Sunday, September 18, 2011

“Аюулгүй” хот

-Бидний харж буй энэ зураг гадаадын ямар нэгэн хотынх биш, харин нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх явган хүний зам юм-   
Нийслэлийн дүүргүүд тохижилтоороо өрсөлддөг. Энэ нь сайн хэрэг. Гэвч харамсалтай нь зарим дүүрэг, тухайлбал хотын төвд хиймэл цэцэг, ургамлаар гоёж “нүглийн нүдийг гурилаар хуурсан” нь ажиглагдах юм. Мөн дөрвөн замаас хороолол руу өгсөх хэсэгт хиймэл зүлэг өвөл зунгүй ногоорон харагдах нь хөөрхийлөлтэй сэтгэгдэл төрүүлэхээс хэтэрдэггүй билээ. Хэдийгээр дүүргүүд ногоон бүсээ сайжруулах, өнгө үзэмжийг нь тордох, явган хүний замаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан засварлах, сандал, хогийн сав байршуулах зэргээр дор бүрнээ хичээж байгаа ч нийслэл маань аюулгүй хотын зэрэглэлд хүрэх болоогүй байна.  
Бидний харж буй энэ зураг гадаадын ямар нэгэн хотын зураг биш, харин нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх явган хүний зам юм. Офицеруудын ордноос арвангуравдугаар хороолол хүртэл дөрвөн автобусны буудал газарт тавигдсан энэ зам ногоон модод бүхий цэцэрлэг дундуур тайван алхлах боломжийг явган зорчигчдод олгодгоороо онцлогтой. Энэ замаар би өмнө нь ч бас явдаг байлаа. Тэр үед замын хажуугийн гэрэлтүүлэг, сандал, явган хүний гарц руу гарах гоёмсог хаалга, шинэхэн тавигдсан өө сэвгүй замын аль нь ч байгаагүй. Харин өнөөдөр энэ бүхний зэрэгцээ мод зүлгээ услах зориулалттай услалтын систем суурилуулж байхтай нь таарч ихэд олзуурхсан минь энэ.
Баянзүрх дүүргийн хувьд ногоон байгууламжаа хөнддөггүй, харин ч улам нэмэгдүүлэхийн зэрэгцээ амьд цэцгийн мандал хийж, гоёл чимэглэлийн ургамал тарьж ургуулахад онцгой ач холбогдол өгдөг. Хамгийн гол нь тус дүүрэг ногоон бүсийнхээ дийлэнхи хэсэгт “ориг” монгол ургамлаа хадгалж үлдээсэн нь сэтгэлд нэн дулаахан. Учир нь ихэнхи дүүргүүд ногоон бүсийнхээ хөрсийг орвонгоор нь эргүүлж хаячихаад дээр нь хар шороо, элс холин асгаж, хаанаас ч юм авчирсан зүлэгний үр цацаж ургуулдаг болсон. Энэ нь хэдийгээр хоёр долоо хоногийн дотор ургадаг гэх ч дэндүү “хиймэл” бөгөөд нэгэн хэвийн уйтгартай дүр зургийг бий болгодог. Тэгээд ч гадаад орны өвс ургамлыг монгол газар шороондоо хаа хамаагүй тарьж ургуулах нь хөрсний бичил ертөнцөд хохирол учруулж болзошгүй байдгийг хориннэгдүгээр зууны ногоон хувьсгалын тухай уншсан хүн бүр мэдэж байгаа. Мэдсээр байж ийнхүү “ногоон харагдуулах” зорилгоор хотын ногоон бүсийнхээ газрыг орвонгоор нь эргүүлээд байвал монгол хөрсөндөө идээшсэн олон наст ургамлууд маань гаднаас импортлосон бордоон идэшт “ховдог” зүлэг ногоонд шахагдсаар устан үгүй болох бус уу. Үүний оронд монгол хөрсөндөө ургаж буй хогийн ургамлуудаа хайчлан дэвсэж, хөрсөө хамгаалах юм бол нэг л өдөр зүлэг болон хувирч, багваахай цэцгээс эхлэн тал хээрийн олон өнгийн цэцэгсийн дэлбээ хотын төвд найган ганхах болно. Үүнд гагцхүү цэцэрлэгчийн уйгагүй хөдөлмөр, тэвчээр, орчин үеийн газар тариалангийн хандлагын тухай мэдлэг, мэдээлэл хэрэгтэй юм. Монгол хөрсөндөө идээшсэн навч шилмүүст модод, олон наст ургамлууд маань гангийн халуун наранд ч, аадар борооны өмнө ч “сөхрөхгүй” амьдрах хүч чадлаа нэгэнт олсон байдаг билээ.       

БОРООНЫ ӨМНӨ “СӨХРӨХ” УЛААНБААТАР
Гурав хоногийн өмнө үргэлжлэн орсон бороо нийслэлийн аюулгүй байдлын үзүүлэлтийг нэгмөсөн илчлээд өгөв. Хот тэр чигээрээ үерт автаж, гудамжаар алхалсан хүн бүр өмссөн гутлаа “усны гутал” болгон хувиргалаа. Автомашины зам голын голдрил болон хувирч, тээврийн хэрэгсэл бүр “хөдөөгийн замд гол гатлах” шалгалт өгсөн юм. Ингээд зогсохгүй замын онгорхой цоорхой хэсэгт машин тэргээ эвдэх, таг зогсох зэрэг нь ердийн үзэгдэл болов. Жирийн үед хаа сайгүй хөлхөж байдаг таксинууд бороо ормогц “үнэд орж”, хэн ч гар өргөсөн зогсохгүй гэсэн тангарагтаа үнэнч байцгаалаа. Такси дуудлагын диспетчерүүд хичнээн зарлаад нэг ч жолооч зорчигч авахаар дуугарсангүй. Аргаа барахдаа “уучлаарай, ойрхон такси алга аа” гэсэн хариуг Сити, Имперал, 1950, 1109 зэрэг такси дуудлагын үйлчилгээ эрхэлдэг компаниуд тоть мэт давтан хэлж байв. Лавлахаас асуухад олон такси компани байх ч бороо ормогц тэдний заримынх нь утас дуудлага авахгүй. Ийм үед автобус, эсвэл хоёр зээрд л аминд орох аж. Таксины зогсоол гэдэг ойлголт Улаанбаатарт огт үгүй тул албан бус таксинд аз мэдэн найдахаас өөр сонголт нийслэлчүүдэд байдаггүй билээ. Бороонд нэвт норон гүйлдэх хүмүүсийн дийлэнхи нь такси барих гээд чадаагүй арга тасрагсад байдаг нь нууц биш.
Бороотой хотын гудамжинд хүмүүсийн дийлэнхи нь шүхэргүй харагдав. Нөгөө овсгоотой наймаачид хаана байгааг бүү мэд. Бороо ормогц шүхэр зардаг хүмүүс хаа сайгүй гарч ирээд шүхрээ борлуулдаг урд хөршийн туршлагыг бид ч гэсэн нэвтрүүлж болмоор санагдах юм. Ийм үед хэн ч гэсэн шүхэр зарж байгааг харах л юм бол авахаас өөр шийдвэр гаргахгүй дээ. Ингээд бороотой өдрийн Улаанбаатарын асуудал үүгээр дуусахгүй. Гэрлэн дохио нь шатаж ажиллахаа болих, гэр хороолол усанд автах, автомашины замд ойр явбал шавар шавхайтай усаар шүршигдэх гээд бичээд байвал урт жагсаалт болно. Усаар шүршүүлэх гэснээс, манай хотын замд ус зайлуулах “юу ч” байдаггүй нь хамгийн том асуудал үүсгэдэг юм байна. Хаа сайгүй тогтоол ус цэлэлзэж, газрын хэвгий рүү гол мэт урсах нь нийслэл хотыг маань аюултай харагдуулж байлаа. Удахгүй наадам болно. Наадмын хоёр дахь өдөр, эсвэл эхний өдрийнх нь хоёрдугаар хагаст “ёс” юм шиг аадар бороо ордог. Нөгөө сайхан наадам “будаа” болохыг би олонтаа харж, наадмын гоёлоо халтартуулаад зогсохгүй дэгжин шаахайгаа усны гутал болгосон наадамчдыг өрөвдөн сууснаа санаж байна. Наадмын талбайд ч бас ус зайлуулах шугам хоолойгүй учир жилийн жилд иймэрхүү “нүүр түлсэн” үзэгдэл давтагддаг билээ. Харин Баянзүрх дүүргийн авто замын хажуугаар ус зайлуулах зориулалтын зам, сараалжин цонх, газар доогуурх хоолой хийсэн байхыг санамсаргүй олж харлаа. “Нэг ч гэсэн дүүрэг, овоо доо” гэсэн бодол төрөв. Энэ бол эхлэл юм.

“ХУУРАМЧ” НОГООН ГЭРЭЛ
Хүүхэд байхад бидэнд “улаан гэрэл асч байвал зогс, ногоон гэрэл ассан бол зам хөндлөн гарч болно” гэж заадаг байв. Бид үүнд нь итгэж өссөн. Тийм ч учраас ногоон гэрэл асангуут зам хөндлөн гарах гэж “оролддог”. Оролддог гэхийн учир нь ногоон гэрэл асмагц явган хүн явах ямар ч боломжгүйгээр нөгөө урсгалаас машинууд гараад ирдэгт хамаг учир байгаа юм. Энэ нь ямар улсаас манайд импортлосон систем болохыг мэдэхгүй ч  явган зорчигчдод дээд зэргийн аюултай болохыг нь олонтаа мэдэрснийхээ хувьд “хуурамч” ногоон гэрэлтэй эдгээр гарцууд дээр автомашины өмнө асч буй гэрлээр баримжаалан “эрсдэл” хийхийг явган зорчигчдодоо зөвлөж байна. Нийслэл даяар “үнэн голоосоо” ногоон гэрэл асдаг тоотой хэдхэн гарц бий. Тэдгээрийн нэг нь Төрийн ордны зүүн талын зам дахь явган хүний гарц. Гэвч жолооч нар уг замыг “хурдны зам” гэж боддог учир гарцгүй газраар нь зам хөндлөн гарах аюултай болохыг сануулъя. 
Нийслэлийн төв гудамжинд газар доогуурх гарц хоёрхон бий. Нэг нь хуучнаар Хүнсний 20-ийн урд, нөгөө нь Багшийн дээдийн автобусны зогсоол орчимд байрладаг. Багшийн дээдийн дэргэд байрлах гарц нь шинэхэн учир тохижилт сайтай, дэлгүүрүүд нь ч дажгүй. Харин Хүнсний 20-ийн гэгдэх хуучин гарц нь ерээд оны үед л нэг иймэрхүү байсан. Түүнээсээ дордсон уу гэхээс дээрдээгүй. Аюултай гэж нэрлэж болох ангилал руу улам л ойртоод байгаа. Ийм асуудалд санаа тавих үүрэг хүлээдэг албан тушаалтан гэж хот, дүүргийн захиргаанд байдаг л байх. Тэр хүн хотынхоо гудамжаар явж үзэж байж хэнд ямар үүрэг даалгавар өгч, биелэлтийг нь хангуулахаа төлөвлөдөг байвал нийслэлийн төв гудамжинд “нүүр улайж нүд бүлтиймээр” иймэрхүү дүр зураг байхгүй байхсан.
Хотын гудамжинд үгүйлэгддэг нэг зүйл бий. Энэ бол явган хүний зам. Төв гудамжаа ихэд өөрчлөөд, сайжруулаад, явган хүний замаа стандартад нийцүүлээд байгаа харагдах ч  хотын иргэн би явган алхах боломжгүй орчинд амьдарч байгаагаа өдөр бүр мэдрэх юм. Хот гэдэг бол зөвхөн төв зам биш билээ. Хотын аль ч хэсэгт явган явах боломж хэдий чинээ их байна тэнд бизнес цэцэглэж, иргэд нь аюулгүй орчинд амьдардаг болохыг гадаадын олон хотын туршлага харуулдаг. Дэлгүүр, зоогийн газруудын үүдэнд хэдэн машины зогсоол байгаагаараа бус, харин хэр олон хүн явган явах боломжтойгоосоо хамаарч ашиг орлого нь нэмэгддэг бичигдээгүй хууль бий. Тэгвэл манай хотод энэ байдал эсрэгээрээ. Хүн толгойтой бүхэн машин хөлөглөх шахаж, гудамжнаас явган хүний замыг арчин хаяж автомашины зогсоол, эсвэл авто зам болгосноор нийслэл маань “аюултай” хот болон хувирч байна. Хот даяар зогсолтгүй өрнөж буй бүтээн байгуулалт, шинээр баригдаж буй барилга байгууламжууд нь бидний амьсгалах агаар, алхлах замыг маань булаасаар байна. Хот хэрвээ удирдлагатай л юм бол, хотын дарга ажлаа хийсэн хэвээр байгаа бол иргэддээ хөл тавих газрыг нь үлдээж, хотоо аюулгүй болгоход анхаарах цаг нь болжээ.
Ц.Оюунчимэг


2011 оны 6 сарын 23-24, Улаанбаатар хот
\www.shuum.mn\

No comments:

Post a Comment