Wednesday, December 14, 2016

МӨНГӨ ба УЛС ТӨР




12-р сарын 15
 Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшүүлэх үйл явц ид өрнөж байна. Тус намын даргад нэрээ дэвшүүлэх хүн 250 сая төгрөгийн дэнчин төлж байж нэр дэвших эрхээ олж авах тухай мэдээлэл нийгэмд шуугиан тариад буй.
Ардчилсан намын даргын сонгуулийн хорооноос гаргасан албан ёсны мэдээнд “Бүх гишүүдийнхээ саналаар намын даргыг сонгох болсонтой холбоотойгоор “Ардчилсан намын даргын сонгуулийн хороо” 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсанаар Намын даргын сонгуулийн үйл ажиллагаагаа эхэллээ. Намын даргын сонгуулийг зохион байгуулах аймаг дүүрэг сумын 339 салбар  хороог тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолыг намын даргын  сонгуулийн хорооноос баталлаа. Тус хороо Намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж 12 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цаг хүртэл бүртгэх шийдвэр гаргалаа. VI их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргын сонгуульд Ардчилсан намын даргын сонгуулийн хорооноос баталсан журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн нэр дэвших эрхтэй. Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэн 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалт 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй. Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэл албан ёсоор эхэллээ” хэмээн дурдаж, уг мэдээг www.demparty.mn вэб хуудаст нийтлэжээ.  
Гэвч уг вэб хуудаст тэрхүү дэнчингийн талаар албан ёсны мэдээлэл нийтлэгдээгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ардчилсан намын их хурлаас АН-ын даргын сонгуулийг удирдан явуулах үүргийг тус намын дарга /асан/ З.Энхболд хүлээж буй бөгөөд намын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлэх хүмүүс анкетаа бөглөж, мэдээллээ авах үед 250 сая гэдэг тоо бичигдсэн байсан тухай мэдээлэл гэрлийн хурдаар тархсан нь нэр дэвших сонирхолтой байсан цөөнгүй хүнийг цочролд оруулсан аж. Тухайлбал, Г.Батхүү: “Мөнгөөр бус мөрийн хөтөлбөрөөр урьдчилсан шалгаруулалтаа хийе гэж бид их хэлсэн дээ. 250 сая гэдэг арай л дэндүү байна шүү”, “АН-ынхаа дотоод ардчиллыг сайжруулахгүй бол болохгүй нь ээ гэдэг нь өнөөдрийн дотоод сонгуулийн үйл явцаас харагдаж байна”, Л.Гантөмөр: “Ардчилсан намыг шинэчлэх ёстой гэдэг нь алхам тутамд л харагдаж байна даа. Юун 250 сая төгрөг вэ....”, М.Батчимэг: “Хэн ямар үндэслэл шалтгаанаар ийм шийдвэр гаргасан талаар намын гишүүд, олон нийтэд нээлттэй тайлбар өгүүлэхийг шаардаж байна! Дэндэж байна” хэмээн твиттер хуудсандаа жиргэсэн бол, УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “250 сая хамгийн бага дэнчин, 2 хүн дэвшвэл тэрбум илүү гарна. Дээр нь сурталчилгааны зардал, бүх аймаг сумдаар явна, нэр дэвшигч гаргана” хэмээн жиргэсэн нь харагдана.
Ардчилсан намын хувьд 2000 оноос хойш намын даргын сунгааг бараг анх удаа зохион байгуулж буй нь энэ юм. Бараг гэдгийн учир нь 2001 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын хооронд сунгаа явагдсан бөгөөд уг сунгаанд М.Энхсайхан хөдөө орон нутагт ялалт байгуулан явж байх үед Р.Гончигдорж гэнэт Дархан, Эрдэнэт зэрэг хот суурин газруудад илт давуу ялалт байгуулж нийт авсан саналын тоо давамгай болсон учир ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан байдаг. Уг сунгааны үед Дархан хотод 8000 хүн АН-д шинээр элссэн тухай мэдээллээр энэхүү ялалтын учиг тайлагдсан байдаг. Ийм гашуун туршлагатай учраас тус намд дахин ийм сунгаа явагдаагүй өдийг хүрчээ. Тийнхүү дараа дараагийн сонгуулиудад ч нэр дэвшигчийг тодруулахдаа ҮЗХ-ны хурлаас шууд нэрийг нь дэвшүүлэн гаргадаг болсон байна.
Одоогийн сунгааны хувьд харьцангуй шударга явагдах магадлал илүү хэмээн гишүүд дэмжигчид нь үзэж байгаа гэнэ. Учир нь, энэхүү сунгаанд нэг салбар хороог 100 хувь хэмээн оноогоор үнэлэх бөгөөд намын даргад нэр дэвшигчдээс хамгийн өндөр оноог салбар хороо тус бүрээс авсан нь ялагчаар тодрох юм байна. Ингээд салбар хороо тус бүрт хамгийн өндөр оноо  буюу илүү их хувьтай санал авсан нэр дэвшигчид ялгаран гарч ирэхэд, тэднээс хамгийн өндөр хувиар санал авч өндөр оноо цуглуулсан нэг хүнийг 2017 оны 2 дугаар сард хуралдах VII их хурлын төлөөлөгчид 50+1 хувийн саналаар батламжлах ажээ. Ардчилсан намын шинэ дарга намаа сонгуульд ялуулсан тохиолдолд ерөнхий сайд болох эрхтэй юм байна.  
Харин Ардчилсан намын даргын сунгаанд саналаа өгөх АН-ын гишүүд нь онлайн бүртгэлд бүртгүүлэн, сүүлийн зургаан сарын гишүүнчлэлийн татвараа төлөх бөгөөд эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тус намын гишүүнчлэлийн татвар нь сард 1000 төгрөг байдаг учир, нэг их хүндрэл учрахгүй байх төлөв ажиглагдаж байна. Гэхдээ цахим бүртгэлээ ямар хаягаар явуулж байгаа тухай мэдээлэл вэб хуудсанд нь харагдсангүй. Ер нь цахим бүртгэлийн цэсээ ч нээгээгүй байгаа юм уу гэмээр санагдлаа. МАН-ын www.nam.mn  вэб хуудаст “цахим нам” хэсэгт нь намын гишүүнчлэлийн бүртгэл хийх цэс ажиллаж байдаг бол АН-ын www.demparty.mn  вэб хуудаснаас ийм цэс хайгаад олсонгүй...
Ер нь улс төрд амжилт олохыг хүсвэл эхлээд мөнгөтэй бай гэдэг зарчим Монголын улс төрд ноёлсоор удаж байна. Улс төрд оршин тогтнохын тулд мэдлэгтэй, зарчимтай, өөрийн гэсэн үзэл бодолтой, багаар ажиллах чадвартай, эх орноо хөгжүүлэхийн төлөө чин хүсэл эрмэлзэлтэй байхаас гадна мөнгөтэй байх хэрэгцээ зайлшгүй гардаг. Тэр ч байтугай сонгогчид мөнгөтэй хүнд нь саналаа өгөх нь давамгай харагддаг. Яагаад вэ?
Мөнгөтэй хүн улсын мөнгө рүү санаархахгүй гэдэг пи ар олон жил явагдсаны үр дүн үү? эсвэл сурталчилгааны явцад мөнгөтэй хүн илүү гоё харагддаг юм болов уу? Ийм асуултыг юуны түрүүнд сонгогчид өөртөө тавьж, хариултыг өөрөөсөө эрэх нь зөв байх.  Гэхдээ мөнгөтэй хүн илүү их сурталчилгаа хийнэ. Мөнгө зарцуулж байж өөрийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэж чадна. Хэдий тийм ч мөнгө бараг зарцуулахгүйгээр хямд төсөр сурталчилгаа хийгээд ялалт байгуулсан нэр дэвшигч цөөнгүй байдаг. Тэд яаж ялсан юм бол? Тэдэнд сонгогчид яагаад санал өгөв хэмээн бүгд гайхдаг ч, эцсийн эцэст тэд ялагч л байдаг.
Тэгвэл Ардчилсан намын даргын сунгаанд хэн хэн нэрээ дэвшүүлж, хэдэн хүний хооронд сунгаа явагдах бол? Тус намын гишүүд хэнд нь илүү их итгэл хүлээлгэж, хэнийг нь даргаараа сонгох бол гэдэг асуултын эцсийн хариу гарахад сар гаруйхан хугацаа үлдлээ. Хэрвээ энэ сунгаа үнэхээр шударга зарчимаар явагдах юм бол, хэрвээ АН-ын гишүүд дотоод сонгуульдаа туйлын идэвхтэй оролцож чадах юм бол, магадгүй намынх нь рейтинг өсөж эрх барьж буй МАН нэлээд сандарч болохыг үгүйсгэх аргагүй.  
Мөнгөөр бүхнийг хэмжих нийгэмд шилжээд бид төдийлөн удаагүй ч, мөнгө эрх мэдэл хоёр салшгүй холбоотой амьдрал дундуур явж байгаа нь үнэн юм. Дөнгөж 90-ээд онд “Хэрвээ та үнэхээр ухаантай юм бол яагаад ядуу байгаа юм бэ?” хэмээн барууны суртал ухуулга нэвт шингэсэн асуултыг үр хүүхэд нь асуухад сэтгэл зүйн гүн цочролд орсон эцэг эхчүүд цөөнгүй байдаг байлаа. Тэгвэл одоо ийм асуултыг өнөөгийн залуус өөртөө тавьж, бусдаас илүү ухаантай гэдгээ нотлохыг хичээж буй билээ.  
Улс төрийн намд аль нэг шатны сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх хүн нийгэмд үнэхээр сайн танигдсан, ирээдүйтэй улстөрч гэдэг нь илт байх тохиолдолд хандив дэмжлэгээр сонгуулийн зардлаа босгож чаддаг. Гэхдээ ховор. Байдал ийм учраас мөнгөтэй л байвал улс төрд хүссэн амжилтдаа хүрч болно хэмээн эндүүрэх үйл явц манай нийгэмд өрнөж байна.  
Мөнгө ба эрх мэдэл, мөнгө ба улс төр хэмээх энэ тойргийг мөнхийн юм шиг санаж яваад хөл алдсан хүн ч цөөнгүй байдаг. Түүнчлэн аливаа эрх мэдэл гэдэг “хугацаатай” болохыг умартан цагаасаа эрт цатгалдан өтлөнги шинж орсон зарим залуусыг харахад хайран санагддагийг нуух юун. Улс төр хэмээх энэ хатуу тоглоом нэг татаж оруулсан хүнээ тавихгүй, байлгаад л байна. Улс төрийн тогооноос өөрийн хүсэл эрмэлзлэлээр гарч чадсан хүн тун ховор. Гарах тохиолдол нь ихэнхдээ ялагдал, бас дахин ялагдал л байдаг.
Харин мөнгийг биш зарчимыг шүтэж, улс төрд явах чиг шугамаа анхнаас нь зөв тодорхойлж чадсан хүний хувьд байдал өөр. Тэд улс төрд тодорхой өөрчлөлт хийх зорилготой орж ирдэг. Зорилго нь тодорхой учраас мөнгө тэгтлээ амин чухал биш. Бас эрх мэдэлд ч хэт шунахгүй байх магадлалтай. Тэд алхам тутамдаа суралцаж чаддаг хүмүүс учир хэрвээ итгэл хүлээлгэх юм бол ажлыг хийсэн шиг хийнэ. Тийм хүмүүс Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөх эсэх нь тун удахгүй тодорхой болох нь ээ.  Ардчилсан намын гишүүд хэнийг даргаараа сонгох бол? Нэр дэвшигчид нь ямар мөрийн хөтөлбөрийг гишүүддээ танилцуулах бол? Ийм таамаг төдий асуултуудаар энэ өдрүүд дүүрэн байна.
Монгол Улсын Улс төрийн намын тухай хуульд аливаа намын гишүүн намын дүрмээр зохицуулсан хэмжээгээр намд татвар өгч болно хэмээн заасан байдаг. Мөн гишүүн, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж болно гэсэн заалт ч бий. Үүний зэрэгцээ “Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” гэсэн заалт байдгийг ч мартаж боломгүй санагдана.
Улс төрийн намын санхүүжилт гэдэг зүйл гишүүд дэмжигчдийнх нь хандиваар л бүрддэг болохоор намын аливаа сонгуульд оролцох нэр дэвшигчээс заавал дэнчин буюу хандив авахаас өөр аргагүй ч юм шиг. Гэхдээ ямар хэмжээгээр вэ гэдэгт хамаг учир нь байна. Өнөөдөр нийгэмд үүсээд буй 250 саяын дуулиан эцэслэгдвэл энэ бүхэнд өгөх хариулт нь тэр болох буй за. Мөнгө ба улс төр хэмээх зүйл ийм л дүр зурагтай байна.
Ц.Оюунчимэг

Tuesday, December 13, 2016

МАН, АН хоёрын аль нь БААТАР болох вэ?


News Zindaa |  | 
 12-р сарын 13

Монголын хоёр том намын Их, Бага хурлууд хоорондоо хэдхэн өдрийн зайтай болсон нь олны анхаарлын төвд байна. Шинэ долоо хоног эхэлмэгц МАН-ын Бага хурлын VII хуралдаан эхэллээ. Намын даргын илтгэлд 2020 оны сонгуульд оролцох газрын зургаа гаргах талаар онцолжээ. Харин АН-ын VI Их хурал өнгөрсөн долоо хоногт болж намынхаа үзэл баримтлалыг шинээр томьёолох, намын даргаа сунгаагаар тодруулах шийдэлд хүрээд буй. 
Ардчилсан намын хувьд одоогоос 16 жилийн тэртээ ардчиллын төлөөх таван намын нэгдлээр байгуулагдсан нам. Тус нам байгуулагдсаны дараах эхний таван жилдээ таван удаа Их хурлаа хийж байсан түүх бий.  Гэвч сүүлийн жилүүдэд болсон анхны Их хурал нь ердөө хэдхэн хоногийн өмнө хуралдсан. Өөрөөр хэлбэл, одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг намын удирдлагаараа сонгож байсан сүүлийн тавдугаар их хурлаасаа хойш өнөөг хүртэл Их хурлаа хийхээс зайлсхийж ирсэн нь тус нам 2016 оны сонгуулиар бүрэн ялагдал хүлээсэн гашуун үр дагаврыг авчирсан.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдон намын даргын үүрэгт ажлаа Н.Алтанхуягт хүлээлгэн өгч байв. Н.Алтанхуягийн хувьд намаа ялалтад хүргэж, өөрөө ерөнхий сайд болж, засгийн газраа эвсэж байгуулан 2012-2014 онд амралтын өдөргүй ажилласан нь үнэн. Энэ хугацаанд, урьд өмнө хийж бүтээе гээд ч мөрөөдөл төдий байсан олон ажлыг амжуулж, улс орноо үсрэнгүй хөгжлийн замд гаргасан нь маргаангүй үнэн. Үүнийг олон нийт ч харж байгаа. Гэвч Ардчилсан намын хувьд өмнөхөөсөө хаалттай болж, нам доторх фракциуд нь хүчирхэгжиж, намын шийдвэрээр бус фракциудын тохиролцоогоор ажил явдаг болох үйл явц эхэлсэн.
Дараахан нь 2014 онд намын даргын эрх мэдлийг УИХ-ын дарга асан З.Энхболд хүчээр шахам авч, тэрбээр чуулганы танхимд их хурлын гишүүдийг дураараа загнаж дарамталдаг шигээ өнгө аясаар намаа “даргалж” эхэлсэн. Засгийн газраа намынхаа гишүүдийн туслалцаатайгаар унагаасан гээд л, түүний үед байдал улам дордсоныг хэлэх нь илүүц биз. Тэрбээр хэт хувийн амбицтайгаар асуудалд ханддаг нь олонтоо анзаарагддаг. Намын дарга, тэр тусмаа үндэсний хэмжээний том намын хамгийн том дарга гэдгээ үе үе мартдаг зан З.Энхболдод бий. Намын даргын тамга энэ тэр бол зүгээр л наймааны хэрэгсэл болон хувирч, хэн дуртай хүнээ аймаг, дүүргийн намын даргад хүчээр томилж, өөрөө харж сууж байгаад л тамгыг нь өгүүлсэн, улмаар дуртай тойрог дээрээ дуртай хүнээ наймаалцаж тохоон томилсон гэхчлэн хэвлэлд бичигдсэн фактууд зөндөө л харагддаг. Энэ бүхний үр дүнд З.Энхболд 2016 оны сонгуулиар “намаа ялагдуулахын төлөө” ажилласан анхны дарга болон улс төрийн түүхэнд бичигдэж байна. Ард түмэн ухаалаг учраас ийм ерөнхий сайдтай болохыг хүсээгүй ч байж мэднэ. 
Харин МАН-ын хувьд намын рейтингээ өсгөх бүхий л арга замыг эрэлхийлж, парламентад 26-уулаа байхдаа ард түмэнд таалагдах үгсийг тасралтгүй хэлж ярьсаар 2016 оны сонгуулиар 65-уулаа болж чадсан. Гэхдээ намын дарга М.Энхболд ерөнхий сайд болоогүй. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаан даргалахыг илүүд үзсэн бололтой. Гэсэн ч МАН-ынх л бол “бор халзан хонь” ч сонгогдох хэмжээнд намын рейтингээ өсгөж, намын бодлогоороо гишүүдээ зангидаж ирсэн уламжлалт арга барилдаа үнэнч байсан нь М.Энхболдын давуу тал болон улс төрийн түүхэнд бичигдэж байна. Үүний ачаар МАН өнөөдөр засгийн бүх эрхийг бүх шатанд авч, хүссэн бүхнээ хийх эрх мэдлийг гартаа бариад буй. Жаахан сулхан гэмээр хүмүүст эрх мэдлийг атгуулчихсаныг нь эс тооцвол чухам “Баатар” болох боломж тэдэнд л байгаа.
Харин Ардчилсан намд ийм боломж байна уу? Ард түмний итгэлийг хүлээж засаг барьж үзсэн үү гэвэл үзсэн. Ард түмэн өргөн дэмжиж, Монголын хоёр том намын нэг болох хэмжээнд хүргэсэн үү гэвэл хүргэсэн. Тэгвэл АН яагаад ингэтлээ навс ялагдав?
Ардчиллын үнэт зүйл, мөн чанар өнөөдөр ямар хэмжээнд байна вэ гэдгээр энэ бүхнийг хэмжих үү, эсвэл Ардчилсан нам өнөөг хүртэл төлөвшиж, улс төрийн намынхаа хувьд хөгжин бэхжиж чадсангүй юу? Энэ бүхнийг Их хурлаараа ямар хэмжээнд ярилцаж хэлэлцсэн юм бол? Их хуралдаа оролцохоор зорин ирсэн 1210 төлөөлөгчийнх нь 370 нь 40 хүртэлх насны залуус, 277 нь эмэгтэйчүүд байсан гэдэг. Нийт төлөөлөгчдийнх нь 10 шахам хувь нь буюу 100 гаруй хүн өндөр “хаазтай” үг хэлсэн гэдгийг тооцох юм бол Ардчилсан намаас өөр ямар ч нам ийм уур амьсгалыг тэвчиж чадах байсан болов уу гэдэг асуулт яалт ч үгүй сонирхол татна. Энэ бүхнээс дүгнэхэд тэд буруу ч бай, зөв ч бай гишүүдийнхээ үгийг их л анхааралтай сонсож чаддаг нь илт. Бас нэг давуу тал юм даа.
Ардчилсан нам Их хурлаараа юуны тухай хэлэлцэв гэдэг олон нийтийн хувьд төдийлөн нээлттэй бус байна. Энэ байдал нь хүн бүр янз бүрийн таамаг дэвшүүлэх нэгэн шалтгаан болж буй. Ямартай ч тус намын уг угшил нь нээлттэй, ил тод зарчимд суурилдаг учраас гишүүдийнх фэйсбүүк постуудад бага багаар мэдээ, мэдээлэл гарч эхэлсэн. Ямар боловч намын даргад нэр дэвшигчид орон даяар сунгаа хийж, удирдлагыг бүх гишүүдийн санал хураалтаар шийднэ гэдэг дүрмийн заалтаа батлуулсан аж. Намын шинэтгэлийн хөтөлбөрөө баталж, Ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг тохоон томилжээ. Ардчилсан намын шинэчлэгчид гэх монгол дээлээр гоёсон залуус фэйсбүүк дэх зураг постуудад илт ялгарч харагдах нь нэгийг өгүүлнэ. МАН-тай харьцуулахад АН залуусаа дэмжихдээ муу гэдэг нэрийг аваад буй. Энэ дутагдал засрах эсэхийг шинэчлэгч залуус нь аль хүртэл явах нь вэ гэдгээс харж болох мэт.
Их хурлаасаа  Ардчилсан нам нэгдсэн үзэл баримтлалаа цоо шинээр томьёолох шийдэлд хүрсэн гэдгийг эх сурвалж мэдээлж буй. Энэ нь үнэн бол нэг алхам урагшилсан шийдвэр болжээ гэмээр. 16 жилийн өмнө таван өөр үзэл баримтлалтай нам нэгдэхдээ аль алиныхаа үзэл баримтлалыг тусгасан “солонго” хэлбэрээр ерөнхий чиг шугамаа тодорхойлж байсан бол, өдгөө баруун уу, зүүн үү гэдгээ нэг мөр шийдэх болсон аж. Дээрх хоёр шийдэл, эсвэл шийдвэр нь Ардчилсан намыг төлөвшүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж мэдэхээр байна. Түүнчлэн намын гишүүдээ онлайнаар бүртгэх шийдэлд хүрсэн нь бодитойгоор хэрэгжвэл цаг үетэйгээ хөл нийлүүлэхэд нь ихээхэн дэм болохын зэрэгцээ, ах дүүгийн болон фракц, бүлэглэлийн нам байхаас нь аварч ч мэдэх юм.      
Харин МАН-ын хувьд дотроо юу болдог нь тун ч бүрхэг. Гэхдээ гадна талаас нь харах юм бол залуусаа дэвшүүлдэг, эмэгтэйчүүдээ дэмждэг, шинэ хүн гаргаж ирэхээс айдаггүй нам болон өөрчлөгдөж буйг өнөөдөр сонгогдоод буй гишүүд, төлөөлөгчид нь үггүйгээр илтгэн харуулна. Хэдийгээр чанга сахилга баттайгаар баригдмал хүрээнд ярьж хэлэлцдэг шинж чанараа хадгалсаар байгаа гэдэг ч хэлэх үг хийх үйлдлээ хэнээр ч хязгаарлуулдаггүй хэдэн бурхинууд нь тус намын дотоод эрх чөлөөг тунхаглаж буй. Дээр нь нэмээд нийгэмд болон олон улсын түвшинд эрх барьж буй нам бол “гоё” харагдах ёстой. Энэ бүх хэмжүүр нь МАН-ыг хүссэн ч, эс хүссэн ч ардчилагдах ёстой гэдэг цензур дээр аваачиж байгаа юм. Тийм учраас АН-ынхан шиг чөлөөтэй ярьдаг хэдэн хүн харагдах ёстой. Тэд нар нь ч энэ үнэ цэнээ мэднэ. Бас хэлэх гэснээ ч хэлж чадаж байна. Тэгэхээр МАН-ыг бүрмөсөн хаалттай нам гэж хэлэх арга бас л үгүй.
Харин ардчилсан нам л хаалттай болоод байна уу даа гэх хардлага олон нийтэд төрөөд байгаа. Гэтэл бас яг тийм ч биш бололтой. Ардчилсан намын Их хурлын индэр дээрээс Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам “Ардчилсан нам үүрд баяртай!” гэж хэлсэн. Гэтэл Ардчилсан намын Их хуралд тасралтгүй суусан гэх Б.Жаргалсайхан, тус намд намын дэд дарга болтлоо карьер хийж асан Л.Гүндалай нар “Сайн байна уу? Ардчилсан нам” гэсээр тус намд эргэн ирэх гэж байгаагаа мэдэгдлээ. Л.Гүндалай ийнхүү мэдэгдэхдээ “Дональд Трамп шиг улс төрд амжилт олох боломжийг олгож чадах улс төрийн хүчин бол зөвхөн Ардчилсан нам” гэж үзэж байгаагаа ч нуусангүй. Ардчилсан нам үнэхээр хэнд ч боломж олгож чадах нам мөн үү? Үнэхээр гишүүд дэмжигчдийнхээ хүсэн хүлээсэн хэмжээнд төлөвшиж чадах уу? 2016 оны 12 сарын 29-нөөс эхлэх Ардчилсан намын даргын сунгаанд хэн хэний нэр тодрох бол? АН гурван дэд даргатай, тэдний нэг нь эмэгтэй байх болно гэсэн нь биелэх үү? Ер нь Ардчилсан намд ард түмэн итгэл хүлээлгэж болох улс төрийн хүчин мөн үү? гэдгийг цаг хугацаа бидэнд харуулах учраас үүнд яаран дүгнэлт хийх нь өнөөдрийн хувьд эртэднэ.
Харин МАН-ын хувьд засгийн бүх эрх мэдэл гарт нь байна. Чухам тэд л өнөөдөр “шидэт дохиур” эзэмшиж буй улс төрийн хүчин. Энэ том боломжийг, энэ их эрх мэдлийг үнэхээр зөв ашиглаж чадах болов уу? Эсвэл, боломж  нь байсаар байтал юу ч хийж амжихгүй, өмнөхөө муулахаас хэтрэхгүй явсаар дөрвөн жилийг өнгөрөөвөл яана вэ? Албан ёсны хар PR-т хамаг цагаа, хамаг мөнгөө зарцуулсаар байгаад энэ дөрвөн жил дуусах юм биш байгаа гэсэн болгоомжлол ч бас төрж буйг нуух аргагүй.  
МАН засгийн эрх аваад хагас жил болох гэж байхад бидний амьдралд юу өөрчлөгдөв? Тэд энэ хугацаанд юу хийж амжуулсан бэ? МАН үнэхээр итгэл дааж чадах улс төрийн хүчин мөн үү? Ийм асуултууд аяндаа л ундран гарч байна. Үлдэж буй 3,5 жилд тэд юу хийж чадах бол? Ард түмэн биднийгээ юугаар гийгүүлэх нь вэ хэмээн иргэн бүр амьсгаа даран харж байгаа. Хэрвээ ингээд бахь байдгаараа байсаар л байх юм бол дараагийн ээлж АН-ынх гэдэг нь ч тодорхой.
Ингээд бараг ялгаагүй мэт харагдах хоёр том нам Монголын их улс төрийн тавцан дээр зэрэгцэн оршиж байна. Тэдний талаар “аль нь ч ялгаагүй” гэсэн хандлага олон нийтийн дунд давамгайлсаар байх юм бол Монгол Улс маань цаашид хаашаа явах болж байна вэ? Ард түмнийхээ өмнө хүлээсэн том үүрэг, иргэдийнхээ хүлээлгэсэн их итгэл найдварыг тээж буй энэ хоёр намын төлөвшлөөр улс орны маань ирээдүй тодорхойлогдох бус уу?
МАН, АН хоёрын аль нь Монголын “Баатар” болон тодрох вэ?
Ц.Оюунчимэг

ГАНЦ ХЯТАДААС ӨӨР “ГАДААД ХАРИЛЦААГҮЙ” БОЛСОН НЬ БУЮУ АСЕМ-ИЙН ҮР ДҮН ХААНА БАЙНА ВЭ?



News Zindaa |  | 
 12 сарын 07-нд 


Монголчууд өнгөрсөн зун наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж, АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд эх орондоо амжилттай зохион байгуулаад, Монголын тухай мэдээллийг хэдэн тэрбум хүн үзжээ хэмээн баярлацгааж, бахархал омогшил дүүрэн өдрүүдийг үдэж байсан нь саяхан мэт. Монголчууд бид АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд байгуулагдсан гэрээ хэлэлцээр бүрт баярлаж, Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан өндөр хэмжээний зочин бүрт талархан зургийг нь фэйсбүүктээ постолж байсан.
Гэвч АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт өндөрлөөд удаагүй байхад, ажлаа аваад сар ч болоогүй байсан Засгийн газрын тэргүүн маань олон нийтийн өмнө бодлогогүй үг хэлж, улсын сан хөмрөгийн талаарх танин мэдэхүйн мэдээллээ хэт ил тод хуваалцан, өмнөх засгийн газраа харлуулахаар улайрсан нь Монгол Улсад нь ямар үр дагавар авчирав?
АСЕМ өндөрлөөд таван сар, шинэ засгийн газар бүрэлдээд бас л тав дахь сартайгаа золгоод буй. Харамсалтай нь, Засгийн газрын тэргүүний Сангийн сайдтайгаа хамт сууж байгаад хийсэн тэрхүү мэдэгдэл нь АСЕМ-ийн хүрээнд хийсэн амжилттай гэрээ хэлэлцээр, Монгол Улсын хичээн байж олж авсан нэр хүндийн араас явуулсан албан ёсны хар пи-ар л болсон. Ийм үг сонсоод явсан тамирчдаас маань ч олимпод олигтой амжилт гаргасан нь цөөн. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болно гэсэн ардын маань зүйр цэцэн үг бий. Гэтэл алд дэлэм алдан байж муу амласныхаа горыг энэ засгийн газар өөрөө л амсаж байх шиг.
Нам уначихсан эдийн засгийг баатарлагаар босгож ирэх “гавьяатан” хэмээгч дүрийг өөрөө өөртөө бодож олчихоод, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах, ер нь гадаад оронтой хамтын ажиллагаа хөгжүүлэх, тэр тусмаа гэрээ хэлэлцээр хийх зэрэг нь алга урвуулахын төдий хялбар зүйл гэсэн төсөөлөл, ойлголтоосоо салах тун ч дургүй байна уу гэмээр. Тийм ч учраас өнөөгийн засгийн газрын тэргүүн маань “Зөвхөн Монголдоо” бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлээд завгүй байна. Уг нь тийм ч буруу зүйл биш л дээ. Төсвөө цаг хугацааны алдагдалгүй батлуулж, нийгмийн халамжийн бодлогод нэлээд өөрчлөлт гаргасан. Бас саяхан “50 мянган өрхийг ядуурлаас гаргана” хэмээх амлалт өгч, 2020 онд 50 мянган айлыг дундаж орлоготой болгох юм байна гэж ойлгогдоод байгаа...  
Гэвч хамгийн гол нь, АСЕМ-ийг Ардчилсан намын хийсэн ажил гэж ойлгоод байна уу, үгүй юу гэдэгт л хамаг учир байна. Ерөнхий сайд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үед үзэглэсэн гэрээ хэлэлцээрүүдийг нэг их ойшоож үзэхгүй л байх шиг. Өөрөө баатар болон тодрохоо бодсоор, өрөөл бусдыг буюу ард иргэд биднийгээ, улмаар улс орноо умартаж орхих вий дээ гэсэн болгоомжлол төрөөд байх юм.
Сүүлийн үед Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын амнаас мэр сэр ухаалаг үг унадаг болсон. “Дунд сургуулийн сурагчдаар цас цэвэрлүүлэхээ больё” гэсэн үг нь сошиал ертөнцөд хамгийн анхны ухаантай үгээр тодорсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. “Мэргэжлийн” засгийн газрынхан “Шинэчлэлийн” засгийн газрынхан шиг амралтын өдөргүй ажиллаж байгаа тухайгаа огт зарлаагүй. Тэгэхээр ажлын цагаараа л ажиллацгааж байгаа гэсэн үг. Эрх биш улсын ерөнхий сайд юм чинь гадаад хэл мэддэг зөвлөхүүдтэй л байж таарна. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурагдсан гэрээнүүдэд салхи оруулахгүй хэр удах юм бол оо?
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар МХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа “Энэ хоёр тив худалдаа, тээвэр, дэд бүтцийн томоохон төсөл, санал санаачлагуудаа хэрэгжүүлэн ЕвроАзийг холбох цаг болсон. Ингэхийн тулд зарим барилга зэрэг хатуу дэд бүтцээс гадна хүн хоорондын харилцаа, компани, байгууллага, нэгж хоорондын нягт харилцаа зэрэг зөөлөн дэд бүтцээ хөгжүүлэхийн төлөө ажиллая гэдэг дээр нэгдсэн. Энэ бүхний эхний үр дүн зургаан сарын дараа харагдана. Хамгийн гол нь АСЕМ-аар монголчууд нэгдэж ажиллан том эрх ашгаа харж чадсан. Одоо бизнесийнхэн том үр дүнг хүлээж сууна” хэмээн gogo.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэгвэл одоо хагас жил болоход ганцхан сар үлдээд байна.
Тухайн үед, “...БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчноо боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаа  тодотгов” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлж байсныг сануулъя.
Мөн түүнчлэн “Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах үеэрээ Вьетнамын талаас Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахаа мэдэгдсэн. Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхий сайд хатагтай Беата Шыдво уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулах боломжтой 1 сая еврогийн зээл олгохоо мэдэгдэж байсан. Мөн Улаанбаатар хотод байгалийн түүхийн музейн шинэ барилга барих асуудал БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн айлчлалын үеэр шийдэгдсэн. Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхахдаа, талууд Эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээр, “Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай” хэлэлцээр болон “Харилцан давхар татвар ноогдуулахгүй байх тухай” хэлэлцээрийн баримт бичгийг боловсруулан эцэслэх шаардлагатай байгаатай санал нэгдсэн. Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимов Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор Засгийн газарт 200 мянган ам.доллартай (400 сая төгрөг) тэнцэх хэмжээний хандив өгөхөө илэрхийлсэн” гээд олон сайхан мэдээ дуулдсан. 
Манай урд хөрш БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Гадаад хэргийн сайд, Хөдөө, аж ахуйн сайд, Худалдааны сайд, Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн нэгдүгээр орлогч дарга, Төрийн Зөвлөлийн судалгааны хүрээлэнгийн дарга, Гадаад хэргийн дэд сайд, Ерөнхий сайдын Тамгын газрын дарга зэрэг албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж, айлчлалын хүрээнд Хятадын тал хугацаа хэтэрсэн өрийн асуудал болох 1958, 1960 онд авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онуудад авч ашигласан зээлийн үндсэн төлбөр, нийт 38 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүргээс Монголын талыг бүрмөсөн чөлөөлөх хэлэлцээр байгуулсан.
Мөн хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болох худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, санхүү, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмын тохиролцоонд хүрч, дараах 10 гаруй баримт бичиг байгуулсан тухай хэвлэлд бичсэн байна.
“Хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын 2017-2018 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газрын өрийг чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол, БНХАУ-ын Засгийн газраас 2014 онд олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд 3 сургуулийн төслийг эхлүүлэх тухай солилцох захидал, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эд материал бэлэглэх тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын санамж бичиг, Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын стратеги, хамтын ажиллагааны төлөвлөгөө, БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Баянхонгор – Байдрагийн гүүр-ний 129 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Тосон цэнгэл – Улиастайн 114 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар – Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих” төслийн хяналт, зөвлөх үйлчилгээний гэрээ, Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын ЭКСИМ банк хооронд Улаанбаатар хотын 7 дугаар хорооллын “G” хэсгийн орон сууцны төслийн санхүүжилтийн гэрээ, Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ, МҮОНРТ, Хятадын олон улсын радио хоорондын хамтын ажиллагааны гэрээ, МҮОНРТ, Хятадын төв телевиз хоорондын хамтын ажиллагааны гэрээ, Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газар, БНХАУ-ын Экспортын зээлийн даатгалын компани хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн барилгын ажлын гэрээг ёсчлох тухай баримт бичиг” гээд өнөөгийн засгийн газраас нэхэл хатуутайгаар асуух ажил их л харагдана. Энэ бүхэн ямар шатандаа явна вэ, Ерөнхий сайд аа?
“Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлал садаа болсон” гээд уйлан дуугарах нь холгүй мэдээ гарч буй харагдсан нь саяхан. Гэхдээ монголчуудыг аз ивээж, Тажикстан шиг газар нутгаа алдах, Зимбабве шиг мөнгөн тэмдэгтээ юань болгохоос аварсан ч юм билүү?
Харин АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын үр дүнгийн талаар Ерөнхий сайд гуай амнаасаа алт унагахгүй юм. Засгийн газрын энэ оны 11 сарын 30-ны өдрийн хуралдааны мэдээлэлд, “Бүгд Найрамдах Хорват Улс нь Европын Холбооны гишүүн улс болсонтой  холбогдуулан Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколыг батлав. Ингэснээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, нийгэм, байгаль орчин, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг салбарт эрчимжүүлэх эрх зүйн суурь тавигдаж байна” гэснээс үзвэл бас ч гэж алхам хийх гээд ч байгаа юм шиг.
Дорвитойхон шиг ажиллаад, Монгол Улсаа босгоод ирээсэй гэж итгэл тавин харж байгаа хүмүүс цөөнгүй байгаа шүү дээ. Ам алдвал барьж болдоггүй гэдгийг дахин сануулъя. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үр дүн хаана байна вэ, Ерөнхий сайд аа?
Ц.Оюунчимэг

ОКТЯБРИЙН БАЯР БА 2016 ОН



News Zindaa |  | 
 11-р сарын 07 -нд, 
Октябрийн баярын төгсгөлийг тэмдэглэж байсан 1986 оны 11 дүгээр сарын 7-ны цасан шуургатай өдөр түүх болон үлдэж, туг лоозон барин жагсаж явсан залуус 40 насны босгыг аль хэдийнэ давжээ. Аугаа их октябрийн хувьсгал мандтугай, ура! хэмээн чанга яригчаар хэлэх лоозон дор ура, ура гэж хашгиран жагсаж явсан залуус 90-ээд оны ардчилсан хувьсгалыг манлайлан оролцож, 2016 оны өндөрлөгөөс тэднийг харахад  улс орноо авч явах түүхэн үүрэг хүлээсэн хүмүүс болон төлөвшсөн харагдана. Тэр өдрөөс хойш бидний амьдралд гарсан олон өөрчлөлт өнөөдөр ердийн зүйл болон хувирч, ардчилал гэдэг ер нь дэмий зүйл байсан мэт ойлголт газар аван, ялгааг нь огт мэдэхгүй залуусын үзэл баримтлал болон төлөвшиж байна.
Монголчууд ер нь яагаад ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг хийх болсон юм бэ гэдэг асуултад, яагаад бид өнөөдөр октябрийн баярыг тэмдэглэхгүй байгаа вэ гэдгээр хариулт өгье. Октябрийн баярыг тэмдэглэдэг байхад Монголын тухай шийдвэр Москвад л гардаг байлаа. Москвад ханиахад Монголд найтаана гэсэн хэлц үг ч их яригддаг байв.
80-аад онд гадаадад суралцаж байсан залуус Монголд суралцдаг залуусын эдэлж үзээгүй эрхийг ямар нэгэн хэмжээгээр эдэлж, унших боломжгүй мэдээллийг нь олж уншиж чаддаг байсан юм. Тэр үеийн залуус монгол бичгээ огт мэдэхгүйн дээр Чингис хаанаа ч дурсах эрхгүй, их хаадынхаа тухай мэдээлэлгүй, Монголын түүх ердөө 1921 оноос эхэлсэн мэт, тэртээ дээр үед Хүннү, Сүннү гэдэг улстай байсан, харин Чингис хаан бол булаан эзлэгч харгис этгээд байсан тухай товч мэдээлэл бүхий түүхийг түүхийн сурах бичгээс олж уншдаг байлаа. Бас дээр нь 1937 оны тухай сэмхэн яригддаг шивэр авир яриа. Харин хамгийн сайн мэддэг түүх нь Орос улсад 1917 онд ялсан октябрийн аугаа их хувьсгал, “манай багшийн багш манлай Ленин багш” байсан гэвэл өнөөгийн залуус гайхна байх. Энэ бүхний дунд өсөж торнисон залуус Зөвлөлт холбоот улсаас өөр сайхан амьдралтай улсууд байдаг, Япон, Америк, Англи, Герман зэрэг хөрөнгөтөн орнуудад бидэнтэй л адилхан мах цуснаас бүрэлдсэн хүмүүс биднээс илүү сайхан амьдарч байгааг зах зухаас нь мэдэж ирсэн хэрэг л дээ.   
Сургууль төгсөөд ажлын байран дээр гарсан залууст хуучинсаг арга барилтай дарга нарын хамт олноо удирдан зохион байгуулж буй менежмент нь огт тохирохгүй болсон байв. Үгээ хэлэх гэхээр хязгаарлуулдаг, ажил хэргийн шинэ хандлага гаргахаар шүүмжлүүлэн хурлаар орж шийтгүүлдэг, намын их хурлын тогтоол шийдвэр, хуралдааны тэмдэглэлийг уншиж дэвтэртээ хуулж бичин шалгалт өгдөг, хувь хувьсгалын бүхий л асуудалд хамт олон оролцож, гэр бүлийн асуудал хурал дээр ил тод шүүмжлэлийн бай болон хэлэлцэгддэг, сарын цалингаасаа хүүхэдгүйн татвар төлдөг, байгууллага бүрийн үйл ажиллагаанд зөвлөлтийн мэргэжилтэн хяналт тавьдаг  нь залууст таалагдсангүй. Энэ бол ердөө эхлэл байсан юм.
Ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг дан ганц залуус хийчихсэн гэвэл бас өрөөсгөл болно. Учир нь ардчилсан хувьсгал гарах нийгмийн сэтгэлгээний үндэс суурь нь Монголд аль хэдийнэ бүрэлдчихсэн, ард иргэд нь Зөвлөлт холбоот улсын хараат байдлаас гарах ёстойг ухаарчихсан, сэхээтнүүд нь нэг л биш байгааг мэддэг, нууцаар санал бодлоо солилцдог, төр засгийн удирдлагын түвшинд ч энэ тухай ярилцдаг хүмүүс бий болчихсон үе байв. Өөрөөр хэлбэл монголын ард түмэн тэр чигээрээ зөвлөлтийн хараат байдлаас гарч жинхэнэ утгаараа тусгаар тогтносон улс болохыг хүсэж байсан нь ардчилсан хувьсгал тайван замаар явагдаж, цоо шинэ нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоонд шилжин ороход нөлөөлсөн гол хүчин зүйл нь байсан юм.
Аливаа хувьсгал өөрийн гэсэн удирдагчидтай, бас дуутай байдаг жамаар С.Зориг агсан, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын олон залуус манлайлагчаар, харин ардчиллын дуучаар С.Цогтсайхан агсан тодорсон билээ. Гитарын аялгуунд “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана”, “Аяа миний хаяг Рашаантын 18”, “Албан газрын хаалга сахисан би ажилгүй хүн”, “Хонхны дуу биднийг сэрээ” хэмээн нийгмийн хурц асуудлуудыг хөндөж сэтгэл зүрхнийхээ угаас эгшиглүүлэн дуулсан түүний дуунууд ардчилсан хувьсгалыг дэмжигчдийн эгнээг улам ихээр нэмэгдүүлснийг энд дурдахгүй өнгөрөх аргагүй. Түүнчлэн нам, төрийн тэргүүн Ж.Батмөнх агсны дэмжлэг хувьсгалыг тайван замаар өрнүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж, Баабар нарын нийтлэлчид шинэ нийгмийг таниулан сурталчилснаараа онцгой нөлөө үзүүлсэн билээ.
Өнөөдрийн өнцгөөс харахад, ардчилсан хувьсгал бол монголын ард түмний хүсэн хүлээсэн өөрчлөлт шинэчлэлт төдийгүй маш сайн менежменттэйгээр өргөн олон нийтийг байлдан дагуулсан, хаана эхэлж хаана төгсөхөө сайтар төлөвлөсөн өргөн далайцтай цуврал арга хэмжээ байж гэмээр. Нэг онцлог нь тухайн цаг үеийн нийгмийн тогтолцоог гүн цочролд оруулж, нийт ард түмний хувьд өндөр хүлээлттэйгээр өдрөөс өдөрт шинэ шинэ боломжуудыг нээсэн,  ямагт цоо шинэ мэдлэг мэдээллийг түгээсэн, нэг их том хаалга нээгдээд хүчтэй салхи орж ирэн цээж тэнийлгэх мэт мэдрэмжийг хүн бүрт төрүүлсэн тийм л сайхан зүйл байж.
Монголын ард түмэн 1990 оны тэр сайхан салхи, тэр их цэнгэг агаарын туслалцаатайгаар тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олж авна хэмээх ойлголтод оюун санаагаараа бүрэн нэгдэж чадсан учраас уухайлан дэмжсэн. Яг л 1945 оны бүх нийтийн санал асуулгаар “БНМАУ тусгаар тогтносон улс мөн үү” гэсэн асуултад 100 хувь “тийм” гэж хариулсантайгаа адил. Ийм л ард түмэнтэй учраас ямар ч хямрал, эдийн засгийн бэрхшээл, ядуурал дундуур туучин явахдаа иргэд маань ардчилсан нийгмийг сонгосон хэвээр үлдсэн юм шүү дээ. Ийм ч учраас бид өнөөдөр октябрийн аугаа их хувьсгалын баярыг тэмдэглэхгүй байгаа юм.   
Ц.Оюунчимэг

Хүүхэд харах үйлчилгээг үлдээгээч, ЕРӨНХИЙ САЙД АА!


News Zindaa |  | 
 11-р сарын 04 -нд


Монгол Улсын Ерөнхий сайд Та улсынхаа гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд хүүхэд багачуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулах ёстой хүн. Гэтэл Таны амнаас хямрал гацаа, хасах танах тухай үгс л дуулдаж буй нь Монголын олон мянган хүүхдийн эрх ашигт харшилж байна. Гал дээр тос нэмэх адил нийгэмд бухимдал үүсгэсэн бас нэгэн шийдвэр бол УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжих хугацааг 2021 он болгон хойшлуулж, 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нээр санхүүжилтийг нь зогсоох тухай мэдээлэл байв.
Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас гэртээ цоожлогдон үлддэг 2-6 хүртэлх насны мянга мянган хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тэдний амь насанд учирч буй аюул осол УИХ-ын гишүүдэд болон Танд үнэхээр хамаагүй зүйл гэж үү? Хүүхэд харах үйлчилгээг АН-ын хийсэн ажил учраас зогсоох ёстой гэсэн нүдээр л хараад байгаа юм биш биз дээ?
Уг нь энэ хуулийг батлахад парламентад суугаа бүх намын төлөөлөл, түүний дотор МАН, АН-ын төлөөлөл адил тэгш оролцсон. Ийм ч учраас Ерөнхий сайд Та Монголын хүүхэд багачуудад ээлтэй тусаж буй хүүхэд харах үйлчилгээнээс цэрвээд байх шаардлагагүй билээ.
2016 оны 1 сарын 1-нээс эхлэн орон даяар хэрэгжиж буй Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хүрээнд 2016 оны улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээний хувьсах зардалд 10,5 тэрбум төгрөг тусгагдан, төсвийг нь жил бүр нэмэгдүүлэхээр шийдэж байсан. Гэтэл энэ үйлчилгээнд хамрагдаж буй 6 мянга гаруй хүүхдийн эцэг эхчүүд, уг үйлчилгээг эрхлэгчдийн тэмцэл, УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн шаардлагын үр дүнд, ирэх оны төсөвт 5,8 тэрбум төгрөгийн хувьсах зардлыг нэмж суулгахаар УИХ-ын төсвийн байнгын хорооны хуралдаан дээр яригдаж, хэлэлцэгдэж байна. Энэ бол хууль батлагдах үед урьдчилан төлөвлөж байсан төсөвт зардлын 10 хувьд ч хүрэхгүй дүн гэдгийг Та сайн мэдэж байгаа.

Хууль батлах үйл явц амар хялбар байгаагүй
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хууль болгон батлах зам асар их саад бэрхшээлийг туулсан билээ. Өмнөх парламентад эмэгтэйчүүдийн бүлэг байгуулан ажиллаж ирсэн эмэгтэй гишүүдийн гурван жилийн нөр их хөдөлмөр, уйгагүй хүчин чармайлтын үр дүнд энэ хууль батлагдсан.
Эмэгтэй гишүүдийн 2012 онд анх өргөн барьсан хуулийн төслийг 2013 онд хууль санаачлагч талд буцаасан тул, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч бүрийг энэхүү хуулийг дэмжиж мөрийн хөтөлбөртөө оруулж өгөөч ээ гэдэг хүсэлтийг эмэгтэй гишүүд тавьж байсан билээ. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж энэ асуудлыг дэмжиж өөрийн мөрийн хөтөлбөртөө оруулснаар, УИХ-д Ерөнхийлөгчөөс Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн барьсан. УИХ-д Ерөнхийлөгчийн оруулж ирсэн энэ хууль нэгдүгээр хэлэлцүүлэгт явж байхад дахин эсэргүүцэлтэй тулгарч байв. Энэ хуулийн хэлэлцүүлгийг цааш явуулахын тулд эмэгтэй гишүүд ажлын хэсэгт нь орж идэвхтэй ажиллан, цэцэрлэг болон шинээр байгуулагдах хүүхэд харах үйлчилгээний байгууллага хооронд гарч болох ойлголцлын зөрүүг арилгаж чадсан учраас хуулийн хэлэлцүүлгийг зогсоох гэсэн удаа дараагийн эсэргүүцлийг даван туулж чадсан юм.
Хуулийн төсөл хэлэлцэгдэж байх 2 жил гаруй хугацаанд гэртээ цоожлуулсан 10 гаруй хүүхдийн амь нас хохирсон баримт байдаг. 10 гаруй хүүхэд байтугай ганц хүүхдийн амь нас хохироход л бид энэ хуулийг батлах ёстой гэсэн хатуу байр суурин дээр парламент дахь улс төрийн  намуудын эмэгтэй гишүүд нэгдэж чадсаны хүчинд Хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдсан юм.

Хүүхэд харах үйлчилгээнд 56 мянган хүүхдийг хамруулахад 60 тэрбум төгрөг шаардлагатай
Хүүхэд харах үйлчилгээний хуулийг УИХ-аар хэлэлцэж байх үед гишүүдээс гаргасан санал, эмэгтэй гишүүдийн зүгээс үндэслэлээ тайлбарлаж байсан тооцооллыг дахин сануулъя.
Тухайн үед УИХ-ын гишүүд хүүхэд бүрийг 100 хувь цэцэрлэгт хамруулъя, гэрт нь эцэг эхээр нь харуулаад эцэг эхэд нь мөнгийг нь өгье гэсэн саналыг гаргаж байж. Хуулийн төслийг хэлэлцэж байх үед Сангийн яамнаас, Хүүхэд харах үйлчилгээнд 56 мянган хүүхдийг хамруулахад 60 тэрбум орчим төгрөг орох юм байна гэсэн тооцоо гаргасан байдаг. Хэрвээ энэ 56 мянган хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулаад, цэцэрлэгийн барилгыг нь бариад, урсгал зардлыг нь өгөөд, багшийг цалинжуулаад ажиллуулах юм бол 600 тэрбум төгрөг шаардлагатай. Харин энэ 56 мянган хүүхдийг эцэг эхэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин өгөөд 1 жил харуулъя гэх юм бол 130 тэрбум төгрөг хэрэгтэй. Гэтэл эцэг эхэд нь харуулснаас 2 дахин хямд, цэцэрлэг барьснаас 10 дахин хямд зардлаар Хүүхэд харах үйлчилгээний хуулийг томьёолон оруулж ирсэн учраас УИХ дээр дэмжлэг авсан.
Энэ томьёоллын дагуу, үнэхээр эдийн засаг хүнд байгаа тохиолдолд, хүүхдээ аюулгүй байлгаж 100 хувь асарч хамгаалъя, харуулъя гэх юм бол хамгийн хямд зардал бүхий Хүүхэд харах үйлчилгээ гэсэн хувилбар дээр ирчихээд байгааг гишүүд ойлгож, хэдийгээр төгс хувилбар биш ч, гэртээ цоожлуулаад харах хандах хүнгүй байгаа хүүхдүүдийн хувьд нэг алхам дээшилж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль дэмжлэг авсан билээ.

Хууль батлахад МАН өөрөө оролцсон тул хуулийн үйлчлэлийг зогсоох ёсгүй
УИХ-д энэ хуулиар ажлын хэсэг хоёр ч удаа байгуулагдаж, энэ хоёр ажлын хэсэгт тухайн үеийн эмэгтэй гишүүд хуваагдаж ороод, бүгд энэ хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан юм. Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим намууд завсарлага авч байсан, зарим байнгын хорооны хурал дундаа тасалдаж, УИХ-ын чуулган дээр хүртэл анхны хэлэлцүүлэг нь дундаа тасалдаж байсан удаатай. Хэдийгээр ийм олон даваа давж, ийм олон бэрхшээл дундуур явсан ч Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль амжилттай батлагдаж чадсан нь өмнөх парламентын түүхэн ололт, эмэгтэй гишүүдийн маань хүчин чармайлтын үр дүн билээ.
Хуулийн хэлэлцүүлгийн явцад МАН-ын гишүүдийн саналаар стандартын асуудалд онцгой анхаарч, санал хураалтын томьёололд бүрэн оруулж ирсэн учир энэхүү шийдвэрийг гаргахад МАН өөрийн хувь нэмрээ оруулсан. Харин Засгийн газар бол хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар хууль батлагдсан байхад тэр хуулийг биелүүлэхгүй гэж хэлэх эрхгүй субьект юм.

Хүүхэд харах үйлчилгээ хэрхэн ажиллах ёстой вэ?
Хөдөлмөрийн насанд хүрсэн Монгол Улсын иргэн хүүхэд харах үйлчилгээг эрхэлнэ. ААН хүүхэд харах үйл ажиллагаа явуулах бол одоогийн мөрдөгдөж байгаа цэцэрлэгийн стандартаар байгуулагдана. Хүүхэд харах үйлчилгээ нь цэцэрлэгтэй өрсөлдөх хэмжээний боловсролын байгууллага биш. Гэхдээ гэртээ түгжигдээд байгаа хүүхдүүдийг эзэнгүй орхихгүйн тулд харж хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах үйлчилгээний байгууллага гэж ойлгож болно. Монгол Улсын нэг иргэн 5 хүүхдээс илүү хүүхэд харж болохгүй гэж хуульд тусгасан. 3 хүүхэд харагч нийлээд 15 хүүхэд харах хэмжээний хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулж болох тул хүүхэд харах үйлчилгээний нэг байранд 15-аас илүү хүүхэд байж болохгүйгээр хуульд тусгасан байгаа. Хөдөө орон нутагт нүүдлийн МАА-даа тохируулаад уламжлалаа хадгалж үлдээх, хилийн застав, уул уурхайн байгууллагууд зэрэг улирлын чанартай нүүдэллэж ажиллаж амьдардаг хүмүүстээ зориулаад явуулын хүүхэд харах үйлчилгээ байж болохуйц заалт энэ хуульд орсон. Гэхдээ төв суурин газарт явуулын үйлчилгээ эрхлэхийг хориглохоор хуульд тусгаж өгсөн. Хүүхэд харах үйлчилгээний ерөнхий стандартыг Засгийн газар баталж, хүүхэд харагч нь тусгай сургалтад хамрагдаж сертификат авсан байна. Энэ сургалтыг Нийгмийн хамгааллын яам зохион байгуулна. Багшийн сертификатыг олгоно. Сургалтад хамрагдсан иргэн аймаг, дүүргийнхээ Засаг даргаас хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрлийг аваад ажиллана. Санхүүжилтийн хувьд Засгийн газар өөрийн төсөв хөрөнгөд багтаагаад тухайн жилд хэдэн үйлчилгээг санхүүжүүлж чадах тоогоо товлоно. Энэ тоогоо орон нутгуудад квотолж хуваарилах ажлаа Засгийн газар өөрөө зохион байгуулахаар хуульд оруулсан.

Хүүхэд харах үйлчилгээний стандарт ямар байх вэ?
Хүүхэд харах үйлчилгээ нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл өсөж торних, зөв хооллох, унтаж амрах, тоглох үйлчилгээнүүдийг заавал хамруулсан байх ёстой. Бие засах газар нь тусдаа байх ёстой. Гал тогоо нь тусдаа байх ёстой гэсэн ийм шаардлага тавьж байгаа. Мөн Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа байранд өөр үйлчилгээ байхыг хориглоно гэж оруулж өгсөн. Хүн өөрийн амьдардаг гэрт энэ үйлчилгээг эрхэлж болохгүйгээр зохицуулагдсан байгаа. Хэрвээ орон сууц, гэрт зохион байгуулахаар болох юм бол тэр нь тусдаа талбай байна. Хариуцлагын хувьд гэвэл маш хатуу хариуцлагыг 2-3 талаас хүлээхээр зааж өгсөн. Нэгдүгээрт гэрээний хариуцлага. Эцэг эх бүр хүүхэд харагчтай гэрээ байгуулна. Хүүхэд харагч гэрээгээ зөрчих юм бол эцэг эх хүүхдээ харуулахгүй байж болно. Эцэг эхчүүд гэрээгээ цуцлахад тэрхүү Хүүхэд харах үйлчилгээ ажиллах боломжгүй болно. Нөгөө талаас ариун цэврийн хяналт, аюулгүй байдлын талаасаа гээд улсын байцаагч нар хяналтаа тавина шүү дээ. Улсын байцаагч нар зөрчил гарвал сануулна, торгоно, зөрчлийг давтвал тэр Хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрлийг цуцлахаар хуульд тусгасан. Нөгөө талаас хороон дарга, багийн дарга нарын хяналтад бас байна. Хороо, багийн засаг дарга нар энэ айл хүүхдэд ээлтэй айл юм, энэ айл хүүхдийг харж чадахгүй гэдэг, мөн хүний зан төлөв, амьдралын хэвшлийг мэддэг гэдгээрээ тэд нар хариуцлагыг тооцож явна. Тэдний дүгнэлтийг үндэслээд зөвшөөрлийг өгч ч болно, цуцалж ч болно. Эцэг эхийн хяналт, орон нутаг, Засаг дарга нарын хяналт, мэргэжлийн байгууллагуудын хяналт гэсэн 3 төрлийн хяналтан дор хариуцлага нь тооцогдож явах ёстой ийм л үйлчилгээ юм шүү дээ.
Хүүхдүүдэд хүүхэд харах үйлчилгээг нь үлдээгээч, Ерөнхий сайд аа!
Ц.Оюунчимэг

100 хоногийн дараах ХҮЛЭЭЛТ


News Zindaa |  | 
 11-р сарын 02 -нд, 


Юу болоод өнгөрөв өө? Одоо юу болох бол? Энэ асуултыг тавих цаг нь болсон бололтой. Учир гэвээс 2016 он тэр чигээрээ л донсолж дэгэлзсэн, шийдэл хүлээсэн үйл явдлаар дүүрэн байв. Сонгуулийн хуулийн шинэчлэлт, тойргийн хуваарилалт, сонгуулийн сурталчилгаа, эцэст нь МАН-ын үнэмлэхүй ялалт. АСЕМ, наадам, олимп, амралтын сезон араас нь залгав. Удалгүй шинэхэн парламент, засгийн газрынхны болчимгүй гэмээр мэдэгдэл, албан тушаалтнуудынх нь хэл халтирсан үгс сошиал ертөнцөд “хит” тэнэглэл болон тодорч, засаглагчдад хатуухан сургамж өгснөөр орон нутгийн сонгуультай золгосон. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ойлгохгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй гэдэг л болсон доо. Одоо харин тэд маань улсаа удирдаж сурч байгаа шинжтэй.
Ямар ч байсан Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавьчихлаа. Тайланг нь уншаад үзэхээр шууд ойлгогдох зүйлс тийм ч элбэг биш. Жишээ нь, Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгсөн, өгнө гээд биччихсэн байгааг нь би хувьдаа шууд ойлгож чадахгүй л байна. Орон нутгийн сонгуулиар хүмүүстэй уулзаж байхад “Гэртээ хөргөгчтэй гэдэг үндэслэлээр хүүхдийн мөнгөө хасуулчихлаа. Биднийг үгээгүй ядуу байлгах гээ юу?” гэж бухимдсан хүмүүстэй олонтоо таарч байсан. Тэгэхээр хүүхдийн мөнгийг өгөөд ч байгаа юм шиг, өгөхгүй ч байгаа юм шиг нэг л ойлгомжгүй.
Бас “Цалинтай эхчүүд” гэдэг гоё нэртэй хөтөлбөр батлагдлаа л гээд байгаа. Эхчүүдийн үр хүүхдээ өсгөх хөдөлмөрийг хэдэн төгрөгөөр үнэлэх гээд байгаа нь ер тодорхой бус. Арай 20 мянга гэж онигоо болохгүй байгаа гэж өмнөөс нь санаа зовмоор. Энэ хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ээжүүдэд сар бүр цалин олгож, ажилласан жилийг баталгаажуулж нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцна гэсэн. Мөн 3 буюу түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн туслалцаа үзүүлнэ хэмээн нэн тэргүүнд мэдээлж буйгаас үзвэл чухал бодлого юмуу гэмээр. Уг нь МАН нийгмийн асуудалд анхаардаг угшилтай нам. Түүнийгээ нотлох эсэхийг нь харъя. Хүлээе дээ.
Гүйцэтгэх засаглал гэдэг угаасаа л шүүмжлэл дунд амьдардаг тавилантай. Анх ерөнхий сайдыг гадаад хэлээр ганц үг дуугарч чаддаггүй, АСЕМ-д дан орчуулагчтай байсан гээд сошиалаар л нэг шуугисан. Дараа нь өвөө эмээ нарын хамтын тэтгэврийн асуудлаар эвгүй үг алдаж хүнд байдалд орсон. Тэр ч байтугай сангийн сайд нь болчимгүй үг дуугарснаасаа болж өөрөө үр хүүхдэдээ өв хөрөнгөө өвлүүлэхгүй нь хэмээн ойлгогдсон. Мэргэжлийн засгийн газар гээд байсан чинь мөнгөний л томилгоо болсон гээд аль шүүмжлүүлснийг нь тэр гэхэв.
Олны үг ортой гэгчээр зарим нэгэн маргаан дагуулсан шийдвэр байна аа. Тухайлбал, өмнөх засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг Арабын нэгдсэн Эмират улстай зээлийн гэрээ байгуулсан гэж баруун солгойгүй шүүмжлээд байсан атлаа, өөрсдөө болохоор өмнөд хөрш Хятад улсаас гэрээний нөхцөл нь ард түмний хувьд тодорхойгүй асар их хэмжээний мөнгөн зээл авахаар болчих юм. Дэд сайд хэрэггүй гээд давхар дээл өмсөж жагсаад байсан чинь одоо бүх яамд нь дэд сайдтай байх жишээтэй. Яриад байвал их л юм гарч ирэх шинжтэй. Ямар боловч улсаа зөв удирдаж, хүмүүсийн яриад байгаа шиг газар нутгаа зарж барьцаалчихгүйхэн шиг л бүрэн бүтнээр нь дараагийн засгийн газартаа хүлээлгээд өгчихөөсэй билээ. Өөр хүлээх юм одоохондоо бага л харагдана.
Иргэдээ сонсоод байх шаардлагагүй гэж үзсэн үү 11-11 төвийг хаягийг нь ханз татаад л татан буулгасан. Хүний эрхийн манаанд зогсдог ганц төрийн байгууллага Тахарын албаа засгийн эрх авангуутаа шууд тараасан. АН-ын эхлүүлсэн гэх нэртэй бүх ажлыг нурааж, дахин өөр нэрээр эхлүүлэх аян арай л дэндүү хүчтэй өрнөсөн нь ТҮЦ машинуудыг салгаж, тавьсан замуудыг нь хуулж авах вий дээ гэсэн айдсыг төрүүлсэн шүү. Гэвч цагаа олж зогсох шиг боллоо. Бусдын хийснийг нураахгүйгээр өөрсдөө ажил хийж амжилт олж болно гэдгээ олж харсан нь яамай даа.
Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг бас нэг гоё нэртэй оюутны зээлээр сольсон. Бүх оюутан зээл авч дийлэхгүй нь тодорхой учир хэмнэлт гарах юм шиг байгаа юм. Салбараар нь ангилж байгаад л ААН-үүдийн татварыг 1 хувь болгоно гэж Засгийн газар амласан. Ямар нь 10 хувь, ямар нь 1 хувийн татвар төлөх нь тун удахгүй ялгараад гараад ирнэ биз.
Засгийн газрыг 100 хоног оршин тогтнож, хөл гараа олж байх зуур Орон нутгийн сонгууль өргөн далайцтай, өрсөлдөөн ихтэй  явагдаж энэ засаглалын түвшинд шинэчлэл хийж чадах залуус АН, МАН аль алинаас нь цөөнгүй сонгогдсон байна. Засаглал гэдэг зөвхөн УИХ, Засгийн газар төдийгүй ИТХ, орон нутгийн засаг захиргаа ч бас мөн гэдгийг иргэд маань ойлгож ухамсарласан байгаа. Тийм ч учраас улсаа улсын дайтай авч явна гэсэн хүлээлт аль алинд нь бий шүү гэдгийг энэ дашрамд дуулгая.   
Шинэчлэгч залуус олноороо сонгогдсон Нийслэлийн дүүргүүдэд орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүн гарахад 295 мандатаас МАН 195, АН 98, бие даагч 2 суудал авсан дүнтэйгээр өнөөдрийг угтаж байна. Мөн зарим тойрог дээрх маргаан будлиан шийдэгдэж дуусаагүй ч Монгол улсын 330 сумын урьдчилсан дүнгээс үзвэл МАН 215 суманд ялалт байгуулж, АН 97 суманд олонх болсон дүн гарчээ. УИХ-ын сонгуулийн дүн ч бас иймэрхүү. УИХ дахь 76 суудлын 65-ыг МАН авч, АН ердөө 9 суудал авч бүлгээ байгуулсан. Энэ бүхэн тэртээх 2000 оныг санагдуулахгүй байна гэж үү? Тэр үед өнөөгийн МАН УИХ-ын 76 суудлын 72-ыг нь авч, улмаар орон нутгийн сонгуульд ч ташраар нь ялаад үнэмлэхүй хэт олонх болж, хяналтгүй, хэмжээлшгүй эрхт засаглалыг тогтоож байсан. Чухам тэр үед засаглаж, бараг хаанчилж байсан удирдагч Н.Энхбаяр нь авлигын загалмайлсан эцэг хэмээх алдрыг хүртсэнээр түүх үргэлжилж буй. Тэгвэл ийм түүх дахин давтагдах юм биш биз? Өнөөгийн энэ үнэмлэхүй олонх болсон МАН хэмээх улс төрийн хүчин, түүний удирдагч манлайлагчдыг ирээдүйд ямар нэр алдар хүлээж байна вэ?
Ингэхэд сөрөг хүчин маань хаана явна вэ? Ийм үнэмлэхүй олонх болсон хяналтгүй засаглалыг хянаж байх үүрэг гэж бас байдаг шүү дээ. Тэртээх 2000-2004 оны хэмжээлшгүй эрхт засаглалын үед УИХ-ын гишүүн Л.Гүндалай гэдэг ганцхан хүн сөрөг хүчний үүргийг өөртөө хүлээж, ардчилсан тогтолцоогоо аварч үлдээж байсан сан. Ганц дайчин ганцдахгүйг яруу тодоор харуулж чадсан нь түүний улстөрчийн акциуд ардчиллын түүхэнд тод мөрөө үлдээж, Гүндалай гэдэг хүний гавьяа болон үлдсэнийг түүх гэрчилнэ.
Тэгвэл өнөөгийн сөрөг хүчин хаана байна вэ? Ардчилсан нам хаана явна? Ард түмэн яагаад МАН-ыг сонгоод байна вэ? Энэ асуултын хариу АН-ынхны толгойны өвчин болсоор удаж байгаа. Яг үнэндээ “Бид ийм ардчилалыг хүсэж мөрөөдөж байсан гэж үү” гэмээр үйл явдлууд өнгөрсөн дөрвөн жилд болоод өнгөрсөн учраас л ард иргэд маань ийм сонголт хийгээд байгаа юм болов уу? Ядаж байхад өнгөрсөн дөрвөн жилд гүйцэтгэх засаглалаа огцруулахгүй байх тэвчээр тэдэнд байсангүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж хүүхдүүдээ хатуужуулдаг үг л үүнд тохирох бололтой.
Одоогоор АН-ын ҮЗХ нь 11 сарын 16-нд хуралдана гэсэн “шуум”-тай, Их хурал нь 12 сарын 6-нд товлогдсон дуулиантай, намын шинэчлэлийг залуус нь гартаа авахаар эрмэлзэж буй харагдах тус намын удирдлагууд хэвлэлд ярилцлага өгөх нь ч цөөрчээ. Ардчилсан нам улс төрийн намынхаа хувьд бүрэн төлөвшөөгүй байна уу, дотоод хямрал, фракц хоорондын тэмцэлдээнээс үүдэлтэй задрал явагдаад байна уу гэхчилэн олон асуулт тавьж хариу нэхэх үндэслэл нэгэнт бий болжээ. Намын шинэчлэлд нэмэр болох үүднээс УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр “Нэг ардчилал” фракциа тарааснаа зарлалаа. Ардчилалын үнэт зүйлсийг залуу үедээ хожуу ч гэсэн ойлгуулахаар ажиллаж буй АН-ын гишүүд цөөнгүй байгаа дуулддаг ч, парламентад сөрөг хүчин болсон Ардчилсан намын бүлэг хэр эв нэгдэлтэй ажиллахаас олон зүйл хамаарах болов уу. Ардчилсан намын ганц эмэгтэй гишүүн З.Нарантуяа УИХ-ын Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны даргаар сонгогдсон, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар дорвитойхон дуугарч чадах цөөн хүний нэг нь Лу.Болд гишүүн гээд ард иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй хүмүүс тус намд цөөнгүй. Харин энэ тал дээр МАН-ын хууччуулаас Ц.Нямдорж гишүүн, залуусаас Ж.Энхбаяр гишүүн тодроод буй. Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан ялна гэсэн ардын маань үг бий дээ, уг нь.  
Эцсийн эцэст МАН нь засгаа барьж байгаад дөрвөн жилийн дараа АН-д өгнө үү, байна уу гэдэг ард түмний хувьд тийм ч сонин биш. Хамгийн гол нь улс орны эрх ашиг нэгдүгээрт байж, монгол түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нь л хамгаас чухал. Хэт улстөржилт, улс орноо хагалж бутаргасан намчирхал энэ дөрвөн жилд багасах болтугай. Монголын минь л амьдрал, улсын минь л хөгжил гэсэн сэтгэлээр аливаа асуудалд хандаад сурчихвал болох гээд байх юм.
100 хоногийн дараах хүлээлт ийм л байна даа.
                        Ц.Оюунчимэг