Monday, September 19, 2011

“Энэрэнгүй” гудамж

Нийслэлийн дүүрэг тус бүрт хуваарилагдсан тэрбум төгрөг, бусад хөрөнгө оруулалтын эх үүсвэрээс хотын гудамжийг энэрэнгүй болгох ажил хийгдсээр намартай золголоо. Хараагүй хүн таягаараа мэдэрч явах ховилтой зам, тэргэнцэртэй хүн өөрөө явах зориулалттай налуу зам, амарч зугаалж яваа хүмүүс суух сандал, хогийн сав, ногоон бүс гээд багагүй ажлыг нугалсан харагдах нь бахархмаар.  Гэвч энэ их ажлыг хийлээ гээд хотын гудамж энэрэлгүй хэвээр үлдсэн нь харамсалтай.
Европын хотын гудамжинд хүссэн газартаа явган алхалсаар хүрэх боломжтой, дээр нь хаа сайгүй сандал, хогийн сав, хэсэг явж байгаад л уух ус тааралдахад нь ихэд гайхаж, бас баярладаг байснаа санаж байна. Одоо бодоход, жинхэнэ энэрэнгүй гудамж гэдэг тэр байж. Гэтэл манай нийслэлд амарч зугаацах зориулалт бүхий хэсгээс бусад газарт нэг ч сандал хийгдсэнгүй. Хотын гудамж тэр чигээрээ эрүүл чийрэг, бие бялдрын хөгжил сайтай, хурдан гүйж, алхалж чаддаг хүмүүст зориулагдсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ийм ч учраас бие муутай, өндөр настай, бага насны хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүд гэнэт бие нь муудлаа гэхэд суух нь байтугай зогсох боломжгүй орчинд зорчиж, хамгийн наад захын туслалцааг ч авч чадахгүй байх нөхцөл бүрджээ.
Автобусны зарим зогсоолуудад ганц хоёр сандал харагддаг ч, “монголчуудад ийм л юм байхад болно” гэсэн хүйтэн сэтгэлээр хандаж, зөвхөн компанийнхаа рекламыг тавих зорилго агуулсныг нь гэрчлэх мэт, Худалдаа хөгжлийн банк тэргүүтэй байгууллагуудын зар сурталчилгааны саравчнууд ёрдойн харагдах нь “автобусны буудал” гэж нэрлэхэд үнэхээр хэцүү. Хэдэн номерын ямар чиглэлийн автобус зогсдог, хэдэн минут тутамд явдаг, ямар үнэ тарифтай зорчдог гээд хамгийн наад захын мэдээлэл огт байхгүй. Хогийн сав нь гэхэд л олон хүүхэдтэй айлын хэрэглээг ч хангахгүй болов уу гэмээр нүд хуурах төдий жижигхэн, ангилал зэрэглэл гэж огт байхгүй. Автомат утас, ариун цэврийн өрөө, ундны ус гэх мэт хүний наад захын хэрэглээг хангах зүйлс өдрийн од мэт ховор. “Хүнлэг, энэрэнгүй, ардчилсан” гэх олон тодотгол бүхий энэ нийгэмд монгол хүн ийм хотод амьдарч, ийм үйлчилгээг авч байна.

“НИЙГЭМШЭЭГҮЙ” НИЙТИЙН ТЭЭВЭР
Ердөө хэдхэн хоногийн өмнө, есдүгээр сарын 13-ны өдөр 13.10 цагийн үед бие муутай болов уу гэмээр хоёр хүн Жуковын музейн буудлаас автобусанд суухад, жолооч “хурдан суу” гэж зандраад, хаалгаа тас хийтэл хааж, бараг л сууж амжаагүй байхад нь огцом хурдтай хөдөлсөн юм. Энэ үед зогсож явсан баахан хүн, түүний дотор кондуктор эмэгтэй нь хүртэл бүгд унаж, зарим нь гараа улаан нялга болтол нь шалбалсан. Энэ бол “Тэнүүн-Огоо” нийтийн тээврийн ХХК-ийн, УНБ 45-33 улсын дугаартай, шар өнгийн 9-133 тоот, 27 номерын “Таван шар-Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон-Баянзүрхийн товчоо” чиглэлийн автобусанд болсон үйл явдал. Уг автобусны жолооч болох 25-30 орчим насны залуу, зорчигчдын зүй ёсны шаардлагад ундууцаж хурдаа улам нэмснээр дахин нэг удаа аваар хийх шахсан билээ. Хоёр удаа унаж бэртэн, гэмтэл авсан эмэгтэй голдуу зорчигчид хэрхэн гомдлоо барагдуулсныг мэдэхгүй ч энэрэлгүй гудамжны бодит дүр зураг энэ үйл явдлаас тод томруун харагдаж байлаа. “Автобусны жолооч нь эмэгтэй байсан бол арай ч ийм байдлаар хандахгүй” гэж зорчигчид хоорондоо ярилцаж, иймэрхүү хандлага дэндүү газар авч, мэргэжлээ сайн эзэмшээгүй бүдүүлэг жолооч олширч буйг шүүмжлэн ярилцаж байсан юм. Нийслэлд өнөөдөр 134 чиглэлд автобус үйлчилж, нэг чиглэлээр 50 мянган хүн зорчиж байна хэмээн албаны эх сурвалж мэдээлдэг. Нийслэлийн нийтийн тээврийн газраас автобусны жолоочийг нэг жил бэлтгээд 14 хоног хашир туршлагатай жолоочийг дагалдуулж байгаад ажлын байраар хангадаг байжээ. Гэтэл одоо сонирхогчийн Д ангиллын жолооны үнэмлэхтэй л бол автобус жолоодох эрх олгож байгаа нь дээр дурдсан хүндрэлүүд улам нэмэгдэхэд нөлөөлж буй аж.
Гадаад орны автобусны жолооч нар гэж дүрэмт хувцастай, ажил мэргэжлээрээ бахархдаг нь илт, ажлаа мэддэг хүмүүс байдаг бол манай автобус компаниудын жолооч нарын дийлэнхи нь ажил мэргэжлээ үзэн яддаг болов уу гэмээр харагдах нь зорчигчийг хохироосон тохиолдлын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлсээр байна. Иймэрхүү зүйл үүнийг бичигч надад ч бас тохиолдож байсан удаатай. Зуны ид үеэр, өнгөрсөн долдугаар сард 3-4 дүгээр хорооллын ягаан өнгийн автобусаар зорчиж, буудалдаа буух гээд зогсож байтал “элс шигшигч” технологийг гарамгай эзэмшсэн жолооч огцом огцом тормозлож, би ар дагзаараа тас хийтэл унаж, арай ядан босоод өөрийн буух буудалд газардсан юм. Толгой маш их өвдөж байснаас автобусны дугаарыг харж чадаагүй ч зорчигчид намайг ихэд айсан нүдээр харж, зүгээр үү хэмээн асууцгааж байлаа. Иймэрхүү арга барилыг биднийг бага байхад, автобусны жолооч нар байнга хэрэглэж, хүрэлцээ муутай цөөн хэдэн автобусандаа хүнээ “чихэж” багтаахын тулд ашигладаг байсныг санаж байна. Дарангуйлагч нийгмийн үед хүний эрүүл мэнд, тав тух зэрэг нь хэнд ч хүртээлгүй байсан учир энэ асуудлын талаар нэг ч сэтгүүлч “хүнээ өмөөрч” бичээгүй санагдана. Гэтэл 21 дүгээр зуунд, нийтийн тээврийн үйлчилгээний зургаан компани үйл ажиллагаа явуулан өрсөлдөж, автобусны зорчигчдоо булаацалдах шахам байхад ийм арга барил амь бөхтэй оршсоор, хэрэглэгдсээр байх нь үнэхээр хачирхалтай.  
Нийгэмтэйгээ зохицож амьдарч чаддаггүй, илтэд хоцрогдсон нэгнийг “нийгэмшээгүй” хэмээн тодорхойлдог. Тэгвэл бүхэл бүтэн зуунаар цаг үеэсээ хоцорч, өмнөх нийгмийн арга барилтайгаа зууралдсаар байх нийтийн тээврийн салбарыг юу гэж нэрлэвэл зохистой вэ?

ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИУД “ДАМПУУРСАН УУ”
Хотын гудамжнаас такси олж сууна гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил болсоор удаж байна. “Такси барих гээд зогсох нь ичгэвтэр зүйл болж эхэллээ. Үүний оронд алхсан нь дээр, эсвэл автобусанд л чихэлдэхээс” гэсэн бухимдлын үгс элбэг дуулдах болж.
Улаанбаатар хотод такси үйлчилгээний 25 орчим компани үйл ажиллагаа явуулж, 556 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд явдаг гэсэн албан ёсны тоо баримт байдаг ч эдгээрээс тогтмол ажилладаг нь маш цөөн бололтой. 300000, 340000, 343433, 1109, 1950, 331212 гэхчлэн такси компаниудын утсаар дуудлага өгөхөд 1-3 удаа хаяг хэлж дуудаад л, “уучлаарай, ойрхон такси алга аа” гэсэн маань-мэгзэм уншдаг болсон. Тэгээд ч суудлын даруулга бүс арын эгнээнд нь огт байдаггүй, урд эгнээний бүсээ хэзээ ч цэвэрлэдэггүй, жолооч нар нь зорчигчдоо үл тоомсорлон тасралтгүй утсаар ярих, эсвэл ухаан жолоогүй огцом давхих зэргээр эрсдэл дагуулсан үйлчилгээ үзүүлдэг учир зөвхөн азтай хүн л аятайхан такси олж суудаг болоод  байна.
Хэрвээ “1991” гэсэн утасны дугаар бүхий шинэхэн такси ногоон гэрлээ асаагаад явж байхтай нь таарч суух юм бол сугалаанд аз таарлаа л гэсэн үг. Учир нь зорчигчийн суудлын даруулга бүстэй, таксигаар үйлчлүүлсэн баримт өгдөг, авч давхидаггүй гээд одоогийн байдлаар үйлчилгээний соёлтой “цорын ганц” нь учраас тэр. Энэ бол Улаанбаатар хотод орчин үеийн такси тээврийн үйлчилгээг бүрэн утгаар нь нэвтрүүлэх зорилгоор 2010 онд байгуулагдсан “Улаанбаатар Такси Транспорт Сервис” ХХК-ийн такси. Нийслэлийн хэрэглэгчид ихээхэн найдвар тавьж байгаа тус компанийн хувьд дуудлагын утас нь ашиглалтад орж эхлээгүй ч гудамжинд 1991-ийн такси олж суух нь зорчигчдын туйлын хүслэн байдаг билээ. Тус компанийн нэгэн жолоочийн ярьснаар, компани нь 1000 гаруй такси оруулж ирээд үйлчилгээнд явуулахад бэлэн байгаа ч бусад компаниуд болон төрийн байгууллагын зүгээс 200-гаас илүү такси үйлчилгээнд гаргахгүй байх хатуу шахалтыг үзүүлж байгаа гэнэ. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр, бусад компаниуд үйлчлүүлэгчдээ алдаж, таксиных нь тоо цөөрч, дуудлагаа ч авч чадахгүй болчихсон хэрнээ хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг уландаа гишгэсэн иймэрхүү шийдвэрийн араас хөөцөлдөж буйг юу гэж ойлгох вэ?.. 

МАШИНД ЗОРИУЛАГДСАН “ГАРЦ”
Ийш тийш сандран харж, хар эрчээрээ гүйх монгол, гадаад хүмүүс бол Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцож, “явган хүний”, бишээ “машины” гарцаар гарах гэж буй явган зорчигчид юм. Хэдийгээр ногоон гэрэл асч, 15-20 секунд гэсэн тоо гардаг ч аль нэг урсгалаас нь машин гарч ирээд дайрчих гээд байдаг учир тэд ийнхүү айдаст автан гүйлддэг болсон билээ. Явган зорчигчид зам хөндлөн гарах зориулалттай энэ цөөхөн секундын хугацаа бол гүйж харайж чаддаг, эрүүл чийрэг биетэй хүмүүс арай гэж амжиж гарахад зориулагдсан байдаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэр дээр суудаг, өндөр настай, өвчтэй ядруу хүмүүс ийм хугацаанд яагаад ч зам хөндлөн гарч чадахгүй. Энэ хугацааг анх тогтоохдоо замын цагдаа нараа зам хөндлөн алхуулж үзээд, “амжих юм байна” хэмээн шийдсэн болов уу. Манай хотыг харгис хэрцгий харагдуулдаг энэ үзэгдэл гадаад орны өөр бусад хотуудад ямар байдгийг сонирхоё.
Филиппин улсын нийслэл Манила хотын гудамжинд явган хүн гарцаар гарах хугацаа 45 секунд байдаг бөгөөд энэ хугацаанд аль ч талаас нь машин орж ирэхгүй. Тэр ч байтугай явган зорчигч гарахыг хүсвэл гэрлэн дохионы дэргэд байрлах хонхыг дарахад л гэрэл өөрчлөгдөж, явган зорчигчийн зам хөндлөн гарах эрх нь нээгддэг. Ийм дүр төрх Америк, Ази, Европын аль ч улс оронд зорчиход харагддаг ердийн л үзэгдэл. Гэтэл манай Улаанбаатарт явган зорчигчдодоо хоёр дахин богино хугацаа өгдөг мөртлөө аль нэг урсгалаас нь заавал машин гарч ирэхээр зохицуулсан байдгийн учрыг хэн ч тайлж чадаагүй байна. Зохицуулалтыг хийсэн хүмүүс нь, яагаад ийм дүрэм зохиосноо иргэдэд тайлбарладаггүйг бодоход, тэд өөрсдөө ч энэ тухайгаа мэддэггүй байх. Машинтай хүмүүсийн хувьд явган зорчигчид зам тавьж өгөх нь байтугай яг дайрах гэж байгаа юм шиг хурдаа нэмдэг. “Гарцан дээр явган зорчигч давуу эрхтэй” гэдэг үг бол хоосон лоозон. Яг л сонгуулийн үеэр сайхан зүйл амлаад сонгогдсоныхоо дараа мартдаг “амлалт” шиг.
Энэ бүхнээс харахад манай хот, хотын гудамж зөвхөн машинд болон машинтай хүмүүст зориулагдсан болов уу гэмээр. Нийслэлийн замд 200 мянга орчим автомашин зорчдог гэсэн статистик тоо байдаг. Гэвч хүн байхгүй бол машин өөрөө хотын гудамжаар явахгүй билээ. Хотод хүн амьдардаг болохоос машинууд амьдардаггүй. Тэгээд ч хүн хэрэглэхгүй бол машин гэдэг зүгээр л хог хаягдал. Машин техник, байшин барилгаа гэсэн хандлагаар зохицуулсан хот харгис хэрцгий болон хувирч, “аюултай” гэсэн ангилал руу аажмаар шилждэгийг мартаж болохгүй. Хот гэдэг их айл хүнээ дээдэлсэн зохицуулалттай байж л энэрэнгүй болж чадна. Хотоо энэрэнгүй болгоход иргэдээсээ эхлээд байгууллага, аж ахуйн нэгж, хотын удирдлагууд хүртэл хүн бүрийн оролцоо, сэтгэл зүтгэл хэрэгтэй. Сэтгэл зүтгэл, хүсэл тэмүүлэл байж гэмээнэ ямар ч бэрхшээлийг давж, зорьсондоо хүрч чаддагийг хүн төрөлхтний хөгжлийн түүх гэрчлэх билээ.
Ц.Оюунчимэг

Улаанбаатар хот, 2011 оны 7-9 сар
www.shuum.mn вэб сайт, "Үндэсний мэдээ" сонинд нийтлэгдсэн.

No comments:

Post a Comment