Thursday, November 26, 2015

“Нар” баруунаас мандсан нь

Одоогоос 8 жил гаруйн өмнө бичиж байсан нийтлэл маань АТГ-ын вэб сайтад нийтлэгдсэн хэвээр байх юм. Мэдээж нийтлэлийн нэрээр хайлт хийж байж гаргаж ирсэн. Гэхдээ л сайхан санагдав.

Манайхан өөрийгөө ялж, хорт зуршлаас ангижирч чадсан нэгнийгээ “чоно махнаас гарч дээ” гэж ярьцгаадаг. Гэтэл авлигад баруун солгойгүй идэгдэж, авлигагүйгээр ажил бүтээнэ гэдгийг мэдэхээ больсон Монголд гэнэт Авлигатай тэмцэх газар гэгч байгууллага бий болсон нь нар баруунаас мандсантай адил зүйл болсон нь илт.

“Хүүхдээ сургуульд оруулах гэсэн юм. Туслаач, өгдөг юмыг нь өгье”. Энэ бол монголчуудын дунд бараг л өдөр тутам яригдаж байдаг хэвшмэл хэллэг. Ийм “процедур”-гүйгээр Монголд юу ч бүтэхгүй гэсэн ойлголт нийгмийн сэтгэл зүйд аль хэдийнэ баттай орон зайгаа эзэлчихсэн. Өөрөөр хэлбэл, энэ байдлыг нийгмээрээ байх л ёстой зүйл гээд хүлээгээд авчихсан ийм цаг үед нар баруунаасаа мандах гээд туяарч байна. Баруун талаас мандах гэж буй нарны туяа зүүн талын уул толгодын оройд гэрлээ тусгаж, орчныг нэлэнхүйд нь гэрэлтүүлж эхлэсэн харагдана. Яг одоо хэрвээ 12 жилд орох гээд тэмээ, хулгана хоёр өрсөлдөж байсан бол тэмээ нь ялахаар байна..
“Авлигыг зөвхөн та л зогсоож чадна” гэсэн сүржин гарчиг бүхий албан захидлыг Авлигатай тэмцэх газраас гаргаж, “өгөхгүй бай, авахгүй бай, нэхвэл илчил” хэмээн ард иргэддээ уриалжээ. Улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулах цоо шинэ албыг авч явна гэдэг амаргүй даваа. Тэр тусмаа зүгээр нэг хэсэг бүлэг хүмүүс бус бүхэл бүтэн системийг өөрчлөх ажлыг хийнэ гэдэг хэн хүний чадах зүйл ч биш. Энэ байгууллагад залуус голдуу харагдсан нь анхаарал татаж байлаа. Тэд бол нийгмээрээ орооцолдож, гарах гарцгүй болсон аалзны торноос биднийг салгах хүмүүс. Гэвч яаж?

Ямар нэг чухал ажил хийх болохоор л “манайхан чадахгүй дээ” гэсэн өөрсдийнхнөө үл ойшоосон сэтгэлгээ монголчуудад цухалзаад байдаг. Энэ сэтгэлгээний хамгийн тод жишээ нь зам, барилгын ажилд хятад ажилчдыг үй олноор нь оруулж ирсэн явдал. Үүнийг нь бүр төрийн бодлогын хэмжээнд авч үздэгийн илрэл нь 2007 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай Монгол улсын Засгийн газрын 58 дугаар тогтоолоор баталгаажсан байх жишээтэй. Гэтэл монголчууд энэ ажлыг нь яагаад хийж чаддаггүй юм бэ гэх бодол захын хүний толгойд төрөөд байдаг.

Үүний нэгэн адил Авлигатай тэмцэх газар гэхээр л “тусгай” хүмүүс ажиллах юм шигээр хүмүүс ойлгоод байж мэднэ. Авлига бол бидний л асуудал. Бид өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэх хэрэгтэй. Тийм ч учраас тэнд бидэнтэй адил монгол хүмүүс ажиллана. Харин хэрхэн ажиллах бол?

АТГ бол ард түмний найз 

Гадаад орнуудын авлигатай тэмцэж ирсэн туршлагаас сонирхоход аливаа асуудлын учир холбогдол нь их л энгийн бөгөөд хялбархан гаргалгаатай байх нь олонтаа. Энд “сонирхлын зөрчил” хэмээх ойлголтыг түлхүү авч үзье. Үүнд, тухайлбал хувийн эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Батыг Эрүүл мэндийн сайдаар томилдоггүй. Учир нь ашиг сонирхлын зөрчилд орно. Үүний нэгэн адил иргэн Туул ч бас хувийн сургуультай бол тэр өөрөө ямар ч шилдэг боловсон хүчин байлаа гэсэн Боловсролын асуудал хариуцсан сайдаар томилогдох ёсгүй. Мөн иргэн Тулга алт олборлодог компанитай бол түүнийг ямар ч тохиолдолд Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдаар томилохгүй гэсэн зарчим “тэнд” үйлчилдэг.

Ашиг сонирхлын зөрчил хэмээх ойлголт ийнхүү хамгийн энгийнээр тодорхойлогдож байна. Тэгвэл манайд юу болж байна вэ? Яг эсрэгээрээ. Үүнийг ердөө ганцхан жишээнээс харъя. Эрүүл мэндийн сайд асан П.Нямдаваа гэхэд л хувийн сайн эмнэлэгтэй хүн гэдгээрээ алдартай байх жишээтэй. Түүний мэдлийн “Гялс” төвд шинжилгээ хийлгэхэд бусад ижил төрлийн үйлчилгээ явуулдаг газруудаас өндөр үнэтэй хэдий ч сайн гэдэг. Ийм бизнес эрхэлдэг түүнийг Эрүүл мэндийн сайдаар томилсон. Ийм маягаар бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнд эрх мэдэл өгсөөр ирсэн байх юм.

Харин төрийн албан хаагч, жирийн иргэн Даваа яах вэ? Энэ асуултын хариулт бас л энгийн. Тухайлбал, тэрээр ашиг сонирхлын зөрчил бүхий ажил үүрэг гүйцэтгэхгүй байхад л хангалттай гэнэ. Үүнд, хэрвээ арьс ширний үйлдвэрлэл эрхэлдэг ах дүү хамаатан садантай бол энэ чиглэлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хянах, шалгах ажилд биечлэн оролцохгүй байх хэрэгтэй аж. Байгууллагын удирдлага нь ч түүний энэ байдлыг мэдсээр байж ажилтан Давааг энэ чиглэлийн шалгалтын ажлын хэсэгт томилох ёсгүй юм байна. Хэрвээ удирдлага нь ийнхүү томилох юм бол Даваагийн хувьд хамгийн түрүүнд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрх нь зөрчигдөнө. Хоёрдугаарт, хэрвээ ажилтан Даваа өөрөө энэ шалгалтын бүрэлдэхүүнд орохыг санаачлаад, хөөцөлдөөд байвал асуудал шал өөрөөр эргэнэ.

Энд өөрт ашигтай шийдвэр гаргах, эсвэл гаргуулахаар хөөцөлдөж буй гэж ойлгогдоно. Үүний зэрэгцээ ажилтан Даваа нь төрийн албан хаагчийн ёс зүйгээ зөрчиж, “өөрийн албан үүргийн дагуу олж авсан мэдээллээ бусдад, ялангуяа ашиг сонирхлын зөрчил бүхий субьектэд өгөх гэж байна, мөн албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллээ ашиглан ашиг хонжоо олох гэж байна” хэмээн ойлгогдох аж.

Энд ашиг сонирхлын зөрчил гэсэн ойлголтын зэрэгцээ ёс зүй хэмээх ухагдахуун ихээхэн чухал байр суурь эзлэх нь тодорхой болж байна. Одоо манайхтай ижил тогтолцоотой байсан нэгэн улс орны авлигатай тэмцэж буй туршлагад анхаарлаа хандуулъя.

Латви улсын парламентын гишүүн, тус улсын Ерөнхий сайд асан Андрис Берзинс “Ардын эрх” /113/645/ сонинд өгсөн ярилцлагадаа “Авлигатай тэмцэхийн тулд ганцхан байгууллага байгуулж, түүнд бүх зүйлийг даатгах бус авлигатай тэмцэх байгууллагыг прокурор, яам, шүүх гээд бүх байгууллагатай холбож өгөх ёстой. Үүний тулд хууль эрх зүйн орчин нь оновчтой байх хэрэгтэй. Наад зах нь манай авлигатай тэмцэх байгууллагын ажилтнуудын цалин бусад төрийн албан хаагчдынхаас гурав дахин их байдаг. Дээр нь авлигыг хязгаарлахын тулд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төсвийн мөнгөөр бараа худалдан авах тухай хууль гээд маш олон хуулийг Авлигатай тэмцэх хуультай холбож нягт уялдуулсан. Ингэж хууль эрх зүйн орчныг нь цогц болгож өгөхөөс гадна авлигатай тэмцэх гэж байгаа бол ард түмнийг сонсох хэрэгтэй. Энэ бол тун чухал шүү” гэсэн байна.

Ард түмнийг сонсох нь мэдээж чухал. Үүнтэй холбогдуулан нэгэн жишээ авахад, төрийн өндөр албан тушаалтан болох “А” өөрийгөө гурван байшинтай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байг л дээ. Гэтэл түүнд дөрөв дэх байшин бас байдаг гэдгийг мэдэх иргэн энэ талаар АТГ-т хандан мэдээлж, улмаар шалгуулах хүсэлтээ тавьж болох хууль эрх зүйн орчин байгаа аж.

Үүнд Авлигын эсрэг хуулийн 9-1-д “иргэн, хуулийн этгээд авлигын асуудлаар АТГ-т өргөдөл гомдол гаргаж, мэдээлэл өгч болно” гэсэн байна. Учир нь АТГ бол мэдээлэлд үндэслэн шалгалт явуулах ёстой байгууллага. Мэдээлэл ирэхгүй бол шалгалт байхгүй, улмаар ажил байхгүй гэсэн үг. Тэгэхээр АТГ гэдэг нь ард түмний дайсан биш харин “найз” нь болж таарч байна.

Ёс зүйн дүрэмтэй болцгооё

“Төрийн албан хаагчийг авлигач нэрнээс хамгаалах гол хэрэгсэл чинь хөрөнгө орлогын мэдүүлэг шүү дээ” гэж Төрийн албаны зөвлөлийн дарга Ж.Норовсамбуу Ардын эрх /111/643/ сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Тэгэхээр төрийн албан хаагчид эхлээд хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөхөд суралцах хэрэгтэй болж таарах нь.

Гэвч зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй бүх нийтээрээ хөрөнгөө зөв мэдүүлэхэд суралцахад илүүдэхээргүй тийм л замбараагүй байдал манайд ноёрхож буй нь бодит үзэгдэл. Хамгийн наад зах нь иргэн бүр татварын дэвтэртэй болохоос энэ ажлыг эхлэхэд гэмгүй санагдана.

Манайд ийнхүү иргэдийнхээ орлого, зарлага, татварын асуудлыг нүдэн балай чихэн дүлий хаячихсан явахад урд хөршийн Шанхай хотод хүн нэг бүрийн худалдан авсан бохь, чихрийг хүртэл бүртгээд эхэлчихсэн гэж байна. Нөгөө Ч.Сайханбилэгийн яриад байсан таны тухай хамаг мэдээллийг нэг дор агуулах “ухаантай паспорт” уг нь их зөв зүйл байсан байгаа биз? Ийм паспорттай байхад АТГ ч бараг хэрэггүй болж хувирна.

Үүний зэрэгцээ зөвхөн төрийн албан хаагчид гэлгүй хэрэгжүүлмээр харагдаад буй бас нэг ажил бол байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн гэсэн ёс зүйн дүрэмтэй болох явдал юм. Ердөө л ажлын байрандаа, ажлаа хийж байх бүхий л нөхцөлд мөрдөх ёс зүйн зарчим. Ийнхүү хамгийн энгийн гэмээр ажлуудыг цэгцтэй хэрэгжүүлж чадах юм бол системээрээ орооцолдсон аалзны торноос мултрахад тийм ч хэцүү биш.

Ингэхийн тулд заавал сүржин атлаа даржин ухуулах хуудас энд тэнд нааж, ил захидал бичин сонинуудад төлбөртэй нийтлүүлэх шаардлагагүй. Мэдээж төрийн ажил учир төрийн албан хаагчдын үүрэг хариуцлага илүү жин дарна. Энэ ч утгаараа төрийн албан хаагчдын хувьд авлигын талаар мэдээлэх үүрэг илүү өндөр байхаар хуульчлагджээ.

Авлигын эсрэг хуулийн “Авлигын тухай мэдэгдэх” гэсэн 8 дугаар зүйлд шүүгч, прокурор, цагдаа, тагнуулын байгууллагын албан тушаалтан, төрийн аудитын болон мэргэжлийн хяналтын байгууллагын албан тушаалтан, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг нэн даруй АТГ-т мэдэгдэх үүрэгтэй гэсэн байна.

Энэ үүргээ биелүүлэхэд нь төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй гэсэн бөгөөд хэрвээ биелүүлээгүй бол 200-250 мянган төгрөгийн торгууль ногдуулах аж. Үүнээс их мөнгө тавьж зүрхлээгүй бололтой. Гэвч манай улс чинь хууль баталчихаад сурталчилдаггүй муу зуршилтай.

Ядахдаа төрийн албан хаагчиддаа энэ хуулийнхаа заалтуудыг олигтойхон сурталчлаасай билээ. Эс тэгвэл төрийн албан хаагчид нь нэг л өдөр гэмт хэрэгтэн болчихсон явахыг үгүйсгэх аргагүй. Бас энэ заалт тэднийг “ногоон малгайтнууд” болгочих юм биш биз хэмээн болгоомжилмоор ч юм шиг. Авлигын эсрэг хуулийн нилээдгүй хэсгийг авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг соён гэгээрүүлэх тухай заалтууд эзэлсэн харагдана. Үүнийг харж суутал өмнө нь сонсож байсан нэгэн мэдээлэл санаанд буулаа. Энэ нь хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг бууруулах тэмцлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн явуулах тухай хичээл. Энд иймэрхүү асуудлын хор холбогдлыг нь ойлгуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт их мэдээлэх нь эргээд сурталчилгаа болон хувирдаг тухай гадаадын нэгэн орны бодит жишээг ярьж байсан.

Манайд ч бас иймэрхүү гашуун туршлага бий. 17 жилийн өмнө чөлөөт хэвлэлтэй болсноос хойш ард иргэдийг гэмт хэргээс сэргийлэх зорилгоор ил тод мэдээлж буй гэх сонинуудын нийтлэл нь сүүлдээ бүр гэмт хэрэгт сургадаг сурах бичиг болон хувирсан. Үүгээр хязгаарлагдахгүй зөвхөн гэмт хэрэг, аллагыг дагнан уншдаг уншигчидтай болж, гэгээлэг оюунлаг мэдээллийг хүлээж авах сэтгэлгээний орон зай улам бүр хумигдсаар ирсэн харамсалтай үр дагавар ажиглагддаг. Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь тодорхой ч ийм зүйл рүү л битгий орчихоосой.

Мэдээж, хэн ч гэсэн байнга авлига өгөөд байхыг хүсэхгүй. Хүн бүр л авлигагүй нийгэмд амьдрахыг хүснэ. Ийм ч учраас нийгмээрээ Авлигатай тэмцэх газрынханд итгэж, тэдний хэрхэн ажиллахыг нь анхааралтай ажиглаж байна.

Ц.Оюунчимэг “Шинэ Эрх чөлөө” сэтгүүл 2007 оны 8 сар, №01


 Нийтлэгдсэн:2007 оны 09 сарын 19 | Уншсан 7038
http://www.iaac.mn/content/57#.Vlfs3r-FFSl

No comments:

Post a Comment