Friday, May 22, 2020

БИ ЯАГААД МАНДАХБАЯРТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ?


Та яагаад Мандахбаяртай ажилладаг юм бэ? Энэ асуултыг надаас хэд хэдэн хүн асуусан учир би хариулт өгөхөөр үүнийг бичиж сууна. Анх “Зиндаа” сэтгүүлийн №01 дугаарыг эрхлэн гаргахаар бэлтгэх тэр мөчөөс л бид хамт ажиллаж эхэлсэн. 2016 онд тэр “Зиндаа” сониноо оюунлаг, үнэ цэнэтэй хэвлэл болгон хөгжүүлж “Зиндаа” сэтгүүлийг эрхлэн гаргахад хамтарч ажиллаач гэж намайг ажилд урьсан юм. Тэр үед надад цалингаас өөр юу ч амлаагүйг хэлэх хэрэгтэй. Түүний том мөрөөдөл, хөгжил дэвшлийн төлөөх хүсэл тэмүүлэл нь намайг энд ажиллах сонголт хийхэд минь нөлөөлсөн билээ. Би тэрхүү том мөрөөдлийн нэг хэсэг нь байхыг хүссэн учраас “Зиндаа” сэтгүүлийн анхны дугаараас эхлэн өнөөг хүртэл сэтгүүлийнхээ зөвлөх редактор, ерөнхий редактор, ерөнхий эрхлэгчээр дэвшин ажиллаж ирлээ.
“Зиндаа” сэтгүүл өдгөө 16 дугаар эрхлэн гаргаж уншигчдын хүртээл болгоод байна. Соён гэгээрүүлэх нийтлэлийн бодлоготой 240-280 нүүр сэтгүүлийг эрхлэн гаргаж, хэвлэлт бүрийг нь редакторлан, бүхнийг толгойгоороо хариуцна гэдэг тийм ч амар ажил биш шүү. Энэ ажлыг хийхийн тулд ажиллах боломжтой бүхий л цагаа зөвхөн үүнд зориулж, сэтгэлээ, хөдөлмөр зүтгэлээ 100 хувь өгч ажиллахаас өөр арга байхгүй юм. Миний яаж ажилладаг байсныг хамт олон маань болон манай хуучин оффис байрлаж байсан MNBC кабелийн телевизийн зарим ажилтан, албан тушаалтнууд ч сайн мэднэ. Надад амралтын өдөр гэж байгаагүй. Амрахгүйгээр ажиллаж байж л сэтгүүлээ гаргаж амждаг байлаа.
“Зиндаа” сэтгүүл хэмээх асар том машины эрэг шураг бүрийг зөв хөдөлгөх нүсэр ажлыг шантралгүй хийхэд минь надад маш том урам зориг өгч, дэмжиж ирсэн хүн бол Х.Мандахбаяр захирал юм. Цагаа олсон шагнал урамшуулал, ажлыг минь ойлгож үнэлсэн үнэлгээ, бичсэн нийтлэлийг минь дүгнэж хэлсэн үг, ажлыг минь хөнгөвчлөхийн тулд хамтарч хийсэн ярилцлага гээд зөвхөн сэтгүүлч хүн л гаргаж чадах тийм нарийн мэдрэмжтэй тус дэмийг би энэ хүнээс авч ирсэн билээ.
Х.Мандахбаяр захирал өөрөө сэтгүүлч хүн учир сэтгүүлчдийнхээ ажлын хүнд бэрхийг ойлгож, тэр хэмжээгээрээ хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж чаддагийг нь би дөрвөн жил хамт ажиллахдаа нүдээрээ харж, сэтгүүлч нөхдийнхөө өмнөөс баярлаж бахархаж ирлээ. Манай байгууллага жил бүр Хөдөлмөрийн аваргаа шалгаруулж, түүндээ байр өгдөг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Хөдөлмөрийн аваргуудаа шагнаж 2016 онд байгууллагын ня-бо Заяад 2 өрөө байр, 2017 онд “Зиндаа” сэтгүүлийн “Гол тоглогч” булангийн нийтлэлч Д.Дамдинжавт 3 өрөө байр, 2018 онд Дэд захирал Х.Доржпаламд 3 өрөө байр, 2019 онд Өглөөний сонины эрхлэгч Э.Энхболд, Сайтын нэгдсэн редакцын эрхлэгч Н.Гантуяа нарт тус бүр 3 өрөө байр өгч, “Үнэ цэнийн шагнал” 4 өрөө байраар Гүйцэтгэх захирал С.Мөнхзулыг шагнаж, тэд маань шагналын байрандаа амьдарцгааж байна. Үүнээс илүү сайхан зүйл гэж байх уу. Түүнчлэн санаанд оромгүй нэгэн шагналын эзнээр намайг тодруулж “Үнэ цэнийн шагнал” буюу “Зуслангийн байшин” бариулах анхны хүн болсон минь үнэхээр гэнэтийн бэлэг байсан юм.
Энд ажилд орсон цагаасаа л сэтгүүлчийн хөдөлмөрийг ойлгодог, мэддэг, үнэлдэг захиралтай байхын буяныг жил бүр л хүртэж ирсэн хүн бол би. Хэдийчинээ хичээнгүй хөдөлмөрлөнө тэр хэмжээгээрээ хөдөлмөрөө үнэлүүлж, төр засгийн шагналаар ч шагнуулж, “Ган үзэг” оны тэргүүн наадмын “Сэтгүүлийн шилдэг редактор” шагналын эзэн болсон гээд магнай тэнийн баярласан гайхалтай мөчүүдийг захирал Х.Мандахбаяр болон хамт олонтойгоо хуваалцаж ирсэн билээ.
Мандахбаяр захирал бол том мөрөөдөж, хэний ч санаанд оромгүй асар том зорилгыг өмнөө тавиад, түүнийгээ биелүүлэхийн төлөө уйгагүй тэмцэж чаддаг хүн. Тэр МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ аль ч үеийн ерөнхийлөгчийн тавиагүй том зорилтыг тавьж, түүнийгээ биелүүлэхийн төлөө боломжтой бүхнийг хийсэн. Цаашид ч энэ бүхнээ гүйцээж хийх зорилго өмнөө тавиад улс төрд орсон гэж би ойлгож байгаа. Тэр сэтгүүл зүйн салбараа, сэтгүүлчдээ мартах хүн биш. Зорьсондоо заавал хүрч чадна гэдэгт нь би итгэж байна.
“Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Ц.Оюунчимэг
2020.05.19