Monday, March 13, 2017

С.Пүрэвмаа: Хүмүүс намайг Үрлээ гэдгээр минь таньж, хайрладаг нь сайхан санагддаг




ЗӨӨЛӨН ХҮЧ


"Зиндаа” сэтгүүл эмэгтэйчүүдэд зориулсан “Үлэмж төгөлдөр” буланг хөтлөн уншигчдадаа хүргэж байна. Энэхүү буланд монгол эмэгтэйн намба зохирол, хайр энэрэл, ухаарал мэдлэг, гоо сайхан, эрхэмсэг оршихуйн хэм хэмжүүрийг нээн харуулах зорилго агуулна.  

“Үлэмж төгөлдөр”-ийн хойморт Жүжигчин, загвар зохион бүтээгч, бясалгагч, сэтгэл зүйч Сэрчмаагийн ПҮРЭВМАА уригдлаа.
Жүжигчин, загвар зохион бүтээгч, бясалгагч, сэтгэл зүйч С.Пүрэвмааг монголчуудын олонх нь “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрээр мэднэ. Түүнтэй уулзахаар Олимпийн хороог зорин очлоо. Монгол бөхийн хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг явагдаж буй танхимын үүдэнд хүлээж байтал Пүрэвмаа гараад ирлээ. Хөнгөн шингэн, энгүүн чөлөөтэй алхаагаар бараг гүйх шахам гарч ирэх түүний инээмсэглэл тодруулсан царайг нь хараад “Үрлээ яг л хэвээрээ байна шүү” гэсэн бодол төрснийг нуух юун. Нударгатай монгол цамц, хөдөлгөөнд чөлөөтэй битүү хийцийн банзал өмсөөд монгол загварын өргөн бүс бүсэлжээ. Тасрах шахам гэж тодорхойлоход болох нарийн бэлхүүс, уян налархай хөдөлгөөнийг нь харж, хүүхдэрхүү яриа хөөрөөг нь сонссон хэнд ч жинхэнэ Үрлээтэй хамт байгаа мэт сэтгэгдэл төрнө. Хөлдөө өвөрмөц загварын эсгий гутал углажээ. Ер нь түүний бүх хувцас монгол байлаа. Нэхий дээл, монгол загварын үстэй малгай, бээлий, цүнх гээд бүгд л өөрийнх нь бүтээл болов уу гэж таамагласан минь үнэн байв. Нэхий дээлээ бүр 20 жилийн өмнө оёж өмссөн гэж ярьсан нь, 20 жилийн турш биеийнх нь галбир огт өөрчлөгдөөгүй гэсэн үг байлаа. Гайхалтай санагдав. Энэ бол нэг талаас өнөө үед “нүдний гэм” болсон минималист амьдралын хэв маягийн яруу тод жишээ болмоор ч юм шиг, нөгөөтэйгүүр дэндүү монголоороо, зөвхөн өөрийн гараар хийсэн хувцсаа өмсдөг эртний заншлыг өнөө үед түүчээлэн авчирсан ч юм шиг, нэг тийм дулаахан мэдрэмж төрүүлсэн юм.
Түүний хувийн амьдрал Үрлээгийнхээс өөр. Пүрэвмаа бол таван сайхан хүүхдийнхээ ээж нь, халамжит сайн ханийнхаа гэргий нь билээ. Хань Ё.Жаргалсайхан нь гэргий С.Пүрэвмаагийнхаа хүсэл тэмүүлэл, эрэл хайгуул, судалгаа, ажил үйлсийг нь дэмжиж ойлгохын зэрэгцээ аж амьдралаа гайхалтай сайхан авч явдаг нэгэн. Магадгүй ханийнх нь түшиг тулгуур, уужуу сэтгэл, хүлээцтэй зан чанар нь түүний амжилтын бас нэгэн хөшүүрэг байж ч мэднэ. Харин Пүрэвмаа угаас минималист амьдралын хэв маягийг баримтлагч төдийгүй, хань ижлээ элдэв жижиг сажиг асуудлаар зовоохыг цээрлэдэг эмэгтэй. Ханийнхаа чин шударга зан, халуун эх оронч үзэл, аргын гэмээр нэн хүчирхэг орон зайг нь мэдэрч сэтгэл татагдсанаа тэрбээр нуудаггүй. Арга билгийн төгс зохирол бүрдсэн ийм л сайхан хосууд айл гэр болж, таван сайхан хүүхдийн эцэг эх болоод өнөр олуулаа аз жаргалтай амьдарч байна. Амар тайван бөгөөд эгэл амьдрал, цэвэр тунгалаг бөгөөд үнэн харилцаа гэдэг энэ буюу. Бид ярилцлагын цагаа тохироод Шангри-Ла дахь “Coffee bean” кафед тухаллаа. Цай, кофений сонголт хийх болоход би багагүй сандарснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Пүрэвмаа жимсний цэвэр шүүс л захиалав. Би яагаад ч юм уух дуртай американо кофегоо захиалсангүй, жимсний шүүсний сонголтод нэгдсэн юм. Бидний ярилцлага “Би чамд хайртай” киноны тухай сэдвээр эхэллээ. Өөр сэдвээр эхлэхийн аргагүй тийм л гүн гүнзгий сэтгэгдлийг үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхөлж чадсан Үрлээ шүү дээ. Пробонд хэрхэн тэнцсэн бэ? гэсэн миний асуултын хариуд тэрбээр их сонин түүх хуучилсан юм.

КИНО ЖҮЖИГЧИН С.ПҮРЭВМАА

ХҮҮХДЭДЭЭ ЭРЭГТЭЙ Ч БАЙ, ЭМЭГТЭЙ Ч БАЙ ЗОЛБОО ГЭЖ НЭР ӨГНӨ-
Пүрэвмаа сурагч байхдаа спортын гимнастикаар хичээллэж асар их тэсвэр хатуужилд суралцжээ. Улсын наадмын уран гимнастикийн үзүүлбэрт байнга оролцдог тамирчны нэг Пүрэвмаа охин, наадам дуусмагц хичээл орох хүртэлх сар гаруйн хугацаанд эмнэлэгт ажилладаг байлаа. Хамгийн анх Хүүхдийн 2-р эмнэлэгт бага насны сахиургүй хүүхдийн тасагт асрагчаар ажиллажээ. Хүүхдүүдэд ижил өнгийн хормогч өмсгөөд бүгдийг нь горшоконд суулгана. Хувцас хунарыг нь угаана, хооллоно, палатны шал угаана, коридор угаана гээд бүхий л ажлыг хийдэг байв. Гэтэл сургууль цуглахын өмнөхөн сахиургүй тасгаас нэг хүүхдийн бие эрс мууджээ. Бүгд сандралдаж эмчилгээг эрчимжүүлж байсан ч, хамгийн их санаа зовж, хүүгийн төлөө бурханд залбирч, хичээлдээ ирсэн ч явсан ч “Энэ хүүхэд л амьд гараасай” хэмээн бодож Хүүхдийн 2-р эмнэлэг, 3-р дунд сургууль хоёрын хооронд тодоос тод жим гартал алхсан хүн бол Пүрэвмаа охин байлаа. Аз болоход хүүхдийн амь нас аврагдсан байна. Тэрбээр хэмжээлшгүй их баярлаж, анхны хүүхдэдээ ямар ч хүйстэй байсан энэ хүүгийн л нэрийг өгнө гэж өөртөө андгайлжээ.
Арван жилийн сургуулиа төгсөөд кино урлагийн сургуульд шалгалт өгсөн ч эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ЗХУ-д суралцахаар явж чадсангүй. Ингээд 3-р эмнэлэгт асрагчаар оров. Түүнд томчуудын амьдрал нэг л таалагдахгүй байлаа. Пүрэвмаа асрагчийн халадныхаа дотуур байнга л сурагч формоо өмсөнө. Гэртээ ч бас ээжийгээ ажлаас ирэхэд нь сурагч формтойгоо гүйж очоод л хаалгаа нээнэ. Тэрбээр хүүхэд насандаа эргэж очихыг үнэхээр их хүсэж байсан юм. Удалгүй Хүүхэлдэйн театрт дагалдан жүжигчнээр орж ажиллалаа. Гэтэл арван жилийн сурагчдын хайр сэтгэлийн тухай киноны пробонд шалгаруулалт явуулах зар гарчээ. Пүрэвмаа очиж бүртгүүллээ. Пробонд шалгуулсан хүмүүсийн төгсгөл хавьд Пүрэвмаагийн ээлж таарав.
Пробонд тоглох зохиолыг нь өгөхөд тэрбээр нүдэндээ ч итгэсэнгүй. “Хүүхдэдээ эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай Золбоо гэж нэр өгнө” гэж Үрлээ хэлэх ёстой байв. Энэ “Золбоо” гэдэг нэр бол, эмнэлэгт бие нь муудсан хүүхэд, аврагдсаных нь дараа анхны хүүхдэдээ нэрийг нь заавал өгнө хэмээн андгайлсан тэр хүүгийн нэр байлаа. Тийм ч учраас Пүрэвмаа энэ үгийг үнэн сэтгэлээсээ хэлж, киноны гол дүрд тэнцсэн гэдэг. Тэнцсэн гэдгээ нэлээд олон сарын дараа мэджээ. Нэг өдөр гадагш гарах гээд Хүүхэлдэйн театрынхаа коридороор алхаж явтал, өөдөөс нь бүрх малгай духдуулаад нүдний шил зүүчихсэн, цувтай өндөр хүн дипломат цүнх бариад явж байсан нь Дамчаа гуай байв. Мэндлээд хажуугаар нь өнгөрөх гэтэл, чи чинь хэн билээ гэхэд нь “Пүрэвмаа” гэвэл, “Аан тийм үү, хамт явна аа” гэж. Тэгээд театрын даргын өрөөнд орохдоо Пүрэвмааг үүдэнд хүлээж бай гэжээ. “Би ямар буруу зүйл хийчихсэн юм бол оо” хэмээн санаа зовж суусан Пүрэвмаад, хагас онгорхой хаалганы завсраар “Энэ хүүхдийг кинонд тоглуулна” гэсэн үг сонсогдоход баярласандаа дуугарч чадахгүй болтлоо хөшиж орхив. Ийнхүү хүссэн киноныхоо дүрд тоглох эрхээ авчээ. Хүүхэлдэйн театрт хүн хүч дутагдалтай байсан учир Кино үйлдвэрээс нэг хүн өгч байж, Пүрэвмааг “Би чамд хайртай” киноны гол дүрд тоглуулсан байна.

ХҮМҮҮС ГОЁ ХАЙРЛАЖ ХАРНА, ЭСВЭЛ ЭВЭРТЭЙ ТУУЛАЙ ҮЗСЭН ЮМ ШИГ ГАЙХАЖ ХАРНА

- Кино зохиолоо уншаад анх ямар сэтгэгдэл төрж байв?  
- Хүүхэд тэврээд үлддэг нь л их хэцүү санагдаж байсан. Бусад нь бол гоё, яг л сурагчийн амьдрал. Зураг авалтад ороод л, бодит байлгахын тулд сурагчийн цүнх үүрнэ. Хүүхэд болчихсон юм чинь “Бамбарууш” кафед орж үзэмтэй будаа, хайлмаг авч иднэ. Хөдөө бригадаар явахдаа өмсдөг гутлаа зураг авалтын үеэр өмсөнө. Миний муухай сайхан огт хамаагүй. Би бол өөрийгөө хөөрхөн гэж бодохгүй шүү дээ. Харин найруулагч юу гэж хэлсэн, тэрийг нь л би тодотгоод өгчих юмсан. Энийг нь л нэг байгаагаар нь гаргачих юмсан гэж боддог байлаа. Сайн, муу тоглож байгаагаа ч мэдэхгүй. Ямар ч байсан намайг загнахгүй байгаа болохоор сайн тоглож байна л гэж бодно. Үсрээд л хоёр дубль, өөр олон дубль хийдэггүй байлаа. Тэр кинонд Баяраа гэдэг дүрийг яаж тэгж олдог юм. Их сонин, манай арван жилийн ангид надтай нэг ширээнд суудаг Баяраа гэж хүүхэд жинхнээсээ байсан юм. Ингээд л кино зураг авалт дуусаж, киноны нээлт болсон доо.
Киноны нээлтийн өдрийн дурсамжаасаа хуваалцвал сонирхолтой байна?
- 1985 оны 7 сарын 25-нд киноны нээлтэд орчихоод байж байтал манай ангийн Баяраа, хоёулаа энэ киног үзэх үү гэж байна. Би дүүрэн цэцэг барьчихсан байгаа шүү дээ. “Би кинонд тоглосон” гэж хэлээгүй, зүгээр л “Манай гэрийнхэн намайгмашинтай хүлээгээд байна. Би явалгүй болохгүй” гэж хэлсэн. “Би ганцаараа үзэх юм уу” гэхэд нь үг хэлэхгүйгээр яваад өгсөн. Тэгсэн чинь манай ангийн Баяраа тэр киног үзээд бүр ичиж үхэх шахсан гэнэ. Автобусанд суугаад явж байхад нь хүн болгон л Баярааг, ямар тэнэг амьтан бэ, тэр хөөрхөн охиныг зовоож байдаг гэсэн чинь, өөрийг нь хэлж байгаа юм шиг л санагдсан гэдэг. Тэгээд манай гэрт ирээд надад ярьж байгаа юм. “Би ирэх замдаа ямар их зовж ирсэн гэж бодно. Бүр ичиж ирлээ. Намайг хэлж байгаа юм шиг санагдаад, энэ чих бүр халуу оргиод байна” гэдэг байгаа. Баяраа их мундаг онц сурлагатай хүүхэд байсан. Миний тархи гэмтсэн үед ангийнхан нэг нэг дэвтэр гаргаад миний хичээлийг хуулах, тэр ажлыг зохион байгуулж байсан гэдэг. Нэг ангийнхан гэдэг чинь сайхан шүү дээ.
- “Би чамд хайртай” киноны дараа өөр ямар кинонд тоглосон бэ?
Хоёр ихрийн тухай “Аль нь вэ” гэдэг кинонд гимнастикчин охины дүрд тоглосон. Тэр үед би эмнэлэгт жижүүр хийсээр байгаад ядраад, тавхан өдөр Баянбуурал амралтын газарт зураг авалтад оролцохдоо нэг бодлын амарч байгаа юм. Тэр үеийн Батзангиа, Алтансүх гээд манай спортын төв ордны хөнгөн атлетикийн залуучууд кинонд тоглож байсан. Би бол уран сайхны гимнастикт явдаг. Бид бие биенийгээ мэддэг. Би хэдийгээр кино урлагт орсон ч гэсэн спортын бэлтгэлээ хийгээд л явдаг байлаа. Үеийнхээ тамирчидтай зурганд явсан чинь ямар гоё юм бэ? гэж бодогдож байсан. Буянтын гуанз гээд л ярьдаг Гүржав гуай, бас Сэсээр гээд Батад тоглодог жүжигчин манай Хүүхэлдэйн театрын жүжигчид байсан. Тэд нартай хамт энэ кинонд тоглосон юм. Дараа нь Багануур явж барилгачин охины дүрд тоглосон. Дандаа л залуучуудтай хамт явж, кино натур гэж ийм байдаг юм байна гэсэн ойлголттой болсон сайхан үе л дээ. Тэд нарын дотор бие биедээ хайртай болж байгаа хөөрхөн залуучууд, хүүхдүүд байна. Тэрийг харж гайхаад л. Өөрөө бол би нэлээн хашир хүүхэд байгаа шүү дээ, асрагч хүн юм чинь. Тийм ч амархан сэтгэл хөдлөхгүй. Эмоци багатай, бодит юманд илүү дуртай. Гэхдээ л тэдний хөгжилдөж байгаа нь их гоё. Дараа нь “Амьдралын урсгал” зэрэг хэд хэдэн кинонд тоглосон. Хүүхэлдэйн театрт ажиллаж байхад Актив гээд мундаг зураач байдаг байлаа. Пролоноор алтан загас хийхдээ дандаа боронз шигтгээд будчихсан. Тэгээд “Хүндэт өвгөн ах минь хүрээд ирэв үү та” гээд алтан загас руугаа хараад хэлж байхад миний нүд рүү нөгөө боронзон будаг нь ороод, нүдний салст хавагнаад, хүүхэн хараа хүртэл харахгүй болчихсон. Тэгээд л группт орсон. Надад маш том цохилт болж байгаа юм.
- Яаж даван туулав?
- Эхлээд уйлаад л, ээжийгээ, гэрийнхнийгээ зовоож байсан. Аз болж нүдний хараа гэмтээгүй. Салстууд л гэмтсэн. Залуу хүнд зургаан сар групптэй байна гэдэг чинь маш хэцүү. 3-р групп гэхээр бүр айхтар. Эмч дээр очиж тариа хийлгэдэг. Тэгж байхдаа ер нь оёдол суръя гэж бодоод, ээжийн маань хамаатны Чалхаа эгчдээ очоод дагалдан нь болсон. Оёдолд сайн суралцахын тулд Сансарын захиалга оёдолд орж ажилласан. Үнэхээр тэвчээр шаарддаг ажил юм билээ. 1986 оноос хойш 30-аад жил оёод ч би оройд нь гараагүй л гэж боддог. Би загвар, эсгүүрээ өөрөө гаргаж, бүх деталиа оёж чадна. Одоо энэ нэхий дээлээ гэхэд 1996 онд оёсон. Гурав дахь охиноо төрж байх үед нэг их гоё хатны хувцас оёж байсныг 20-иод жилийн дараа том охин маань өмсөж амилуулсан шүү. Оёдолчны ажилд суралцчихаад Хүүхэлдэйн театртаа эргэж ороод, киноны анхдугаар фестивальд оролцохоор Хөвсгөл явж байлаа.
Алтан үеийнхэнтэй хамт явсан байх нь ээ?
- Тийм ээ. Кино фестивалийн үеэр Хуланд тоглодог Долгорсүрэн гуай, Ардын элчийн Ариунаад тоглодог Цэвэлсүрэн гуай, Цогзолмаа гуай, Балжинням гуай, Дамчаа гуай гээд жинхэнэ алтан үеийнхэнтэй хамт Хөвсгөлд очиж байсан. Би тэр үед давхар биетэй. Намайг юунд ч хүргэхгүй, ямар их өргөж дээдэлдэг байсан гэж бодно. Бид нар Төмөрбулаг, Эг- Үүр, Тариалан сумаар явж байсан юм. Ард Аюушид тоглодог Чойжилсүрэн гуай, гавьяат операторчин Уртнасан гуай бид нар жолоочтойгоо нэг баг. Манай группт Жамц баянд тоглодог өвөө байсан юм. Түрийвчнээсээ эсгийгээр хийсэн оготно гаргачихдаг, түүгээрээ тоглоод л явна. Би бол киноныхоо дууг дуулна.
- “Би чамд хайртай” кинонд тоглосныхоо дараа олны танил байхын хэцүүг мэдэрч байв уу? Яагаад гэвэл 1985 онд өөр ийм кино байгаагүй шүү дээ.
- Анхны кино маань гараад удаагүй байхад Хүүхэлдэйн театрынхантайгаа бригадаар яваад ирсэн чинь “Би чамд хайртай”-гийн Үрлээ, Дэлгэр, Баяраа гээд нэг тийм гурвалжингийн тухай ярилцлага “Залуучуудын үнэн” сонинд харагдаад, тэр охины амьдралд ийм юм тохиолдож гээд биччихсэн байсан. Би гэрээсээ гарахгүй зөндөө уйлсан, Балжинням гуайд гомдоод. Тэгээд Кино үйлдвэр дээр очихдоо уулзаж “Балжинням гуай, би хүүхэд гаргаагүй, хүнтэй ч суугаагүй байна. Та яагаад ийм ярилцлага өгсөн юм бэ?” гэсэн чинь, “Найруулагч нь юу гэж тэгж хэлэх вэ дээ, тэр хүн л тэгээд бичсэн юм байгаа биз” гэсэн. Тэр үед би “Кинонд юу гэж тоглов оо” гээд их харамсаж байлаа. Олны танил байх хэцүү. Ажлаа тараад би хороолол хүртэл алхана. Автобусанд сууж чаддаггүй. Хүмүүс харахдаа гоё хайрлаж харна. Эсвэл эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаж харна. Тэр үеийн хүмүүс хүнийг хайрлаж чаддаг байж. Бригадаар хөдөө явахад бүр дээдэлнэ. Ааруул гээд л байгаа юмаа барина. Ямар гоё юм бэ гэж бодогдмоор. Хүний чанар тийм гоё байсан юм.

ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЖ БАЙХДАА ДҮР БҮТЭЭХ ЭРЛЭЭ ОЛСОН

- “Шарай голын гурван хаан” киноны саналыг хэзээ хүлээж авсан бэ?
- Группт байхад минь надад киноны санал ирсэн юм. “Шарай голын гурван хаан” киноны Рогмо гуа хатны дүрд тоглохоор боллоо. Эрэл хайгуул хийхийн тулд би эргээд эмнэлэгт ажиллахаар шийдсэн. Миний найз, судлаач, шүүмжлэгч Эрдэнбулганы Болормаа маань намайг Нямын Цэгмэд гуайн гэрт дагуулж очсон юм. “Энэ хүн Рогмо гуа хатны дүрд тоглох гэж байгаа юм, та зөвлөгөө өгөөч” гэсэн. Би бүр өөртөө ч итгэхгүй, энэ агуу хүний гэрт ирээд байж байна гэхээр зүүд зэрэглээ шиг л санагдаж байлаа. Гэтэл тэр агуу хүн маань даруухан, улаан чавга аяганд хийж уугаад л сууж байсан. “Шарай голын гурван хаан” дуулалт жүжгийн тавилтыг их дэлгэрэнгүй ярьж өгсөн. Үнэхээр яг тэр тавилтын дагуу л кино зураг авсан шүү, их сонин. Дараа нь Дамчаа гуайгаас би өөрөө очиж зөвлөгөө авч байлаа. Дамчаа гуай надад, “Партнерынхаа үгийг чин сэтгэлээсээ сонсоод чин сэтгэлээсээ хариултыг нь хэл. Ингэвэл дүрээ товойлгоно” гэж хэлсэн. Өнөөгийн жүжигчид ч гэсэн мэдмээр л зүйл. Одоо гарч буй зарим кинонд эмоцийг голлоод, үгээ сонсохгүй, амьд харилцаагүй орилоод байгаа тоглолт мэр сэр харагддаг.
“Шарай голын гурван хаан” киноны Рогмо гуа хатны дүрийг хэрхэн бүтээв?
- Би 3-р эмнэлэг дээр очоод “Яг үнэнээ хэлэхэд, хатны дүрийг би яаж бүтээхээ мэдэхгүй байна. Та намайг асрагчаар аваач ээ” гэсэн. Социализмын үед, 80-аад он байсан бол намайг хэзээ ч авахгүй. Гэтэл “Чи яасан шуналтай юм, Хүүхэлдэйн театрт ажилладаг гэлүү. Одоо телевизэд ажиллаж байгаа гэсэн хэрнээ манай 3-р эмнэлэгт ажиллах гээд” гэхэд нь би цалин авахгүй гэдэг нөхцөл тавьж байж ажилд орсон. Үрлээ гэж танигдахгүйн тулд маск зүүчихээд шал угааж эхэлсэн. Тэр үед Балхжав ах надтай таараад, “Хүүе Пүрэвмаа чи энд юу хийж байгаа юм” гэсэн чинь, би “Асрагч хийж байна” гэсэн. “Яаж байгаа юм” гэхэд нь, “Би нэг дүр аваад аа. Тэгээд дүрээ яаж илэрхийлэхээ мэддэггүй, судалгаа хийж байгаа юм” гэсэн. Балхжав ах “Манай хадам аав энд хэвтээд” гээд явж байсан.
3-р эмнэлгээс эрлээ олсон уу?
- Би хатны дүрийн алхааг хэнээс олж харсан гээч? Элэгний Лхамсүрэн эмч маань 10-р анги төгсөөд ирж ажиллахад минь намайг анх тосож авсан хүн. Нэг өдөр манай тасаг руу чагнуураа бариад ирж явна аа. Би Лхамсүрэн эмчийн алхалтыг нь харж байгаа юм. “Өө,Рогмо гуа хатны дүр ийм л байх ёстой юм байна. Хатан ингэж л харах ёстой юм байна” гэж бодогдсон. Лхамаа эмч тасаг руугаа ороод буцаад доошоо нэг давхар луу явахад нь би нууцаар дагаж харж байгаа юм. Ихэмсэгдүү харж явдаг. Үсээ өндөр овоолж байгаад их гоё янзалдаг. “Энэ л байсан юм байна” гэдгийг би ойлгосон. Би шөнөдөө жижүүрт гараад өдөр нь хатны зураг авалтад ордог байлаа. Дашчойлин хийдтэй ойр болохоор нь Балдандорж ахынд ээжийн төрсөн дүү Цэвэлмаа эгчийн гэрт очиж хонодог. “Энэ Пүрэвмаа яагаад энд ирж унтаад байдаг юм” гээд Балдандорж ах бүдүүн дуугаар намайг загнана. Би зураг авч байгаа гэж хэлэхгүй. Тэр үед зураг авалт хийж байгаа Дуган нь их хүйтэн. Эмнэлэгт бол дулаахан, цав цагаан халад өмсдөг. Тэр нь их гоё. Тэгээд 3-р эмнэлгээс л Рогмо гуа хатныхаа дүрийг олсон доо.
“Шарай голын гурван хаан” кинонд алтан үеийнхэнтэй хамт тоглосон байх аа?
- Гомбосүрэн гуай Цагаан гэрт хаан нь, Хар гэрт хаан нь Нямсүрэн гуай, Шар гэрт хаан нь дуучин Жаргалсайхан гуай, Цотон ноён нь Цэрэндагва ах, мөн Түвшинтөгс гээд мундаг жүжигчид тоглосон. Бусад хатад шивэгчдийн дүрд дуурийн дуучид тоглож байлаа. Цэрэнпагма эгч маань намайг дагалдан жүжигчин байхад миний багш байсан юм. Багш маань их гоё манер зааж, үнэн билэг танхай монгол хүний хэв маягийг хэлж өгдөг байлаа. Намрын зураг авалт Богд хааны музей дээр болж байгаа юм. Нүд рүүгээ тариулчихсан болохоор битүү час улаан. Жаргал найруулагч намайг ойлгоод байгаа ч, общий авч болдоггүй. Дамдин жүжигчин миний Барс баатарт тоглож байгаа. Барс баатар “Рогмо гуа хатан минь...” гээд хэлэх гэхээр миний нүдийг хараад айдаг. Жүжиглэлтээ би өргөөд явдаг байлаа. Тэгэхдээ гоё талаас нь биш, харин бодит дүрийг яаж илэрхийлэх вэ гэж нэлээн эрэл хайгуул хийж дүрээ бүтээдэг байсан. Төмөрхуяг ах гээд царайлаг жүжигчин “Та миний хатан болооч” гэхэд нь, үгүй ээ гээд л. Нар шиг гэрэлтэж сар шиг гийж байгаа энэ хатанд дурлачихлаа гээд бүх хаад нь надад дурлаж байгаа. Энэ бүхэнд би эмоцитой хандаж, туйлширч болохгүй. Бүх юм түр зуурынх гэдгийг ойлгодог байсан.
Та “Шарай голын гурван хаан”-аар дипломоо хамгаалсан гэж үнэн үү?
- Тийм ээ. “Мюзик холл” театр, кино, хөгжмийн дээд сургуулийг төгсөхдөө “Шарай голын гурван хаан” жүжгийг Монголын театр урлагт тавьсан нь” гэдэг сэдвээр дипломын ажлаа хамгаалсан. Дөрвөн жилийн хөтөлбөрийг хоёр жилд багтааж сураад төгссөн маань алтан үеийнхэнтэйгээ хамт ажиллаж, тэднээс ихийг суралцаж байсны минь л ач тус юм.
Пүрэвмааг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд очиход, Соёлын төвийн эрхлэгч нь “Би 35 жил энэ соёлын төвдөө ажиллаж байна. Та өмнө нь нэг ч удаа ирээгүй. Таны тоглосон “Шарай голын гурван хаан” киноны Рогмо гуа хатныг би шүтдэг. Энэ киног өнөөгийн хүүхэд, залууст нэг үзүүлэх юмсан” гэж байжээ.  
Харин түүний анхны дүр болох “Би чамд хайртай” киноны зураг авалт дууссаны дараа Үрлээгийн дүрд тоглосон жүжигчин С.Пүрэвмаагийн тухай бичигдсэн нэгэн тодорхойлолт түүх болон үлдсэн байдаг. 1985.5.15-ны өдөр бичсэн уг тодорхойлолтод кино зохиолын нэрийг “Сондгой тоо” гэсэн байх агаад “...Энэ киног бүтээх явцад Пүрэвмаагийн жүжигчин болох авьяас нь бидэнд мэдэгдэж байснаас гадна дүрдээ хувилахын үүднээс идэвх санаачилга гарган уйгагүй ажилладаг болох нь бас мэдэгдэж байв. Иймээс ч бид зарим нэг плануудыг өөрийнх нь санаачилсны дагуу авч байлаа. Ерөнхий найруулагч Б.Балжинням, Найруулагч Дамчаа, Зургийн дарга Эльбрус” гээд гарын үсгээ зуржээ.  
Би Пүрэвмаагаас “Анхны хүүхдэдээ Золбоо гэдэг нэр өгсөн үү гэж асуухад, “Үгүй. Тэр бол Үрлээгийн амьдрал. Би Пүрэвмаа учраас өөр нэр өгсөн” гэж хариулсан юм.

ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ, БЯСАЛГАГЧ,
СЭТГЭЛ ЗҮЙЧ С.ПҮРЭВМАА
-С.Пүрэвмаагийн загварууд Ариунаа Сүригийнх шиг танигдаагүй ч, яг үнэндээ түвшин илүү байж мэдэхээр харагдаж буйг нуух аргагүй-
“Өв соёл судлал, зохиомж, урлахуй ухааны хүрээлэн” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч нь С.Пүрэвмаа. Монголчуудын уламжлалт өв соёл, эрүүл зөв хэв маягийг өдөр тутмын амьдралд хэвшүүлэх уриалгыг дэвшүүлж эрүүл ногоон хооллолт, эрүүл ногоон хувцаслалт, эрүүл ногоон хэв маяг, соёлыг нийгэмд дэлгэрүүлэх зорилготой байгууллага ажээ. Байгууллагынхаа үйл ажиллагааны хүрээнд С.Пүрэвмаа хөдөө орон нутаг болон их дээд сургуулиудад лекц уншин, сургалт семинар явуулж, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ өөрийн бүтээсэн эко загваруудаар үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулж, зөв хувцаслалтын соёлыг түгээж ирсэн байна. Тэрбээр монгол үндэсний хувцасны хэв загварыг өдөр тутмын хувцасны элементтэй хослуулан минимал болгох, мөн хийж буй хувцаснууд нь байгаль орчинд ээлтэй байхад онцгой анхаардаг.
Пүрэвмаагийн бүтээсэн хувцасны загвар монгол хэв маягтай, биед эвтэйхэн, эрүүл мэндэд тустай, хүний амин орон зайг хамгаалсан байдгаараа онцлог юм. Загвараа гаргахдаа монгол хүний бие физиологи, манай орны эрс тэс уур амьсгалын нөхцөл байдлыг харгалзан үздэг төдийгүй монгол хүний эрхэмсэг агаад тансаг төрхийг тодотгон харуулахыг зорьжээ. Өдөр тутмын, аяллын, гоёлын зориулалттай загварууд нь монгол хүний өвөрмөц дүр төрхийг бүтээсэн харагдах аж. С.Пүрэвмаагийн загварууд Ариунаа Сүригийнх шиг танигдаагүй ч, яг үнэндээ түвшин илүү байж мэдэхээр харагдаж буйг нуух аргагүй. Хамгийн гол нь монголчууд ойлгох болоогүй байх үед буюу арай эрт бүтээгдсэндээ л байх шиг.
Энгийн даруу атлаа бүтээлч хүний хийж бүтээснийг олонд таниулах, тэр тусмаа дэмжлэг үзүүлэх боломжтой түвшинд нь хүргэж чадаагүйн буруутныг хайхаасаа өмнө, загваруудыг нь харж өөрийнхөөрөө үнэлэн, захиалга өгөөд хийлгэж өмсөн, хэрэглээнд нэвтрүүлэх нь илүү чухал санагдлаа. Үнэхээр 21 дүгээр зууны монголчуудын өмсөх хувцсыг дизайнер С.Пүрэвмаа урлаж чадсан харагдана. Пүрэвмаагийн ажил үйлс бүхэн өөр хоорондоо нягт уялдаатай. Хувцас загвар нь гэхэд эрүүл амьдралын хэв маяг, үндэсний уламжлалтай холбоотой бол, түүний анагаахын судалгааны ажил нь эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, оюун ухааны бясалгал болон сэтгэл зүйчийн ажилтай нь холбогддог. Эргээд эрүүл амьдралын хэв маягтай холбоотой бүхэн нь монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд амьдардаг монгол хүний хувцаслалт, эрүүл мэндтэй холбогдох жишээтэй.
Түүний хувцас загварт байнга ажиглагддаг нэг элемент бол нударга юм. Гарын шуугаа дааруулахгүй байх нь эрүүл мэндэд тустайг тэр өөрийн туршлагаар мэднэ. Түүний 20 жилийн өмнө оёж өмссөн нэхий дээл нь гэхэд л нударгатай. Мөн түүний загварт нэн чухалд тооцогддог бас нэгэн элемент бол бүс. Бүс нь хүний амин оронг хамгаалж, гаднын аливаа нөлөөнд өртөхөөс сэргийлдэг хэмээн тэр ярьж байлаа. Мөн түүнчлэн монгол дээлний зах, юүдэн малгайг түүний бүтээсэн загваруудаас олонтоо харж болно. Эдгээр элементүүдийг загвар бүрт шахам оруулснаараа, тэрбээр монгол хүн эрүүл байхын нэг үндсийг хувцсаар нь дамжуулан бүтээж буй ажээ.
Пүрэвмаа нийслэлийн ихэнх эмнэлэгт асрагчаар, хожим сэтгэл зүйчээр ажиллахдаа “Хүн яагаад өвддөг юм бол? Өвдөхгүй байх арга байна уу? Нэгэнт өвдсөн тохиолдолд яаж эдгээх вэ?” гэсэн асуултуудад хариулт олохыг зорьж иржээ. Хүн харахад асрагч хийгээд зогсож байгаа ч, яг үнэндээ бол хүний эрүүл мэндийн тухай бясалгаж байж дээ гэсэн сэтгэгдэл, түүнтэй ярилцаж байхад надад төрсөн юм. Пүрэвмаа өвчтөнүүдийн өвчний түүхийг уншиж, эдгэх үйл явцыг нь ажиглан дүгнэлт хийж, зарим тохиолдолд таалал төгссөн хүний нүдийг хаах, морг руу хүүхэд хүргэх зэрэг эмнэлэгт ажилладаг хүний зайлшгүй хийх үйлийг хийж, бэрх бүхнийг нь туулж ирсэн байдаг. Эмнэлэгт шөнийн ээлжинд гарах, шал угаах, палат цэвэрлэх, өөрийн ухаангүй болсон өвчтөний өтгөн шингэнтэй зууралдах, амь насыг нь аврахад туслах, хамт шаналах, бүхий л өвчин зовлонг нь сонсож тайвшруулах, дасгал зааж өгөх, иллэг бариа хийж өгөх гээд хэн хүний тэр бүр давж чадамгүй олон давааг тэр давсан. Тэгэхдээ “Би хүнд тус боллоо” гэсэн баяр жаргалыг мэдэрч байснаас биш, өөр бодол огт төрж байгаагүй гэдэг. Үнэхээр л том буянтны сэтгэл зүй ийм байдаг биз ээ.
Тухайн үед өвчтөнүүд өөрсдийгөө эмч, сувилагч, асрагч нарт бүрэн даатгаж буйг нь хараад гайхах сэтгэгдэл төрдөг байснаа ч тэр нуугаагүй. Яавал хүнийг өөрөө өөрийгөө мэддэг хүчирхэг болгох вэ гэдэг эрэл хайгуул руу л энэ бүхэн түүнийг хөтөлсөн. Тэгээд тэр өөрөөсөө эхлэхээр шийдсэн. Багштай болж бясалгалд суралцсан тэрбээр байгалийн энергийг эрхэмлэн дээдэлдэг нэгэн. Эмнэлэгт асрагч хийж байхдаа нэгэн өглөө, үүр цайх үед байгалийн эрчим энерги бүх биеэр нь нэвчин орж ирэхийг анх мэдрээд дасгалаа хийж, улмаар өвчтөнүүддээ зааж өгч байсан бодит түүх түүнд бий.

ХҮМҮҮС НАМАЙГ ҮРЛЭЭ ГЭЖ ТАНИАД ЭМЧ ГЭЖ ХАРДАГ БАЙЛАА

- Эмнэлэгт ажиллаж байхдаа өвчтөнүүдийг хараад танд юу бодогддог байв?
- Магадгүй энэ ертөнц дээр хүн төрөөд үхэх хүртлээ физик биеийг маш цэвэрхэн байлгах хэрэгтэй юм болов уу. Тэр үеийн эмнэлгийн өвчтөнүүд эмч, сувилагч, асрагч нарын л амыг хардаг. Яг жаахан хүүхэд шиг. Тэгэхэд нь би, хүмүүс ямар сул дорой юм бэ. Ийм амархан өвдчихдөг, тэгсэн хэрнээ бүх биеэ эмчид, эмнэлэгт тушаагаад байдаг. Сонин юм гэж гайхаж хардаг байлаа. Тэр үеийн Пүрэвмаагийн харц тийм л байсан.
- Та ямар эмнэлгүүдэд ажиллаж байсан бэ?
- Хүн яагаад өвдөөд байна гэдэг шалтгааныг олох нь миний хувьд чухал байсан. Миний нөхрийн ээж нэгдүгээр эмнэлэгт тасгийн эрхлэгч байсан хүн. Би 2-р эмнэлгийн дотрын тасгаас авахуулаад НАХЯ-ны, Чингэлтэй дүүргийн гээд хотын бүх эмнэлэгт асрагч, бүр хожим л сэтгэл зүйчээр ажиллаж байлаа.
Нэг зорилго байгаад байна шүү дээ, танд?
- Ээж минь надад “Хэзээ ч үр хөндүүлж болохгүй шүү” гэж захидаг байлаа. Хүний илүү гэж байдаггүй юм гэдгийг ойлгуулсан учраас “Яасан ч олон хүүхэд гаргадаг юм” гэж хүн хэлэх вий гэсэн айдасгүйгээр би хүүхдүүдээ төрүүлсэн. Гэхдээ хааяа гэдсээ нуух шаардлага гарна л даа. Хамгийн сүүлд эмнэлэгт ажиллахаар очихдоо, тав дахь хүүхдээ гэдсэнд байхад монгол дээл өмсөөд нууж байсан. Тэгээд тэр үеийн 3-р эмнэлгийн дарга Батсэрээдэнэ эмчид “Та минь намайг ойлгооч ээ. Би ерөөсөө эмнэлэгт л ажиллах хэрэгтэй байна. Хэдэн жилийн өмнө би энд асрагч хийж байсан. Одоо арай өөр өнцгөөс хармаар байна” гэсэн чинь “За миний хүү эмч битгий хий, асрагч битгий хий, сувилагч битгий хий. Яг өнөөдрийг хүртэл монголын анагаах ухаанд сэтгэл зүйч гэж байгаагүй юм. Та хамгийн анхных нь болж байна. Гэхдээ нэг тасагт л ажиллана шүү” гэсэн. Тэгээд уушгины тасагт ажиллуулсан.
Сэтгэл зүйчээр ажиллаж байхад хүмүүс таныг таньж байв уу?
- Хүмүүс намайг Үрлээ гэж таниад эмч гэж хардаг байлаа. Хамаг өвчнөө надад хэдэн цагаар ч хамаагүй ярина. Тэгснээ маргааш нь, ёстой нэг сайхан унтлаа гэдэг. Би болохоор зовхи унжаад, тураад хонхойгоод байна. Гэтэл тэрийгээ жаргал гэж бодоод, нэг ч гэсэн өвчтөнийг сайхан унтуулчихлаа гээд баяртай явдаг байсан. Өглөө нь дахиад тасгуудаар явна. Тэр үед сэтгүүлч Золжаргал ахтай тааралдсан чинь “Пүрэвмаа, миний дүү юу хийгээд явж байгаа юм бэ” гэсэн. “Золоо ах аа би, хүн яагаад өвдөөд байгаа юм, яагаад зовоод байгаа юм, шалтгааныг л олох гээд яваад байна. Одоо хэр нь би олоогүй л байна” гэсэн чинь их гайхсан.
Эмнэлэгт ажиллахдаа хийсэн ажиглалтын үр дүнд та юуг ойлгож авсан бэ?
- Би 1984-2000 онд эмнэлэгт ажилласан. Юуг ойлгосон гэхээр, “Монгол хүнд клиник хэрэггүй” гэсэн бодол миний толгойд орсон. Тэгээд 2000 оноос хойш 16 жилийн турш уламжлалт анагаах ухаан судалж байна.
Та энэ талаараа лекц уншиж байв уу?
- Их, дээд сургуулиуд, орон нутаг гээд олон газарт лекц уншсан. Батсэрээдэнэ эмч намайг дэмжээд “Этүгэн” дээд сургууль дээр лекц уншуулахаар урьсан юм. Тэр үед анагаахын сургуульд нэг поток буюу 400 оюутанд лекц уншсан. Эрүүл зөв хувцаслалт гэж ийм байдаг. Эрүүл зөв хооллолт гэж ийм байдаг. Эрүүл зөв байгальтайгаа зохиролдох монгол хүмүүний амьдрал ийм байдаг. Ногоон хоол идэж байгаа хүн ийм уян байдаг гээд шууд бүтэн шпагат суугаад харуулсан. Оюутнууд зураг аваад л. Гайхаад л...
Хэдэн онд вэ?
- 2008 он хавьцаа.
Та бас балетаар хичээллэдэг гэл үү?
- Балетийн Онон багшдаа би их баярлаж явдаг. Намайг яг 18 настай охин шиг л бөөцийлөөд балетийн хичээл заадаг байлаа. Би 18 настай охидтой хамт дөрвөн жил суралцаж 2014 он хүртэл хичээллэсэн. Их том боломж юм даа.
Охид танд эрүүл мэндийн асуудлаа ярьдаг байв уу?
- Тэд маань “Пүрэвмаа эгчээ, миний өтгөн гардаггүй ээ” гэдэг. Өнөөдөр үү гэсэн чинь долоо хонож байна гэж байгаа юм. 1-р курсээсээ эхлээд л пирожки идэж байна шүү дээ. Хоол биш хог. СУИС-д охидууд анх ирэхдээ хөөрхөн булцгар цагаан царайтай байдаг. Төгсөх үедээ нүүрээр нь дүүрэн юм гарч царай нь харлачихсан харагддаг. Элэг, ходоод нь болохоо байж байна гэсэн үг. Их дээд сургуулиудын хувьд эрүүл хоолны цэс гаргаж оюутнуудаа хооллож байхгүй бол, залуу үеэ ингэж олноор нь өвчлүүлээд байвал хэцүү. Энэ тал дээр би тэдэнтэй хамтарч ажиллах боломжтой. Дээр нь манай охид хэт их будах шаардлагагүй юм шиг санагддаг. Дотооддоо өөртөө итгэл муутай учраас л гадна өнгөндөө хэт анхаарч байна уу гэмээр. Залуу хүн бол дотроос нь гэрэл цацарсан, их эрч хүчтэй байдаг шүү дээ. Гагцхүү өөрийгөө танин мэдэх, өөрийн би-гээ ойлгох нь л чухал.
Монгол эмэгтэйчүүддээ хандаж юу хэлэх вэ?
- Хамгийн нэгдүгээрт хэн нэгнээс дутахааргүй харагдах гэж бие хаагаа мэс заслын аргаар янзлаад байхын оронд хөдөлгөөн хийж, ургамал жимсээ ахиухан идээд, ямар нэгэн орлуулагч, сүлжээний бүтээгдэхүүн бүү хэрэглээсэй гэж хүсэж байна. Монгол бүсгүй бол хумсаа ч будах шаардлагагүй юм. Яг өөрөөрөө байх нь дотоод хүчийг бий болгоно гэдгийг хэлье. Монгол эрчүүд үүнийг л хүсээд байгаа шүү дээ. Нэг хүн надад, “Нэг эмэгтэйтэй уулзлаа учирлаа, нүүрний будгаа огт арилгасангүй. Ямар аймаар үнэр байсан бэ” гэж ярьж байгаа юм. Тэр нь гоо сайхны бүтээгдэхүүн. Тэгэхлээр монгол эрчүүдээ ийм юмаар түлхээд байж боломгүй санагдана. Анагаахын номноос харахад, үнэрлэх мэдрэмж яг тархины дотор талд ногоон өнгөтэй хоёр сэрэвгэр байдаг. Энэ нь бүр эртний тархинд ч байгаа. Тэгэхээр далд ухамсарт байна гэсэн үг. Аав нь, эмээ өвөө нь хүүхдээ үнэрлэхээр бүр эртний сүнсийг нь, тийм эрч хүч, мөн чанарыг нь мэдэрдэг. Муу хүний талаар “Хүний үнэргүй амьтан” гэж ярьдаг нь ийм учиртай.

ӨӨРӨӨРӨӨ БАЙХ НЬ ДОТООД ХҮЧИЙГ БИЙ БОЛГОНО

- Та хувцасны загвар гаргахдаа ямар зарчмыг гол суурь болгодог вэ?
- Үндэсний хувцасны нүсэр гял цал байдал баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр л зөвхөн хэрэглэгддэгийг өөрчилж, хүний биеийн эрүүл мэндийг хамгаалсан судалгаатай, шинэчлэгдсэн бөгөөд үндэсний хувцасны элемент бүхий ерөнхий, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой хувцсыг орчин үеийн хэрэглээ болгох зорилготойгоор загвараа гаргадаг. Хүүхдэдээ бөөр, үе, шилбээр даарч огт болохгүй. Амин орон, нуруу нугас, гарын үеэр даарч бүр ч болохгүй гэдгийг хэлдэг хүн хэр олон байгаа бол. Үүнийг л би хувцас загвараар дамжуулж ойлгуулахыг зорьж байна. Мөн олимпийн бэлтгэл хийж буй тамирчдадаа хувцас хэрэглэл оёж өгдөг. Тэд маань ч өндөр сэтгэгдэлтэй байдаг юм.
Хэзээнээс эхлэн тамирчидтай хамтарч ажиллав?
- 2003 оноос эхлэн МҮОХ-той хамтран ажиллаж, 2006 оноос Банди болон Батсүрэн багштай Боксын шигшээ багт сэтгэлзүй, бясалгал, уян хатны дасгалыг зааж байсан. Мөн 2008 онд Бээжингийн олимпод бэлтгэж байсан Бадар-Ууган, Сэрдамба, Түвшинбат, Чулуунбаатар, Шинэбаяр, Отгондалай нарын тамирчдад сэтгэлзүй, бясалгал, уян хатны дасгалыг хоёр жилийн хугацаанд зааж байсан нь тэдний маань /Бадар-Ууган, Сэрдамба/ Бээжингийн олимпод амжилт гаргахад нь түлхэц өгсөн гэж санадаг. Тухайн үед хичээл зааж байхад, тамирчдын нойр нь хүрэхгүй байх, жин хасахдаа өлсөх, ядрах гэх мэт бэрхшээлүүд гарч, нүдний доогуур нь шарлах, дотор муухай оргих шинж тэмдгүүд илэрдэг байлаа. Тиймээс тэдэнд ширгээсэн ус, ургамлын цай уулгах нь биеийнх нь хүчил шүлтлэг байдлыг тэнцвэржүүлэхэд дэмтэй байсан. Хичээлийн явцад сэтгэл санааг нь засах, оршихуйн дотоод хүч буйг ойлгуулах, физик биед нь байгаль дэлхийн хасах цэнэгийг сэлбэж бие, хэл, сэтгэлээр уялдуулах нь чухал байлаа. Энэ нь тамирчдыг бэлтгэлийн үеэр дан ганц физик биеийн бэлтгэл, техникээр цуцаах бус, харин гадаад, дотоод хүчийг нь нэгэн зэрэг ухамсартайгаар нэгтгэснээр тэдэнд сэтгэлийн их баяр, итгэл, дүүрэн төвлөрөл буй болгосныг хэлэх хэрэгтэй.
Та ганцаарчилсан хичээл зааж байв уу?
- Спортын гимнастикийн ОУ-ын хэмжээний мастер, Спортын гимнастикийн шигшээ багийн дасгалжуулагч Алтантөгст өөрийн мэдсэн, ойлгосон зүйлээ хуваалцаж өглөө нарны бясалгал, уян хатны дасгалыг зааж сар гаруй хугацаанд ажилласан. Энэ нь түүний шавь Эрдэнэболд спортын гимнастикийн олимпийн аварга болоход маш их нөлөө үзүүлсэн гэж тэрбээр ярьж байсан.
Та бясалгагч хүний хувьд, бясалгалын ач тусыг хэрхэн тодорхойлж хэлэх вэ?
- Бидний дотоодод ямар гайхамшигтай юм нуугдаж байна вэ? Яагаад энэ тавхан мэдрэмжийн үүдэн дээр ирчихээд сул дорой яваад байна. Илүү гүн чанад руу орооч, энэ физик чанараас халиач гэж байгаа нь бясалгал юм. Амьдрал уг нь үлгэр домог шиг сайхан шүү дээ. Өөрийнхөө зөн совинг илүү их чагна. Тэр чинь л зөв хөтөлнө. Яагаад гэвэл тэр дотоод мөн чанарт чинь л агуу их эрх чөлөө бий. Байгальтайгаа ойр байгаа хүнд, байгаль өөрөө бага насны цайлган цагаан сэтгэлийг нь эргүүлж авчирч өгөөд байдаг. Хүмүүст ийм зүйлийг материаллаг эд биш, харин байгаль л өгч чадна. Ач тус нь энэ юм. Монголынхоо хувь заяаг харж мэдэрч байгаа эрдэмт хүмүүс энэ бүхнийг судалж, монголчуудаа болгоож яваа даа гэж бодож тэдэндээ талархаж байдаг.
Та манай уншигчдад зөв хооллолтын талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
- Зөв хооллож ургамлан хоол, жимс идээд, цэвэрлэгээ мацаг бариад, дөрвөн улиралд дагаад идэвхжиж байгаа таван цул, зургаан сав эрхтэнээ хайрлаад явахад эрүүлжих бүрэн боломжтой. Төгс эрүүлжих юм бол дахин өвдөхгүй. Одоо 11, 12, 1 сар бол ид бөөр дэлгэрч байгаа цаг. 2, 3, 4 сар элэг, 5, 6, 7 сар зүрх, 8, 9, 10 сар уушгины сар байдаг. Бөөр усан махбодтой. Зүрх гал махбодтой. Зүрхэнд цус чөлөөтэй очдог байлгая гэвэл гурилан бүтээгдэхүүн бага хэрэглэ. Элэг модон махбодтой учраас элэгний эх нь бөөр юм. Элэг нь бөөрний тусламжтайгаар эд эсээ цэвэрлэдэг учир эх үрийн холбоотой. Иймд цагаан гурил, цагаан будааг бүү шүт. Монголд арвай будаа, амуу тариа гэж дээд уураг байна. Монголын байгаль гэж мөнгө шаарддаггүй баялаг байна шүү дээ, бидэнд.
- Тэгэхээр байгаль руугаа ханд гэж хэлээд байгаа юм байна, тийм үү?
- Байгаль дэлхий их хүчтэй. Өглөөний шүүдрээр рашаанаа уучихаад гэр лүүгээ алхаад явж байхад зүгээр л хайраар дүүрчихдэг. Тийм их хайраар бялхдаг. Байгалиар даяан хийх гэж ярьдаг шиг, тийм их энерги бидэн рүү, хүн төрөлхтөн рүү, монголчууд руу ирээд байхад түүнийг нь бид хааж гоё диван, хөшиг, машин гээд материалаар түлхээд байдаг учраас тэр гайхалтай цутгаж байгаа энергийг нь авч чадахгүй байна.
- Тухайлбал?
- Уушгины сард ургамал ид боловсордог учир самар жимс идэж, уушгиа тэр бүхнээр тэтгэж бай гэсэн билэг чанар байгаа. Манай орны эрс тэс уур амьсгал, нүүдэлчин амьдралын хандлагад бид намартаа, зун ургасан ургамал, ургац, хадлан, жимс, самраа түүх, идээ цагаагаа базаах, үүцээ бэлдэх цагт хөдөөнийхөн түүнийгээ хурааж чадахгүй хүчгүйдэж байгаа тийм л дүр зураг ажиглагдаж байна. Намар цагийн үржил шим боловсорсон үед хүүхдүүд дархлаагаа сайжруулж, өвөлд биеэ бэлдэж, нөгөөтэйгүүр их ажлын үеийг гэр бүлтэйгээ хамт даван туулах нь чухал. Иймд танай “Зиндаа” сэтгүүлээр дамжуулж “Хичээлийн шинэ жилийг 10 сарын 15-нд эхэлдэг болгож өгөөч” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт уламжилъя.
- Та нийт монголчууддаа хандаж юу хэлэх вэ?
- Монголчууд маань харж байгаа нь дурлаж байгаа юм шиг тийм зөөлөн харцаар хардаг, ярихдаа дуулж байгаа юм шиг, ажиллаж байхдаа зүгээр л амарч байгаа юм шиг, санах төдийд ажил нь бүтдэг ийм хэмжээст оронд амьдардаг болоосой гэж хүсэж байна.
Жүжигчин, загвар зохион бүтээгч, бясалгагч, сэтгэл зүйч С.Пүрэвмаагийн амьдрал, ажил үйлсийг нэгэн сурвалжлагаар бүрэн илэрхийлэхэд нэн бэрх ажээ. Тэр нэг харахад бидний мэддэг залуухан хөөрхөн Үрлээ, дахин нэг харахад нухацтай “Зөөлөн хүч” болон хувирдаг эгэлгүй эмэгтэй юм. Түүнийг ном бичээсэй гэж хүснэ. Агуу хүмүүс энгийн даруу байдаг жамаар, тэр бидний дунд үл анзаарагдам амьдарч байна. Тэр та бидний нэг, эгэл жирийн атлаа ер бусын үлэмж төгөлдөр монгол бүсгүй билээ.

Ц.Оюунчимэг 
2016-12 сар. “Зиндаа” сэтгүүл №1 /501/

Saturday, March 11, 2017

Зүрх сэтгэлээ өвтгөн байж унших ном

            



             Шинэхэн ном олж аваад уншина гэдэг шинэ ертөнцтэй танилцах нэгэн алхам байдаг. Номын ертөнцөд бүрэн автаж, дотор нь амьдарч, хамтдаа баярлаж, гуниглан уншдаг нь уншигч бүрт л тохиолддог зүйл. Гэвч би энд тэс өөр нэгэн номын тухай өгүүлэх гэж байна. Зохиолч А.Пүрэвмаагийн бичсэн “Манго жимстэй цай” номын нээлтийг хөтөлж, бичсэн бүх номуудыг нь гүйлгэж хараад чадварлаг бичсэнд нь олзуурхаж явсан миний бие энэхүү номыг сэтгэл зүрхээ өвтгөн байж уншиж дуусгалаа. Сэтгүүлчийн хат, редакторын хатуу үнэлэмждээ дулдуйдан фэйсбүүк постоо хэвийн байгаа мэт бичиж чадсан ч, дотоод сэтгэлдээ бол асар их шаналан гунигтайгаар үүнийг бичиглэж сууна.
        Хотын роман хэмээх төрөл жанраар бичигдсэн “Манго жимстэй цай” бүтээлд Америкт амьдардаг дөрвөн найз охины түүхээр дамжуулан Монголын нийгмийн амьдрал дахь хамгийн далд нууцлаг атлаа цочирдом ноцтой асуудлыг “зүрх өвдтөл” хөнджээ гэдгийг л юун түрүүнд хэлэхийг хүсэж байна. 
        Энэхүү номын нээлтэд очиж, уг номыг авч уншсан нэгэн бүсгүй амиа егүүтгэхийг завдсан тухай мэдээлэл ч энэ хугацаанд сонстов. Учир нь яг энэ номонд гардаг шиг зүйл түүнд тохиолддог, бүр нүднийх нь өмнө үзэгддэгтэй энэ бүхэн холбоотой гэнэ. Уг номыг уншсан хэд хэдэн уншигч “Зүрх сэтгэлээ өвтгөн байж уншиж дуусгалаа” гэснийг олж харсан нь надад төрсөн мэдрэмжтэй ижил байлаа.  
Үнэхээр ноцтой асуудлыг, хэтэрхий бодит үнэнийг энэ зохиолд өгүүлсэн болоод л эмзэг сэтгэлт бүсгүйчүүд маань ингэтлээ цочирдож байна. Яг үнэндээ үр хөндүүлсэн эхийг тоолсноос, огт үр хөндүүлээгүй эмэгтэй хэд байгааг тоолох нь илүү хялбар байж мэдэх тийм л нийгэмд бид амьдарч байгаа. Хүүхдийг хэвлийд нь егүүтгэх алга урвуулахын төдий зүйл мэт ойлгогдож хүйтэн зүрх, цэвдэг сэтгэлээр хүүхдээ ад үзэж ирсэн нийгмийн сэтгэлгээг өөрчлөх цаг нь болжээ гэдгийг энэ ном ухааруулах шиг санагдлаа.
        Хэвлийдээ үр хөврөл тээж үзсэн эмэгтэй хүн бүр л эх хүн. Үр хүүхэд бүрэлдүүлсэн эр хүн бүхэн эцэг хүн. Ингээд бодохоор үр хөндөлтийн буруутан нь хэн юм бэ? Хүн үү? Нийгэм үү? Нийгмийн сэтгэлгээ юу? Яагаад үр хөндөлтийг ийм нээлттэй бөгөөд хялбар дөт болгов? Яагаад хорвоод мэндлэхээр ирсэн хүүхдийг ийнхүү гадуурхан тээршаах болов? Энэ болон бусад асуултын хариулт “Манго жимстэй цай” номыг уншсан хэн бүхний хувьд өөр гарч болно. Гэвч жил бүр 30-40 мянган үр хөндөлт хийж байгаа тухай бүрэн бус тоо баримт байдгийг Л.Түдэв гуай олонтоо дурдан "Дал" сониндоо бичсэн байдаг. Энэ тоо үр хөндөлт хэмээх нийгмийн хурц асуудлын цар хэмжээг илэрхийлэхгүй байна гэж үү?
“Юу ч болж байсан хүүхдээ төрүүлнэ” хэмээн зүтгэх зориг зүрх яагаад хүрээгүй юм бэ гэх шаналал, зориглоогүйнхээ төлөө өөрийгөө буруутгах бодол зөвхөн эмэгтэй хүнийх л байх ёстой юу? Хүн болохоор заяагдсан хүүхдийг ад үзэлгүй өөрийнх мэт хайрлан өсгөдөг эртний эрчүүдийн цөлх ухаан өнөөгийн эрчүүдэд дутагдах болсоны шалтгаан юу вэ? Нийгмийн хүчин зүйл, нийгмийн сэтгэлгээний дарамт шахалт яагаад чухам эмэгтэй хүнд л чиглэгддэг юм бол? Яг үнэндээ амьдралын мөн чанар, утга учир нь юу юм бэ? Ийм асуултууд эрхгүй тавигдана.  
Хүн болох заяатай ч төрж чадаагүй олон мянга, магадгүй олон саяар тоологдох хүүхдийн төлөө зүрхээ өвтгөн байж унших боломжийг нээж өгсөн нь энэхүү бүтээлийн хамгийн том давуу тал, басхүү ололт болжээ. Зохиолын үйл явдал алс холын Америкт өрнөдөг ч үйл явдал нь Монголд, та бидний амьдралд, сэтгэл зүрхэнд өрнөх “Манго жимстэй цай” номыг уншсан хэн бүхэн үр хөндөлт хэмээх нүгэлт үйлийг дахин бүү үйлдэг. Хорвоод мэндлэхээр ирсэн хүүхэд бүхэн хүмүүн заяанд төрж, замба тивийг зорин ирсэн үйл хэргээ гүйцэлдүүлэх болтугай хэмээн сэтгэлээ цагаашруулъя.
Монголын нийгэмд өөрчлөлт авчирч, бяцхан үрсийн амьдралд гэрэл гэгээг бэлэглэхэд даацтай хувь нэмрээ оруулах нэгэн сайхан бүтээл ийнхүү уншигчдад хүрч байна. Эх үрсийн амин холбоог бэхжүүлж, нийгмийн сэтгэлгээнд тэсрэлт авчрах “Манго жимстэй цай” ном уншигчдадаа ухаарал гэгээрэл түгээж, зохиолчийнх нь бүтээл туурвил улам бүр түгэн дэлгэрэх болтугай.   

Сэтгүүлч, редактор Ц.Оюунчимэг

МУГЖ Б.Сарантуяа: Чингис хаан шиг байлдан дагуулалт хийгээд л Монголоо бүтэн тойрох гоё шүү


Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяа хэмээх эрхэмсэг хатагтайг “Зиндаа” сэтгүүл “Үлэмж төгөлдөр” булангийнхаа эрхэм хүндэт зочноор урилаа. Ямагт шинэлэг, залуухан, эрч хүчтэй, гоо үзэсгэлэнтэй харагддаг түүнийг Монголын “Алла Пугачева” хэмээн нэрлэхэд ер буруудахгүй. Тэрбээр үнэхээр л Монголын рок попын өнгө болон гялалздаг тод “од” нь билээ.
Б.Сарантуяа өнгөрсөн онд уран бүтээлийнхээ 30 жилийн ойн тоглолтыг сүр жавхлантай хийсэн. 30 жилийн дараах Сараа 30 жилийн өмнөх Сараагаас төдийлөн өөрчлөгдөөгүй, залуухан бөгөөд үзэсгэлэнтэй, эрч хүчтэй атлаа өвөрмөц содон хэвээр харагдаж буй нь биширмээр. Сараагийн зураг бүр нь гоё. Дуулсан дуу бүхэн нь сэтгэлд эгшиглээстэй. Урлагийн хүн гэж ийм л байдаг болов уу гэмээр гайхалтай сэтгэгдлийг төрүүлнэ.
Б.Сарантуяа бол элгэмсэг бөгөөд уян зөөлөн, эрч хүчтэй атлаа шазруун, зангарагтай бөгөөд хүчирхэг эмэгтэй. Бас яльгүй гунигтай ч юм шиг. Нэг тийм “этник” өнгө аястай. Өөрийгөө бүтэн олсон, амьдралаа өөрийн гараар бүтээн босгож чадсан, ирээдүйдээ асар их итгэлтэй хүний дүр төрхийг түүнээс олж мэдрэх ажээ.

ЭТНИК ХООЛОЙ БОЛ ЯКУТ УДАМ УГСААНЫ ЭМЭЭГИЙН УГШИЛТАЙ ХООЛОЙ БОЛЖ ТААРЛАА

Бид “Улаанбаатар арт”  галерейд ярилцлагаа хийхээр цаг товлон уулзав. Тэрбээр Соёлын төв өргөөний дэд захирлаар томилогдоод байгаа билээ. 
СТӨ-ний дэд захирлаар томилогдсонд тань баяр хүргэе.
Баярлалаа.
Та СТӨ-нд очсоноор орчин үеийн хөгжмийн урлагийн академи байгуулах мөрөөдөлдөө хүрэх боломж харагдаж байна уу?
Урьд нь бол би үүнийг хүүхэд зангаар мөрөөдөж байсан. Энд бас систем их чухал юм билээ. Драмын урлагт бол СУИС, МУБИС-ийн кино драмын ангид Станиславскийн системээр сургадаг шүү дээ. Оросын Гнесиний маягаар эстрад урлаг заах уу, эсвэл Америкийн Берклигийн системээр заах уу гэдэг асуудал гарч байгаа. Тэрийг би сүүлд нь ойлгосон. Системээ зөв сонгохгүй бол сайн багш нар урьж, сайн бааз үүсгээд ч нэмэргүй.
Аль систем нь манайд илүү тохирох бол?
Яг америк, орос систем гэж бас төлөвлөхгүй байна. Өөр бусад, тухайлбал Европын олон сайхан систем байгаа. Тэдгээрээс авч болно. Монголын уран бүтээлчдэд хамгийн тохиромжтой системийг сонгохын тулд судалгаа хийх хэрэгтэй. Манайх цомхон жижиг орон болохоор австри, швед систем илүү тохирч болно. Анхнаасаа манайх Оросын системтэй далан хэдэн жил байж байгаад гэнэт аль ч үгүй болчихсон нь их хохиролтой, хайран санагддаг. СУИС-ийн дуурийн дуулаачийн анги төгссөн дуучид гэхэд гадаадад стажировка хийж байна. Дуурийн театрын залуу дуучдыг харж байхад Г.Ариунбаатараас эхлээд буриад багштай боллоо. Энэ юуг хэлээд байна гэхээр, боловсон хүчний бодлогод анхаарах хэрэгтэйг сануулаад байна. Ахмад дээд үеийн мундаг багш нар байгаа боловч дараагийн үе нь бэлтгэгдээгүй байна.
Хүүхдүүдийг дуу хөгжимд сургаж байгаа арга барилд та нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Хүүхдийг хэтэрхий чанга хашгируулж дуулуулж байна” гээд?
Тийм ээ, хүүхдүүдийн хоолойг хүчлүүлдэг. Верхный регистрийг нь ашиглуулахгүйгээр бүтэн үндсэн хоолойгоор дээшээ доошоо болгож хашгируулах нь буруу. Хэрвээ би тэгж бүтэн хоолойгоор орилдог байсан бол гучин жил дуулахгүй, арван таван жил дуулаад л байхгүй болно биз дээ. Хайдав багш миний дээд өнгө нарийхан сул регистр өнгө мөн гээд, наадхаа харин бяртай болго гэсээр байгаад бүтэн хоолойноосоо шилжилт нь их цэвэрхэн болсон. Тэгээд фальцет бол миний үндсэн хоолой болсон доо.
Эхлээд багалзуураар, уушгиар, хоолойны тавилтаар дуулдаг байсан, одоо бол би хэвлээрээ, гэдсээрээ дуулдаг болсон гэж та ярьсан байдаг. Энэ хоёрын ялгаа нь юу вэ?
СУИС-д ороогүй байхад багалзуураараа л дуулна шүү дээ. Гэдэсний амьсгааг инстинктээрээ л авдаг байсан бол амьсгал зөв авахыг манай Хайдав багш зааж өгсөн. Ер нь дууг хүчлэхгүй дуулах ёстой. Жишээ нь, өвөрмонгол, хятадын дуучдын нэг дутагдалтай тал нь нюанс гэж байдаггүй. Их хүчтэй дуулсаар байгаад хоолойгоо зөөлөн үед нь удирдах чадвар муутай болчихдог. Тийм учраас ар Монголын зөөлөн эвлэгхэн дуулж чаддаг дуучид их сонирхолтой санагддаг. Сэрчмаа, Сарантуяа ч гэдэг юм уу. /инээв/
Таны “Содура”-г дуулсан бичлэгийг саяхан дахин нэг сонслоо. Хөвсгөлд зураг авалт хийсэн байна. Та тэр үед өөр орон зайд орсон мэт сэтгэгдэл төрсөн шүү. Улаанбаатарт төрсөн, орос сургууль төгссөн, рок попын дуучин гээд бодохоор танаас ямар ч байсан хөдөөний маягийн зэрлэг хоолой гарах ёсгүй гэж би боддог байлаа.
/инээлдэв/ Тэнд бол танаас яг тийм “байгалийн” хоолой гарчээ. Тайгын ч гэмээр юм уу?
Хоолойн бичлэгийг Улаанбаатарт New stars-д хийлгэсэн. Бичүүлэхдээ би өөрөө бараг л хэнгэрэг барих нь холгүй дуулсан. Аравнайлсан дуу гэдэг шиг “амилуулсан” дуу юм билээ.  Universe best songs-ийн шилдэг хөтлөгч Одгэрэл тийм гүн гүнзгий үг бичсэн байгаа юм. Найруулгыг нь манай продюсер Гантөр хийсэн. Би энэ дууг бичүүлчихээд, ерөөсөө энэ дуу бол клиптэй байх ёстой юм байна. Тусдаа клип хийлгэе гэж хүсэлт тавиад, Хөвсгөл рүү нисэж очсон. Өөрөө охиныгоо, ээжийгээ, ээжийнхээ дүүг (Якутаас ирсэн), найз Хулангаа (Германаас ирсэн) аваад “хоёр Хулантай” ниссэн гэсэн үг. Тэр үед ер бусын хүмүүсийн энерги нэг дор цугласан нөхцөл бүрдсэн. Тэр ч байтугай миний хүндлэн дээдэлдэг Дарханы Маам гээд “цагаан” удган гэр бүлийн хүнтэйгээ ирсэн.  
Ямар сонин юм бэ?
Тэр өглөө манай UBS телевизийн зургийн багийнхан урцнуудаа босгочихсон байсан. Зураг авалтын үеэр нэг их гоё уйлагнасан нартай бороо ороод л. Тайга бол их баярласан л гэж ярьдаг юм. Надад нэг тийм “этник” хоолой байдаг шүү дээ. “Аргагүй монгол аялгуу” дээр гарч байсан. Тэр этник хоолой бол якут удам угсааны эмээгийн угшилтай хоолой болж таарлаа л даа.
Этник хоолой бол байдаг. Гэхдээ бүр нэг цаанаасаа гарсан гэмээр дуу хоолой байсан даа?
Бас нэг сонин юм гэвэл, шөнийн зураг дээр нэг удган хиймлээр бөөлөх ёстой байсан юм байна. Би бичлэгээ тавиад дагаад дуулсан чинь нөгөө удган “Энэ Сарантуяа яагаад амьдаараа дуулахгүй байгаа юм, тайгад?” гэж өгүүлэл тавьжээ. Техникийн бололцоогүй учраас бичсэн бичлэг дээр нь амыг нь хөдөлгөж клипний зураг авдаг юм. Би бичлэгээ дагаж дуулаад 5-6 дубль авсны дараа нөгөө удганы маань онгод нь орж ирээд, түшээ нь байхгүй, унаад сандаргасан. Хэрвээ би худлаа амаа хөдөлгөсөн бол онгод орж ирэх байсан уу?
Дуу болгон өөрийн гэсэн амьтай гэдэг. Сонин юм шүү.
Би “Содура” киноны үйл явдлыг нь огт мэдэхгүй. Тэр кинон дээр хавцлаас унадаг юм байна. Клипэн дээр би өндөр хавцлын ирмэг дээр зогсоод дуулдаг. Хөвсгөл нуурын Модон хүй арал дээр зураг авч байхад би зургийн багийнхныг “Завь хөлсөлж гоё байгаль дунд зураг ав” гээд, том усан онгоцоор арлыг тойрч байгаад зураг авалт хийлгэсэн. Тэр арал бол хүн амьдардаггүй, шувууны арал. Урьд өмнө ямар ч кино болон клипний зураг авалтад ашиглаагүй аргаар тэр зургийг авсан. Тийм газрыг мэдэрч очиж дуулна гэдэг бол бас сонин. Зураг авалт дээр бол би санаачилгыг гартаа авсан гэж болно. “Содура” кино гарахаас хоёр жилийн өмнө дууг нь амилуулсан юм шүү дээ.

“ГООЛИНГОО” ДУУНЫ ТӨГСГӨЛД УРТЫН ДУУНЫ АЯ ОРУУЛЖ, ХАГАЦСАН СЭТГЭЛҮҮД НӨГӨӨ ЕРТӨНЦӨД УЧИРЧ БАЙГААГААР ДУУЛСАН

Та уртын дуучин Цоодол гуайгаар ардын дуу заалгаж, цомгоо Сингапурт бичүүлж байсан. Танд юу хэлж өгсөн бэ?
Ер нь нэг их олон юм ярьдаггүй хүн. Их өндөр настай  байсан даа. Орчин үеийн нэрд гарч байгаа хүүхэд дууг нь сонирхоход өөрт нь тааламжтай байсан байх. “Гоолингоо”, “Аргагүй амраг”-ийг одоогийн дуучдын дуулдгаас арай өөрөөр зааж өгснөөр нь би дуулсан юм. Тэр утгаараа гурав дахь үеийн залгамж халаа нь болсон. Цоодол гуайн дуулсныг диктафон дээр бичиж аваад дахин дахин сонсдог байлаа. Миний хамгийн сайн найз бол диктафон, кассет, CD. Манайхан дуу өгөхөөрөө CD дээр л гэрийн даалгавар шиг бичээд өгчихдөг. 
Гоолингоог заалгаж байхад танд Цоодол гуай ямар нэгэн түүх ярьж өгсөн үү?
Үгүй. Харин Сингапурт очоод Гоолингоог бичүүлэх гэсэн чинь ерөөсөө болдоггүй. “Зүүдээ ээ...” гээд дуулахаар нэг л тансаг, тарган цатгалан хоолойтой хүн. Зовлонтой дуу гэдгийг нь би сүүлд ойлгож байгаа юм. Өглөөнөөс эхлээд бичүүлээд, орой арав өнгөрөөд шөнийн хоёр цаг хүртэл дуулаад, “Болохгүй бол больё” гэж байсан. Гэтэл хоёр цагаас хойш хоолой суугаад, ядраад, цөхрөнгөө бараад, бараг уйлангаа алдаад, энэ дууг эртхэн хийхгүй яасан юм гэж оранжировк хийсэн залууд уурлаад, зовж стрессдээд, “Зүүдээ ээ” гэсэн чинь яг нөгөө хүсэж байсан хоолой нь гарч байгаа байхгүй юу. Гансарсан хоолой байх ёстой байсан юм билээ. Тэгээд л би ойлгосон. Энэ ийм учиртай дуу юм байна даа гэж.
Дуу бүхэнд өөрийн хувь заяа байдаг юм шиг санагддаг. Зарим хүмүүс энэ дуунд нэг их таатай ханддаггүй гэж сонссон юм байна.
Анх “Гоолингоо” дууг дуулах санааг надад дуучин Наран өгч байсан юм. Өөрөө дуулна гэчихээд жил хагас боллоо. Дуулахгүй болохоор нь би аваад дуулсан. Наран надад гомддоггүй байх гэж боддог. Ямар өмчлөгдчихсөн дуу биш. Хүмүүс энэ дууг дуулуулах дуртай. Гэхдээ би найр наадам дээр бол дуулдаггүй. Нээлтийн арга хэмжээ ч юм уу, тийм этник талаас нь энгийн арга хэмжээн дээр дуулдаг. Хагацлын дуу учраас хуриман дээр бол дуулдаггүй.
Харин “Аргагүй амраг”-ийг?
Энэ дуу зүгээр л зугаатай. Гунигтай дуу шиг биш. “Сэтгэл чинь хөрөх гээд байна уу, үгүй юу” гэсэн тийм утгатай санагддаг. Төгсгөлийг нь би доёолсон маягтай өөрчилсөн.  Гоолингоог ч бас өөрчилж төгсгөлд нь уртын дууны ая оруулж, хагацсан сэтгэлүүд нөгөө ертөнцөд учирч байгаагаар дуулсан.
Гунигтай дуу бол таны маш сайн тоглосон жүжиг гэж үнэн үү?
Үнэн. Би хэрвээ гуниглавал 24 цаг л гуниглана. Тийм зав алга. Толгойгоор дүүрэн шинэ санаа, хийх ажил байхад завтай байх нь буруу гэж боддог. 
Нэгэн зэрэг хэд хэдэн дуун дээр ажиллах тохиолдол бий юу?
Би нэг дуун дээр ажиллаж байгаа бол тэрийгээ дуусгаж байж дараагийн дууг дуулна гэдэг. Дууг бол зүгээр нэг өнгөцхөн “Кафед танилцсан бүсгүйтэй нэг залуу яриа өрнүүлж байгаа юм шиг биш, бүр гүн гүнзгий дурлаж байгаа хүн шиг” би дууг барьж авдаг. Тэгж байж тэр дуу болгон нь их гоё, өвөрмөц болдог. Егүзэр хутагт гуайн нэг дуу байдаг юм. Тэр хүний дууг дуулахад л би бүр гайхаж байсан. Намайг Анужин багшийн хичээлд суугаад 21 хоногийн мацгаа барьчихаад байхад надад тэр захиалга орж ирэхэд нь “Тэр их ариун гэгээн хүний дууг мацаг барьсан хүн л дуулах ёстой гэж дээрээс ирлээ дээ” гэж бодож хүлээж авч байсан. Тэр их учиртай юм билээ.
Дуулсан дуу болгон нь хит болдог дуучин ховор. Таны хувьд дуу бүхэн тань хүний сэтгэлд хүрч, дийлэнх нь хит болж чаддаг. Нэг дуунд ер нь ямар хугацаа зарцуулдаг вэ?
Янз янз. Заримдаа яаралтай гээд 30 минут. Содура-г бол би хоёр цагийн дотор л дуулсан. Удахгүй их гоё аавын тухай дуу дуулна. Амжвал “Морин хуур” наадамд оролцох санаатай. Урьд нь бол хүмүүсийн яаруулсан цагт  амжуулаад дуугаа бичүүлдэг байсан. Одоо бол цагаа хэлдэг болоод байна. Цаг хэлдэггүй цэрэг шиг жагсдаг нь төрийн алба болсон.  Дуунууд “Сарантуяа намайг хэзээ дуулах вэ” гээд жагсчихсан байгаа. Гэхдээ ер нь барьж аваад бүгдийг нь дуулаад цэгцэлье гэсэн бодол бий. Би ч удаан бариад байх дургүй. 30 жил дуулсных хэдэн дуунуудаа оркестровкийг нь хийлгэж ноотлууллаа. Тэгээд бас миний тухай ном гарах гэж байна. “Хөх монгол принтинг” хэвлэлийн газарт хэвлэгдэнэ.
“Хөх” гэдэг үг тантай их холбоотой юм. “Хөх тэнгэр” хамтлагт дуулдаг байсан. Содон өнгө төрхөөр эстрадын ертөнцөд гарч ирж амжилтад хүрсэн болохоор тань 1999 онд “Зууны манлай” эстрадын дуучнаар шалгаруулж байсан байх аа?
Миний тухай яг ийм утгатай “Зууны дуу хоолой” гэдэг нэртэй ном гарч байгаа. Хорин есхөн насандаа “Зууны манлай эстрадын дуучин” болно гэдэг үнэхээр гайхамшигтай байсан. 17 жил энэ нэрийг мандуулаад явж байна. Хувсгалын тохироо гэдэг шиг дуулах нөхцөл нь надад бүрдчихсэн байгаа. Дээрээс нь би одоо хүртэл, тайзан дээр гарахдаа хоцрогдчих вий, улиг домог болчих вий гэж минут секунд бүр боддог гээд бод доо. Яагаад гэвэл “Баян Монгол”, “Соёл Эрдэнэ”-ийн ах эгч нарыгаа харж байлаа. /санаа алдав/ СТӨ-ний шатаар өгсөж явахдаа “Дуулдаг байсан өргөөнийхөө орлогч захирлаар томилогдчихдог нь сонин тавилан юм даа” гэж бодогддог. Урлагийн төлөө зүтгэж явсны минь шагнал, гэмгүй явсны буян байх аа. Урлагийн мэдрэмжтэй хүнийг оруулъя, шинэлэг сэтгэж магадгүй гэж найдсан болов уу. Томилсон дарга нарынхаа итгэлийг алдахгүй байя гэж боддог. Орчин үеийн дарга нар их энгийн. Урьдын дарга нар шиг ихэмсэг биш. Энэ нь их таалагддаг. Үнэхээр ардчилалтай, тал засах шаардлага байхгүй.  

САРААГИЙН 30 ЖИЛИЙН ДУУНУУДЫНХ  НЬ "ТРИУМФ", БАЯРЫН ДЭЭД ЦЭНГЭЛ БОЛСОН

Ярилцлагад бэлтгэж байхдаа, Дуучин Сараа бол Монголынхоо нийгмийн нэг өнгө төрх нь юм байна гэж бодож байлаа. Гудамжны сандал дээр суугаад дуулж байхад хажууд нь цэцэг барьсан хосууд ирээд суугаад л босч яваад байдаг гоё клипийг 90-ээд оны тэр саарал өдрүүдэд үзээд сэтгэл өөдрөг болдогсон. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр таны дуунууд улам л гоё болоод байна. Тэгэхээр Дуучин Сараа бол нийгмээ урагш хөтлөх, урам зориг өгөх хүч нь болж иржээ. Анх тайзан дээр гарч байсан Сараа, өнөөдрийн Сараа хоёрыг харьцуулбал хэрхэн дүгнэж хэлэх вэ?
Залуу үеийн Сараа бол аймшиггүйгээр, нөөхгүйгээр дуу авиа гаргаж байгаа юм. Аялан тоглолтоор хоолойгоо сөөлгөөд, концертоо хойшлуулж байсан тэр олон бэрхшээлийг давахаа мэдэхгүй Сараа чинь өрөвдмөөр шүү дээ. Дараа нь нуруугаа авсан Сараа нэг өөр болж байгаа. Тэгээд бүр эргэлт буцалтгүйгээр дайрсан давшилттай Сараа байгаа. Хүн нь бол бууж өгөөгүй. Гэтэл бууж өгсөн дуучид бий. Дайсантайгаа хамсаатан болж өөрийн үзэл бодлоосоо буцсан, үгнээсээ буцсан уран бүтээлчид ч байгаа. Би бол дайснуудаа хөлдөө суулгасан. Сөхрүүлсэн. Ухаанаараа, ур чадвараараа сөхрүүлж чадсан. “Урлагт 30 жил” тоглолт бол манай үзэгчид, нийтлэлчид, сэтгүүлчид зуун хувь хүлээн зөвшөөрөх тийм л үйл явдал болсон. Гучин жил дуулсан “Примадонна” нь яаж дуулах нь вэ гээд манай урлагийнхан, рок попынхон бүгд л хүлээлттэй байсан байх. Бид нар хуучинсаг маягаар бэлэг авдаг баяр хийгээгүй. Зүгээр л Сараагийн гучин жилийн дуунуудынх нь “триумф”, баярын дээд цэнгэл болсон. Сараагийн ч биш, дуунуудын. Энд Сараа ямар мундаг вэ гэсэн акцент тавигдаагүй. Дуунууд нь ямар мундаг хүмүүс зохиож, энэ дуунууд өдий хүртэл ямар олон жил сайхан амилсан, мартагдаагүй вэ гэдэг баярын цэнгэлийг үзүүлэхийг зорьсон. Энэ бол Сараагийн фенүүдийн, Сараагийн уран бүтээлийн баярын цэнгүүн болсон. Энэ бол яг л миний хүсэж байсан хэмжээ. Би энэ тоглолтоосоо дээд зэргийн сэтгэл ханамж авсан. Тоглолтын дараах хүлээн авалт АСЕМ вилла-д болсон нь бүр тансгийн тансаг. Урлагийн бурхдыг ингэж л дайлж цайлах ёстой гэсэн шиг тийм сайхан цайллага болсон. “Монголиан Стар мелшерс” манай ивээн тэтгэгчээр орж байсан. Моёт шампанск, хоол хүнс ерөөсөө аманд хайлсан гэж яриад байгаа байхгүй юу. Аманд хайлсан хоол гэж юу ярьж байна аа, тэр бол гайхамшигтай юм болсон байгаа биз дээ?
Үлгэрийн төгсгөлд л ингэж бичсэн байдаг даа.
Ер бусын энерги бүрэлдсэн, бүх сайн сайхан нь тэгш хосолсон үдэш болсон учраас бүх зүйл нь дээд зэргийнх байсан. Би тоглолтоо таван цагт хийсэн. Тав хоногийн өмнө билет нь зарагдаж дууссан. Билет хэрхэн зарагдаж байгааг шууд веб сайтаас харж байлаа. Одоо их сайхан болсон шүү дээ. Ээжийн төрсөн өдөр гээд постлоход л 10 мянган лайк, 156099 хүн үзсэн байна.
Постыг нэг удаад л 73 мянган хүн харж байна. Тэгэхээр энд мэдээллээ оруулаад байхад болж байна. Би page-ээ өөрөө хөтөлдөг. 75 мянган лайк, 74 мянган фолловерстой. Хүмүүс утасдаад хиймэл лайк санал болгодог ч би үгүй гэдэг.
30 жилийн дүнг гаргах гээд үзье. 30 жил урлагийн ертөнцөд байхад нийт хэдэн дуу хийсэн бол? Хэдэн орноор явав, ямар шагналууд авав?
Тоолж үзээгүй шүү дээ. 21 цомогт дунджаар 10 дуу орсон гэвэл 210. Энэ бол цомог. Цомогт ороогүй, өөр хүмүүсийн цомогт орсон гээд багцаалах юм бол 500 гаруй. 20 гаруй орноор явж аялан тоглолт хийсэн. Тоймтой томоохон шагнал гэвэл, 1991 онд Шанхайн Азийн дууны наадмын фестивальд мөнгөн медаль авсан
/Баян Монголын Эрдэнэцэцэг бид хоёр/. Казахстанд 22 орны 25 оролцогчоос шалгарч Азийн дуу хоолой наадмын “Гран при” 10 мянган долларын шагнал авч байсан.  Хит парад, Ая дууны жигүүр наадамд 1, 2, 3-р байрууд, Пентатоник наадамд 1995, 1996 онд “Шилдэг дуучин”, 1996 онд “Шилдэг дуу”, 1999 онд “Шилдэг дуучин” шагнал авч байсан. 2000-аад онд “Шилдэг транс” гэх мэтчилэн олон шагнал авч байсан. 1995 онд Улаанбаатар хотын “Хангарьд” шагналтан болж, Хүндэтгэлийн тэмдгээр шагнуулсан. 1999 онд “Зууны манлай эстрадын дуучин”, 2004 онд Соёлын тэргүүний ажилтан, 2005 онд Монгол Улсын гавьяат жүжигчин. Гэхдээ хамгийн үнэ цэнэтэй нь МУГЖ, “Зууны манлай эстрадын дуучин”. Мөн ОУ-ын тэмцээнээс авсан Гран при, “Азийн алтан гургалдай” шагнал маань их чухал.
Монголоо тойрч хэдэн удаа аялан тоглолт хийв?
Таван удаа. 1996 онд “Хайрын бурхан”, 2000 онд “Хайрын зөрлөг”, 2003 онд “Би жаргалтай”, 2007-2008 онд “Хайрламаар”, 2011 онд “Аргагүй монгол аялгуу”. Чингис хаан шиг, байлдан дагуулалт хийгээд л Монголоо бүтэн тойрох гоё шүү дээ. Хөгжим, гэрэл авч явна. Хоёр фургон, нэг жийптэй гараад л онгоцноос хурдан явдаг байлаа. Угтуулаад үдүүлэх сайхан. Өдөрт хоёр тоглолт хийж, 400-500 км явна. 

ЭРХЭМБИЛЭГ ХҮҮ ЭРЧ ХҮЧ, ЭНЭРЭЛ ХАЙР ӨГСӨН БОЛ ХУЛАН ОХИН УУЖУУ СЭТГЭЛ, ТЭВЧЭЭР ХАЙРЛАСАН

Таны “Хайрын бэлэг” их гоё дуу болсон байна.
Миний хувьд шинэ, оюунлаг, урлагийн мэдрэмжтэй хүмүүсийг дор нь мэдрээд хамтарч ажиллаж чаддаг. Би тэр залуучуудыг авч дэмжээд байдаг чинь ийм учиртай. Би доминат, би супер гэдэгтээ гол нь биш. Ерөнхийдөө залуу дуучидтай ажиллаж их юм хийж байна.
Авьяаслаг монголчуудын залуусыг хэрхэн харж байна вэ?
Зүгээр ээ, хөөрхөн. Сандлаасаа унатал юм болоогүй шүү дээ. Харин Шижирбат мундаг байсан. Ийм төрлийн шоунууд сонирхолтой. “Яг түүн шиг” шоу бол дээр үеийн одуудыг дахин таниулах, эргэн дурсаж алдаршуулах ач холбогдолтой. Мөн одоо дуулж байгаа дуучдыг задалж хөгжүүлж байна. Би хүртэл энэ шоунд ормоор санагддаг. Өөр өөр дүрд хувирч дуулна гэдэг чинь сонирхолтой шүү дээ.
Анх ээж болохдоо уйлж байв уу? Ямар мэдрэмж төрж байсан бэ?
Тийм ээ, уйлж байсан. Би хэвлэлийн дайралтад их өртөж байсан үе. Хүүхдийг минь сольчих вий гээд хүүхдээ л сайн харж авч байсан.
Ер нь тийм бодол төрдөг юм шүү.
Тийм ээ. Хоёрдугаарт 100 хувь миний хүүхэд гэсэн мэдрэмж их хүчтэй байдаг. Бүх шийдвэрийг өөрөө гаргадаг учраас тэр байх. Эрхэмбилэг хүү эрч хүч, энэрэл хайр өгсөн бол Хулан охин уужуу сэтгэл, тэвчээр хайрласан. Анхны хүүхэд хүү байх нь зөв байдаг юм байна. Одоо миний хүү маш их түшигтэй шүү дээ. Хүүхдүүдээ гэр бүлсэг хүмүүжүүлж байгаа. Бас нэг охинтой. Дүүгийн маань охин. Эрэгтэй дүү маань 2005 онд бурхан болж, эхнэр нь гадаадад сурахаар болсон юм. Тэгээд 5 настайд нь аваад, дүүгийнхээ шарил дээр “Охиныг чинь өсгөж хүмүүжүүлнэ” гэж амласандаа хүрч байна. Саяхан 16 насны төрсөн өдрийг нь их чухал тэмдэглэлээ. Надад бол ачаалалтай л байсан. Тийм амар биш. Анхнаасаа “Би чамайг эгчийн хайраар хайрлана” гэж хэлсэн. Гэтэл охин маань утсан дээрээ миний дугаарыг “ээж” гэж бичдэг. Яагаад тэгсэн гэхээр, анх Хуягаагийн охин Цоомоод 19-тэйдээ хойд ээж нь болж байлаа. Эрхэмээгийн ахыг би бас харж байсан. Дараа нь аваад явчихаар их хэцүү. Зүрхнээс нэг мах тасдаад аваад явчихсан юм шиг санагддаг. Гэхдээ дүүгийнхээ охиныг би ганцаараа өсгөсөн биш, ээж нь бас дэм болж байгаа.



Таны хувьд амьдралын хамгийн гол утга учир нь юу вэ?
Ерөөсөө л гэр бүл. Миний хамаг баяр баясгалан гэр бүл дээр тогтож байна. Найз нөхөдтэйгээ уулзалгүй яахав. Найдвартай сайн найз нар байдаг. Хамгийн гоё зүйл бол өглөө зуслангийн цэвэр агаар амьсгалж сэрэх. Саруулхан том цонхтой өрөөндөө сарнай үнэртсэн охиноо үнсээд л сэрдэг. Бид хоёр хамт алхана. Зусландаа би их олон юм нэмж тохижуулсан. Байгальд ойр байх дуртай. Том хотод байх дуртай л даа. Гэхдээ дэлхийг мэдрэх, аньс түүх, ойд алхах илүү гоё. Би тав тухтай амьдрах дуртай. Аж ахуйч талдаа хүн л дээ. Гэр бүлийн жим гаргаж, тэр жимээр хүүхдүүдээ дагуулж явах дуртай. Болохгүй юм гэж байхгүй. “Гүй”- гээр төгссөн бүх үг манай гэр бүлд хориотой. Энэ сэтгэлгээг түгээмээр санагддаг. Хүнд чадахгүй гэж хэлэх муухай байдаг.
Түүний оронд хариу хүсээгүй тус хүргээд явах нь сайхан. Манай аав тийм зантай. Харин эрэгтэй хүнд бол өөр шүү. Тэр улсуудтай өөр тооцоотой. Бодлынхоо үзүүрт бодсон бодлоо тавьдаггүй. Тэр гомдол тавигдсан цагт л өөр хүнтэй учрах байх. Зүгээр эргүүлж байгаа эрэгтэй хүн инээдтэй санагддаг. Бодвол сайхан харагдаад хүсэмжилдэг хүн байдаг л байлгүй. Илэрхийлээгүй бол хохь чинь л гэдэг.
Сэхүүн салхи дуу шиг үү?
/инээлдэв/
Эрэгтэй хүн худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, амьдарч байгаа байрныхаа мөнгийг төлчихдөг, тогтмол цалинтай ч байж болно. Гол нь халуун сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Гар нь хөдөлдөг, тусалчихдаг. Аягүй хэцүү алба гэж бодоод байх шиг байгаа юм. Хонины ордныхон шиг hard нь халтлаа ажиллаж бүхнийг зохицуулж чаддаг хүмүүст маш энгийн хүн таардаг. Чи ямар гоё нүдтэй юм бэ, ямар дур булаам юм, ямар сайхан үнэртэй юм... Эрхэмээгийн аав намайг, “Ертөнцийн хамгийн гоё нүдтэй эмэгтэй” гэдэг байсан. Эсвэл нэг сайхан чанга тэврээд авах хэрэгтэй шүү дээ. Хулангийн аав яг л тийм байсан. “Ийм нэгэн явдал” кино шиг”...
Тэрийг л мэдэхгүй юм даа, эрчүүд /инээлдэв/.
Хүмүүс их өндөр tax-т орчихно гэж айгаад байдаг. Намайг үдийн хоолоо Монэ-д иддэг гэж бодоод байх шиг байгаа юм. /инээв/ Би хүлээн авалт маш сайн зохион байгуулдаг учир үнэтэй эмэгтэй гэж харагдаад байдаг талтай. Үнэтэй юм авбал би галзуурчихна шүү. Харин үнэ цэнэтэй юм авч хэрэглэж болно оо.
Та ердөө ч сул дорой харагддаггүй. Үргэлж хүчирхэг байж чаддагийн нууц нь юу вэ?
Би хонины орд, галын тэмдэг. Энэ нөлөөлдөг байх.
Танд хувийн амьдралтай холбоотой дуу байдаг байх, тийм үү?
Гэрэлтэй сайхан хайрын дурсамж... гэж эхэлдэг дууг Хуягаагаас салсан үед Өөжгий үгийг нь бичсэн. “Мартъя” гарч байх үед би гэр бүлтэй хүнд дурласан байсан. Сэтгэлээ их татаж авдаг байлаа. Тэрийг нь буруугаар ойлгоод салгагч гэж яриад байдаг. Бодоод байхад би хайр сэтгэлд их энэрэнгүй, дандаа эмэгтэй талыг нь боддог. Эрэгтэй хүнд хэзээ ч итгэж байгаагүй. Нэг бус эмэгтэй ирж уулзахад сэтгэл санааг нь тайван болгоод явуулж байсан. Харин тэр эрчүүд нь надаас өшөө аваад байдаг ч юм шиг. Би буруу ойлгогдсон, буруу уншигдсан роман байгаа биз дээ. Энэ бол үйлийн үр байх. Хоёрын хоёр амьдарч болох нөхрүүдээсээ өөрөө салсан. 15 жил ганцаараа амьдарч байна. Надаас асууж байсан. Ганцаараа амьдрах хэцүү юу гэж. Тэгэхэд би хариулж байсан. Хүүхдээ өргөж явах хамгийн хэцүү. Хоёр дахь хүүхэд дээр бол их хүнд байсан. Хөлтэй хүн хөлөөрөө явна аа гээд охиноо хөтлөөд явдаг байлаа. Гэтэл нагац ах охиныг минь өргөөд явах гэхэд охин маань “Хөлтэй хүн хөлөөрөө явна аа” гээд өөрөө алхаж байсан юм даа... Дараа нь Эрхэмээ дүүгээ өргөдөг болж их амар болсон. Гурван хүүхэд гэдэг бол их баялаг шүү дээ.
Хүнд дурлаад, тэр хүнийхээ ар гэрийг бодоод салж чадаж байна. Өөрт гэхдээ хэцүү байдаг биз дээ?
Хүнээс салахад 45 хоног л хэрэгтэй байдаг юм биш үү. Сараа гэдэг хүний дотоод сэтгэл нь шаналдаг байх л даа. Ер нь бол сэтгэлийн үзүүрт нэг гомдол үлддэг юм билээ. Ерөөсөө хайртай дуртай байсан гэдэг нь худлаа ч юм шиг, хоосон. Эрэгтэй эмэгтэй хүний дунд хүүхэд нь л үлддэг учраас, мөн хүндлэгдэхүйц түвшинд явж байгаа болохоор өөр. Гэхдээ миний сэтгэлийн гүнд гомдол байдаг гэдгийг тэд нар мэддэг л байх. Би их хатуу шүү дээ. Яагаад хатуу вэ гэхээр, салалт гэдэгт хандсан хандлагаас нь болж байгаа. Намайг цөхрөөгүй, шалдаа бууж гуйгаагүйд эгдүү нь хүрдэг байх. Хайрлаж чадахгүй гэж хэлсний төлөө ямар үнэтэй хариу авч байна аа, тэр эрчүүдээс.
Эмэгтэй хүн хүчирхэг байсны төлөөс үү?
Үгүй ээ, шударга байсны төлөөс л дөө. Уран ухаан хэрэглэж байж хүүхдэдээ анхаарал тавиулах нюанс үүсгэж байна.

“SINGLE MOM” НИЙГЭМД БАЙР СУУРЬТАЙ, ХҮЧИРХЭГ БАЙЖ БОЛДГИЙГ ХАРУУЛСАН

Цэл залуухан Сараагийн хувьд хайр гэдгийг яаж төсөөлдөг байв?   
Ер нь хайр бол их ээдрээтэй. Хайрыг удирдах боломжгүй.
Уран бүтээлчийн эрх чөлөө яах вэ?
Анхнаасаа л хил хязгаарыг нь тавьж өгнө. Тийм учраас л охины аав салсан байх. Ааштай, алдартай эмэгтэй хүн чинь “гэрийн найран дээр ирэх ёстой байсан ирээгүй” г.м зүйлээс эхлээд л салах болсон. Тийм учраас надаас дээгүүр, нэр хүндийн дээд хэмжээ болсон хүн л намайг удирдах юм шиг байгаа юм.
Харин одоогийн Сараа?
Надад одоо ээж гэдэг Сараа 70 хувь, эмэгтэй хүн гэдгээ унтуулчихсан. Хүссэн юмаа авдаг эмэгтэй гэдгийг маань мэдэж байгаа шүү дээ, хүмүүс. Зүрхээ шархлуулаад л, нэг тийм дундуур сэтгэлтэй үлдмээргүй байна. Би чинь урвалт шарвалтын ертөнцөд бол дүүлсэн эмэгтэй. Сүүлдээ бүр урвалтад ч гомдохоо байчихдаг. Надаас урвасан гэж мэдсээр байж тэр хүнтэй хамт байх хэцүү биз дээ.
Энэ бүхнийг даван туулах дотоод хүчийг хаанаас олж байна вэ?
Өөрөө өөрөөсөө хүчээ авдаг. Өөрөө өөрийгөө нээнэ. Бясалгал, хоолны багш гээд өөрийгөө нээх сургалт дамжаанд явах дуртай. Би ерөөсөө өөрийгөө л цаглашгүй их энергийн уурхай гэж боддог. Бүр жаахан байхдаа миний амьдрал телевизээр гардаг байх гэж боддог байсан. 40 насандаа охиндоо таалагдах гээд дугуй унаж сурч байлаа. Амьдрал яг л хоол хийж байгаа юм шиг. Толгойгоо жаахан цэгцлээд хэрэггүй хүмүүсийг, хэрэггүй бодлуудыг бүгдийг нь гэрээсээ гаргаад хаях хэрэгтэй. Намайг хайрлахгүй, хүндлэхгүй байгаа улсуудтай би уулзах хэрэггүй, учрах хэрэггүй. Шударга, үнэн голоосоо хүнийг хайрладаг, хүндэлдэг улсуудтай харьцаад явах нь сайн. Хэзээ ч моодноос гарахгүй гэж бодогддог нь ийм учиртай. Ерөнхийдөө baby boom хийгээд авсан. single mom нийгэмд байр суурьтай, хүчирхэг байж болдгийг харуулсан. 
Та ямар хөгжим сонсох дуртай вэ?
Би нэг тийм эрэлхэг, сөөнгө хоолойтой Cool эрэгтэй хүний дуу сонсох дуртай. Брайн Адамсыг шүтдэг. 
Та цэцгэнд дуртай юу?
Цэцэг суулгах дуртай болсон. Миний энэ насандаа хийх ёстой үйлийн нэг юм шиг байгаа юм. Сайн үр суулгавал үр шимийг нь амсана. Би ингэж чадсан гэж бодож байгаа. Хүнд итгэсэн, тусласан, баярлуулсан олон түүх бий.

Монгол эмэгтэйн хатан ухаан гэж ярьдаг. Хатан ухааныг та хэрхэн тодорхойлох вэ?
Бид бол гурван нүүдлийн дараах юмыг ярьж байна. Хатан ухаан гэдэг бол есөн нүүдлийн цаадхыг тооцоолох чадвар юм. Төрийн бодлого, гэр бүлийн бодлого, хатдын бодлого гээд бүгдийг оруулж байгаа. Дээрээс нь эмэгтэй хүний өөрийнх нь бодлого байна. Энэ бүх юмыг шингээж байж л хатан ухаан бий болдог юм байна л даа. Тэр мундаг бие сэтгэлээ өгч байж улс орноо аварч байсан агуу хатдын ухаан. Үр хүүхдүүдээ дайнд илгээж байсан сэтгэлийн хат. Золиос гаргаж чаддаггүй хүн бол хатан ухааны талаар яриад ч хэрэггүй.
Дуу ба гэгээрэл ямар холбоотой гэж та боддог вэ?
Дуу дуулна гэдэг чинь лам нарын хувьд маани уншина гэдэг шиг, нэг тийм сэтгэл зүйн нислэг хийж байгаа явдал юм. Энэ нислэг дээр зөв буух гэдэг утгаараа үнэн голоосоо дуулаад л дууг амилуулна шүү дээ. Дууг олон дуулж өөрөө ойлгож байж хүнд ойлгуулна. Дууг дуулна гэдэг чинь бас урлаг шүү. Тийм амархан биш. Гэгээрэлтэй холбож байгаа нь зөв л дөө. Яагаад гэхээр дуугаар хүн өөрийгөө илэрхийлдэггүй. Тэр дуу нь зохиогдсон үзэл бодлыг илэрхийлдэг. Яг залбирал хийж байгаатай адил. Би чинь тайзан дээр бол нийгэмд өөрийгөө өгөх үүрэгтэй хүн шүү дээ. Тайзны тэр “алтан” заагийг хадгалах нь зөв гэж боддог.
Танд баярлалаа.

Ярилцсан: Ц.Оюунчимэг
"Зиндаа" сэтгүүл №2 /502/, 2017-01 сар