Monday, June 26, 2017

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд дайх сонгогч миний үг



Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт явагдаж байна. МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшин өрсөлдсөн сурталчилгааны сар хүрэхгүй хугацаанд монголчуудын сонорыг сайн муу олон мэдээгээр мялаасан халуухан өдрүүд болж өнгөрлөө. Эцэст нь нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн МҮОНТВ-ээр шууд явагдаж, орон даяар телевизийн сувгаар болон сошиалаар олон хүн нэгэн зэрэг үзэж сонирхлоо. Тэд өнөөдөр гурван нэр дэвшигчийн хэнд нь саналаа өгөх вэ гэдэг түүхэн сонголтоо хийж буй. 

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн элдэв шооч хэл аманд өртсөн ч, хэн нь хэн бэ гэдгийг харуулаад өгсөн давуу талтай байлаа. Нийгмийн сэтгэлзүй Х.Баттулгын талд давалгаалж, М.Энхболдод тавьсан "өхөөрдөм" асуултууд сошиал ертөнцийг хөгжөөж намынхныг нь ичээсэн нэг өдөр өнгөрөв. Олон нийтийн тавьсан шаардлагын дагуу М.Энхболдтой холбоотой 60 тэрбум, Х.Баттулгатай холбоотой гадаад эхнэр болон хятад түнш, С.Ганбаатартай холбоотой 50 сая воны асуудлууд хөндөгдсөн нь олон нийтийн хүлээлтийг харгалзан үзсэнийг илтгэж байна. 100 хувийн үр дүн мэдээж гараагүй.  
Гэвч сонгогч өөртөө сонголт хийж, хэн нэгэнд нь саналаа өгнө гэдэг тэр сонголт л хамгаас хүнд сорилт болсон сонгуультай монголчууд өнөөдөр нүүр тулж байна. Анх нэр дэвшигчдийн нэр зарлагдахад л "Хэнд нь саналаа өгөх юм бэ, Сонголтгүй сонгууль болж байна" гэсэн шүүмж сошиал ертөнцөөр дүүрэн байсныг эрхэм нэр дэвшигчид өөрсдөө ч харсан байх гэж найдна. 
Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж буй гурван эрхмийн нэг нь л ерөнхийлөгч болно. Гэхдээ хэн нь болох вэ гэдгийг ард түмний сонголт шийдэх учир гурвууланд нь үг дайхыг хүслээ. Ингээд 96 жилийн түүхтэй МАН-ын нэр дэвшигчээс эхэлье.

МАН-ЫН НЭР ДЭВШИГЧ М.ЭНХБОЛД ТАНАА

Өнөөдөр М.Энхболд нэр дэвшигч танд саналаа өгч байгаа хүмүүс бол нэг талаас намын тань үнэнч гишүүд, идэвхтэй дэмжигчид, мөн ахмадууд голдуу байгаа. Нөгөө талаас монголын тэргүүлэх сэхээтнүүд, шинэ үеийн боловсролтой залуусын төлөөлөл ч бас өөрийг чинь "төрд бэлтгэгдсэн хүн юм даа" гэж бодон бодон, зарим нь бүр зүрхэндээ нулимс хуруулан байж саналаа танд өгч байгаа. Хэрвээ та ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол хамгийн түрүүнд нийгмийн элит хэсгийн дэмжлэгийг хүлээж яваа гэдгээ хэзээ ч бүү мартаарай! Та нэн тэргүүнд орчин үеийн ерөнхийлөгч байхад суралцаарай. Улсын ерөнхийлөгчөөр сонгогдчихоод "эрчүүд дээшээ суу, эмэгтэйчүүд тэр доогуур сууцгаа" гэж дахин бүү хэлээрэй! Энэ бол таны хамгийн түрүүнд суралцах ёстой зүйл болох нь баримтат бичлэгүүдээс тань харагдсан. 
Таны хувьд багш аавын тань нэр хүнд, боловсролтой сэхээтэн хүн гэдэг имидж, төрийн албанд шат дараалан өндөр алба хашиж ирсэн арвин их туршлага тань эрх биш ерөнхийлөгчөөр ажиллахад эергээр нөлөөлнө гэж найдаж, олон хүн танд саналаа өгч байгаа. 
Та тэр 60 тэрбумын асуудлыг нэгмөр цэгцлээрэй. Сандуй хэмээх санаачлагч нөхөрт хариуцлага тооцож, төрийн албыг худалдах бодлыг нь үүрд таягдан хаяарай. 
Та эх оронч л байгаарай. Та тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө гэсэн сэтгэлтэйгээр, хувиршгүй нэг л зангаараа байдаг юм шүү. Танаас хүсэх гол юм энэ.
Хэрвээ та ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол мэдээж бүх Монгол Улсаа төлөөлнө. Гэхдээ үе үеийн сэхээтнүүдийнхээ (магадгүй сүүлчийн удаа танд итгэж) өгсөн саналын үнэ цэнийг мэдэрч, итгэлийг нь даасан шиг даагаарай гэж танаас хүсье!

АН-ЫН НЭР ДЭВШИГЧ Х.БАТТУЛГА ТАНАА

1990 оноос эхлэн тоолох юм бол 27 жилийн түүхтэй АН-ын нэр дэвшигч Х.Баттулгад өнөөдөр саналаа өгч буй намын тань гишүүд дэмжигчид, давалгаалан түрж буй олон нийт ямар их итгэл найдвар тээн танд саналаа өгч буйг Та мэдэж байна уу? Та бол тэдний хувьд авлигын гагнасан гинжийг таслагч нь юм. Та энэ олон хүний гэгээн хүсэл мөрөөдөл, итгэл найдварыг өөртөө тээчихээд хэчнээн их хариуцлагатай байх ёстойгоо ухаарч буй гэж найдъя. Хэрвээ та ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол, зөвхөн танд саналаа өгсөн хүмүүсийг биш, бүтэн Монгол Улсаа, бүх монголчуудаа төлөөлсөн хүн болно гэдгээ хатуу ойлгоорой гэдгийг онцгойлон анхааруулахыг хүсч байна.
Та фракц гэдэг ойлголтоо тархи толгойноосоо бүрмөсөн авч хаях ёстой. Та төлөв төвшин, ноён нуруутай төрийн хүн байх ёстой гэдгийг нэн тэргүүнд сануулъя. Хэрвээ та ерөнхийлөгч болох юм бол ялгаварлан гадуурхах, талцан хуваагдуулах, заримдаа хэт үндсэрхэг гэмээр үзлээсээ ангид байж сураарай. Яагаад гэвэл та Ерөнхийлөгч болсон тохиолдолд бүх ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг нь болно. Үүнийг хэзээ ч бүү март!
Таны хөдөлмөрч зан чанар, төрийнхөө далбааг тив дэлхийд мандуулан анхны олимпийн аваргыг төрүүлсэн баатарлаг гавьяа, аялал жуулчлалын томоохон бүтээн байгуулалтууд бол монголчуудын бахархал гэдэгтэй санал нэг байна. Гэвч та ерөнхийлөгч болох юм бол улс орноо бүхэлд нь харж чаддаг байх үүрэг хүлээж, улсынхаа эцэг нь мэт байх болно шүү гэдгийг танд дахин дахин сануулъя. Ардын хүү наадамд түрүүлж яагаад болдоггүй юм гэх ариун хүсэл тээн алаг дээлтэй ерөнхийлөгчөө хүлээж буй ард түмнийхээ итгэлийг бүү хөсөрдүүлээрэй!
          
МАХН-ЫН НЭР ДЭВШИГЧ С.ГАНБААТАР ТАНАА

Өнөөдөр МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар танд саналаа өгч буй хүмүүс бол дээрх хоёр намд итгэл алдарсан, гуравдагч хүчнийг үгүйлсэн хүмүүс дийлэнх нь байгаа. Тэд таны санал болгож буй өөр гарцыг танаас өөрөөс чинь нэн тэргүүнд харж байгаа. Гэвч уучлаарай, та одоохондоо ерөнхийлөгчөөр сонгогдохгүй ч байж мэдэх хамгийн магадлалтай хүн. Гэхдээ ард түмний сонголтыг бид тааварлашгүй. Нийгмийн сэтгэлзүйн давалгаа хааш чиглэнэ, тэр зүгт ялалт ирдэг байдал сонгуулиудын үр дүнгээс харагддагийг эрхбиш мэднэ буй за. 
Та 2005 оноос эхлэн гуравдагч орон зайд тэмцэж ирсэн хүн. УИХ-ын гишүүнээр ч сонгогдож байв. Гэвч та халз мэтгэлцээн дээр үзэгч, сонсогч, нийт ард түмнээ нэлээд сайн аашилж загнах шиг боллоо. Үйлдвэрчний эвлэлийн раамнаасаа гараасай, Монголоо бүхэлд нь хараасай гэж танд хэлмээр санагдаж байлаа. Та 50 сая вон аваагүй гэж хэллээ. М.Энхболд ч 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэж хариулсан. Х.Баттулга гэр бүлээ нууцалсан хэвээр үлдсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж буй М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нар аа!

Та гурвын хэн нь ч ерөнхийлөгчөөр сонгогдсон, нэгнийхээ ялалтыг хүлээн зөвшөөрч, нөгөө хоёр нь очиж баяр хүргэх хэмжээний улс төрийн соёлтой хүмүүс гэдэгт сонгогч би эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл та гурвын нэг нь өнөөдөр, магадгүй нөгөөх нь дараагийн удаа, бүр дараа гуравдахь нь ерөнхийлөгчөөр сонгогдох цаг ирэхийг үгүйсгэхгүй. 
Улс төрийн замын хүзүү урт гэдэг шүү дээ. Тийм учраас ялалт, ялагдлаа эр хүн шиг хүлээн зөвшөөрцгөөгөөд, ард түмнээ амгалан тайван сайхан наадуулахын төлөө гурвуулаа хичээгээрэй.

Монголчуудын маань сонголт мэргэн, төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай!

Ц.Оюунчимэг

2017-06-26
өдрийн 12:32 цаг


Жич:
МҮОНТВ-д 2017 оны 6 сарын 24-нд болсон Халз мэтгэлцээний үеэр 3 нэр дэвшигчээс асууж амжаагүй, хүрдэнд үлдсэн асуултууд:
С.Ганбаатарт ирсэн ч асууж амжаагүй асуултууд − УИХ-д МАН 65 суудалтай, засгийн газар, нийслэлд нэгээс нь бусад аймаг, 200 гаруй суманд МАН ялсан. Ийм нөхцөлд Ерөнхийлөгч болбол гаргасан шийдвэр амьдралд биелэх боломжтой юу? − Та УИХ-д сонгогдож чадаагүй шалтгаанаа юу гэж боддог вэ? − Улс төрч хүн, төрийн өндөр албан тушаалтан илэрхий худал мэдээлэл нийгэмд өгөх нь хэр зохистой байдаг вэ? Энэ тохиолдолд ямар хариуцлага тооцох ёстой вэ? − Одоо та ямар орлогоор амьдарч байна вэ? − Сонгуулийн сурталчилгааны зардлаа хэрхэн бүрдүүлсэн бэ? − 2016 онд ХҮН нам байгуулж байсан. ХҮН намаа орхих болсон шалтгаан чинь юу юм вэ? − Офшорчдыг хянаж, нийгэмд ил болгоно гэсэн амлалтаа хэрхэн биелүүлэх вэ? − Англи улс явахаасаа өмнө залилангийн хэрэгт холбогдож байсан гэдэг нь үнэн үү? − Нэг хэсэг Иргэний хөдөлгөөний Батзандан, Магнай нартай нийлж тэмцэл хийж байсан. Одоо яагаад тэднээс салсан бэ? − Таныг Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч байхдаа тус байгууллагын мэдэлд байсан газрыг зарсан, тэр газарт нь зочид буудал баригдаж, та нэр холбогдож байсан. Энэ хэрэг юу болсон бэ? − Таныг Намбарын Энхбаяраас хамааралтай болсон гэж үзэж байна. Үүнийг юу гэж үзэж байна вэ? − Оюутолгойн гэрээг луйвар болсон гэж олон жил ярьсан. Ерөнхийлөгч болох юм бол Оюутолгой төслийг зогсоох уу?


Х.Баттулгад ирсэн ч асууж амжаагүй асуултууд − 2011 оны 7-р сарын 1-ы үймээр самуун дэгдээсэн хүмүүст хариуцлага тооцсон уу? Энэ үймээн самуун монголчуудад хэрхэн муу үр дагавар авчирсан бэ? − 6-р сарын 26-ы өдөр хар тамхитай тэмцэх өдөр. Таны хүү хар тамхины хэрэгт нэр холбогдсон нь үнэн үү? Үнэн бол энэ өдөр та уучлалт гуйх уу? − Та одоо хэр зэргийн хөрөнгөтэй хүн бэ? Ямар хэлбэрээр хаана оршиж байгааг нь тоон хэлбэрээр хэлнэ үү? − Та Алтанхуягийн засгийн газрыг огцруулсан хүн. Заналтайгаар огцруулах кноп дарлаа гэж хэлж байсан. Тэмүүжин, Бат-Үүл гээд хүмүүстэй муудалцдаг. Өөрийнхөө намтай эвээ олж, мөн МАН-ын засгийн газартай хамтран ажиллаж чадах уу? Ардчилсан нам таны сонгуульд хэр дэмжлэг үзүүлж байна вэ? − Та хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага эзэмшдэг вэ? − Таны зөвлөх байсан Либерти Партнерсийн Ганбат, Монголын төмөр замын Бат-Эрдэнэ нарыг Интерполоор эрэн сурвалжилж, хайж байна. Тэр хүмүүстэй одоо холбоотой байгаа юу? − Та Төв аймгийн Баян сум дахь Төгрөг нуурын 13 тэрбумын нөөцтэй хүрэн нүүрсний 255 сая америк доллар буюу 612 тэрбум төгрөгөөр зарж, өөрийн оффшор дансанд хийсэн гэдэг үнэн үү? − 17 чингэлэг спиртийн хэрэг замхарч ус болсон гэдэг. Энэ хэргийн талаар тодорхой тайлбар хийнэ үү? − Сайншандын аж үйлдвэрийн паркийн асуудал нээлттэй үлдсэн. Энэ хэргийг шалгуулчихаад өрсөлдөж болоогүй юмуу? − Сонгуульд нэр дэвшүүлж буй таны уриа “Монгол ялна” гэдэг үгийн философи, улс төрийн философи, улс төрийн бодлогын философийн үүднээс харахад ямар утгатай вэ? Энэ бүрийн ялгааг хэлнэ үү? − Таны холбогдсон төмөр замын шороо овоолсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж цагдаа, прокурор мэдээлээгүй. Хэрэг хаагдаагүй. Тэгэхээр та сэжигтэн үү? − Гадаадын сайтуудад тавигдсан 1,1 тэрбумын хөрөнгөтэй лицензүүд зарсан гээд байгаа мэдээллийг няцаах баримт байвал хэлнэ үү?


М.Энхболдод ирсэн ч асууж амжаагүй асуултууд − Та хамт өрсөлдөж байгаа Баттулга, Ганбаатар нарын тухай юу хэлэх вэ? − Таны гэргий багш, эрдэмтэй хүн юм билээ. Гэр бүлийнхээ хүнтэй хэзээ, яаж танилцсан бэ? Гэр орондоо зав гаргаж чадаж байна уу? − Та ямар орлогоор хурдан морьтой болсон бэ?
− Хөшгийн хөндийг дагаад хот байгуулбал нийслэлийн ачаалал буурах уу? − Ардчиллын дуу хоолой, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх индэр болдог дөрөв дэх засаглалын талаар ямар бодлого баримтлах вэ? − Та ерөнхийлөгч болбол улс төрийн хариуцлага гэдэг зүйлийг өөрийн намынхандаа тооцож ажиллаж чадах уу? − Энэ сонгуульд та “Эвтэй монгол” гэсэн уриан дор сурталчилгаагаа хийж байна. Эвтэй гэдэг нь авилгачидтай, хариуцлагагүй байдалтай эвлэрэх санаа биш үү?
- Ерөнхийлөгч хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг томилдог, санал оруулдаг бүрэн эрхтэй. Шударга ёсыг тогтооход онц чухал албан тушаалтан юм. Та шүүгчийг томилгоог шударгаар хийж чадах уу?
− Жаран тэрбумын гэх, таны, Сандуй нарын оролцсон бичлэг цацагдлаа. Төрийн албыг наймаалцаж зарсан гэх асуудал яригдсан. Энэ бичлэгийн талаарх байр сууриа илэрхийлнэ үү?
− Танд оффшор бүсэд данс, компани байгаа юу?
− Ардчилсан намын өөрчлөлт шинэчлэлт таны хувьд чухал уу? Та ерөнхийлөгч болбол нам бус болно. Тэгэхээр бүх нам танд чухал байх ёстой. Та тэдэнд туслах уу? − Танай нам ирэх жил цалин, тэтгэврийг нэмж чадах уу?

Мэдээлэл- News and Info