Sunday, February 5, 2012

Би өөрөө гар бие оролцъё

Энэ бол Дархан-Уул аймгийн иргэн н.Энхчимэгийн хэлсэн үг. Тэрээр “Энэ сургалт намайг сэрээж өглөө. Би өөрөө тэтгэвэрт гарсан учир улс оронд хийх өөрчлөлт, шинэчлэлтийг залуучууд л хийнэ биз гэж боддог байлаа. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хүлээн зөвшөөрч байна. Эдийн засгийн нарийн асуудал дээр эмэгтэй хүн оролцож байх хэрэгтэй. Би өөрөө гар бие оролцъё. ИТХ-д орж нэгдсэнээр өөрчлөлт хийж чадна гэж ойлголоо” гэсэн билээ. 
Эмэгтэйчүүдийг сэрээж, тэдний нийгмийн идэвхийг өрнүүлж буй “Эмэгтэйчүүд улс төрд” хэмээх энэ сургалтыг Нийгмийн дэвшил-эмэгтэйчүүд хөдөлгөөнөөс Дорнод, Завхан, Дархан-Уул аймагт зохион байгуулаад байна. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдал чухал болохыг ойлгуулж, сонгуулийн сурталчилгааны арга ажиллагааг зааж сургасан сургалтууд оролцооны аргаар явагдсанаараа онцлог байв. Сонгуулийн сурталчилгааны баг бүрдүүлэхээс эхлэн өрсөлдөгчийн судалгаа, тойргийн онцлог, сонгогчдын зан үйлийг тодорхойлох судалгааг орон нутгийн түвшинд хэрхэн явуулах аргачлалыг зааж, тухайн тойргийн нь бодит жишээн дээр багаар ажиллуулсан нь оролцогчдын сонирхлыг татаж, тэднийг идэвхижүүлсэн юм. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны стратеги болон месеж боловсруулах аргачлалын талаар мэдлэг дадлага олгож, сурталчилгааг зохион байгуулах, хэвлэл мэдээлэлтэй харилцах талаар амьдралд ойр ойлголтуудыг заасны зэрэгцээ, хувь хүний хөгжлийг дээшлүүлэхэд чиглэгдсэн мэдээлэл өгсөн нь сургалтыг үр өгөөжтэй болгосон билээ. Сургалтын дараа оролцогч бүр сэтгэгдлээ хуваалцаж, сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. Дархан-Уул аймгийн 5-р багийн иргэн н.Алтангэрэл “Маш их мэдлэг өглөө. Өнөөдөр сурч мэдсэн зүйлээ бусдад зааж сургая гэж бодож байна. 20 жил бусдыг сурталчилсан. Одоо өөрийгөө сурталчлая” гэсэн бол, оролцогч н.Наранцэцэг “Их сайн сургалт боллоо. Дарханаас лидер эмэгтэйг гаргаж ирэх хэрэгтэй юм байна” хэмээн хэлж байв. Энэхүү сургалт нь зөвхөн дунд, ахмад насныхан төдийгүй залуу эмэгтэйчүүдэд ч өөрийгөө нээх боломж олгосон нь оролцогч н.Болормаагийн “Өмнө нь улс төрийг зөвхөн сонирхдог байсан. Нэр дэвшие гэж шийдлээ” гэсэн үгнээс харагдаж байлаа. Тэд сургалтад оролцсон бүрэлдэхүүнээрээ Дархан-Уул аймагт “Эмэгтэйчүүдийн клуб” байгуулахаар шийдсэнээ бидэнд мэдээлж, “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн Р.Бурмаа, түүний багийнханд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байсан юм. Эмэгтэйчүүд “Чадах зүйлээсээ ажлаа эхлэе. Залуу үе өөрчлөгджээ. Бид ч бас өөрсдийгөө өөрчлөе. Өөрсдийн манлайлагчтай болъё” гэсэн өөдрөг үгсийг хэлэлцсээр үлдсэн билээ. 

ЭМЭГТЭЙЧҮҮД БИД САНААЧЛАГАТАЙ БАЙЯ

“Эмэгтэйчүүд улс төрд” сургалтыг 2011 оны зун Дорнод аймагт эхлэн зохион байгуулсан бол хоёр дахь сургалт нь Завхан аймагт явагдсан юм. Аймгийн төвөөсөө 30 гаруй километрт орших Донойн нисэх онгоцны буудалд газардсан бид цав цагаан цас, цэв цэнхэр тэнгэрийг харж, “жинхэнэ” агаар амьсгалав. Нисэх буудал нь, адуугаа энэ хөндийд хурааж үзээд бүрэн эсэхийг нь шалгадаг байсан Доной баяны нэрээр нэрлэгдсэн аж. Адуугаа бүртгэдэг хөндий гэхэд их л том орон зай харагдав. Үнэхээр олон адуутай хүн байж дээ гэж бодогдсон шүү. Цэвэр цэмцгэр, бүртийх ч хоггүй аймгийн төвд биднийг Wi-Fi-тай зочид буудалд байрлуулсан нь гэнэтийн бэлэг байлаа. “Архигүй аймаг” болох зорилт тавьж, “сүүтэй” Ерөнхийлөгчөө дэмжсэн тус аймгийнхны ажил хэрэг болоод амьдрал ахуй нь өөдрөг харагдана. Хаашаа л харна эзний сэтгэлээр хандсан хандлага анзаарагдаж байсныг энд дурьдахгүй өнгөрөхийн аргагүй. Уулархаг, онгон дагшин Завхан нутаг бидэнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн билээ. 
Аймгийн захиргааны хурлын танхимд явагдсан сургалт бүсгүйчүүд дийлэнхи бүрэлдэхүүнтэй болж, тэд ч туйлын идэвхитэй оролцсон нь урамтай байв. Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн, “Сонгогчдын боловсрол” төвийн багш нар хичээлийг хөтлөн явуулж, тус аймгийн тоон үзүүлэлт, баримт материалд үндэслэн судалгаа хийх, дүгнэлт гаргах, месеж боловсруулах, түүнчлэн ухуулга сурталчилгаа хийж, сонгогчийн саналыг авах зэрэг сонирхолтой үйл ажиллагааг суралцагчдаар өөрсдөөр нь хийлгэж, үр дүнг газар дээр нь үзүүлж байсан нь бодит дадлага болж чадсан. Түүнчлэн хэвлэл мэдээлэлтэй харилцах, өөрийгөө илэрхийлэх, олны өмнө үг хэлэх, илтгэл тавихад анхаарах зүйлс, фото имиж бүрдүүлэх, мэдээ, нийтлэл бичих болон ном бичих нь ямар ач холбогдолтой байдгийг олны танил улс төрчдийн бодит жишээ баримтаар үзүүлсэн нь оролцогчдын сонирхлыг татаж байв.  
Завхан аймгийн хувьд эмэгтэйчүүдээ дэмжиж, тэднийг орон нутгийн шийдвэр гаргах түвшинд өрсөлдүүлэх боломжийг нь харьцангуй сайн олгодог тухай сургалтад оролцогчид ярьж, ийм нөхцөл бололцоог бидэнд олгосоор байхад эмэгтэйчүүд бид өөрсдөө санаачлагатай байх хэрэгтэй юм байна хэмээн нөхцөл байдлаа дүгнэж байсан юм. Тус аймгийн сонгогчид УИХ-ын гуравхан эмэгтэй төлөөллийн нэгийг сонгосон нь орон нутгийн энэ онцлогтой холбоотой хэмээн тэд ярьж байв. Түүнчлэн эмэгтэйчүүдэд мэдлэг мэдээлэл, арга зүйн туслалцаа дутмаг байсан. Энэ сургалтаар бид маш их зүйлийг мэдэж авлаа. Ийм сургалтуудыг зөвхөн нэр дэвшигчид төдийгүй сонгогчдын дунд явуулах хэрэгтэй байна хэмээн бүсгүйчүүд саналаа хэлж байлаа. Тэдний ярьж байгаагаар, өмнө нь эмэгтэйчүүд сонгуульд нэрээ дэвшүүлсэн тохиолдолд сурталчилгаагаа хэрхэн явуулах талаар мэдлэг багатай хэмээн өөрсдийгөө голдог байсан учир, улс төрийн намууд нь бодлогоор дэмжээд байхад ч идэвхи санаачлага нь сул байсан аж. Харин одоо мэдлэг мэдээллээр цэнэглэгдэж, сурталчилгааны кампанит ажлыг зохион байгуулах талаар ойлголт авч чадлаа. Иймд байдал өөрчлөгдөнө хэмээн олон эмэгтэй итгэл төгс өгүүлж байсан. 
Төслийн хүрээнд явагдсан сургалтуудын дараа Дорнод аймгийнхан “Сонгуулийн сурталчилгаа гэдэг чинь шинжлэх ухааны түвшинд хүрчихсэн юм байна” гэж хүлээн зөвшөөрсөн бол Завхан, Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүд “Орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөе, аймгаа хөгжүүлэхэд өөрийн ур чадвар, хүч хөдөлмөрөө зориулъя” гэсэн шийдвэрийг гаргаж байсан нь гол үр дүн байв. Эмэгтэйчүүд монгол орныхоо өнцөг булан бүрт нийгмээ өөрчлөхийн төлөө бодож, сэтгэж, ажиллаж эхэлжээ. Эмэгтэйчүүд “Би өөрөө гар бие оролцъё” хэмээн хэлцгээж байна. Тэдний дуу хоолойг сонсох цаг нь болжээ.  

Ц.ОЮУНЧИМЭГ 
\2011 оны 11-12 сар, Дархан-Уул Завхан аймаг\ 
www.shuum.mn вэб сайтад нийтлэгдсэн.