Monday, April 9, 2012

ЭМЭГТЭЙЧҮҮД УЛС ТӨРД БАЙХ ТАВАН ШАЛТГААН


1.  1. Монгол хүний төлөө гэх сэтгэл, монгол хүндээ хийх хөрөнгө оруулалт үгүйлэгдэж байна
Эмэгтэй хүний нүдээр харж, эх хүний сэтгэлээр шийдэл гаргасан бодлого үгүйлэгдэж байгаагаас монгол хүн монгол газар нутаг дээрээ тайван амьдрахад бэрх болжээ. Өнөөдрийн Монгол Улсад өлсгөлөн хүүхдүүд олширч, ажилгүй залуус нэмэгдэж, эмэгтэйчүүд, дунд, ахлах насныхан хөдөлмөрийн зах зээлд ялгаварлагдан гадуурхагдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад буурлуудын амьдрал улам бүр доройтсоор байна. Эрчүүд давамгайлсан эрх баригчид хатуу дэд бүтцэд хандсан хөрөнгө оруулалтыг тэрбум тэрбумаар нь хийж, эдийн засаг хорь гаруй хувиар өсчихлөө хэмээн бардамнаж байгаа атлаа хүндээ чиглэсэн хөрөнгө оруулалтад гар татсаар өдий хүрсэн байна. Тэд хүний асуудлыг, хүндээ хийх хөрөнгө оруулалтыг “эмэгтэйчүүдийн асуудал” хэмээн үл ойшоодог учир энэ асуудлыг шийдэхгүйгээр иргэдийн амьдрал хэзээ ч сайжрахгүй гэдгийг мэдэхийг ч хүсдэггүй. Эрх баригчид зөвхөн эд материал, барилга байгууламж, машин техник, эрдэс баялгаар л улсаа хөгжүүлчихнэ гэсэн өрөөсгөл бодлогыг явуулж, хүний хөгжлийн асуудлыг орхигдуулсаар ирлээ. Монгол хүн хөгжихгүй юм бол, монгол хүнээ хайрлахгүй юм бол, монгол хүндээ хөрөнгө оруулалт хийхгүй юм бол улс гэр маань оршин тогтнох үндэсгүй билээ.
МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭХ СЭТГЭЛ, МОНГОЛ ХҮНДЭЭ ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА.
2.Эхийн сэтгэл, ээжийн оролцоо, эмэгтэй хүний шийдвэр үгүйлэгдэж байна
Монгол орон маань хаа сайгүй хогондоо дарагдсан харагдана. Улс гэр, уул тал, нутаг ус маань ундуй сундуй дүр зурагтай харагдах болж, газар нутаг маань хаа сайгүй онгичигдон сүйдэж, хүн ард маань туйлдан ядуурсан байна. Гудамжинд хэвтэх хүнийг архичин л биз хэмээн үл ойшоох сэтгэлгээ газар авч, хүн хүндээ туслах, хүн хүнээ энэрэх ойлголт үгүй болж эхэлжээ. Хотын засмал замууд зөвхөн машинд зориулагдаж, явган хүний гарц нь явган хүн гарах боломжгүйгээр зохицуулагдсан байх нь хэнийг боловч аюулд учруулахад бэлэн байна. Замаар гарч яваа хүнийг хараад хурдаа нэмдэг машинууд зөвхөн монголын гудамжинд л явж байгаа энэ цаг үед гарц бүр дээр гэрлэн дохио байхгүйгээс монгол хүн аюулыг сөрөн амьдарч байна. Ээж нь эзгүй айлын эмх замбараагүй дүр төрх улс оронд маань ноёлж, дан ганц эрчүүдийн нүдээр харсан асуудал л хагас хугас шийдэгдэх болжээ.
ЭХИЙН СЭТГЭЛЭЭР ДЭНСЭЛЖ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР ХАРСАН АСУУДЛУУД ШИЙДЛЭЭ ХҮЛЭЭН ХУРИМТЛАГДСААР БАЙНА.
3.Эмэгтэй хүний нүдээр харсан гэр бүлийн бодлого үгүйлэгдэж байна
Эрчүүд давамгайлсан төлөөлөл улс орныг удирдлаа гээд эрчүүдийн асуудал шийдэгдсэнгүй. Хөдөлмөрийн зах зээлд ялгаварлагдан гадуурхагдсан дунд насны эрчүүд, ажлын туршлагагүй хэмээн гологдсон залуус сэтгэл гундуухан алхаж явахтай хаа сайгүй тааралдаж болохоор байна. Тэдний ард гэр бүл, үр хүүхдүүд нь байгаа. Гэр бүл, үр хүүхдээсээ хол байж, тэднийгээ орхин явж чадсан нь ажилтай байх тийм л нийгмийг эрчүүд давамгайлсан эрх баригчид бүтээж байна. Эрх баригчдын явуулж буй бодлогоор эрүүл саруул, ид насны олон залуус харийн нутагт ганцаардаж, зөвхөн мөнгөний араас улайрсан сэтгэлгээнд баригдан, залуу насны аз жаргал, гэр бүлийн амьдрал гэж юу болохыг мэдэхгүйгээр он жилийг өнгөрүүлж явна. Гэр бүлийн зохистой бодлогыг бий болгоё.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮГИЙГ СОНСОЖ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ШИЙДВЭР ГАРГАХАД ОРОЛЦУУЛЖ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨР ДЭХ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.
4. Эмээгийн сургааль, ээжийн үг, эмэгтэйчүүдийн оролцоо үгүйлэгдэж байна
Байгаль орчин сүйдэж, уул ус бохирдож, монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл улам бүр алдагдаж байгаа нь өнөөгийн эрх баригчдын харалган бодлогын үр дагавар юм. Эрх баригчид газар нутгаа уул уурхайн зориулалтаар компаниудад лицензээр өгөхдөө уг газар дээр хүн ард нь амьдарч, мал сүрэг нь бэлчиж, ус гол нь урсаж, ургамал мод нь ургаж байгааг огт харахгүй байна. Ургамал модоо таслахгүй байж, уул усаа дээдлэн шүтэж, газар нутгаа цэвэр ариунаар нь байлгахыг үр хүүхэддээ сургаж, үеэс үед уламжлуулан мөрдүүлж ирсэн хүмүүс нь ээж, эмээ нар маань билээ. Гэвч эрчүүд давамгайлсан эрх баригчид ээж, эмээ нарынхаа үгийг сонссонгүй. Тэд газар нутгаа бялуу зүсч байгаа мэт мөнгө төлсөн бүхэнд хуваан өгсөөр ирснийх нь төлөөсөнд малчид хохирч, нутаг орондоо амьдрах нөхцөлгүй болон хот бараадаж, “экологийн дүрвэлт” хийж байна. Экологийн доройтолд орж, хүн амьтан амьдрах нөхцөлгүй болтлоо цөлжсөн газар нутаг мааннь эзэнгүйдэж, улс орны маань оршин тогтнохуйн аюулгүй байдалд аюул заналхийлж байна. Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо дэндүү бага байгаагийн үр дагавар нь энэ юм.
МОНГОЛ ТӨРИЙН БОДЛОГОД ЭМЭЭГИЙН СУРГААЛЬ, ЭЭЖИЙН ҮГ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА.

5. Эмэгтэйчүүдэд хийх ажил их байна!
Монгол орны өнцөг булан бүрт эмэгтэйчүүдийг хүлээж байна. Ядарч туйлдсан ахмадууд, өвдөж зовсон хүмүүс, өлсөж харангадсан хүүхдүүд, газар нутаггүй болсон малчид, ажил олдохгүй байгаа залуус, гудамжинд гарсан эрчүүд, хүүхдийнхээ ирээдүйд зовнисон эхчүүд, ирээдүй байгаа гэдэгт итгэхийг хүссэн хүүхдүүд бүгдээрээ эмэгтэйчүүдэд итгэж, тэднийг хүлээж байна.
БҮХ МОНГОЛЧУУД МААНЬ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ИТГЭЖ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА!
Монголчуудын амьдралд эхийн сэтгэлээр энэрэх ухаан, ээжийн нүдээр олж харсан шийдэл, эмэгтэйчүүдийн оролцоотой шийдсэн төрийн бодлого үгүйлэгдэж байна. Өнөөгийн нийгмийн хатуу харгис хандлагыг бие сэтгэл, ажил амьдралаараа мэдэрсээр туйлдсан түмэн олон маань эмэгтэй хүний зөөлөн сэтгэлээр тэжээгдсэн нийгэмд энэрэл хайр хүртэн амьдрахыг хүсч байна.
ЭМЭГТЭЙЧҮҮД АРД ОЛНЫХОО ТӨЛӨӨ ШИЙДВЭР ГАРГАХАД ЭРЧҮҮДТЭЙ ЭН ТЭНЦҮҮ ОРОЛЦОХ САЙН ЦАГИЙГ ИРГЭД МААНЬ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА!
Шийдвэр гаргахад тэгш оролцоог шаардах эрх нь эмэгтэй хүн бүрт бий. Эмэгтэйчүүд бид Монгол Улсаа, аймаг хотоо, сум дүүргээ, баг хороогоо, гудамж, хот айлаа нэгэн том гэр бүл хэмээн харж, шийдвэр гаргахад, хэрэгжүүлэхэд гар бие оролцох цаг нь хэдийнэ болжээ. Улс гэрээ төвхнүүлж, хүн ардаа амар амгалан амьдруулахын төлөө эмэгтэйчүүдийн нүдээр харж, эмэгтэйчүүдийн оролцоотойгоор төлөвлөсөн бодлогын шийдэл дэндүү удаан хүлээгдэж байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА! 

Ц.Оюунчимэг

2012-04-02