Tuesday, June 29, 2021

Тахлын үеийн Сэтгүүл зүй ба Аса станц


Сэтгүүлчийн ажлыг хэн дуртай нь хийдэг болжээ хэмээн халагласан сэтгэгдэл нийгмийн сүлжээнд харагдсаар удлаа. Нээрэн ч тийм юм уу гэж санагдтал “Аса станц” гэсэн бичиг бүхий зурагтай постын дор сэтгэгдлүүд тасралтгүй урсаж харагдана. Гэхдээ тэр нь яг сэтгэгдэл ч биш, харин Аса аваргын ээлжит ярилцлагын асуултуудыг иргэд өөрсдөө бэлтгэж өгч буй үйл явц юм.   

“Би маргааш тийм хүнтэй ярилцлага хийнэ, юу асуух вэ?” гэж постлоод л асуултуудаа бэлтгүүлж аваад түүнийгээ харж байгаад ярилцлага хийчихдэг юм бол энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлэл бэлтгэн хүргэж, энд олон мэргэжлийн хүмүүс цалин авч ажиллах хэрэг байна уу гэх тэрслүү бодол хэнд ч төрнө биз дээ? Сэтгүүлчийн ажил үнэхээр тийм амархан юм уу? Аса гэгч нөхөр телевизийн камерын өмнө сууж, иргэдийн бичсэн асуултуудыг цаасан дээр хэвлэж өмнөө барьчихаад сэтгүүл зүйг ганц биеэрээ төлөөлөн, хэвлэлийн мэдээ мэдээллийг түгээж суух хэмжээнд хүртлээ хэвлэл мэдээллийн салбар доройтчихсон хэрэг үү?

Сэтгүүлчдэд хүртэл асуултын тоог хязгаарлаж, тодорхой цагуудад ямар хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэвлэлийн хуралд оруулахыг жагсаалтаар баталж, тусгайлан зохицуулсаар ирсэн тэр систем Аса-гийн өмнө гэнэт хүчин мөхөстөж, хамаг мэдээллээ ганцхан түүнд харамгүйгээр өгч, уулзъя гэсэн бүхэнтэй нь уулзуулж, Эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээллийнхээ хойморт залчихаад, албан ёсны цор ганц эрх бүхий хэвлэлтэй харьцаж байгаа мэт хандаж байгаагийн цаана ямар сценари явагдаж байгаа бол хэмээн хардахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.

Цар тахлын үеийн мэдээлэл, олон нийтийн харилцаанд сэтгүүлчид бид хүлээцтэй, басхүү учир байдлыг ойлгон хандаж, зөвхөн албан эх сурвалжийн мэдээллийг тэнцвэртэй хүргэж ирсэн. Сэтгүүлчдийн үүрэг, оролцоог цар тахлын үеийн мэдээлэл харилцаанд ийм л хэм хэмжээнд байлгахыг шаарддаг нь олон улсын нийтлэг жишиг юм. Ийм цаг үед албаны хүний амнаас хэвлэлийнхэнд болон олон нийтэд хандаж хэлсэн үг болгон нь нийгмийн сэтгэл зүйд шууд нөлөөлөхүйц мессеж болон хүрдэг гэдгийг Засгийн газар, Улсын Онцгой комиссынхон болон тэдний хэвлэлийн төлөөлөгч нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тийм ч учраас хэвлэлийнхний мэдээлэл авах боломжид тодорхой хязгаарлалт тавьж, зөвхөн албан мэдээлэл түгээхийг анхнаасаа шаардаж ирсэн билээ.  

Гэтэл яагаад гэнэт Аса станц гэгч бий болж, хамаг мэдээллийн эх сурвалжийг ганц энэ рүү чиглүүлэх болов оо? Сэтгүүлчид нь олон нийтэд баталгаатай мэдээлэл түгээж чадахгүй болоод тэр үү, эсвэл албаны хүмүүс нь олон нийтэд ойлгомжтойгоор нөхцөл байдлыг тайлбарлаж өгч чадахгүй байна уу? Ийм хоёр асуулт гарцаагүй урган гарч ирнэ биз дээ.  

Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд мэдээлэл түгээх ажлаа хариуцлагатайгаар хийж, аль болох олон эх сурвалжийн мэдээлэл хүргэхэд анхаарч ажиллаж байгаа гэж харагддаг. Гэтэл албан эх сурвалжийн хувьд, өмнөх засгийн газар нь огцорч ЭМЯ төдийгүй бусад холбогдох байгууллага, албадын бүрэлдэхүүн солигдсон хэдий ч тэд ажлаа хийж, хэвлэлийнхэнд болон олон нийтэд мэдээлэл өгч, нөхцөл байдлын талаар тайлбарласаар л байгаа тэр үйл явц огт тасалдаагүй.

Тэгвэл юу болов? Ийм хөл толгой нь мэдэгдэхгүй нөхцөл байдал үүсэхэд чухам юу нөлөөлөв гэдэгт анхаарлаа хандуулах гээд үзье.

Нийгмийн сүлжээний талбарт, ялангуяа фэйсбүүкт нэг үзэгдэл ажиглагддаг нь, пост хийсэн хүн бүхэн өөрийгөө мэдээлэл түгээгч болохоо мэдэрдэг тэрхүү мэдрэмж бөгөөд чухам энэ нь дээрх төөрөгдлийн нэг шалтгаан болж байна. Фэйсбүүк нь үнэн хэрэгтээ, тухайн хүний үзэл бодлоо илэрхийлэх хувийн орон зай төдий зүйл. Харин албаны байр суурийг илэрхийлэхийг хүсвэл тусгай хуудас нээж түүгээр дамжуулан мэдээллээ хүргэх боломж үргэлж нээлттэй байсаар ирсэн.

Гэтэл хувь хувьсгалаа ялгахгүй хольж бичих, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрийн өмнөөс пост хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн албан ёсны байр суурийг илэрхийлж байгаа мэт үг хэллэгээр бичих явдал улам бүр газар авч аль нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн байр суурь, аль нь хувийн үзэл бодол гэдэг нь ялгагдахаа больсноор өнөөгийн эмгэнэлт үзэгдлийн эхлэл тавигдсан билээ. Нэгэнт ийм замбараагүй байдалд автсан орон зайд тодорхой зорилго бүхий этгээд хувийн тоглолт хийх, тэр тусмаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэт ойлгогдон олны анхаарлыг татах, тэр ч байтугай хүлээн зөвшөөрөгдөх боломжтой байгаа нь хачирхалтай хэдий ч бодит байдал болоод байна.  

Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахим орон зайд, тэр тусмаа нийгмийн сүлжээгээр дамжуулан уншигч, сонсогч, үзэгчдэдээ мэдээлэл сурвалжилгаа хүргэх нь давамгай болсон ч, тэрхүү мэдээллийг хэн дуртай нь биш, гагцхүү сэтгүүлч, сурвалжлагч, нийтлэлч, редактор, зураглаач, найруулагч, хөтлөгч гэхчлэн мэргэжлийн хүмүүс бэлтгэдэг гэдгийг эрхбиш санууштай. Тэд олон нийтэд хүргэх мэдээ, мэдээллээ бэлтгэхийн тулд фэйсбүүкт пост хийж, иргэдийн өгсөн шипи-гээр ажлаа хийдэг хүмүүс огт биш. Тэд бол нийгмийн сайн сайхны төлөө гэсэн сэтгэл зүтгэлээр, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхээ нийтлэлийн бодлогод уялдуулан, оюун сэтгэлгээ, хүч хөдөлмөрөө дайчлан байж олон нийтэд хүргэх мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгээ бэлтгэдэг хүмүүс юм. Гэтэл энэ бүхнийг үнэгүйдүүлж, ганц хүний дур зоргоороо үйлдэлд орон зай гаргаж өгч буйн цаад шалтгаан нь юу вэ?

Фэйсбүүкт тавигдсан мэдээлэл бүхэнд сохроор итгэдэг хүмүүсийг үй олноор нь бий болгох бодлого уу, аль эсвэл Аса-г пост хийнгүүт нь даган хуйлардаг массын сэтгэл зүйг бүрдүүлэх явдал уу? Ямар ч байсан, Аса-гийн мэдээлэл бүхнээс чухал хэмээн итгүүлэхэд чиглүүлэн залуурдаж буй хандлага ажиглагдаад эхэлснийг та ч бас анзаарсан байх...   

Тийм ээ, олон хүн фэйсбүүкийн постоо алдаатай бичдэг, бас нийгмийн сүлжээнд биеэ хэрхэн авч явахаа мэдэхгүй байх тохиолдол бий. Тэглээ гээд энэ нь таныг хэн нэгний тоглоомын “бай”, дээр нь юу ч бичиж болдог “цагаан цаас” болгоно гэсэн үг биш юм.

Дэлхий нийтийг хамраад буй цар тахлыг далимдуулан эмх замбараагүй байдалд турхирах, нийгмийн сэтгэлгээнд нөлөөлөх замаар хэмжээлшгүй эрх мэдэлд хүрэхийг санаархах явдал гарч болзошгүйг олон улсын түвшинд анхааруулсаар ирсэн. Энэ бүхнээс зайлсхийх арга зам нь, иргэн бүр албан ёсны мэдээлэлд илүү их ач холбогдол өгч тухайн мэдээллийг хаанаас түгээж буйг заавал анзаарч байх, хуурамч мэдээлэл биш биз хэмээн эргэлзэх орон зайг өөртөө үлдээх, хардах эрхээ эдлэх явдал билээ.  

Ц.Оюунчимэг

2021-06-21

No comments:

Post a Comment