Tuesday, December 13, 2016

ОКТЯБРИЙН БАЯР БА 2016 ОН



News Zindaa |  | 
 11-р сарын 07 -нд, 
Октябрийн баярын төгсгөлийг тэмдэглэж байсан 1986 оны 11 дүгээр сарын 7-ны цасан шуургатай өдөр түүх болон үлдэж, туг лоозон барин жагсаж явсан залуус 40 насны босгыг аль хэдийнэ давжээ. Аугаа их октябрийн хувьсгал мандтугай, ура! хэмээн чанга яригчаар хэлэх лоозон дор ура, ура гэж хашгиран жагсаж явсан залуус 90-ээд оны ардчилсан хувьсгалыг манлайлан оролцож, 2016 оны өндөрлөгөөс тэднийг харахад  улс орноо авч явах түүхэн үүрэг хүлээсэн хүмүүс болон төлөвшсөн харагдана. Тэр өдрөөс хойш бидний амьдралд гарсан олон өөрчлөлт өнөөдөр ердийн зүйл болон хувирч, ардчилал гэдэг ер нь дэмий зүйл байсан мэт ойлголт газар аван, ялгааг нь огт мэдэхгүй залуусын үзэл баримтлал болон төлөвшиж байна.
Монголчууд ер нь яагаад ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг хийх болсон юм бэ гэдэг асуултад, яагаад бид өнөөдөр октябрийн баярыг тэмдэглэхгүй байгаа вэ гэдгээр хариулт өгье. Октябрийн баярыг тэмдэглэдэг байхад Монголын тухай шийдвэр Москвад л гардаг байлаа. Москвад ханиахад Монголд найтаана гэсэн хэлц үг ч их яригддаг байв.
80-аад онд гадаадад суралцаж байсан залуус Монголд суралцдаг залуусын эдэлж үзээгүй эрхийг ямар нэгэн хэмжээгээр эдэлж, унших боломжгүй мэдээллийг нь олж уншиж чаддаг байсан юм. Тэр үеийн залуус монгол бичгээ огт мэдэхгүйн дээр Чингис хаанаа ч дурсах эрхгүй, их хаадынхаа тухай мэдээлэлгүй, Монголын түүх ердөө 1921 оноос эхэлсэн мэт, тэртээ дээр үед Хүннү, Сүннү гэдэг улстай байсан, харин Чингис хаан бол булаан эзлэгч харгис этгээд байсан тухай товч мэдээлэл бүхий түүхийг түүхийн сурах бичгээс олж уншдаг байлаа. Бас дээр нь 1937 оны тухай сэмхэн яригддаг шивэр авир яриа. Харин хамгийн сайн мэддэг түүх нь Орос улсад 1917 онд ялсан октябрийн аугаа их хувьсгал, “манай багшийн багш манлай Ленин багш” байсан гэвэл өнөөгийн залуус гайхна байх. Энэ бүхний дунд өсөж торнисон залуус Зөвлөлт холбоот улсаас өөр сайхан амьдралтай улсууд байдаг, Япон, Америк, Англи, Герман зэрэг хөрөнгөтөн орнуудад бидэнтэй л адилхан мах цуснаас бүрэлдсэн хүмүүс биднээс илүү сайхан амьдарч байгааг зах зухаас нь мэдэж ирсэн хэрэг л дээ.   
Сургууль төгсөөд ажлын байран дээр гарсан залууст хуучинсаг арга барилтай дарга нарын хамт олноо удирдан зохион байгуулж буй менежмент нь огт тохирохгүй болсон байв. Үгээ хэлэх гэхээр хязгаарлуулдаг, ажил хэргийн шинэ хандлага гаргахаар шүүмжлүүлэн хурлаар орж шийтгүүлдэг, намын их хурлын тогтоол шийдвэр, хуралдааны тэмдэглэлийг уншиж дэвтэртээ хуулж бичин шалгалт өгдөг, хувь хувьсгалын бүхий л асуудалд хамт олон оролцож, гэр бүлийн асуудал хурал дээр ил тод шүүмжлэлийн бай болон хэлэлцэгддэг, сарын цалингаасаа хүүхэдгүйн татвар төлдөг, байгууллага бүрийн үйл ажиллагаанд зөвлөлтийн мэргэжилтэн хяналт тавьдаг  нь залууст таалагдсангүй. Энэ бол ердөө эхлэл байсан юм.
Ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийг дан ганц залуус хийчихсэн гэвэл бас өрөөсгөл болно. Учир нь ардчилсан хувьсгал гарах нийгмийн сэтгэлгээний үндэс суурь нь Монголд аль хэдийнэ бүрэлдчихсэн, ард иргэд нь Зөвлөлт холбоот улсын хараат байдлаас гарах ёстойг ухаарчихсан, сэхээтнүүд нь нэг л биш байгааг мэддэг, нууцаар санал бодлоо солилцдог, төр засгийн удирдлагын түвшинд ч энэ тухай ярилцдаг хүмүүс бий болчихсон үе байв. Өөрөөр хэлбэл монголын ард түмэн тэр чигээрээ зөвлөлтийн хараат байдлаас гарч жинхэнэ утгаараа тусгаар тогтносон улс болохыг хүсэж байсан нь ардчилсан хувьсгал тайван замаар явагдаж, цоо шинэ нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоонд шилжин ороход нөлөөлсөн гол хүчин зүйл нь байсан юм.
Аливаа хувьсгал өөрийн гэсэн удирдагчидтай, бас дуутай байдаг жамаар С.Зориг агсан, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын олон залуус манлайлагчаар, харин ардчиллын дуучаар С.Цогтсайхан агсан тодорсон билээ. Гитарын аялгуунд “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана”, “Аяа миний хаяг Рашаантын 18”, “Албан газрын хаалга сахисан би ажилгүй хүн”, “Хонхны дуу биднийг сэрээ” хэмээн нийгмийн хурц асуудлуудыг хөндөж сэтгэл зүрхнийхээ угаас эгшиглүүлэн дуулсан түүний дуунууд ардчилсан хувьсгалыг дэмжигчдийн эгнээг улам ихээр нэмэгдүүлснийг энд дурдахгүй өнгөрөх аргагүй. Түүнчлэн нам, төрийн тэргүүн Ж.Батмөнх агсны дэмжлэг хувьсгалыг тайван замаар өрнүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж, Баабар нарын нийтлэлчид шинэ нийгмийг таниулан сурталчилснаараа онцгой нөлөө үзүүлсэн билээ.
Өнөөдрийн өнцгөөс харахад, ардчилсан хувьсгал бол монголын ард түмний хүсэн хүлээсэн өөрчлөлт шинэчлэлт төдийгүй маш сайн менежменттэйгээр өргөн олон нийтийг байлдан дагуулсан, хаана эхэлж хаана төгсөхөө сайтар төлөвлөсөн өргөн далайцтай цуврал арга хэмжээ байж гэмээр. Нэг онцлог нь тухайн цаг үеийн нийгмийн тогтолцоог гүн цочролд оруулж, нийт ард түмний хувьд өндөр хүлээлттэйгээр өдрөөс өдөрт шинэ шинэ боломжуудыг нээсэн,  ямагт цоо шинэ мэдлэг мэдээллийг түгээсэн, нэг их том хаалга нээгдээд хүчтэй салхи орж ирэн цээж тэнийлгэх мэт мэдрэмжийг хүн бүрт төрүүлсэн тийм л сайхан зүйл байж.
Монголын ард түмэн 1990 оны тэр сайхан салхи, тэр их цэнгэг агаарын туслалцаатайгаар тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олж авна хэмээх ойлголтод оюун санаагаараа бүрэн нэгдэж чадсан учраас уухайлан дэмжсэн. Яг л 1945 оны бүх нийтийн санал асуулгаар “БНМАУ тусгаар тогтносон улс мөн үү” гэсэн асуултад 100 хувь “тийм” гэж хариулсантайгаа адил. Ийм л ард түмэнтэй учраас ямар ч хямрал, эдийн засгийн бэрхшээл, ядуурал дундуур туучин явахдаа иргэд маань ардчилсан нийгмийг сонгосон хэвээр үлдсэн юм шүү дээ. Ийм ч учраас бид өнөөдөр октябрийн аугаа их хувьсгалын баярыг тэмдэглэхгүй байгаа юм.   
Ц.Оюунчимэг

No comments:

Post a Comment