Tuesday, October 4, 2011

Утаагүй зуух угаартуулах уу?


“НИЙГМИЙН” ХАРИУЦЛАГА
Утаагүй зууханд хүн угаартлаа гэсэн мэдээлэл түглээ. М-Си-Эс хэмээх монголын толгой компани энэ ажилд оролцож байгаад санаа амар явсан олон хүн итгэл алдрав. Хамгийн түрүүнд компанийн нийгмийн хариуцлагын тухай бодол санааг минь зовоож эхэллээ. Ер нь компанийн нийгмийн хариуцлага гэж юу юм бэ? Хэдхэн оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, сургуулиудад компьютер хандивлаж, өвчтэй ядуу хүмүүст тусламж үзүүлсэн л бол энэ нь тухайн компани нийгмийн хариуцлагатай байна гэсэн үг үү. Харамсалтай нь, компанийн нийгмийн хариуцлага гэдгийг өнөөдөр яг ийм байдлаар ойлгож, зөвхөн ийм үзүүлэлтээр дүгнэж байна.
Компанийн зүгээс зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ нь хэр нийгмийн хариуцлагатай байгаа талаар хэн ч ярихгүй, бас бичихгүй байгаа нь “гайхалтай” биш гэж үү. Тухайлбал, тухайн компани нь хүн ам ихээр төвлөрсөн нийслэл хотын цэвэр уснаас “хороож” бизнесээ эрхэлдэг бол, нийгмийн хариуцлагатай гэж хэлэхэд хэцүү. Хэзээ нэгэн өдөр, нийслэлийн ундны цэвэр усны нөөц барагдахын цагт, тэр компанид мөн бидэнд ч  хамгийн том асуудал тулгарах нь гарцаагүй. Харин хүн ам олноор төвлөрөөгүй газарт үйлдвэрээ шилжүүлбэл, энэ нь нийгмийн хариуцлагатай шийдэл болж, бусад компаниудад сайн үлгэр дуурайл болох билээ. Өнөөдөр яг энэ үзүүлэлтээр дүгнэвэл, архи, пиво, ундаа, жүүс, усны үйлдвэрээ нийслэлд байршуулсан компани бүрийг нийгмийн хариуцлагагүйд тооцож болно. 
Тэгвэл улсын томоохон тендерүүдийг яаж ийж байгаад л авчихдаг М-Си-Эс, түүний охин компаниуд хэрэглэгчдэд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгодог юм бол? М-Си-Эс-ийн оролцоотой хэрэгжиж буй утаагүй зуухны төсөлд хамрагдсан айл юуны учир гэр бүлээрээ угаартах болов. Хэвлэлийн мэдээг шүүж үзвэл, тус группын Маркетингийн албаны захирал Б.Солонго “Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөлд оролцож байгаа “Сэлэнгэ констракшн” компанийн зүгээс манайд санал тавьсны дагуу нийгмийн хариуцлагатай энэ том санаачилгыг бодитой ажил болгоход хамтран ажиллахаар болсон. Зуухны нөөц бүрдүүлэх, хөрөнгө оруулалт хийхээс эхлээд айл өрхөд хүргэх, угсрах хүртэлх бүх шатны ажлыг М-Си-Эс групп удирдан зохион байгуулахаар болж “Цэвэр агаар” төслийн хамтран хэрэгжүүлэгчээр ажиллаж байна” хэмээн ярьжээ. Хэвлэлд ийнхүү бичсэнээс үзвэл, тэд “нийгмийн хариуцлага” гэж юу болохыг мэддэг байж ч магадгүй юм.

УТААГҮЙ ЗУУХ УГААРТУУЛАХ УУ?
“Цэвэр агаар” төслийн багийг сурагласаар “Спирт, бал бурам” компанийн хашаан доторх хоёр давхар цагаан байшинд очив. “Гэр бүлээрээ угаартаж эмнэлэгт хүргэгдсэн хэрэглэгчийн гэрт нь очсон уу” гэж Сэлэнгэ констракшн ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Л.Ганболдоос асуулаа. Турк инженерүүдтэйгээ хамт очиж үзсэн гэнэ. “Зуух хүргэх үед гэр бүлийн гишүүд байгаагүй, байшинд нь засвар хийж байсан хоёр залуу зуухыг хүлээж авсан гэж манай ажилтнууд хэлсэн. Зуух хүлээж авсан залуус манай суурилуулагчдаар аргачлалыг нь заалгаад үлдсэн ч, зуухыг угсрах үедээ холболтын янданг зориулалтын бусаар хэрэглэснээс хийн хуримтлал үүссэн байж. Түүнчлэн гэр бүлийн гишүүд “уламжлал ёсоор” асаж дуусаагүй цогшсон гал дээрээ нүүрс нэмсэнээс үүдэн ийм харамсалтай явдал болсон” гэж тайлбарлалаа.   
Өөр ямар тохиолдолд угаартаж болох вэ гэж асуухад, “Зуухыг суурилуулахаар очиход айлууд яндангаа хөөлөөгүй, ханан пийшингээ бэлтгээгүй байдаг нь ийм тохиолдол гарч болох нөхцлийг бүрдүүлж байна” гэлээ. Бодит байдал дээр, гэр хорооллын ханан пийшинд зуухыг шууд угсрах боломжгүй байдаг бөгөөд, пийшингийн ханан хэсгийг нь буулгаж, утаа гадагшлах хэсэг буюу зөвхөн яндан болон түүний суурийг үлдээх хэрэгтэй гэнэ. Дараа нь яндангийн суурь хэсгийг нь битүүлж, зуух тавих газраа халуунд тэсвэртэй плита, эсвэл чулуун хавтангаар бүрсэн тэгш гадаргууг бэлтгэнэ. Үүний дараа яндангаа сайтар хөөлж цэвэрлээд, шинэ зуухны яндан нэлээд өндөрт угсрагдах бэлтгэл нөхцлийг бий болгох хэрэгтэй. Зуух суурилуулах ажлыг төслийн суурилуулагчдаар гүйцэтгүүлэх ба зуухны зориулалтынхаас бусад яндан хоолой, стандартын бус материалыг хэрэглэж болохгүй ажээ. Зуухаа хэрэглэх явцад галлагаа бүрийн дараа цэвэрлэж, элдэв нунтаг хог хаягдал оруулснаас болж агаар дамжуулах нүх сүвүүд битүүрэхээс сэргийлэх хэрэгтэй юм байна.
Сэлэнгэ констракшн ХХК-ийн ажлын туршлагыг сонирхвол, дулааны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 1995 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Тэд энэ төслийг хэрэгжүүлснээр маш өргөн цар хүрээтэй ажиллаж, хүмүүсийн хэвшмэл сэтгэлгээнд өөрчлөлт хийх амаргүй ажлыг гүйцэтгэж байгаа учир иргэдэд хэвлэл мэдээллийн сурталчилгааг хүргэхэд анхаарч ажиллана гэж байлаа. “Цэвэр агаар” төслийн зөвхөн суурилуулалтын ажилд одоогоор 120 хүн ажиллаж байгаа бөгөөд үүний зэрэгцээ өөрийн компанийн 11, түрээсийн 29, нийт 40 жолооч портертойгоо хүргэлтийн үйлчилгээнд явж байгаа гэнэ. Портерын жолоочийн хувьд өдрийн ажлын хөлс нь 30 мянган төгрөг бөгөөд ажлын 24 хоногт нийт 720 мянган төгрөг гар дээр нь өгч, татвар хураамж болон бензинийг нь төслөөс бүрэн хариуцдаг юм байна. Тус төсөл нь амьдарч буй хорооныхоо зам харгуй, нутаг дэвсгэрийг сайн мэддэг хүмүүсийг цаашид ч гэрээгээр ажилд авах ажээ. Бүрэн шаталттай зуухыг хэрэглээнд нэвтрүүлэх бүс нь Хан-Уул дүүргийн 9,10, Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 23, 26, 27, 28, 30, 31, Чингэлтэй дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 18, Сүхбаатар дүүргийн 13, 14, 15, 16, 17, 18, Баянзүрх дүүргийн 4, 5, 19, 21, 22, 27 дугаар хороод юм.

 “УТААТАЙ” ЗУУХ

“Утаагүй улаан галаа түлж, уургийн улаан цайгаа чанаж...” хэмээн үлгэр домогт бичдэгчлэн сайхан амьдрахыг гэр хорооллын иргэд олон жил хүлээсэн. Өвлийн жавар тачигнасан өдөр нүүрсний утаанд утагдан байж гэрээ дулаацуулна. Пийшин дэх нүүрс бүрэн шатдаггүй, уугисан дутуу шаталт явагддаг учраас нүүрсний “хачин” үнэрээр нь гэр хороололд амьдардаг хүнийг амархан таньж болдог. Яг л олон жил тамхи татсан хүнээс тамхины бохины үнэр салдаггүй шиг, байнга нүүрс түлдэг айлын өнцөг булан бүрт дутуу шатсан нүүрсний үнэр нэвт шувт шингэсэн байдаг билээ.
Гэртээ “орон тооны” галчтай л биш бол хөлдөж үхэхээс наахнуур зутруухан амьдарсаар хаврын наран ээх өдрүүдтэй золгодог гэр хорооллын амьдрал хэцүү. Ус, түлээ, нүүрс гээд бүгдийг зах зээлийн үнээр нь худалдаж авна. Нүүрсээ нөөцөлж чадаагүй бол жижиглэнгээр авна. Энэ бүх ачааг өдөр нь гэртээ байдгаараа хүүхдүүд үүрнэ. Хүүхдийн хацар хөлдөх, оочерлосоор усаа авч чадахгүй байх нь өвлийн улиралд, өдөр тутам тохиолддог энгийн зүйл. Үүн дээрээ нэмээд дүлий дүмбэ оргисон пийшингээ галлаж, нүүрсээ асааж чадахгүй бол даарч зутран, гэрт гадаагүй нүүрсний утаагаар амьсгална.
Тvлш их зарцуулдаг пийшингийн шүүр ширэм нь стандартын бус, тvлшний шаталтыг дэмжих агаарын урсгалгvй, түлш шатах хугацаа нь богино учир байсхийгээд л “халтайтлаа” нүүрстэй зууралдах болдог. Дутуу шатсан түлшний хөө тортог яндангаар нь шууд хаягддаг учраас нийслэлийн гэрүүд бараг л хар өнгөтэй. Яндангийн диаметр нь 108 мм-ээс бага, хvхээнд хуримтлагдсан хөө тортогийг цэвэрлэх боломжгvй, галын аюулгvй ажиллагаа хангагдаагvй ийм л орчинд хүүхдүүд гэрээ дулаацуулж, амьдралын төлөө тэмцдэг билээ. Орой ажил тарсны дараа эцэг эхчүүд нь ирж шөнийн бор хоногтоо нэг юм бүлээцдэг ч, маргааш нь дахиад л бүх зүйл эхнээсээ давтагдана. Энэ бүхэн хэзээ дуусгавар болж, гэр хорооллынхон тав тухтай орчинд хүн шиг амьдрах вэ?
Утаагүй зуух хийж байгаа компанийн инженерүүд, утаагүй зуух нийлүүлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүд, тендер зарлаж байгаа төрийн яам, агентлагууд, бодлого шийдвэр гаргаж буй УИХ, Засгийн газрын гишүүд энэ бүхнийг анхааралдаа авч, хүнээ гэсэн сэтгэлээр “нийгмийн хариуцлагатай” хандах цаг нь болжээ.

ГАЛ ГОЛОМТ
“Хамтран хэрэгжүүлэгч MCS” гэсэн бичигтэй хантааз өмссөн залуусаас, “Өлзий”, “Хас” зууханд гал түлэх аргыг асуухад, тэд уйгагүй тайлбарлаж өгөв. Зуухны дээд талд байх ширэмийг авч, шигшиж бэлтгэсэн нүүрсээ керамик савны гуравны хоёрт нь хүртэл хийж, дээр нь цуулсан зомгол, цаас нэмэн асааж ширэмээ буцааж тавина. Үүний дараа ширмэн дээр байрлах дусал хэлбэртэй агаарын хавхлагыг нээнэ. Мөн зуухны арын доод хэсэгт байх агаарын хавхлагыг бүрэн нээснээр модны шаталт ихсэж, нүүрсэндээ шилжинэ. Энэ үед дээд талын дусал хэлбэрт хавхлагыг бүрэн хаана. Харин доод талын агаар оруулах хавхлагыг аажим аажмаар багасгаж, гэр бүрэн халсан үед хааж болно. Энэ нь ханан пийшингээ халах үед янданг нь хааж, дулаанаа барьдагтай ижил зарчим аж.
Гол анхаарах зүйл гэвэл, нунтаг нүүрс, элдэв хог хаягдал зууханд хийж огт болохгүй. Түлш шатаж дуусаагүй байхад дээрээс нь нүүрс нэмж болохгүй. Цогшоод асаж байх үед нь нүүрс нэмэх юм бол угаартах аюултай. Учир нь зуухан дахь шаталт дээрээсээ доош шатах технологиор явагддаг. Шатаж дууссаных нь дараа үнсийг зориулалтын гар удирдлагын тусламжтайгаар, зууханд байрлуулсан үнсний гаргууланд доош унагаж, зуухыг бүрэн цэвэрлэсний дараа дахин галлана. Үртсэн зуухны үртсийг шатаж дууссаных нь дараа бүрэн цэвэрлэж, дахин түлшээр цэнэглэдэг зарчим энэ зуухны хувьд ижил юм байна. Хэрэглэхэд тийм ч хэцүү биш санагдлаа.
Харин тогоо тавьж, хоол хийхэд хүндрэлтэй гэсэн гомдол байдаг нь үнэний хувьтай харагдав. Энэ талаар төсөл хэрэгжүүлэгчдээс тодруулахад, хоол хийхийн өмнө зуухны доод арын агааржуулагчийг нээж өгөх хэрэгтэй. Шаталт эрчимжин, зуухны ширэм улайсч цельсийн 700 хэм хүртэл хална. Хоол цайгаа хийсний дараа агааржуулагчийг багасгах, эсвэл хааж болно гэлээ. Хавтгай ёроолтой сав суулга хэрэглээд хоол ундаа хийхэд болохгүй юм алга. Тэгээд ч зуух бүх гадаргуудаа жигд халдаг учир ер нь бол “пийшин” юм байна. “Өлзий”, “Хас” зуухны үйлдвэрлэгч болох Туркийн Silver компани 1958 оноос эхлэн 53 жилийн туршид халаалтын зуух үйлдвэрлэж байгаа гэсэн мэдээллийг интернэтээс оллоо. Компанийнх нь тухай зуухны мэргэжилтэн Харун Жанаэйрээс тодрууллаа. Компани нь жилдээ 100 мянган ширхэг зуух, 60 мянган ширхэг ахуйн хэрэглээний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэнэ. Тус компанийн үйлдвэрлэсэн зуухыг Европын зарим орнууд болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хэд хэдэн улсын хэрэглэгчид худалдан авдаг бөгөөд Туркдээ л гэхэд -45 хэм хүртэл хүйтэрдэг уулархаг бүсийн иргэд нь өргөн хэрэглэдэг байна. Нэг айлд 20-25 жил ашиглагддаг уг зуухны технологийн бүрэн шийдлийг турк инженерүүд 1980-аад оны үед хийжээ. Зуухны үзүүлэлтүүдээс сонирхвол, хийцийн 70 орчим хувь нь ширэмнээс бүтсэн, “Өлзий” зуух 60 кг жинтэй, 360х555х680мм хэмжээтэй, “Хас” зуух 87,5 кг жинтэй, 450х570х775мм хэмжээтэй, зориулалтын керамик тоосгон доторлогоотой, дулаан хадгалах, дамжуулах чадвар сайн” хэмээн танилцуулгад бичжээ. Хэрэглэгчид сэтгэл хангалуун байгаа гэж төсөл хэрэгжүүлэгчид ярьж байна. Нүүрс, мод, сайжруулсан түлш, брикет гэх мэт хатуу түлш, бас аргал ч түлж болдог, бүрэн шаталттай, яндангийн диаметр нь 130мм, нэг удаад 12-18 кг түлш түлдэг, тохируулж чадвал 8-10 цаг асч, дулаанаа барьдаг, түлшний зардлыг 50 хувь хэмнэж чадах энэ зуух гэр хорооллынхны мөрөөдөл биш гэж үү? Зориулалтын паалан гадаргуутай, өнгө үзэмжтэй утаагүй зуух айл гэрийг үнэхээр дулаацуулж чадах юм бол “гал голомт”-оор нь хүлээн зөвшөөрөгдөнө.

ЗУУХ БА “МӨНГӨ”
“Цэвэр агаар” төслөөс гэр хорооллын иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдах утаагүй зуухыг “Нарантуул-2” зах дээр танилцуулахад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн. Тэрээр “АНУ-ын Мянганы сорилтын корпорациас манай улсад 285 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа. Үүнээс 47,2 сая ам.долларыг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэхэд зориулна. Утааг 80 хувиар бууруулах шинэ зуухыг нэвтрүүлэх ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Энэ жилдээ 70 мянган өрхийг хамруулна. Илүү хэмнэлттэй зуухыг ашигласнаар айл өрх зардлаа 30 хувь хөнгөлөх юм. Засгийн газар зуухны үнийн 45-77 хувийг нь хөнгөлж, ард иргэддээ энэ зуухыг өгөх болно” гэснийг хэвлэлд мэдээлсэн билээ. 2011 оны 8 дугаар сарын 18-наас эхлэн Монгол Улсын Засгийн газраас зуух худалдан авч буй иргэддээ урамшуулал олгож эхэлснээр 4-5 ханатай гэр, 60 хүртэлх метр кв талбай халаахад  зориулагдсан “Өлзий” зуухны үнэ 24300 төгрөг, 100 хүртэл метр кв талбай бүхий галлагаатай байшин, сууцанд зориулагдсан “Хас” зуухны үнэ 50800 төгрөг болж үндсэн үнээсээ 85 хувиар  хямдарсан байна. Эдгээр зуухны яндангийн үнэ тусдаа. Тахир яндан нь 6000, шулуун нь 5000 төгрөг. Хэдэн яндан хэрэгцээтэй болохыг хэрэглэгчийн зөвлөхөд хандан тодорхойлж болох аж. Хорооны иргэд төсөлд хамрагдахын тулд “Гэр” цэгт очиж захиалгаа өгнө. Тэндээс нэхэмжлэх авч, зуух болон яндангийн үнийг шилжүүлсний дараа мөнгөний баримтаа аваад гэртээ хадгална. Захиалга өгч, мөнгө шилжсэнээс хойш 2-7 өдрийн дараа төслийнхөн зуухыг аваачиж суурилуулах үед мөнгөний баримтаа тэдэнд өгөөд, зуухаа хүлээн авч, ашиглах заавартай нь танилцаад гарын үсэг зурдаг ажээ. 
Ийнхүү гэр хороололд “Цэвэр агаар” төсөл хэрэгжиж байна. Хэсгийн ахлагч нарын гэрт бүрэн шаталттай зуухыг эхний ээлжинд суурилуулна гэж төслийнхэн ярьж байгаа. Хэсгийн ахлагч сар бүр 50 мянган төгрөгийн урамшуулал авч, “утааны байцаагч”-аар ажиллана. Айлуудын яндангаас гарч буй утааг бүртгэж, хэнийх гэдэг айл цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдлэхийг шийдэх бас нэгэн ажлыг 484 хэсгийн ахлагчаар хийлгэж магадгүй. Учир нь утаагүй зуух болон дулаалга хэрэглэж байгаа айл өрхүүдэд цахилгааны төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх талаар ч яригдаж эхэлсэн.
Мөнгө урссаар л байна. Утаа багасах болов уу?

Ц.ОЮУНЧИМЭГ
2011 оны 9 сарын 29-нөөс 10 сарын 2, Улаанбаатар хот



"Үндэсний мэдээ" сонин, www.shuum.mn вэб сайтад нийтлэгдсэн.

No comments:

Post a Comment