Wednesday, October 19, 2011

Э.Бадамгарав: “Квот гэдэг бол шийдвэр гаргах түвшинд хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх эхний алхам юм”

-Моод Монголоор дуусна гэгчээр манайд л хамгийн сүүлд яригдаж байгаа болохоос биш, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал бол дэлхий нийтийн түвшинд яригдаад, хэрэгжээд эхэлчихсэн зүйл-

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Дүүргийн ИТХ-ын Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны дарга Э.Бадамгаравтай ярилцлаа. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэр гаргах түвшинд ажиллаж, дүүргийн иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө тэмцэж, эрчүүдтэй ана мана мэтгэлцдэг “төлөөлөгч” эмэгтэйн ярианд анхаарлаа хандуулна уу.

-Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эмэгтэй төлөөлөгч хэр олон байдаг вэ?
-Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 6 нь эмэгтэй. Энэ бол 17,1 хувь. Чингэлтэй дүүрэгт 145 мянган хүн оршин суудаг. Талаас илүү нь эмэгтэй гээд бодоход иргэдийн хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөл дэндүү бага байгаа гэсэн үг. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 тэргүүлэгч бүгд эрэгтэй. ИТХ-ын дэргэд 5 хороо ажилладаг. Эдгээр хороодын дарга нарын ганц нь л эмэгтэй. Хэдийгээр ИТХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл байгаа мэт харагддаг ч, яг шийдвэр гаргах эрх мэдэл нь эрчүүдийн гарт байна. Тэгэхээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад эмэгтэйчүүдийг олноор нь сонгож байж, төлөөлөл нь тэнцвэртэй болно.
-Эрчүүд шийдвэр гаргах эрх мэдэл дээр түлхүү байр суурь эзэлснээр эмэгтэйчүүд, хүүхдийн ямар асуудал орхигдож байна вэ?
-Тухайлбал, залуу бүсгүйчүүдэд хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажлаа хийх боломж байхгүй байна. Яагаад гэвэл, цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас хүүхдээ асруулах хүнгүй залуу эхчүүд ажил хийж, орлогоо нэмэгдүүлж чадахгүй байгаа. Мөн эмэгтэйчүүд хүүхдээ асарч хоёр жил гэртээ байсны дараа ажлын байран дээрээ эргээд очихоор гологдох тохиолдол гардаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд, ажлын байран дээрхи давтан сургалтад хамрагдах боломжоор хангаж, хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд, хүүхдийн өмнө тулгамдсан энэ мэт олон асуудлыг, эмэгтэй хүн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байж л шийдвэрлүүлж чадна.
-Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн насны хүүхдийн хэдэн хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна вэ?
-28 цэцэрлэгийн 154 бүлэгт 5691 хүүхэд хамрагдаж байгаа нь Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн насны хүүхдийн 50 хүрэхгүй хувь юм. Нийт хүүхдүүдийн талаас илүү хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа энэ байдал шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бараг байхгүй байгаагийн хор уршиг, тод жишээ юм.
-Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотын ямар заалт орохыг олон нийт анхааралтай ажиглаж байна. Энэ талаар таны байр суурийг сонирхоё.
- “Моод Монголоор дуусна” гэгчээр манайд л хамгийн сүүлд яригдаж байгаа болохоос биш, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал бол дэлхий нийтийн түвшинд яригдаад, хэрэгжээд эхэлчихсэн зүйл. Квот гэдэг бол шийдвэр гаргах түвшинд хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх чиглэлээр хийж буй ажлын эхний алхам юм. Түүнээс биш бүгдийг нь эмэгтэй хүнээр солино гэсэн үг биш. Манай эрчүүд өөрсдийг нь эмэгтэйчүүдээр солих нь гэж айгаад байдаг учраас квотын тухай ярихад дургүй байдаг юм болов уу. Гэтэл тийм биш шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэнцвэртэй хувь хэмжээгээр оролцож, шийдвэр гаргадаг болох юм бол нийгэмд маань, үр хүүхдүүдэд маань, улс эх оронд маань л хэрэгтэй. Эрчүүд бол хатуу бодлогоор шийдвэр гаргадаг. Эмэгтэй хүн илүү нарийн мэдрэмжтэйгээр асуудалд ханддаг. Энэ хоёр хандлага хоёулаа ижил хэмжээнд зэрэгцэн оршиж, нэг нь нөгөөгийнхөө дутууг гүйцээж, дундыг нь дүүргэж байж л улс орны хөгжлийн  шийдвэр зөв гарч чадна гэж би боддог.
-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад ажилладаг хүний хувьд, танаас нэг зүйлийг тодруулъя. Иргэдийн нийтийн хурал гэж огт хуралддаггүй нэг хурал манайд байх шиг байна. Яг ямар үүрэгтэй, ямар эрх хэмжээтэй хурал юм бэ?
-Дүүргийн хувьд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуралдаж асуудлаа шийддэг. Хорооны хувьд бол, Иргэдийн нийтийн хурал нь асуудлаа шийднэ. Хорооны бүх өрхийн дөрөвний нэгийн төлөөллөөс бүрдэж хуралдсан тохиолдолд, Иргэдийн нийтийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болдог. Гэвч бодит байдал дээр, хорооны иргэд олноороо хуралдах багтаамжтай байр байхгүйгээс, хорооны 5000-12000 орчим иргэдийг төлөөлж 50-100 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан болоод л, тэндээсээ шийдвэр гаргаж байна.  Тэргүүлэгч нь 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байдаг нь хангалттай биш юм. Хамгийн багадаа 50 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчид сонгогдож байж, хорооны олон мянган иргэдийнхээ асуудлыг шийддэг, Иргэдийн нийтийн хурлаа төлөөлж чаддаг байна шүү дээ. Гэтэл манайд хуулийн зохицуулалт нь ч алга, бас байгаа хуулиа хэрэгжүүлж байгаа юм ч алга.
-Хорооны засаг даргад л хамаг эрх мэдэл нь байдаг юм биш үү?
-Иргэдийн нийтийн хурал нь Хорооны засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих, хороон дээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, ажлын төлөвлөгөө, түүний биелэлт гээд бүх асуудлыг хэлэлцдэг байх ёстой. Хорооны иргэдийн нийтийн хурлаас Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүд болон Хороо хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүд сонгогдох учиртай. Гэвч бодит байдал дээр энэ нь хэрэгжихгүй байна. Хорооны засаг дарга өөрийн үзэмжээр бүх асуудалд хандаж, тэр ч байтугай Дүүргийн Засаг даргын тамгын газраас төрийн албан хаагч ирж, Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулдаг жишиг тогтож эхлээд байна. Энэ бол Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд Төрийн захиргааны байгууллагын зүгээс халдаж, дотоод ажилд нь дур мэдэн оролцсон, иргэдээ үл тоомсорлосон үйлдэл юм.
-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг иргэдийн оролцоотой болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Тухайлбал, Хороон дээр Амьжиргаа дэмжих зөвлөл, Хороо хөгжүүлэх сангийн зөвлөл нь Иргэдийн нийтийн хурлаасаа байгуулагдах ёстой. Гэтэл ИН-ийн хурлаа хийхгүй байгаад байдаг. Амьжиргаа дэмжих зөвлөл нь халамжаас олгогдож байгаа төрөл бүрийн хөнгөлөлт, туслалцаа дэмжлэгийг иргэдэд олгох шийдвэрийг гаргадаг. Хороо хөгжүүлэх сан нь болохоор, хороон дээр хэрэгжиж байгаа төсөл, хорооны иргэдэд зориулсан арга хэмжээ, хорооны тохижилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр, мөн нэн ядуу иргэдэд тэтгэмж олгох, хэсгийн ахлагч нарыг урамшуулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэдэг. Энд заавал засаг дарга байх албагүй. Гэтэл манай дүүргийн Амьжиргаа дэмжих зөвлөл, Хороо хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга нарын дийлэнхи нь Хорооны засаг дарга нар, зөвлөлийн гишүүд нь нийгмийн ажилтнууд байдаг. Дийлэнхидээ л засаг даргын өөрөө мэдэж хийдэг ажил нь болчихоод байна. Халамжийн чиглэлээр иргэдэд шууд хамаатай маш олон шийдвэр гарч байдаг. Уг нь Иргэдийн нийтийн хурал нь хуралдаад, Амьжиргаа дэмжих зөвлөлөө байгуулахдаа, хорооны иргэдийн төлөөллийг энэ бүрэлдэхүүнд нь давамгай тоогоор оруулдаг байвал, тэндээс гарсан шийдвэрийн дагуу халамжаас ирсэн бүх л зүйл зөв голдрилоороо эзэндээ хүрч чадна. Ингэж ажилласан тохиолдолд, иргэдийн оролцоог хангасан шийдвэр гарч, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага зохих ёсоор ажиллаж чадах юм.
-Иргэдэд мэдээллийг нээлттэй болгохын тулд яавал дээр вэ?
-Хамгийн гол нь, энэ байгаа мэдээллийг нь иргэдэд байнга хүргэдэг байх хэрэгтэй. Жишээ нь төрийн албан хаагчид, төрийн нууц гэсэн нэрийн дор иргэдэд мэдээлэл өгдөггүй. Бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр хот, дүүргийн төсвийн төслийн тухай мэдээллийг ил тод гаргадаггүй. Эндээс л хамаг асуудал үүсдэг. Гадаад орны туршлагаас харж байхад, жилийн төсөв батлагдахаас өмнө, энэ жил ийм ажилд ийм хэмжээний хөрөнгө  оруулалт хийх гэж байна, саналаа өгнө үү гээд, дээр нь хөрөнгө оруулалтын зургийг нь тавиад мөнгийг нь бичсэн мэдээллээ ил тод гаргадаг. Тэгээд иргэдээсээ саналыг нь аваад хэлэлцчихдэг. Гэтэл манайх урьдчилж мэдээлнэ гэсэн юм байхгүй, тэр ч байтугай ИТХ-ын гишүүн надад мэдээлэл олдохгүй байна шүү дээ. Би ИТХ-ын тэргүүлэгчдийн гаргасан тогтоол, шийдвэрийг олж авах гэж бөөн юм болж байна. Мөн дүүргийн төрийн захиргааны байгууллагуудаас дүүрэгтэй холбоотой мэдээлэл авахад маш их хүндрэл учирдаг. ИТХ-ын төлөөлөгч надад л ийм хэцүү байгаа юм чинь, жирийн иргэд ямар “хатуу” хана мөргөдөг нь ойлгомжтой байгаа биз дээ.
-Одоо УИХ-аар улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж эхэллээ. Хот дүүргийн төсвийг ч араас нь хэлэлцэх байх. Ер нь та нар Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээрээ төсвөө яаж хэлэлцдэг юм бэ? Энэ мэдээлэл ил тод биш байдаг болохоор их сонин байна.
-Төлөөлөгч нарт төсвийн төсөл, тогтоолын төсөл нь төсөв хэлэлцэж батлах тэр өдөр л гар дээр нь ирдэг. Тэр дор нь хараад, шууд уншаад баталж байгаа юм чинь нарийн зүйлийг ерөөсөө олж харахгүй шүү дээ. Мэдээллийг нь би өөрийн хүсэл зоригоор л хөөцөлдөж олж авдаг болохоос, урьдчилж өгнө гэж байхгүй. Мэдээлэл хүргэх зардал нь ч байдаггүй юм шиг байна лээ. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв батлахтай холбоотой бусад баримт бичгүүдийг урьдчилан төлөөлөгч нарт хүргэж, олон удаа хэлэлцсэний үндсэн дээр баталж байх юм бол олон зүйл өөрчлөгдөнө. Хот дүүргийн төсвийг хэлэлцэх явцад иргэдийг оролцуулж, тэдний оролцоог хангасан шийдвэр гаргадаг байх нь тухайн хороо, дүүргийн асуудлыг шийдсэн шиг шийдэж, иргэд нь эргээд хяналт тавих боломжийг олгоно шүү дээ. Одоо бол, иргэд нь мэдээлэлгүй байгаа учраас, хот болон дүүрэгт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, нийгэм, эдийн засгийн зорилт болон төсөл хөтөлбөрийг огт мэдэхгүй байна. Хаана, хэдэн төгрөг зарцуулаад юу хийж байгаа гэдэг дээр иргэд хяналт тавих боломжгүй байгаа. Иргэд энэ мэдээллийг нь авч, шийдвэр гаргах үйл явцад саналаа нэмэрлээд эхлэх юм бол өөрсдөө хот, дүүрэг, хороогоо хөгжүүлэх ажилд гар бие оролцох боломжтой болно.
-Төсвийн гүйцэтгэл, төсөл хөтөлбөрийн биелэлт, хөрөнгө оруулалт, тохижилтын ажлын зарцуулалтын тайлан гээд том том цаас үйлдвэрлэгддэг. Гүйцэтгэлийг нь ер нь яаж гаргадаг юм бол?
-Тухайлбал, Хүний хөгжлийн индексийг дээшлүүлнэ гээд л баахан төлөвлөлт хийдэг. Түүн дээр нь төсөвлөгдсөн мөнгө гэж байдагггүй. Тайлан нь 100 хувь гээд л гардаг. Дүүргүүдийн үйл  ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийн төлөвлөгөө, хэрэгжилтийг  зоосон цааснууд дээр ихэвчлэн 100 хувь, 80 хувийн биелэлттэй гэсэн тоонууд харагддаг. Цаасан дээр л тоо бичигдээд байгаа болохоос, яг хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй. Дүүрэг, хотоос очсон тоон дээр сайд өөрийн салбарын тоог нэмдэг, ийм л тоо байгаа байхгүй юу. Бас энд тэндхийн мэдээллийг хуулна. Сайн ажиглахаар дүүргүүдийн эдийн засгийн зорилтууд гээд жил бүрийн зорилтууд нь ижилхэн, заалт нь хүртэл нэгэн хэвийн. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, нийгмийн даатгал гээд тоо аваад л байдаг. Ийм ажлыг ингэж хийгээд ийм үр дүнд хүрлээ гэж бичиж болно шүү дээ. Манай энэ дүүргийнхэн л ийм байдаг юм болов уу гэсэн чинь хот, тэр ч байтугай УИХ-ын зарим Байнгын хорооны жил болгоны дүгнэлт нь хүртэл тоо нь өөрчлөгдсөн, өгүүлбэр нь ижил байдаг юм байна лээ.
-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын түвшинд ч бас байдал сайнгүй байгаа нь таны ярианаас харагдаж байна. “Эмэгтэйчүүд чадна” гэдэг уриа хэвлэл мэдээллээр их явж байгаа. Үнэхээр эмэгтэйчүүд олноороо иргэдийн төлөөлөл болон сонгогдсоноор байдал өөрчлөгдөх үү?
-Намуудын эмэгтэйчүүд нэгдэж, намынхаа үзэл бодлоор биш, яг эмэгтэй хүн гэдгээрээ “шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” чиглэлээр хамтран ажиллаж чадвал дээрхи байдал өөрчлөгдөнө. Эмэгтэйчүүд хамтран ажиллаж байж, улс орныхоо төдийгүй иргэдийнхээ амьдралд чанарын өөрчлөлт хийж чадна гэж би бодож байна.
-Танд амжилт хүсье.


Ярилцсан: Ц.ОЮУНЧИМЭГ
2011.10.11

"Өнөөдөр", "Үндэсний мэдээ" сонинууд болон www.shuum.mn вэб сайтад нийтлэгдсэн.

No comments:

Post a Comment