Tuesday, December 13, 2016

МАН, АН хоёрын аль нь БААТАР болох вэ?


News Zindaa |  | 
 12-р сарын 13

Монголын хоёр том намын Их, Бага хурлууд хоорондоо хэдхэн өдрийн зайтай болсон нь олны анхаарлын төвд байна. Шинэ долоо хоног эхэлмэгц МАН-ын Бага хурлын VII хуралдаан эхэллээ. Намын даргын илтгэлд 2020 оны сонгуульд оролцох газрын зургаа гаргах талаар онцолжээ. Харин АН-ын VI Их хурал өнгөрсөн долоо хоногт болж намынхаа үзэл баримтлалыг шинээр томьёолох, намын даргаа сунгаагаар тодруулах шийдэлд хүрээд буй. 
Ардчилсан намын хувьд одоогоос 16 жилийн тэртээ ардчиллын төлөөх таван намын нэгдлээр байгуулагдсан нам. Тус нам байгуулагдсаны дараах эхний таван жилдээ таван удаа Их хурлаа хийж байсан түүх бий.  Гэвч сүүлийн жилүүдэд болсон анхны Их хурал нь ердөө хэдхэн хоногийн өмнө хуралдсан. Өөрөөр хэлбэл, одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг намын удирдлагаараа сонгож байсан сүүлийн тавдугаар их хурлаасаа хойш өнөөг хүртэл Их хурлаа хийхээс зайлсхийж ирсэн нь тус нам 2016 оны сонгуулиар бүрэн ялагдал хүлээсэн гашуун үр дагаврыг авчирсан.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдон намын даргын үүрэгт ажлаа Н.Алтанхуягт хүлээлгэн өгч байв. Н.Алтанхуягийн хувьд намаа ялалтад хүргэж, өөрөө ерөнхий сайд болж, засгийн газраа эвсэж байгуулан 2012-2014 онд амралтын өдөргүй ажилласан нь үнэн. Энэ хугацаанд, урьд өмнө хийж бүтээе гээд ч мөрөөдөл төдий байсан олон ажлыг амжуулж, улс орноо үсрэнгүй хөгжлийн замд гаргасан нь маргаангүй үнэн. Үүнийг олон нийт ч харж байгаа. Гэвч Ардчилсан намын хувьд өмнөхөөсөө хаалттай болж, нам доторх фракциуд нь хүчирхэгжиж, намын шийдвэрээр бус фракциудын тохиролцоогоор ажил явдаг болох үйл явц эхэлсэн.
Дараахан нь 2014 онд намын даргын эрх мэдлийг УИХ-ын дарга асан З.Энхболд хүчээр шахам авч, тэрбээр чуулганы танхимд их хурлын гишүүдийг дураараа загнаж дарамталдаг шигээ өнгө аясаар намаа “даргалж” эхэлсэн. Засгийн газраа намынхаа гишүүдийн туслалцаатайгаар унагаасан гээд л, түүний үед байдал улам дордсоныг хэлэх нь илүүц биз. Тэрбээр хэт хувийн амбицтайгаар асуудалд ханддаг нь олонтоо анзаарагддаг. Намын дарга, тэр тусмаа үндэсний хэмжээний том намын хамгийн том дарга гэдгээ үе үе мартдаг зан З.Энхболдод бий. Намын даргын тамга энэ тэр бол зүгээр л наймааны хэрэгсэл болон хувирч, хэн дуртай хүнээ аймаг, дүүргийн намын даргад хүчээр томилж, өөрөө харж сууж байгаад л тамгыг нь өгүүлсэн, улмаар дуртай тойрог дээрээ дуртай хүнээ наймаалцаж тохоон томилсон гэхчлэн хэвлэлд бичигдсэн фактууд зөндөө л харагддаг. Энэ бүхний үр дүнд З.Энхболд 2016 оны сонгуулиар “намаа ялагдуулахын төлөө” ажилласан анхны дарга болон улс төрийн түүхэнд бичигдэж байна. Ард түмэн ухаалаг учраас ийм ерөнхий сайдтай болохыг хүсээгүй ч байж мэднэ. 
Харин МАН-ын хувьд намын рейтингээ өсгөх бүхий л арга замыг эрэлхийлж, парламентад 26-уулаа байхдаа ард түмэнд таалагдах үгсийг тасралтгүй хэлж ярьсаар 2016 оны сонгуулиар 65-уулаа болж чадсан. Гэхдээ намын дарга М.Энхболд ерөнхий сайд болоогүй. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаан даргалахыг илүүд үзсэн бололтой. Гэсэн ч МАН-ынх л бол “бор халзан хонь” ч сонгогдох хэмжээнд намын рейтингээ өсгөж, намын бодлогоороо гишүүдээ зангидаж ирсэн уламжлалт арга барилдаа үнэнч байсан нь М.Энхболдын давуу тал болон улс төрийн түүхэнд бичигдэж байна. Үүний ачаар МАН өнөөдөр засгийн бүх эрхийг бүх шатанд авч, хүссэн бүхнээ хийх эрх мэдлийг гартаа бариад буй. Жаахан сулхан гэмээр хүмүүст эрх мэдлийг атгуулчихсаныг нь эс тооцвол чухам “Баатар” болох боломж тэдэнд л байгаа.
Харин Ардчилсан намд ийм боломж байна уу? Ард түмний итгэлийг хүлээж засаг барьж үзсэн үү гэвэл үзсэн. Ард түмэн өргөн дэмжиж, Монголын хоёр том намын нэг болох хэмжээнд хүргэсэн үү гэвэл хүргэсэн. Тэгвэл АН яагаад ингэтлээ навс ялагдав?
Ардчиллын үнэт зүйл, мөн чанар өнөөдөр ямар хэмжээнд байна вэ гэдгээр энэ бүхнийг хэмжих үү, эсвэл Ардчилсан нам өнөөг хүртэл төлөвшиж, улс төрийн намынхаа хувьд хөгжин бэхжиж чадсангүй юу? Энэ бүхнийг Их хурлаараа ямар хэмжээнд ярилцаж хэлэлцсэн юм бол? Их хуралдаа оролцохоор зорин ирсэн 1210 төлөөлөгчийнх нь 370 нь 40 хүртэлх насны залуус, 277 нь эмэгтэйчүүд байсан гэдэг. Нийт төлөөлөгчдийнх нь 10 шахам хувь нь буюу 100 гаруй хүн өндөр “хаазтай” үг хэлсэн гэдгийг тооцох юм бол Ардчилсан намаас өөр ямар ч нам ийм уур амьсгалыг тэвчиж чадах байсан болов уу гэдэг асуулт яалт ч үгүй сонирхол татна. Энэ бүхнээс дүгнэхэд тэд буруу ч бай, зөв ч бай гишүүдийнхээ үгийг их л анхааралтай сонсож чаддаг нь илт. Бас нэг давуу тал юм даа.
Ардчилсан нам Их хурлаараа юуны тухай хэлэлцэв гэдэг олон нийтийн хувьд төдийлөн нээлттэй бус байна. Энэ байдал нь хүн бүр янз бүрийн таамаг дэвшүүлэх нэгэн шалтгаан болж буй. Ямартай ч тус намын уг угшил нь нээлттэй, ил тод зарчимд суурилдаг учраас гишүүдийнх фэйсбүүк постуудад бага багаар мэдээ, мэдээлэл гарч эхэлсэн. Ямар боловч намын даргад нэр дэвшигчид орон даяар сунгаа хийж, удирдлагыг бүх гишүүдийн санал хураалтаар шийднэ гэдэг дүрмийн заалтаа батлуулсан аж. Намын шинэтгэлийн хөтөлбөрөө баталж, Ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг тохоон томилжээ. Ардчилсан намын шинэчлэгчид гэх монгол дээлээр гоёсон залуус фэйсбүүк дэх зураг постуудад илт ялгарч харагдах нь нэгийг өгүүлнэ. МАН-тай харьцуулахад АН залуусаа дэмжихдээ муу гэдэг нэрийг аваад буй. Энэ дутагдал засрах эсэхийг шинэчлэгч залуус нь аль хүртэл явах нь вэ гэдгээс харж болох мэт.
Их хурлаасаа  Ардчилсан нам нэгдсэн үзэл баримтлалаа цоо шинээр томьёолох шийдэлд хүрсэн гэдгийг эх сурвалж мэдээлж буй. Энэ нь үнэн бол нэг алхам урагшилсан шийдвэр болжээ гэмээр. 16 жилийн өмнө таван өөр үзэл баримтлалтай нам нэгдэхдээ аль алиныхаа үзэл баримтлалыг тусгасан “солонго” хэлбэрээр ерөнхий чиг шугамаа тодорхойлж байсан бол, өдгөө баруун уу, зүүн үү гэдгээ нэг мөр шийдэх болсон аж. Дээрх хоёр шийдэл, эсвэл шийдвэр нь Ардчилсан намыг төлөвшүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж мэдэхээр байна. Түүнчлэн намын гишүүдээ онлайнаар бүртгэх шийдэлд хүрсэн нь бодитойгоор хэрэгжвэл цаг үетэйгээ хөл нийлүүлэхэд нь ихээхэн дэм болохын зэрэгцээ, ах дүүгийн болон фракц, бүлэглэлийн нам байхаас нь аварч ч мэдэх юм.      
Харин МАН-ын хувьд дотроо юу болдог нь тун ч бүрхэг. Гэхдээ гадна талаас нь харах юм бол залуусаа дэвшүүлдэг, эмэгтэйчүүдээ дэмждэг, шинэ хүн гаргаж ирэхээс айдаггүй нам болон өөрчлөгдөж буйг өнөөдөр сонгогдоод буй гишүүд, төлөөлөгчид нь үггүйгээр илтгэн харуулна. Хэдийгээр чанга сахилга баттайгаар баригдмал хүрээнд ярьж хэлэлцдэг шинж чанараа хадгалсаар байгаа гэдэг ч хэлэх үг хийх үйлдлээ хэнээр ч хязгаарлуулдаггүй хэдэн бурхинууд нь тус намын дотоод эрх чөлөөг тунхаглаж буй. Дээр нь нэмээд нийгэмд болон олон улсын түвшинд эрх барьж буй нам бол “гоё” харагдах ёстой. Энэ бүх хэмжүүр нь МАН-ыг хүссэн ч, эс хүссэн ч ардчилагдах ёстой гэдэг цензур дээр аваачиж байгаа юм. Тийм учраас АН-ынхан шиг чөлөөтэй ярьдаг хэдэн хүн харагдах ёстой. Тэд нар нь ч энэ үнэ цэнээ мэднэ. Бас хэлэх гэснээ ч хэлж чадаж байна. Тэгэхээр МАН-ыг бүрмөсөн хаалттай нам гэж хэлэх арга бас л үгүй.
Харин ардчилсан нам л хаалттай болоод байна уу даа гэх хардлага олон нийтэд төрөөд байгаа. Гэтэл бас яг тийм ч биш бололтой. Ардчилсан намын Их хурлын индэр дээрээс Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам “Ардчилсан нам үүрд баяртай!” гэж хэлсэн. Гэтэл Ардчилсан намын Их хуралд тасралтгүй суусан гэх Б.Жаргалсайхан, тус намд намын дэд дарга болтлоо карьер хийж асан Л.Гүндалай нар “Сайн байна уу? Ардчилсан нам” гэсээр тус намд эргэн ирэх гэж байгаагаа мэдэгдлээ. Л.Гүндалай ийнхүү мэдэгдэхдээ “Дональд Трамп шиг улс төрд амжилт олох боломжийг олгож чадах улс төрийн хүчин бол зөвхөн Ардчилсан нам” гэж үзэж байгаагаа ч нуусангүй. Ардчилсан нам үнэхээр хэнд ч боломж олгож чадах нам мөн үү? Үнэхээр гишүүд дэмжигчдийнхээ хүсэн хүлээсэн хэмжээнд төлөвшиж чадах уу? 2016 оны 12 сарын 29-нөөс эхлэх Ардчилсан намын даргын сунгаанд хэн хэний нэр тодрох бол? АН гурван дэд даргатай, тэдний нэг нь эмэгтэй байх болно гэсэн нь биелэх үү? Ер нь Ардчилсан намд ард түмэн итгэл хүлээлгэж болох улс төрийн хүчин мөн үү? гэдгийг цаг хугацаа бидэнд харуулах учраас үүнд яаран дүгнэлт хийх нь өнөөдрийн хувьд эртэднэ.
Харин МАН-ын хувьд засгийн бүх эрх мэдэл гарт нь байна. Чухам тэд л өнөөдөр “шидэт дохиур” эзэмшиж буй улс төрийн хүчин. Энэ том боломжийг, энэ их эрх мэдлийг үнэхээр зөв ашиглаж чадах болов уу? Эсвэл, боломж  нь байсаар байтал юу ч хийж амжихгүй, өмнөхөө муулахаас хэтрэхгүй явсаар дөрвөн жилийг өнгөрөөвөл яана вэ? Албан ёсны хар PR-т хамаг цагаа, хамаг мөнгөө зарцуулсаар байгаад энэ дөрвөн жил дуусах юм биш байгаа гэсэн болгоомжлол ч бас төрж буйг нуух аргагүй.  
МАН засгийн эрх аваад хагас жил болох гэж байхад бидний амьдралд юу өөрчлөгдөв? Тэд энэ хугацаанд юу хийж амжуулсан бэ? МАН үнэхээр итгэл дааж чадах улс төрийн хүчин мөн үү? Ийм асуултууд аяндаа л ундран гарч байна. Үлдэж буй 3,5 жилд тэд юу хийж чадах бол? Ард түмэн биднийгээ юугаар гийгүүлэх нь вэ хэмээн иргэн бүр амьсгаа даран харж байгаа. Хэрвээ ингээд бахь байдгаараа байсаар л байх юм бол дараагийн ээлж АН-ынх гэдэг нь ч тодорхой.
Ингээд бараг ялгаагүй мэт харагдах хоёр том нам Монголын их улс төрийн тавцан дээр зэрэгцэн оршиж байна. Тэдний талаар “аль нь ч ялгаагүй” гэсэн хандлага олон нийтийн дунд давамгайлсаар байх юм бол Монгол Улс маань цаашид хаашаа явах болж байна вэ? Ард түмнийхээ өмнө хүлээсэн том үүрэг, иргэдийнхээ хүлээлгэсэн их итгэл найдварыг тээж буй энэ хоёр намын төлөвшлөөр улс орны маань ирээдүй тодорхойлогдох бус уу?
МАН, АН хоёрын аль нь Монголын “Баатар” болон тодрох вэ?
Ц.Оюунчимэг

No comments:

Post a Comment