Saturday, August 31, 2013

НОГООН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ БА “ХУРДНЫ ЗАМ”



-Өвөрмонголд аялсан тэмдэглэл 2-

            Монголын жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөгчид ӨМӨЗО-нд зочлохдоо Хөх хотоос гадна Бугат, Ордос хотуудтай танилцахаар хурдны замаар аялсан юм. Мэддэг юм шиг атлаа огт мэддэггүй Өвөрмонголд хийсэн бидний аялал шинэ содон бүхнээр дүүрэн байсан билээ.
            Хөх хотоос гарч, хурдны замаар давхиж явах зуур замын хажуу талаар жирийтэл тарьсан 50 см-аас нэг метр орчим өндөртэй модны суулгацууд сул газар нэгийг ч үлдээлгүй ургасан харагдах нь гайхмаар. Хурдны зам барихаар төлөвлөгдсөн газруудад суулгац тарих ажлыг зам тавихаас гурван жилийн өмнө эхэлдэг гэсэн нь үнэн бололтой. Ийнхүү тариа, ногооны талбайгаас бусад бүх газрыг ногоон бодлогод хамруулж, цөлжилтийн эсрэг тэмцлийн талбар болгожээ. Хааяа нэг сул хөрс харагдахад нь ажиглавал бүхэлдээ элс байх агаад, үзвэл цөлжилттэй ийнхүү тэмцэхээс өөр аргагүй хэмжээнд хүрсэн бололтой.  
Замын дагуу таарах хот, сууринд амьдрагсдын өдөр тутмын амьдрал ажил хөдөлмөрөөр нэн баялаг. Замын хашлага, төмөр замын дэрийг хүртэл хийгээд нийлүүлэхээр бэлдэн жирийтэл өрсөн байхыг хэд хэдэн удаа харав. Түүнчлэн хурдны замд тээвэр хийж буй жолооч нарт зориулсан хоол, жимс ногоо зарах үйлчилгээ эрхлэгчид ажлаа дугуйгаар болон гурван дугуйтай ердийн хөсгөөрөө амжуулж байх нь элбэг тааралдана. Хүлэмжтэй нь хүлэмжиндээ мод, цэцэг, ногоогоо тариад хэрэгцээт газар нь нийлүүлдэг болов уу гэмээр тэр чигээрээ хүлэмжнээс бүрдсэн хороолол ч харагдав.
Байгалиас элс, хайрга олборлож буй үйл явцыг нь харахад, олборлолт хийж буй газрынхаа ерөнхий тогтцыг эвдэхгүйгээр бага зэрэг дутуу үлдээгээд, олборлолт хийснийхээ дараа сул газар үлдээлгүй модны суулгац тарьж орхидог уламжлал тогтсон нь ажиглагдлаа. Уйгагүй хөдөлмөрлөснийг нь харвал бахархмаар, удаан хараад байвал бачуурмаар тэр их моддыг тарьж ургуулахад ямархуу хэмжээний ажил явагдаж, хичнээн хүн хөдөлмөр зүтгэлээ зориулсан бол оо гэж бодогдоно.

Хурдны замын 100 км тутамд амралтын бүс байгуулжээ
            Хот хоорондын хурдны замыг хоёр урсгалтайгаар байгуулсан байх ба нэг урсгал нь гурван эгнээтэй аж. Хурдны зам дээр 80-100, 100-120 км/цаг хурдалж болох бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор автобус, том ачааны машинууд хүртэл нэгэн зэрэг зорчдог ажээ. Хурдны замын гадаргуу дээр тод ногоон, улаан, цагаан өнгөөр ялган зурсан тэмдэглэгээ нь шулуун явах болон эргэх, гүйцэж түрүүлэх, түр зогсох, хурдаа сааруулах, хурдаа нэмэх газруудыг зааж өгсөн байх ба хааяа нэг таарах замын хажуугийн том самбарт үйлчилгээний цэгт хүрэхэд хэдэн километр дутуу байгааг, мөн жолооч нарт үүрэглэхгүй байхыг анхааруулсан, гүйцэж түрүүлэхдээ анхаарал болгоомжтой байхыг сануулсан тэмдэглэгээнүүдийг энгийн ойлгомжтой зураг дүрс, тоо, товч мэдээлэл хэлбэрээр байршуулсан харагдана.
            Аюулгүй байдлын үзүүлэлт хурдны замд нэн чухал учир зам дагуух уул толгод, жалга довны зам руу харсан ханан хэсгүүдийг нь нэгд нэгэнгүй барилгын материал болох цемент чулуун шигтгэмэлээр бэхжүүлэн хатууруулж, хурдны зам руу санамсаргүй байдлаар шороо чулуу өнхрөн орох болон усанд идэгдэхээс нь хамгаалсан харагдана.
Хурдны замын дагуу 100 километр тутамд амралтын нэгдсэн төвүүдийг зорчигчдод зориулан байгуулжээ. Замын хоёр талын урсгалд зориулан яг ижил хэмжээнд байгуулагдсан энэ төвүүдэд ойрын хэрэгцээний бараатай жижиг дэлгүүр, кафе, хоолны газар, нийтийн бие засах газар, эмнэлгийн үйлчилгээний цэг, авто засварын үйлчилгээ, цагдаагийн пост зэргийг байршуулсны зэрэгцээ бүх төрлийн тээврийн хэрэгслүүд зогсож, бүр хонож болохуйц хангалттай том зай бүхий авто зогсоолыг замын тэмдэглэгээ, сандал, хогийн сав, гэрэлтүүлэг чимэглэлийн хамт байгуулсан нь зөв шийдэл болсон ажээ.
Хурдны зам дагуух гэрэлтүүлгийг нар, салхины эх үүсвэрээр бүрэн шийдсэн байх бөгөөд замыг бүрэн хяналтад байлгахуйц хэмжээнд, тодорхой зай бүрт замын хөдөлгөөн бүрэн харагдахуйц хэмжээнд хяналтын камеруудыг байршуулжээ. Камерууд тодорхой цаг бүрт тээврийн хэрэгслүүдийн зургийг авч баримтжуулдаг болох нь ажиглагдсан. Байсхийгээд л таарах шалган нэвтрүүлэх цэгүүдэд замын хураамж болох 20-40 гаруй юань-ийг төлөх бөгөөд энэ нь хурдны замыг арчилж тордоход зарцуулагддаг гэнэ. Түүнчлэн замын цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгүүд үе үе таарч, тээврийн хэрэгсэл бүрийг бүртгэн авч, автобусны зорчигчид суудлын бүсээ бүсэлсэн эсэхийг шалгаад, ямар чиглэлд явж байгааг нь тэмдэглэн авч байлаа.
Хурдны зам дээр ямар нэгэн осол болоход богино хугацаанд зам чөлөөлж, тээврийн хэрэгслийг зохих байршилд нь хүргэх үүрэгтэй тусгай компаниуд ажилладаг гэнэ. Ачааны машины нэг ийм осол, түүнийг замаас зайлуулж буй дүр зурагтай бид таарахад, орчуулагч маань бидэнд ийнхүү тайлбарласан юм.

Урд хөршийнхөн цахилгаан станцын нүүрсээ зөөж байна
Монголоос урагш нь нүүрс зөөж, тал нутгийн хөрсийг орвонгоор нь эргүүллээ хэмээн ад үзэгддэг том ачааны машинууд цуваа цуваагаараа нүүрс зөөгөөд явж байхтай таарав. Хичнээн километр үргэлжилж байгаа нь үл мэдэгдэх, зах хязгаар нь үл харагдах нэгэн ийм цувааг бид Бугатаас Ордос явах замд харсан билээ.
Манай монголчууд өвлийн улиралтай өрсөлдөн цахилгаан станцынхаа нүүрсийг зөөж сүйд болдог бол, нүүрсний орд газраар баялаг өвөрмонголчууд энэ ажлаа улирлын дулаанд амжуулдаг ажээ. Нүүрс зөөж буй машинууд ачаагаа хучиж, тэвшээ бүрэн хааж бэхэлсэн битүү бүтээлэгтэй харагдана. Ачаагаа хэтрүүлэн дүүргэж, овойтол нь ачсан нэг ч машин байсангүй. Бүх машин жигд ачилттайн дээр, нэг цуваагаар, хурдны замын хамгийн хөл хөдөлгөөн багатай урсгалаар тээвэрлэлт хийж байгаагаас нь үзвэл, төлөвлөлттэйгээр явагдаж буй ажил болох нь илт.
Замын туршид бүтээн байгуулалтынх нь цар хүрээг ажиглаж, зөвхөн хурдны зам төдийгүй гүүрэн зам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугамыг хаана л бол хаана, тэр ч байтугай уулын орой дамнуулаад барьж байгуулчихсаныг нь харахад гайхалтай санагдсаныг нуух юун. Хамгийн хариуцлагатай бөгөөд ажилсаг хүмүүс бол цагдаа, байцаагч нар нь юм байна хэмээн бид ярилцаж явлаа. Хүн нэг бүр хичээж чадваас, зорьсон бүхнээ бүтээх боломж нь хорвоо дэлхийн хаана ч нээлттэй байдаг ажээ.     


Ц.ОЮУНЧИМЭГ 

ҮНДЭСНИЙ СОЁЛЫН ХЭРЭГЛЭЭ БА “УХААЛАГ” ХОТ




-Өвөрмонголд аялсан тэмдэглэл 3-

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийг найрсгаар угтан авсан Хөх хот болон Бугат, Ордос хотуудад хийсэн аялал маань монгол үндэсний соёлын өв, түүний хэрэглээ Өвөрмонголд ямар хэмжээнд байгааг нүдээр харах боломжийг олгосон билээ. Манайхны майхан болон гэрээ чимэглэдэг хээ угалз тэндхийн байшин барилга төдийгүй хогийн саван дээр харагдах нь хачирхалтай. Орой үдшийн цагаар гадаах кафе болон задгай талбайн бааранд монгол дуу эгшиглэхэд нь очиж харвал, том хээ хуараар чимэглэсэн үндэсний хувцастай дуучин тоглолтоо хийж байв. Үзэгчдийнх нь дотор үндэсний хувцастай хүн нэг ч байсангүй.   

Монгол Улсад очиж, Улаанбаатарыг үзэх нь тэдний том мөрөөдөл
Монгол үндэстний нэг хэсэг нь гэдгээ илэрхийлэх боломж бүрийг алдалгүй ашиглаж, түүхэн ховор олдвор болох Шанью-гийн титмийг асар том байшингийн оройд яг тэр чигээр нь урлан тавьж, хүрэл зэвсгийн үеийн олдворуудад бүсний арал хэмээн тэмдэглэгддэг амьтдын дүрсийг том баримлууд болгон урлаж, бүхэл бүтэн парк байгуулсан гээд хэм хэмжээг нь хэтрүүлсэн гэмээр зүйлсийг Ордос болон бусад хотуудад олонтаа харснаа энд тоочиж баршгүй нь. Монгол үндэсний хээ угалз, хэлбэр дүрсийг нэгбүрчлэн ашиглаж барилга архитектурын бүтээлүүдээ хийсэн, монгол үндэсний гэж нэрлэж болох бүхнээр асар том цэцэрлэгт хүрээлэн, парк зэрэг байгууламжуудыг нүсэр хэмжээтэйгээр босгоод, уйгаржин монгол бичгээр хаягласан харагдах ч, дэргэдэх ханзаар бичсэн хаяг нь илүү тод томруун байх Өвөрмонголын хотууд өвөрмөц байв. ӨМӨЗО нь монгол, хятад, манж, хотон, дагуур, эвэнк зэрэг 55 үндэстнээс бүрдсэн 24,8 сая хүн амтай бөгөөд тэдний 4,5 сая нь монгол үндэстэн байдаг хэмээн бидэнд өгсөн танилцуулгад бичжээ. 
Өвөрмонголчуудын өмссөн монгол үндэсний хувцас гоёлд хятад маягийн өнгө аяс шингэсэн болох нь илт. Тал нутгаа санаж мөрөөдсөн дууг тэд олонтаа дуулах боловч, тал нутаг гэж нэрлэж болохоор нэг ч газрыг аяллын үеэр бид олж хараагүй юм. Монголчууд явж байна гэхээр хүн бүр үнэн сэтгэлээсээ инээмсэглэн мэндчилж, аль болох бидэнтэй ярихыг хичээж, монгол хүн гэдгээ мэдрүүлэхийг эрмэлзэж байх нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байсан. Гэвч бидэнтэй уулзсан өвөрмонголчуудын дийлэнх нь монгол хэл огт мэдэхгүй байв. Миний ажигласнаар 10 хүн тутмын 3 нь л монгол хэлээр ярьж, бидэнтэй ойлголцож байсан. Хэдий тийм ч, жинхэнэ Монгол Улсад очиж, Улаанбаатарыг үзэх нь тэдний том мөрөөдөл юм билээ.

Бугат – “Ухаалаг хот” ажээ
Аяллын явцад хамгийн богино хугацааг өнгөрүүлсэн атлаа хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн хот бол Бугат байлаа. Хотод орж ирмэгц ногоон модод эгнүүлэн тарьж, гайхамшигт цэцгийн хүрээлэнгээр чимэглэсэн эмх цэгцтэй гудамж нүднээ тусна. Манай Улаанбаатар шиг арзайсан олон кабель, цахилгааны утаснууд огт харагдахгүй. Гудамжны гэрэлтүүлэг нь илүү дутуу зүйлгүй цэмцгэр, улаан, ногоон, шар өнгөөр асдаг гэрлэн дохио нь лед дэлгэцтэй, маш энгийн атлаа зай бага эзлэх ганц самбарт бүх тэмдэглэгээ нь багтсан, хотын өнгө үзэмжийг илүү цэмцгэр байлгахад бүх талаар анхаарч чадсан энгийн атлаа ухаалаг шийдлүүд ихтэй тус хотын гудамжаар яваад, сайн ажиглах юм бол суралцах зүйл багагүй байх аж. Тухайлбал, дугуйны зам ямар байх ёстойг энд жинхэнэ утгаар нь харж болохоор байв. Автомашины замын хоёр талаар тусгаарлаж байгаад дугуйн замыг тусад нь байгуулсан байх бөгөөд дугуйн болон машины зам хоорондын тусгаарлагдсан орон зайд автобусны зогсоолоо байршуулжээ. Дугуйн замынхаа гадна талаар явган хүний замыг бүх стандартынх нь дагуу тавьж, явган хүний замын гаднах багахан зайд машины зогсоолыг эвтэйхэн шийдсэн байв. Машин зогсоолд зогсохдоо хаагуур орж, хаашаа харж зогсох төдийгүй ямар зай эзэлж зогсох ёстойг нь тод өнгөөр замын гадаргуу дээр зурж өгсөн байгааг нь манай хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, замын цагдаагийнхан очиж үзэхэд илүүдэмгүй санагдав.   
Бид Бугат хотод хагас өдөр өнжихдөө “Хот байгуулалт, төлөвлөлтийн ордон”-той нь танилцаж, “Сайхан тал” паркад зочилсон юм. Хот байгуулалт, төлөвлөлтийн ордон нь хотын иргэд болон зочдынхоо өмнө байнга нээлттэй байх бөгөөд, Бугат хотод ямар шинэ бүтээн байгуулалт хийгдэх гэж байгааг иргэддээ танилцуулах, хотынхоо өөрчлөлт бүрийг иргэд нь урьдчилан мэдэх боломжийг олгох үндсэн зорилго бүхий тойрон аяллын хөтөлбөртэй аж. Бугат хот төлөвлөлтөө 12 жилээр хийдэг бөгөөд, хамгийн сүүлд 2008-2020 он хүртэлх төлөвлөлтийг хийж, иргэддээ танилцуулаад, хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ. Тус ордонтой танилцаж, Бугат хотын хот төлөвлөлтийн түүх, одоогийн бодит байдал, бүтээн байгуулалтын төлөвлөгөөг нь иж бүрэн макет хэлбэрээр харж, 3D танхимд нь дүрс бичлэгээр үзсэнийхээ дараа, “Улаанбаатарынхаа хот төлөвлөлтийг ингэж харах юмсан” гэх мөрөөдөлтэй болсон билээ.
“Хүн оршин суухад хамгийн таатай хот” гэсэн өргөмжлөлийг НҮБ-аас гардан авсан Бугат хотын иргэд Хот төлөвлөлт, байгуулалтын ордондоо тойрон аялал хийж, хаана юу байгуулагдах гэж байгаатай танилцаад, өөр хоорондоо инээд хөөр болон ярилцахыг нь харахад атаархмаар байв. Ардчилсан Монгол Улсын Улаанбаатар хотын иргэн би Өвөрмонголын Бугат хотын иргэнд атаархаж зогсох тийм мөч үнэхээр тохиосон юм.

Хот дотор хөдөөг байгуулна
“Сайхан тал” хэмээх парк бол хот дотор байгуулсан хөдөө юм хэмээн тайлбарласныг нь бидэнд орчуулж өглөө. Үүд хаалганаасаа эхлээд монгол маягийн хээгээр чимэглэж, морьтой баатруудын барималаар хамгаалуулсан ногоон парк руу бид явж оров. Бараг битүү мод тарьсан 10 мянган га газартай энэ парк хот доторх хамгийн том байгууламж бөгөөд цэвэр агаар амьсгалахыг хүссэн явган хүн 2-3 цаг алхаж бүтэн тойрдог ажээ. Тус хотод дахиад 12-13 ийм парк байдаг гэнэ. Паркад буга сүргээрээ амьдардаг бөгөөд 200 гаруй нэр төрлийн шувуу байдаг хэмээн бидэнд танилцуулсан.
Өвөрмонголын хувьд хөдөөд хот байгуулах хөгжлийн үе шат нь хэдийнэ дуусгавар болж, хүн чөлөөтэй явах орон зай нь хумигдсан учраас хот дотор хөдөөг бий болгох ажлыг далайцтай хэрэгжүүлж байгаа бололтой. Гэвч хот дотор байгуулсан энэ хөдөөд хүн зөвхөн засмал замаар алхаж, дугуйгаар аялж, аяллын нийтийн унаагаар маршрутын дагуу зорчиж, бас зориулалтын газар нь хооллож, амрах учраас жинхэнээсээ хөдөө байгаа мэт сэтгэгдэл төрөхгүй. Хэдий тийм ч цэвэр агаараар амьсгалах боломжийг хангалттай сайн бүрдүүлж өгсөн тул хотод амьдардаг иргэдийн эрүүл мэндэд нэн тустай байгууламж болж чаджээ. Ухаалаг хот Бугатаас суралцах төдийгүй ухаарах зүйл их байлаа.  

Ц.ОЮУНЧИМЭГ

Thursday, August 29, 2013

21 ДҮГЭЭР ЗУУНЫ АСУУДАЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХААРЛЫН ТӨВД БАЙНА

           

          Монголын жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг төлөөлөн 18 эмэгтэй ӨМӨЗО-д зочилж, харилцан туршлага солилцож ирээд удаагүй байна. Монголын эмэгтэйчүүдийн багийг  НИТХ-ын төлөөлөгч, СХД-ийн АЭХ-ны тэргүүн, хатагтай С.Ичинхорлоо ахлан явж, өмнөд хөршийн эмэгтэйчүүдтэй найрсаг харилцаа тогтоох анхны алхамыг хийж чадлаа. ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, ӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбооныхон манай эмэгтэйчүүдийг өндөр түвшинд хүлээн авч, Хөх хот, Бугат, Ордос хотуудад танилцах аялал, туршлага солилцох уулзалтуудыг амжилттай зохион байгуулсан юм.

Хамтын ажиллагааны гарцыг нээсэн уулзалт
            Хятад-Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөгчдийн уулзалт ярилцлага бүхэлдээ 21 дүгээр зуунд тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулав. Мэдээллийн технологи, харилцаа холбоо эрчимтэй хөгжсөн энэ зууны тулгамдсан асуудлын хүрээнд гэр бүлийн үнэт зүйл, соёлын ялгаа, тал нутгийн бэлчээрийн менежмент, цөлжилтийг сааруулах, залуусын хөдөлмөрийн зах зээлийн бодлого, жижиг дунд бизнесийг зээлийн бодлогоор дэмжих, эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагаагаар дамжуулан эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах зэрэг сэдвийн хүрээнд өрнөлөө.
Уулзалтыг нээж Хятадын талаас ӨМӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга, хатагтай Жан Шүхуа, Монголын талаас НИТХ-ын төлөөлөгч, СХД-ийн АЭХ-ны тэргүүн, хатагтай С.Ичинхорлоо нар үг хэлж, хоёр талын төлөөлөгчид харилцан туршлагаа солилцлоо.    
Хятадын талаас ӨМИС-ийн компьютерийн дээд сургуулийн профессор, докторантурын багш Жөү Жяньтао өнөөгийн нийгэм дэх гэр бүлийн үнэ цэнэ, эмэгтэйчүүдийн нийгэмд болон гэр бүлдээ гүйцэтгэх үүргийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлсэн бол, Тал нутгийн эмзэг хөрсийг хамгаалах чиглэлээр 1960-аад онд аавынхаа хийж байсан ажлыг залгамжлан авсан Хятадын ШУА-ийн Өвөрмонголын өвсний аж ахуй судлалын төвийн захирал Сүнь Хайлянь, хүн амын хэт өсөлттэй холбоотойгоор бэлчээрийн талбай хомс байгаа учир зөв менежментээр ашиглах, тал нутгийн экологийг сэргээх шаардлага өндрөөр тавигдаж байгааг онцолсон. ӨМӨЗО-ны залуучуудын холбооны дэд дарга Номин дээд боловсрол эзэмшсэн олон мянган залууст ажлын байр олж өгөх талаар ажиллаж, багагүй амжилтад хүрснээ дуулгасан бол, ӨМӨЗО-ны гэр ахуйн үйлчилгээг удирдах төвийн захирал Санаа олон мянган гэрийн эзэгтэй нарыг сургалтад хамруулж, гэрийн үйлчлэгчийн ажилд зуучлах ажлыг амжилттай зохион байгуулсан туршлагаасаа хуваалцлаа. Өвөрмонголын тал нутгийн Үндэс хүүхэлдэйн шог зургийн аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын ХХК-ийн ТУЗ-ийн дарга, хатагтай Лю Тао-гийн танилцуулсан, одоогоор 116 анги хийгдээд буй “Тал нутгийн үндэс” хүүхэлдэйн киноны тухай мэдээлэл оролцогчдын сонирхлыг багагүй татсан. Уулзалтад эгэл жирийн атлаа агуу хөдөлмөрч нэгэн эмэгтэй оролцсон нь ӨЗО-ны АТИХ-ын төлөөлөгч Ван Шилянь байв. Тэрээр Хөх хотын Үчуань шяний Хар гацааны энгийн бүсгүй бөгөөд өөрийн уйгагүй хөдөлмөрөөр “Үчуаний эрдэнэ” нутгийн брэнд төмсийг буй болгож, бизнесээ өргөжүүлэн, 2008 оны Бээжингийн олимпод бүтээгдэхүүнээ нийлүүлсэн ӨМӨЗО-ны тэргүүлэх ААН болж чадсан туршлагаасаа хуваалцсан юм.
Монголын талаас “Алтандалбаат” ХХК-ийн захирал Т.Алтанцэцэг, “Мөнхөд мандаг” ХХК-ийн захирал Д.Баяраа, “Онжи-Агат” ХХК-ийн захирал Л.Отгонцэцэг, ON сургалтын төвийн захирал Ү.Оюунбилэг нарын эмэгтэйчүүд эрхэлж буй бизнесийн туршлагаасаа хуваалцаж, монголын эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлын тухай товч танилцуулга хийв. Монгол Улсад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дээшлүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд УИХ-д эмэгтэйчүүдийн бүлэгтэй болж, Засгийн газрын гишүүн, салбарын сайд, дэд сайд, газрын дарга болон бусад албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн тоо багагүй хэмжээгээр нэмэгдэж, бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй болсон тухай манай төлөөлөгчид танилцуулав. Уулзалт халуун дулаан уур амьсгал дунд болж, илтгэлтэй холбоотой асуулт хариулт өрнөн үргэлжилсэн юм. Хөрш зэргэлдээ орны эмэгтэйчүүдийн санаа зовдог асуудал, тулгамдаж буй бэрхшээл нь ч ижил төстэй байсан ба тэд цаашид хамтран ажиллах талаар харилцан саналаа илэрхийлж байв.
Уулзалт, арга хэмжээ, танилцах аяллын бүхий л үйл явцыг ӨМӨЗО-ны үндэсний телевиз сурвалжлан мэдээлсэн. Тус телевизийнхэн монголын төлөөлөгчдөөс ярилцлага авч, айлчлалын хугацаанд өдөр бүр 2-3 эмэгтэйн ярилцлагыг мэдээний болон ярилцлагын цагаараа үзүүлж байсан билээ.    

“Хүүгүй” зээлийн бодлого анхаарал татав
            ӨЗО-ны Эмэгтэйчүүдийн холбооны ажлын туршлагаас “2009 оноос эхлэн урт хугацаатай хүүгүй зээлийн бодлогыг хэрэгжүүлж, одоогоор 2 тэрбум 10 сая юаний хүүгүй зээлийг хот суурингийн 280 мянга, хөдөө тосгоны 220 мянган эмэгтэйчүүдэд олгоод байна” гэсэн мэдээлэл нь манай төлөөлөгчдийн анхаарлыг хамгийн ихээр татсан юм. Тус холбооноос хүүгүй зээл олгох эмэгтэйчүүддээ  өндөр шаардлага тавьдаг бөгөөд зээл авах эмэгтэй тус бүрийг хоёр хүн батлан дааж, бүхий л үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилладаг байна. Зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг эмэгтэйчүүд өөрсдөө бүрдүүлж, нэгдсэн дансанд хуримтлуулдаг бөгөөд зээлийн хүүг нь улсын төсвөөс санхүүжүүлдэг учир ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь эмэгтэйчүүдэд том дэмжлэг болдог ажээ. Нэг эмэгтэйд олгох зээлийн хэмжээ хамгийн багадаа 50 мянган юань байдаг гэнэ. Хүүгүй зээлийн бодлогын үр шимээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, баялаг бүтээх чадавхи нь сайжирсан бөгөөд тэдний нийгэмд болон гэр бүлдээ хүлээх үүрэг хариуцлага нь дээшилснийг онцлон тэмдэглэж байсан.  
ӨМӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбооны дарга, хатагтай Чаньу, АЭХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, СХД-ийн АЭХ-ны тэргүүн, хатагтай С.Ичинхорлоо нарын хэлснээр, энэ удаагийн айлчлал хамтын ажиллагааны суурийг тавьж, АЭХ болон ӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбоо хоорондын харилцаа шинэ шатанд гарна буй за. Бид ч бас тэдний туршлагаас үлгэр жишээ авч, эмэгтэйчүүдээ төрийн бодлогоор дэмжээд өгвөл монгол бүсгүйчүүд маань гэр бүл, улс орныхоо урагшлах хүч нь болж чадах билээ.


Ц.ОЮУНЧИМЭГ       

Monday, August 26, 2013

ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ИРЭЭДҮЙН ДҮР ТӨРХ ИЙМ АЖЭЭ

-Өвөрмонголд аялсан тэмдэглэл 1-

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн С.Ичинхорлоо ахлагчтай төлөөлөгчдийн хамт Улаанбаатар-Хөх хот чиглэлийн галт тэргэнд сууж, намрын тэргүүн сарын шинийн гуравны өдөр ӨМӨЗО-ыг зорин аялсан билээ. Үдшийн 20 цагт хөдөлсөн галт тэрэг маань өглөө эрт Замын-Үүд өртөөнд хүрч, улсын хил давах үед монгол цэргүүд ёслон зогссоор ард хоцорсон юм. Хил гаалийн шалгалт өнгөрсний дараа, галт тэрэг дугуй солих хоёр цагийн хугацаанд хятадын хилийн боомт хоттой танилцахаар явав. Олон жилийн өмнө ирж байсантай харьцуулахад Эрээн эрс өөрчлөгджээ. Ногоон ургамал, мод, зүлэг, цэцэг ихтэй болсноос гадна олон давхар шинэ барилгууд, алдартай брэндийн дэлгүүрүүд, том зочид буудлууд, өргөн засмал зам нүднээ тусч, төв талбайн хажууханд байрлах Юрийн галавын бяцхан цэцэрлэгт хүрээлэнд динозаврууд зогсох нь сүрлэг харагдана. Цаг давчуу байснаас жинхэнэ динозаврын музейд нь очиж амжсангүй. Ийнхүү галт тэрэгнээсээ хоцрохгүйг хичээн яаравчилсаар вокзал дээр ирж билетээ шалгуулан ороод Хөх хотын зүгт аян замаа үргэлжлүүллээ.   

Тоосгон байшинд сууж, мотоциклоор хонио хариулах малчид
Галт тэрэгний цонхоор харагдах өвөрмонголчуудын амьдрал нэгэн хэвийн. Замын туршид нэг боловч монгол гэр олж харахыг хичээсэн минь талаар болов. Үүний оронд хятад маягийн шавар байшингийн хөгжлийн үе шатуудыг нэг бүрчлэн харах боломж л олдсон билээ. Манай монголчууд байшин барихаараа бүтэн дээвэр, бүтэн ханатайг барьж, өргөн уужим зайд амьдрахыг чухалчилдаг бол, хятадууд тал хана, тал дээвэртэй байшинд  буюу нэг бүтэн байшинг хоёр хуваасантай тэнцэх зайд амьдардаг дүр зураг харагдлаа. Олонхи гэр бүл хуарангийн маягаар нэг дор шамбааралдуулан барьсан хагас байшинд амьдардаг бол, зарим нь бүтэн байшинд, зарим нь тусдаа газартай байшинд амьдарч, зарим хэсэг нь олон давхар орон сууцанд нүүн орж эхэлжээ. Бор саарал тоосгон байшингуудаас бүрдсэн суурин газруудын орчимд болон төмөр зам дагуу гялгар уут хийсч, суурин бүрийн дэргэд шахам хогон овоолго харагдах нь хог хаягдлын асуудал энд ч бас байдгийг илтгэнэ.
Хөх хот орох замын туршид гарын арван хуруунд багтахуйц тооны малчин харагдав. Тэдний хариулж яваа хонь цөөн тоотойн дээр, малчдын дийлэнхи нь мотоциклоор хонио хариулж байв. Морио унаад хонио хариулж яваа нэг ч хүнийг олж харсангүй. Харин дугуйтай, эсвэл явганаар хонь хариулж яваа хүн ганц нэг таарах нь мотоциклтой малчныг бодвол арай нүдэнд дулаан аж. Малчид бүгд бор саарал тоосгон байшинд амьдарч байгаа нь ажиглагдлаа. Малчдад бэлчээрийг нь хувьчилж өгсний дараа нүүдэллэх шаардлагагүй болсон өвөрмонгол малчид хятад маягийн байшинд төвхнөж, тэдний зарим нь нутгаа зарж, газар нь тариалангийн талбай болон хувирсан гэж дуулдсан дам яриа үнэний хувьтай аж.
Сул газар нэгийг ч үлдээхгүй тариа ногоо, эрдэнэ шиш ээлжлэн тарьсан нь нүд эрээлжлэм харагдана.  Түүнчлэн нэг ам метр талбай тутамд нэг мод оногджээ гэмээр шигүү тарьсан ногоон модод замын хажуугаар жирийтэл ургасан байх нь ирээдүйн ширэнгэ ойн эхлэл бололтой.  Өвөрмонголын зах хязгаар нутагт монголтой минь адил зүйл харагдах боломжгүй ажээ.

Амьд мэт динозавртай Хөх хотын музей
Удалгүй өндөр барилгууд сүндэрлэж, гэрэл гэгээ нь гялбасан нэгэн их хотод орж ирсэн нь ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот байлаа. Биднийг ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаныхан болон ӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгчид найрсгаар угтан авч, аяллын туршид дагалдан явж, тус оронтой танилцах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн билээ.
Хуучин, шинэ уран барилгыг хослуулсан, монгол үндэсний маягийн гэж болохоор хээ хуар, хөшөө дурсгал бүхий байшин барилга, гудамж талбай, Их Монгол улсын үеийн болов уу гэж харагдахаар элементтэй барилгууд, ландшафтын уран хийц бүхий цэцэрлэгт хүрээлэн, гоёмсог гудамжууд нь Хөх хотын өнгө үзэмжийг улам тодотгосон харагдана. Тус хотод бидний үзэж сонирхсон хамгийн том үзмэр бол ӨМӨЗО-ны Үндэсний музей байлаа. Нийт 15 их танхимаас бүрдэх, 4-5 давхар барилгатай, 2007 онд байгуулагдсан уг музейн тодорхой хэдхэн танхимыг үзэхийн тулд бид бараг хагас өдрийг зарцуулсан юм. Музейг үзэх хэн боловч үнэ төлбөргүй үйлчлүүлэх бөгөөд орох хаалган дээр цүнхээ шалгуулан, шингэн зүйл болох цай, усаа хураалган орж, музей дотор байрлах кафе, дэлгүүрт үйлчлүүлэх ёстой аж. Бид хамгийн түрүүнд динозаврын танхимыг үзэв. Манай Батаараас том динозаврын яс, түүнийг амьд мэт хийж тавьсан олон үзмэрийг үзэж, динозаврын гэнэт хүрхрэх чимээг сонсож, амаа ангалзуулан хөдлөхийг нь харж цочин, галав юүлэхийг нүдээр үзэх нь сэтгэгдэл төрүүлэхүйц бөгөөд энэ танхим хамгийн олон үзэгчтэй байгааг гайхах зүйлгүй аж. Манайх ч бас ийм музей байгуулах гээд, талбай дахь түр музейгээр эхэлж байгаа юм байна хэмээн бид өөр зуураа ярилцсаар дараагийн танхимд орсон юм.
Монголын түүхийн танхим хамгийн дэлгэрэнгүй агаад гайхамшигтай үзмэрээр дүүрэн байлаа. Залуухан тайлбарлагч Бөхчулуун музейн үзмэрүүдийг гайхалтай сайн тайлбарлаж, сонирхсон асуулт бүрт маань хариулт өгч, түүх, угсаатны зүй, соёл, байгаль орчны өргөн мэдлэгтэй болохоо харуулсан билээ. Шанью-гийн алтан титэмээс эхлээд түүх соёлын асар үнэтэй олдворуудыг уг музейд харснаа энд тоочиж баршгүй. Иймд энэ чиглэлээр дагнан ажилладаг музейн мэргэжилтнүүд ӨМӨЗО-ны Үндэсний музейг нүдээр очиж үзвэл зохилтой санагдсан.
Музей үзэж явахад, амьтны чихмэл төдийгүй эртний хүнийг лаагаар дүрслэн хийсэн бүтээлүүд нь амьд мэт, яг одоо ярьж, үйл үйлдэл хийж байна уу гэмээр харцны илэрхийлэлтэй, гайхалтай уран бүтээгдсэн нь биширмээр. Монгол ёс заншил, монголчуудын эдэлж хэрэглэдэг эд эдлэл, угсаатны зүйн хувцас хэрэглэл, нүүдлийн мал аж ахуйн уламжлалыг музейн “үзмэр”-ээр маш сайн харуулсан байв. Музейн зохион байгуулалт, танхим бүрийн танилцуулга, электрон самбар, дизайн чимэглэл, үзмэрийн сонголт, байршуулалт нь мэргэжлийн өндөр түвшинд төлөвлөгдөн хийгдсэн нь илт байлаа. Сансар эзэмшсэн түүхийн танхим, ашигт малтмал, уул уурхайн танхимыг үзээд бидний музейд хийх аялал өндөрлөсөн юм.

Робот шиг үнээнүүдтэй ферм
Бидний дараагийн аялал Mengniu Dairy/Мэнню/ хэмээх сүүний үйлдвэрт үргэлжиллээ. Монгол үнээний сүү хэмээн бүтээгдэхүүнээ сурталчилдаг тус үйлдвэр 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 72 салбартай томоохон сүлжээ үйлдвэрийн нэг аж. Бидний очсон Хөх хот дахь салбар нь машинаар ачиж ирсэн 120-130 тонн сүү хадгалах агуулах савтай, бүтээгдэхүүний 24 автомат шугамтай, 3 ээлжээр ажилладаг үйлдвэр байх агаад сүү хүлээж, авах, хадгалах, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, савлах бүхий л шугам нь бүрэн автомат, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон аж. Тийм ч учраас тэр том үйлдвэрт маш цөөхөн хүн ажиллаж байгаа харагдсан. Нэг цагт 20 мянган уут сүү үйлдвэрлэж, нэг минутанд 14 хайрцаг сүү савладаг тус үйлдвэр үүсэн байгуулагдсан цагаасаа хойшхи бүхий л түүхээ музейн үзмэр болгон тавьж, үйлдвэрийн дамжлага, үйл ажиллагаагаа хэрэглэгчдэдээ нэгд нэгэнгүй үзүүлж тайлбарладаг тойрон аяллыг байнга зохион байгуулдаг аж. Аялалын баг тус бүрт хөтөч тайлбарлагч ажиллах агаад, аялалд хамрагдсан хүн бүр резинэн чангалагчтай даавуун уутан шаахайг гутлынхаа гадуур өмсөж, ариун цэвэр сахина. Ийнхүү үйлдвэртэй бүрэн танилцсаны дараа сувенир ба бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрээс бараа худалдаж аваад аялал нь өндөрлөдөг байна.
Биднийг үйлдвэртэй танилцаж явахад маш олон хүн танилцах аялалд хамрагдаж байгаа харагдсан. Тус үйлдвэрийн тухайд технологийн бүхий л шат дамжлагын явцад чанар, стандартын шаардлагад онцгой анхааран, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийг зорин ажилладаг хэмээн хөтөч нь бидэнд уйгагүй тайлбарлаж байв. Үйлдвэрийн гайхалтай үзүүлэлтүүдтэй танилцсаны эцэст бидний асуусан эхний асуулт нь “Үнээнүүд чинь хаана байдаг юм, нүдээр очиж үзье” гэсэн хүсэлт байлаа. Бидний хүсэлтийн дагуу нилээд хэдэн бээрийн цаана, хотын гадна байрлах 10 мянган үнээний ферм дээр очив. Бурхан минь, үнэр танар бол үнэхээр хэцүү байлаа. Том хашаа бүхий байран дотор бэлэн өвсөн тэжээлээр тэжээгдээд, даралттай усаар хөх дэлэнгээ угаалгаж, тогтсон цагт сүүгээ саалгаад, тогтмол орон зай дотор робот шиг хөдлөн үүрэгт ажлаа гүйцэтгэх хар тарлан үнээнүүдийг шилэн халхавч бүхий орчноос ажиглав. Энэ бүхнийг монгол хүний нүдээр харахад үнэхээр өрөвдөлтэй санагдсан. Нэг үнээг өдөрт 3-4 удаа сааж, нэг удаад 40-50 литр сүү саадаг бөгөөд үнээг зохиомлоор хээлтүүлж үр төлийг нь авдаг байна. Ийнхүү сүүгээ өгдөг хорь хүрэхгүй жилийн хугацаанд нь үнээний ашиг шимийг аваад, дараа нь нядалгаанд шилжүүлдэг бөгөөд ялгадасыг нь био эрчим хүч гарган авч ашигладаг хэмээн тэд ярьж байсан. Эрчимжсэн мал аж ахуйн ирээдүйн дүр төрх ийм ажээ.
Жич: Бидний аялал Бугат, Ордос хотуудад үргэлжилсэн бөгөөд монголын түүх соёлоор амьсгалж, барилга, архитектур, хот төлөвлөлтдөө соёлын элементүүдийг нэгд нэгэнгүй шингээсэн хотуудын тухай нийтлэлээрээ уншигч тантай эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.



Ц.ОЮУНЧИМЭГ