Saturday, March 11, 2017

Зүрх сэтгэлээ өвтгөн байж унших ном

            



             Шинэхэн ном олж аваад уншина гэдэг шинэ ертөнцтэй танилцах нэгэн алхам байдаг. Номын ертөнцөд бүрэн автаж, дотор нь амьдарч, хамтдаа баярлаж, гуниглан уншдаг нь уншигч бүрт л тохиолддог зүйл. Гэвч би энд тэс өөр нэгэн номын тухай өгүүлэх гэж байна. Зохиолч А.Пүрэвмаагийн бичсэн “Манго жимстэй цай” номын нээлтийг хөтөлж, бичсэн бүх номуудыг нь гүйлгэж хараад чадварлаг бичсэнд нь олзуурхаж явсан миний бие энэхүү номыг сэтгэл зүрхээ өвтгөн байж уншиж дуусгалаа. Сэтгүүлчийн хат, редакторын хатуу үнэлэмждээ дулдуйдан фэйсбүүк постоо хэвийн байгаа мэт бичиж чадсан ч, дотоод сэтгэлдээ бол асар их шаналан гунигтайгаар үүнийг бичиглэж сууна.
        Хотын роман хэмээх төрөл жанраар бичигдсэн “Манго жимстэй цай” бүтээлд Америкт амьдардаг дөрвөн найз охины түүхээр дамжуулан Монголын нийгмийн амьдрал дахь хамгийн далд нууцлаг атлаа цочирдом ноцтой асуудлыг “зүрх өвдтөл” хөнджээ гэдгийг л юун түрүүнд хэлэхийг хүсэж байна. 
        Энэхүү номын нээлтэд очиж, уг номыг авч уншсан нэгэн бүсгүй амиа егүүтгэхийг завдсан тухай мэдээлэл ч энэ хугацаанд сонстов. Учир нь яг энэ номонд гардаг шиг зүйл түүнд тохиолддог, бүр нүднийх нь өмнө үзэгддэгтэй энэ бүхэн холбоотой гэнэ. Уг номыг уншсан хэд хэдэн уншигч “Зүрх сэтгэлээ өвтгөн байж уншиж дуусгалаа” гэснийг олж харсан нь надад төрсөн мэдрэмжтэй ижил байлаа.  
Үнэхээр ноцтой асуудлыг, хэтэрхий бодит үнэнийг энэ зохиолд өгүүлсэн болоод л эмзэг сэтгэлт бүсгүйчүүд маань ингэтлээ цочирдож байна. Яг үнэндээ үр хөндүүлсэн эхийг тоолсноос, огт үр хөндүүлээгүй эмэгтэй хэд байгааг тоолох нь илүү хялбар байж мэдэх тийм л нийгэмд бид амьдарч байгаа. Хүүхдийг хэвлийд нь егүүтгэх алга урвуулахын төдий зүйл мэт ойлгогдож хүйтэн зүрх, цэвдэг сэтгэлээр хүүхдээ ад үзэж ирсэн нийгмийн сэтгэлгээг өөрчлөх цаг нь болжээ гэдгийг энэ ном ухааруулах шиг санагдлаа.
        Хэвлийдээ үр хөврөл тээж үзсэн эмэгтэй хүн бүр л эх хүн. Үр хүүхэд бүрэлдүүлсэн эр хүн бүхэн эцэг хүн. Ингээд бодохоор үр хөндөлтийн буруутан нь хэн юм бэ? Хүн үү? Нийгэм үү? Нийгмийн сэтгэлгээ юу? Яагаад үр хөндөлтийг ийм нээлттэй бөгөөд хялбар дөт болгов? Яагаад хорвоод мэндлэхээр ирсэн хүүхдийг ийнхүү гадуурхан тээршаах болов? Энэ болон бусад асуултын хариулт “Манго жимстэй цай” номыг уншсан хэн бүхний хувьд өөр гарч болно. Гэвч жил бүр 30-40 мянган үр хөндөлт хийж байгаа тухай бүрэн бус тоо баримт байдгийг Л.Түдэв гуай олонтоо дурдан "Дал" сониндоо бичсэн байдаг. Энэ тоо үр хөндөлт хэмээх нийгмийн хурц асуудлын цар хэмжээг илэрхийлэхгүй байна гэж үү?
“Юу ч болж байсан хүүхдээ төрүүлнэ” хэмээн зүтгэх зориг зүрх яагаад хүрээгүй юм бэ гэх шаналал, зориглоогүйнхээ төлөө өөрийгөө буруутгах бодол зөвхөн эмэгтэй хүнийх л байх ёстой юу? Хүн болохоор заяагдсан хүүхдийг ад үзэлгүй өөрийнх мэт хайрлан өсгөдөг эртний эрчүүдийн цөлх ухаан өнөөгийн эрчүүдэд дутагдах болсоны шалтгаан юу вэ? Нийгмийн хүчин зүйл, нийгмийн сэтгэлгээний дарамт шахалт яагаад чухам эмэгтэй хүнд л чиглэгддэг юм бол? Яг үнэндээ амьдралын мөн чанар, утга учир нь юу юм бэ? Ийм асуултууд эрхгүй тавигдана.  
Хүн болох заяатай ч төрж чадаагүй олон мянга, магадгүй олон саяар тоологдох хүүхдийн төлөө зүрхээ өвтгөн байж унших боломжийг нээж өгсөн нь энэхүү бүтээлийн хамгийн том давуу тал, басхүү ололт болжээ. Зохиолын үйл явдал алс холын Америкт өрнөдөг ч үйл явдал нь Монголд, та бидний амьдралд, сэтгэл зүрхэнд өрнөх “Манго жимстэй цай” номыг уншсан хэн бүхэн үр хөндөлт хэмээх нүгэлт үйлийг дахин бүү үйлдэг. Хорвоод мэндлэхээр ирсэн хүүхэд бүхэн хүмүүн заяанд төрж, замба тивийг зорин ирсэн үйл хэргээ гүйцэлдүүлэх болтугай хэмээн сэтгэлээ цагаашруулъя.
Монголын нийгэмд өөрчлөлт авчирч, бяцхан үрсийн амьдралд гэрэл гэгээг бэлэглэхэд даацтай хувь нэмрээ оруулах нэгэн сайхан бүтээл ийнхүү уншигчдад хүрч байна. Эх үрсийн амин холбоог бэхжүүлж, нийгмийн сэтгэлгээнд тэсрэлт авчрах “Манго жимстэй цай” ном уншигчдадаа ухаарал гэгээрэл түгээж, зохиолчийнх нь бүтээл туурвил улам бүр түгэн дэлгэрэх болтугай.   

Сэтгүүлч, редактор Ц.Оюунчимэг

1 comment:

  1. Ерөнхий сайдын хувьд сайхан өдөр,
    Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт зарж, баян болсон тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой бол интернетээр интернэтэд тавтай морилон ирэхэд ядуу, Прадханы эмч нар интернет дээр имэйлээр хандаж, хандивлагч болсон.
    Би бөөрний 1-ийг мөнгөөр ​​хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна.
    Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн.
    Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилтыг даван туулж байгаа, эсвэл та баян байхыг хүсч байвал та имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Эсвэл +91424323800802 руу залгана уу
    No Whatsapp: +15177971496.

    ReplyDelete