12-р сарын 28 -нд
"Зиндаа” сайтын “Ярилцлага” булангийн зочноор Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал уригдлаа. Гавьяат маань “Тунгалаг Тамир” киноны Цахиур Төмөрийн гэргий Дулмаагийн дүрээр олонд танигдсан уран бүтээлч. Анх Хүүхдийн театрт дагалдан жүжигчнээр орж уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид суралцан төгсөж Хүүхдийн театр, Дархан хотын “Залуучууд” театрт ажиллан, кино болон драмын жүжгийн олон сайхан дүрийг бүтээсэн. “Мюзик холл” Театр, кино, хөгжмийн дээд сургууль, “Бэрс” хэвлэл мэдээлэл, театр, киноны дээд сургууль, КУДС-д багшилж, Эх орон телевизэд “Өглөө” хөтөлбөр, “Ерөөлтэй орчлон” нэвтрүүлэг хөтөлж, FM 104.5 радиогийн хөтлөгчөөр ажиллаж байв. Одоо TV8 телевизийн “Утга зохиолын увдис” цуврал нэвтрүүлгийн хөтлөгч редактораар ажиллаж байна. Тэрбээр ахмад уран бүтээлчийн хувьд залуу үеийнхэндээ түүчээлэн хүргэх үг сургамж, ажиглалт дүгнэлт, санаа бодлоо сэтгэл харамгүй хуваалцсаныг та бүхэнд толилуулъя.
Бидний ярилцах сэдэв тайз дэлгэцийн бүтээлүүдэд төвлөрсөн ч үг, аялгууны увдис шингээсэн дууны тухай ярилцсанаар эхлэлээ тавьсан билээ. Ард түмний дунд ардын дууны хэмжээнд хүртлээ алдаршсан олон сайхан дууны нэг бол Ардын жүжигчин Д.Түмэндэмбэрэл гуайн дуулсан “Усны тунгалаг Тамирын гол” хэмээх дуу билээ. “Энэ дууг тайзан дээр дуулахын өмнө гурван жил бэлтгэл сургуулилт хийсэн гэдэг юм шүү дээ” хэмээн МУГЖ Ш.Дэлгэржаргал яриагаа эхэллээ. “Дуучин хүн дуулах гэж буй дууныхаа үгийг нэрнээс нь эхлээд судалж, дараа нь бадаг бадгаар нь, улмаар бүхлээр нь ойлгож байж сая дуулах ёстой хэмээн Хайдав багш хэлдэг байж билээ. Гэтэл дуучид өнөөдөр дууны үгээ аваад маргааш нь дуугаа бичүүлж байна. Дуулаад байгаа мөртлөө дууныхаа үгийг ойлгоогүй явж байгаа хүмүүс их байна аа” хэмээн тэрбээр харамсангуй хэлсэн юм.
Бидний ярилцах сэдэв тайз дэлгэцийн бүтээлүүдэд төвлөрсөн ч үг, аялгууны увдис шингээсэн дууны тухай ярилцсанаар эхлэлээ тавьсан билээ. Ард түмний дунд ардын дууны хэмжээнд хүртлээ алдаршсан олон сайхан дууны нэг бол Ардын жүжигчин Д.Түмэндэмбэрэл гуайн дуулсан “Усны тунгалаг Тамирын гол” хэмээх дуу билээ. “Энэ дууг тайзан дээр дуулахын өмнө гурван жил бэлтгэл сургуулилт хийсэн гэдэг юм шүү дээ” хэмээн МУГЖ Ш.Дэлгэржаргал яриагаа эхэллээ. “Дуучин хүн дуулах гэж буй дууныхаа үгийг нэрнээс нь эхлээд судалж, дараа нь бадаг бадгаар нь, улмаар бүхлээр нь ойлгож байж сая дуулах ёстой хэмээн Хайдав багш хэлдэг байж билээ. Гэтэл дуучид өнөөдөр дууны үгээ аваад маргааш нь дуугаа бичүүлж байна. Дуулаад байгаа мөртлөө дууныхаа үгийг ойлгоогүй явж байгаа хүмүүс их байна аа” хэмээн тэрбээр харамсангуй хэлсэн юм.
Зиндаа: Уран бүтээлч хүн, тэр тусмаа дуучин хүн бүтээлээ олны хүртээл болгохдоо юун дээр илүү анхаарч, ямар алдаа гаргахаас зайлсхийх ёстой вэ?
Ш.Дэлгэржаргал: Нэг ийм дуу байдаг даа. Явлаа гэж чанга чанга битгий хэлээрэй гээд. Энэ дууны үгийг сэтгэл зүрхнийхээ угаас хэлж дуулах ёстой дуу. Гэтэл баясгалантайгаар энэ үгийг чанга чанга хэлээд дуулах нь явсанд чинь баярлаж байна гэсэн утга илэрхийлээд дуулсан хэрэг болно шүү дээ. Дууг баясгалантай дуулах ёстой гэсэн ерөнхий ойлголт байгаа болохоос дуунд амьдарна гэдэг утга учир тэр бүр харагдахгүй л байна. Тийм учраас драмын жүжигчид л дууг зүрхээрээ дуулдаг гэж ярьдаг. Яагаад гэвэл драмын жүжигчид дүрийн судалгааг асар сайн хийдэг, үгтэйгээ их ажилладаг хүмүүс учраас дууг дуулахдаа хүртэл зүрхээрээ, дотроосоо дуулдаг. Харин манай дуучид голдуу сайхан хоолой, үг, аяар дуулж байна. Гэтэл дуучид тэр гоё дуу хоолойн дээр зүрхээ нэмээд өгөх юм бол.. гэж бодогддог л юм. Манайд сайн дуучин олон бий л дээ. Гэхдээ л тийм тал их ажиглагддаг учраас үүнийг хэлмээр санагддаг.
Зиндаа: Нээрэн л зарим дуу хол хөндий санагдаж байхад, сайн дуулсан дуу шууд зүрх сэтгэлд хүрдэг шүү дээ.
Ш.Дэлгэржаргал: Зүрхээрээ тэр дууны үгийг мэдэрч, тэр дуунд гарч байгаа үгийг өөрийнхөө мэдэрсний хэрээр хүний зүрх рүү хийж өгөх ёстой юм. Тэр яруу найрагч юу бодож тэр үгийг бичиж вэ, гэтэл тэр бодролыг нь мэдэрч байж хөгжмийн зохиолч ая бичиж байгаа шүү дээ. Тэгээд үг, хөгжим хоёр чинь ямар гоё нийцэж байж дуу бүтэж байна. Үүнийг дуучин аваад өөрийнхөө зүрхийг нэмээд яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин гурвын зүрх сэтгэл нэг зүгт хөглөгдөх юм бол, тийм л дуу ардын дуу болж үлдээд байгаа юм.
Зиндаа: Үгээ буруу ойлгосноос болж буруу дуулагддаг дуу хэр их байна вэ?
Ш.Дэлгэржаргал: Нэг дууны үгийг настай хүн надад хэлж өгсөн юм. Бид нар урлагийн бригадаар хөдөө явж байгаад айлд дуулцгааж байлаа. “Гарын арван хуруу”-г дуулаад сууж байсан чинь айлын хүн “Та нар наад дуугаа ер нь буруу л дуулаад байх юм даа, хүүхдүүд минь” гээд зөв үгийг нь хэлж өгсөн.
Гарын арван хуруу нь гажаа нь үгүй шулуун
Гартаа хийсэн бөгжийг нь тольдоо нь үгүй сэтгэл үү дээ
Хар өнгийн торгоор ханцуйгаа юунд эмжлээ
Харийн хошууны чамдаа хайраа юунд өглөө гэсэн үгтэй гэж. Харийн хошуунаас ирчихээд тэр сайхан бүсгүйг хараад дурласан чинь сүйн бөгжийг нь хараагүй дурласан байгаа юм. Үүнийг би нэлээн хэдэн дуучинд хэлж өгсөн дөө. Ерөөсөө засаж дуулахгүй байгаа юм. Бас нэгэн жишээ хэлэхэд “Үймж явсан насны багад Үнэнч амрагаа танихгүй явлаа” гэдэг дууг “үймүүлж явсан” гээд дуулах нэг өөр, “үймж явсан” гэхээр үймж бужигнаж явжээ дээ. Үймж бужигнаж явах, үймүүлэх хоёр чинь ялгаатай. Иймэрхүү утгуудыг, ялангуяа манай МУГЖ Д.Сосорбарам байнга хэлдэг, өөрөө ч үлгэр жишээ дуулдаг. Энэ бүхнийг дуучид өөрсдөө л хийх ёстой ажил нь юм шүү дээ.
ТАЙЗ ДЭЛГЭЦ ГЭДЭГ ЧИНЬ ХҮМҮҮЖЛИЙН ТАЛБАР БАЙЛАА ШҮҮ ДЭЭ!
Зиндаа: Өнөөдөр дэлгэцийн зарим бүтээлд муу муухайг хэт их харуулж байна. Ийм байдлаас нь шалтгаалж монгол уран бүтээлээ таашаан үзэхэд зарим үед хэцүү. Та мэргэжлийн хүний хувьд энэ бүхний шалтгааныг хэрхэн харж байна вэ?
Ш.Дэлгэржаргал: Барууны соёл хэт их нэвтэрч байна. Дээр нь нэмээд оюуны хоосрол бий болж. Оюуны хоосролд орсон учраас агуулгаас илүү хэлбэрийг хөөцөлдөх нь ихсэж байна. Уран бүтээлд муу муухайг үзүүлэхдээ хэм хэмжээг нь хэтрүүлээд байна. Уг нь монгол ёсоор бол “Хүүхдэд улай бүү үзүүл” гэдэг. Хүүхэд бол маш их дуураймтгай амьтан. Гэтэл зарим киноны рекламнаас нь эхлээд л зүрх шимшрүүлж байна. Энэ харгис кино ший чинь хүүхдийн хүмүүжлийг эвдэж, ах захгүй хүмүүсийг бий болгоход хувь нэмрээ оруулаад байна шүү дээ. Тэгэхээр бид нар уламжлалт ёс заншил, дэг жаяг руугаа л эргэж хандах хэрэгтэй болчихоод байна.
Зиндаа: Бусад орны кино, мөн манай өмнөх үеийнхний бүтээлүүдэд ч нүдний харц, дууны нухацтай илэрхийлэл, биеийн үйлдэл, хэл яриа гээд олон аргаар дүрээ тодотгож байгаа харагдах юм. Гэтэл манай жүжигчид хоолойгоо шахаж бачимдан ярьж байгаа мэт сэтгэгдэл төрүүлээд байдаг?
Ш.Дэлгэржаргал: Манай жүжигчид харин сайн. Гагцхүү энэ нийгэм, бусармаг орчин, түүнийг шүүмжлээд “Өнөөдөр та нар ийм л болоод байна даа” гэж хэлж байна гэж боддог. Ялангуяа хариуцлагатай ажил хийж буй хүмүүс, дээдсүүд эндээс өөрийгөө олж харах хэрэгтэй. Өвөр Монголд гэхэд манай монгол жүжигчдийн тоглолтыг илүү таашаах хандлагатай байдаг. Яагаад гэвэл хятад /өвөр монгол/ жүжигчид илүү их жүжиглэлттэй, хэтрүүлсэн тоглолт ихтэй хиймэл дүр гаргадаг юм уу даа. Монгол жүжигчид их үнэн тоглодог гэж өвөрмонгол найруулагч ярьж байсан.
Зиндаа: Тэгвэл тайз, дэлгэцийн жүжигчний ялгаа гэж гараад байна уу?
Ш.Дэлгэржаргал: Дээхэн үедээ тайзны жүжигчдийг кинонд авах дургүй байсан. Яагаад гэхээр тайзныхаа өргөлтийг хийгээд, театрынхаа өргөгдсөн нөхцлөөр тоглочих гээд байдаг. Киноны жүжигчид гэж тусгайлан бэлтгэж эхэлсний учир үүнтэй л холбоотой байх. Тэгээд кинонд дуу оруулдаг дублёжийн жүжигчид гэж гарч ирж байсан юм. Киноны дуу оруулдаг жүжигчид бол тайзан дээр тоглож байгаагаас ялгаагүй шүү дээ. Ямар сайндаа л жүжигчин биш хүн дүрд тохирдог. Дүрд тохируулаад жүжигчин биш хүнийг тоглуулчихаад заавал жүжигчин хүнээр дууг нь хийлгэдэг зарчимтай байлаа. Жүжигчин биш хүн чинь тэр дүрийнхээ дотоод ертөнцийг нарийн гаргаж чадахгүй шүү дээ. Тэрийг дуугаар нь хийж өгч дүрийг товойлгож өгдөг. Жишээ нь, “Тунгалаг тамир” –ын Цахиур Төмөр бол яг ийм аргаар бүтээсэн сайхан дүр. Тэр хүнгэнэсэн сайхан хоолойг Ардын жүжигчин Н.Дагийранз агсан хийсэн юм шүү дээ. Ингэж л дүрийг тодотгож өгдөг.
Зиндаа: Дулмаагийн дүрд та өөрөө дуу оруулсан уу?
Ш.Дэлгэржаргал: Дулмаагийн дууг би Цэнд-Аюуш эгчээр хийлгэе гэж найруулагчаасаа их гуйсан. Тэгтэл жүжигчин болох гэж байгаа ухаантай л юм бол чи өөрөө хий гэж загнаад зөвшөөрдөггүй. Тэгээд дуугаа өөрөө оруулсан. Гэтэл Цэнд-Аюуш эгчийн дуу надад наалддаггүй, миний дуу Цэнд-Аюуш эгчид наалддаггүй их учиртай байдаг юм байна. Манай хуучны найруулагч нар энийг сайн мэддэг байж. Тэгэхэд Батцэцэгийн дуу, миний дуу хоёр хоорондоо уусдаг. Батцэцэг бол дүр нь “Эх бүрдийн домог” кинонд их сайхан тохироод, дууг нь би оруулж, улмаар түүний эхний дөрвөн киноны дууг хийсэн. Батцэцэг маань жүжигчин болоогүй, МУИС-ийн орос хэлний ангийн оюутан байсан учраас тэр. Ер нь жараад оны бараг бүх киноны гол дүрд мэргэжлийн бус хүн тоглосон доо. 17-20 насны залуучуудынх нь дууг Элбэгсайхан бид хоёр хийдэг байлаа.
Зиндаа: Тэгвэл жүжигчний хоолойг зураг авалтаас тусад нь хийх үнэхээр их ач холбогдолтой төдийгүй уран бүтээлийн чанарт шууд нөлөөлдөг байх нь ээ?
Ш.Дэлгэржаргал: Бидний үед бол найруулж зургаа авчихаад дараа нь дуугаа хийдэг байлаа. Чанараа бодоод дууг нь дахин хийдэг найруулагч одоо ч байгаа. Харин жүжигчин биш хүн тоглочихоод өөрөө дуугаа оруулахад дүрээ унагаачихдаг гэм бий.
Зиндаа: Тайзны жүжигчин дэлгэцийн бүтээлд тоглохоор дээрх асуудал үүсээд байх тал бий юу?
Ш.Дэлгэржаргал: Одоо драмын жүжигчид тайз, дэлгэцийн бүтээлд тоглох тал дээр ямар байх учраа олчихсон байгаа.
Зиндаа: Тэгвэл юуных вэ?
Ш.Дэлгэржаргал: Зарим тохиолдолд хиймэл сүржин, хэтрүүлсэн тоглолт хийгээд байгаа тал харагддаг. Энэ нь солонгосын жүжигчдэд их харагддаг юмыг хуулбарлахын уршиг юм уу даа. Ямар сайндаа л Нямгаваа найруулагч аргаа барахдаа “Солонгосын жүжигчид ээ, Цагаандэлгэрийн уран сайханчид аа” гээд хашхирч байхав. Энэ нь найруулагч хүн жүжигчнээсээ дотоод сэтгэлийн үнэнийг нэхсэнийх юм болов уу. Солонгосын кинонд зарим дүрд эргүү маанаг юм шиг өнгөний тоглолт харагддаг. Үүн шиг зүйл сүүлийн үеийн зарим кинонд цухалзах болсонд эмзэглэдэг. Бас зохиол гэдэг юмтай их нандин холбоотой байх. Хамгийн чухал нь зохиол байдаг юм шиг байгаа юм. Тайз гэдэг чинь жүжигчнийг голоод гаргаад хаячихдаг гэж үг бий. Энэ нь уран бүтээлч хүн өөрийгөө байнга бэлдэж, сургуулилж, судалж, бүх нөөц бололцоогоо дайчлах ёстой гэсэн л үг байх.
Зиндаа: Ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн хэлхээ холбоо манайд жаахан дутагдаад байх шиг. Ажлын байран дээр насаар ялгаварлах үзэл давамгайлж байгаа нь театр, урлагийн салбарт сөргөөр нөлөөлж байна уу?
Ш.Дэлгэржаргал: Бидний залуу байх үед багш нар, ахмадууд маш их юм хэлж заадаг байсан. Энэ юутай холбоотой гэхээр ахмад, дунд, залуу үе хамт нэг дор байж байдгийн тус юм даа. 90-ээд оноос залгамж гурван цагийн хэлхээ байхгүй болсон харагдаад байгаа. Ахмадууд театрт ерөөсөө байхгүй, бараг ихэнх нь чөлөөндөө гарчихсан. Ялангуяа драмын жүжигчин өөрөө л хүсээгүй бол 80, 90 хүрсэн ч гэсэн тэтгэвэртээ гарахгүй байж болно гэдэг бичигдээгүй хууль байлаа. Одоо тийм юм алга. Би охиноо дагаад Москвад гурван жил болоод ирсэн. Харж байхад, хуучин ЗХУ-ын жүжигчид ёстой 80, 90 хүрсэн ч гэсэн уран бүтээлийнх нь авьяас чадвар нь шавхагдаагүй хэвээр байна. Ахмадууд нь ерөөсөө тайзнаас буугаагүй ид оволзож байгаа юм. Хачин гоё санагдсан. Тэндээс бодож ирсэн. Бид нар чинь тэтгэврээ тогтоолгоод л өөрсдөө өөрсдийгөө авсалчихдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрөөд, дахин шинээр төрсөн юм шиг болоод ирсэн. Би хэдийгээр тэтгэврээ тогтоолгосон ч сүүлийн 15 жилээ сургуульд багшлаад харьцангуй бас унаагүй л дээ. Тэгэхдээ л би ерөнхийдөө унасан байна шүү гэсэн ойлголт төрж ирсэн. Манайд бол цалин мөнгөтэй л холбоотой ахмадуудыг ажилгүй гаргачихаж байна. Хэдэн жилийн өмнө манай залуучууд нэг арга хэмжээ явуулсан чинь “манай ахмад уран бүтээлч” гээд жүжигчин Б.Нармандах гараад ирсэн чинь миний бүр гол харласан шүү дээ. Бидний үеийнхэнд Нармандах чинь хүүхэд. Гэтэл бид нэг үедээ байж байхад, Нармандах залуучуудынхаа толгой болоод явж байх ёстой байтал “ахмад” гэж хэлэгдээд сууж байх нь, яг уран бүтээлчдэд бол буруу юм шиг санагдсан. Энийг яагаад хэлж байна гэхээр ахмадуудаас авч үлдэх юм асар их байдаг. Театрын тайзан дээр ахмад, дунд, залуу гурван үеэрээ хамт байх юм бол урьд өмнөх өвийг авч үлдэж чаддаг юм шүү дээ.
Зиндаа: Кино үйлдвэрийн тухайд та ямар бодолтой байна вэ?
Ш.Дэлгэржаргал: Кино үйлдвэр чинь мундаг том үйлдвэр байсан юм. Ер нь тэр чигт нь хөгжүүлсэн бол их том павильон, эдлэл хэрэглэл гэж бүгд жинхэнэ. Кино үйлдвэр бол тухайн үедээ үнэхээр гоё байсан. Ер нь улсын чанартай үйлдвэрүүд алга болсны гор юм даа. Одоо кино үйлдвэрийг шинээр байгуулна гээд ярьж байгаа дуулдах юм. Тухайлбал, Оросын Мосфильм гэхэд ерөнхийлөгчийнхөө ивээл дор байдаг гэсэн. Солонгост бас урлаг нь ерөнхийлөгчийн ивээлд байдаг. Манайх чинь өмнө нь урлагийг ямар их дээд зэргээр харж үздэг байсан гэж бодож байна. Тэр бодлогоо сэргээх хэрэгтэй санагддаг.
ДҮРИЙГ МУУ ГАРГАНА ГЭДЭГ ДҮРЭЭ СУДЛААГҮЙ, ДҮР ДЭЭРЭЭ АЖИЛЛААГҮЙ, ДҮРИЙН БОЛООД ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГАА ҮГИЙНХЭЭ УТГА УЧРЫГ ОЙЛГООГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ
Зиндаа: Жүжигчин гэдэг мэргэжлийн онцлогийг тодорхойлбол?
Ш.Дэлгэржаргал: Мэргэжлээ бид нар хайрлаж явах ёстой юм. Мэргэжлээ хайрлаж байж хүний зүрх сэтгэлд өгч, өөрөө зүрх сэтгэлээ тэжээж явна гэж надад бодогддог. Энэ бол бүгд л манай ахмадуудын надад хэлж өгсөн зарчим шүү дээ. Багш нарынхаа заасан бүхнийг өртөөлөн цааш нь дамжуулах гээд хэлээд байна. Энийг бас дараа үеийнхэн нь авах учиртай юм. Мэргэжилдээ ханаж болохгүй гэж багш найруулагчид маань их сургадаг байсан. Ямар ч уран бүтээлд оролцохоос хоёр цагийн өмнө бүгд цугладаг байлаа. Тэгээд бие, сэтгэл санаагаа бэлдээд тайзан дээр их тайван гардаг. Гомбосүрэн багш л гэхэд байнга дүрдээ орчихсон байж байдагсан. Театр бол галзуугийн больниц гэгддэг байлаа. Хаа сайгүй дүрээ бодоод, бэлдээд, тэр сайхан бэлтгэлээрээ тайзан дээр гарахаар сэтгэлд их хөнгөн байдаг юм. Тэгэхгүй гялс ярьж байгаад л гялс гарахаар дүрийнхээ гүн гүнзгий утга санааг хэлж гаргаж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал гарна биз дээ.
Зиндаа: Жүжигчин мэргэжлийн хүмүүсийг зөвхөн дээд боловсролын тогтолцоогоор бэлтгэх нь хэр оновчтой вэ?
Ш.Дэлгэржаргал: Хөгжимчид, бүжигчид, дуурийн дуучдыг бага наснаас нь эхлэн бэлддэг шиг сонгодог урлагийн жүжигчдийг багаас нь бэлтгэх хэрэгтэй санагддаг. Байгалиас заяасан авьяас гэж байдаг юм билээ. Манай Цээнямбуу гэхэд пионерийн ордны жүжгийн дугуйланг төгссөн. 10-р анги төгсөөд шууд театрт ороод “Хар санаа ба хайр сэтгэл” жүжгийн Луйзад тоглож байлаа. Пионерийн ордонд Чүлтэмжамц, Дугар гэж хоёр багш суурийг нь маш сайн тавьсан байх. Хамгийн гол нь өөрөө байгалиас заяасан авьяастай байж дээ. Сонгодог жүжгийн эмэгтэй гол дүр ер нь 14-16 насны охид, хөвгүүд байдаг. Театрт 8, 10 дугаар анги төгссөн авьяастай залуусыг дагалдангаар авч зургаан сарын хугацаанд туршаад, шалгалт аваад тэнцвэл жинхэлдэг байлаа. Байгалиас заяасан авьяастай залуусыг Оюун багш сургуульд оруулдаггүй байсан гэдэг. Эвдэрчихнэ гээд. Жишээ нь АЖ Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, Д.Цээнямбуу нарыг нэрлэж болно. Одоо бол байгалиас заяасан сайхан авьяастай залуучууд сургуульд сурах гэхээр төлбөрийн чадвар хүрэлцэхгүй байх, театрт дагалдан авахаа больсноос тэдний авьяас илэрч чадахгүй, жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэх боломжгүй байгаад сэтгэл гонсгор явах юм даа.
Зиндаа: Жүжигчин хүний бусдаас ялгарах онцгой чадварын илэрхийллийг бодит дүр дээр жишээ авч яривал?
Ш.Дэлгэржаргал: Мэргэжлийн жүжигчин хүний нэг онцлог чанарыг багш нар маань бидэнд сургадаг байлаа. Энэ нь тайз дэлгэцэнд болж байгаа үйл явдалд жүжигчин хүний дотоод сэтгэлийн илэрхийллээр уйлах тохиолдолд жүжигчин хүний самсаа шархирч хоёр нүдний аяга дүүрэн нулимс бүрхээд ирэхэд үзэгчид мөн адил тэгдэг. Харин тэр үед жүжигчин нулимсаа унагалгүй татаж байхад үзэгчдийн нулимс өөрийн эрхгүй асгардаг. Харамсалтай нь жүжигчдийг асгаруулан мэлмэрүүлэн уйлахгүй болохоор үзэгчид хүлээж авахгүй тал байдаг. Мэргэжлийн жүжигчид бид энэнд нь хөтлөгдөөд үзэгчдийн аясаар явдаг. Гол нь зритель уйлж байх ёстой байхгүй юу. Энийг бол ёстой гайхамшигтай үзүүлсэн нэг кино бий. “Мандухай цэцэн хатан” кинон дээр Мандухай хатан хоёр нуган үр төрүүлчихээд Батмөнх даян хааныг хүлээж байгаа хэсэг. Нуган үр төрүүлнэ гэдэг эх хүнд хамгийн эрхэм юм. Тэгээд их сайхан байж байтал хаантан нь Алтжинг бага хатнаа болгож авлаа гэсэн мэдээ ирдэг шүү дээ. Тэгэхэд яг л ингээд нулимс нь аягыг нь дүүрч ирээд л эргээд цааш нь татаад, нэг их гоё. Аргагүй л жүжигчин хүн ийм байх ёстой гэдгийг харууллаа даа, манай Сувдаа гээд би их бахархаж байсан.
Зиндаа: Их сонирхолтой жишээ байна. Таны багш, найруулагчид ямар арга барилаар ажилладаг байв?
Ш.Дэлгэржаргал: Ер нь хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл нүдэнд заавал илэрч гарч байх ёстой гэдгийг манай Оюун багш их хэлдэг байсан. Нүд, нүд, нүд гээд л. Гэтэл Ванган багш болохоор дуу хоолойны интонац дээр анхаарч, энүүгээр нь хүнийг зөв ярьж байна уу, буруу ярьж байна уу гэдгийг их мэдэрдэг хүн байж. Ванган багш бол доошоо хараад сонсоод л суугаад байна. Яриад л явж байтал зогс, стоп, худлаа. Шал худлаа ярьж байна чи гээд л. Оюун багш бол ерөөсөө нүд ширтээд суучихдаг. Нүд нүд, чи дотор чинь хов хоосон болохоор нүд чинь хов хоосон байна шүү дээ, хонгор үр минь гээд суучихна.
Зиндаа: Сүүлийн үеийн зарим кинонд жүжигчин нь “Би дүрд тоглож байгаа” гэх байдалтай тоглосон нь харагддаг. Энэ юутай холбоотой вэ?
Ш.Дэлгэржаргал: Энэ бол дүрээ судлаагүйтэй л холбоотой. Хоёрдугаарт, уран бүтээл дээр ажиллаж байгаа нь солонгосын кинонуудыг их дуурайгаад байна уу гэмээр ажиглагддаг. Ер нь дүрийг муу гаргана гэдэг дүрээ судлаагүй, дүр дээрээ ажиллаагүй, дүрийн болоод хэлж ярьж байгаа үгийнхээ утга учрыг ойлгоогүйтэй шууд холбоотой. Үүнээс болж хүнд үнэмшигдэхээр биш, хүний зүрх сэтгэлд үлдэж чадахгүй дүр бий болж уран бүтээлийн чанарт ч нөлөөлдөг.
Зиндаа: Одоо тайз дэлгэцийн бүтээлүүд дээр гарч байгаа, та л хэлэхгүй бол өөр хүн хэлэхгүй, анхаараасай гэсэн ямар шүүмж байна вэ?
Ш.Дэлгэржаргал: Манай уран бүтээлчид судалгааг их сайн хийсэн л гэж яриад байна. Гэхдээ тэр жинхэнэ судалгаа байна уу, үгүй юу? Жүжигчин хүн жүжгийн болон кино зохиолоо аваад заавал гараараа хуулж бичих ёстой байдаг юм. Түүн дээрээ ажиллаад, дэвтэртээ хаана нь яаж хэлэх вэ, гуних уу, инээх үү гээд тэмдэглэдэг. Манай Гэндэн багш жүжигчин хүний дэвтэр улаан эрээн байх ёстой гэдэг байсан. Тэр улаанаараа тодотголуудаа хийж аваад, тэр дэвтэр дээр өөрийнхөө бүх бодол санааг гаргадаг, найруулагчийн хэлснийг тэмдэглэж авдаг ийм ажиллагаа заавал байх ёстой юм. Одоо бол зохиолыг хэвлээд өгчихнө, тэрийг нь барьж байгаад ямар ч харандаа хүрэхгүй, бичсэн үгээр нь тоглоод явчихаж байна. Гэтэл тэр зохиол дээр бичгийн хэлээр бичсэн байдаг. Дэвтэрт хуулж авдагийн учир юу вэ гэхээр, бичгийн хэлнээс ярианы хэл рүү хөрвүүлж байгаа юм. Тийм ч учраас жүжигчний ангид бичгийн хэлнээс яриа руу хөрвүүлж авах хичээл ордог. Тэр хичээлийг нь дэвтэр дээр ажиллаж байж л сурч авна. Энэ судалгаа дутагдаж байгаа гэж боддог. Нөгөөтэйгүүр дүрийн судалгаа гэдгийг багш нар маш сайн хэлж заадаг. Судалгаа гэдэг нь дүрийнхээ намтарыг зохиолоос нь эхлээд, зохиогч юуг хэлэх гэсэн болон тухайн цаг үе, зан заншлыг судлахаас эхлээд асар өргөн хүрээтэй ажил байдаг. Мөн харилцаж байгаа хүнийхээ хэлж ярьж буйгаас ч бас өөрийн дүрээ тодотгох гээд их юм бий. Үүнийг л орчин үеийн кинон дээр хийхгүй харагдаад байна уу даа. Түүхэн кинонуудын дүрийг бол арай илүү ажиллаж судалж байх шиг байгаа юм.
УРЛАГИЙН БҮТЭЭЛ ДЭХ МОНГОЛ ДҮР ТӨРХ АЛГА БОЛЖ БАЙГАА НЬ СЭТГЭЛ ЭМЗЭГЛҮҮЛДЭГ
Зиндаа: Урлагийн бүтээл дэх монгол дүр төрхийн тухайд таны бодлыг сонсъё.
Ш.Дэлгэржаргал: Түүхэн кинонуудад монгол дүр төрхийг аргагүй л гаргасан байдаг. Орчин үеийн кинонд монгол дүр төрх илэрхийлсэн нь байна, гэхдээ ховордох гээд, солонгос киноны стиль рүү ороод байна. Ялангуяа эмэгтэй хүн, охид нэгэндээ атаархах, нэгэндээ хортой юм хийх, хор хонзон санах. Энэ чинь уг нь монгол зан чанар биш юм шүү дээ. Энийг чинь бүр эрт дээр үеэс эхлэн цээрлэж ирсэн араншин. Гэтэл арван жилийн сургуулийн хүүхдүүдийн дунд хүртэл ийм зүйл болж байгаа тухай нэг кино хийгдсэн байсан. Хотын хүүхэд хөдөө очоод, хот хөдөөгийн ялгаа дунд охид хоорондын тэмцэл гарч байгаа юм. Ийм зүйлд маш их сэтгэл эмзэглэдэг. Яагаад гэхээр тэр чинь монгол дүр төрх биш байхгүй юу. Монгол дүр төрх гэдэг чинь зүгээр харагдах өнгөнөөсөө монгол дээл өмсөөд намбайгаад алхаад байна гэсэн үг биш, харин зан чанар, үзэл бодол, ухамсар, хүмүүжил юм. Тэр бүхэн энэ уран сайхны дүрүүдээс үнэхээр л алга болоод байна. Ялангуяа сүүлийн үеийн кинонууд юу хэлэх гээд байгаа нь тодорхойгүй, хэрэлдээд байгаа хэлцээд байгаа нь ч ойлгогдохгүй бүдүүлэг хэл яриатай, хүмүүжилгүй охид залуучууд л байх болоо юу даа. Залуучууд хүүхдүүд үзээд чухам юуг авч үлдэх вэ гэдгийг заримдаа ойлгохгүй юм аа. Тэгэхдээ л уран бүтээлчид ер нь монгол ёс, зан заншил, монгол төрхөө гээсэн уран бүтээлээс татгалзаж, гадныхныг шүтэн хуулбарлахгүй байгаасай гэж хүсэж байна. Энэ тал дээр их л юм хэлмээр байх юм даа. Төр засаг минь хөдөөгийн хөгжил, дэд бүтэц рүү анхаарлаа төвлөрүүлээсэй. Монголоо битгий уусгачихаасай.
Зиндаа: Монгол дүр төрхийг уран бүтээлд илэрхийлэхдээ юуг нь тодотгох шаардлагатай харагдаж байна вэ?
Ш.Дэлгэржаргал: Монголгүй зан араншинг илэрхийлсэн кинонууд захаасаа аван гарч байна. Сайхан үерхэл нөхөрлөлийн тухай, сайхан хайрын тухай, сайхан хүндлэл, энэрлийн тухай кинонууд ч гарч л байна. Жишээ нь “Хувь тавилангийн ээдрээ” гэж киноны төгсгөлийн 60-р анги их гоё төгслөө. Тэр бие биендээ муу санаж хорсож явсан санаа бодлоо цайруулаад төгсгөж байна. Энэ нь бидний ээж аавын сургаж ирсэн “Хүн бүхэн сайн муу талтай. Сайн тал ч бий, муу тал ч бий. Арван муу юм байлаа гэж бодоход нэг гялтайсан сайхан юм байх ёстой. Тэрийг л олж хараад харьцаж бай” гэж миний ээж сургадаг байсан. Яг ээжийн энэ сургаалыг л саяын кинон дээр харлаа даа. Сайхан санагдлаа. Ийм кино олон хийгдэж байгаа. Гэтэл солонгос кинон дээр өс хонзон санаад цусны, ясны, бүр удмын өшөө болоод байдаг. Ийм юм монгол хүнд байгаагүй юм аа. Онегинд тоглосон Дамиран дуучин театрын дарга хийж байсан юм. Жүжигчид хоорондоо сайндаж муудалцах зүйл гарна. Тэгэхэд “Та нар яасан хэцүү хүмүүс вэ. Бүх насаараа хонзон болохгүй шүү дээ. Одоо та нар ингэж үтэр ятар хийгээд яах юм. Нэгнийгээ өнхрөөд өгөхөд аль сайныг нь бодоод л уйлахаас хойш” гэдэг байсан. Монгол төрх гэдэг энэ л юм даа.
Зиндаа: Урлагийн бүтээлээр дамжуулж нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлж буйн жишээг дурдвал?
Ш.Дэлгэржаргал: “Гарын таван хуруу” кино хийгдэхэд эргээд бүтэн гэр бүл болж нийлсэн айл байдаг юм. Урлагийн бүтээл гэдэг ингэж эргээд хүний амьдралд өгөөжөө өгөх ёстой гэж бодож байна л даа. Энэ уучлах, уужуу хандах, өршөөх, энэрэх уужуу сайхан сэтгэл гэж байх ёстой. Чингис хаан дандаа дайсны талынхаа хүмүүсийг нөхрөө болгоод авчихдаг байсан. Тэр хүний уучлах сэтгэл их агуу байна аа даа. Гэтэл хонзон өвөрлөөд явж байгаа хүний сэтгэлд гэгээ орж ирдэггүй. Цаг үедээ гарцаагүй гарах юм гараад л явдаг. Зөв нь буруугаа, зөөлөн нь хатуугаа иднэ гэдэг. Тэгэхээр зөв талаас нь бодож уучлаад өөрийнхөө сэтгэлийг ариун байлгая гэж л хүн бодох хэрэгтэй. Муу санаа өвөрлөөд хонзон санаад байх юм бол өөрийнх нь сэтгэл тайвшрахгүй учир өөрөө зовно. Тийм л юмыг жаахан гаргаж өгч баймаар юм шиг. Тэрийг л сая “Хувь тавилангийн ээдрээ” киноны төгсгөлд хийгээд өглөө. Эндээс хүн байхын учир гэдгийг бодоосой. Кино үзэхдээ юуг нь амьдралдаа хэрэгжүүлж авах вэ, юуг нь гээх вэ гэдгээ бодох нь их чухал юм. Ном уншихдаа ч, театр үзэхдээ ч, кино үзэхдээ ч тунгааж бодож байх ёстой гэдгийг ялангуяа багш нар маань их сургадаг байсан даа. Тийм учраас номыг уншихдаа доод тал нь таван удаа унш, ширээний ном болгоно гэдгийн учир чинь бараг өдөр болгон уншиж байх учиртай юм шүү дээ гэдэг байлаа. Тэгэхээр энэ зохиолыг бичсэн, энэ уран бүтээлийг хийсэн хүн хэчнээн их зовж байж бүтээж байна. Энэ хүмүүс юу хэлэх гээд ингэж зовж зүдэрч хийгээд байна гэдэг тэр зорилгыг ойлгож авч чадах юм бол бидний ч гэсэн хэрэг бүтэж байна шүү дээ. Залуучууд маань сайн юм л хийх гэж мэрийж яваа. Гэхдээ бусдад юу өгөх вэ гэдгийг маш сайн бодох учиртай болов уу. Сүүлийн үеийн кинонууд маргалдаад хэрэлдээд байгаа ч юм шиг хүмүүжилгүй, ёс суртахуунгүй охин, эр хүний төлөв чанаргүй эрчүүд л гаргаад байх болж. Энэ бол монгол биш юм. Ер нь монгол эр хүн л ховордоод байна аа даа. Хов ярилцдаг эр хүн байхгүй байсан л санагдах юм.
Зиндаа: Зарим кино бүтээлд үзэхэд ч хэцүү үйл явдал харуулах юм. Ингээд муу муухайг дэлгээд байх нь хэр зөв байдаг юм бэ?
Ш.Дэлгэржаргал: Хэцүү кинонууд бий л дээ. Хүний гол гогодсон хэцүү юмнууд. Дээр үед манай багш нар “Энэ чинь их түгээмэл асуудал биш. Мэр сэр гардаг асуудлыг тэгж дэлгэж тавих учиргүй” гэж бид нарт ойлгуулдаг байсан юм шүү дээ. Тэрийг чинь дэлгээд тавьчихаар болчимгүй нэг нь дуурайж байна. Хүнийг их харгис хэрцгий болгож байна. Энийг нуухаас өөр аргагүй гэдэг байлаа. Юуг харуулах, юуг харуулахгүй байх гэдэг асуудал дээр урлаг, улс төр хоёр адил юм. Урлагт ч, улс төрд ч бодлого гэж байдаг. Ялангуяа урлаг бол гэгээлэг зүйлийг харж, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг маш хүчтэй өрнүүлэх үүргийг нийгмийнхээ өмнө хүлээж байдаг юм шүү дээ. Дээр нь тэр Их хурлын гишүүдийн хэрүүл, элдэв муухай мэтгэлцээнийг бид, ялангуяа хүүхэд залуучууд ер нь харах ямар хэрэгтэй юм бэ? Эд маань өөрсдөө ямар ч үлгэр дууриалгүй байна шүү дээ.
Зиндаа: Хошин шогийн мэдрэмжийг урлагийн бүтээлд нэлээд зохисгүй илэрхийлж байгаа харагдах юм. Мөн хөдөөгийнхөн гэхээр болхи бүдүүлэг гэж харуулах хандлага давамгайлж байх шиг?
Ш.Дэлгэржаргал: Хошин урлаг, инээдэм гэдэг бол их том, мэргэжлийн чухал зүйл. Жишээ нь оросын жүжигчид бол гадна төрх, хөдөлгөөн гэж нэг их гоёчилохгүй. Зүгээр яриад сууж байхад л нирхийтэл инээж байдаг. Тэрэнд чинь зохиол бас хэрэгтэй. Их сайхан зохиол гаргаад ирэх хүн байхгүй болохоор энэ хүүхдүүд чинь өөрсдөө нийгэмд байгаа дутагдалтай юмнуудыг хэлж өгөх гээд зүтгэж байна л даа чааваас. Энэ дотор бас тайзан дээр хүнд хэлж болохгүй юмнууд хэлэгдээд байна гэдгийг ойлгохгүй байна. Бас нэг зүйл гэвэл эмэгтэй хүний дүрд тоглодог эрчүүд. Жишээ нь, оросын хошин урлагт эмэгтэй хүний дүрд тоглодог хоёрхон л эрэгтэй байдаг. Нүдний шил зүүгээд, алчуур өмсөөд суудаг хоёр жүжигчин. Гэтэл манайд хэд болж байна. Зарим зүйл нь эмэгтэй хүнийг хэт доромжлонгуй, хөдөөгийн хүмүүсийг бүдүүлэг, маанаг юм шиг үзүүлсэн хандлага харагддаг. Үзэгчдээ л инээмтгий хүн болгоод байна уу? Хошин урлагийнхан маань мэргэжил тал руугаа анхаарах цаг болж. Ер нь тайз, дэлгэцийн соёл гэдгийг сайн бодох хэрэгтэй юмуу даа гэж бодогддог. Гэтэл одоо хошин урлагийн тоглолтоор монгол хүний яс маханд нь байхгүй юмыг хийж өгч байна. Нэг удаа Оюун багш Дарханд очоод жүжиг үзээд гарч ирээд “Дарханы үзэгчдийг чи инээмтгий хүн болгочихож” гэж Нямгавааг загнасан. Тэр нь охины ээж, найз залууг нь ямар мэргэжилтэй билээ гэж асуухад “Шүдний эмч” гэж хариулахад нь үзэгчид нирхийтэл инээсэн юм. Үүнийг “Шүдний эмч гэхэд яагаад инээв? Энэ чинь драмын жүжиг” гээд загнаж байсан. Найруулагч үүнийг инээдэмтэй хэлэх тавилт хийсэн юмуу, эсвэл жүжигчний дүрийн эрэл байсан юмуу. Энэ учрыг л олох хэрэгтэй. Уг нь хот, хөдөөд урлагийн дэд бүтцийг сайн хөгжүүлээд олон драмын театртай болох юм бол драмын урлагаар амжилт олох боломжтой олон жүжигчин хошин урлагийнхан дотор байгаа харагддаг.
Зиндаа: Уран бүтээлчээр дамжуулж нийгэмд түгээх зохистой хандлагын талаар хийж чадах зүйл байгаа биз дээ?
Ш.Дэлгэржаргал: Жүжигчний ангид хичээл зааж байхдаа би “Хүнд атаархал биш цагаан өрсөлдөөн л байх ёстой шүү” гэж хэлдэг байсан. Энэ театр урлагт байгаа атаархлыг таслан зогсоох ажлыг багш нар хийх ёстой юм даа гэж бодож явдаг. Театр гэдэг бол ариун сүм. Тэр ариун сүмийг ариун байлгахын тулд хүн өөрөө ариун нандин байх учиртай гэж манай багш нар сургадаг байсан даа.
Зиндаа: Манайд урлагийнхны хөдөлмөр, бүтээл арай л хожуу үнэлэгдээд байх шиг санагдах юм?
Ш.Дэлгэржаргал: Уран бүтээлч хүнийг ид оргилж байх цагт нь алдар цолыг нь өгчихөд түүгээрээ дуудуулаад тайзан дээр гарч байхдаа урам нь сэргээд эрч хүч ороод явж байх учиртай юм уу даа гэж бодогдож байна. Одоо бид тэтгэвэрт гарсан хойноо энэ алдар цолыг авах сайхан л байна. Гэхдээ хэзээ, хаана энэ цолоороо дуудуулж тайзан дээр гарах юм? Аваагүй байхад энэ цол хэргэмийг чинь өгчихөөд ард түмэн өөрөө хүрээлчихдэг юм билээ. Ард түмэн хүрээлээд арав гаруй жил болсон хойно энэ цолыг албан ёсоор авна гэдэг чинь, ядаж энэ цолоороо дуудуулаад гараад байх юм байхгүй. Тэгэхээр уран бүтээлч хүнийг хөглөж байдаг юм бол энэ байж болох юм гэж бодогддог. Жишээ нь “Маамуу нааш ир” дууг дуулдаг В.Долгор дуучин байна. Саяхан бүх цэцэрлэгүүд нэгэн зэрэг дууллаа, ямар гоё байв. Яг тэр үед “Ардын жүжигчин” цолыг нь өгүүлсэн бол хэчнээн сайхан байх байв. Урлагийн залуу үеийнхнээс Б.Амарсайхан, Ц.Баясгалан, С.Баттулга /филармони/ гээд гайхамшигтай хөдөлмөрч, мэргэжилдээ хайртай залуучууд олон байна. Б.Амархүү байна. Өөр улс орон гавьяат цол өгчихөөд байхад ийм хөдөлмөрч, авьяастай хүүг бид дэмжих хэрэгтэй. Одоо залуу үеийнхнийгээ урмаар тэтгэх цаг болжээ.
Зиндаа: Та Соёлын яамны талаар ямар бодолтой байдаг вэ?
Ш.Дэлгэржаргал: Соёлын яамгүй болсон явдал урлаг соёлыг эхээсээ салсан өнчин хүүхэд шиг болгочихоод байна. Соёлын яам бол бодлого боловсруулдаг газар. Чадвартай мэдлэгтэй хүмүүс энэ бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж явдаг. Саяхан нэг хүн С1-ийн ярилцлагад “Урлагийнхан Соёлын яамгүй болчихлоо гэж гоншигноод байна. Тэр яам гэдэг нь МУСТА, МУГЖ, МУАЖ-ийг нь тодорхойлдог юм байна л даа” гэхэд яав даа даанч, ийм сайхан залуу ийм өчүүхэн бодолтой, хоосон толгойтой байх гэж. Нөгөө оюуны хоосрол чинь энэ шүү дээ гэж харамслаа. Нэвтрүүлгийн төгсгөлд харсан болохоор хэн гэдгийг нь даанч мэдсэнгүй. Соёл урлаг бол улс орны нүүр царай, хөгжлийг тодорхойлдог зүйл. Энийг дээрээ ч, доороо ч мэдэхгүй болж. Ялангуяа төрийнхөн бүр ч ойлголтгүй харагдах юм. Мөнгөнөөс өөр юм нүдэнд нь харагдаж, сэтгэлд нь бодогдохгүй, нэр солих ажил л их том ажил нь болоо юу даа гэж харамсаж байна. Тэгэхдээ хүн гэдэг чинь урмаар тэжээгдэж явдаг юм шүү дээ. Гэтэл хөөрхий муу урлагийнхан харин ч бор зүрхээрээ энэ бусармаг нийгмийн харалган шуурганд сөрж яваа дайчид шүү.
Зиндаа: Танд баярлалаа.
Ярилцсан: Ц.Оюунчимэг
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN