Friday, December 30, 2011

Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Х.Болдбаатар:"Түгжрэл үүсгэсэн хүнээс өндөр төлбөр нэхэмжилж, хохирлоо барагдуулдаг байх хэрэгтэй"

Нийслэлийн том асуудлын нэг болох замын түгжрэлийн шалтгаан, түүнийг арилгах арга замын талаар Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Х.Болдбаатартай  ярилцлаа. 
-Нийслэлийн иргэдэд дуудлагын такси олдохгүй байна. Тэд хувийн машинтай болох шийдвэр гаргаж, энэ нь замын түгжрэлийг улам нэмэгдүүлж байгаа. Такси үйлчилгээ хаана, ямар байдалтай байна вэ? 
- Улаанбаатар хот маань дэлхийн сая хүнтэй хотуудын нэг болоод байна. Сая хүнтэй хотод тавигддаг хамгийн гол шаардлага бол нийтийн тээвэр нь төгс шийдэгдсэн байх явдал. Нийтийн тээвэр нь дампуурсан газарт л хувийн авто машины үйлчилгээ цэцэглэдэг. Өнөөдөр нийслэлийнхний дунд “Оюу толгой руу цаг хагас явна, Таван шараас Сүхбаатарын талбай руу цаг гучин минут явна” гэсэн хошин яриа байдаг. Энэ бол бодит байдал юм. Зам дээр түгжрэлд зогсож байгаа хүмүүсийг харахаар нэг машинд  нэг хүн сууж байдаг шүү дээ. Нийтийн тээврийн салбарын хувьд Х.Баттулга сайдын хүчин чармайлтаар гол асуудлууд нь эхнээсээ овоо сайхан шийдэгдэж байна. Нэг талаас, том оврын автобус нь хотын төв дотор цагаараа явдаг болж эхэллээ. Хоёрдугаарт жижиг микро нь Биокомбинатаас хотын зах, Гачууртаас чулуун овоо, эсвэл зуслангаас 7 буудлын эцэс ордог энэ голдрил руугаа орж байна. Харин нийтийн тээврийн гурав дахь үйлчилгээ нь такси юм. Сая хүнтэй хотод хувийн машин бөөцийлөх үү, эсвэл такси унаж явах уу гэдгээ шийдэх шаардлага иргэдийн өмнө тавигдаж байна. Өнөөдөр арай хялбараар нь хувьдаа машинтай байх сонголтыг иргэд хийж байгаа. Хувийн машинтай байх нь хүний эрх ч гэсэн энэ нь замын түгжрэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Энэ бүхнийг зохистой голдрилд нь оруулахын тулд манай хот ч бас гаднын хотуудын туршлагыг хэрэгжүүлж эхлээд байна. Саяхан хотын дарга Мөнхбаяр нэлээд зүтгэсний үр дүнд автомашины зогсоолыг төлбөртэй болгож чадлаа. Сүхбаатарын талбайн баруун талд өмнө нь машин тавих зогсоол олддоггүй байсан бол одоо өөрчлөгдөж байна. Тэр зогсоол руу ороод гарахад 500 төгрөг, нэг цаг зогсоход 1000 төгрөг төлдөг болсон.  Тэнд өнөөдөр төрийн албан хаагч 8 цаг машинаа тавиад 8 мянгыг төлөх үү, эсвэл тэр мөнгөнийхөө талаар таксидах уу гэдэг ийм сонголттой тулгарч байна. Харин Монголын такси үйлчилгээний хувьд 1999 -2000 оны үед нэлээд сайн хөгжиж байсан. Тэр үеэс хойш уналт, сэргэлт ээлжилж явна. Монгол сэтгэлгээ нь өөрөө монголд энэ үйлчилгээг нутагшуулахад саад болдог гэдгийг хэлэх хэрэгтэй. Манайд такси компаниуд олон байна. Өнөөдөр 800 машин оруулж ирчихээд 200-г нь ажиллуулж, 600 нь жолоочоо хүлээгээд байж байгаа компани ч байна. Тэгэхэд 100-200 машинтай хэрнээ 20-30-хан машины бүртгэлтэй, бусдыгаа нуучихсан, гэхдээ хөл дээрээ бат зогссон хувийн компани байж л байгаа. Энэ бүгд нь манай нийтийн тээврийн тогтолцоо нэг л биш байгааг хэлээд байгаа юм.
-Такси үйлчилгээ зохих ёсоор хөгжихөд саад болж байгаа хүчин зүйл нь юу вэ? 
-Жишээ нь, орлого нь тодорхойлогдох боломжгүй ажил үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс гэдэгт алт мөнгөний дархан, хоёрдогч түүхий эд цуглуулагчид гээд байдаг.  Энэ үйлчилгээн дотор такси үйлчилгээ бас орж байгаа. Таксины жолооч өнөөдөр хэдэн төгрөг олох вэ гэдэг нь тодорхойгүй учраас нөгөө компаниудад нь төрийн дарамт нэмэгддэг юм. Мэргэжлийн хяналт, тээвэр, стандарт хэмжил зүй, замын цагдаа, хот хоорондын тээврийн шалгалт гээд энэ бүхэнд дахин дахин шалгуулахаас олонхи нь төвөгшөөдөг. Нөгөөтэйгүүр сайн зүйл бас байна. Өнөөдөр нэгдсэн зогсоол руу стандартын шаардлага хангасан такси ороод гарахад таван зуун төгрөг авахгүй. Тэгэхээр борооны дараах мөөг гэдэг шиг таксинууд олширч эхэлж байгаа юм. Нью-Йорк, эсвэл Сөүл, Бээжинд гудамжийг нь харахад арван машины найм нь такси байдаг шүү дээ. Одоохондоо манайд эсрэгээрээ арвын нэг нь такси байна. Удахгүй тавь тавин хувьтай болох байх. 14-15 жилийн өмнө Улаанбаатарт такси дуудлага ганцхан байсан бол өнөөдөр арваад болсон ч дуудлагаа дийлэхгүй байгаа. Энэ нь нэг талаас такси үйлчилгээ хэр өргөжсөнийг харуулж байгаа ч, нөгөө талаас дахиад л нөгөө хотын түгжрэлтэй холбоотойгоор хүндээ хүрч чадахгүй байна. 
- Энэ байдлаас гарах ямар арга зам байна вэ?
- Миний түрүүний хэлдгээр, төлбөртэй зогсоолуудыг олноор бий болгох хэрэгтэй. Мөн дэлхийн бусад хотуудын адил нийслэлээ бүсчлэх хэрэгтэй. Улаанбаатар хотыг 2-3 бүсэд хувааж, нэгдүгээр бүс рүү орох гэж байгаа бол автомашины жолооч та 10 мянган төгрөг төлөх ёстой гэдэг юм уу, ийм өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Жишээ нь, Энхтайваны гүүрний гадуур 10 тойрог үүсгэж радиус хийгээд, тэр бүс рүү орох бүрийд 1000 төгрөг өгч байдаг болох юм бол хэрэгтэй хэрэггүй холхиж явдаг машинууд орж ирэхээ болино. Хоёрдугаарт хувийн сургуулиуд болон төрийн үйлчилгээний зарим байгууллагууд хотын гадна байрлаж, ялангуяа замын хөдөлгөөний зөрчил гаргасан хүмүүс хотоос хол очиж торгуулах ёстой. Энэ мэтчилэн хот руу хандсан хөдөлгөөнийг задалж, татвар хураамжаа авч чаддаг болчихвол хотын зам түгжрэлгүй болох боломжтой. 
-Маш богино хугацаанд замын түгжрэлгүй болсон гадаад орны ямар туршлага байдаг вэ?
-Саяхан Чехэд нийтийн тээврийн том оврын автобусаар үнэгүй зорчдог болсон. Тэгээд л түгжрэл нь эрс багасаж, хүмүүс  нь машинаа барихын оронд нийтийн тээврээрээ үнэгүй зорчиж эхэлсэн байгаа юм. Манайх бас энэ туршлагыг хэрэгжүүлж болох л байхгүй юу. Миний сонссоноор, хотын тээврийн татаасанд жилд таван тэрбум төгрөг авдаг. Дахиад таван тэрбумыг нэмээд өгчихөд л үнэгүй болгож болно. Тэгэхээр хүмүүс автобусандаа сууж эхэлнэ. Хоёрдугаарт метрогоо хурдан барих хэрэгтэй байна. Дээр нь бүсчлэлийн татвар хураамжууд аваад эхлэхэд байдал өөрчлөгдөнө. 
-Авто машины зогсоолын тухайд гадаад орны ямар “сайн” туршлага байна?
-Жишээ нь Англи, Норвегид улаан, ногоон, цагаан зогсоол гэж байдаг. Улаан зогсоол дээр дээр энгийн машин огт зогсож болохгүй. Энд яаралтай тусламжийн машин, банкны машин, цагдаагийн машин зогсох ёстой. Ногоон зогсоол дээр та 20-30 минут зогсоод явж болно. Цагаан зогсоол дээр та нэг цаг зогсож болно гэх жишээтэй. Одоо хүмүүс аль ресторан, аль үйлчилгээний байгууллагад зогсоол нь найдвартай вэ гэж байгаад сонголт хийж байна. Тэгэхээр машины зогсоол гэдэг бол үйлчилгээний соёлын нэг хэсэг нь болоод байна. 


ХҮН ӨӨРИЙГӨӨ ТЭЖЭЭХГҮЙ, АР ГЭРЭЭ ТЭЖЭЭХГҮЙ БАЙЖ МАШИН БУЮУ “ТӨМӨР” ТЭЖЭЭГЭЭД БАЙНА
-Хотын замын түгжрэлд нөлөөлдөг нэг хүчин зүйл нь жолоочийн буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй байдал. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-Жолоочийн хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй. Согтуугаар жолоо барьж явсан 300 гаруй жолоочийн эрхийг хаслаа гэж мэдээгээр ярьж байна. 24 цагийн дараа тэр жолооч эрүүл болж, дахиад хөдөлгөөнд оролцож, торгуульд орно. Тэр торгуулийг нь өндөрсгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа жолоочийг эхний удаад  зуун мянган төгрөг, хоёр дахь удаагаа бол хоёр зуун мянгаар торгох гээд эдийн засгийн хариуцлагыг нь нэмэх хэрэгтэй. Хүн өөрийгөө тэжээхгүй, ар гэрээ тэжээхгүй байж машин тэжээгээд, төмөр тэжээгээд байгаа байхгүй юу. Тэр машинд бензин хийнэ, дугуй авах ёстой, аккумлятор хийнэ, сэлбэг авна, даатгуулна гээд ямар их мөнгө зарцуулж байна вэ? Жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлж, торгуулийг нь өндөрсгөснөөр жолооч нарын дунд шалгарал явагдаж, замын хөдөлгөөн эмх цэгцтэй болохоос гадна нийтийн тээврээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Манай такси үйлчилгээний мэргэшсэн компаниуд нийслэлчүүддээ үйлчлэхэд бэлэн байгаа. Хоёрдугаарт ажлын байр нэмэгдэнэ. Улаанбаатар хот сахилгатай хариуцлагатай болно. Таксинд  чинь бас стандарт гэж байдаг. Зөв рультэй, техникийн үзүүлэлт хэвийн төдийгүй гурваас дээш жил жолоо барьсан жолоочтой байх ёстой гээд. Үүнийг манай нийтийн тээврийнхэн,  нийслэлийн удирдлагууд харж л байгаа. Гэхдээ хийх зориг нь хүрэхгүй байна л даа. 
-Энэ бүхэн зөв гольдрилдоо ороход ямар хууль эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй гэж та бодож байна?
- Жилийн эцэс болохоор машины үнэ нэмэгдэнэ гээд хүмүүс баахан машин оруулж ирдэг. Тэрийг нь ирэх жил 3000 доллараар нэмэгдчихээс нь өмнө авъя гээд л хуйлраад авцгаачихдаг. Монгол улс машин үйлдвэрлэх болоогүй байна. Нэг өдөр үйлдвэрлэх л байх. Одоохондоо хуучин машины татварыг өндөр тавих хэрэгтэй юм. Алийн болгон бид солонгос, японы “хог” авчрах ёстой юм бэ. Шинэ машиныг татвараас чөлөөлөөд, онцгой албан татварыг нь тэглэх хэрэгтэй. Хоёрдугаарт монголд байдаг ноцтой зүйл бол зөв, буруу рультэй хоёр өөр авто машин хөдөлгөөнд зэрэг оролцож байгаа явдал. Ц.Нямдорж сайдын хэлснээр, жилд 300 гаруй хүн авто машины ослоор нас барж, энэ ослын ихэнхи нь хөдөө орон нутгийн зам дээр болж байна. Шалтгаан нь машины гэрлийн тусгал. Би өөрөө автын инженер, автын цахилгаанчнаар мэргэшсэн хүн. Машины гэрлийн тусгал жолоочтой талдаа богино, эсрэг талдаа арай хол тусч явдаг. Хоёр метр гаруй зөрөөтэй байх ёстой. Тэгэхээр зөв рультэй машиныг нэг өөр, буруу рультэйг арай өөрөөр тохируулна. Гэтэл нөгөө хоёр машин зэрэг өөд өөдөөсөө явж байгаа учраас аль аль машины гэрэл нь нөгөө жолоочийнхоо нүдэн дээр тусдаг. Манайхан тэрийг нь холын гэрэл дээрээ яваад байна гэдэг ч хоёулаа л  ойрын гэрэл дээрээ явж байгаа мөртлөө гэрэл нь хоёр биенийхээ нүдэн дээр тусдаг юм. Нэг түвшинд хоёр өөр системийн машин явуулахын хор хохирол нь энэ. Дараагийн нэг асуудал бол хуучин сэлбэг. Тухайлбал, замын хөдөлгөөний дүрмэнд болон хуульд зааснаар дугуйны хээ нь 2 мм-ээс нимгэн, өөрөөр хэлбэл халзан дугуйтай машин замын хөдөлгөөнд  оролцохыг хориглодог. Гэтэл манайх сэлбэгийнхээ 90 хувийг хуучин дугуйгаар хангаж байна. Манайх чинь дэлхийн хүйтэн хотуудын холбоонд элссэн, зам гэж мөсөн гулгуур шүү дээ. Төвийн хэдэн замыг л цэвэрлэдэг болохоос хотын захын зам тэр хэвээрээ байгаа. 40 км цагийн хурдтай явж байгаа машин мөсөн дээр хамгийн хурдан зогслоо гэхэд 18 м явна. Тэгэхээр хуучин дугуйг  бүрмөсөн хэрэглээнээс хасах хэрэгтэй юм. Энэ бүхнийг цэгцэлж, нэгдсэн стандартад ороод ирэхээр машинтай байх нь “зардал” болоод ирнэ. 
-Яагаад?
-Дэлхийн хамгийн арвич хямгач хүмүүс болох германчууд зарлагын дэвтэр хөтөлдөг. Та зарлагаа бичээд үзээрэй, түрүүн хэлсэнчлэн яг төмөр тэжээчихсэн байдаг юм. Үр хүүхдээ биш, төмөр тэжээхэд маш их мөнгө зарцуулснаа та хараад гайхна. Одоохондоо нийтийн тээврийн такси үйлчилгээ эзэндээ хүрч чадахгүй байгаа болохоор хүн болгон машинтай болж, үүнд нь лизингийнхэн банкныхан хувь нэмрээ оруулаад зээлийг нь өгч байна. Дараагийн асуудал бол даатгал. Манайд дөнгөж одоо л жолоочийн хариуцлагын даатгал яригдаж байна. Бусад оронд бол энэ даатгал насны ангилалтай байдаг. 18-20 нас хүртэл та жолоо барьж байгаа бол хамгийн их мөнгө төлдөг. 18-20, 20-25 насныхан хэт хурдтай явах гээд байдаг бол 25-30, түүнээс дээш насныхан зөөлөн аядуу явна. За тэгээд 45-аас дээш болоод ирэхээрээ хөдөлгөөнд саад учруулаад эхэлдэг. Бодит жишээг хэлэхэд, Энхтайваны гүүр 4 цаг түгжирсэн. Тэр хугацаанд хүн төрж байгаа, үхэж байгаа, чухал гэрээ хэлэлцээрүүдээс хоцорч байгаа. Түгжрэлийн шалтгаан нь нэг эмэгтэй Энхтайваны гүүрлүү Баянгол зочид буудлаас өгсөж байгаад наана нь буцаад  эргэснээс болсон. Гүүрэн дээрх хөдөлгөөнийг 4 цаг гацаасан улаан машинтай хүн дүрэм журам мэдэхгүй, дээр нь бага торгуультай болохоор ийм зүйл хийж байна. Тэгэхээр тэр хүнээс бид их хэмжээний төлбөр нэхэмжилдэг байх ёстой юм. Гэрээ хэлцлээс хоцорсны нөхөн төлбөр, хүний амь нас хохироосны нөхөн төлбөр нэхэмжилдэг байх ёстой. Хэрвээ тэр түгжрэл дунд төрөх гэж байгаа хүн эндвэл яана, залуус амьдралаа шийдэх шалгалтаасаа хоцорвол яана гээд гарч болох хохирлуудыг нэхэмжилдэг хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. 


ӨНГӨРСӨН 10 ГАРУЙ ЖИЛД 15 МЯНГАН МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙГ МАШИНТАЙ НЬ БЭЛТГЭЭД ГАРГАЧИХСАН
-Таксины тариф өндөр байна гэсэн гомдол гардаг? 
-Монголчууд гадагшаа явахаараа тухайн улсын таксинд хэлсэн үнийг нь ямар ч хэл амгүйгээр шууд төлдөг. Монголын таксины үнэ олон улсын жишиг үнэтэй адилхан болж байгаа. Аймгийн төвүүдэд таксины тариф км нь бараг 1000 төгрөг байгаа нь эрэлт хэрэгцээтэй холбоотой. Гэхдээ бид хотын удирдлагатай ярилцаад жишиг үнэ тогтоодог. Харин өндөр үнэ нэхдэг тухайд гэвэл, өнгөрсөн арван жилд манай такси компаниудын хийсэн алдаа юм. Уг нь бид таксиний жолоочид цалин өгч ажиллуулаад, нийгмийн даатгалыг нь төлөөд, тэр хүн ажлаа хийх ёстой байлаа. Гэвч нэг иргэнд машин өгөөд гаргахаар орлогоо хийдэггүй, гэрээний сахилга бат зөрчдөг байсан. Тэгэхээр нь бид таксигаа түрээсэлдэг болж, 2-3 жил, эсвэл таван жилийн дараа энэ нь таны унаа болох юмаа гэхээр эзний ёсоор ханддаг болсон. Ийм замаар өнгөрсөн 10 гаруй жилд бид зах зээл дээр 15 мянга орчим мэргэшсэн жолоочийг машинтай нь бэлтгээд тавьчихсан юм. 
- Өнгөрсөн хугацаанд такси үйлчилгээнд нэвтрүүлж чадсан шинэ дэвшилтэт хандлага, ололтууд юу байна вэ? 
- Такси үйлчилгээнд нэвтрүүлсэн ололт амжилт их байгаа. Жолооч нар сургалтанд хамрагдаж байна. Дуудлагын бүртгэл байнга хийгддэг учир таксинд эд зүйлсээ мартсан тохиолдолд эргээд буцах хаягтай, буух эзэнтэй болсон. Бүр сүүлийн үеийн жишээ гэвэл, Улаанбаатар такси компанийн таксигаар үйлчлүүлсэн хүнд тасалбар өгч хэвшлээ. Саяхан VIP такси үйлчилгээ гэж гарсан. Эхний 2 км-т  3000 төгрөгний такс авч, дараагийн км бүр нь мянган төгрөг гээд, дотроо шинэ сонинтой, чихэртэй, устай, бас зорчигчид нь тасалбар өгч байна. Үйлчлүүлэгчид маань ч дэлхий нийтийн жишгээр үйлчилсэн жолоочдоо нэмэлт “такс” буюу цайны мөнгө төлдөг болсон нь жолооч нарт урам өгч байна. Манай холбооны зүгээс салбарын хүний нөөцийн бодлогод анхаарч, жолооч нарын нийгмийн даатгалыг нь төлж, машин техникийн засвар үйлчилгээг нь хариуцан, сэлбэг хэрэгслийг нь нийлүүлдэг төдийгүй тусалж дэмжих хамт олны дунд ажиллах нөхцлийг нь бүрдүүлж байгаа учраас хүмүүс маань ажлын байран дээрээ тогтвортой байх хандлагатай болж байна. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай хүчтэй гэдэг дээ. Одоо халдлагад өртлөө гэхэд найзууд нь асар хурдан ирнэ. Дохиолол болон байршил тогтоох систем суурилуулж, жолоочийн аюулгүй байдлыг бүх талаар ханган ажиллахыг зорьж байна.  Бид өөрчлөлт хийгээд эхэлчихсэн байгаа. 
-Таксины жолооч болохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Хөдөлмөрийн биржүүдийн мэдээлэл рүү орж үзэхэд, Улаанбаатарт таксины жолоочийн ажлын байранд баталгаатай 1000 жолооч хэрэгтэй байна. Энэ ажлын байран дээр ажиллах хүн жолооны курс төгсөөд гурван жил машин барьсан байх шаардлагатай, Улаанбаатар хотын иргэн байх ёстой, тэгээд гол нь ажлын туршлага, бас хотоо сайн мэддэг байх ёстой гэсэн шалгуур тавигддаг. 
-Такси үйлчилгээ эрхлэгчид маань жилээс жилд улам илүү дэвшил, өөрчлөлт гаргаж, хотын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. 
-Баярлалаа. Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос олон ажил зохион байгуулж ирлээ. “Тээвэрчдийн алдар” цол тэмдэгтэй болсон. Жолооч нарынхаа нийгмийн асуудалд анхаарч байна. Нэг үеэ бодвол боловсон хүчнээ өөрсдөдөө татахын тулд анхаарал тавьж байгаа. Ажил олгогч эзэд маань нэлээн том хөрөнгө оруулалтуудыг хийлээ. Алтан шар зам маань үргэлж биднийгээ ивээж байна. Улаанбаатар хот маань түгжрэлгүй болж, нийтийн тээвэр маань зөв гольдролдоо ороод, хүн ард маань айх аюулгүйгээр таксиндаа суудаг болно гэдэгт бид итгэж байдаг. 2012 онд монгол хүн бүрийн санасан бүхэн бүтэж, ивээлээ хайрласан он жил байх болтугай гэж ерөөе.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 
Ярилцсан Ц.ОЮУНЧИМЭГ


2011-12-29
Өдрийн сонинд болон www.shuum.mn, www.1010.mn вэб сайтуудад нийтлэгдсэн.

Wednesday, October 19, 2011

“Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн Р.БУРМАА: Ард түмэн төрөө хянаж чадна

-Сонгууль шударга бус явагдах юм бол... “Цөмийн  хаягдлаа танай газар нутагт булна” гэхээр нь “За” гэж байдаг. “Танай газрын баялгийг давуу эрхтэй авна, та нар шавхрууг нь хүлээгээд сууж бай” гэхэд “За” гэдэг ийм л төртэй болно гэсэн үг шүү дээ...-

Раднаагийн Бурмаа гэдэг нэр сонгууль, сонгогчдын боловсрол гэсэн үгстэй ямагт хамт сонсогддог. Тэрээр 1997 онд анх “Сонгогчдын боловсрол” төвөө байгуулснаасаа хойш 15 жилийн туршид чөлөөт, шударга сонгуулийн төлөөх олон талт үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ирсэн. Р.Бурмаа 2000-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд Чөлөөт шударга сонгуулийн Азийн сүлжээний гишүүн, Сонгуулийн олон улсын шинжээч, бодлогын судлаач, нийгмийн зүтгэлтэн эмэгтэй билээ.  УИХ-ын сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн, УИХ-аар Сонгуулийн шинэ хуулийг хэлэлцэж буй энэ цаг үед манай ярилцлагын булангийн зочноор “Сонгогчдын  боловсрол” төвийн тэргүүн  Р.Бурмаа уригдлаа.

-Сонгуулийн хуулийг хэлэлцэж дуусгалгүй чуулган завсарласан. УИХ дахь хоёр намын бүлэг сонгуулийн тогтолцоог өөрчлөх тал дээр байр сууриа нэгтгэж чадаагүй байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх гээд байгаагийн шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?

-Мажоритар буюу хүнийг сонгодог сонгуулийн тогтолцоог голдуу том газар нутагтай улс орнуудад, мөн холбооны улсуудад хэрэглэдэг. Ардчилсан улс орнуудаас Энэтхэг, Канад, Америк тэргүүтэй улсууд хэрэглэж байна. Манайд энэ тогтолцоог хэрэглэснээр үр дүнд нь хоёр том нам голлосон олон намын тогтолцоо бий болоход гол түлхэц болсон гэж судлаачид үздэг. Сонгуулийн тогтолцоо ямар байхаас шалтгаалан улс орнууд илүү сайн хөгжих эсэх нь шийдэгдэж, улс төрийн намууд нь бодлогын болж чадах уу, үгүй бол олон түмний нам болж чадах уу, эсвэл бодлогын бөгөөд олон түмний нам болох уу, аль эсвэл хэсэг цөөхөн бүлэглэлийн нам байх уу гээд бүх зүйлс энэ сонгуулийн тогтолцооноос эхлэлтэй байдаг. Сонгуулийн ямар тогтолцоог сонгосноосоо шалтгаалж, үр дүн нь янз бүрээр гардаг. Манайд олон жилийн туршид хэрэглэж ирсэн энэ тогтолцоо нь олон гишүүнтэй үндэсний хэмжээний намд илүү ашигтай, жижиг намуудыг шахаж байх тал дээр хүчтэй үйлчилдэг. Мөн манай орны үндэсний бүрдэл, соёлын онцлог, өвөрмөц байдлыг тусгадаггүй болохыг судлаачид тэмдэглэсэн байгаа.
-Манайд 1990 оны сонгуулиас бусад бүх сонгууль нэг ба олон мандаттай мажоритари тогтолцоогоор явагдсан. Өмнөх тогтолцоогоо үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй байгаа шалтгаан нь юу вэ?
-Энэ тогтолцооны улс төрд үзүүлдэг нэг том нөлөө бол улс төрийн хоёр гол хүчнийг бий болгодог. Мөн эрх баригч нам байлаа гэхэд нөгөө талын намуудтайгаа эвсэхээс өөр аргагүй байдалд оруулдаг. Хэдийгээр үзэл баримтлал зөрүүтэй ч гэсэн сонгуульд ялахын тулд эвсэж байгаа нь өөрөө сонгуулийн дараах задралыг бий болгож, төр засгийн үйл ажиллагааг тогтвортой биш байдалд хүргэдэг. Ийм тохиолдол хэд хэдэн удаа Монголд давтагдсан, 1996, 2004 оны сонгуулийн дараа олон засгийн газар өөрчлөгдсөн нь үүнтэй холбоотой. Яагаад гэвэл, үзэл баримтлал өөр намууд хоорондоо эвсэж ажиллана гэдэг нь өөрөө баталгаатай биш. Гэхдээ сонгуулийн тогтолцоо нь ялахын тулд эвсэхээс өөр аргагүй байдалд хүргэж байсан учраас эвсэл байгуулагдсан. Харин 1992, 2008 оны УИХ-ын сонгуулиар олон мандаттай мажоритари тогтолцоогоор сонгууль явагдсан. Гэвч энэ тогтолцоо нь тэгш байдлыг алдагдуулдаг. Жишээ нь адилхан л Улаанбаатарт амьдарч байгаа хэрнээ Хан-Уул дүүргийн сонгогч яагаад хоёрхон хүнийг сонгодог, Сонгино хайрханд амьдарч байгаа хүн дөрвөн хүнийг сонгодог юм. Тэгэхлээр сонгогчийн саналын жин өөр болно. Дээрээс нь энэ Улаанбаатарт сонгогчдын бараг тал буюу 40-өөс дээш хувь нь амьдарч байдаг. Гэтэл нийт суудлын 20 гаруй хувийн төлөөллийг л сонгох эрх эдэлж байна. Улаанбаатараас сонгогдсон аль ч намын гишүүн хичнээн зүтгэсэн ч гэсэн, төсвийн зарцуулалтын талаар шийдвэр гаргахад “цөөнх” болж байдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт ядуурал, ажилгүйдэл хамгийн их, агаарын бохирдол гэхчлэн олон асуудал байхад 76-гийн 20 нь нийслэлийг төлөөлж байгаа нь ямар ч тохиолдолд гажуудал юм. Бас өөр нэг гажуудал нь одоогийн бидний хэрэглэж ирсэн тогтолцоонд сонгогчийн санал гээгдэх нөхцөл бүрдсэн байдаг. Жишээ нь, 50 гаруйхан хувийн санал авчихаад УИХ-д 90 гаруй хувийн суудал авч байсан тохиолдол 1992, 2000 оны УИХ-ын сонгуулиар гарч байсан. 51-52 хувийн санал авсан МАХН 72 суудал авч, 76 суудлаас 90 хувийг нь авч байсан. Энд маш олон сонгогчдын санал гээгдэж, гадна үлдэж байна. МАХН сонгогчдын хэт олонхийн саналыг авч чадаагүй мөртлөө УИХ-д хэт олонхийг бүрдүүлсэн.
-Яг иймэрхүү үр дүн гарсан гадаад орны ямар жишээ байна вэ?
-Өөр нэг улсын жишээг хэлэхэд, Лесота гэдэг улс 1993 онд энэ тогтолцоогоор сонгууль явуулсны үр дүнд эрх баригч нам нийт сонгогчдын 70 хүрэхгүй хувийн санал аваад 65 суудалтай парламентынхаа 64-ийг нь бүрдүүлсэн. Үүний дүнд таван жил үргэлжилсэн иргэний дайн болсон. Дараа нь олонхи нь хувь тэнцүүлсэн пропорциональ давамгайлсан холимог тогтолцоог сонгосон. Ингэж байж улс орон нь дайнгүй, хэвийн байдалд ороод байна. Сөрөг хүчин нь парламентад төлөөлөлгүй үлдсэн, олон улсын харьцуулсан тогтолцооны талаарх судалгаанд энэ Лесота улс, Монгол Улс хоёр мажоритар тогтолцооны хамгийн их гажуудалтай, муу жишээ болж орсон байдаг юм.
- Мажоритари тогтолцоо ийм их сул талтай юм бол цэвэр пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулж яагаад болохгүй байна вэ?

- УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан хуулийн төсөл  дээр цэвэр пропорциональ тогтолцоог авна гэж анх оруулсан байсан. Хэрвээ улс төрийн намыг сонгодог цэвэр пропорциональ хэлбэрийг авах юм бол Монгол Улсын үндэсний онцлогт маш их халгаатай. Ер нь ямар тогтолцоо хамгийн сайн байдаг юм бэ гэвэл, “Тухайн орны онцлогт тохирсон тогтолцоог хамгийн сайн тогтолцоо гэнэ” гэж Германы доктор  профессор Диетер Ноолен гэдэг хүн хэлсэн байдаг. Монголын онцлог гэвэл өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөн, дээрээс нь шинээр гарч ирсэн онцлог бол газрын баялаг. Газрын баялгаас шалтгаалан олон улсын болон гадаад, дотоодын бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол гарч ирдэг. Тэгэхээр энэ бизнесийн бүлэглэлийнхэнд худалдагдсан, тэд нараас хараат улс төрчид орж ирэх аюул байгаа гэсэн үг. Энэ тохиолдолд улс орны маань тусгаар тогтнолд аюул үүснэ. Энэ байдлаас сэргийлэхийн тулд сонгуулийн тогтолцоогоо зөв сонгох хэрэгтэй.

НАМДАА МАШ ИХ ХАНДИВ ӨГЧ, НЭРИЙН ЖАГСААЛТАД ДЭЭГҮҮР БИЧИГДЭНЭ ГЭВЭЛ УЛС ОРНЫ ХУВЬД АЮУЛТАЙ

- Монгол Улсын хувьд ямар төлөөлөлтэй байж сонгуулийн тогтолцоо нь үндэсний онцлогт тохирч чадах вэ?
- Юуны түрүүнд уудам газар нутагтай учир орон нутгийн төлөөллийг оруулж ирэх хэрэгтэй. Намаар нь сонголт хийж дан ганц  улс төрчдийг оруулах юм бол газар нутаг эзэнгүйднэ. Тэгээд энэ нь өөрөө аюултай байдлыг үүсгэнэ. Иймд газар нутгийн төлөөлөл ямар нэгэн байдлаар байх ёстой. Гэтэл зөвхөн газар нутгийн төлөөлөл байдаг хуучны тогтолцоогоороо сонгох юм бол бас дутагдалтай. Жишээ нь, жижиг тойрогт сонгуульд оролцоход уул уурхайн лиценз, зөвшөөрөл авахыг хүсч байгаа бизнесийн бүлэглэлүүдийн мөнгөөр, захиалгаар хүмүүсийн саналыг худалдаж авах боломж нэлээд өндөр байдаг. Тийм нөхцөлд тухайн орон нутгийн, эсвэл нийт ард түмний гэхээсээ илүү бизнесийн бүлэглэлийн эрх ашгийн хараат хүмүүс сонгогдох аюултай. Тэгээд улсын төсвийн мөнгийг жижиг тойргууд руугаа аваачиж тараадаг. Тэр нь өөрөө улс орны том асуудлыг шийдэж чадахгүй байдалд хүргэдэг одоогийн энэ дутагдалтай байдал үргэлжилнэ гэсэн үг. Иймд холимог тогтолцоо Монголын онцлогт их таарч байгаа.
- Холимог тогтолцооны давуу тал нь юу вэ?
Нэгдүгээрт орон нутгийн төлөөлөгч байх ёстой. Манайх 26 орон нутгийн  захиргаатай байна гэж үзвэл тэр бүхнээс нэг нэг төлөөлөл байлгая. Үлдсэн нь пропорциональ буюу намуудаас, үзэл бодлоор нь сонгодог байя. Намууд өөрсдөө нэр дэвшигчдийгээ улс төрд олон жил ажилласан туршлагаар нь эрэмбэлж, сонгуульд нэр дэвшүүлдэг байх шаардлагыг тавьдаг байх хэрэгтэй. Мөн улс төрийн намууд хэрвээ амлалтаа биелүүлэхгүй, шаардлага хангахгүй бол тухайн улс төрийн намыг сонгуульд оролцуулахгүй байх, татан буулгах хүртэл өндөр хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Нэг хүнтэй хариуцлага тооцохоос илүү улс төрийн  хүчинтэй, намтай нь хариуцлага тооцож, намуудыг үзэл бодлоор нь уралдуулж, улс төрийн намыг  хариуцлагатай бөгөөд чадвартай байлгах нь улс оронд маш их хэрэгтэй. Тэгэхээр улс төрийн намаараа нэг хэсэг нь сонгогддог, нөгөө хэсэг нь тойргоос хүнээрээ сонгогддог байх гэсэн энэ хоёр  хэлбэр нь өөрөө мажоритар болон пропорциональ сонгуулийн тогтолцооны давуу болон сул талуудыг нөхнө гэж үзэж байгаа.
- Пропорциональ, мажоритар гээд яриад байдаг хэрнээ мажоритар гэдэг нь яг юу юм, пропорциональ гэдэг нь бас юу юм гэхээр тодорхой ойлголт олон нийтэд байдаггүй.
- Мажоритар тогтолцооны үед бие даан нэр дэвшигч ч бай, намын төлөөлөл ч бай сонгуулийн саналын хуудас дээр нэр дэвшигчийг нэрээр нь бичиж, тухайн нэр дэвшигч дээр саналыг нь нэгтгэдэг онцлогтой. Мажоритари гэдэг нь олонхи дийлэнхийн тогтолцоо гэсэн үг. Тухайн тойрогт нэр дэвшигчдийн нэрс дундаас хамгийн олон санал авсан хүн нь сонгогдохыг хэлээд байгаа юм. Хүнээ нэрээр нь сонгож, хамгийн олон санал авсан нь, манай хуучин хуулиар нийт сонгогчдийн 25 хувийн санал авсан нь сонгогдоно гэж байгаа. Нийтдээ сонгогчдын 50 хувь нь сонгуульд санал өгсөн байхад сонгууль хүчинтэй боллоо гэж үздэг. Тэгэхээр онолын хувьд сонгогчдын тал нь сонгуульд оролцоод, тэдгээрийн 25 хувийн саналыг авсан нь ялж байна. Энэ нь өөрөө нийт сонгогчдын 13 хувийн саналыг авсан нам ялж болох тогтолцоо. Цаана нь 80-н хэдэн хувь нь дургүй байгаад байдаг. Хичнээн дургүйцсэн ч гэсэн манайх эргүүлэн татах боломжгүй дөрвөн жил явдаг, тийм л тогтолцоо болчихоод байгаа.  Тэгэхээр энэ бол манайд таарахгүй.
- Пропорциональ тогтолцооны хувьд?
- Пропорциональ гэдэг нь улс төрийн намыг нь түлхүү сонгодог тогтолцоо. Үүнд хоёр арга хэлбэр байдаг. Нэг дэх нь улс төрийн намаас нэр дэвшсэн хүмүүсийн дотроос сонгогчид өөрсдөө нэр дэвшигчдийг эрэмбэлдэг буюу “нээлттэй” нэрийн жагсаалтын хэлбэр. Нөгөөх нь бол нам нь нэр дэвшигчдээ эрэмбэлээд “хаалттай” нэрийн жагсаалт хийж, сонгогчид зөвхөн намыг нь сонгодог хэлбэр юм. Хаалттай нэрийн жагсаалтыг нам өөрөө эрэмбэлсэн  тохиолдолд 50 суудлаас 10-ыг нь авсан байлаа гэхэд тэр суудлыг намын шийдвэрээр эхний аравт бичигдсэн хүмүүс нь авах нь байна шүү дээ. Харин нээлттэй нэрийн жагсаалтын хувьд ард түмэн сонголт хийдэг учир тухайн нэр дэвшигчийн нэр намын гаргаж ирсэн нэрийн жагсаалтаар 50 дугаарт нь бичигдсэн байлаа ч гэсэн ард түмэн түүнийг нэгдүгээрт бичээд гаргаад ирж болно. Сонгогчдын саналаар эрэмбэлэгддэг энэ хэлбэр бол нээлттэй нэрийн жагсаалт бүхий пропорциональ тогтолцоо юм.
- Намууд “нээлттэй” нэрийн жагсаалт гаргаж ирсэн тохиолдолд сонгогч өөрөө сонголт хийх боломж нь илүү бүрдэх нь ээ?
- Тийм ээ. Нээлттэй нэрийн жагсаалт бүхий сонгуулийн пропорциональ тогтолцооны үед би намуудын гаргаж ирсэн жагсаалтыг 1-50 хүртэл дугаарлаж болно. Эсвэл нэг хүнийг сонгоно, эсвэл тойрог дотроо 1-5, 1-10 ч гэдэг юмуу энэ хэлбэрүүдийг хуулиар тогтоосон байх хэрэгтэй. Жишээ нь 50 хүнийг эрэмбэлэхийн оронд арван хүнийг эрэмбэлсэн нь  хялбар л даа. Сонгогчдын өгсөн саналаар хүмүүсийг эрэмбэлнэ гэсэн үг. Энэ санал нь тойргоор байж болно, улс даяар байж болно. Харин “хаалттай” нэрийн жагсаалтыг бол нам өөрөө эрэмбэлнэ. Нэгдүгээрт намын дарга, хоёрдугаарт  нарийн бичгийн дарга, дэд дарга, хамгийн сүүлд тэр байна ч гэдэг юм уу. Нам өөрөө тэгж дугаарлахдаа намын гаргасан шалгуур, намын дүрэм журмаар намынх нь хурлаар ийнхүү эрэмбэлж байгааг хаалттай гэж нэрлэдэг. Сонгогчид бол зөвхөн намыг нь дугуйлдаг. Энэ хэлбэрүүдийг яаж авснаас шалтгаалан үр нөлөө нь өөр гарч болно.

НАМУУД “НЭЭЛТТЭЙ” НЭРИЙН ЖАГСААЛТЫН ТУХАЙ ЯРИХГҮЙ БАЙГАА

- УИХ дахь хоёр намын бүлгийн гаргаж ирсэн Сонгуулийн хуулийн хувилбаруудыг сонгогчдод ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгнө үү?
- Ардын нам бол гуравны нэгийг нь намын нэрээр сонгоод, гуравны хоёрыг нь хуучин шигээ  тойргоор сонгож байя гэж байгаа. 26 пропорциональ, 50 мажоритари гэсэн үг. Харин Ардчилсан нам болохоор гуравны хоёрыг нь намын нэрээр сонгоод, гуравны нэгийг нь хуучин хувилбараар сонгох санал дэвшүүлж байгаа юм. Энэ нь 50 пропорциональ, 26 мажоритари юм.
- Ардчилсан нам, Монгол Ардын намын санал болгоод байгаа холимог тогтолцооны пропорциональ хэлбэрт нээлттэй нэрийн жагсаалтыг оруулсан гэсэн үг үү, эсвэл хаалттай нэрийн жагсаалт юм уу?
-Тэд нээлттэй нэрийн жагсаалтын тухай ярихгүй байгаа. Хэрвээ хаалттай нэрийн жагсаалтаар гаргана гэвэл нэрийн жагсаалтыг гаргадаг үйл явцыг хуульд нарийн тусгаж өгөх ёстой. Жишээ нь, хандив их өгснөөрөө нэрийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэнэ гэвэл тун муу. Мөнгө их өгсөн нь бараг шууд сонгогдох нь байна шүү дээ. Жишээ нь АН, МАН бол доод тал нь 30 хувийн суурь саналтай байдаг. Энэ нь өөрсдийнх нь гишүүд, дэмжигчдийн санал. Тэгэхээр эхний 30 хувьд бичигдсэн хүмүүс шууд сонгогдох нь. 50-ийн 30 хувь нь ойролцоогоор 15 гэж үзвэл нэрийн жагсаалтын эхний 15 нь сонгогдох боломжтой. Ингэхийн тулд тухайн намд маш өндөр хандив өгч байж бичигдэнэ гэх юм бол энэ нь өөрөө улс орны хувьд аюултай. Тэрбум төгрөгийг гаднын бизнесийн компаниудаас авчихаад, “Дараа нь та нарт ашигтай уул уурхайн гэрээ хийж өгнө” гэж амлаад мөнгөө урьдчилж аваад орж ирж байгаа хүн автоматаар сонгогдох болчихвол яахав. Тэгэхээр намын нэрээр бичигдэж байгаа хүмүүст намын нэрээр эрэмбэлэгдэх дүрэм журам нь маш тодорхой байх ёстой. Нэгдүгээрт мэдлэг чадвар, хоёрдугаарт улс төрчийн хувьд хуулиар хориглосон, улс төрч хүн хийх ёсгүй зүйлийн арван заалтыг шалгуур болгон тавих ёстой. Олон түмний итгэлийг дааж чадах уу, үгүй юу гэдэг дээр эрэмбэлэгддэг, тэр сонгон шалгаруулалтыг нь явуулахад ядаж тухайн намын  нийт гишүүд нь оролцож чаддаг байж “хаалттай” нэрийн жагсаалт зөв эрэмбэлэгдэх нөхцөл бүрдэнэ.
-Хэрвээ “нээлттэй” нэрийн жагсаалтаар эрэмбэлэгдэх бол ямар арга, хэлбэрүүд байна вэ?
- Нээлттэй нэрийн жагсаалт  байх юм бол ард түмэн өөрсдөө сонгочихно. Жишээ нь одоогийн байгаа улс төрчид, гишүүд хэн нь сайн ажиллаж байна. Хэн нь үнэхээр нийт ард түмнийг төлөөлж ажилласан юм. Эсвэл зөвхөн өөрийнхөө сонгогдсон аймагт ажиллаад байсан хүн юм уу. Сонгогчид үүнд нь дүн тавьж, саналаа өгөхөд тэр нээлттэй нэрийн жагсаалтаар гарч чадна. Тухайн нам 50 хүний нэрийг гаргаад тавилаа гэхэд тэр тавь дотроос чинь би нэг хүнийг сонгож болно, үгүй бол 50-ууланг нь сонгож болно. Үгүй бол нэг хоёр гурав дөрөв гээд эцсийг нь хүртэл дугаарладаг боломж ч байдаг. Автомат санал тоолох машин хэрэглэж байгаа нөхцөлд хүндрэл гарахгүй. Мөн пропорционалийг тойрог дотроо пропорциональ гэж ангилж болдог. Монгол Улсыг 50-ийн пропорционалиар сонгоё гэж гэж үзэхэд таван бүсэд хуваагаад нэг бүсээс нь 10 хүнийг сонгоход болно. Тэгвэл тухайн бүсэд нэрийн жагсаалтад байгаа хүмүүсээ нэгээс арав гэж дугаарлаад санал хураалт хийж болно. Илүү оноо авсан нэр дэвшигчид нь тоолдог аргачиллаараа гараад ирдэг. Үгүй бол тэр 10 дотроосоо ганцхан хүнийг сонгож, тэр сонгосон саналынхаа тоогоор дотроо эрэмбэлэгдээд эхний хэдэн хүн нь авсан саналынхаа дагуу гараад ирнэ ч гэдэг юм уу. Энэ нь Үндсэн хуулийн дагуу гишүүнийг шууд сонгоно гэсэн заалттай уялддаг. Яагаад гэвэл, намын нэрээр  нэр дэвшсэн хүнийг шууд сонгоод, тэр сонгосон хүн нь намд өгч байгаа саналд тооцогддог энэ тогтолцоо манай Үндсэн хуульд сайн нийцнэ.
-Хоёр намын санал болгож байгаа Сонгуулийн хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квотын асуудал байгаа юу?
-Байхгүй. Д.Лүндээжанцан нарын санаачилсан хувилбар дээр 15 хувь гэж байсан. Хамгийн сүүлд хэлэлцэж байгаа пропорциональ дотор 15 хувь болох юм гэдэг яриа төдий л байгаа.
-Мянганы хөгжлийн зорилтод “2015 он гэхэд парламентын гишүүдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байна” гээд олон улсын өмнө амлачихсан байгаа биз дээ. Үүнийгээ биелүүлж чадахгүй бол Монголын олон улсын нэр хүнд юу болох вэ?
- Ичгэвтэр л болно шүү дээ.
- 2012 онд явагдах УИХ-ын сонгуулийн тухай хуулийг одоогийн УИХ-ын гишүүд өөрсдөө батлах гэж байгаа талаар таны бодол?
- Одоогийн УИХ-ын гишүүд улсын төсвийн мөнгөөр орон нутагтаа их ажил хийсэн гэдэг нь бусад нэр дэвшигчдээс илүү оноо авах боломжийг бүрдүүлж байгаа. Улсын төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрбум төгрөг зарцуулаад, хэдэн удаа тууз хайчлаад, орон нутагтаа  хөрөнгө оруулалт хийсэн гэдгээрээ бусад өрсөлдөгчдөөсөө давуу байдал олж авах боломж тэдэнд байгаа. Үүнийгээ ашиглаад буцаад сонгогдох боломжтой учир хуучин мажоритар буюу тойргоор сонгогдох системээ давуу байлгая, тэгвэл би дахин сонгогдоно, надтай хэн ч өрсөлдөж чадахгүй гэсэн тооцоог хийж байна. Жилд тэрбум төгрөг зарцуулж байгаа хүнтэй  өрсөлдөх амаргүй шүү дээ. Тийм учраас сонгууль ойртох тусам хуучин байдлаараа байя гэдэг нь давамгайлж байгаа нь харагдаад байна. Энэ нь нэгдүгээрт чөлөөт өрсөлдөөнийг хааж байна. Сонгогчид бодит сонголт хийхэд нь хаалт болж байна. Нөгөө ард түмний 13 хувийн санал авсан улс төрийн хүчин 100 хувь суудал авдаг байдал руугаа орж байна. Энэ бүхэнд ард  түмэн бухимдаад байгаа хэрнээ яах ч аргагүй байдалд хүрдэг. Тэгэхээр үндэсний аюулгүй байдалд аюул учрахаас сэргийлж, гагцхүү монголын онцлогт тулгуурлаад, цаашид ардчилсан зарчмыг хамгаалсан, тусгаар тогтнолоо баталгаажуулсан, цэвэр, хариуцлагатай улс төрч болон улс төрийн намыг бий болгож чадах тийм л  сонгуулийн тогтолцоо руу орох хэрэгтэй юм.

ОДОО ХЭЛЭЛЦЭЖ БУЙ СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЭНЭ БАЙДЛААРАА БАТЛАГДАХ ЮМ БОЛ 2012 ОНЫ СОНГУУЛЬ АСАР ИХ БУДЛИАНТАЙ БОЛНО

-Өнгөрсөн сонгуулийн гашуун сургамж байгаа. 2008 оны 7 сарын 1. Үүний гол шалтгаан нь сонгууль шударга бус явагдсан гэж ард түмэн бухимдсантай холбоотой гэж үздэг. Харин та юу гэж үздэг вэ?
-7 сарын 1 бол сонгуулийн  булхай луйвраас үүдэлтэй. Нэгдүгээрт сонгуулийн дүн гарахгүй маш их удсан. Албан ёсны дүн гараагүй байхад “Бид яллаа” гэж МАХН зарласан. Тэр нь ч хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн. Сонгууль явагдаад дууссан, бүтэн хоног өнгөрчихөөд байхад ялангуяа Улаанбаатарт санал авах байр хаалттай. Тэр хаалттай хаалганы цаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй, ажиглагч нар ч нэлээн бухимдалтай байсан шүү дээ. Хүмүүс нойргүй, завсарлагагүй 24 цаг ажиллаж байхад хянаж тоолох ажиллагаа үнэн зөв явагдаж байна уу гэдэг дээр эргэлзээ төрнө. Жишээ нь, Сонгинохайрхан дүүрэгт саналын тооллогын  ажиллагаа буруу явагдлаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд, дахин  тоолъё гэхэд зөвшөөрлийг нь өгөөгүй. Санал тоолох ажиллагаа 72 цаг болж мэдэх нь гэдгийг Сонгуулийн ерөнхий  хороо урьдчилаад сануулсан боловч түүнээс нь сэргийлэх ажиллагаа хийгээгүй. Энэ хамгийн том дутагдал. Санал тоолох ажиллагаанд зарцуулах цагийг багасгахын тулд санал тоолох байруудыг олон болгож болно. Заавал том заал байх шаардлагагүй. Нэг дунд сургууль дээр гэхэд санал авах 20-40 байр ажиллаж, тэр байруудад санал тоолох ажиллагаа маш хурдан явагдаж, дүн нь богино хугацаанд гараад ирж болдог. Жишээ нь Бангладешд 81 сая сонгогчийн санал тоолох ажиллагааг гараар хийхдээ хоёр цагийн дотор л дуусч байна. Бүгдийг нь нэгтгээд дахин тоолоод эцсийн дүн гаргахад хоёр цаг л  болж байна шүү дээ. Тэгэхэд манайх хоёр өдөр үргэлжилсэн. Санал тоолох явцад нэг нь уншиж нөгөө нь бичиж байх явцдаа хүний саналыг зөөсөн, засварласан үйл ажиллагаанууд маш их гарсан. Хэсгийн хорооны дүнг нэгтгэсэн  ч  гэсэн хоорондоо зөрж байсан. Чингэлтэй дүүрэгт гэхэд 1114 саналаар зөрсөн шүү дээ. Албан ёсны хэсгийн хороодын дүнг нэгтгэхэд л зөрж байгаа юм. Тэгэхээр ялж ялагдсан хүмүүсийн саналын зөрүү нь 152-270. Нэрийн жагсаалт гэхэд 11.000-аар зөрж байдаг. Энэ нь хүмүүсийг  маш их бухимдуулсан. 
-Хамгийн том будлиан хаана, хэнээс, юунаас болж гарсан бэ?
-Санал тоолох ажиллагаа маш их маапаантай явагдсан. Хоёрдугаарт хамгийн том асуудал нь юу вэ гэхээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга “Нэрийн жагсаалтад байхгүй сонгогчдын саналыг ав” гэж хууль бусаар шийдвэр гаргасан. Жишээ нь, хагас өдрийн дотор олон мянган хүнээр нэмэгдэж санал авсан. Задгай гэж хаяг бичээд хүмүүсийн нэрийг бичиж, оюутнуудыг гэхэд  нэг оролт нь тэдэн төгрөг гэж өгсөн нь баригдсан тохиолдлууд байна. Хуурамч иргэний үнэмлэх дээр наалт хийгээд баригдсан олон тохиолдол Сүхбаатар дүүрэг дээр гарсан. Үүнийг зогсоохын оронд  улам дэвэргэж,  нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй хүмүүсээс саналыг нь авах шийдвэрийг гаргаснаас болж Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх хэмжээний зөрчлийг  Сонгуулийн  ерөнхий хорооны дарга гаргажээ гэж Дээд шүүхээс шийдвэр гарсан. Ийм үйлдэл хийсэн хүнийг МАХН, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн өндөр цалинтай ажилд Хүний нөөцийн захирлаар томилж байна шүү дээ. Ийм хүнд төрийн албыг хаших итгэл өгч болох уу. Ингэж  хууль  бус үйлдэл хийсэн байхад ийм байдлаар шагнаж байгаа нь өөрөө эргээд хардалт төрүүлнэ л дээ. Тэгэхээр ийм  үйлдлүүд нь өөрөө Үндсэн хуульд “Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах арга” гэж тодорхойлогддог. Сонгуулийн дүнг өөрчлөх, засварлах, сонгуулийн булхай луйвар хийж сонгуулийн дүнг өөрсдөдөө тааламжтай байдлаар өөрчлөхийг Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэж нэрлэдэг. Ийм үйлдэл хийгдсэн улс оронд тухайн намыг татан буулгаж, намын удирдлагад байгаа хүмүүст эрүүгийн хариуцлага тооцдог. Гэвч ингэж хариуцлага тооцох нөхцөл нь манай Сонгуулийн хуульд байгаагүй, харин ч сонгуульд гарсан маргааныг аль ч шүүх авахгүй  байхаар хуульчилсан нь өөрөө сонгуулийн луйвар хийх асар том боломжийг гаргаж өгсөн.
-Сонгуулийн дүн шүүхээр хянагдахгүй байх тэр боломжийг бүрдүүлсэн хууль нь хэзээ батлагдчихсан юм бэ?
-2005 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хууль дээр тийм зүйл заалт батлагдсан
- Өмнө нь шүүхийн хяналт байсан санагдах юм?
-Өмнө нь байсан. 2004 оны сонгуулийн дараа 24, 59 дүгээр тойргийн сонгуулийн  маргааны талаар жилийн дараа шүүхийн шийдвэр гарч шийдэж байсан. Тэр шүүхийн шийдвэрийн дагуу З.Энхболд гишүүн УИХ-д анх орж ирж байлаа. Шүүх үнэн зөвөөр шийдээд эхлэнгүүт шүүхээр шийдүүлэхгүй байх шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээр гаргуулж, дараа нь хуулиндаа аль ч шатны шүүх сонгуулийн маргааныг хүлээж авахгүй байхаар заалт хийсэн. 2005 оноос хойш СЕХ-ны тогтоолоор бүхнийг шийдэж ирлээ шүү дээ.
-Одоогийн хэлэлцэгдэж байгаа хуульд энэ заалт ямар байдлаар орсон бол?
- Харамсалтай нь одоогийн хэлэлцэж байгаа Сонгуулийн хууль, хамгийн сүүлд баталсан хувилбарт нь тулгуурлаж хэлэхэд, сонгуулийн маргааныг шүүхийн хяналтын гадна гаргасан байдалтай явж байгаа. Хэрвээ одоогийн УИХ-ын ихэнхи заалтыг нь баталчихаад, зөвхөн тогтолцоо үлдсэн гээд байгаа энэ хууль энэ байдлаараа батлагдах юм бол дараагийн сонгууль асар их будлиантай болно. Яагаад гэвэл, тэнд сонгуулийн маргаан аль ч шүүхэд очихгүй байхаар бичигдсэн байгаа. Төрийн албан хаагч сонгуулийг яаж ч будилуулж болохоор заалтуудыг хийсэн байгаа. Төрийн албан  хаагчид нь болохоор “чи ингэж сонгуулийн дүн гаргахгүй бол чамайг наад албан тушаалаас чинь хална” гэдэг айлгалт сүрдүүлэлтийн дор энэ сонгуулийг будлиантуулаад, шалгая гэхээр шалгуулдаггүй, шүүхэд өгье гэхээр шүүх авдаггүй энэ байдлаар сонгуулийг хийх гэж байгаа нь хуучин хуулиасаа бүр дордуулж байна.
-Бусад улс орны хувьд ямар байдаг юм бэ?
-Бусад улс орнуудад бол шүүхээр хянагдахгүй байдаг зүйл зөвхөн “диктатуртай” оронд л байдаг. Ардчилсан гэгддэг улс оронд ийм зүйл байхгүй.
-Үүний хор уршиг хэрхэн илрэх бол?
-Энэ байдал даамжрах юм бол Монгол Улсад ном ёсоороо, итгэл найдвартай  ажилладаг бизнесийн олон улсын байгууллагууд хөрөнгө оруулахаасаа эргэлзэнэ. Манайд хэн хөрөнгө оруулж орж ирэх вэ гэхээр, улс төрчдийг худалдаж аваад хууль бус үйл  ажиллагаа явуулдаг, тухайн оронд ноёрхолоо тогтоох санаархалтай тийм л бүлэглэлүүд орж ирнэ. Ном ёсоор нь ажилладаг, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг бизнесүүд бол татгалзана. Яагаад гэвэл, хууль шүүх нь ажилладаггүй, авлигад идэгдсэн улс оронд хөрөнгөө оруулахыг хүсэхгүй. Хууль бус үйл ажиллагаа явуулдаг тийм л бүлэглэлүүд орж ирээд, өөрийнхөө гар хөлийн улс төрчдийг парламентад оруулж ирдэг. Улмаар харахад Монгол Улс нэртэй боловч гадныхны гар хөл болсон хүмүүс төрийн эрхийг барьж, яваандаа тусгаар тогтнолоо алдана гэсэн үг. Жишээ нь, цөмийн  хаягдлаа танай газар нутагт булна гэхээр нь “За” л гэж байдаг. Танай энэ газрын баялгийг давуу эрхтэй авна, та нар шавхрууг нь хүлээгээд сууж бай гэхэд “За” гэдэг төртэй болно гэсэн үг шүү дээ. Иймд ард түмэн нь өөрсдөө эзэн байя гэвэл сонгуулийг шударга явуулах хуультай байх хэрэгтэй. Ард түмний өөрсдөө сонгосон, ард түмэндээ буцаж үйлчилдэг хүмүүс л парламентад сонгогдох ёстой. Тэрнээс аль нэг бүлэглэлд үйлчилдэг хүмүүс сонгогдох ёсгүй. Сонгуулийн хууль ямар байхаас сонгогчид бидний амьдрал шалтгаална. Иймд хамгийн түрүүнд бид өөрсдөө хариуцлагатай байх ёстой.

 ХАНДИВЫНХАА ТАЙЛАНГ ГАРГААД ТАВЬЖ БАЙГАА УЛСТӨРЧИЙГ
СОНГОГЧИД НЬ ДЭМЖИХ ЁСТОЙ

-Одоо сонгогчид нь УИХ-ын гишүүндээ хандаж “энэ сонгуулийн хуулиа өөрчил” гэсэн шаардлага тавих ёстой юм байна шүү дээ?
- Тийм ээ, шаардлагатай. Ардчилсан намын бүлгээс, ялангуяа сонгуулийн маргааныг шийдэх хэсэг дээр ажлын хэсэг ажиллаж, би бас саналаа өгсөн байгаа.  Харамсалтай нь Их хурал хүлээж авахгүй байна. Их хурлын олонхи нь хуучин хуулиар буюу шүүхээр шийдэгдэхгүй, сонгуулийн дүнг засварлаж болдог энэ хэлбэрээ авах гээд байгаа нь өөрөө Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авах гэж оролдсон арга гэж хардагдахаар байна. Сонгуулийн хууль ийм гарвал эргээд Монгол Улсын аюулгүй байдалд хортой.
-Хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?
-Сонгуулийн аливаа маргаан хууль шүүхэд хянагддаг, шүүхээр шийдвэрлэгддэг байх ёстой. Сонгуулийн саналын хуудсыг дахин тоолъё гэхэд олон түмний нүдэн дээр дахин тоолдог байх ёстой. Сонгогчдод том дэлгэцээр харуулж яагаад болохгүй гэж. Технологи хөгжсөн үед боломжгүй зүйл байхгүй шүү дээ. Саналын хуудсууд дөрвөн жилийн хугацаанд дараагийн сонгууль хүртэл хадгалагддаг. Яах гэж хадгалагддаг юм бэ гэвэл, аливаа эргэлзээ байх юм бол дахин шалгахын тулд нотлох баримтын хүрээнд хадгалдаг. Сонгуульд оролцож байгаа талд хамгийн том тал нь сонгогчид байдаг. Сонгогчдын нүдэн дээр саналын хуудсыг дахин тоолох учиртай. Сонгуультай холбоотой бүх асуудлыг шүүх авч хэлэлцдэг байх ёстой. Тэгвэл ялагдсан хүмүүс  аргагүй би ялагджээ гэдгээ хүлээн зөвшөөрнө. Ялсан тал ч гэсэн би хуулийн дагуу ном ёсоороо ялсан гэдэгтээ бардам байх ёстой. Сонгогчид бол үнэхээр миний өгсөн саналаар ялаагүй ч гэсэн дийлэнхи олонхийн санал авсан хүн сонгогдсон юм байна. Тэгэхээр энэ бол хүчин төгөлдөр Их Хурал, Засгийн газар байна гэж хаана хаанаа хүлээн зөвшөөрнө шүү дээ. Гэтэл энэ  боломжийг олгохгүй, энэ гомдлыг барагдуулахгүй, энэ шийдвэрийг эцэслэхгүй байдал өмнөх сонгуулиар гарсан.
-Уг нь ардчилсан сонгууль гэж нэрлээд байгаа шүү дээ.
-Ардчиллын амин сүнс юу вэ гэхлээр хүний сайнд найддаггүй механизмын сайнд найдна гэдэг. Манайх бол зүгээр л чамд найдлаа шүү гээд орхичихдог. Гэтэл цаадах нь баахан хүнд өртэй, “өрөндөө дөрлүүлчихсэн” хүн орж ирээд хариуцлага алдлаа гэхэд буцаагаад татах эрх байхгүй, гомдол гаргах эрх байхгүй. Сонгогч өөрөө гомдол гаргаад явахаар “Сонгогч таны эрх зөрчигдсөн гэж нотлогдохгүй байна. Тэгэхээр танд хамаагүй асуудал байна” гэсэн хариулт аваад мухарддаг.
-“Дөрлөгдсөн” Их хурлын гишүүн байлгахгүйн тулд  сонгогчид  өөрсдөө бас сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тухайлбал хандивын тайлан?
-Тийм ээ. Сонгогчид хандивынхаа тайланг  гаргаад тавьж байгаа улс төрчийг дэмжих ёстой. Одоо би санаж байна. З.Энхболд гишүүн сонгуулийн үеэр хандивын дансаа нээгээд “Ард түмнээсээ хандив хүсч байна” гэсэн чинь нэг хэсэг сэтгүүлчид шүүмжилж байсан л даа. Хангалттай мөнгөтэй юм байж ард түмнээс мөнгө гуйлаа. Мөнгөтэй байж сонгуульд ороход яадаг юм гээд л. Гэтэл тэр хүн бол их зөв үйлдэл хийж байсан. “Та нар надад тодорхой хэмжээний мөнгө хандивла, би түүгээр чинь сонгуульд өрсөлдөөд, буцаад та нарт тайлангаа гаргая” гээд хандив өгнө үү гэсэн. Тэгэхээр тэр хүн эргээд хандив өгсөн ард түмэнтэйгээ холбоотой, тэд нарынхаа өмнө л  хариуцлагатай, тэд нартайгаа уялдаж байх Их Хурлын гишүүн болно шүү дээ. Иргэн хүн 1 сая хүртэл, байгууллага бол 3 саяас  дээш өгч болохгүй гээд бэлэн хуулийн заалт байгаа. Олон хүнээс хандив авч байгаа учраас хэн нэгний хараат хүн болохгүй шүү дээ. Харин нууц далд хандив авсан хүн бол эргэлзээтэй. Жишээ нь манайхан буруу ухуулга хийж, “Чи мөнгөтэй байж Их Хуралд орж ир” гэдэг. Тэгээд тэр мөнгөө дараа нь хэд нугалж олох санаатай байна вэ гэдэг зүйл бас байдаг гэдгийг мэддэггүй.
-Манай парламентад дийлэнхи нь эрчүүд. Зөвхөн эрчүүдийн чухал гэж үздэг асуудлаар л шийдвэр гарч байна. Эмэгтэй улс төрчдийн дуу хоолой үгүйлэгдэж байгаа. Олон нийт ч гэсэн эмэгтэй хүн улс төрд орж ирж байж улс орны хөгжилд нөлөөлж чадна гэсэн хүлээлттэй байна?
-Эмэгтэй хүн өөрийгөө гэхээсээ илүү гэр орноо, үр хүүхдээ нэгдүгээрт тавьдаг. Тэр утгаараа “Миний үр хүүхэд  шударга дүрэм журамтай, найдвартай орчинд амьдраасай” гэх бодол нь давамгай байдаг. Өнөөдөр би хахууль аваад илүү ашиг ольё гэхээсээ илүү миний үр хүүхэд сайхан орчинд амьдраасай. Хичнээн баяжсан ч гэсэн миний хүүхдүүд энэ гэмт хэрэг, энэ бухимдсан хүмүүсийн дунд амьдарвал яана гэдэг байгалиас заяасан тэр  мэдрэмж, хандлагаараа арай илүү гэж боддог. Орчноо эрүүл байлгах нүдээр асуудлыг олж хардаг, илүү шударга, нийгмийн бүх давхрагад хүртээмжтэй шийдвэр гаргаж чаддаг онцлогтой. Шударга, хууль номынхоо дагуу байна гэдэг нь ялангуяа Монгол Улс шиг авлига нь ийм өндөр байгаа оронд эмэгтэйчүүд түлхүү орж ирэх хэрэгтэй байгаа.
-Сонгогчид өөрсдөө хариуцлагатай байх талаар гадаад орны ямар туршлага байна вэ?
- Сонгогчдыг хариуцлагатай болгохын тулд өөрсдөд нь үүрэг өгдөг. Тэр нь сонгогч та  сонгуульдаа оролцох ёстой. Хэрвээ та сонгуульд оролцохгүй байх юм бол бараг улсаас өгдөг тийм тийм эрхийг чинь хаана гээд. Жишээ нь Австрали 20 доллараар торгож байна. Манайх шиг уул уурхайн хувь хишиг хүртээдэг орон дараагийн сонгуульд ирж алдаагаа застал нь хувь хишиг хүртэх эрхийг нь хаадаг. Бас нэг жишээ нь, улс төрийн албанд, төрийн албанд алба хаших эрхийг нь хасдаг. Яагаад гэвэл, төр барих эрхээ эдэлж үүргээ биелүүлээгүй бол төрийн албанд ажиллах итгэлгүй хүн гэж үзэж байна. Дээрээс нь иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох эрхгүй. Ард түмнийг төлөөлсөн олон зөвлөлийн алинд ч ажиллах эрхгүй гээд эрхийг нь хасдаг. Хамгийн гол нь сонгуулийн үр дүнгээр гомдол гаргах тэр эрхийг нь хаадаг.
-Сонгогчид, иргэдэд хандаж та юу хэлэх вэ? 
-Сонгогчид нэгдүгээрт, энэ Сонгуулийн хууль надад хамаагүй гэж бодож болохгүй. Сонгуулийн маргаан шүүхээр хянагддаг байхыг шаардах хэрэгтэй. Мөнгөнөөс хамааралтай улс төрчид орж ирдэггүй байх тэр шаардлагыг сайн тавьдаг байх нь чухал. Хоёрдугаарт сонгуульд нэр дэвшиж байгаа нам, нэр дэвшигчийн гаргаж байгаа зардал мөнгө хаанаас гарч байгааг анхаарах ёстой. Асар их мөнгө  хаяад байх юм бол тэр сэжигтэй гэсэн үг. Яагаад гэвэл, тэрхүү асар их мөнгийг хаанаас олж байна, буцаагаад тэр мөнгө өгсөн хүмүүсийнхээ хараат болно, тэд нартаа л ашигтай байх болохоос биш сонгогч  ард түмэн бидэнд ашигтай шийдвэр гаргахгүй. Тийм учраас мөнгө зарцуулж, хэвлэл мэдээллийн сувгийг их аваад, баахан мөнгө төгрөг тараагаад байх тусам энэ сэжигтэй шүү гэх нүдээр харах хэрэгтэй. Уулзалт бүр дээрээ хөрөнгө мөнгөө хаанаас олдог, ямар ажил хийж байсан, сайн ажиллаж чадах уу гэдгийг сонгогч болгон сайн харж, шаардлагатай гэж үзвэл энэ талаар нь асуух хэрэгтэй. Иргэний шинэчилсэн бүртгэлийн дагуу хурууны хээгээс санал өгөх юм бол нэг хүнийг олон дахин санал өгүүлдэг явдал багасах байх гэ ж найдаж байна. Иймд хүн бүр сонгуулийн санал хураалтад оролц. Хэрвээ танд таалагдах хүн, таалагдах нам байхгүй бол хэнийг ч дэмжихгүй гэдэг саналаа өг. Учир нь хэнийг ч дэмжихгүй гэдэг саналаа саналын хуудас дээр тэмдэглэх боломжтой болсон. Хэрвээ 50 хувийн санал авч чадахгүй бол сонгуулийг дахин явуулна. Дахин шинэ нэр дэвшигч гарч ирэх ёстой. Таалагдах хүн байхгүй юм чинь би сонгуульд очиж яах юм гэж боддог. Гэтэл очсон хэдэн хүний цөөхөн саналаар нөгөө таалагдаагүй хүн чинь гараад ирэх нь байна шүү дээ. Тэрэнд орвол та сонгуульдаа очоод, би алийг нь ч дэмжихгүй гэдэг саналаа өг. Тэр эрхээ эдэл. Хэрвээ амлалтаа биелүүлэхгүй бол би буцааж татах эрхээ эдлэе, гомдол гаргая гээд эрхээ буцаагаад нэхдэг, эдэлдэг байх хэрэгтэй. Тэгж байж л ард түмэн төрөө хянаж чадна.
Ярилцсан Ц.ОЮУНЧИМЭГ

2011 оны 8 сарын 5
"Үндэсний мэдээ" сонины анхны дугаарт болон www.shuum.mn вэб сайтад нийтлэгдсэн.

Э.Бадамгарав: “Квот гэдэг бол шийдвэр гаргах түвшинд хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх эхний алхам юм”

-Моод Монголоор дуусна гэгчээр манайд л хамгийн сүүлд яригдаж байгаа болохоос биш, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал бол дэлхий нийтийн түвшинд яригдаад, хэрэгжээд эхэлчихсэн зүйл-

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Дүүргийн ИТХ-ын Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны дарга Э.Бадамгаравтай ярилцлаа. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэр гаргах түвшинд ажиллаж, дүүргийн иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө тэмцэж, эрчүүдтэй ана мана мэтгэлцдэг “төлөөлөгч” эмэгтэйн ярианд анхаарлаа хандуулна уу.

-Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эмэгтэй төлөөлөгч хэр олон байдаг вэ?
-Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 6 нь эмэгтэй. Энэ бол 17,1 хувь. Чингэлтэй дүүрэгт 145 мянган хүн оршин суудаг. Талаас илүү нь эмэгтэй гээд бодоход иргэдийн хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөл дэндүү бага байгаа гэсэн үг. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 тэргүүлэгч бүгд эрэгтэй. ИТХ-ын дэргэд 5 хороо ажилладаг. Эдгээр хороодын дарга нарын ганц нь л эмэгтэй. Хэдийгээр ИТХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл байгаа мэт харагддаг ч, яг шийдвэр гаргах эрх мэдэл нь эрчүүдийн гарт байна. Тэгэхээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад эмэгтэйчүүдийг олноор нь сонгож байж, төлөөлөл нь тэнцвэртэй болно.
-Эрчүүд шийдвэр гаргах эрх мэдэл дээр түлхүү байр суурь эзэлснээр эмэгтэйчүүд, хүүхдийн ямар асуудал орхигдож байна вэ?
-Тухайлбал, залуу бүсгүйчүүдэд хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажлаа хийх боломж байхгүй байна. Яагаад гэвэл, цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас хүүхдээ асруулах хүнгүй залуу эхчүүд ажил хийж, орлогоо нэмэгдүүлж чадахгүй байгаа. Мөн эмэгтэйчүүд хүүхдээ асарч хоёр жил гэртээ байсны дараа ажлын байран дээрээ эргээд очихоор гологдох тохиолдол гардаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд, ажлын байран дээрхи давтан сургалтад хамрагдах боломжоор хангаж, хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд, хүүхдийн өмнө тулгамдсан энэ мэт олон асуудлыг, эмэгтэй хүн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байж л шийдвэрлүүлж чадна.
-Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн насны хүүхдийн хэдэн хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна вэ?
-28 цэцэрлэгийн 154 бүлэгт 5691 хүүхэд хамрагдаж байгаа нь Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн насны хүүхдийн 50 хүрэхгүй хувь юм. Нийт хүүхдүүдийн талаас илүү хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа энэ байдал шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бараг байхгүй байгаагийн хор уршиг, тод жишээ юм.
-Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотын ямар заалт орохыг олон нийт анхааралтай ажиглаж байна. Энэ талаар таны байр суурийг сонирхоё.
- “Моод Монголоор дуусна” гэгчээр манайд л хамгийн сүүлд яригдаж байгаа болохоос биш, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал бол дэлхий нийтийн түвшинд яригдаад, хэрэгжээд эхэлчихсэн зүйл. Квот гэдэг бол шийдвэр гаргах түвшинд хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх чиглэлээр хийж буй ажлын эхний алхам юм. Түүнээс биш бүгдийг нь эмэгтэй хүнээр солино гэсэн үг биш. Манай эрчүүд өөрсдийг нь эмэгтэйчүүдээр солих нь гэж айгаад байдаг учраас квотын тухай ярихад дургүй байдаг юм болов уу. Гэтэл тийм биш шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэнцвэртэй хувь хэмжээгээр оролцож, шийдвэр гаргадаг болох юм бол нийгэмд маань, үр хүүхдүүдэд маань, улс эх оронд маань л хэрэгтэй. Эрчүүд бол хатуу бодлогоор шийдвэр гаргадаг. Эмэгтэй хүн илүү нарийн мэдрэмжтэйгээр асуудалд ханддаг. Энэ хоёр хандлага хоёулаа ижил хэмжээнд зэрэгцэн оршиж, нэг нь нөгөөгийнхөө дутууг гүйцээж, дундыг нь дүүргэж байж л улс орны хөгжлийн  шийдвэр зөв гарч чадна гэж би боддог.
-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад ажилладаг хүний хувьд, танаас нэг зүйлийг тодруулъя. Иргэдийн нийтийн хурал гэж огт хуралддаггүй нэг хурал манайд байх шиг байна. Яг ямар үүрэгтэй, ямар эрх хэмжээтэй хурал юм бэ?
-Дүүргийн хувьд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуралдаж асуудлаа шийддэг. Хорооны хувьд бол, Иргэдийн нийтийн хурал нь асуудлаа шийднэ. Хорооны бүх өрхийн дөрөвний нэгийн төлөөллөөс бүрдэж хуралдсан тохиолдолд, Иргэдийн нийтийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болдог. Гэвч бодит байдал дээр, хорооны иргэд олноороо хуралдах багтаамжтай байр байхгүйгээс, хорооны 5000-12000 орчим иргэдийг төлөөлж 50-100 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан болоод л, тэндээсээ шийдвэр гаргаж байна.  Тэргүүлэгч нь 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байдаг нь хангалттай биш юм. Хамгийн багадаа 50 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчид сонгогдож байж, хорооны олон мянган иргэдийнхээ асуудлыг шийддэг, Иргэдийн нийтийн хурлаа төлөөлж чаддаг байна шүү дээ. Гэтэл манайд хуулийн зохицуулалт нь ч алга, бас байгаа хуулиа хэрэгжүүлж байгаа юм ч алга.
-Хорооны засаг даргад л хамаг эрх мэдэл нь байдаг юм биш үү?
-Иргэдийн нийтийн хурал нь Хорооны засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих, хороон дээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, ажлын төлөвлөгөө, түүний биелэлт гээд бүх асуудлыг хэлэлцдэг байх ёстой. Хорооны иргэдийн нийтийн хурлаас Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүд болон Хороо хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүд сонгогдох учиртай. Гэвч бодит байдал дээр энэ нь хэрэгжихгүй байна. Хорооны засаг дарга өөрийн үзэмжээр бүх асуудалд хандаж, тэр ч байтугай Дүүргийн Засаг даргын тамгын газраас төрийн албан хаагч ирж, Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулдаг жишиг тогтож эхлээд байна. Энэ бол Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд Төрийн захиргааны байгууллагын зүгээс халдаж, дотоод ажилд нь дур мэдэн оролцсон, иргэдээ үл тоомсорлосон үйлдэл юм.
-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг иргэдийн оролцоотой болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Тухайлбал, Хороон дээр Амьжиргаа дэмжих зөвлөл, Хороо хөгжүүлэх сангийн зөвлөл нь Иргэдийн нийтийн хурлаасаа байгуулагдах ёстой. Гэтэл ИН-ийн хурлаа хийхгүй байгаад байдаг. Амьжиргаа дэмжих зөвлөл нь халамжаас олгогдож байгаа төрөл бүрийн хөнгөлөлт, туслалцаа дэмжлэгийг иргэдэд олгох шийдвэрийг гаргадаг. Хороо хөгжүүлэх сан нь болохоор, хороон дээр хэрэгжиж байгаа төсөл, хорооны иргэдэд зориулсан арга хэмжээ, хорооны тохижилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр, мөн нэн ядуу иргэдэд тэтгэмж олгох, хэсгийн ахлагч нарыг урамшуулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэдэг. Энд заавал засаг дарга байх албагүй. Гэтэл манай дүүргийн Амьжиргаа дэмжих зөвлөл, Хороо хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга нарын дийлэнхи нь Хорооны засаг дарга нар, зөвлөлийн гишүүд нь нийгмийн ажилтнууд байдаг. Дийлэнхидээ л засаг даргын өөрөө мэдэж хийдэг ажил нь болчихоод байна. Халамжийн чиглэлээр иргэдэд шууд хамаатай маш олон шийдвэр гарч байдаг. Уг нь Иргэдийн нийтийн хурал нь хуралдаад, Амьжиргаа дэмжих зөвлөлөө байгуулахдаа, хорооны иргэдийн төлөөллийг энэ бүрэлдэхүүнд нь давамгай тоогоор оруулдаг байвал, тэндээс гарсан шийдвэрийн дагуу халамжаас ирсэн бүх л зүйл зөв голдрилоороо эзэндээ хүрч чадна. Ингэж ажилласан тохиолдолд, иргэдийн оролцоог хангасан шийдвэр гарч, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага зохих ёсоор ажиллаж чадах юм.
-Иргэдэд мэдээллийг нээлттэй болгохын тулд яавал дээр вэ?
-Хамгийн гол нь, энэ байгаа мэдээллийг нь иргэдэд байнга хүргэдэг байх хэрэгтэй. Жишээ нь төрийн албан хаагчид, төрийн нууц гэсэн нэрийн дор иргэдэд мэдээлэл өгдөггүй. Бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр хот, дүүргийн төсвийн төслийн тухай мэдээллийг ил тод гаргадаггүй. Эндээс л хамаг асуудал үүсдэг. Гадаад орны туршлагаас харж байхад, жилийн төсөв батлагдахаас өмнө, энэ жил ийм ажилд ийм хэмжээний хөрөнгө  оруулалт хийх гэж байна, саналаа өгнө үү гээд, дээр нь хөрөнгө оруулалтын зургийг нь тавиад мөнгийг нь бичсэн мэдээллээ ил тод гаргадаг. Тэгээд иргэдээсээ саналыг нь аваад хэлэлцчихдэг. Гэтэл манайх урьдчилж мэдээлнэ гэсэн юм байхгүй, тэр ч байтугай ИТХ-ын гишүүн надад мэдээлэл олдохгүй байна шүү дээ. Би ИТХ-ын тэргүүлэгчдийн гаргасан тогтоол, шийдвэрийг олж авах гэж бөөн юм болж байна. Мөн дүүргийн төрийн захиргааны байгууллагуудаас дүүрэгтэй холбоотой мэдээлэл авахад маш их хүндрэл учирдаг. ИТХ-ын төлөөлөгч надад л ийм хэцүү байгаа юм чинь, жирийн иргэд ямар “хатуу” хана мөргөдөг нь ойлгомжтой байгаа биз дээ.
-Одоо УИХ-аар улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж эхэллээ. Хот дүүргийн төсвийг ч араас нь хэлэлцэх байх. Ер нь та нар Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээрээ төсвөө яаж хэлэлцдэг юм бэ? Энэ мэдээлэл ил тод биш байдаг болохоор их сонин байна.
-Төлөөлөгч нарт төсвийн төсөл, тогтоолын төсөл нь төсөв хэлэлцэж батлах тэр өдөр л гар дээр нь ирдэг. Тэр дор нь хараад, шууд уншаад баталж байгаа юм чинь нарийн зүйлийг ерөөсөө олж харахгүй шүү дээ. Мэдээллийг нь би өөрийн хүсэл зоригоор л хөөцөлдөж олж авдаг болохоос, урьдчилж өгнө гэж байхгүй. Мэдээлэл хүргэх зардал нь ч байдаггүй юм шиг байна лээ. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв батлахтай холбоотой бусад баримт бичгүүдийг урьдчилан төлөөлөгч нарт хүргэж, олон удаа хэлэлцсэний үндсэн дээр баталж байх юм бол олон зүйл өөрчлөгдөнө. Хот дүүргийн төсвийг хэлэлцэх явцад иргэдийг оролцуулж, тэдний оролцоог хангасан шийдвэр гаргадаг байх нь тухайн хороо, дүүргийн асуудлыг шийдсэн шиг шийдэж, иргэд нь эргээд хяналт тавих боломжийг олгоно шүү дээ. Одоо бол, иргэд нь мэдээлэлгүй байгаа учраас, хот болон дүүрэгт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, нийгэм, эдийн засгийн зорилт болон төсөл хөтөлбөрийг огт мэдэхгүй байна. Хаана, хэдэн төгрөг зарцуулаад юу хийж байгаа гэдэг дээр иргэд хяналт тавих боломжгүй байгаа. Иргэд энэ мэдээллийг нь авч, шийдвэр гаргах үйл явцад саналаа нэмэрлээд эхлэх юм бол өөрсдөө хот, дүүрэг, хороогоо хөгжүүлэх ажилд гар бие оролцох боломжтой болно.
-Төсвийн гүйцэтгэл, төсөл хөтөлбөрийн биелэлт, хөрөнгө оруулалт, тохижилтын ажлын зарцуулалтын тайлан гээд том том цаас үйлдвэрлэгддэг. Гүйцэтгэлийг нь ер нь яаж гаргадаг юм бол?
-Тухайлбал, Хүний хөгжлийн индексийг дээшлүүлнэ гээд л баахан төлөвлөлт хийдэг. Түүн дээр нь төсөвлөгдсөн мөнгө гэж байдагггүй. Тайлан нь 100 хувь гээд л гардаг. Дүүргүүдийн үйл  ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийн төлөвлөгөө, хэрэгжилтийг  зоосон цааснууд дээр ихэвчлэн 100 хувь, 80 хувийн биелэлттэй гэсэн тоонууд харагддаг. Цаасан дээр л тоо бичигдээд байгаа болохоос, яг хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй. Дүүрэг, хотоос очсон тоон дээр сайд өөрийн салбарын тоог нэмдэг, ийм л тоо байгаа байхгүй юу. Бас энд тэндхийн мэдээллийг хуулна. Сайн ажиглахаар дүүргүүдийн эдийн засгийн зорилтууд гээд жил бүрийн зорилтууд нь ижилхэн, заалт нь хүртэл нэгэн хэвийн. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, нийгмийн даатгал гээд тоо аваад л байдаг. Ийм ажлыг ингэж хийгээд ийм үр дүнд хүрлээ гэж бичиж болно шүү дээ. Манай энэ дүүргийнхэн л ийм байдаг юм болов уу гэсэн чинь хот, тэр ч байтугай УИХ-ын зарим Байнгын хорооны жил болгоны дүгнэлт нь хүртэл тоо нь өөрчлөгдсөн, өгүүлбэр нь ижил байдаг юм байна лээ.
-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын түвшинд ч бас байдал сайнгүй байгаа нь таны ярианаас харагдаж байна. “Эмэгтэйчүүд чадна” гэдэг уриа хэвлэл мэдээллээр их явж байгаа. Үнэхээр эмэгтэйчүүд олноороо иргэдийн төлөөлөл болон сонгогдсоноор байдал өөрчлөгдөх үү?
-Намуудын эмэгтэйчүүд нэгдэж, намынхаа үзэл бодлоор биш, яг эмэгтэй хүн гэдгээрээ “шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” чиглэлээр хамтран ажиллаж чадвал дээрхи байдал өөрчлөгдөнө. Эмэгтэйчүүд хамтран ажиллаж байж, улс орныхоо төдийгүй иргэдийнхээ амьдралд чанарын өөрчлөлт хийж чадна гэж би бодож байна.
-Танд амжилт хүсье.


Ярилцсан: Ц.ОЮУНЧИМЭГ
2011.10.11

"Өнөөдөр", "Үндэсний мэдээ" сонинууд болон www.shuum.mn вэб сайтад нийтлэгдсэн.

Tuesday, October 4, 2011

Утаагүй зуух угаартуулах уу?


“НИЙГМИЙН” ХАРИУЦЛАГА
Утаагүй зууханд хүн угаартлаа гэсэн мэдээлэл түглээ. М-Си-Эс хэмээх монголын толгой компани энэ ажилд оролцож байгаад санаа амар явсан олон хүн итгэл алдрав. Хамгийн түрүүнд компанийн нийгмийн хариуцлагын тухай бодол санааг минь зовоож эхэллээ. Ер нь компанийн нийгмийн хариуцлага гэж юу юм бэ? Хэдхэн оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, сургуулиудад компьютер хандивлаж, өвчтэй ядуу хүмүүст тусламж үзүүлсэн л бол энэ нь тухайн компани нийгмийн хариуцлагатай байна гэсэн үг үү. Харамсалтай нь, компанийн нийгмийн хариуцлага гэдгийг өнөөдөр яг ийм байдлаар ойлгож, зөвхөн ийм үзүүлэлтээр дүгнэж байна.
Компанийн зүгээс зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ нь хэр нийгмийн хариуцлагатай байгаа талаар хэн ч ярихгүй, бас бичихгүй байгаа нь “гайхалтай” биш гэж үү. Тухайлбал, тухайн компани нь хүн ам ихээр төвлөрсөн нийслэл хотын цэвэр уснаас “хороож” бизнесээ эрхэлдэг бол, нийгмийн хариуцлагатай гэж хэлэхэд хэцүү. Хэзээ нэгэн өдөр, нийслэлийн ундны цэвэр усны нөөц барагдахын цагт, тэр компанид мөн бидэнд ч  хамгийн том асуудал тулгарах нь гарцаагүй. Харин хүн ам олноор төвлөрөөгүй газарт үйлдвэрээ шилжүүлбэл, энэ нь нийгмийн хариуцлагатай шийдэл болж, бусад компаниудад сайн үлгэр дуурайл болох билээ. Өнөөдөр яг энэ үзүүлэлтээр дүгнэвэл, архи, пиво, ундаа, жүүс, усны үйлдвэрээ нийслэлд байршуулсан компани бүрийг нийгмийн хариуцлагагүйд тооцож болно. 
Тэгвэл улсын томоохон тендерүүдийг яаж ийж байгаад л авчихдаг М-Си-Эс, түүний охин компаниуд хэрэглэгчдэд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодог юм бол? М-Си-Эс-ийн оролцоотой хэрэгжиж буй утаагүй зуухны төсөлд хамрагдсан айл юуны учир гэр бүлээрээ угаартах болов. Хэвлэлийн мэдээг шүүж үзвэл, тус группын Маркетингийн албаны захирал Б.Солонго “Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөлд оролцож байгаа “Сэлэнгэ констракшн” компанийн зүгээс манайд санал тавьсны дагуу нийгмийн хариуцлагатай энэ том санаачилгыг бодитой ажил болгоход хамтран ажиллахаар болсон. Зуухны нөөц бүрдүүлэх, хөрөнгө оруулалт хийхээс эхлээд айл өрхөд хүргэх, угсрах хүртэлх бүх шатны ажлыг М-Си-Эс групп удирдан зохион байгуулахаар болж “Цэвэр агаар” төслийн хамтран хэрэгжүүлэгчээр ажиллаж байна” хэмээн ярьжээ. Хэвлэлд ийнхүү бичсэнээс үзвэл, тэд “нийгмийн хариуцлага” гэж юу болохыг мэддэг байж ч магадгүй юм.

УТААГҮЙ ЗУУХ УГААРТУУЛАХ УУ?
“Цэвэр агаар” төслийн багийг сурагласаар “Спирт, бал бурам” компанийн хашаан доторх хоёр давхар цагаан байшинд очив. “Гэр бүлээрээ угаартаж эмнэлэгт хүргэгдсэн хэрэглэгчийн гэрт нь очсон уу” гэж Сэлэнгэ констракшн ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Л.Ганболдоос асуулаа. Турк инженерүүдтэйгээ хамт очиж үзсэн гэнэ. “Зуух хүргэх үед гэр бүлийн гишүүд байгаагүй, байшинд нь засвар хийж байсан хоёр залуу зуухыг хүлээж авсан гэж манай ажилтнууд хэлсэн. Зуух хүлээж авсан залуус манай суурилуулагчдаар аргачлалыг нь заалгаад үлдсэн ч, зуухыг угсрах үедээ холболтын янданг зориулалтын бусаар хэрэглэснээс хийн хуримтлал үүссэн байж. Түүнчлэн гэр бүлийн гишүүд “уламжлал ёсоор” асаж дуусаагүй цогшсон гал дээрээ нүүрс нэмсэнээс үүдэн ийм харамсалтай явдал болсон” гэж тайлбарлалаа.   
Өөр ямар тохиолдолд угаартаж болох вэ гэж асуухад, “Зуухыг суурилуулахаар очиход айлууд яндангаа хөөлөөгүй, ханан пийшингээ бэлтгээгүй байдаг нь ийм тохиолдол гарч болох нөхцлийг бүрдүүлж байна” гэлээ. Бодит байдал дээр, гэр хорооллын ханан пийшинд зуухыг шууд угсрах боломжгүй байдаг бөгөөд, пийшингийн ханан хэсгийг нь буулгаж, утаа гадагшлах хэсэг буюу зөвхөн яндан болон түүний суурийг үлдээх хэрэгтэй гэнэ. Дараа нь яндангийн суурь хэсгийг нь битүүлж, зуух тавих газраа халуунд тэсвэртэй плита, эсвэл чулуун хавтангаар бүрсэн тэгш гадаргууг бэлтгэнэ. Үүний дараа яндангаа сайтар хөөлж цэвэрлээд, шинэ зуухны яндан нэлээд өндөрт угсрагдах бэлтгэл нөхцлийг бий болгох хэрэгтэй. Зуух суурилуулах ажлыг төслийн суурилуулагчдаар гүйцэтгүүлэх ба зуухны зориулалтынхаас бусад яндан хоолой, стандартын бус материалыг хэрэглэж болохгүй ажээ. Зуухаа хэрэглэх явцад галлагаа бүрийн дараа цэвэрлэж, элдэв нунтаг хог хаягдал оруулснаас болж агаар дамжуулах нүх сүвүүд битүүрэхээс сэргийлэх хэрэгтэй юм байна.
Сэлэнгэ констракшн ХХК-ийн ажлын туршлагыг сонирхвол, дулааны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 1995 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Тэд энэ төслийг хэрэгжүүлснээр маш өргөн цар хүрээтэй ажиллаж, хүмүүсийн хэвшмэл сэтгэлгээнд өөрчлөлт хийх амаргүй ажлыг гүйцэтгэж байгаа учир иргэдэд хэвлэл мэдээллийн сурталчилгааг хүргэхэд анхаарч ажиллана гэж байлаа. “Цэвэр агаар” төслийн зөвхөн суурилуулалтын ажилд одоогоор 120 хүн ажиллаж байгаа бөгөөд үүний зэрэгцээ өөрийн компанийн 11, түрээсийн 29, нийт 40 жолооч портертойгоо хүргэлтийн үйлчилгээнд явж байгаа гэнэ. Портерын жолоочийн хувьд өдрийн ажлын хөлс нь 30 мянган төгрөг бөгөөд ажлын 24 хоногт нийт 720 мянган төгрөг гар дээр нь өгч, татвар хураамж болон бензинийг нь төслөөс бүрэн хариуцдаг юм байна. Тус төсөл нь амьдарч буй хорооныхоо зам харгуй, нутаг дэвсгэрийг сайн мэддэг хүмүүсийг цаашид ч гэрээгээр ажилд авах ажээ. Бүрэн шаталттай зуухыг хэрэглээнд нэвтрүүлэх бүс нь Хан-Уул дүүргийн 9,10, Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 23, 26, 27, 28, 30, 31, Чингэлтэй дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 18, Сүхбаатар дүүргийн 13, 14, 15, 16, 17, 18, Баянзүрх дүүргийн 4, 5, 19, 21, 22, 27 дугаар хороод юм.

 “УТААТАЙ” ЗУУХ

“Утаагүй улаан галаа түлж, уургийн улаан цайгаа чанаж...” хэмээн үлгэр домогт бичдэгчлэн сайхан амьдрахыг гэр хорооллын иргэд олон жил хүлээсэн. Өвлийн жавар тачигнасан өдөр нүүрсний утаанд утагдан байж гэрээ дулаацуулна. Пийшин дэх нүүрс бүрэн шатдаггүй, уугисан дутуу шаталт явагддаг учраас нүүрсний “хачин” үнэрээр нь гэр хороололд амьдардаг хүнийг амархан таньж болдог. Яг л олон жил тамхи татсан хүнээс тамхины бохины үнэр салдаггүй шиг, байнга нүүрс түлдэг айлын өнцөг булан бүрт дутуу шатсан нүүрсний үнэр нэвт шувт шингэсэн байдаг билээ.
Гэртээ “орон тооны” галчтай л биш бол хөлдөж үхэхээс наахнуур зутруухан амьдарсаар хаврын наран ээх өдрүүдтэй золгодог гэр хорооллын амьдрал хэцүү. Ус, түлээ, нүүрс гээд бүгдийг зах зээлийн үнээр нь худалдаж авна. Нүүрсээ нөөцөлж чадаагүй бол жижиглэнгээр авна. Энэ бүх ачааг өдөр нь гэртээ байдгаараа хүүхдүүд үүрнэ. Хүүхдийн хацар хөлдөх, оочерлосоор усаа авч чадахгүй байх нь өвлийн улиралд, өдөр тутам тохиолддог энгийн зүйл. Үүн дээрээ нэмээд дүлий дүмбэ оргисон пийшингээ галлаж, нүүрсээ асааж чадахгүй бол даарч зутран, гэрт гадаагүй нүүрсний утаагаар амьсгална.
Тvлш их зарцуулдаг пийшингийн шүүр ширэм нь стандартын бус, тvлшний шаталтыг дэмжих агаарын урсгалгvй, түлш шатах хугацаа нь богино учир байсхийгээд л “халтайтлаа” нүүрстэй зууралдах болдог. Дутуу шатсан түлшний хөө тортог яндангаар нь шууд хаягддаг учраас нийслэлийн гэрүүд бараг л хар өнгөтэй. Яндангийн диаметр нь 108 мм-ээс бага, хvхээнд хуримтлагдсан хөө тортогийг цэвэрлэх боломжгvй, галын аюулгvй ажиллагаа хангагдаагvй ийм л орчинд хүүхдүүд гэрээ дулаацуулж, амьдралын төлөө тэмцдэг билээ. Орой ажил тарсны дараа эцэг эхчүүд нь ирж шөнийн бор хоногтоо нэг юм бүлээцдэг ч, маргааш нь дахиад л бүх зүйл эхнээсээ давтагдана. Энэ бүхэн хэзээ дуусгавар болж, гэр хорооллынхон тав тухтай орчинд хүн шиг амьдрах вэ?
Утаагүй зуух хийж байгаа компанийн инженерүүд, утаагүй зуух нийлүүлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүд, тендер зарлаж байгаа төрийн яам, агентлагууд, бодлого шийдвэр гаргаж буй УИХ, Засгийн газрын гишүүд энэ бүхнийг анхааралдаа авч, хүнээ гэсэн сэтгэлээр “нийгмийн хариуцлагатай” хандах цаг нь болжээ.

ГАЛ ГОЛОМТ
“Хамтран хэрэгжүүлэгч MCS” гэсэн бичигтэй хантааз өмссөн залуусаас, “Өлзий”, “Хас” зууханд гал түлэх аргыг асуухад, тэд уйгагүй тайлбарлаж өгөв. Зуухны дээд талд байх ширэмийг авч, шигшиж бэлтгэсэн нүүрсээ керамик савны гуравны хоёрт нь хүртэл хийж, дээр нь цуулсан зомгол, цаас нэмэн асааж ширэмээ буцааж тавина. Үүний дараа ширмэн дээр байрлах дусал хэлбэртэй агаарын хавхлагыг нээнэ. Мөн зуухны арын доод хэсэгт байх агаарын хавхлагыг бүрэн нээснээр модны шаталт ихсэж, нүүрсэндээ шилжинэ. Энэ үед дээд талын дусал хэлбэрт хавхлагыг бүрэн хаана. Харин доод талын агаар оруулах хавхлагыг аажим аажмаар багасгаж, гэр бүрэн халсан үед хааж болно. Энэ нь ханан пийшингээ халах үед янданг нь хааж, дулаанаа барьдагтай ижил зарчим аж.
Гол анхаарах зүйл гэвэл, нунтаг нүүрс, элдэв хог хаягдал зууханд хийж огт болохгүй. Түлш шатаж дуусаагүй байхад дээрээс нь нүүрс нэмж болохгүй. Цогшоод асаж байх үед нь нүүрс нэмэх юм бол угаартах аюултай. Учир нь зуухан дахь шаталт дээрээсээ доош шатах технологиор явагддаг. Шатаж дууссаных нь дараа үнсийг зориулалтын гар удирдлагын тусламжтайгаар, зууханд байрлуулсан үнсний гаргууланд доош унагаж, зуухыг бүрэн цэвэрлэсний дараа дахин галлана. Үртсэн зуухны үртсийг шатаж дууссаных нь дараа бүрэн цэвэрлэж, дахин түлшээр цэнэглэдэг зарчим энэ зуухны хувьд ижил юм байна. Хэрэглэхэд тийм ч хэцүү биш санагдлаа.
Харин тогоо тавьж, хоол хийхэд хүндрэлтэй гэсэн гомдол байдаг нь үнэний хувьтай харагдав. Энэ талаар төсөл хэрэгжүүлэгчдээс тодруулахад, хоол хийхийн өмнө зуухны доод арын агааржуулагчийг нээж өгөх хэрэгтэй. Шаталт эрчимжин, зуухны ширэм улайсч цельсийн 700 хэм хүртэл хална. Хоол цайгаа хийсний дараа агааржуулагчийг багасгах, эсвэл хааж болно гэлээ. Хавтгай ёроолтой сав суулга хэрэглээд хоол ундаа хийхэд болохгүй юм алга. Тэгээд ч зуух бүх гадаргуудаа жигд халдаг учир ер нь бол “пийшин” юм байна. “Өлзий”, “Хас” зуухны үйлдвэрлэгч болох Туркийн Silver компани 1958 оноос эхлэн 53 жилийн туршид халаалтын зуух үйлдвэрлэж байгаа гэсэн мэдээллийг интернэтээс оллоо. Компанийнх нь тухай зуухны мэргэжилтэн Харун Жанаэйрээс тодрууллаа. Компани нь жилдээ 100 мянган ширхэг зуух, 60 мянган ширхэг ахуйн хэрэглээний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэнэ. Тус компанийн үйлдвэрлэсэн зуухыг Европын зарим орнууд болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хэд хэдэн улсын хэрэглэгчид худалдан авдаг бөгөөд Туркдээ л гэхэд -45 хэм хүртэл хүйтэрдэг уулархаг бүсийн иргэд нь өргөн хэрэглэдэг байна. Нэг айлд 20-25 жил ашиглагддаг уг зуухны технологийн бүрэн шийдлийг турк инженерүүд 1980-аад оны үед хийжээ. Зуухны үзүүлэлтүүдээс сонирхвол, хийцийн 70 орчим хувь нь ширэмнээс бүтсэн, “Өлзий” зуух 60 кг жинтэй, 360х555х680мм хэмжээтэй, “Хас” зуух 87,5 кг жинтэй, 450х570х775мм хэмжээтэй, зориулалтын керамик тоосгон доторлогоотой, дулаан хадгалах, дамжуулах чадвар сайн” хэмээн танилцуулгад бичжээ. Хэрэглэгчид сэтгэл хангалуун байгаа гэж төсөл хэрэгжүүлэгчид ярьж байна. Нүүрс, мод, сайжруулсан түлш, брикет гэх мэт хатуу түлш, бас аргал ч түлж болдог, бүрэн шаталттай, яндангийн диаметр нь 130мм, нэг удаад 12-18 кг түлш түлдэг, тохируулж чадвал 8-10 цаг асч, дулаанаа барьдаг, түлшний зардлыг 50 хувь хэмнэж чадах энэ зуух гэр хорооллынхны мөрөөдөл биш гэж үү? Зориулалтын паалан гадаргуутай, өнгө үзэмжтэй утаагүй зуух айл гэрийг үнэхээр дулаацуулж чадах юм бол “гал голомт”-оор нь хүлээн зөвшөөрөгдөнө.

ЗУУХ БА “МӨНГӨ”
“Цэвэр агаар” төслөөс гэр хорооллын иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдах утаагүй зуухыг “Нарантуул-2” зах дээр танилцуулахад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн. Тэрээр “АНУ-ын Мянганы сорилтын корпорациас манай улсад 285 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа. Үүнээс 47,2 сая ам.долларыг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэхэд зориулна. Утааг 80 хувиар бууруулах шинэ зуухыг нэвтрүүлэх ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Энэ жилдээ 70 мянган өрхийг хамруулна. Илүү хэмнэлттэй зуухыг ашигласнаар айл өрх зардлаа 30 хувь хөнгөлөх юм. Засгийн газар зуухны үнийн 45-77 хувийг нь хөнгөлж, ард иргэддээ энэ зуухыг өгөх болно” гэснийг хэвлэлд мэдээлсэн билээ. 2011 оны 8 дугаар сарын 18-наас эхлэн Монгол Улсын Засгийн газраас зуух худалдан авч буй иргэддээ урамшуулал олгож эхэлснээр 4-5 ханатай гэр, 60 хүртэлх метр кв талбай халаахад  зориулагдсан “Өлзий” зуухны үнэ 24300 төгрөг, 100 хүртэл метр кв талбай бүхий галлагаатай байшин, сууцанд зориулагдсан “Хас” зуухны үнэ 50800 төгрөг болж үндсэн үнээсээ 85 хувиар  хямдарсан байна. Эдгээр зуухны яндангийн үнэ тусдаа. Тахир яндан нь 6000, шулуун нь 5000 төгрөг. Хэдэн яндан хэрэгцээтэй болохыг хэрэглэгчийн зөвлөхөд хандан тодорхойлж болох аж. Хорооны иргэд төсөлд хамрагдахын тулд “Гэр” цэгт очиж захиалгаа өгнө. Тэндээс нэхэмжлэх авч, зуух болон яндангийн үнийг шилжүүлсний дараа мөнгөний баримтаа аваад гэртээ хадгална. Захиалга өгч, мөнгө шилжсэнээс хойш 2-7 өдрийн дараа төслийнхөн зуухыг аваачиж суурилуулах үед мөнгөний баримтаа тэдэнд өгөөд, зуухаа хүлээн авч, ашиглах заавартай нь танилцаад гарын үсэг зурдаг ажээ. 
Ийнхүү гэр хороололд “Цэвэр агаар” төсөл хэрэгжиж байна. Хэсгийн ахлагч нарын гэрт бүрэн шаталттай зуухыг эхний ээлжинд суурилуулна гэж төслийнхэн ярьж байгаа. Хэсгийн ахлагч сар бүр 50 мянган төгрөгийн урамшуулал авч, “утааны байцаагч”-аар ажиллана. Айлуудын яндангаас гарч буй утааг бүртгэж, хэнийх гэдэг айл цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдлэхийг шийдэх бас нэгэн ажлыг 484 хэсгийн ахлагчаар хийлгэж магадгүй. Учир нь утаагүй зуух болон дулаалга хэрэглэж байгаа айл өрхүүдэд цахилгааны төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх талаар ч яригдаж эхэлсэн.
Мөнгө урссаар л байна. Утаа багасах болов уу?

Ц.ОЮУНЧИМЭГ
2011 оны 9 сарын 29-нөөс 10 сарын 2, Улаанбаатар хот



"Үндэсний мэдээ" сонин, www.shuum.mn вэб сайтад нийтлэгдсэн.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйгаар бүрмөсөн солино гэж байхгүй

Намрын налгар өдрүүд үргэлжилж, шинэ ургацын дээж бялхаж буй энэ үед манай ярилцлагын зочноор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле уригдлаа. Хөдөө хөхөрч, гадаа гандахаас халширдаггүй, ямар ч ажлыг нугалж чаддаг Эрхэм сайд Увс аймгийн зүгт хөлгийн жолоо залах гэж байхад нь амжиж ярилцлагаа хийсэн билээ. “Эрчүүдийн” гэгддэг салбарын “Анхны эмэгтэй сайд”-ын ярианд анхаарлаа хандуулна уу.

-Үр тариа 30 хувь, төмс 56,6 хувь, хүнсний ногоо 68,2 хувь гэсэн дүнтэйгээр ургац хураалт явагдаж байна-

-Намрын ид ажлын үеэр цаг зав гаргасанд баярлалаа. Ургац хураалтын ажлын явц ямар байна вэ? 
-Ургацын урьдчилсан балансаар 427 мянган тонн үр тариа, үүнээс 419,1 мянган тонн буудай, 174,3 мянган тонн төмс, 90,5 мянган тонн хүнсний ногоо, 8,9 мянган тонн тосны ургамал, 23,4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тогтоогдсон байгаа. Өнөөдрийн үдээс өмнөх мэдээгээр үр тарианы 73,9 мянган га талбайг ангилан хадаж, 32,1 мянган га-г цайруулан, 57,6 мянган га талбайг шууд хураан нийт 89,7 мянган га талбайгаас 133,7 мянган тонн үр тариа хураан аваад байна. Мөн төмс 8,2 мянган га талбайгаас 106,2 мянган тонн, хүнсний ногоо 4,9 мянган га талбайгаас 62,9 мянган тонн, тэжээлийн таримал 2,9 мянган га талбайгаас 9,4 мянган тонн ургац тус тус хураагаад байна. Одоогийн байдлаар үр тариа 30 хувь, төмс 56,6 хувь, хүнсний ногоо 68,2 хувь гэсэн дүнтэйгээр ургац хураалт явагдаж байна.

ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДЭД 20 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖ БАЙГАА
- Ургац хураалтын үед төмс, хүнсний ногооны зоорь, үр тарианы агуулахын хүрэлцээ муу байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар яамнаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Хүнсний буудайны нөөц бүрдүүлэх, хадгалах технологийг сайжруулах зорилгоор 46 мянган тоннын багтаамжтай төмөр бетон хийц бүхий элеваторыг Сэлэнгэ, Булган аймагт ашиглалтад оруулсны зэрэгцээ 180 тоннын багтаамжтай, 60 ширхэг босоо төмөр агуулах, үр цэвэрлэгээний машины хамт нийлүүлэх ажлыг зохион байгуулсан. Үүний үр дүнд үрийн чанар, хадгалалт сайжрах боломж бүрдэж, дэвшил гарч байгаа. Яамны зүгээс үр тарианы агуулахуудад элеваторыг боломжийн хэмжээнд нийлүүлж байна. Хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүд илүү их багтаамжтай элеваторуудтай байдаг. Төмс, хүнсний ногооны хувьд иргэд, аж ахуйн нэгжийн мэдлийн зоорь олон байгаа. Үүний зэрэгцээ төмс, хүнсний ногооны борлуулалтыг намрын ургац хураалтын үед зохион байгуулдаг нь үр дүнтэй ажил болдог. Харин томоохон хот суурин газруудад зоорины хангамжийг сайжруулахад анхаарч 10 мянган тоннын багтаамжтай зоорийг  аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар барих, түүнчлэн хуучин зооринуудын тоноглолыг шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөж байна. 
-Хувийн хэвшлийнхэн өөрсдөөс шалтгаалах ажлаа хийж байгаа юм байна. Иймд МАА шиг айхтар анхаарах шаардлагагүй гэсэн үг үү?
-Төрөөс газар тариалангийн чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тариаланчдад хураасан ургацын хэмжээгээр нь тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал өгч байгаа. Газар тариалангийн салбарыг дэмжих хөтөлбөр хэрэгжсэнээр тодорхой үр дүн гарч байна. Атрын гуравдугаар аян хэрэгжсэнээр импортоор оруулж байгаа газар тариалангийн тоног төхөөрөмж, трактор, комбайн, сэлбэг хэрэгсэл, гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодисыг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлж, 20 шахам тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлж байгаа. Аж ахуйн нэгж, иргэдийн газар тариалан эрхлэх зориулалтаар ашиглах, эзэмших газрын хэмжээг нэмэгдүүлж, төмс хүнсний ногоог 20 шахам мянган га-д тариалдаг байсныг 200 мянган га-д хүргэх зорилт тавьсны үр дүнд газар тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн тоо олширч байна. Мөн 1000-аас дээш га талбайд үр тариа тариалдаг аж ахуйн нэгжийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж ирлээ. Атаршсан болон ашиглаж байгаа талбайгаас 255,3 мянган га-г ашиглалтад оруулсны үр дүнд эргэлтийн талбайн хэмжээ 593,7 мянган га-д хүрч тариалангийн талбайн ашиглалт сайжирсан, гурван ангиллын зүтгэх трактор 505 ширхэгийг нийлүүлсэн гээд Атрын аяны хүрээнд хийсэн ажлын үр дүн гарч эхлээд байна. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд зээл олгож, чанар сайтай үрийг үржүүлэх, үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор дөрвөн бүсийн 13 аймгийг шалгаж тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна.
-Газар тариалангийн тоног төхөөрөмжөөс гадна импортоор орж ирж байгаа бордоог ч бас татвараас чөлөөлдөг үү. Бордоо хүний эрүүл мэндэд хортой гэдэг талаас нь авч үзвэл, татвараас чөлөөлөх нь хэр оновчтой вэ. Ер нь бордоогүйгээр газар тариалан эрхлэх боломж бий юу?
-Бордоогүйгээр газар тариалан эрхлэхэд хэцүү. Тариаланчид чанар сайтай бордоо хэрэглэдэг. Тэгээд ч бордоог татвараас чөлөөлөх шийдвэр гараагүй байгаа.
-Газар тариалангийн хувьд, дэлхий нийтэд бас нэгэн шинэ хандлага гарч ирсэн. 21 дүгээр зууны газар тариалан гээд. Газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж биш харин газрын хөрсөө эвдэхгүйгээр газар тариалан эрхлэх арга юм л даа. Энэ талаар Монголд одоо хийгдэж байгаа ажил байгаа юу?
-Монгол Улс олон улсын жишгийг дагаж л хөгжинө. Үрийг чанаржуулах ажил хийгдээд эхэлсэн, газрын хөрсийг гэмтээхгүй байх талаар анхаарч байгаа. Технологийн хувьд олон улсын стандартын дагуу явж байна.

БЭЛЧЭЭРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРУУЛАХАД МАЛЧИД ОРОЛЦОНО
- Яриагаа мал аж ахуйн сэдэв рүү хандуулья. МАА-н салбарын хувьд одоо хадлан тэжээлээ аваад, өвлийн бэлтгэлээ хийж байгаа. Хадлан, тэжээл бэлтгэсэн дүн мэдээ ямар байдалтай байна вэ?
-Энэ жил манай улсын нийт нутгийн 90 орчим хувьд нь зуншлага сайн байлаа. Одоогийн байдлаар 160 гаруй мянган малчин өрхөд 43 сая орчим мал намаржих төлөвтэй байна. Улсын хэмжээний хадлан  1 сая гаруй тонн, гар тэжээл 40 мянган тонн, үйлдвэрийн аргаар 130 мянга тонныг бэлтгэх зорилттой ажиллаж байгаа. Цаг агаарын төлөв байдалтай уялдан энэ жил 343,3 мянган га-д тариалалт хийсэн байгаа. Улсын хэмжээнд хадлан бэлтгэх техникийн бэлэн байдал 85 хувьтай байна. Мөн хадлан тэжээл бэлтгэх ажлын тоног төхөөрөмжийг улсын төсвөөс худалдан авч нийлүүлэх ажлыг технологит хугацаанаас өмнө авч хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “Мал аж ахуйн салбарын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 192 дугаар тогтоолын заалтууд болон мөн сарын 28-нд аймаг, нийслэлийн засаг дарга нарт хандаж гаргасан 05 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон төрлийн ажлыг зохион байгуулж байна. 
- Байгаль, цаг уурын хүндрэл гарсан  тохиолдолд малчдад туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын нөөцөд өвс худалдаж авдаг.  Үүнээс өөр хэлбэрээр, малчид болон хадлан бэлтгэдэг компаниуд хүнсний ногоогоо худалддаг шиг чөлөөт худалдаа хийх боломж байдаг уу?
-Үүнийг хязгаарладаггүй. Сүүлийн үед малчид их овсгоотой болсон шүү дээ. Зөвхөн өвс хадгалахгүй. Өвсийг тэжээл болгоно. Янз бүрийн витамин ургамлуудыг хольдог аргуудыг өөрсдөө хэрэглэж байгаа. Нөөцийн өвс бол ОБЕГ-ын асуудал. Бид нарын хувьд, илүү их хадлан авсан аймгуудын өвс тэжээлийг бусад аймгууд руу худалдаалах ажлыг зохион байгуулж ирсэн. Гэхдээ энэ жилийн хувьд тийм шаардлага байхгүй. Бүгд өөрсдөө хадлан авч, өвлийн бэлтгэлээ хийж байгаа. Аймгууд дахь манай яамны салбар зөвлөлөөс малчдад хандаж хашаа хороогоо бэлтгэж, бууцаа ариутгаж ав гэсэн анхааруулгыг өгч байна. Үүний зэрэгцээ бэлчээрт хохирол учруулж байгаа үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа. Бас бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх төслийн бэлтгэл ажил явагдаж байна. Энэ бол малчдад маш их ашигтай, үр өгөөжтэй төсөл. Дорноговь, Өмнөговь, Увс, Баян-Өлгий аймгуудад 542 цэгт усны нөөцийг илрүүлэх хайгуулын ажлыг гүйцэтгэж байгаа.
-Малын бэлчээрийн хувьд уул уурхайтай холбоотой хүндрэл гарч байна. Малчид малын бэлчээргүй, нүүдэллэх газаргүй боллоо гэсэн асуудал уул уурхайн үйлдвэрлэл явагдаж буй аймгуудад их яригддаг. Энэ тал дээр яам ямар бодлого баримталж байна вэ?
-Малын бэлчээрийг уул уурхайн нөхөн сэргээлттэй харилцан зохицуулахгүй бол болохгүй. Байгаль орчны яам болон  манай яамны хувьд харилцан зөвшилцөж ажиллах ёстой. Жишээ нь манай салбарын хувьд, нөхөн сэргээлт хийгээд, малчдын амьдрах тав тухтай орчныг нь бүрдүүлээд өгөөч, бэлчээрийг битгий сүйтгээч гэсэн шаардлагаа малчид ч,  яам ч тавьж байгаа. Томоохон хэмжээний уул уурхайн үйлдвэрлэлтэй газарт нөхөн сэргээлтийг нэг өдрийн дотор хийхгүй гэдгийг малчид маань ч бас ойлгох хэрэгтэй байдаг. Энэ бол хаана хаанаа харилцан ойлголцож байж үр дүн нь гарах ажил юм.
-Бэлчээрийн менежмент, МАА-г зохистой хөгжүүлэх бодлогыг боловсронгуй болгох талаар яамнаас хийж буй шинэлэг ажил юу байна вэ?
-Бэлчээрийн тухай хуулийн төслийг ЗГ-аас санаачилж УИХ-д өргөн барьсан ч, дараа нь эргүүлэн татаж авсан. Энэ нь малчин иргэдээсээ судалгаа авья, бэлчээрийн тухай малчин иргэдийн санаа оноог авч байж, үүнийг нь хуулийн төсөлд оруулсны дараа хуулийн төслийг өргөн барья гэж шийдсэнтэй холбоотой. Одоогийн байдлаар 150 мянга гаруй хүнээс судалгаа авсан дүнтэйгээр энэ ажил явагдаж байна. Бүх аймгийн малчин иргэдийн саналыг тусгахыг эрмэлзэж байгаа. Одоо ч дуусаагүй байна. Эдгээр саналууд дотор янз янзын шийдэл, санал гарч ирж байна. Тухайлбал, бэлчээрийг хувьчлах хэрэгтэй, хувьчлахгүй байх хэрэгтэй гээд л. Малчдаасаа асууж, тэдний саналыг судалж байж Бэлчээрийн тухай хуулийн төслийг өргөн барьж, батлуулья гэдэг дээр манай салбарынхан санал нэгтэй байгаа.
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд эрчимжсэн мал аж ахуйн тухай их яригдаж байна. Та салбарын дэд сайдын хувьд, эрчимжсэн мал аж ахуй болон бэлчээрийн МАА-н харьцаа Монголд ямар байх хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Малчдад чиглэгдсэн хоёр том бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ ЗГ- ын онцлог гэвэл, сүүлийн 10 гаруй жилийн дотор уналтад ороод байсан газар тариаланг сэргээсэн. С.Баяр дарга, С.Батболд дарга нарын буянаар өнөөдөр манай орон улаан буудайгаа өөрсдөө 100 хувь, хүнсний ногоогоо 60 хувь хангаж байна. Түүхэнд анх удаа төрөөс малчдад зориулж “Монгол мал” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Малчдын талаар төрөөс баримтлах бодлого хэрэгжсэнээр малчдын амьжиргаа сайжирч, үр өгөөжөө өгч байгаа. Малчдын талаар төрөөс баримтлах бодлогын хувьд  хүн рүүгээ чиглэсэн, малчдын ая тухтай нөхцөлийг хангах, хөдөө орон нутагт амьдрах малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүүхдүүдийнх нь боловсрол, өөрсдийнх нь боловсролд чиглэсэн ийм  бодлого байгаа. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд “Таван эрдэнэ” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Өнгөрсөн долоо хоногт 1400 малын эмч оролцсон зөвлөгөөнийг нийслэл хотод зохион байгууллаа. Энэ хөтөлбөр маань малын эрүүл мэнд, чанар, угсааг сайжруулах тал руу чиглэсэн. Улмаар эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэл рүү амжилттай хэрэгжиж байна. 100-гаад сумыг фургон машинтай болголоо. Малыг эрүүлжүүлэх ажлыг сайжруулж, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эхэлсэн байгаа. Бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн МАА-гаар бүрмөсөн солино гэж байхгүй. Гэхдээ МАА-н салбарыг аажмаар эрчимжсэн МАА руу шилжүүлэх ажил салбарын зүгээс хийгдэж байгаа гэж ойлгож болно. Бэлчээрийн болон эрчимжсэн МАА-н харьцаа ямар байх хэрэгтэйг хэлэхэд хэцүү.
-Урд хөршийн гашуун туршлага байдаг. Эрчимжсэн МАА руу хэтэрхий хэлбийгээд ирсэн чинь газар нутаг нь цөлжсөн. Өвөрмонгол болон манай газар нутаг ойролцоо. Эрчимжсэн МАА хэт давамгайлбал Монголд аюултай юм биш үү?
-Ер нь эрчимжсэн МАА  давамгайлна гэдэг нь зохихгүй байх. Бэлчээрийн МАА байх ёстой ч илүү боловсронгуй болгож эрчимжсэн МАА руу аажмаар явъя гэсэн бодлого барьж байгаа.

МАЛЧИН ГЭДЭГ МЭРГЭЖЛИЙН “ҮНЭМЛЭХ” ОЛГОНО
-МАА-н салбарын хувьд хамгийн чухал асуудал бол борлуулалт. Малчдын анхаарлыг татаж байгаа асуудлын нэг нь махны экспорт?
- Монгол малын махыг гадаадад экспортлоно. Гэхдээ тодорхой хэмжээний нэмүү өртөг шингэсэн байдлаар экспортлох ажлыг зохицуулахаар төлөвлөж байна. Мөн ХАА-н биржийн тухай хууль гэж гарсан. Малчдын гар дээр байгаа малын түүхий эдийг худалдаж авах, тухайлбал нэг кг хонины ноосонд 2000 төгрөгийн урамшуулал олгоно гээд. Мөн ноолуурыг ч нэгэн адил энэ биржээр дамжуулан худалдаж, малчдын амьжиргааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх энэ хууль 11 дүгээр сараас эхлэн хэрэгжинэ. Биржийн тухай хуулиар мах экспортлох ажил ч бас зохицуулагдаж байгаа.
-Махны экспорттой холбоотой чухал асуудал бол мал эмнэлэг. Мал эмнэлгийн хувьд хувийн хэвшлийг дэмжсэн хэвээр байх уу, аль эсвэл улсын мал эмнэлэгтэй болох бодлогыг яам баримталж байна уу?
-“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд сум бүрт гурван орон тоотой мал эмнэлгийн нэгж байгуулагдсан шүү дээ. Энэ нэгж маань монгол малын махыг чанаржуулах, малыг эрүүлжүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Хувийн мал эмнэлгүүдийг ч бас бодлогоор дэмжинэ. Гэхдээ хувийн мал эмнэлгүүд чанартай, хариуцлагатай байх хэрэгтэй. Өнгөрсөн жил Дорнод аймгийн Баян-Уул сумын малын эмч Гантөмөр вакцинуудыг хугацаанд нь тариагүй чанарыг нь алдагдуулсан зэрэг дутагдал гаргасны улмаас Мэргэжлийн хяналтын газраас эрхийг нь хассан байсан.  Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр иймэрхүү байдал нь хувийн мал эмнэлгүүдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Гэтэл хувийн хэвшлийн мал эмнэлгүүд дотор чанартай үйлчилгээ явуулдаг, хариуцлагатай, өндөр түвшний боловсролтой  эмч нар олон байдаг ч Гантөмөр гуайнх шиг эмнэлэг олшрох юм бол мал эмнэлгийг төрийн болгохоос өөр аргагүй болно. Хэдийгээр хувийн эмнэлгүүдийг шахах бодлого барихгүй байгаа ч төрөөс бүхнийг авна гэж байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ерөнхий сайд нээлтийг нь хийсэн “Таван эрдэнэ” арга хэмжээний дагуу бид гурван жил дараалан үнэ төлбөргүйгээр малыг эрүүлжүүлэх ажлыг эхэлж байна. Би Увс явж ирээд энэ ажлыг газар дээр нь хянана.
-Малчид олон мянган жилийн туршид өвөг дээдсээсээ малчны эрдэмд суралцаж ирсэн. Харин өнөөдөр малчдыг сургаж бэлтгэдэг сургууль, боловсролын тогтолцоо манайд ямар түвшинд байна вэ?
-ХАА-н дээд сургуульд малчны анги гэж байгаа. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд ч бас малчдад зориулсан сургалтуудыг хийж байна. Малчин гэдэг бол мэргэжил учраас Малчдын энгэрийн тэмдэг, мэргэжлийн үнэмлэх олгодог болно. Үүний төлөө ажиллаж байна.
-ХАА-н салбар бол монголын хувьд уул уурхайгаас ч илүү чухал. Монголын эдийн засгийн үндсийн үндэс нь. Та дэд сайдын хувьд, салбарынхаа  хөгжлийн чиг хандлага, гол анхаарлаа хандуулах шаардлагатай бодлогын талаар юу хэлэх вэ?
-Хамгийн гол нь, ХХААХҮ-ийн салбарын сайд гэдэг бол өмнөх сайдынхаа бодлогыг үгүйсгэдэггүй, харин ч залгамжлан авч явдаг байх хэрэгтэй. Манай яамны удирдлагууд болох гурван сайд гурван том бодлогоо хамтран хэрэгжүүлж, гар нийлэн ажиллаж байгаад би их баяртай байдаг. Атрын аян амжилттай хэрэгжлээ. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, “Монгол мал” хөтөлбөр гээд төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг бид гардан гүйцэтгэдэг. Удахгүй ХАА-н Биржийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Бэлчээрийн тухай хуульд малчдаас санал авах ажил хийгдэж байна гээд гол томоохон ажлуудаа дурьдаж болно. Төрийн хуулийг хэрэгжүүлэх эрх нь манай яаманд байна. ЗГ-ын бодлого шийдвэрийг орон нутагт хүргэж хэрэгжүүлэх ажлыг нь бид хийж байгаа. Энэ салбарын хэрэгжүүлэх ажлыг хийж байгаа хүний хувьд, олон улсын стандартын дагуу, хөгжлийн чиг хандлагын дагуу салбараа хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэг. Манай салбарын хувийн хэвшлийнхний амжилт ч бас салбарын маань ололт амжилт байдаг. Тухайлбал, Гацуурт компаниар бид бахархаж болно. Хоёр хөршид байхгүй техник технологи, тоног төхөөрөмжийг хэрэглэж, өргөн далайцтай үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. МАА-н салбар ч бас ийм байдал руугаа шилжиж байна. Малчид өөрсдөө тооны хойноос биш чанарын хойноос хөөцөлдөх тухай ярьдаг болсон. Бид “мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна” гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна.

ХҮҮХНҮҮД ЭРЧҮҮДЭЭС ИЛҮҮ БАЙХ ЮМ БОЛ “ЭН ТЭНЦҮҮ” ЯВДАГ

-Та саяхан Сонгуулийн менежментийн төвөөс явуулсан “Сонгууль 2012 – Их сунгаа” олон нийтийн санал асуулгаар Баян-Өлгий аймгийн 2-р тойрогт 3468 саналаар тэргүүн байрт шалгарсан. Монгол Улсын хэмжээнд ч хамгийн өндөр чансаатай 100 улс төрчийн 32-т жагссан байгаа. Улс төрийн ирээдүйн зорилго тань юу вэ? Эмэгтэй улс төрчийнхөө хувьд юунд илүү анхаарч байна?
-Баярлалаа. Ард түмэн маань эмэгтэйчүүдийг их дэмжих хандлагатай болсон байгаа. Жендерийн мэдрэмж маш өндөр байна гэж хэлж болно. Орон нутагт ажлаар явж байхад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд байгаасай гэсэн санал сэдэл баруун аймгуудаар илүү хүчтэй явагдаж байна. Ялангуяа Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад яг хөрсөн дээр нь буугаад очиход хүмүүсийн хандлага их өөрчлөгджээ. Тэнд эмэгтэй улс төрчийг дэмжихэд бэлэн байна. Баян-Өлгий аймагт гэхэд эмэгтэйчүүдээ дэмжье гэсэн сэтгэлгээ их суусан байна. Пакистан гээд дундад Азийн орон эмэгтэй ерөнхий сайдтай боллоо. Энэ бас их нөлөөлсөн байна.  Тэгэхлээр энэ бол дэлхий нийтийн чиг хандлага. Тийм ч учраас эмэгтэйчүүд маань өөрт оногдсон ажлаа сайн хийх хэрэгтэй. Хүүхнүүд эрчүүдээс илүү байх юм бол тэнцүү явдаг, тэнцүү байх юм бол дутуу явдаг гэж үг бий. Яг л ийм байгаа. Эмэгтэй улс төрчийнхөө хувьд хэлэхэд, хүүхнүүд маань өндөр боловсролтой байгаасай. Миний араас олон эмэгтэй сайдууд, сайхан эмэгтэйчүүд гарч ирээсэй гэж боддог. Манай яам гэхэд хэлтсийн дарга эмэгтэйтэй, газрын дарга маань эмэгтэй, энэ салбар маань бас ингэж өөрчлөгдөж байгаа нь сайхан байдаг. Энэ дашрамд хэлэхэд, хөдөөгийн иргэд танай сониныг их сонирхож байна. Хэвлэл мэдээллийн тэнцвэрт байдлаа хадгалж, жендерийн асуудлыг зөв тусгаж өгч байгаасай гэж та бүхнээс хүсье.
- Баярлалаа. Ингэхэд Та 2012 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?
- Энэ талаар хэлэхэд эрт байна. Сонгууль эхлэхэд бараг жилийн хугацаа үлдээд байгаа. Эмэгтэй улс төрчид ирэх сонгуульд ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг нам, манай эмэгтэйчүүд л гаргана шүү дээ. Сонгогчдын 51 хувь нь эмэгтэйчүүд байхад парламент гуравхан  эмэгтэй гишүүнтэй байж болохгүй. 2012 онд арай ийм үр дүн гарахгүй байх аа гэж бодож байна. 

Ярилцсан: Ц.ОЮУНЧИМЭГ


2011-09-28
"Үндэсний мэдээ" сонин, www.shuum.mn вэб сайтад нийтлэгдсэн.