Sunday, September 18, 2011

“Алтан шар” замын тэмдэглэл

Зах хязгаар нь үл харагдан цэлийх Дорнодын тал нутгийн салхины үнэрийг мэдрэхсэн хэмээн тэсэн ядан хүлээсэн сургалтын багийнхан маань Улаанбаатараас хөдөллөө. Цонжин болдог хүртэлх замыг засмал зам гэж нэрлэж болох ч “дардан” гэж тодорхойлох ямар ч үндэслэлгүй тул ихэд болгоомжтой явахаас өөр аргагүй байв. Зам нь угаас нарийхан, дээр нь эвдэрхий, энхэл донхол ихтэй нь шороон замаас ч долоон дор санагдсан билээ. Энэ замыг аль компани хэдэн онд зассан юм болоо гэж гайхмаар. Цонжин болдог өнгөрөөд жинхэнэ дардан зам эхэлнэ. Замын голоор харагдах заагийн тэмдэглэгээ нь хүртэл тод энэ зам япончуудын гараар бүтсэн гэсэндээ нэлээд хэдэн жил өнгөрчихөөд байхад ч эвдрэл, гэмтэлгүй толийгоод байж байх нь бас гайхмаар. Гэтэл монголчуудын тавьсан зам жил ч бололгүй энд тэндээсээ эмтэрч, хагараад ирдэг. “Манай замын компаниуд дараа жил нь ажилгүй болчихно гэж айгаад чанаргүй зам тавьж, дарга нартай хамт өргөн, зузаанаас нь иддэг юм гэнэ лээ” гэж олон жилийн туршид ам дамжиж ирсэн яриа байдаг. Үнэний ортой ч юм шиг энэ яриаг сонсоод удаагүй байхдаа гадаад оронд зорчих боломж гарч, өргөн, зузаанаас нь “идээгүй” зам хичнээн өргөн, бас зузаан бөгөөд толийсон сайхан байдгийг нүдээр үзэж билээ. “Монголчууд маань хэзээ нэг цатгалан болж, замынхаа өргөн, зузаанаас нь идэхээ болино доо” гэж бодогдож байсан тэр үеэс хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ...

“АЛТАН”  ЖИМСНИЙ АМТ  
Нийслэлээс өглөө эртлэн гарсан манайхан Цонжин болдогт ажлын цаг эхлэхээс өмнө хүрсэн юм. Хамт явсан гадаад зочиндоо уг цогцолборыг үзүүлэх сонирхол их байсан ч хаалга нь нээгдээгүй байсан учир гадна нь хэдэн зураг татуулсаар хүлээв. Тэр хавьд нь 00 байхгүй, ариун цэврийн өрөөг хэрэглэхийн тулд монгол хүн 5000, гадаад хүн 10,000  төгрөг төлж билет авснаар дотогш нэвтрэх боломжтой байдаг тул ойролцоох “Хаан жимс” жуулчны баазыг зорилоо. 
Туул голын хөвөөнд байрлах уг жуулчны бааз цогцолбороос 4 км, нийслэлээс 57 км зайд орших аж. Бааз руу орохын тулд бяцхан горхин дээгүүр тавьсан модон гүүрийг давж, замын хоёр талаар эгнэн ургасан чацарганын ойгоор нэвтэрнэ. Биднийг гурван давхар дүнзэн байшингийн үүдэнд менежер нь угтан авлаа. Тус баазын нэр нь ч бас чацаргана жимстэйгээ холбоотой гэнэ. 
Хэнтий аймгийн төв Өндөрхаан хүртэл явах замынхаа үдийн хоолыг энд төлөвлөсөндөө бид баяртай байсан. Хоолны амт чанар сайн, үйлчилгээ нь шуурхай, ажилтнууд нь харьцааны соёлтой санагдсан энэ орчинд хэсэг саатах боломж олдсон нь таатай байлаа. Дахин ирмээр санагдсан учир үнэ тарифыг нь сонирхов. 2-4 ортой зочид буудал болон гэрүүд нь хоногт 150,000 төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Хүний тав тухтай амрах орчныг бүрдүүлсэн зэрэглэл өндөртэй хэмээн бидэнд үйлчилгээгээ дэлгэрэнгүй танилцуулж байлаа. Төрөл бүрийн спорт тоглоомоор тоглож, караоке танхимд үйлчлүүлэх болон бусад сонирхолтой хөтөлбөрүүдийг санал болгодог юм байна. Чацаргана хураах ургацын баяраа 9 дүгээр сард хийдэг бөгөөд энэ үеэр ирсэн зочин ургац хураалтад оролцох боломжтой байдаг ажээ. 
Тус баазад ажил хэрэгч хүмүүсийн сонирхлыг татах нэгэн үйлчилгээ байсан нь сургалтын иж бүрэн тоноглогдсон танхим байв. Ойролцоогоор 20-25 хүний багтаамжтай уг танхимыг нэг өдөрт 180,000 төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд энэ үйлчилгээнд нь хоёр удаагийн “кофе бреак” багтдаг, үүнд цай, кофеноос гадна өөрсдийн хийсэн боорцог, вафли, печень зэрэг орно хэмээн менежер нь бидэнд танилцуулсан юм. Эндхийн ердийн хоолны үнэ дунджаар 3000-8000 төгрөг орчим, нэрийн хоол нь 5300-12,000 төгрөгийн үнэтэй бөгөөд хүлээн авалтын иж бүрэн меню нь нэг хүний 12900-14800 төгрөг байдаг юм байна. Нэг литр чацарганын жүүсийг 3500 төгрөгөөр, үхрийн нүдний жүүсийг 3000 төгрөгөөр авч ууж болно. Ингээд 25 хүнээ энд хэрхэн авчрах зардлаа тооцож үзэхээр лавлахаас утасны дугаарууд авч хэд хэдэн компанитай холбогдож үзэв. Тухайлбал, “Авто рент” хэмээх компани долоо хоногийн өмнө захиалсан тохиолдолд 24 хүний суудалтай автобусаар үйлчлэх боломжтой бөгөөд бүтэн өдрийн түрээс нь 150,000 төгрөг байдаг гэнэ. 24 хүнтэй арга хэмжээний нийт зардлыг тооцоход ердөө 690,000 төгрөг болж байна. Үүний зэрэгцээ тусгай арга хэмжээ, хүлээн авалт хийх бол хаан гэр болон ресторанд, мөн VIP танхимуудын аль нэгэнд захиалж болох ажээ. Ийнхүү өвөрмөц тансаг орчинд, байгалийн сайханд сэтгэл баяссан шиг сургалт арга хэмжээ зохион байгуулан, “алтан жимс”-ийг амтлах боломж нийслэлээс холгүй байгааг мэдэж авлаа. 

“АЛТАН” ТАЛ ДАХЬ ДАРДАН ЗАМ
Цонжин болдогоос цааш толь мэт замаар давхисаар Өндөрхаанд хүрэв. Манай багийнхны түрүүлж явсан машин нь 30 минутын өмнө эндээс хөдөлсөн болохыг утсаар холбогдон мэдэж авлаа. Аймгийн төвийн гудамж гэрэлтүүлэг чимэглэл сайтай, зам харгуй нь цэгцтэй хэдий ч захдуу хэсгээрээ яг л сумын төвд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйц хэвээр байлаа. Олон жилийн өмнө Дорнод руу нисэх замдаа Өндөрхаанд түр буудаллаж, онгоцны буудал дээрээс нь харахад жижигхэн сумын төв шиг сэтгэгдэл төрүүлж байсныг бодвол ерөнхийдөө томорсон ч хуучны барилга байшин, гудамжууд нь өмнөх төрхөө хадгалан үлджээ. Нэгэн хүнсний дэлгүүрээс цэвэр усаа сэлбэж аваад Дорнод руу гарахаар хөдөллөө. Аймгийн төвийн хүмүүсээс зам асуувал, цахилгааны шонгоо дагаад яв гэсэн зөвлөгөө өгөв. Зөвлөгөөг дагаж явтал зам нь дахиад олон салаад эхэллээ. Замын тэмдэглэгээ огт байхгүй тул аль зам нь Дорнод руу явдгийг асуухаар дахин нутгийн хүнээс зам асуув. Тэрээр, Хэрлэн гол талаа бариад явах нь дээр, шонгийн модоо дагах юм бол огт өөр сумын  төвд хүрнэ гэв. Ингээд Хэрлэн голдоо зориулан “Буурлын буман үеэсээ Буян хишгээ татаагүй...” хэмээн дуулсаар аян замаа үргэлжлүүллээ. 
Өвсний толгой үл мэдэг шаргалтсан өргөн уудам тал нутаг алтан шар өнгөөр туяаран харагдана. Хэдхэн байшингийн хооронд явсаар сар, жилийг элээдэг нийслэлийн бидний хувьд том тэнгэр, уужим тэнүүн орон зайг харж дотроо онгойлгохын сайхныг замын туршид мэдэрсээр явлаа. Дорнод монголын тал нутаг ийнхүү олон жилийн дараа очиж байгааг минь мэдсэн мэт сүрэг адуугаар зам тоссоор угтсан билээ. 
Тэгшхэн талд зурайх шороон зам нь Улаанбаатараас Цонжин болдог хүрэх засмал замаас хэдэн арав дахин толигор байж, бид ч сааталгүй давхисаар шөнө дунд болохтой уралдан Чойбалсан хотод хүрлээ. Одоогоос 25 жилийн өмнө дөнгөж дипломоо гардсан шинэхэн инженер Дорнод аймагт хуваарилагдан очоод Хэрлэн зочид буудалд байрласан тэр мөчийг сануулах мэт бидний өрөөг ч бас тэнд захиалсан байв. Зочид буудлын үүдэнд хэсэг залуус гитар тоглон сууцгааж, “Тавтай нойрсоорой, багачуудаа” дууг дуулан хөгжилдсөөр биднийг угтлаа. 
Социализмын үеэс л Монголын гурав дахь хот хэмээн нэрлэгдэж ирсэн Чойбалсан хотын өнгө төрх улам сайжирсан уу гэхээс муудсан зүйл ажиглагдсангүй. Зарим байшин барилга, гудамж талбай өмнө нь ямар байсан яг тэр хэвээр. Замын хажуугаар эгнэн байдаг модод, автобусны цонхоор харагддаг байсан орчин нөгөө л янзаараа шахам. Сэтгэлд дотно дурсамж агуулах бүхэн яг хэвээрээ, огт өөрчлөгдөөгүй байх нь хичнээн сайхан байдгийг энд мэдэрлээ. 
Хотын өнгийг нэмэх орон сууцны барилгууд улам олширчээ. Хуучин орос цэргийн анги байсан газраас барилгуудыг буулгаж авчраад аймгийн төвдөө барьж байгаа гэнэ. Монголдоо ховорт тооцогдох Бүсийн оношлогооны төв нээгдсэнээр, зүүн аймгийн иргэд заавал нийслэл рүү зардал чирэгдэл болж явах шаардлагагүй болсон байна. Дорнод аймгийнхны хувьд урд, хойд хоёр хөрш рүүгээ гарцтай учир аль ч хилээр нь гараад арилжаа наймаа хийгээд ирдэг, дэлгүүрт нь нийслэлээс хайгаад олддоггүй хямд үнэтэй, сонголт ихтэй бараа байдаг хэмээн нэгэн танил маань ярьж байсан нь санаанд оров. Хүнсний үйлдвэр, мах комбинат нь урьдын адил олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэдэг хэвээр гэнэ. Дорнодынхны брэнд бүтээгдэхүүн болох буриад талх, цөцгий нь гаднаас очсон хүмүүсийн зорьж худалдан авдаг бүтээгдэхүүн болжээ. 

“АЛТАН” НАРАН ГИЙСЭН ТАЛЫН ТЭНГЭР 
Дорнын их талд өглөөний наран мандаж, бид “Энх” зусланг зорилоо. Аймгийн төвөөс 20км зайд байрлах энэхүү зуслан дээр биднийг очих үед сургалт зохион байгуулах бэлтгэл хангахаар зуслангийнхан завгүй ажиллаж байв. Зусланд 60 хүүхэд амарч байсан бөгөөд нэг хүүхэд өдрийн 8000 төгрөгөөр долоо хоног амардаг гэнэ. Хүүхдүүдтэй ярилцаж үзэхэд зусланд өнгөрүүлж буй амралтдаа сэтгэл хангалуун байгаа нь илт байсан. Зуслангийн хашааны гадна, Хэрлэн голын хөвөөнд хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай харагдана. Хүүхдүүдийн цовоо цолгин дуу, инээд хөөр дүүрэн энэ орчинд нэг дэх өдрийн сургалт явагдаж, зуслангийн дэргэдэх жуулчны баазад багийнхан маань хоноглохоор болов. Холын хүнээс үг дуулахаар халуун яриа өрнүүлсэн үдэш нисэх мэт өнгөрөв. Залуусын бүжиг наадам үргэлжилсээр... 
Талд, одод түгсэн тэнгэрийн дор зогсох хамгийн сонирхолтой. Яг л алт эрдэнэс мэт гялалзан гялтганах оддоор дүүрэн хөмөрсөн тогоон дотор зогсох мэт. Долоон бурхан одод дэргэд шахам харагдаж, талын нам гүм энэ орчинд цаг хугацаа зогссон мэт санагдах нь гайхалтай. Зуны богино шөнө өнгөрч, алтан наран тал нутгийг нойрноос нь сэрээжээ. Өглөөний цайны өмнөхөн Р.Бурмаа бид хоёр Хэрлэн голын хөвөөнд очиж дуу зориулан, уснаас нь нэг амсаад ирэв. Энэ өдөр жуулчны бааз дахь том монгол гэр болон “наадмын” асарт сургалт үргэлжиллээ. “Сонгогчдын боловсрол” төвийнхөн сонгуулийн менежментийн талаар шинэ мэдлэг түгээхийн зэрэгцээ олон улсын ажиглагчаар ажиллах үедээ олж мэдсэн шинэлэг арга барил, туршлагуудаа суралцагчидтайгаа харамгүй хуваалцаж буй нь бахархмаар байсан. 
Гэрээт багш нарын хувьд хичээлээ үдээс өмнө багтаан заагаад нийслэлийн зүг хөдлөв. Багш нарын маань нэг болох АЭХ-ны дэд тэргүүн З.Нарантуяа, энэ хавьд эртний хотын туурь байдаг хэмээн сануулж, бид хуучны зам дагуу хайсаар олж очлоо.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг болох энэ газарт Монгол нутагт VIII-IX зууны үед төр улсаа байгуулж байсан Кидан улсын Хэрлэнбарс хотын туурь байдаг нь өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. 1731 онд Монгол нутгаар аялсан Чин улсын жуулчны тэмдэглэлд “Сэцэн хан аймгийн Далай бээсийн хошуунд Барс хот байна. Нэг нь долоон давхар, нөгөө нь таван давхар хоёр суврагатай бөгөөд сувраганы дотор туурганд зурсан бурхадын зураг хэвээрээ байна...” гэж бичиж үлдээсэн байдгийг энд байрлуулсан самбараас уншиж болно. Хэрлэнбарс хотын тууринд хийсэн малтлагаар том бурхадын олон сэнтий, бурханы шавар баримлын үлдэгдэл зэргийг илрүүлсэн гэдэг. Бид энэхүү ховор дурсгалын өмнө зургаа татуулаад аяллаа үргэлжлүүлсэн юм.
Ирэх, буцах замд нийтдээ дөрвөн удаа төмөр ачсан маш том ачааны машинтай таарав. Талын хөрсийг орвонгоор нь эргүүлэх мэт их тоос босгон яваа аварга машиныг хараад, нүүрс ачиж урд хөрш рүү зөөдөг үүнээс ч том машинууд байдаг тухай сонсож байсан минь санаанд орлоо. Талын хөрс хичнээн эмзэг болохыг, тал нутгийн амьдралын тойрог хэрхэн өрнөдгийг хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” романыг анхааралтай уншсан хүн л сая ойлгоно. Харамсалтай нь, шийдвэр гаргагчид энэ номыг уншаагүй гэж мөрийцөхөд ч болохоор байна. “Дорнодын тал нутагт олон зуун га газрыг хагалж, усжуулалттай тариалан хөгжүүлнэ, говь нутгийн газрын гүнийн усаар ашигт малтмал олборлоно” гээд сууж байдаг эрх баригчид манайхаас өөр улсад байхгүй...
...Чойбалсан хотоос Өндөрхаан хүртэлх замд тал нутгийн байгаль онгон төрхөөрөө харагдаж, Хэрлэн голоо бараадан нутаглах айлууд хаа нэг таарах нь содон байлаа. Дорнын уудам талд сэтгэл хоргодсоор буцах үед адуу нь сүрэг сүргээрээ зам тоссоор нутгийн захад хүргэж, хураар ивлэсэн тэнгэр нь бороо дуслуулсаар үдсэн билээ. 
Тал нутгийн амьдралыг тэнгэр ивээх болтугай. 
Ц.Оюунчимэг

2011 оны 8 сарын 9-11, Улаанбаатар-Чойбалсан-Улаанбаатар
/2011.08.17 - www.shuum.mn/

No comments:

Post a Comment