээ татаагүй...” хэмээн дуулсаар аян замаа үргэлжлүүллээ. 
Өвсний толгой үл мэдэг шаргалтсан өргөн уудам тал нутаг алтан шар өнгөөр туяаран харагдана. Хэдхэн байшингийн хооронд явсаар сар, жилийг элээдэг нийслэлийн бидний хувьд том тэнгэр, уужим тэнүүн орон зайг харж дотроо онгойлгохын сайхныг замын туршид мэдэрсээр явлаа. Дорнод монголын тал нутаг ийнхүү олон жилийн дараа очиж байгааг минь мэдсэн мэт сүрэг адуугаар зам тоссоор угтсан билээ. 
Тэгшхэн талд зурайх шороон зам нь Улаанбаатараас Цонжин болдог хүрэх засмал замаас хэдэн арав дахин толигор байж, бид ч сааталгүй давхисаар шөнө дунд болохтой уралдан Чойбалсан хотод хүрлээ. Одоогоос 25 жилийн өмнө дөнгөж дипломоо гардсан шинэхэн инженер Дорнод аймагт хуваарилагдан очоод Хэрлэн зочид буудалд байрласан тэр мөчийг сануулах мэт бидний өрөөг ч бас тэнд захиалсан байв. Зочид буудлын үүдэнд хэсэг залуус гитар тоглон сууцгааж, “Тавтай нойрсоорой, багачуудаа” дууг дуулан хөгжилдсөөр биднийг угтлаа. 
Социализмын үеэс л Монголын гурав дахь хот хэмээн нэрлэгдэж ирсэн Чойбалсан хотын өнгө төрх улам сайжирсан уу гэхээс муудсан зүйл ажиглагдсангүй. Зарим байшин барилга, гудамж талбай өмнө нь ямар байсан яг тэр хэвээр. Замын хажуугаар эгнэн байдаг модод, автобусны цонхоор харагддаг байсан орчин нөгөө л янзаараа шахам. Сэтгэлд дотно дурсамж агуулах бүхэн яг хэвээрээ, огт өөрчлөгдөөгүй байх нь хичнээн сайхан байдгийг энд мэдэрлээ. 
Хотын өнгийг нэмэх орон сууцны барилгууд улам олширчээ. Хуучин орос цэргийн анги байсан газраас барилгуудыг буулгаж авчраад аймгийн төвдөө барьж байгаа гэнэ. Монголдоо ховорт тооцогдох Бүсийн оношлогооны төв нээгдсэнээр, зүүн аймгийн иргэд заавал нийслэл рүү зардал чирэгдэл болж явах шаардлагагүй болсон байна. Дорнод аймгийнхны хувьд урд, хойд хоёр хөрш рүүгээ гарцтай учир аль ч хилээр нь гараад арилжаа наймаа хийгээд ирдэг, дэлгүүрт нь нийслэлээс хайгаад олддоггүй хямд үнэтэй, сонголт ихтэй бараа байдаг хэмээн нэгэн танил маань ярьж байсан нь санаанд оров. Хүнсний үйлдвэр, мах комбинат нь урьдын адил олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэдэг хэвээр гэнэ. Дорнодынхны брэнд бүтээгдэхүүн болох буриад талх, цөцгий нь гаднаас очсон хүмүүсийн зорьж худалдан авдаг бүтээгдэхүүн болжээ. 

“АЛТАН” НАРАН ГИЙСЭН ТАЛЫН ТЭНГЭР 
Дорнын их талд өглөөний наран мандаж, бид “Энх” зусланг зорилоо. Аймгийн төвөөс 20км зайд байрлах энэхүү зуслан дээр биднийг очих үед сургалт зохион байгуулах бэлтгэл хангахаар зуслангийнхан завгүй ажиллаж байв. Зусланд 60 хүүхэд амарч байсан бөгөөд нэг хүүхэд өдрийн 8000 төгрөгөөр долоо хоног амардаг гэнэ. Хүүхдүүдтэй ярилцаж үзэхэд зусланд өнгөрүүлж буй амралтдаа сэтгэл хангалуун байгаа нь илт байсан. Зуслангийн хашааны гадна, Хэрлэн голын хөвөөнд хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай харагдана. Хүүхдүүдийн цовоо цолгин дуу, инээд хөөр дүүрэн энэ орчинд нэг дэх өдрийн сургалт явагдаж, зуслангийн дэргэдэх жуулчны баазад багийнхан маань хоноглохоор болов. Холын хүнээс үг дуулахаар халуун яриа өрнүүлсэн үдэш нисэх мэт өнгөрөв. Залуусын бүжиг наадам үргэлжилсээр... 
Талд, одод түгсэн тэнгэрийн дор зогсох хамгийн сонирхолтой. Яг л алт эрдэнэс мэт гялалзан гялтганах оддоор дүүрэн хөмөрсөн тогоон дотор зогсох мэт. Долоон бурхан одод дэргэд шахам харагдаж, талын нам гүм энэ орчинд цаг хугацаа зогссон мэт санагдах нь гайхалтай. Зуны богино шөнө өнгөрч, алтан наран тал нутгийг нойрноос нь сэрээжээ. Өглөөний цайны өмнөхөн Р.Бурмаа бид хоёр Хэрлэн голын хөвөөнд очиж дуу зориулан, уснаас нь нэг амсаад ирэв. Энэ өдөр жуулчны бааз дахь том монгол гэр болон “наадмын” асарт сургалт үргэлжиллээ. “Сонгогчдын боловсрол” төвийнхөн сонгуулийн менежментийн талаар шинэ мэдлэг түгээхийн зэрэгцээ олон улсын ажиглагчаар ажиллах үедээ олж мэдсэн шинэлэг арга барил, туршлагуудаа суралцагчидтайгаа харамгүй хуваалцаж буй нь бахархмаар байсан. 
Гэрээт багш нарын хувьд хичээлээ үдээс өмнө багтаан заагаад нийслэлийн зүг хөдлөв. Багш нарын маань нэг болох АЭХ-ны дэд тэргүүн З.Нарантуяа, энэ хавьд эртний хотын туурь байдаг хэмээн сануулж, бид хуучны зам дагуу хайсаар олж очлоо.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг болох энэ газарт Монгол нутагт VIII-IX зууны үед төр улсаа байгуулж байсан Кидан улсын Хэрлэнбарс хотын туурь байдаг нь өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. 1731 онд Монгол нутгаар аялсан Чин улсын жуулчны тэмдэглэлд “Сэцэн хан аймгийн Далай бээсийн хошуунд Барс хот байна. Нэг нь долоон давхар, нөгөө нь таван давхар хоёр суврагатай бөгөөд сувраганы дотор туурганд зурсан бурхадын зураг хэвээрээ байна...” гэж бичиж үлдээсэн байдгийг энд байрлуулсан самбараас уншиж болно. Хэрлэнбарс хотын тууринд хийсэн малтлагаар том бурхадын олон сэнтий, бурханы шавар баримлын үлдэгдэл зэргийг илрүүлсэн гэдэг. Бид энэхүү ховор дурсгалын өмнө зургаа татуулаад аяллаа үргэлжлүүлсэн юм.
Ирэх, буцах замд нийтдээ дөрвөн удаа төмөр ачсан маш том ачааны машинтай таарав. Талын хөрсийг орвонгоор нь эргүүлэх мэт их тоос босгон яваа аварга машиныг хараад, нүүрс ачиж урд хөрш рүү зөөдөг үүнээс ч том машинууд байдаг тухай сонсож байсан минь санаанд орлоо. Талын хөрс хичнээн эмзэг болохыг, тал нутгийн амьдралын тойрог хэрхэн өрнөдгийг хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” романыг анхааралтай уншсан хүн л сая ойлгоно. Харамсалтай нь, шийдвэр гаргагчид энэ номыг уншаагүй гэж мөрийцөхөд ч болохоор байна. “Дорнодын тал нутагт олон зуун га газрыг хагалж, усжуулалттай тариалан хөгжүүлнэ, говь нутгийн газрын гүнийн усаар ашигт малтмал олборлоно” гээд сууж байдаг эрх баригчид манайхаас өөр улсад байхгүй...
...Чойбалсан хотоос Өндөрхаан хүртэлх замд тал нутгийн байгаль онгон төрхөөрөө харагдаж, Хэрлэн голоо бараадан нутаглах айлууд хаа нэг таарах нь содон байлаа. Дорнын уудам талд сэтгэл хоргодсоор буцах үед адуу нь сүрэг сүргээрээ зам тоссоор нутгийн захад хүргэж, хураар ивлэсэн тэнгэр нь бороо дуслуулсаар үдсэн билээ. 
Тал нутгийн амьдралыг тэнгэр ивээх болтугай. 
Ц.Оюунчимэг

2011 оны 8 сарын 9-11, Улаанбаатар-Чойбалсан-Улаанбаатар
/2011.08.17 - www.shuum.mn/

13 дугаар зуунд зорчсон тэмдэглэл

Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолбороос Төв аймгийн Эрдэнэ сумын төвд хүрч, орчноосоо үл ялгагдам өнгөтэй, адууны дэл сүүлэн хиур бүхий модон самбарыг хайж оллоо. Самбарт “13 дугаар зуун Үндэсний цогцолбор” гэж кирилл монгол болон уйгаржин монгол үсгээр бичжээ. “20 км” гэж бичсэн жижиг модон тэмдэглэгээ ойролцоо харагдах нь цогцолбор хүртэлх зайг заасан нь тэр байх гэж бодлоо. Цэнхэр дээр цагаанаар “Өвөржанчивлан” гэж бичсэн тэмдэглэгээ яг дэргэд нь харагдана. “Жийп сервис” компанийн жолооч Бямбаа микро автобусныхаа километрийн заалтыг нойллоод хөдөллөө. Ойролцоогоор гурван километр орчим яваад байтал замд нутгийн мотоциклтой залуу тааралдав. Түүнээс зам асуухад, “Яг энэ замаараа яваарай” гээд бараг л зурах шахам зааж өгөв. Холгүйхэн жижиг модон тэмдэглэгээ харагдах нь сум хэлбэртэй байх аж. Бидний харж буй талд ямар ч бичиг байхгүй тул машинаасаа буугаад нөгөө талаас нь харлаа. 17км гэж бичжээ. Бид зөв замаар явж байгаа бололтой. Нүдэнд шууд тусахааргүй жижиг хэмжээтэй, анхаарал татахааргүй, нэлээд онгож гандсан модон тэмдэглэгээнүүд байх тул анх удаа ирж буй туршлагагүй хүн олж харахад хэцүү. Гэвч иймэрхүү тэмдэглэгээ байдаг гэдгийг бидэнд компанийн менежерүүдийн хэн нь ч хэлээгүй билээ.
Улаанбаатараас 96 километр зайд байх тус цогцолборт хүрэхийн тулд Чингис хааны хөшөөт цогцолбор байрлах Цонжин болдогийн яг дэргэдүүр явж өнгөрдөг. Бид өмнө нь төөрч будилж, машинаа чирүүлж буцсанаасаа хойш долоо хоногийн дараа хоёр дахь удаагаа илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирж байгаа нь энэ. Өртөө улаач, харуулын отогт хуучин танил залуу угтаж авлаа. Тэрээр биднийг таньж, инээмсэглэж байна. “Ойрд хүн ихтэй, хүнсний хангалт нэмэгдэж ирээгүй байгаа учир хоолгүй ваучер бичнэ” гэж хэлж биднийг сандаргаад авав. “Арай ч дээ, ирэх болгонд нэг асуудалтай байж болохгүй ш дээ” гэж байж хоолны зардал орсон 26,000 төгрөгийн ваучераа бичүүллээ. Харин 0-6 насны хүүхэд үнэгүй, 6-12 настай хүүхэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, 12-оос дээш насны хүүхэд насанд хүрэгчдийн тарифаар үйлчлүүлдэг гэнэ. Гадаадын иргэний хувьд бас л ялгаварлагдсан тарифтай бөгөөд 62,000 төгрөгөөр цогцолборыг үзэж, хоолны зардал нэмэгдвэл 72,000 төгрөг төлдөг ажээ. Жолоочийг отог руу оруулсангүй. Тусдаа мөнгө төлөх ёстой гэсэн тул жолооч “үзэх шаардлагагүй” гэж хэлээд гадаа хүлээхээр болов.  “Зам зуур байдаг хөдөөгийн цайны газруудын менежмент энд хэрэгтэй юм байна даа” гэж бид ярилцаж байлаа. Учир нь хөдөөгийн цайны газруудад үйлчлүүлэгч авчирсан жолооч үнэгүй хооллох эрхтэй байдаг нь сайн менежмент болж орлогыг нь нэмэгдүүлдэг. Тэгвэл энд тодорхой тооны үйлчлүүлэгч авчирсан жолооч цогцолборыг үнэ төлбөргүй үзэж яагаад болохгүй гэж. Хоолныхоо мөнгийг бол төлдөг л юм байгаа биз. Бид ямар ч байсан жолоочийн хоолны мөнгө 10,000 төгрөгийг төлж, ваучер дээрээ нэмж бичүүллээ. Ингээд Өртөө, улаач, харуулын отгийн танилцуулгыг сонсож эхлэв.

ӨГӨДЭЙ ХААНЫ ӨВ
“Монгол мориор 30-32 километр замыг туулж дараагийн өртөөн дээр унаагаа сольж довтолгосоор мэдээ, мэдээллийг долоо хоногийн дотор эзэнт гүрний өнцөг булан бүрт хүргэж чаддаг байсан” хэмээн тайлбарлагч бидэнд танилцууллаа. Өртөөг анх байгуулсан Өгөдэй хааны нэрийг дурьдахаа ч мартсангүй. Бидний орж үзсэн хамгийн том өргөө нь Өртөөний ноёны өргөө гэнэ. Сархинаган тоонотой, дөрвөн баганатай энэхүү өргөө ил гал түлэхэд утаа нь шууд тооноороо гардаг онцлогтой аж. Гэрийн хойморт Монгол төрийн хар, цагаан сүлдийг залсан байх бөгөөд сүлднээс адис авахыг зөвшөөрдөг юм байна. Энд мөн монгол цэргийн хуяг дуулга өмсөж зургаа татуулах боломжтой тул манайхан төд удалгүй баатар эрчүүд болон хувирав. Бидний хувьд хүнд жинтэй санагдсан хөө хуяг, дуулга, сэлэм тэргүүтэн “загвар” тул хөнгөн жинтэйд тооцогддог аж. 13 дугаар зууны үеийн монгол баатрын хөө хуяг, дуулга, хувцас хэрэглэл, зэр зэвсэг нь нийтдээ 50-70 орчим килограмм жинтэй байсан тухай бид тайлбарлагчийн ярианаас сонслоо. Биднийг ийнхүү зургаа татуулан баясч байх зуур дараагийн хүмүүс олноороо ирсэн тул бидэнд зориулсан танилцуулга үүгээр дууссан юм. Бид тайлбарлагчид талархал илэрхийлээд Урчуудын отгийг зорив.
Уул өөд өгссөн тод замаар зүүн гар талаа барин явсаар хадны дунд нууцлагдмал байрлах Урчуудын отогт хүрлээ. Модон тавцан, шат, цамхаг зэрэг алсын бараа харах, бас нуугдах ч зориулалттай болов уу гэмээр байгууламжуудыг хийж, модон тавцан дээр гэрүүдээ барьсан нь өвөрмөц харагдах энэ орчинд биднийг эртний загварын дээлээр гоёсон гэр бүлийнхэн угтаж байв. Отгийн төв хэсэгт байх гэрт биднийг урьж, боорцогоор дүүрэн тавагтай идээгээр дайллаа. Гэрийн тавилга, эд хэрэгслүүд нь эртний хийцтэй харагдана. Урчуудын отог нь 13 дугаар зуун Үндэсний цогцолборын хамгийн анхны отог юм байна. 2006 онд байгуулагдаад бусад бүх отгийнхоо тавилга, хувцас хэрэглэлээс эхлэн “бүгдийг” хийсэн урчуудын ажил одоо ч дуусаагүй нь илт. Хамгийн сүүлд 2008 онд Харуулын отог байгуулагдсанаар цогцолбор зургаан отогтой болсон гэж эзэгтэй бидэнд ярилаа. Урчуудын отогт дархан, мужаан, оёдолчид ажилладаг гэнэ. Гэрүүд бортогон тоонотой, бургасан унь, ханатай, уран зурагт гардаг шиг дүр төрхтэй байх нь үнэхээр 13 дугаар зуунд ирчихэв үү гэж бодогдохоор байсан билээ.
Гэрийн эзэгтэй бидэнд арвайн гурил хийдэг технологио бодитоор нь үзүүлэв. Тээрмийн бул чулууг уулын ар, өврөөс нэг нэгээр нь сонгож авдаг байна. Уулын арын чулууг эр чулуу, өврийн чулууг эм чулуу гэх ба эр чулууг дор нь эм чулууг дээр нь байрлуулдаг бөгөөд арын чулуу чийг ихтэй, өврийн чулуу чийггүй хуурай байдаг учир арвайг тээрэмдэж арвайн гурил гаргаж авахад тохиромжтой байдаг ажээ.
Өртөө, улаач, харуулын отогт манай багийнхан баатар эрсийн дүрд хувирч байсан бол Урчуудын отогт эртний монголчуудын төрөл бүрийн хувцсыг өмсөж, түүхэн киноны гол баатрууд болон өөрчлөгдлөө. Үнэхээр таалагдсан шүү. Яг энэ үед цаг хугацааны машинд суугаад аялсан мэт сэтгэгдэл төрж байсан нь гайхалтай. Учир нь бид тэрхэн мөчид энэ цаг үеэс өөр ертөнцөд амьдарч байлаа. Гэвч дараагийн зочид автобус автобусаараа ирсэн тул бидний явах цаг болов. Бидэнтэй хамт зургаа татуулсан эртний бяцхан хүүхэд, бидэнд үйлчилсэн гэр бүлийнхэн нууцлагдмал ертөнцдөө гар далласаар үлдлээ.

ТАТА ТУНГА-ГИЙН ӨРГӨӨ
Номын өргөө нь Урчуудын отгоос хол биш ажээ. Биднийг угтсан залуу бүсгүй аялал жуулчлалын чиглэлээр их, дээд сургууль төгсөөд энд ажиллаж байгаа гэнэ. Тата Тунга-гийн өргөө болон монгол бичгийн түүхээс бидэнд сонирхуулан ярьж, өргөөнд зочилсон хүн бүрийн нэрийг муутуу цаасан дээр уйгаржин монгол бичгээр бичиж өгсөн нь ихэд таалагдав. Зөвхөн номонд л нэр дурьдагддаг үнсэн самбар дээр үг бичиж үзсэн маань бидний хувьд гэнэтийн бэлэг байлаа. Хоймрын ширээн дээрхи тэрэг, морь, тэмээ, цагаан шонхор \бэрс\, хангарьд \ноён\, “бар”\хүү\-ыг сийлбэрлэн хийсэн жинхэнэ монгол шатар анхаарал татаж, гурван толгойтой морин хуур хараа булаасан 13 дугаар зууны бичиг номын ертөнц сэтгэлд дулаахан дурсамжийг үлдээлээ.
Малчны отогт цагаан идээгээр дайлж угтсан нь сайхан байсан ч, малаа ариутгаж байхтай нь таарсан учир удаан тогтоход хэцүү байсан. Жуулчид химийн бодисын үнэрээс зугтан, ам хамраа дарчихсан автобус руугаа гүйлдэж байв. Керолин хэмээх энэ бодисын үнэр монголчуудын хувьд танил ч гадныхны хувьд аглаг зэлүүд талд учирна гэж бодоогүй зүйл болох нь илт. Бидний хувьд ч таатай байсангүй. Уг нь малчин айлуудаар орж, тэмээ, морь унаж үзэх сонирхол их байсан ч бас л удаан байж чадсангүй. Энэ ариутгалын ажлаа орой хийж болоогүй юм байх даа хэмээн ярилцсаар тэмээ унуулах хүнийг нь хүлээн зогслоо. Удалгүй европ маягийн хувцастай \ариутгал дээр ажиллаж байсан\ малчин ирж тэмээгээ сөглөв. Тэмээ нь маш их ядарсан, нүднээс нь бөөн бөөн нулимс бөмбөрөөд байсан тул манайхны хоёр нь л тэмээ унаж хэд алхуулж үзээд, ер нь больцгооё, энэ бол тийм ч сайхан зугаа биш, амьтан тамласан зүйл юм байна гэж ярилцаад машиндаа сууцгаав. Хэн нь ч морь унасангүй. Бүгд л яс арьс болтлоо турж, хүн унуулахаас халширан нулимс бөмбөрүүлэх тэмээг өрөвдөцгөөн, хөөрхий амьтанд ээлж халаа гэж байдаггүй юм байх даа гэж ярилцан дараагийн отог руу явцгаалаа.
Дараагийнх нь Бөөгийн отог байсан ч бид эхлээд Хааны өргөөнд очиж хооллохоор шийдлээ. Учир нь Бөөгийн отог Хааны өргөөнд ойр харагдаж байсан юм. Хааны өргөө үнэхээр хааны өргөө шиг байлаа. Монгол гэр дотор ийм том зай талбай байж болно гэдгийг харуулсан нь хүчтэй сэтгэгдэл төрүүлж байв. 16 хана, 105 уньтай, дөрвөн том багана тулсан, хоёр давхар сархинаган тоонотой гэрийн дотор талыг эв нэгдлийн билэгдэл болсон цагаан шонхор, таван хошуу малын им тамгаар чимэглэсэн нь содон харагдана. Хааны сэнтий дээр сууж зургаа авахуулах боломжтой энэ өргөөнд хаан болон өрлөг эх, хатан, жанжингуудын хувцсыг өмсөж, тэдний суудал дээр зургаа татуулж, нум сум харваж, бусад гэрүүдээр зочилсоор явтал бидний захиалсан хоол бэлэн боллоо. Борцтой гурилтай шөл, гурван хуушуур, сүүтэй цай, айраг хүн бүрт оногдохын зэрэгцээ гамбир, хоёр төрлийн салат дагалдах энэхүү монгол зоог амттай байсан юм.  Зоогийн үеэр хоёр морин хуурч хүү тоглолт хийж зочдоо баясгасан нь мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээсэн билээ. 
Хааны өргөөний гаднах орчин, гэрүүдийн зохион байгуулалтыг харахад үнэхээр л ийм байсан болов уу гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Бусад отгуудын хувьд ч тус бүрдээ онцлогтой, өөр өөрийн өнгө төрхтэй, гэрүүд нь хүртэл өвөрмөц. Цогцолборын газар нутаг унаган төрхөөрөө хадгалагдсан, ердөө л ганц замаар унаа хөсөг нь явдаг гээд байгаль орчинд ээлтэй сайхан бизнес харагдлаа. 

ДӨРВӨН ХҮЧТЭНЭЭР ХАМГААЛУУЛСАН БӨӨГИЙН ОТОГ
Талд уртын дуу дуулаад явбал төөрдөг гэхчлэн ярих нь хүртэл тэр чигээрээ үлгэр домгийн ертөнц мэт санагдах Бөөгийн отогт бид  нэлээд удаан саатсан. Урианхай, буриад, халх, цаатан, шарын бөөгийн онгод бодитоороо оршин байдаг энэ ертөнцөд ирээд буцахын зуур бидний бүтэн өдрийн алжаал ядаргаа хийсэх мэт арилсан нь хамгийн түрүүнд анзаарагдсан гайхамшиг байлаа. 
Тайлбарлагч удганы ярьснаар, хэдийгээр бөөгийн гэрүүдэд хоймор өөд нь өгсөхгүйгээр орж харахыг зөвшөөрдөг, гол шүтээний гэрт зөвхөн эрчүүд орж  болно гэдэг ч учир мэдэх хүмүүс энд ирээд бөө тус бүрийн онгод байрлах гэрээр ордоггүй, гол шүтээнд мөргөж, газар нутгийн сайн энергиэс хүртээд л буцдаг аж.
Жуулчдын ихэнхи нь ёс заншлыг монголчуудаас илүү судалж мэдчихээд, бүр зорьж ирдэг байна. Гэвч заримдаа хятад жуулчид ирэхээрээ нус цэрээ хамаагүй хаяж, замбараагүй байх гээд байдаг, тэднийг авч яваа хүмүүс нь сайн анхааруулах хэрэгтэй байгаа юм гэж байлаа. Харин өвөрмонголчууд ирэхээрээ үнэн сүсэг бишрэлтэйгээр хандаж, ёс мэддэг хүний жаягаар бүх ёслолоо үйлддэг гэнэ. Тэд, монголчууд өөрсдөө энэ сайхан ёс заншлаа мэддэггүй гээд шоолох хандлагатай байдаг аж.
Бөөгийн буултын үеэр таарсан зочид бүгдийг бодитоор нь үзэж сонирхох боломжтой байдаг бөгөөд зориудаар тоглолт маягаар үзүүлбэр хийдэггүй, учир нь энд жинхэнэ бөө  нар байдаг хэмээн тайлбарлагч удган ярьж байлаа.
Бөөгийн отогт дараагийн зочид хүрэлцэн ирж, бидний явах цаг болов. Гарын алгаа дээш харуулан залбирч, дээд тэнгэрээс хүч, энерги авах монголчуудын үр сад 13 дугаар зууны өвөг дээдэстэйгээ холбогдсоор байх гайхамшигт ертөнцийн нууцлаг амьдралд хийсэн нэг өдрийн аялал маань ийнхүү өндөрлөлөө.
Дөрвөн хүчтэний дүр төрхийг агуулсан хад цохион хамгаалалт дундаа Бөөгийн отог өнө мөнхөд орших буй за. 13 дугаар зуун үндэсний цогцолборыг санаачилсан, бүтээн байгуулсан, хөрөнгөө оруулсан хэн бүхэнд монголчууд төдийгүй дэлхий талархах өдөр ирнэ.


Ц.Оюунчимэг
2011 оны 7 сарын 31, Улаанбаатар-13 дугаар зуун Үндэсний цогцолбор-Улаанбаатар


/2011.08.04 - www.shuum.mn/

“Цонжин болдог”-т аялсан тэмдэглэл

Чингис хааны хөшөөт цогцолбор болон “13 дугаар зуун” цогцолборыг сурвалжлан бичихсэн гэж хагас сарын өмнөөс төлөвлөсний дагуу өнгөрсөн хагас сайн өдөр хэсэг нөхдийн хамт Улаанбаатараас хөдөллөө. Бидний хоёр нь гадаадад суралцаад дөнгөж төгсөж ирээд байсан тул “Цонжин болдог”, “13 дугаар зуун” үзнэ гээд их л өндөр сэтгэгдэлтэй явсан билээ. Зам зуур таарах шинэхэн бүтээн байгуулалтуудыг сонирхон харж, цэцэг алагласан нов ногоон хөндийгөөр давхисаар их талын дундаас гэнэт гарч ирэх Чингис хааны хөшөөт цогцолборт хүрч очив.
Машины зогсоолд зогсож орчин тойрноо ажиглавал, том жижиг нийлсэн 45 суудлын машин, хоёр микро автобус харагдана. Бид хөшөөт цогцолборын гадна хэдэнтээ зургаа татуулсны дараа тасалбараа авахаар касс руу очив. Хөшөөт цогцолборыг үзэхэд монгол хүн 5000, гадаад хүн 10,000 төгрөг төлдөг. Үүнээс нь үзвэл гадаад хүнд арай олон үзмэр үзүүлж, илүү сайн үйлчилж, тайлбарыг нь дэлгэрэнгүй хийдэг юм болов уу гэж бодмоор. Гэвч үгүй. Үүнээс нь болж би өнгөрсөн жилийн зун гаднын зочныхоо өмнө хоёр ч удаа эвгүй байдалд орж байснаа санаж байна...

Яг адилхан үзмэрийг хоёр өөр үнээр үзүүлж, зочид буудлын ижил өрөөнд хоёр өөр үнээр байрлуулдаг ийм үйлчилгээ манайхаас өөр ямар оронд байдаг бол оо. Би бодлоо, гадаад орнуудад явж байхад минь намайг монгол хүн гэдгээр нь илүү мөнгө төл гэж хэлж байсан тохиолдол бий бил үү? Швейцари, Америк, Англи, Филиппин, Энэтхэг, Тайланд, Хятад, Орос, Украйн гээд явж үзсэн хэдхэн орноо тоолоход ийм тохиолдол огт гараагүй байлаа. Үйлчлүүлэгчдээ яс үндэс, иргэншлийн харьяаллаар нь ялгаварлан гадуурхаж, өдөр шөнө шиг ялгаатай үнийн тариф тогтоодог энэ хандлага манай үйлчилгээний салбарт олон жилийн туршид бугшсан “социализмын угшилтай” дутагдал бөгөөд энэ мэтчилэн алхам тутамд таардаг нь даанч харамсалтай.


7605 РАЗМЕРИЙН ГУТАЛ БА ҮЛ ТАНИГДАХ ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛ
Цогцолборт ормогц угтаж авсан тайлбарлагч бүсгүй бидэнд танилцуулгаа хэдхэн минутын дотор дуржигнатал ярьж, том монгол гутал төдийгүй алтан ташуур, цогцолборын бусад үзмэр, Хүннү гүрний музейг орж үзэхийг зөвлөөд буцаж хаалганы дэргэд очиж зогссон юм. Нэг төрлийн мэдээллийг өдрийн туршид давтан ярьдаг тайлбарлагчийн ажил амаргүй ч тухайн үзмэрийг үзэж буй хүмүүс ихэвчлэн анх удаа ирж байдгийг харгалзан үйлчлүүлэгчиддээ хүндэтгэлтэй хандаж сурахад илүүдэхээргүй харагдаж байсан.
Хаалгаар ормогц хамгийн түрүүнд нүдэнд тусдаг үзмэр нь асар том монгол гутал юм. Зургаан метр гаруй өндөр, хоёр метр орчим өргөн энэхүү сүрлэг монгол гутлыг 285 үхрийн ширээр урласан бөгөөд 7605 размерын гутал ажээ. Танхимын хоймор хэсэгт Их эзэн Чингис хааны Цонжин болдог хэмээх газраас олсон Алтан ташуурыг дөрвөн метр урттайгаар найман цэн алтаар бүрж урласан нь гайхамшигтай харагдаж байв. Энэхүү хүндэтгэлтэй үзмэрийг “аравнайлуулсан” гэж тайлбарлагч нь онцолж байна билээ.

Танхимд зургаа авхуулахдаа хэрэглэж болох нэгэн өвөрмөц үйлчилгээ нь монгол баатрын иж бүрэн өмсгөл, монгол хатны дээл, малгайг төлбөртэйгээр өмсөх. Ямар ч төрлийн хувцсыг нэг удаа өмсөхөд 1500 төгрөг төлөх ба энэ хувцастайгаа хэдэн ч удаа зургаа авахуулж болох юм. Эдгээр нь дөрвөн төрлийн баатрын өмсгөл, хоёр төрлийн хатны хувцас бөгөөд зарим нь хими цэвэрлэгээнд яваад ирээгүй байна гэж үйлчилгээг хариуцаж буй залуус ярьж байв. Тэдэнтэй ярилцаж байхад “Өвөрмонголоос ирсэн хүмүүс дээл хувцасны загвар, хийцийг их шүүмжилдэг. Энгэр нь буруу талдаа байна энэ тэр гээд өмсөж өгдөггүй. Бид нар аль нь буруу, аль нь зөв болохыг нь ч сайн мэдэхгүй болохоор заримдаа хэцүү байдаг” гэж байлаа. Үнэхээр энэ үйлчилгээний дутагдалтай тал нь хэддүгээр зууны үеийн ямар баатар болон хатны өмсгөл өмсөөд байгаагаа мэдэх боломжгүй. Тайлбар ч байхгүй, гэрэл зургийн үзүүлэн ч байхгүй. Хувцас өмсөж зургаа авахуулахаас хэтрэхгүй, шинэ мэдээлэл авах боломжгүй нь “нэг тиймэрхүү”. Ингэхэд би хэдий үеийн ямар үндэстэн ястны хатны хувцсыг өмсчихөв өө гэж зургаа авхуулсныхаа дараа тэднээс асуухад “Таны өмссөн хатны хувцас ойрд монголынх” гэхээс өөр тоймтой хариулт хэлж чадахгүй байсан нь хачирхалтай. Уг нь энэ тал дээр ахиц дэвшил гаргая гэвэл угсаатны зүйн судлаачидтай хамтран ажиллаж, тэднээс зөвлөгөө авч, бодитоор нь биш гэхэд гэрэл зургаар үнэн зөв мэдээлэл өгч, нүүр улайхааргүй хэмжээнд ажиллах боломжийг 21 дүгээр зууны хөгжил дэвшил нээгээд өгчихсөн шүү дээ.

Цогцолборын хэд хэдэн танхимд байрлуулсан уран зургийн үзмэрүүд нь хаад, хатадын хөрөг голдуу харагдана. Доод давхарт нь Хүрэл зэвсгийн үеийн 1500 орчим үзмэртэй Хүннү гүрний музей байрлана. Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Булган, Төв, Ховд, Завхан, Хэнтий, Архангай аймаг, Өвөрмонгол болон Алтай-Саяны бүс нутгийн олдворуудаас бүрдэх эдгээр үзмэрүүд сонирхол татахуйц ажээ. Музейн үзмэрүүд нь хүн, амьтныг ихэвчлэн хосоор нь дүрсэлсэн, эерэг илэрхийлэлтэйн зэрэгцээ ан амьтныг агнах үйл явцыг олон талаас нь харуулсан, төрөл бүрийн ан амьтдын дүрс, ялангуяа янгирын толгойг уран тодоор дүрсэлсэн, чамин загвар хийц бүхий эдлэлүүд байсан юм. Миний хувьд хамгийн ихээр анхаарал татсан үзмэр нь төрөл бүрийн хийц загвараар урласан “бүсний арал”-ууд байв. Өнөөгийн монгол гоёлоос олж харахааргүй өвөрмөц чамин хийц загвар бүхий бүсний арлыг МЭӨ IX-VII, IY-I зууны үеийн гар урчууд хийж чаддаг байжээ гээд бодоход бахархмаар. Монгол дээлний бүс урладаг гар урлалчид энэ музейг ядаж нэг удаа үзэх хэрэгтэй гэж бодогдсон шүү.

32 МЕТР-Т МЭДРЭГДЭХ ТАЛЫН САЛХИ
Чингис хааны хөшөө цогцолборын нийт өндөр нь 40 метр бөгөөд үүнээс суурь хэсэг нь 10 метр, хөшөө нь 30 метр өндөртэй ажээ. Бид морины сүүл хэсэгт тааруулан хийсэн цахилгаан шат болон явган шатаар өгсөж, кино танхимд орж хөшөөт цогцолборыг хэрхэн барьж байгуулсан тухай танилцуулга нэвтрүүлгийг үзээд, морины цээжин дундуур дамжин гадагш гарч, 32 метрийн өндөрт байрлах морины дэлэн дээрээс талын салхины хүчийг мэдрэн зогслоо. Нийслэлийн “утаа, тоост” агаараар амьсгалж дассан бидэнд талын цэнгэг агаар толгой эргэм мэдрэмжийг төрүүлж байв. Их хааны хөшөөний дөрвөн зүг, найман зовхист хаяа тэлэн байгуулагдаж буй цогцолборын ажил хараахан дуусаагүй ч ойролцоох жуулчны баазууд аль хэдийнэ үйл ажиллагаа явуулаад эхэлсэн харагдана. Жуулчны баазад байрлахад ямар үнэтэй байдаг бол хэмээн асуухад “Нэг гэр нь 30 мянга гэнэ лээ” гэсэн хариултыг ойр хавьд байсан хүмүүсийн нэг нь өгөв.

Баруун гартаа алтан ташуур тулж, наран ургах зүгт алсын бараа харан зогсох Их хааны морьт хөшөөг 250 тонн ган хуудсаар хийсэн бөгөөд суурь хэсгийнх нь байгууламжийн диаметр 36 метр гээд бодохоор Монголдоо анхны томоохон цогцолбор байгууламж аж. Тус цогцолборын нярав Б.Авирмэдээс хэр олон хүн цогцолборыг үзэж сонирхдог болохыг асуувал, “Өдөрт дунджаар 300-400 хүн үзэж сонирхдог. Амралт, баяр ёслолын үед дунджаар 1000, заримдаа бүр 3000 хүртэл хүн үйлчлүүлдэг” гэсэн хариултыг бидэнд өгсөн юм. Энд бас “Монгол хурим”-ын захиалга авдаг юм байна. Нэг удаагийн захиалгад 100-150 хүртэл хүнийг хүлээн авах боломжтой бөгөөд нэг хүний зардал 25,000-30,000 төгрөгт багтдаг гэнэ. Энэ зардалд хуримын зоог, хосын бэлэг, үзвэр, хүлээн авалтын танхимд гурван цагийн туршид үнэгүй үйлчлэх үйлчилгээ багтдаг ажээ. Хуримлагчдын захиалгаар засал чимэглэл, монгол үндэсний хувцасны түрээс, ардын урлагийн тоглолт, автобус, хаммер жип, монгол гэр болон фото зургийн үйлчилгээг нэмэлт болгон үзүүлдэг юм байна.
Цогцолборын хоёрдугаар давхарт зоогийн газар, ариун цэврийн өрөөнүүд байрлах бөгөөд нэгдүгээр давхарт нь бэлэг дурсгал, ноолууран эдлэлийн дэлгүүр харагдана. Гадна талбайд нь түргэн хоолны жижиг үйлчилгээ ажиллаж, саравч, сандал ширээ зэрэг аялагчдын тав тухыг хангасан нөхцлийг бүрдүүлжээ. Түргэн хоолны цэгт нь хотдог, бургер зэрэг дөрвөн төрлийн хоол, ундаа ус зэргээр үйлчилж, тэдгээр нь 1000-2500 төгрөгийн үнэтэй харагдана. Уламжлалт монгол хоолыг зоогийн газартаа л хийж үйлчилдэг бололтой. Биднийг “13 дугаар зуун” цогцолбор луу хөдлөх үед зогсоол дээр 60 суудлын машин, 6 микро автобус, 4 том оврын автобус ирж зогссон байлаа.

Улаанбаатар хотоос 54 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах энэ цогцолборт хүний хөл ихтэй болохоор төөрч будилах явдал гарахааргүй. Өөрийн унаагаар явсан тохиолдолд Улаанбаатарын Баянзүрхийн товчоогоор гарч Налайх дүүргээр дайрч өнгөрөөд Тэрэлж явах замаас баруун гар тал руугаа салж явсаар, төд удалгүй талын дунд сүндэрлэх сүрлэг хөшөө гараад ирдэг билээ. Компаниас нь18 хүний суудалтай автобусыг 150,000 төгрөгөөр хөлслөөд “Цонжин болдог” явж болдог гэж лавлахаас утсыг нь авч холбогдсон аялал, маркетингийн менежер залуу хэлж байсан. Гэвч би хаанаас 18 хүн цуглуулах гээд явж байх вэ дээ. Гэхдээ Налайх, Улаанбаатарын хооронд нэг талдаа 800 төгрөг төлж нийтийн тээврийн автобусаар яваад дараа нь тэндээсээ нэг хүн 5000 төгрөгөөр такси хөлсөлж Цонжин болдог яваад ирж болдог тухай ч бас сонсож байлаа. Энэ замаар явахын тулд ядаж л Налайхад танилтай байх хэрэгтэй тул би үүнийг сонгоогүй.
Заавал автобус, машин  хөлслөхгүйгээр нийтийн тээврийн, эсвэл тогтсон маршрут бүхий автобус, микро автобусаар явах аялалд урьдчилан бүртгүүлж, аяллыг зохион байгуулах үйлчилгээг авах боломжгүй байдаг нь “Цонжин болдог” болон “13 дугаар зуун” цогцолборт очиж үзэх гэсэн олон хүний хүсэл эрмэлзлэлийг хааж боодог болохыг би ийнхүү өөрийн туршлагаас мэдэж авсан юм. Өөрийн унаатай хүний тоо хязгаартай, холын замд унаагаа бариад явах чадвартай нь бас тоо хэмжээтэй, олуулаа нийлээд автобус хөлслөх баг бүрдээгүй тохиолдолд дотоодын аялагчдад зориулсан сонголтуудыг санал болгож, аялал зохицуулалтын үйлчилгээ эрхлэх ажлыг жижиг бизнес эрхлэгчид хийж болмоор харагдсан. Улаанбаатар-Цонжин болдог-Улаанбаатар, Улаанбаатар-13 дугаар зуун-Улаанбаатар, Цонжин болдог-13 дугаар зуун-Цонжин  болдог гээд маршрут гаргачихад юу нь болохгүй байх билээ.

“Цонжин болдог”, “13 дугаар зуун” цогцолборууд руу нийтийн тээврийн хэрэгслээр явах ямар ч боломжгүй хэмээн мөнөөх аялал, маркетингийн менежер надад хатуу ойлгуулсан учир би найз нөхөдтэйгээ хамт аялахаар гарсан нь энэ.
1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа “Женко Тур Бюро” хэмээх аялал жуулчлалын тэргүүлэгч компанийн менежер “Та өөрийн унаагүй бол манайхыг очиж үзэж чадахгүй ш дээ” гээд доромжилсон мэт өнгө аясаар утасны цаанаас үйлчлүүлэгчдээ хэлэх нь их л “эвгүй”сонсогддог юм билээ. 

13 ДУГААР ЗУУНД ХҮРЭХ “БАЛАРХАЙ” ЗАМ
“Цонжин болдог”-оос хөдлөхийн өмнө “13 дугаар зуун” цогцолборт хүрэх замаа заалгалаа. Улаанбаатарын лавлах утаснаас аль нэг байгууллагын байршлын хаяг асуугаад юу сонсдог билээ, яг л тийм хариултыг сонсож мэл гайхав. “Төв аймгийн Эрдэнэ сумын төвийн цагдаагийн пүүткний хажуугаар баруун эргээд 18 километр яваад очно”... Тэр сумыг нь мэдэхгүй, замыг нь мэдэхгүй хүмүүс яах болж байна аа? Яг үүнийг л бид өөрийн биеэр тууллаа даа.

Эрдэнэ суманд ч яахав замаа дагаад яваад очлоо. Цагдаагийн пүүтк гэдэг нь аль юм бүү мэд. Нүдэнд шууд тусахаар хаяг харагдсангүй. Сумын төв рүү ороод асуувал бид өнгөрөөд явчихжээ. Буцаж яваад харвал нэгэн цоожтой модон байшингийн дэргэд модон дээр сийлсэн болов уу гэмээр, хараа муутай хүн бол уншиж чадахааргүй бүүдгэр бор өнгийн хаяг байлаа. Гэхдээ зүгээр л “13  дугаар зуун” цогцолбор гэсэн бичиг. Дахиад л зам асуухаас өөр аргагүй болов. Бидэнд байгаа ганц утасны дугаар холбогдсонгүй. “Хөдөөгийн энэ олон салаа замын алинаар нь явах вэ, та минь ээ” гэдэг дуу санаанд орж байна. Аль салаагаар нь явахад 13 дугаар зуун” цогцолборт хүрэх талаар километрийн тэмдэглэгээтэй сум заасан бичиг хайгаад олсонгүй. Нутгийн нэгэн мотоциклтэй хүн зам зааж өгөв. Зааснаар нь яваад байтал малчин айл дээр очлоо. Бид буруу замаар явчихжээ. Буцаад явах болов. Малчин эмэгтэй арай ойр зам гээд зааж өгсөнөөр нь явтал зам маань бүдгэрсээр өвсөн доогуур шургаад орчихлоо. Арай гэж буцаж гарч ирэв. Нөгөө бүдэг замаараа яваад л байлаа. Малчин эмэгтэйн “энүүхэнд” их л хол аж. Нэг ч айлгүй, мал амьтан ч харагдахгүй зэлүүд газраар баахан явлаа. Болгоомжлоод бүдэг ч гэсэн замаараа л явав. Ингэж явахдаа машинаараа нэг чулуу мөргүүлчих шиг болсон ч зогссонгүй. Ингээд арай гэж дахиад нэг айлын бараа харж бөөн баяр хөөр боллоо. Очиж зам асуувал жинхэнээсээ “энүүхэнд” байгаа гэнэ. Бид явсаар гүүр нь эвдэрсэн, бөөн том том чулуу хөглөрсөн замаар гарч бас л нэг эзгүй хөндий рүү ороод ирэв. Гайхан явж байтал зүүн гар талд нэг отог цухуйлаа. Явж очоод зогсвол “13 дугаар зуун” цогцолборын “Өртөө, улаач, харуулын отог” гэнэ. Том дээлтэй хоёр залуу гарч ирж байна. Бид цогцолбор үзэхээр мөнгөө төлөх гэтэл “Та нар оройтож ирж байгаа учир бүгдийг нь үзэж амжихгүй” гээд хүлээж авах янзгүй байна. Бид “Танай компани замын тэмдэглэгээ тавиагүйгээс болж төөрөөд оройтсон учир нэгэнт ирсэнийх ямар ч байсан үзнэ” гээд мөнгөө төлж, “ваучер” гэж нэрлэгдэх орлогын баримтыг авлаа. Нэг хүн 26,000, нийт 104,000 төгрөг төлөв. Энэ үеэр биднийг нэр усаар нь бүртгэх гэсэн нь манайханд онцгүй сэтгэгдэл төрүүлж, яагаад заавал хүн нэг бүрийг бүртгэх гээд байгааг нь тайлбарлахыг шаардсан юм. Ингээд арай гэж нэг юм ойлголцож, цогцолборын зургаан отгийн эхнийх нь болох “Өртөө, улаач, харуулын отог”-ийн тухай тайлбараа сонсож эхлэв. Гадаа гарвал “Женко Тур Бюро” компанийн ажилтнууд, санхүүгийнхэн, захиралын гээд машинууд ар араасаа ирэв.

Манай машины тос нь гоожсон болохыг компанийн залуусын нэг анзаарч хэлснээр бөөн асуудал үүслээ. Бид “Замын тэмдэглэгээ тавиагүй компанийн буруугаас болж машин эвдэрсэн тул асуудлыг шийдэж өг” хэмээн шаардаж, эхлээд хүний нөөцийн менежер, хуулийн зөвлөх Бат-Отгон, дараа нь мөнөөх аялал маркетингийн менежер Билгүүн, санхүүгийн ажилтан Энхмаа нарт дэс дараалан тайлбарлаж, тэдэнтэй ойлголцохыг хичээв. Захирал Намуунаа ирсэн ч бидний асуудалд оролцохыг хүссэнгүй, сэтгүүлчид яваа болохыг мэдэнгүүтээ хэвлэл мэдээллийн байгууллагатай нь ярина гэсэн зүйл ажилтнууддаа хэлчихээд бушуухан яваад өглөө. Ингээд компанийн менежерүүдтэй нүүр тулаад үлдэв. Аяллаа бүрэн хийж чадахгүй нь ойлгомжтой учир мөнгөө буцааж авав. Компанийн үйл ажиллагааны буруугаас болж машинаа эвдсэн гэдэгтэй тэд эвлэрэхийг огт хүсэхгүй байлаа. “Хүмүүс зүгээр л яваад олоод ирдэг ш дээ”, “Өөр газраар зугаалж яваад буруугаа манай дээр тохох гээд энд ирсэн биз” гэж хэлэх хүн ч гарав. Арай хүн ёсоор харьцах гэж үзэж байгаа нь Бат-Отгон менежер байлаа. Билгүүн менежерийн хувьд нэлээд эсэргүүцэж үзээд, дараа нь биднийг сонсож, зохицуулах гэж үзсэн ч эрх мэдэл нь хүрсэнгүй бололтой. Ямар ч байсан нэлээд ширүүн өрнөсөн яриа хэлэлцээ, маргааны эцэст тэд биднийг микро автобусаараа “ууртайгаар” огцом огцом чирсээр Улаанбаатарт оруулж өгч, бид “13 дугаар зуун” цогцолбор үзэх гэж байсан 104,000 төгрөг дээрээ дахин нэмж мөнгө төлөөд машинаа засуулснаар энэ удаагийн аялал өндөрлөсөн билээ.

Энэ бүхний эцэст Аялал жуулчлалын тэргүүлэгч компани болох “Женко Тур Бюро”-гийн ажилтнуудад “үйлчлүүлэгч” гэдэг ойлголт бараг байдаггүй болохыг мэдэж авлаа. Тэдний хувьд мөнгө төлөх нь, тэгээд бүр хэдэн төгрөг төлөх нь л гол болохоос үйлчлүүлэгч гэдэг “хүн” огтоос чухал биш аж. Тэд мөнгийг хүн төлдөг, нэг хүний ард олон хүн байж тэд ч бас үйлчлүүлэгч болдог гэдгийг мэддэггүй бололтой. Тэдний бидэнтэй харилцаж буй харьцаа,  яриандаа хэрэглэж буй бүдүүлэг, дайрч давшилсан үг хэллэг, үйлчлүүлэгчийнхээ үгийг сонсох тэвчээргүй хурц зан ааш, асуудлыг газар дээр нь бие дааж шийдэх, зохицуулах чадваргүй байдал зэрэг нь дэндүү өрөвдөлтэй бөгөөд харамсалтай харагдаж байсан. Хөөрхий тэдний тархийг цэнэглэж, сургалтад хамруулах цаг нь аль хэдийнэ болоод, бүр хугацаа хэтэрсэн нь илт...

“Женко Тур Бюро” компанийг үүсгэн байгуулагч, өнөөгийн Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Х.Баттулга анх энэ бизнесээ эхлэхдээ Монгол орныхоо аялал жуулчлалын өнгө төрх нь болж, хэний ч өмнө нүүр бардам байхыг хүссэн нь мэдээж. Гэвч харамсалтай нь, 21 дүгээр зууны үйлчилгээний соёл байтугай “үйлчлүүлэгч” гэдэг ойлголтын “А”-гүй ажилтнууд нь үйлчлүүлэгчдээ үргээж, бизнесийг нь дампуурлын ирмэг рүү түлхсээр байна.
Монгол хүн монгол газар нутаг дээрээ “хүн  шиг” үйлчлүүлэх цаг хэзээ ирэх юм бол оо?

Ц.Оюунчимэг
2011 оны 7 дугаар сарын 23,  Улаанбаатар-Цонжин болдог-13 дугаар зуун цогцолбор-Улаанбаатар


/2011.07.26 - www.shuum.mn/

“Бяцхан” Дисней Лэнд

Парк удахгүй Дисней Лэнд шиг болох юм гэнэ лээ хэмээн арваад жил дуулиантсан болохоор нь нүдээр үзье гээд хүүхдийн паркийг зорилоо.
Эхний удаад такси хөлөглөн үүдэнд нь буув. Автомашины зогсоол нь хангалттай олон машин багтахуйц том харагдана. Зогсоолын зохицуулагчаас нь ойр хавьд автобусны буудал байгаа эсэхийг лавлавал, гол хаалганаас баруун зүгт, паркийн хашааны гадна байгаа гэв. Ердөө ганц чиглэлийн автобус зогсдог болов уу гэмээр харагдах уг зогсоолд автобус ирж зогсоод хүн бууж байхыг нь гурвантаа очихдоо нэг ч харсангүйг бодоход паркад зориулагдсан эд биш бололтой. Тэгэхээр хүүхдийн парк маань машинтай хүмүүс ирж үйлчлүүлэхэд илүү тохиромжтой харагдлаа. Гэвч бусад нь тэгээд яах болж байна аа?
Хаалгаар ороход хэн ч надаас мөнгө нэхсэнгүй. Би яагаад ч юм зүгээр яваад орчихов. Паркийн оффис руу орж хэдэн асуултад хариулт авахыг хичээлээ. Харамсалтай нь хүн бүр өмнөх ажлаасаа өөрийг мэдэх эрхгүй байдаг бололтой. Паркад хэдэн хүн нэгэн зэрэг үйлчлүүлэх боломжтой талаар хэн ч тодорхой хариулт өгч чадсангүй. Тэд ийм асуултад хариулахаас аль болох зайлсхийж, би баахан хүний хооронд нааш цааш яваад ч тусыг эс олсон билээ. Ингээд миний энэ асуулт хариултгүй үлдэв.
Намайг хаалгаар орох үед нэгэн хүү ваучер барьчихсан түүгээрээ яаж үйлчлүүлж болохыг асуугаад явж байсан юм. Ээж нь бараа худалдан авсны урамшуулалд ирсэн ваучераа хүүдээ өгсөн нь энэ гэнэ. Хүү парк руу алхаж ирсэн, гэр хороололд амьдардаг гэж байв. Түүний гар дахь ваучер дөрвөн зоосоор солигдлоо. Ингээд бид хоёрдугаар давхарт байрлах автомат тоглоомын төвийг зорив. Тэнд хүүхдүүд тийм ч олон байсангүй. Ихэнх нь эцэг эхтэйгээ хамт яваа харагдана. Нэг автомат тоглоом тоглоход хоёр зоос хийдэг аж. Хүү хоёр, гурван минутаас хэтрэхгүй тоглов. Эхний тоглолт маш амархан дууссан тул тэрээр дараагийн тоглоомоо оновчтой сонгохоор хайж байгаа харагдана. Би хүүд амжилт хүсээд ажиглалтаа үргэлжлүүллээ. Автомат тоглоомуудыг тоолбол 40 орчим байх бөгөөд тэдний 9 нь засвартай байх аж. Хүүхдүүд тоглоомоо амжилттай тоглож оноо авсан тохиолдолд бэлгэнд авах зөөлөн тоглоомуудыг өрж тавьсан харагдана. Гурван мянган төгрөгөөр 10 зоос авч болно шүү хэмээн зоос борлуулагч нь надад хандан хэлж байв. Би бусад газруудыг нь үзэхээр гарлаа. Нэгдүгээр давхарт түргэн хоолны газар ажиллаж байна. 35 орчим ширээ, 100 орчим сандал бүхий энэ газарт хот дог, тахианы мөч, бургер зэрэг зургаан нэр төрлийн хоол, хоёр төрлийн салат, нэг төрлийн зутан шөл бүхий цэс харагдана. Ундаа, ус, жүүс, түүнчлэн тийм ч хямд биш үнэтэй, эрүүл мэндэд сайнгүй цагаан гурилаар хийсэн хоол, нарийн боов, бялуун бүтээгдэхүүнээр үйлчилдэг аж. Уламжлалт монгол хоолны үнэр ч алга. Бууз, хуушуур, цуйван хийхээр “Дисней Лэнд биш” болчих гээд байгаа бололтой. Угаасаа л биш шүү дээ. Дисней Лэндийн бүх паркууд, тэдгээрийн хамгийн том нь болох Дисней Ворлд хүртэл газар тариаланд хэрэглэгдэх ямар ч боломжгүй болтлоо үржил шимээ алдаж цөлжсөн газарт гайхамшигийн орноо байгуулсан байдаг. Гэтэл манай парк хотын төвд, ногоон бүс дотроо, цэвэр усны эх үүсвэрийн ойролцоо, бараг л хамгийн үржил шимтэй хөрсөн дээр байгуулагдсан тул Дисней Лэндтэй харьцуулахад ичгэвтэр түүхтэй гэж хэлж болно.


ХӨТӨЧТЭЙ АЯЛАЛ
Хоёр дахь удаагаа паркийг зорихдоо алхаж очихоор шийдэв. Уламжлал ёсоор Д.Нацагдоржийн хөшөөний хавьд байдаг хаалгаар нь орно хэмээн сэтгэсэн маань алдаа байлаа. Тэр хаалга аль хэдийн барилгын талбайн цаана орчихжээ. Ингээд Хүүхдийн ордны хажуугаар алхлав. Гурван жаахан охинтой тааралдаж зам асуувал “Паркийн Сөүл ресторан руу ордог хаалгаар ороод явах нь илүү ойр” гэж байна. Тэдний заасны дагуу алхалсаар явган хүний зам дууслаа. Ингээд нэлээд аюултай харагдах авто замыг машинуудын сиймхий хүлээн туулсаар Сөүл ресторан руу очдог замаар, паркийн баруун талаас нь орлоо. Ресторанаас цааш явах гэтэл манаач гарч ирээд тойрч явахыг анхааруулав. Тойрсоор паркийн хашааны өмнө гарч, уг замаараа алхалсаар урд гол хаалганы өмнө ирлээ. Касс ажиллаж байна. Тэнд нь очоод 1000 төгрөгийн билет авч орно гэсэн анхааруулга бичгийг нь олохоор хайж эхлэв. Ил харагдах зүйл алга. Харин ажиллахгүй байгаа зүүн талын кассын зүүн буланд уг анхааруулга харагдлаа. Би зориуд хаалгаар нь шууд явж орох оролдлого хийв. Билетээ аваад ор гэж байна. “1000 төгрөг төлж орно” гэсэн бичиг чинь хаана байна гэж асуувал угтагч охин хайгаад олсонгүй. Тэрээр кассынханд “Бичгээ ил хадах хэрэгтэй байна” гэж хэлж байна. Би ч "тоглоом"-оо дуусгаж билетээ аваад орлоо.
Хэдэн өдрийн өмнө ирэхдээ ерөнхий төрх байдлыг нь л ажигласан болохоос тодорхой зүйл мэдэж авч чадаагүй юм. Энэ удаад илүү тодорхой мэдээлэл авахын тулд “монгол” технологио ашиглав. Танил талаараа дамжуулан хөтөч олж өгөхийг хүссэний дагуу надтай утсаар холбогдсоор паркийн хоёр ажилтан ирлээ. Тэд энд ажилладагаараа бахархдаг нь илт. Паркийнхаа бүхий л үйлчилгээг нэгд нэгэнгүй танилцуулж байна. Хамгийн эхэнд “Эргэдэг дельфин” тааралдав. Найман дельфин тус бүр гурван суудалтай байх агаад нэг удаад 24 хүүхэд хоёр минут тоглуулах боломжтой аж. Хоёр минут тоглохын төлөө дөрвөн мянган төгрөг төлнө гэдэг арай л үнэтэй санагдав. Цааш явлаа. “Сансрын хөлөг” байна. Найман хүн 2-3 минутын хугацаанд нар буруу болон зөв эргэдэг энэ тоглоом бас л ижил үнэтэй. Үнэтэй юм биш үү гэсэн миний асуултын хариулт болгож паркийн ажилтнууд тоглоомын багцуудаа тайлбарлав. 7, 15, 20 мянгын багц гэж байдаг гэнэ. Тоглоомын нэг багцын үнэд нэг хүн орох билетийн үнээс чөлөөлөгддөг гэх бөгөөд гурван нас хүртэлх хүүхдээс бусад хэн ч байсан 1000 төгрөг төлж байж хаалгаар нэвтэрдэг юм байна. Багцад ордоггүй ганц үйлчилгээ нь завиар аялах. Нэг хүн таван мянган төгрөг төлж суудаг эдгээр жижиг завь нь таван хүний багтаамжтай гэнэ. Завиар аялахад 15 минут зарцуулдаг ба завьтай хүмүүсээ хянах аврагчид тусгай завиар явж байгаа нь содон харагдаж байлаа. Парк доторхи хиймэл нуурын мандал дээр нэгэн өвөрмөц усан онгоц байх нь уушийн газар аж. Энд саявтархан хүлээн авалт зохион байгуулсан, зуу орчим хүн чөлөөтэй багтаж байна лээ хэмээн охидын нэг нь надад сонирхууллаа. Оройн цагаар ирвэл усан оргилуур нь ажиллаж байдаг гэнэ. Хиймэл нуурын төв хэсэгт цайз босгожээ. Цайзад ресторан нээхээр бэлтгэж байгаа юм байна. Парк оройн 10.00 цаг хүртэл ажиллах ба амралтын өдрүүд болон хүн ихтэй үед үдшийн 11.00 цаг хүртэл ажилладаг хэмээн охид надад танилцуулав. 1000 төгрөг төлөөд энэ хавиар зугаалахад болох л юм байна гэж надад бодогдсон шүү.

ТОГЛООМОО УГААДАГ ПАРК
Бидний явсан газар бүрт явган хүний зам тавигдсан байхын зэрэгцээ ойр ойрхон байрлах төрөлжүүлсэн хогийн сав, гэрэлтүүлэг, сандал, сүүдрэвч, ариун цэврийн байгууламжууд, тоглоомын касс, жижиг худалдааны өвөрмөц мухлагууд гээд хүнийг ая тухтай байлгах бүхий л нөхцөлийг хангахыг хичээсэн нь илт. Замаа угаадаг болов уу гэмээр цэвэрхэн харагдаж байгаагийн учрыг хөтөч охидоос асуувал, тэд зам, бага тайзны талбай төдийгүй тоглоомуудаа өглөө бүр операторууд нь угааж, цэвэрлэдэг гэсэн хариултыг надад өгсөн юм. “Монголчууддаа соёлтой үйлчилгээ үзүүлэхийг хичээж байна даа” гэсэн бодол төрүүлэх энэ орчинд миний олж харсан бас нэгэн содон үзэгдэл нь хиймэл зүлгэн дээр гэр бүлээрээ амран тухлах хүмүүс байлаа. Их тайзны эргэн тойронд сүүдрэвч бүхий суудал олноор нь зассаны зэрэгцээ үзэгчид хиймэл зүлгэн дээр суугаад тоглолт үзэх нөхцлийг бүрдүүлж, тайзны зэргэлдээ том дэлгэц байрлуулсан харагдана. Хиймэл зүлгийг бас тогтмол цэвэрлэдэг гэнэ. Энэ үеэр амрагчдын бололтой гялгар уут салхинд хийсч ирснийг хөтөч охидын нэг нь бушуухан шүүрч аваад эвхэж, хогийн саванд хийв. Хоггүй орчныг бий болгохын төлөө ингэж л ажилладаг аж. Дараа нь бид “Дээрэмчний хөлөг онгоц”-ыг үзлээ. 45 хүний суудалтай энэ онгоц гурван минутын хугацаанд хүмүүсийг зугаацуулдаг байна. Ойролцоохон “Агаарын дугуй” харагдана. 10 хос дугуй байх бөгөөд нэг дугуй нь хоёр хүний суудалтай. Онгоц, дугуй аль алинд нь нэг хүн дөрвөн мянган төгрөг төлж сууна. Агаарын дугуйн замын дотоод хэсгийн багавтар тоглоомын талбай 10 хүртэлх насны хүүхдүүдэд зориулагдсан, үнэ төлбөргүй аж. Мангасын ам, Шатар зэрэг тоглоомууд нэгэн адил үнэ төлбөргүй гэнэ. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд цагийн 5-7,5 мянган төгрөгөөр 1-2 хүүхдэд зориулсан тэрэг түрээслэх боломжтой бөгөөд түүнчлэн тээш хадгаламжийн үйлчилгээг 500 төгрөгийн үнэ бүхий зоосоор авч болдог байна. Хэрвээ үйлчлүүлэгч хүсэх юм бол операторт хэлж 2000 төгрөгийн үнэ бүхий гэрэл зургийн үйлчилгээг ч бас авдаг ажээ. Гэрэл зураг гэснээс паркад авхуулсан хуучны гэрэл зургаа авчирч тоглоомууд дээр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тоглох боломжийг 6 сарын 22-ноос 7 сарын 1-нийг хүртэл явагдсан урамшууллаар үйлчлүүлэгчиддээ олгосон тухай мэдээлэл самбарт харагдана.
Ингээд “Алсыг харагч”-д сууж үзэв. Кабинд ормогц өмнө нь суусан хүмүүсийн үнэр өөдөөс ханхийх бөгөөд кабины хажуу талд гаргасан жижиг бөөрөнхий нүхнүүдээр хааяа нэг агаар салхи орж ирнэ. Өмнөхөөсөө 15 орчим метрээр өндөрссөн гэх шинэхэн алсыг харагч 28 кабинтай бөгөөд кабин бүр дөрвөн суудалтай, нийт есөн минутын туршид эргэдэг юм байна. Паркийн талбайг бүхэлд нь харах боломж эндээс олдов. Засан тохижуулсан газартаа үйлчилгээ явуулж, засварлаж дуусаагүй хэсэгт нь бүтээн байгуулалт өрнөж буй паркийн газар нутаг нэлээд багасчээ. Паркийн тоглоомууд хоорондын зай ойртсон, тэр хэмжээгээрээ тохижилт сайн хийгдсэн учир “Бяцхан” Дисней Лэнд гэж нэрлэхэд буруудахааргүй харагдана. Бяцхан хүүхдүүдэд зориулсан тоглоомоос 12 хүний суудалтай “Динозавр” гурван минут эргэлддэг бол, 24 морь, дөрвөн тэрэг бүхий “Морин тойруулга” хоёр минут давхидаг, “Мэлхийн үсрэлт” дээр нэг ээлжинд зургаан хүүхэд дээшээ гурав, доошоо гурав үсэрч тоглодог байна. Мөн хоёр хүний суудалтай “Мөргөлддөг машин” гурван минут явдаг, 48 хүний суудалтай “Гинжит савлуур” гурван минут эргэлддэг, найман хүний суудалтай “Саран савлуур” 2 минут 30 секунд савладаг, дөрвөн машин бүхий “Галзуу хулгана”-аар нэг ээлжинд найман хүн “нэг минут” тоглодог гэсэн дэлгэрэнгүй мэдээллийг хөтөч нараасаа сонслоо. Тоглоом бүр дээр хүн бүр дөрвөн мянган төгрөгийн үнэ төлж тоглоно гээд бодохоор хүн амын хэдэн хувь нь хүүхдээ дагуулан энд ирж, тэдний хэд нь сэтгэл хангалуун буцаж чадах вэ?... Хоёр ширхэг зоос 600 төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Тэгвэл анхны өдөр надтай тааралдсан хүү 1200 төгрөгийн үнэ бүхий ваучераар паркад тоглохоор ирсэн байжээ...

“ЖИНХЭНЭ" ДИСНЕЙ ЛЭНД
Хөтөч охидын ярьснаар, энд өвөл зунгүй ажилладаг “Мөсөн гулгуурын талбай” байгуулагдаж байгаа бөгөөд түүнчлэн “Супер галзуу хулгана”, “Аймшгийн агуй”, “Агаарын үсрэлт” гээд шинэ тоглоомууд нэмэгдэх юм байна. Одоогийн байдлаар паркийн тоглоомуудаас гадна боулинг, спорт pub, билъярд болон түүний дэргэд байрлах Зар түгээх цэг, VIP өрөө зэрэг үйлчилгээнүүд байгаа гэнэ. Бяцхан хүүхдүүдэд зориулсан “Бонгын ертөнц” тоглоомын төв байнга ажиллахын зэрэгцээ захиалгаар охид, хөвгүүдийн төрсөн өдрийн өрөөг чимэглэн түрээслүүлэх үйлчилгээ автомат тоглоомын төвд байдаг ажээ. Жижиг мухлагуудад паркийн билэг тэмдэг бүхий бүтээгдэхүүн цөөнгүй харагдана. Алхам алхамаар урагшилж буй энэ ажилд залуусын оролцоо их байгаа нь анзаарагдаж байлаа. Тэдний нэг хэсэг нь паркийн бүтээн байгуулалтад оролцож байсан бол, нөгөө хэсэг нь үйлчилгээг хүмүүст хүргэхийн төлөө ажиллаж байна. Паркаар аялахад минь тусласан худалдааны ажилтан Г.Нарантунгалаг, түрээсийн тэрэгний оператор М.Номинзул нар хүүхэд баярлуулдаг ажил нь гэрэл гэгээтэй болохыг надад ойлгуулсан билээ.
Өдөр нь гэрэл гэгээтэй, үдэш нь гэрэлтүүлэг чимэглэлтэй, агаар нь цэвэр, амьсгалахад уужим тэнүүн Хүүхдийн паркаар аялахад ая тухтай байлаа. Гэвч аливаа бизнесийн хэрэглэгч нь, түүнийг сайхан харагдуулдаг хүчин зүйл нь “хүн” билээ. Нийслэлийн сая хол давсан хүн амыг хотын төвд байрлах ганц парктаа татаж чадахгүй юм бол сайхан парк байгуулсны үр шим хэнд ч хамаагүй болно бус уу. Хаалгаар нь орсон хүн хэдэн цагийн туршид саатаж, жижиг үйлчилгээнүүдэд нь мөнгө зарцуулснаар гол орлого нь орж ирдэг гадаадын паркийн нууц юундаа байдаг юм бол. Америкийн Флорида мужийн Орландо хотын дэргэдэх Дисней Ворлд-д гэр бүлээрээ аялж байсан дүүгээсээ энэ талаар тодрууллаа. Дисней Ворлд-д орох такс 10 доллар байдаг гэнэ. Манайх шиг хоёр гуравхан минут тоглодог, цаг шаардахааргүй бүх тоглоом, урлагийн тоглолтууд, жижиг арга хэмжээнүүд нь үнэгүй. Харин “Гүнжийн ордон”, “Далайн дээрэмчин” гэх мэт гучин минутаас нэг цаг хүртэлх хөтөлбөртэй, тусгай үйлчилгээтэй тоглоомууд нь 3-5 болон 5-10 долларын үнэтэй байх ба билетийг нь ойролцоох кассаас авч тоглодог аж. Аялагчид анх орсон таксаараа гурван цаг орчим паркаар зугаалж, төрөл бүрийн үнэ төлбөргүй тоглоомууд дээр оочерлон тоглож, богиновтор хэмжээний нэг болон урт хөтөлбөртэй хоёр тоглоомоор наадсаныхаа дараа Дисней Ворлд-ын гадна байрлах зоогийн газар, ресторануудын нэгэнд хооллож, ойролцоох зочид буудалд нь байрлан хоногоор аялдаг юм байна. Ийм газруудыг улсаас хувийн компаниуддаа удаан хугацааны түрээсийн гэрээгээр эзэмшүүлж, алслагдмал бүс нутгийнхаа хөгжлийг дэмждэг гэнэ. Манайд байгуулагдаж буй “Цонжин болдог” цогцолбор ийм туршлагын сайхан жишээ ажээ. Тэнд гадаадын төдийгүй дотоодын аялагчид хэдэн зуугаараа очиж байхтай нь би олонтаа таарч байлаа. Нийслэлээс хол орших цогцолборт хүний хөл тасрахгүй байхад хотын төвд байрлах Хүүхдийн парк хүнээр дутахын учир юу вэ?
Ц.Оюунчимэг


2011 оны 6 дугаар сарын  22, 28-29, Улаанбаатар хот

/2011.07.01 - www.shuum.mn/

“Аюулгүй” хот

-Бидний харж буй энэ зураг гадаадын ямар нэгэн хотынх биш, харин нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх явган хүний зам юм-   
Нийслэлийн дүүргүүд тохижилтоороо өрсөлддөг. Энэ нь сайн хэрэг. Гэвч харамсалтай нь зарим дүүрэг, тухайлбал хотын төвд хиймэл цэцэг, ургамлаар гоёж “нүглийн нүдийг гурилаар хуурсан” нь ажиглагдах юм. Мөн дөрвөн замаас хороолол руу өгсөх хэсэгт хиймэл зүлэг өвөл зунгүй ногоорон харагдах нь хөөрхийлөлтэй сэтгэгдэл төрүүлэхээс хэтэрдэггүй билээ. Хэдийгээр дүүргүүд ногоон бүсээ сайжруулах, өнгө үзэмжийг нь тордох, явган хүний замаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан засварлах, сандал, хогийн сав байршуулах зэргээр дор бүрнээ хичээж байгаа ч нийслэл маань аюулгүй хотын зэрэглэлд хүрэх болоогүй байна.  
Бидний харж буй энэ зураг гадаадын ямар нэгэн хотын зураг биш, харин нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх явган хүний зам юм. Офицеруудын ордноос арвангуравдугаар хороолол хүртэл дөрвөн автобусны буудал газарт тавигдсан энэ зам ногоон модод бүхий цэцэрлэг дундуур тайван алхлах боломжийг явган зорчигчдод олгодгоороо онцлогтой. Энэ замаар би өмнө нь ч бас явдаг байлаа. Тэр үед замын хажуугийн гэрэлтүүлэг, сандал, явган хүний гарц руу гарах гоёмсог хаалга, шинэхэн тавигдсан өө сэвгүй замын аль нь ч байгаагүй. Харин өнөөдөр энэ бүхний зэрэгцээ мод зүлгээ услах зориулалттай услалтын систем суурилуулж байхтай нь таарч ихэд олзуурхсан минь энэ.
Баянзүрх дүүргийн хувьд ногоон байгууламжаа хөнддөггүй, харин ч улам нэмэгдүүлэхийн зэрэгцээ амьд цэцгийн мандал хийж, гоёл чимэглэлийн ургамал тарьж ургуулахад онцгой ач холбогдол өгдөг. Хамгийн гол нь тус дүүрэг ногоон бүсийнхээ дийлэнхи хэсэгт “ориг” монгол ургамлаа хадгалж үлдээсэн нь сэтгэлд нэн дулаахан. Учир нь ихэнхи дүүргүүд ногоон бүсийнхээ хөрсийг орвонгоор нь эргүүлж хаячихаад дээр нь хар шороо, элс холин асгаж, хаанаас ч юм авчирсан зүлэгний үр цацаж ургуулдаг болсон. Энэ нь хэдийгээр хоёр долоо хоногийн дотор ургадаг гэх ч дэндүү “хиймэл” бөгөөд нэгэн хэвийн уйтгартай дүр зургийг бий болгодог. Тэгээд ч гадаад орны өвс ургамлыг монгол газар шороондоо хаа хамаагүй тарьж ургуулах нь хөрсний бичил ертөнцөд хохирол учруулж болзошгүй байдгийг хориннэгдүгээр зууны ногоон хувьсгалын тухай уншсан хүн бүр мэдэж байгаа. Мэдсээр байж ийнхүү “ногоон харагдуулах” зорилгоор хотын ногоон бүсийнхээ газрыг орвонгоор нь эргүүлээд байвал монгол хөрсөндөө идээшсэн олон наст ургамлууд маань гаднаас импортлосон бордоон идэшт “ховдог” зүлэг ногоонд шахагдсаар устан үгүй болох бус уу. Үүний оронд монгол хөрсөндөө ургаж буй хогийн ургамлуудаа хайчлан дэвсэж, хөрсөө хамгаалах юм бол нэг л өдөр зүлэг болон хувирч, багваахай цэцгээс эхлэн тал хээрийн олон өнгийн цэцэгсийн дэлбээ хотын төвд найган ганхах болно. Үүнд гагцхүү цэцэрлэгчийн уйгагүй хөдөлмөр, тэвчээр, орчин үеийн газар тариалангийн хандлагын тухай мэдлэг, мэдээлэл хэрэгтэй юм. Монгол хөрсөндөө идээшсэн навч шилмүүст модод, олон наст ургамлууд маань гангийн халуун наранд ч, аадар борооны өмнө ч “сөхрөхгүй” амьдрах хүч чадлаа нэгэнт олсон байдаг билээ.       

БОРООНЫ ӨМНӨ “СӨХРӨХ” УЛААНБААТАР
Гурав хоногийн өмнө үргэлжлэн орсон бороо нийслэлийн аюулгүй байдлын үзүүлэлтийг нэгмөсөн илчлээд өгөв. Хот тэр чигээрээ үерт автаж, гудамжаар алхалсан хүн бүр өмссөн гутлаа “усны гутал” болгон хувиргалаа. Автомашины зам голын голдрил болон хувирч, тээврийн хэрэгсэл бүр “хөдөөгийн замд гол гатлах” шалгалт өгсөн юм. Ингээд зогсохгүй замын онгорхой цоорхой хэсэгт машин тэргээ эвдэх, таг зогсох зэрэг нь ердийн үзэгдэл болов. Жирийн үед хаа сайгүй хөлхөж байдаг таксинууд бороо ормогц “үнэд орж”, хэн ч гар өргөсөн зогсохгүй гэсэн тангарагтаа үнэнч байцгаалаа. Такси дуудлагын диспетчерүүд хичнээн зарлаад нэг ч жолооч зорчигч авахаар дуугарсангүй. Аргаа барахдаа “уучлаарай, ойрхон такси алга аа” гэсэн хариуг Сити, Имперал, 1950, 1109 зэрэг такси дуудлагын үйлчилгээ эрхэлдэг компаниуд тоть мэт давтан хэлж байв. Лавлахаас асуухад олон такси компани байх ч бороо ормогц тэдний заримынх нь утас дуудлага авахгүй. Ийм үед автобус, эсвэл хоёр зээрд л аминд орох аж. Таксины зогсоол гэдэг ойлголт Улаанбаатарт огт үгүй тул албан бус таксинд аз мэдэн найдахаас өөр сонголт нийслэлчүүдэд байдаггүй билээ. Бороонд нэвт норон гүйлдэх хүмүүсийн дийлэнхи нь такси барих гээд чадаагүй арга тасрагсад байдаг нь нууц биш.
Бороотой хотын гудамжинд хүмүүсийн дийлэнхи нь шүхэргүй харагдав. Нөгөө овсгоотой наймаачид хаана байгааг бүү мэд. Бороо ормогц шүхэр зардаг хүмүүс хаа сайгүй гарч ирээд шүхрээ борлуулдаг урд хөршийн туршлагыг бид ч гэсэн нэвтрүүлж болмоор санагдах юм. Ийм үед хэн ч гэсэн шүхэр зарж байгааг харах л юм бол авахаас өөр шийдвэр гаргахгүй дээ. Ингээд бороотой өдрийн Улаанбаатарын асуудал үүгээр дуусахгүй. Гэрлэн дохио нь шатаж ажиллахаа болих, гэр хороолол усанд автах, автомашины замд ойр явбал шавар шавхайтай усаар шүршигдэх гээд бичээд байвал урт жагсаалт болно. Усаар шүршүүлэх гэснээс, манай хотын замд ус зайлуулах “юу ч” байдаггүй нь хамгийн том асуудал үүсгэдэг юм байна. Хаа сайгүй тогтоол ус цэлэлзэж, газрын хэвгий рүү гол мэт урсах нь нийслэл хотыг маань аюултай харагдуулж байлаа. Удахгүй наадам болно. Наадмын хоёр дахь өдөр, эсвэл эхний өдрийнх нь хоёрдугаар хагаст “ёс” юм шиг аадар бороо ордог. Нөгөө сайхан наадам “будаа” болохыг би олонтаа харж, наадмын гоёлоо халтартуулаад зогсохгүй дэгжин шаахайгаа усны гутал болгосон наадамчдыг өрөвдөн сууснаа санаж байна. Наадмын талбайд ч бас ус зайлуулах шугам хоолойгүй учир жилийн жилд иймэрхүү “нүүр түлсэн” үзэгдэл давтагддаг билээ. Харин Баянзүрх дүүргийн авто замын хажуугаар ус зайлуулах зориулалтын зам, сараалжин цонх, газар доогуурх хоолой хийсэн байхыг санамсаргүй олж харлаа. “Нэг ч гэсэн дүүрэг, овоо доо” гэсэн бодол төрөв. Энэ бол эхлэл юм.

“ХУУРАМЧ” НОГООН ГЭРЭЛ
Хүүхэд байхад бидэнд “улаан гэрэл асч байвал зогс, ногоон гэрэл ассан бол зам хөндлөн гарч болно” гэж заадаг байв. Бид үүнд нь итгэж өссөн. Тийм ч учраас ногоон гэрэл асангуут зам хөндлөн гарах гэж “оролддог”. Оролддог гэхийн учир нь ногоон гэрэл асмагц явган хүн явах ямар ч боломжгүйгээр нөгөө урсгалаас машинууд гараад ирдэгт хамаг учир байгаа юм. Энэ нь ямар улсаас манайд импортлосон систем болохыг мэдэхгүй ч  явган зорчигчдод дээд зэргийн аюултай болохыг нь олонтаа мэдэрснийхээ хувьд “хуурамч” ногоон гэрэлтэй эдгээр гарцууд дээр автомашины өмнө асч буй гэрлээр баримжаалан “эрсдэл” хийхийг явган зорчигчдодоо зөвлөж байна. Нийслэл даяар “үнэн голоосоо” ногоон гэрэл асдаг тоотой хэдхэн гарц бий. Тэдгээрийн нэг нь Төрийн ордны зүүн талын зам дахь явган хүний гарц. Гэвч жолооч нар уг замыг “хурдны зам” гэж боддог учир гарцгүй газраар нь зам хөндлөн гарах аюултай болохыг сануулъя. 
Нийслэлийн төв гудамжинд газар доогуурх гарц хоёрхон бий. Нэг нь хуучнаар Хүнсний 20-ийн урд, нөгөө нь Багшийн дээдийн автобусны зогсоол орчимд байрладаг. Багшийн дээдийн дэргэд байрлах гарц нь шинэхэн учир тохижилт сайтай, дэлгүүрүүд нь ч дажгүй. Харин Хүнсний 20-ийн гэгдэх хуучин гарц нь ерээд оны үед л нэг иймэрхүү байсан. Түүнээсээ дордсон уу гэхээс дээрдээгүй. Аюултай гэж нэрлэж болох ангилал руу улам л ойртоод байгаа. Ийм асуудалд санаа тавих үүрэг хүлээдэг албан тушаалтан гэж хот, дүүргийн захиргаанд байдаг л байх. Тэр хүн хотынхоо гудамжаар явж үзэж байж хэнд ямар үүрэг даалгавар өгч, биелэлтийг нь хангуулахаа төлөвлөдөг байвал нийслэлийн төв гудамжинд “нүүр улайж нүд бүлтиймээр” иймэрхүү дүр зураг байхгүй байхсан.
Хотын гудамжинд үгүйлэгддэг нэг зүйл бий. Энэ бол явган хүний зам. Төв гудамжаа ихэд өөрчлөөд, сайжруулаад, явган хүний замаа стандартад нийцүүлээд байгаа харагдах ч  хотын иргэн би явган алхах боломжгүй орчинд амьдарч байгаагаа өдөр бүр мэдрэх юм. Хот гэдэг бол зөвхөн төв зам биш билээ. Хотын аль ч хэсэгт явган явах боломж хэдий чинээ их байна тэнд бизнес цэцэглэж, иргэд нь аюулгүй орчинд амьдардаг болохыг гадаадын олон хотын туршлага харуулдаг. Дэлгүүр, зоогийн газруудын үүдэнд хэдэн машины зогсоол байгаагаараа бус, харин хэр олон хүн явган явах боломжтойгоосоо хамаарч ашиг орлого нь нэмэгддэг бичигдээгүй хууль бий. Тэгвэл манай хотод энэ байдал эсрэгээрээ. Хүн толгойтой бүхэн машин хөлөглөх шахаж, гудамжнаас явган хүний замыг арчин хаяж автомашины зогсоол, эсвэл авто зам болгосноор нийслэл маань “аюултай” хот болон хувирч байна. Хот даяар зогсолтгүй өрнөж буй бүтээн байгуулалт, шинээр баригдаж буй барилга байгууламжууд нь бидний амьсгалах агаар, алхлах замыг маань булаасаар байна. Хот хэрвээ удирдлагатай л юм бол, хотын дарга ажлаа хийсэн хэвээр байгаа бол иргэддээ хөл тавих газрыг нь үлдээж, хотоо аюулгүй болгоход анхаарах цаг нь болжээ.
Ц.Оюунчимэг


2011 оны 6 сарын 23-24, Улаанбаатар хот
\www.shuum.mn\

Ажилтай, орлоготой "Бардам амьдрал"

Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн дэргэд хот сүндэрлэсээр өдгөө 35 дахь онтойгоо золгож буй. Монголчуудын өнгөрсөн зууны бүтээн байгуулалтын бахархал болсон Эрдэнэт хотыг зочиндоо үзүүлэхээр галт тэргэнд сууж аян замдаа гарлаа. Эрдэнэтийн утасны лавлахынхны зөвлөсний дагуу хамгийн гайгүй зочид буудалд нь өрөө захиалсан, тэгээд ч үйлдвэрийн цехийн дарга Н.Дэлгэрдалай ахынх тусгайлан бэлтгэсэн монгол зоогоор зочинд маань үйлчилнэ гэсэн тул санаа амар зорчиж явав.  Галт тэрэгний үйлчилгээ урьдынхаас нэг их ялгагдахгүй ч цай, кофе нь 250-300 төгрөг, нэг хос цагаан хэрэглэл нь 1000 төгрөгөөр үнэлэгдэх аж. Замын хүнсээ базаасан зорчигч үүнээс өөр зардал гаргахгүйгээр аялж болохоор харагдана. Удалгүй хоол хүнсний болон сонин хэвлэлийн худалдаа вагонуудад  үйлчилж эхлэв. Зэргэлдээх купенд улс төрийн ширүүн маргаан өрнүүлсэн яриа шөнө дөл болтол үргэлжилж, вагоны цонхоор харан зогсох хүмүүс зам зуурын сониноосоо хуваалцана. Купенийхэн маань болох хятад бизнесмэн, түүний орчуулагч, манай швейцари эмэгтэй бид дөрөв амар тайван аялсаар зорьсон газартаа хүрлээ. Галт тэрэг зогсоол дээр ирмэгц яаралгүй буугаад алхалж явтал таксины жолооч эмэгтэй хот руу явах эсэхийг маань асуугаад “тийм” гэсэн хариулт сонсмогцоо бидний чемодан, цүнхийг өргөөд машин руугаа алхаллаа. Нийтдээ дөрвөн зорчигч суулгаж байж хөдөлдөг аж. Хамгийн ойр буусан нь 1000, дараагийнх нь 1500, бид 3000 төгрөг төлснөөр “Тамир” зочид буудлын үүдэнд ирлээ. Уулын энгэрт, Хүүхдийн паркийнхаа дэргэд байрлах зочид буудлын байршил нь ихэд таалагдав. Гэвч хаалгаар нь ормогц монгол үйлчилгээний хүндрэл биднийг угтсан юм. Хэдийгээр урьдчилан захиалсан ч яг яваад очиход хоёр өрөө бэлэн биш байсан тул швейцари бүсгүйн хамт хоёр хүний нэг өрөөнд орохоос өөр сонголт үлдсэнгүй. Ингээд хоногийн 35 мянган төгрөгийн үнэ бүхий өрөөндөө орлоо. Хувцасны шүүгээний гүйдэг хаалга нь эвдэрхий тул чемодандаа хувцсаа үлдээх шийдвэр гаргаснаар төвхнөлөө. Хоёрдугаар микрорайон руу явахаар такси захиалсан ч ирэхгүй удсаар байх тул залхаж ойролцоох таксины зогсоол руу очив. Хэд хэдэн такси зогсож байх бөгөөд тэд яг очерын дарааллаараа шуурхай үйлчилдэг юм байна. Хотын нэг захаас нөгөө хэсэг рүү очиход тогтмол 800 төгрөг байдаг гэнэ. Том оврын автобус ховор байхыг бодвол 90 мянга орчим хүн амтай Эрдэнэт хотын нийтийн тээврийн гол хэрэгсэл нь такси, микро автобус бололтой. Ингээд хоггүй цэвэрхэн хотыг харан баясаж, өчүүхэн ч түгжрэлгүй замаар явахын сайхныг мэдэрлээ.  


ЗУУНЫ ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ҮЗЭВ
Эрдэнэт хотод ирсэн анхны өдрөө л үйлдвэр үзэх болсондоо хөл газар хүрэхгүй баярласан бид Уулын баяжуулах үйлдвэрийн гадна ирэв. Хамгийн эхэнд олборлолтын карьер үзэхээр уулын зам даган хөдлөлөө. Зам дагуу уулын модыг бараг хэвээр үлдээсэн харагдах нь олзуурхууштай санагдав. Олборлолтын карьер асар том талбайг эзэлсэн нь сүрдмээр. Үйлдвэрлэлийн дамжлагуудын бараг 90 хувь нь автомат удирдлагаар явагддаг хэдий ч 8000 орчим ажилтантай гээд бодохоор ямархуу хэмжээний үйлдвэр болох нь мэдрэгдэнэ. Ажилтнуудынх нь 2000 орчим нь орос мэргэжилтнүүд байдаг бөгөөд тэд ч эндээсээ явах туйлын дургүй “монголжсон” хүмүүс байдаг гэнэ. Үйлдвэрийн монгол ажилчдын цалин гүйцэтгэх ажил үүргээсээ хамааран янз бүр байдаг ч үйлдвэрийн дамжлагын ажилчдын хувьд 600 мянгаас 2 сая орчим төгрөгийн дундаж цалин авдаг аж. Хөдөлмөрийн нөхцөл “хортой” гэсэн ангилалд хамаарах тул үйлдвэрээс ажилчдадаа сүү, сүүн бүтээгдэхүүн олгож, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл, усанд орох шүршүүр, хувцас солих өрөө, хооллох тухтай орчин, чанартай хоол хүнс, гар утас болон гэрийн интернэтийн хөнгөлөлт, ажилдаа ирж очих унааны үйлчилгээ гээд хамгийн наад захын бүхий л нөхцлөөр сайтар хангадаг учир хүмүүс нь ажлын байран дээрээ тогтвортой ажиллаж, улмаар үр хүүхэддээ мэргэжлээ өвлүүлэхийг эрмэлздэг юм байна.  
Үйлдвэр дотор явж үзэхэд химийн бодисын содон үнэр хамар цоргиж, хувцсанд шингэх нь үү гэмээр санагдана. Толгойны хамгаалалт каска өмсөөд үйлдвэрийн зарим дамжлагаар орж үзлээ. Хоорондоо ярихад үг сонсогдохооргүй их дуу чимээтэй энэ орчинд удаан тэсэхэд хэцүү санагдсан ч үйлдвэрийн ажилчдын хувьд ердийн зүйл бололтой. Үйлдвэрийн байрны төв хэсэгт 35 жилийн өмнө тус үйлдвэрийн нээлтийн үеэр авсан хар цагаан гэрэл зураг харагдана. Энэ зурган дээрх хүмүүс, тэдний үр хүүхдүүд үйлдвэрээрээ, хотоороо бахархдаг нь лавтай. “Бүтээнэ, байгуулна” гэсэн эрмэлзлэл дүүрэн монгол залуус илгээлт өвөрлөн Эрдэнэтийн овоог зорьж байсан он жилүүд санаанд минь тодхон үлджээ. Илгээлтийн эзэн залуус зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, хотоо байгуулсан. Тэдний хөдөлмөрийн үр шимээр бүтээгдсэн “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэт хот өнөөдөр Монголдоо үлгэр жишээ болохуйц бүтээн байгуулалтын загвар болон сүндэрлэсэн нь энэ билээ.
ЭРДЭНЭТИЙНХНИЙГ УНДААЛДАГ УС
Үйлдвэр үзсэний дараа малчин айлд очихоор хөдөөгийн замд гарахад “подъём” дээр очно хэмээн Дэлгэрдалай ахын эхнэр ярьж байв. Юу болохыг нь лавлавал хотын хэрэгцээний усаа татдаг байгууламж гэнэ. Эрдэнэтчүүд Сэлэнгэ мөрний усаар ундаалдаг ажээ. Сэлэнгэ мөрнөөс дөрвөн подъём дамжуулан газар доогуурх хоолойгоор усаа татдаг бөгөөд подъём тус бүр дээр томоохон барилга байгууламж босгосон, тэнд нь мэргэжлийн хүмүүс хянан ажиллаж байдгаас үзвэл “ах” нар усны асуудалд онцгой анхаарсан нь илт. Ямар ч байсан хотын усан хангамж найдвартай гарт байгаа юм байна. Бидний очсон эхний подъёмын ойролцоох газар нь Эрдэнэт хавийн малчдын зуслан бололтой. Айлууд подъёмоос үүсэн урсах горхины хоёр талаар эгнэн бууж эхэлжээ. Зам зуур нүүдэлтэй таарч, нутгийн залууст цэвэр ус хандивлав. Харин нэгэн харамсалтай дүр зураг харагдсан нь Эрдэнэт хотын хогийн цэг байлаа. Хэдэн уулын энгэр дамнан харагдах энэхүү хогон хөндий хотоос шууд харагддаггүй учир иргэд нь ч, хотын удирдлагууд ч мартаж орхидог бололтой. Их хогноос дутахгүй зай талбайг Уулын баяжуулах үйлдвэрийн шингэн хаягдал эзэлдэг гэнэ. Энэ бүхэн хотоосоо хол, ойр хавьд нь гол ус байхгүй тулдаа л одоохондоо болж байдаг байх. Эрдэнэт хотын удирдлагуудын болон иргэдийнх нь онцгой анхаарал хандуулах зүйл энэ л байна даа гэсэн бодол төрж байв. 
Малчны хотонд зочилсныхоо дараа Эрдэнэт хивс компанийн нэрийн барааны дэлгүүрийг зорилоо. Нэр төрөл олон, өнгө үзэмж сайтай боломжийн хямд харагдах хивс, хивсэн бүтээгдэхүүн зочны маань анхаарлыг татсан ч аваад явахад арай л том юм гэснээр худалдан авалт хийсэнгүй. Дэлгүүрийн хоймор хэсэгт байрлах монгол гэрийн буланд хэдэн сайхан зураг татуулснаар сэтгэл нь ханав бололтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа телевизийн суваг эргүүлж, хотын сувгуудыг үзэхийг хичээсэн ч зар сурталчилгаанаас өөр зүйл олдсонгүй. Харин маргааш өглөө нь эрүүл мэндийн сайн нэвтрүүлэг явж байхтай таарч ихэд сонирхон хэсэг харж суусан билээ. Зочид буудлын өглөөний цай нэгэн ижил цэсээр бүх хүнд үйлчилдэг нь илт байлаа. Учир нь өглөөний цайнд юу авах вэ гэж огт асуулгүйгээр шууд оруулж өгдөг юм билээ. Эрдэнэт уг нь нэлээд өндөр хөгжилтэй хот хэдий ч зочид буудалд нь интернэтийн үйлчилгээ байгаагүй юм. Бид хотын төв рүү алхалж интернэт кафе-г зорив. Мэйлээ шалгасны дараа хоттой танилцахаар явлаа. Улаанбаатартай харьцуулшгүй сайн үзүүлэлт алхам тутамд таарна. Хот нь бүхэлдээ ногоон байгууламж ихтэй, явган хүний зам сайтай, хоггүй цэвэрхэн, өнгө үзэмж сайтай, байр хоорондын зай талбай стандартын дагуу хангалттай их гээд тоочоод байвал бүхэл бүтэн магтаал төрөхөөр сайхан сэтгэгдэл төрж байв. Гэвч хотын түүхтэй холбоотой бэлэг дурсгалын зүйлс харагдахгүй байгаа нь хачирхалтай. “Уг нь зэсээр хийсэн бэлэг дурсгал байвал ч” гэсэн бодлыг минь таасан мэт ахынх маань Каролин бид хоёрт зэс аяга, халбага бэлэглэж баярлуулсан билээ. Эрдэнэтэд ирсэн юм чинь орос хоол идье гэсэн зочныхоо хүсэлтийг биелүүлэхээр хүмүүсээс асуугаад л алхаад байв. “Москва петушка” гэдэг pub байх ч тэр нь олон үндэстний хоолтой, тэгээд ч арай л харанхуй санагдаад “Русская кухня” гэдэг газар бий гэсэн сургаар үргэлжлүүлэн алхлаа. Очвол “Славъянска кухня” буюу Трактирь хэмээх хаяг бүхий жижгэвтэр кафе байх агаад украйн хоолны газар байв. Энд ч оросуудын хаанчлал түүх болон үлдэж дээ гэсэн сэтгэгдэл төрсөөр хоттой танилцах аяллаа үргэлжлүүлсэн юм. Маргааш солонгос хоол идье гэсэн зочныхоо хүсэлтийг харгалзан хотын төвд байрлах нэгэн хоолны газрыг урьдчилан очиж үзэв. Энэ газарт хоёр жилийн өмнө Хөвсгөл явах замдаа хооллоход төдийлэн таалагдаагүй учир би дурамжхан л байлаа. Ашгүй, олон жил уулзаагүй найз бүсгүй маань биднийг хятад ресторанд урьснаар үдийн зоог онцгой сайхан болж өнгөрсөн билээ.  

ХҮН ШИГ АМЬДАРЪЯ ГЭВЭЛ ЭРДЭНЭТЭД СУУРЬШ
Энэ үгийн үнэнийг найз Ариунаатайгаа хуучлах зуур улам ихээр мэдэрч суулаа. Хотын гудамжаар алхалсан хоёр өдрийн туршид нийслэлийн гудамжинд олж хардаг шиг ядуурлын дүр зураг огт харагдаагүй нь Эрдэнэтийнхний амьдрал илүү сайн байгааг илтгэж байв. Эрдэнэтчүүд өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун, ирээдүйдээ итгэл дүүрэн амьдардаг аж. Хотын ихэнхи хэсгийг орон сууцны хорооллууд эзэлж, шинээр коттедж таун хороолол бий болчихсон, хот бүхэлдээ өргөжин тэлж, өнгөжин жавхаажиж буй дүр зураг хаа сайгүй харагдах нь гайхалтай. Энд ногоон мод, зүлэг үнэхээр их байдаг нь үйлдвэрийн хаягдлаас үүсэх агаарын бохирдлоос амьдрах орчноо хамгаалдаг биз ээ. Тэгээд ч хүн амьдардаг микрорайонуудаа үйлдвэрийн бүс болон төмөр замаасаа хол зайдуу байршуулсан хот төлөвлөлт нь нийслэлтэй харьцуулшгүй зөв зүйтэй шийдэл болсон харагдана. Спорт комплекс, бассейн, хөл бөмбөгийн талбай, хоккейн талбай гээд биеийн тамир, спорт хөгжүүлэх таатай орчин энд бүрджээ. Байруудын дунд сагсан бөмбөгийн шийт зоосон, тэнд нь хүүхдүүд тоглож байгаа дүр зургийг хаа сайгүй олж харах боломжтой юм байна. Номын сангийн уншлагын танхимууд нь амралтын өдөргүй бүтэн ажилладаг, хамгийн стильтэй залуус нь интернэт кафе ажиллуулдаг, гудамжаар алхлах хүмүүс нь өнгөлөг гээд сайхан сэтгэгдэл төрүүлсэн жишээ олныг дурьдаж болно. Улаанбаатарт байдаг бүхий л томоохон сүлжээ үйлчилгээний газар, дэлгүүрүүд Эрдэнэтэд аль хэдийнэ суурьшсан харагдана. Гэр хороолол нь хотоосоо зайдуу хэдий ч цэвэр цэмцгэр байх бөгөөд удахгүй гэр хороолол руу цэвэр, бохир усны шугам татагдах гэж байгаа нь нийслэлийн удирдлагууд үлгэр жишээ авмаар сайхан санаачлага байлаа. Хотыг бүхэлд нь “Өндөрлөг” дээрээс харж болно. Өндөрлөгөөс эргэн тойрноо ажиглахуйд хотын амьдрал “бардам” харагдах аж. Эрдэнэтийнхний ажилтай, орлоготой амьдралын эх булаг нь “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэр билээ. Эрдэнэтийн овоог илгээлт өвөрлөн зорьж байсан тэр үеийн залуусын нэгэн адил өнөөгийн залуус “Оюу толгой”-г зорих болжээ. Оюу толгойн алтыг нь аваад авдрыг нь үлдээх үү, аль эсвэл ажилтай, орлоготой “бардам” амьдрал буцалсан хот байгуулагдах уу? 
Ц.Оюунчимэг
2011 оны 5 сарын 19-25 УБ-Эрдэнэт-Дархан-УБ

/2011.06.13 - www.shuum.mn/

Бага тэнгэрийн ам

Зайсангаас зургаан километр орчим гэж амралтын газрын эзэгтэйн заасны дагуу явсаар авто машины зогсоолд нь буулаа. Сагсан бөмбөгийн талбай, хүлэмж, үлгэрт гардаг муурын байшин шиг өвөрмөц байр, бас монгол гэрүүд бүхий тэрүүхэндээ догь амралтын газар нүдний өмнө харагдав. Бид ч дажгүй газар иржээ гэж баярлан дагуулж явсан зочдоо байрлууллаа.
Хоол унд гээд бужигнах үед бүх зүйл сайхан байв. Гэнэт зочдын маань нэг нь ариун цэврийн өрөө хаана байгааг асуув. Амралтын газрын хүмүүсээс асууж байгаад монгол маягийн модон жорлон зааж өгөөд явуулбал “Орж чадсангүй, аймшигтай юм байна” гэсээр буцаж ирлээ. Зочноо дагуулаад байгаль руу явж, энд тэндгүй шар айрагны шил, цэвэр ус, ундааны сав, цаас, гялгар уут хөглөрөн харагдах газраас арай гайгүй гэмээр хэсгийг олж асуудлаа шийдэцгээв. Ингээд хамаг сайхан сэтгэгдэл арилж одох нь тэр.
Урдуураа урсгал ус, эргээр нь бургасан төгөлтэй, ар талдаа уулаар нөмөрлөгдсөн тэр хэсэгхэн газарт байрлах амралтын газрын орчин хэрвээ цэвэрхэн бол, бас жорлонгийн асуудлаа зохих ёсоор шийдчихсэн бол, үйлчлүүлэгчиддээ арай илүү сэтгэл гарган үйлчилдэг байсансан бол үнэхээр сайхан газар байлаа. Энэ амралтын газар ганцаараа ийм биш гэсэн бодол намайг бүр ч их зовоож байв.
Нэг гэрийг хорин мянгаар түрээсэлдэг уг амралтын газар нийслэлд ойр учир үйлчлүүлэгчдийн хөл тасардаггүй нь илт. Тэнд ангиараа ирсэн хүүхдүүд сагсан бөмбөг, гар бөмбөг тоглож, өөрсдөө авчирсан хүнсээ л идэж байгаа болов уу гэмээр харагдсан. Энэ олон хүний дунд цорын ганц жорлон ажиллаж, амрагчид нь үндсэндээ байгальд асуудлаа шийддэг болох нь ч бас харваас илт байлаа.
Эндхийн бүх төрлийн хог хаягдал нэг саванд хаягддаг нь анзаарагдаж байв. Ядаж л архи, шар айрагны шил, ундаа, усны саваа тус тусад нь хийдэг хаягжуулсан том сагсан сав ил байрлуулах юм бол хүмүүс ийм төрлийн хаягдлаа зориулалтын хогийн саванд нь хийж чадах л байсан даа гэж бодогдсон. Тэгээд ч шил болон хуванцар савнуудыг хоёрдогч түүхий эдийн цэгт тушааж мөнгө болгох бүрэн боломж байгаа шүү дээ. Эндээс хогийн сав хийх зардлаа төдийгүй хэд хэдэн жорлон босгох мөнгийг ч олж болохоор харагдаж байсан.
Жорлонгийн хувьд тухайн газар нутгийн онцлогт тохируулан ямар төрлийн жорлон барихаа зөв сонгож чадвал байгаль экологидоо хор хохирол учруулахгүй байх бүрэн боломжтойг “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага” номыг редакторлах явцдаа олж мэдсэн билээ. Нийслэлийн гэр хороолол, амралтын газар, жуулчны баазууд, хөдөөгийн болон хотын захын сургууль, эмнэлгүүд гээд аль болох олон хүн төвлөрдөг газруудад экологийн зөв жорлон барих, хог хаягдлаа ангилан хаяхын ач холбогдлыг зурагтай нь тайлбарласан мэдээлэл энэ номонд бий. Энэхүү чухал мэдээллийг олшруулан хүргэх арга зам нээлттэй байгаасай гэсэндээ бид номоо зохиогчийн эрхийн хамгаалалтгүйгээр хэвлэсэн билээ. Учир нь үүний үр дүнд газар нутаг маань хог хаягдлаасаа цэвэрлэгдэж, гүнийн цэвэр усны эх үүсвэр бохирдлоос хамгаалагдах ажлын эхлэл тавигдах юм. Тэр цагт би хэний ч өмнө нүүр улайхгүйгээр Бага тэнгэрийн аманд тухална гэдэгтээ итгэлтэй байна.

Ц.Оюунчимэг


  \2011.04.30 - www.shuum.mn\

Арвандолдугаар давхар

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Шангрилагийн арвандолдугаар давхар дахь Монэ ресторанд тэмдэглэх саналыг дүү минь надад тавьснаар би энд анх хөл тавьсан билээ. Усан оргилуур бүхий цэцэрлэгийн зүгт харсан асар том эргэдэг хаалгаар орж цахилгаан шатаар нүд ирмэх зуур өгссөн миний бие захиалсан ширээндээ найрсаг харьцаа бүхий зөөгчдөөр хөтлүүлэх шахам хүрэв.
Улаанбаатар бараг бүтнээрээ харагдах цонхны дэргэд суудал таарч, бага зэрэг хоцорч ирнэ гэсэн дүүгээ хүлээн суулаа. Ширээн дээрх элсэн чихрийн саванд чихрийн нишингээр хийсэн бор сахар харагдах агаад хоолны цэсэнд нь франц маягийн эрүүл хоол бичигджээ.
Арван нэгэн жилийн тэртээ Швейцарийн нийслэл Женев дэх Дэлхийн оюуны өмчийн газрын арвангуравдугаар давхрын ресторанд нэгэн хүлээн авалтад оролцож байсан мөч санаанд оров. Үзэсгэлэнт Женев нуур, алдарт усан оргилуур, гайхамшигт ногоон байгууламж, зүлэг ногоон модод, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг томоохон барилга, архитектурын бүтээлүүд, олноороо хөлхөлдөх хүмүүс бүхий гайхалтай хотыг би тэр цонхоор олж харсанаа санаж байна. 
Харин Монголынхоо нийслэл дэх арвандолдугаар давхрын рестораны цонхоор би огт өөр дүр зургийг харж суулаа. Төрийн ордон, Сүхбаатарын талбай, Голомт банкны барилга хүртэл жижиг харагдах төв талбайгаас цаашлаад орон сууцны хорооллууд, бүр цаана нь уулын оройд хүртэл тэлсэн гэр хороолол. Энэ бол нийслэлийн маань олон өнгө, гадныхны хувьд бол экзотик дүр төрх нь.
Төгөлдөр хуурын аялгуу сонсон тансаг орчинд үйлчлүүлэн суух тэр мөчид алган дээр тавьсан мэт ил харагдах орчныг харан баясах боломж надад байсан. Гэвч би ингэж чадсангүй. Сэтгэл эмзэглэм харагдах монголчуудын маань амьдралын зааг ялгаа, гудамжаар алхлах хүмүүсийн дүр төрх санааг минь зовоосоор л байв. Үдшийн гэгээ арилж их хотыг харанхуй нөмрөх үест хотын төв өдөр мэт гэрэлтэж, гэр хорооллын бүүдгэр орчны гэрэлтүүлэг алсын алсад нэг нэгээрээ сүүмэлзэх лааны гэрлийн дайтай харагдаж байсансан.
Цонхоор харагдах амьдралын өнгө бүхэлдээ нүд баясгам байх тэр цагийг аль болох хурдан ойртуулахын чухалыг мэдрүүлсэн тэр өдрөөс хойш яг нэг жил өнгөрчээ. Хотын амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй ч гудамжаар алхлах хүмүүсийн алхаа эрч хүчтэй болж, ажил хэрэгч дүр төрх давамгайлах болсон нь улам бүр анзаарагдах боллоо. Явсан газар бүрт харагддаг байсан архинд донтогчдын арми өдрийн од мэт ховордсон байна. Ажил олж чадаагүйдээ гутран зогсох залуустай тэр бүр тааралдахгүй боллоо. Нарантуул зах дээр очоод үзэхэд ч тэндхийн хүмүүс цаанаа л нэг өнгөлөг харагдах болж.
Швейцариас ирсэн зочиндоо “манай хотын зарим автобус утасгүй интернэттэй” гэж гайхуулан ярихад минь тэрээр эгээтэй л ухаан алдаж унасангүй. Гэвч зочин маань нэг зүйлийг анзаарчээ. Монголчууд их омог бардам алхалдаг, нүүрний баясгалантай хүмүүс байна гэнэ. Бас тэрээр хүүхэд насныхаа гэгээн мөрөөдлийг Монголоос олоод буцсан билээ. Бидний хувьд жирийн нэгэн тоглоом болох “шагай” швейцари бүсгүйн хувьд эрээд олдошгүй эрдэнэ байсан нь гайхалтай. Тэрээр хүүхэд байхдаа музейд анх шагайг олж харжээ. Эртний хүмүүсийн ясан тоглоомыг олж авах гэсэн олон жилийн оролдлого нь удаа дараа бүтэлгүйтэж байсан гэнэ. Бидний жилдээ ганц удаа цагаан сараар гарган ирж тоглодог уут дүүрэн шагай түүний хувьд мөрөөдлийнх нь биелэл болсон гайхамшиг байв. “Та нар 5000 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн тоглоомоор одоо ч гэсэн тоглодог юм уу” гээд нулимс асгаруулан уйлах швейцари зочин маань монголчуудыг хайрлах сэтгэлээ илэрхийлэх үгээ олж ядан байсан билээ. Бид түүнд зориулан шагайт чөмөг чанаж өгөхөд, тэрээр өөрөө шагайг яснаас нь авч үзээд амьдралынхаа хамгийн жаргалтай мөчийг мэдэрснээ хэлж байсан. “Монголд заавал ирнэ” гэж хэлээд онгоцондоо суусан Хэнриете эх оронд маань дахин ирнэ. Тэр үед би арвандолдугаар давхрын ресторанд түүнийг дагуулж ороод жинхэнээсээ сэтгэлийн таашаал аван зоог барих болно.
Ц.Оюунчимэг

\2011.04.30 - www.shuum.mn\