Tuesday, October 15, 2024

UB Palace-ийн тоглолт ба Массын урлаг

 


Нэгэн найзынхаа урилгаар хуучин хамт олонтойгоо тоглолт үзэхээр UB Palace-ийг зорилоо. Одоогоос 19 жилийн өмнө дуучин Д.Болдын “Хайрын хүч” тоглолтыг үзсэнээс хойш энд байдал хэрхэн өөрчлөгдсөн нь сонин байсан юм. Аливаа юм яаж ч муудсан сайн тал руугаа явж байдаг гэж үг бий. Тэр үед шүүмжлэн бичиж байсан дотоод орчин арай илүү эмх цэгцтэй болж, техник технологийн хувьд ч дэвшил гарчээ. Үзэгчид зогсож зургаа авхуулах боломжийг бүрдүүлсэн байх агаад үйлчилгээний цэгүүд зориулалтын дагуу ажиллаж харагдана.

Үзэх концерт маань нэгэн зохиолын дуучин, хөтлөгч залуугийн анхны тоглолт байсан юмсанж. Тэнд цугласан олон хүний нэгэн адил тодорхой мэдээлэлгүйгээр, сошиал дээр ч харж байгаагүй дуучны тоглолтыг үзэх болсноо ойлголоо. Хамт олноо хүндэтгэх үүднээс юм хэлсэнгүй. Яг над шиг хэн нэгний дуудлагаар ирсэн бололтой хүмүүсийн урсгалд нэгдэн орж их танхимд суудлаа эзлэв. Хоёр мянган хүний суудалтай уг танхимд орж буй үзэгчид хувцсаа өлгүүлэх нь байтугай яг энэ тоглолтыг үзэх гэж зорьж ирсэн нь ч ховор юм шиг санагдаж байв. Бүгд л ажлын дараа, мөн үнэгүй олдсон билетийг хий дэмий үрэгдүүлэхгүйн тулд үзэж буй нь илт. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь ядарсан гунигтайдуу харц, хайш яаш хувцаслалт, цог золбоогүй саарал дүр төрхөөрөө ижилссэн мэт харагдах нь хачирхалтай.

Тоглолт эхлэх хүртэл бараг цаг шахам болов. Эцэст нь дуучин, хөтлөгч залуу тайзнаа гарч ирлээ. Эхний нэг, хоёр дууг өөрөө дуулсан нь гайгүй дуулчихдаг ч юм уу гэсэн сэтгэгдэл төрүүлж байв. Хүүхэд байхаасаа л дуулж ирсэн тэрбээр “Гавьяат” хэмээн найз нөхөд нь хочлон нэрлэдэг СТА залуу аж. Гэвч дараа дараагийн зарим дуун дээр энэ сэтгэгдэл ор мөргүй арилж одсон нь харамсалтай.

Удалгүй тоглолтоо хийж буй дуучныг дэмжихээр ирсэн уран бүтээлчид дуулж эхлэв. Дэмжигч уран бүтээлчдийн тоглолт хоёр цаг гаруй үргэлжилж, намайг явахад ч дуусаагүй байсан нь гайхмаар. Ядаж дундуур нь өөрөө нэг ч дуулсангүй.

СТА Я.Гэрэлчулуун “Хоймор сайхан нутагтаа” дуугаараа мэндчилээд “Айзам” хамтлагийн “Эгэл чи минь”, 80, 90-ээд оны хит “Харц” дуунуудыг дуулж олныг баясгалаа. Дараа нь “Зөв явбал зөөлөн замбуулин” дууны зохиогч СТА Н.Баасандорж өөрөө энэ дууг дуулж сонирхуулан, үзэгчидтэй хамтран дуулав. МУГЖ, дуучин Э.Бүрнээбаяр “Миллион алых роз” дууг хоёр хэлээр дуулж, мөн өөрийн брэнд “Амьдрал аа, би чамд хайртай” дуугаараа ая барилаа. СТА Н.Дашдэмбэрэл “Ижии гөрөөс”, “Дуут нуур” дуунуудаар ая хөгжөөсөн бол МУГЖ Ж.Уранчимэг “Дурсамж”, “Оюутны намар” дуунуудаараа заалыг жинхэнэ доргиов. Босож бүжиглэн, утсаараа гэрэлтүүлэн даган дуулцгаах үзэгчид цөөнгүй харагдана. Дээгүүр дрон нисэж, СТА дуучин, хөтлөгч залуугийн тоглолт хэчнээн сүр дуулиантай болж буйг баримтжуулах ажээ.

Дараа нь СТА Ж.Эрдэнэдалай “Би өөрийнхөөрөө” дуугаар ая барьж, СТА Э.Чулуунчимэг “Зүгээр л инээмсэглэ” дуугаа дуулсныг санаж байна. Хамгийн тод үлдсэн тоглолт СТА Ж.Эрдэнэдалай баруун монгол хувцсаа өмсөн гарч ирээд “Баруун монгол дууны поппури”, “Жуурай Гэлдэн” дуугаар ая барьсан нь үзэгчдийн хувьд жинхэнэ гэнэтийн бэлэг болсон юм. Баруун монгол иж бүрэн концерт үзэх сэн хэмээн бодогдсон шүү.

Эцэст нь тоглолтоо хийж буй дуучны дуулахыг хүлээж тэвчихгүй гарч явлаа. Энд би бүтэн дөрвөн цаг шахам хугацааг ийм байдлаар өнгөрүүлсэн юм. Яг л танихгүй айлын задгай найранд санамсаргүй оччихсон мэт. Эсвэл гэнэт өөр цаг үед гараад ирчихсэн юм шиг үдэш байв. Дуучид дуугаа дуулах гэхээсээ илүү үзэгчдээр дуулуулж, өөрсдөө хагас хугас дуулан томорцгооно.

Урлагийн сайхан үдэш байж болох л байлаа. Гэвч үзэгчдэдээ тааруулж буй мэт хайш яаш атлаа бодлого, найруулгын аль нь ч үгүй тоглолт хэмээн нэрлэгдсэн задгай найрын дууны цуглуулга байв. Урлагийн сургууль төгссөн залуу дуучид зах зээлд нэвтрэхийн тулд арай илүү алдаршсан дуучдыг тоглолтдоо урьж үзэгчдээ татах бодолтой байдаг л байх. Гэвч гол дуучин байх ёстой хүн нь өөрөө “панчан” болсон, тоглолт гэхэд хэцүү ийм урлаг бидэнд хэр өгөөжтэй вэ?  

Аливаа юмны давс хужрыг нь тааруулах, том жижиг аливаа тоглолтыг мэргэжлийн түвшинд найруулга хийж бэлдэх нь нэн тэргүүнд урлагийн тайзаа хүндэтгэж, үзэгчдэдээ чин сэтгэлээсээ хандаж буйн илэрхийлэл байдаг билээ. Харамсалтай нь, энд тийм зүйл нэгийг ч олж харсангүй. Доогуур түвшний массын урлаг гэж нэрлэж болохоор гаж үзэгдлийн тод жишээг л олонтоо харлаа. Тэнд цугласан хүмүүсийн буруу ч гэж юу байх вэ. Урлагийг ийм түвшинд хүртэл унагасан урлан бүтээгчид хийгээд үйлчилгээ үзүүлэгч байгууллагынхан л буруутай.  

UB Palace-ийн тоглолтыг массын урлаг болтол нь унагасан үдшийн гэрч болсныхоо дараа сэтгэл нэн тавгүй байв. Ердөө хэдхэн хоногийн өмнө хамт ажилладаг залуу бүсгүй бид хоёрын хооронд ийм яриа өрнөсөн билээ.

-Эгч ээ, саяхан “Сычуаны сайн хүн” жүжгийг Сонгинохайрхан дүүргийн шинэ театрт очиж үзлээ.

-Өө тийм үү, ямар байна?

-Тэнд ирж үзсэн хүмүүс нь ямар аймаар харагдсан гэж бодно оо. Ерөөсөө гоёогүй, хар халтар хүмүүс ирсэн ш дээ. Уг нь үйлчилж байгаа театрын хүмүүс нь их соёлтой юм. Бид жүжиг үзнэ гээд гэр бүлээрээ хэрэндээ гоёж очсоныг яана. Одоо тэгээд дараа нь дахиад тэнд жүжиг үзэхээр бол тэд нартай адилхан навсгар очно гэсэн үг үү?

-Үгүй дээ, үргэлж гоёж очиж бай. Тэгж байж л өөрчлөгдөнө...

Тийм ээ, өөрчлөлт хурдхан шиг л ирээсэй.  

Ц.Оюунчимэг


Sunday, August 25, 2024

Улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт хийсэн ажиглалт буюу УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ, ДАВАН ТУУЛАХ БОДЛОГО

 


Улсын Дээд шүүхэд 37 улс төрийн нам бүртгэлтэй байдгаас ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвслээс тойрогт 966, бие даан нэр дэвшигч 42, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370, нийт 1336 нэр дэвшигч оролцож байна. Улсын Их Хурлын 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритар) аргаар, Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно. Олныг төлөөлөх (мажоритар) арга гэж тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно. Хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) арга гэж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн авсан саналынх нь тоо, хувьд үндэслэн хуульд заасны дагуу суудал хуваарилж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно хэмээн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасан.

Улс орныхоо хөгжлийн залуурыг атгах эрх мэдлийг ард түмнээсээ авахын тулд улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг билээ. Гэвч энэ жилийн сонгуульд мөрийн хөтөлбөр ярихын оронд нэр дэвшигчийн хувийн амьдралын түүх дурсамжаа хуваалцсан ядмаг сурталчилгаа голлож байна гэсэн шүүмж нийгмийн сүлжээнд өрнөөд амжсан билээ. Харин олон нийтийн болон арилжааны телевизүүд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг тодорхой сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж, орон даяар шууд дамжуулж байгаа нь нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг таниулан, иргэдийн сонголт хийх болон мэдээлэл авах эрхийг хангаж буй сайн жишээ болон үлгэрлэж байна.

Энэ оны зургаадугаар сарын 28-ны өдөр УИХ-ын 126 гишүүнийг сонгож, аль нам болон нам, эвсэл засгийн эрх барин улс орныхоо төрийн жолоог залах вэ гэдэг нь тодорно.  Монгол Улсаа дэлхийн дайдад улсын дайтай авч явах, дэлхийн бодлоготой хөл нийлүүлэн хүн төрөлхтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах үүргийг шинээр байгуулагдах Засгийн газар түүчээлэн авна.

Монголын улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө дэлхийн бодлогыг тусгасан уу? Хэрвээ тийм бол ямар чиглэлд нь анхаарал хандуулсан байна вэ гэдгийг тодорхой үзүүлэлтэд фокуслан зарим намын мөрийн хөтөлбөрийн жишээн дээр товч дурдъя.

 

УУР АМЬСГАЛЫН ГАМШИГ буюу ҮЕРТ АВТСАН УЛААНБААТАР

 

Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод үерийн аюул нүүрлэж, Туул гол саваа халин Яармагийн шинэхэн гүүрийг живүүлсэн төдийгүй, хотын дарга Х.Нямбаатар голын голдирлыг өргөтгөх ажлын талбарт нойр хоолгүй шахам ажиллаж байна. Хотын дарга ийн ажилласнаар гамшиг зогсчихдог бол сайн сан. Гэвч байгалийн гамшиг гэдэг ямар ч эрх мэдэл, албан тушаалд захирагддаггүй сүр хүчит үзэгдэл билээ. Нийслэлийг түгшүүрт автуулаад буй үерийн гамшиг одоо л тохиолдож буй хэрэг биш. 1960-аад оны их үерээс хойш бараг нэгэн жарны дараа буюу 2023 оны наймдугаар сард үерийн гамшиг нийслэлийг нөмрөн орж ирж, асар их хэмжээний хохирол учруулсныг иргэд мартаагүй байгаа. Гэтэл жил хүрэхгүй хугацааны дараа, наймдугаар сар ч болоогүй байхад зургаадугаар сарын энэ өдрүүдэд нийслэлийн иргэд үерийн гамшигт дахин өртөж байна. Энэ бол хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын гамшигт үзэгдэл юм.

Хэрвээ голын голдирлыг шахаж цементэн ширэнгэ гэгдэх барилгууд олноор нь бариагүй бол, хэрвээ эрдэмтэд, инженерүүдээ сонсож хотоо удирддаг байсан сан бол, хэрвээ хотынхоо бүх замын дагуу ус зайлуулах хоолой хийчихсэн бол, хэрвээ хот маань ногоон байгууламж, паркаа хөгжүүлээд цементэн талбай бус хөрст газар ихтэй байсан сан бол, хэрвээ Туул голын дагуух үерийн байгууламжуудаа эвдэн гамшгийн аюулд оруулаагүй бол, хэрвээ бургасан ойгоо хядаж сүйтгээгүй сэн бол энэ гамшиг ингэтлээ аюултай нөхцөл байдал үүсгэхгүй байж ч болох байлаа.

Иймд сүүлийн найман жил засгийн эрхийг гартаа атгаж, төрийн жолоог залж ирсэн Монгол Ардын Нам (МАН)-ын мөрийн хөтөлбөрт энэ чиглэлээр юуг онцолж вэ гэдгийг хэн хүнгүй сонирхох нь дамжиггүй.  Тэгвэл тус нам “Ард түмэн ялна” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрийнхөө VIII болон IX дэх хэсэгт дараах заалтыг оруулжээ. Үүнд:

 

  • Туул, Сэлбэ, Улиастай, Нарангийн голын эргийн хамгаалалтын 30 км далан болон ус зайлуулах 100 км суваг шинээр барина.

 

  • Улаанбаатар хотын төв, хүн ам ихээр төвлөрсөн бүсүүдээр аюултай ачаа тээвэрлэхгүй байх зохицуулалтыг хийнэ.

 

  • Олон нийтийг хамарсан халдварт өвчин, цар тахал, байгалийн гамшиг зэрэг аюулыг эрсдэлгүй даван туулахад бэлдэж, нэгдсэн стратеги бүхий цогц эрсдэлийн менежментийг шинэчлэн баталж, үндэсний хэмжээнд мөрдүүлнэ.

 

Харин Ардчилсан нам (АН)-ын хувьд “Бүтэн Монгол Бүрэн Ардчилал” уриатай мөрийн хөтөлбөрийнхөө есдүгээр бүлэгт: 9.5. АМЬД БАЙГАЛЬ: “Байгаль орчин, эко системийн тэнцвэрт байдал” хэсэгтээ Ус, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 27 зүйл заалт бүхий хөтөлбөр дэвшүүлжээ. Эдгээрээс “Нийслэл болон бусад хот, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлж, газар чөлөөлөх, усны нөөц бохирдох, хомсдохоос сэргийлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулна” гэсэн нь хамгийн анхаарал татахуйц заалт байх ажээ.

ХҮН НАМ “Өөрчилнө! Цаг нь болсон” уриатай мөрийн хөтөлбөрийнхөө “Байгальд ойр хөгжил” бүлэгт “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг хэрэгжүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд есөн зүйл бүхий үйл ажиллагааг төлөвлөжээ. Эдгээрийн дотор дараах хоёр заалтыг тодотгож болохоор байна.

  • Цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх тогтолцоог ард иргэдийн амь нас, өмч хөрөнгөд учрах эрсдэл, үүсэж болзошгүй хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлдэг цогц системийн хамт хөгжүүлнэ.
  • Хот суурин газрын байгалийн болон нийгэм-эдийн засгийн эрсдэлийн иж бүрэн үнэлгээг хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлнэ.

УИХ-ын сонгуульд анх удаа оролцож буй шинэхэн намуудаас зарим намын мөрийн хөтөлбөрийн заалтыг энд орууллаа. Үүнд:

Үндэсний Эвсэл “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье-Үндэстнээрээ баяжъя” уриатай мөрийн хөтөлбөртөө дараах асуудлын шийдлийг тусгажээ. Үүнд:

• “Гамшгийн эрсдэлгүй хот” аяны хүрээнд барилга байгууламжийн чанар, насжилтыг тодорхойлох, болзошгүй аюул, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийж, паспортжуулах, эрсдэлтэй барилга байгууламжийг хүчитгэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, олон улсын туршлага, хамтын ажиллагааны хүрээнд төр, хувийн хэвшлийн чадавх, оролцоог нэмэгдүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

• Гамшгийн үед түр хоргодох стандартын шаардлага хангасан байруудыг бий болгох, бэлэн байх эрх зүйн зохицуулалтуудыг хийж, гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн цогц төлөвлөгөөг боловсронгуй болгон хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана.

Эрх Чөлөөний Эвсэл нам (ЭЧЭН) “Хувь хүний эрх чөлөө-Хязгаарлагдмал төр” уриатай мөрийн хөтөлбөртөө “Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааг шинэчлэн, барууны стандарт бүхий техник, сургалтын хөтөлбөртэй болгоно” хэмээн тусгажээ.

Иргэдийн Оролцооны Нэгдэл нам (ИОНН)-ын хувьд “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай мөрийн хөтөлбөрийнхөө Шийдэл 11-ийн “Иргэдээс асууж шийдвэр гаргадаг болно” хэсэгт “Аливаа бүтээн байгуулалт нь орон нутгийн гамшгаас хамгаалах байгууламжийг эвдэх, устгах, сулруулах, эсвэл ийм байгууламж хийхээр төлөвлөсөн талбайг эзлэх, хашихаар бол уг төсөлд зөвшөөрөл олгодоггүй болгож хуульчилна” гэсэн зорилтыг дэвшүүлжээ.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн толь бичигт “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах чадвар гэж тухайн орон нутаг болон байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг урьдчилан таамаглах, сэргийлэх, зохицуулах, тэдгээрээс үүдэх хохирлыг багасгах, анхны цочролын дараа шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээх, өөрчлөх чадварыг хэлнэ” гэжээ. Нийгмийн сайн сайхан байдал, эдийн засгийн үйл ажиллагаа, байгаль орчныг хамгийн сайнаар хамгаалахын тулд хүмүүс, олон нийт, улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс зайлшгүй тулгарах нөлөөллийг даван туулах бэлтгэлтэй байх шаардлагатай юм. Иргэдийг шинэ ур чадварт сургах, өрхийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, сэргээн босгох чадавхыг бэхжүүлэх, цаг агаарын мэдээлэл, эрт сэрэмжлүүлэх системийг сайжруулан бэхжүүлэх, урт хугацааны төлөвлөлтийг хөгжүүлэх замаар үүнийг хийж болно хэмээн уг толь бичигт өгүүлсэн нь Дэлхийн бодлогын нэгээхэн хэсгийг илэрхийлж буй юм.

 

ХҮЛЭМЖИЙН ХИЙГ ТЭГЛЭХ АЛХАМ буюу УЛААНБААТАР УТААГҮЙ БОЛОХ УУ?

 

Уур амьсгалын өөрчлөлтөд үнэхээр тэсвэртэй нийгэм бол нүүрстөрөгч бага ялгаруулдаг нийгэм юм. Учир нь хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулах нь ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтийн ноцтой нөлөөллийг хязгаарлах хамгийн сайн арга болно. Нүүрстөрөгч бага ялгаруулдаг нийгэм нь эрх тэгш байдалд тулгуурлах учир уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн ихээр өртөж байгаа, түүнийг даван туулах чадваргүй хүмүүс, олон нийтэд үзүүлэх дэмжлэгийг нэн тэргүүнд тавьж байдаг билээ.

Монгол Улсын хувьд агаарын бохирдол онц аюултай хэмжээнд хүрснийг илтгэх ганц жишээ дурдахад, улс орон бүрийн нэг хүнд ноогдох  CO2-ын хэмжээг харуулсан газрын зурагт 2022 оны үзүүлэлтээр Монгол Улсын нэг хүнд ноогдох нүүрстөрөгчийн давхар исэл CO2-ын хэмжээ 11,2 тн байгаа нь түгшүүрийн харанга дэлдэж буй явдал юм?!

Үүний дотроос эрчим хүч үйлдвэрлэх явцад үүсдэг нүүрстөрөгчийн давхар исэл CO2-ын хэмжээ онцгой анхаарал татдаг үзүүлэлт бөгөөд энэ талаар мэргэжлийн байгууллагын тоо баримтад анхаарал хандуулъя.

Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээлснээр, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ 2023 онд 8,528.27 сая кВт.цаг болж өмнөх оны гүйцэтгэлээс 349.7 сая кВт.цагаар буюу 4,3 хувь өссөн ба нийт цахилгааны 90,9 хувийг дулааны цахилгаан станцаар, 8,5 хувийг нар, салхины эх үүсвэрээр, 0,6 хувийг усан цахилгаан станцаар, 0,01 хувийг дизель станцаар тус тус үйлдвэрлэсэн байна.

Дотоодын эрчим хүч үйлдвэрлэлийн 90.9 хувийг эзэлдэг дулааны цахилгаан станцын үйл ажиллагааны үр дүнд 11.36 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл CO2 ялгардаг бөгөөд энэ хэмжээ жилээс жилд нэмэгдсээр ирснийг хүснэгтээс харж болно. Мөн эрчим хүч үйлдвэрлэгч тус бүрийн нүүрстөрөгчийн давхар исэл CO2 ялгаруулалтад эзлэх хувийг графикт үзүүлэв. (Эх сурвалж: ЭХЗХ, Эрчим хүчний статистик үзүүлэлтүүд-2023)

 

 

Хүн амын эрүүл мэндэд нэн аюултай нөлөө үзүүлж буй хорт утааг багасгах, нүүрстөрөгчийн давхар исэл CO2-ын ялгарлыг бууруулах, хүлэмжийн хийг тэглэхэд оруулах хувь нэмрээ намууд хэрхэн тодорхойлсныг УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй зарим намын мөрийн хөтөлбөрийн жишээн дээр харъя. Үүнд:

 

Монгол Ардын Нам (МАН):

 

  • Эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлнэ.

 

  • Цахилгаан эрчим хүчний эрх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх цахилгаан станцыг барьж байгуулна.

 

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлнэ.

 

    Ардчилсан Нам (АН)

     

    • Гэр хорооллын инженерийн дэд бүтэц (цэвэр ус, бохир ус ариутгах татуурга, интернэтийн шилэн кабель)-д холбож, халаалтыг төвлөрсөн болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй амины орон сууц болгон дахин төлөвлөх ажлыг иргэдийн оролцоотой хэрэгжүүлж, амьдран суух байшингаа барихад урт хугацаатай, хүү багатай, орон сууцны ипотекийн зээлээр санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллана.

     

    • Усан цахилгаан станц нэмж барих төслийг дэмжинэ.

     

    • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд сум бүрт 50-100 га ногоон байгууламж бий болгоно.

     

    ХҮН Нам

     

    • Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн салбаруудын хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тооцоолох, магадлах, тайлагнах чадавхыг бэхжүүлж, цахимжуулна.

     

    • Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, татаас, урамшууллын оновчтой хөшүүргийг бий болгож, эко технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд гадаад, дотоодын эх үүсвэрүүдийг татах бодлогыг хэрэгжүүлнэ.

     

    • Парисын хэлэлцээрийн хүрээнд үүсгэн байгуулагдсан Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшил хамтарсан Ногоон зээлийн сан буюу ногоон санхүүжилтийн шинэ загварын санхүүгийн байгууллага үүсгэн байгуулахыг бодлогын хувьд дэмжиж ажиллана.

     

    Үндэсний Эвсэл

     

    • “Ирээдүйн хурдасгуур” - Ирээдүйн хурдасгуур бол иннновацыг дэмжсэн дэд бүтэц. Салхи, нар, био эрчим хүч, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжиж, системийн найдвартай, тогтвортой байдлыг хангах ухаалаг сүлжээний технологид хөрөнгө оруулна. Суурин болон хөдөө орон нутагт автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглах нөхцөлийг бүрдүүлж, хууль эрх зүйн орчны зохицуулалт, бодлогын тогтолцоог олон нийтийн аюулгүй байдал, итгэлцлийн хүрээнд боловсруулна.

     

    Эрх Чөлөөний Эвсэл нам (ЭЧЭН)

     

    • Эрчим хүчний үнийг чөлөөлж, эрчим хүчний төслүүдийг төрийн хамаарлаас чөлөөлнө.

     

    • Атомын цахилгаан станц байгуулахтай холбоотой тодорхойгүй нөхцөл байдлыг шийдвэрлэж, тодорхой хууль тогтоомжоор хэрэгжилтийг хамгаална.

     

    • Эрчим хүчний хараат байдлаас гарах аливаа төслүүдэд саад бэрхшээл учруулах нөхцөл байдлыг шийдвэрлэж, тодорхой хууль тогтоомжоор хэрэгжилтийг хамгаална.

     

    • Байгалийн хийн хайгуул, олборлолтын хөрөнгө оруулалтыг хамгаалж, хязгаарлалтуудыг чөлөөлж, компаниудыг тодорхой хууль тогтоомжоор хэрэгжилтийг хамгаална.

     

    Төгсгөлд нь хэлэхэд, Монголын номын зах зээлд орчуулагдан гараад удаагүй байгаа нэгэн номоос эш татахын өмнө уг номыг улстөрч болгон, тэр тусмаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн бүр уншиж, дэлхийн бодлогын нэгэн цөм хэсэгтэй танилцаасай хэмээн хүснэ.

    Энэ бол Билл Гэйтсийн “Уур амьсгалын гамшгаас сэргийлэх нь” ном бөгөөд уг номд “...Та уур амьсгалын өөрчлөлтийн тухай хоёр тоог тогтоогоод аваарай. Эхнийх нь 52 тэрбум, харин нөгөөх нь тэг. Агаар мандалд жил бүр 52 тэрбум тонн хүлэмжийн хий ялгардаг... Бид энэ тоог тэглэх ёстой” гэж бичсэн байдаг.

    Тэгвэл Монголын хувьд энэ тоо хэд вэ гэдэгт монголчууд хариулт авахыг хүсэж байна.

    Жич: Энэхүү бүтээлийг Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр (EJFP)-ийн нэг үр дүн болгон бэлтгэсэн болно. EJFP хөтөлбөрийг Breathe Mongolia - Clean Air Coalition болон Green Dot Climate төрийн бус байгууллагууд Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клубтэй хамтран хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам болон Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Internews-ийн Earth Journalism Network санхүүжүүлж байна. Энэхүү бүтээлийн агуулга ба илэрхийлсэн санаа бүхэлдээ сэтгүүлчийнх бөгөөд EJFP хөтөлбөрийн хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч байгууллагууд агуулга болон санааг хуваалцах албагүй.

    2024-06-26-нд Өглөөний сонинд нийтлэгдсэн.

    Ц.Оюунчимэг Zindaa.mn
     2024 оны 08 сарын 20