Sunday, September 18, 2011

Арвандолдугаар давхар

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Шангрилагийн арвандолдугаар давхар дахь Монэ ресторанд тэмдэглэх саналыг дүү минь надад тавьснаар би энд анх хөл тавьсан билээ. Усан оргилуур бүхий цэцэрлэгийн зүгт харсан асар том эргэдэг хаалгаар орж цахилгаан шатаар нүд ирмэх зуур өгссөн миний бие захиалсан ширээндээ найрсаг харьцаа бүхий зөөгчдөөр хөтлүүлэх шахам хүрэв.
Улаанбаатар бараг бүтнээрээ харагдах цонхны дэргэд суудал таарч, бага зэрэг хоцорч ирнэ гэсэн дүүгээ хүлээн суулаа. Ширээн дээрх элсэн чихрийн саванд чихрийн нишингээр хийсэн бор сахар харагдах агаад хоолны цэсэнд нь франц маягийн эрүүл хоол бичигджээ.
Арван нэгэн жилийн тэртээ Швейцарийн нийслэл Женев дэх Дэлхийн оюуны өмчийн газрын арвангуравдугаар давхрын ресторанд нэгэн хүлээн авалтад оролцож байсан мөч санаанд оров. Үзэсгэлэнт Женев нуур, алдарт усан оргилуур, гайхамшигт ногоон байгууламж, зүлэг ногоон модод, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг томоохон барилга, архитектурын бүтээлүүд, олноороо хөлхөлдөх хүмүүс бүхий гайхалтай хотыг би тэр цонхоор олж харсанаа санаж байна. 
Харин Монголынхоо нийслэл дэх арвандолдугаар давхрын рестораны цонхоор би огт өөр дүр зургийг харж суулаа. Төрийн ордон, Сүхбаатарын талбай, Голомт банкны барилга хүртэл жижиг харагдах төв талбайгаас цаашлаад орон сууцны хорооллууд, бүр цаана нь уулын оройд хүртэл тэлсэн гэр хороолол. Энэ бол нийслэлийн маань олон өнгө, гадныхны хувьд бол экзотик дүр төрх нь.
Төгөлдөр хуурын аялгуу сонсон тансаг орчинд үйлчлүүлэн суух тэр мөчид алган дээр тавьсан мэт ил харагдах орчныг харан баясах боломж надад байсан. Гэвч би ингэж чадсангүй. Сэтгэл эмзэглэм харагдах монголчуудын маань амьдралын зааг ялгаа, гудамжаар алхлах хүмүүсийн дүр төрх санааг минь зовоосоор л байв. Үдшийн гэгээ арилж их хотыг харанхуй нөмрөх үест хотын төв өдөр мэт гэрэлтэж, гэр хорооллын бүүдгэр орчны гэрэлтүүлэг алсын алсад нэг нэгээрээ сүүмэлзэх лааны гэрлийн дайтай харагдаж байсансан.
Цонхоор харагдах амьдралын өнгө бүхэлдээ нүд баясгам байх тэр цагийг аль болох хурдан ойртуулахын чухалыг мэдрүүлсэн тэр өдрөөс хойш яг нэг жил өнгөрчээ. Хотын амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй ч гудамжаар алхлах хүмүүсийн алхаа эрч хүчтэй болж, ажил хэрэгч дүр төрх давамгайлах болсон нь улам бүр анзаарагдах боллоо. Явсан газар бүрт харагддаг байсан архинд донтогчдын арми өдрийн од мэт ховордсон байна. Ажил олж чадаагүйдээ гутран зогсох залуустай тэр бүр тааралдахгүй боллоо. Нарантуул зах дээр очоод үзэхэд ч тэндхийн хүмүүс цаанаа л нэг өнгөлөг харагдах болж.
Швейцариас ирсэн зочиндоо “манай хотын зарим автобус утасгүй интернэттэй” гэж гайхуулан ярихад минь тэрээр эгээтэй л ухаан алдаж унасангүй. Гэвч зочин маань нэг зүйлийг анзаарчээ. Монголчууд их омог бардам алхалдаг, нүүрний баясгалантай хүмүүс байна гэнэ. Бас тэрээр хүүхэд насныхаа гэгээн мөрөөдлийг Монголоос олоод буцсан билээ. Бидний хувьд жирийн нэгэн тоглоом болох “шагай” швейцари бүсгүйн хувьд эрээд олдошгүй эрдэнэ байсан нь гайхалтай. Тэрээр хүүхэд байхдаа музейд анх шагайг олж харжээ. Эртний хүмүүсийн ясан тоглоомыг олж авах гэсэн олон жилийн оролдлого нь удаа дараа бүтэлгүйтэж байсан гэнэ. Бидний жилдээ ганц удаа цагаан сараар гарган ирж тоглодог уут дүүрэн шагай түүний хувьд мөрөөдлийнх нь биелэл болсон гайхамшиг байв. “Та нар 5000 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн тоглоомоор одоо ч гэсэн тоглодог юм уу” гээд нулимс асгаруулан уйлах швейцари зочин маань монголчуудыг хайрлах сэтгэлээ илэрхийлэх үгээ олж ядан байсан билээ. Бид түүнд зориулан шагайт чөмөг чанаж өгөхөд, тэрээр өөрөө шагайг яснаас нь авч үзээд амьдралынхаа хамгийн жаргалтай мөчийг мэдэрснээ хэлж байсан. “Монголд заавал ирнэ” гэж хэлээд онгоцондоо суусан Хэнриете эх оронд маань дахин ирнэ. Тэр үед би арвандолдугаар давхрын ресторанд түүнийг дагуулж ороод жинхэнээсээ сэтгэлийн таашаал аван зоог барих болно.
Ц.Оюунчимэг

\2011.04.30 - www.shuum.mn\

No comments:

Post a Comment