Tuesday, January 24, 2017

ХОЁР ЗАСГИЙН ГАЗРЫН НҮҮР ҮЗСЭН 2016 ОН


2016 оны 12-р сарын 30 -нд
Хоёр оны зааг гэдэг амжилт ололт, алдаа оноогоо дүгнэн, цаашид хэрхэх вэ гэдгээ шийддэг нэгэн чухал үе билээ. 2016 ба 2017 оны зааг дээр монголчууд маань бүгд л энэ оны ажлаа дүгнэн, ирэх оны ажлаа төлөвлөж байна.
Оны эхэнд “Шийдлийн” хэмээх Ч.Сайханбилэгийн засгийн газар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, уул уурхайн томоохон төслүүдээ хөдөлгөнө хэмээн мэдэгдэж байсан улс төр, эдийн засгийн нөхцөл байдал ердөө нэг жилийн дотор орвонгоороо өөрчлөгдөж, “Мэргэжлийн” хэмээх Ж.Эрдэнэбатын засгийн газар эрх барихдаа ямагт хямралын талаар ярьж буйг энэ оны гол үйл явдал хэмээн нэрлэж байна. Хоосон чанарын тод жишээ гэмээр, нөхцөл байдал алга урвуулахын төдийд өөрчлөгддөгийг харуулсан энэ хоёр засгийн газрын үйл ажиллагаа зарим талаар төстэй. Аль аль нь энэ онд төрийн эрх барьж байсан болон барьж байгаа засгийн газар. Аль аль нь төдийлөн даацтай алхам хийж чадаагүй буюу чадахааргүй харагдаж буй ерөнхий сайдууд.
Тэд ерөнхийдөө намын жанжин шугамаар гэж нэрлэгдэхүйц байр суурийг баримталж ирсэн төдийгүй аль аль нь өмнөхөө үгүйсгэсэн бодлогоор ажлаа эхэлсэн гэдгээрээ ч төстэй. 28 дахь ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь Ардчилсан намын засгийн газрыг хуйвалдааны гэмээр аргаар унагасны дараа засгийн эрхэнд гарсан бол, 29 дэх ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр үнэмлэхүй ялалт байгуулсан Монгол Ардын намын засгийн газрыг толгойлж буй ерөнхий сайд. Аль аль нь хурц хүмүүс биш. Тэд яг адил итгэл найдвар төрүүлж гарч ирсэн ч, хүлээгдсэн үр дүндээ эхнийх нь хүрч чадаагүй бол, дараагийнх нь хүрч чадах эсэх нь эргэлзээтэй харагдаж буй.
Гэхдээ тэд зарим талаараа ялгаатай. Жишээ нь ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны 5 дугаар сард  Арабын нэгдсэн Эмират улсад айлчилж, Дубай хотноо ирсэн өдрөө “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг  зурах ёслол"-д оролцон, Монгол-Эмиратын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад үг хэлсэн. Тэрбээр айлчлалаас буцаж ирмэгцээ “Бид өнгөрсөн өдрүүдэд Оюу-Толгойн 6 тэрбум ам.долларын том хөрөнгө оруулалтын асуудлыг шийдлээ. Дээр нь айлчлалын үеэр Дубай хотноо CIB гэдэг банк санхүүгийн групптэй гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Монгол Улсад Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулахаар шийдэж, Сангийн яам, CIB group-ийн хооронд санамж бичигт гарын үсэг зурлаа. Тавхан өдрийн дотор Энэтхэгийн нэг тэрбум зээлээр, Оюу-Толгойн нэг тэрбум хөрөнгө оруулалтаар, АНЭУлсаас хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж нэг тэрбум ам.доллар, ингээд 8 тэрбум ам.долларын асуудлыг шийдэж чадлаа” хэмээн мэдэгдэж байв.
Түүнийг айлчлал хийгээд ирсний дараа тухайн үеийн УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар мэдээлэл хийж, “Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барихаар болсон” гэдгээ мэдэгдэж байсан. Тэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалын үеэрээ “Рио Тинто” группын төлөөлөгчидтэй “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсныг эсэргүүцэж, ерөнхий сайдын энэ удаагийн Оюутолгойг хөдөлгөсөн шийдэл нь ард түмний эрх ашигт нийцээгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байв.
Харин Ж.Эрдэнэбат сайдын хувьд 2016 оны 10 дугаар сард Япон улсад айлчилж, “Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцон үг хэлсэн. Монгол, Японы стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх зорилготой дунд хугацааны шинэ хөтөлбөр байгуулахаар тохирч, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх гол ажлаа хөтөлбөрт тусгахаар ярилцсан, Монголын сайн чанарын нүүрсийг Японы зах зээлд худалдан борлуулах санамж бичгийг "Энержи Ресурс" компани болон Японы "Сумитомо" групп хооронд байгуулсан. Хэдий тийм ч Японоос эхлүүлсэн анхны айлчлалаа Ерөнхий сайд “зээл тусламж гуйхаасаа илүүтэй, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах зорилготой” хэмээн тодорхойлсон тухай хэвлэлийн мэдээлэлд дурдагдсан байдаг.  Монгол Улсын сан хөмрөг хоосорлоо, улс маань дампуурлаа хэмээн засгийн эрх авмагцаа зарлаж суусан ерөнхий сайдын хувьд ийнхүү нэрэлхэх нь хачин шийдэл биш гэж үү? Тэр Монгол Улсынхаа өмнөөс, монголчуудынхаа өмнөөс бусдаас тусламж гуйхаас ичингүйрдэг бололтой юм. Үүгээрээ тэр Ч.Сайханбилэг ерөнхий сайдаас өөр аж.
Ч.Сайханбилэг ерөнхий сайд УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа дуусах гэж байх мөчид Монгол Улс Эрдэнэт УБҮ-ийн 49 хувийг өөрийн болгож, монголчууд 100 хувь эзэмших боломжтой болсон талаар дуулиантай мэдэгдэл хийсэн нь өнөө ч маргаан дагуулсаар буй. Гэхдээ л “Эрдэнэт” УБҮ монголчуудынх болсон. Тэгвэл Ж.Эрдэнэбат сайдын засгийн газрын хувьд БНХАУ-аас их хэмжээний хөнгөлөлттэй зээл авах гэж байтал Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад айлчилснаас болж гадаад харилцаанд хүндрэл учирлаа хэмээн, тус засгийн газрын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил бараг л уучлал гуйж, манай засгийн газрын үед дахин хэзээ ч ийм зүйл хийхгүй гэсэн тухай мэдээлэл нь олон нийтийн дунд шуугиан тариад буй. Ж.Эрдэнбатын засгийн газрыг огцруулах асуудал ч намын нөхдийнх нь дунд яригдаж, өргөн барих бичиг төлөвлөгдсөн тухай хэвлэлд нийтлэгдэж байсан нь 28 ба 29 дэх ерөнхий сайдуудын хувьд тохиолдсон ижил төстэй гэмээр үйл явдлууд хэмээн нэрлэж болно.
Ч.Сайханбилэг ерөнхий сайд эх орондоо АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, өндөр боловсролтой, юм үзэж нүд тайлсан залуу хүний ёсоор ажиллан, уулзалт ч маш амжилттай болж өнгөрсөн. Монгол Улсын нэр хүнд асар их дээшлэн, олон улсын түвшинд шагшигдаж байх тэр мөчид Ж.Эрдэнэбат ерөнхий сайд энэ бүх сайхан үр дүнгийн араас баллуурдах ажлыг “араа бодохгүйгээр” хийж, Монгол Улс дампуурах гэж буйг зарласан. Тухайн үед Ж.Эрдэнэбат өөрийн намыг аврагч бурхан мэт харагдуулах явцуу бодолд хэт автан, зөвхөн нам дотроо л ажиллаж үзсэн хүний байр сууринаас хандсан биз гэж харагддаг. Одоо ч тэрбээр жинхэнэ ерөнхий сайд болж хараахан амжаагүй байж мэдэх юм. Гэхдээ л өөрийн үг хэл, үйл хөдлөлөөрөө баллуурдсан бүхнээ дахин сэргээхээр хичээж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан бөгөөд тус зөвлөл Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк, санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг хүлээх аж. Эдийн засаг, банк, санхүүгийн тогтолцоонд тулгарч байгаа хүндрэлийг даван туулах, цаашид тогтвортой өсөлтийг хангах, макро эдийн засгийг тогтворжуулах, бизнес, хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зэрэг чиглэлээр оновчтой арга зам, арга, хэрэгслийг тодорхойлон, санал боловсруулж Засгийн газарт танилцуулж байх энэхүү Орон тооны бус Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө ахлаж байна. “Тус зөвлөлийн гишүүдэд Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Банкны холбоо, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Эдийн засгийн судалгаа, Эрдэм шинжилгээний хүрээлэн, МУИС зэрэг байгууллагын эрдэмтэд, судалгааны байгууллагын төлөөллүүд түлхүү багтсан” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн хугацаанд ихэнхдээ орон нутагт буюу дотооддоо ажилласан. Одоо Монгол Улсынхаа нөхцөл байдалтай бүрэн танилцсан биз ээ. Түүний улс төрийн алхмуудаас харвал, гадаадаас юм гуйх дургүй, дотоод нөөц бололцоогоо л бүрэн дайчлахыг эрмэлзэж байгааг илтгэх дүр зураг харагдаж буй. Гэвч манай улсын эдийн засгийн хүчин чадал хүрэлцэх үү, үгүй юу гэдгийг бас бодолцууштай санагдана. Гадаад хамтын ажиллагааг улам сайн хөгжүүлж, дотоод нөөц бололцоогоо ч бүрэн дайчилж байж л хүссэн үр дүнгийнхээ зарим хэсэгт хүрэх болов уу. Ер нь Монгол Улс түүхэндээ ямар нэгэн хэмжээгээр өр зээл тавьж, буцалтгүй тусламж авч байж л эдийн засгаа босгон, ард иргэдийнхээ амьдралыг авч явсан түүхтэй байдаг. Гэнэт үнэмлэхүй ялалт байгуулсан намын нэг ерөнхий сайд гарч ирээд л энэ бүхнийг нэгмөсөн засчихна гэж бодогдохгүй л байна. Гэхдээ “Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдэг дээ.
УИХ-ын чуулганы 2016 оны 12 сарын 16-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийхдээ “Монгол Улсын хөгжлийн гарц нь зөвхөн эрдэс түүхий эд бус, эрдэм боловсролтой, өндөр ур чадвартай монгол хүн гэдгийг дэлхий дахинд нотлон харуулцгаая” хэмээн уриалсан. Энэхүү уриалга нь 2017 оноос эхлэн ажил хэрэг болон хэрэгжих болтугай гэсэн ерөөлөөр оны заагийн нийтлэлээ өндөрлөе.
Ц.Оюунчимэг

No comments:

Post a Comment