Saturday, March 11, 2017

МУГЖ Б.Сарантуяа: Чингис хаан шиг байлдан дагуулалт хийгээд л Монголоо бүтэн тойрох гоё шүү


Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяа хэмээх эрхэмсэг хатагтайг “Зиндаа” сэтгүүл “Үлэмж төгөлдөр” булангийнхаа эрхэм хүндэт зочноор урилаа. Ямагт шинэлэг, залуухан, эрч хүчтэй, гоо үзэсгэлэнтэй харагддаг түүнийг Монголын “Алла Пугачева” хэмээн нэрлэхэд ер буруудахгүй. Тэрбээр үнэхээр л Монголын рок попын өнгө болон гялалздаг тод “од” нь билээ.
Б.Сарантуяа өнгөрсөн онд уран бүтээлийнхээ 30 жилийн ойн тоглолтыг сүр жавхлантай хийсэн. 30 жилийн дараах Сараа 30 жилийн өмнөх Сараагаас төдийлөн өөрчлөгдөөгүй, залуухан бөгөөд үзэсгэлэнтэй, эрч хүчтэй атлаа өвөрмөц содон хэвээр харагдаж буй нь биширмээр. Сараагийн зураг бүр нь гоё. Дуулсан дуу бүхэн нь сэтгэлд эгшиглээстэй. Урлагийн хүн гэж ийм л байдаг болов уу гэмээр гайхалтай сэтгэгдлийг төрүүлнэ.
Б.Сарантуяа бол элгэмсэг бөгөөд уян зөөлөн, эрч хүчтэй атлаа шазруун, зангарагтай бөгөөд хүчирхэг эмэгтэй. Бас яльгүй гунигтай ч юм шиг. Нэг тийм “этник” өнгө аястай. Өөрийгөө бүтэн олсон, амьдралаа өөрийн гараар бүтээн босгож чадсан, ирээдүйдээ асар их итгэлтэй хүний дүр төрхийг түүнээс олж мэдрэх ажээ.

ЭТНИК ХООЛОЙ БОЛ ЯКУТ УДАМ УГСААНЫ ЭМЭЭГИЙН УГШИЛТАЙ ХООЛОЙ БОЛЖ ТААРЛАА

Бид “Улаанбаатар арт”  галерейд ярилцлагаа хийхээр цаг товлон уулзав. Тэрбээр Соёлын төв өргөөний дэд захирлаар томилогдоод байгаа билээ. 
СТӨ-ний дэд захирлаар томилогдсонд тань баяр хүргэе.
Баярлалаа.
Та СТӨ-нд очсоноор орчин үеийн хөгжмийн урлагийн академи байгуулах мөрөөдөлдөө хүрэх боломж харагдаж байна уу?
Урьд нь бол би үүнийг хүүхэд зангаар мөрөөдөж байсан. Энд бас систем их чухал юм билээ. Драмын урлагт бол СУИС, МУБИС-ийн кино драмын ангид Станиславскийн системээр сургадаг шүү дээ. Оросын Гнесиний маягаар эстрад урлаг заах уу, эсвэл Америкийн Берклигийн системээр заах уу гэдэг асуудал гарч байгаа. Тэрийг би сүүлд нь ойлгосон. Системээ зөв сонгохгүй бол сайн багш нар урьж, сайн бааз үүсгээд ч нэмэргүй.
Аль систем нь манайд илүү тохирох бол?
Яг америк, орос систем гэж бас төлөвлөхгүй байна. Өөр бусад, тухайлбал Европын олон сайхан систем байгаа. Тэдгээрээс авч болно. Монголын уран бүтээлчдэд хамгийн тохиромжтой системийг сонгохын тулд судалгаа хийх хэрэгтэй. Манайх цомхон жижиг орон болохоор австри, швед систем илүү тохирч болно. Анхнаасаа манайх Оросын системтэй далан хэдэн жил байж байгаад гэнэт аль ч үгүй болчихсон нь их хохиролтой, хайран санагддаг. СУИС-ийн дуурийн дуулаачийн анги төгссөн дуучид гэхэд гадаадад стажировка хийж байна. Дуурийн театрын залуу дуучдыг харж байхад Г.Ариунбаатараас эхлээд буриад багштай боллоо. Энэ юуг хэлээд байна гэхээр, боловсон хүчний бодлогод анхаарах хэрэгтэйг сануулаад байна. Ахмад дээд үеийн мундаг багш нар байгаа боловч дараагийн үе нь бэлтгэгдээгүй байна.
Хүүхдүүдийг дуу хөгжимд сургаж байгаа арга барилд та нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Хүүхдийг хэтэрхий чанга хашгируулж дуулуулж байна” гээд?
Тийм ээ, хүүхдүүдийн хоолойг хүчлүүлдэг. Верхный регистрийг нь ашиглуулахгүйгээр бүтэн үндсэн хоолойгоор дээшээ доошоо болгож хашгируулах нь буруу. Хэрвээ би тэгж бүтэн хоолойгоор орилдог байсан бол гучин жил дуулахгүй, арван таван жил дуулаад л байхгүй болно биз дээ. Хайдав багш миний дээд өнгө нарийхан сул регистр өнгө мөн гээд, наадхаа харин бяртай болго гэсээр байгаад бүтэн хоолойноосоо шилжилт нь их цэвэрхэн болсон. Тэгээд фальцет бол миний үндсэн хоолой болсон доо.
Эхлээд багалзуураар, уушгиар, хоолойны тавилтаар дуулдаг байсан, одоо бол би хэвлээрээ, гэдсээрээ дуулдаг болсон гэж та ярьсан байдаг. Энэ хоёрын ялгаа нь юу вэ?
СУИС-д ороогүй байхад багалзуураараа л дуулна шүү дээ. Гэдэсний амьсгааг инстинктээрээ л авдаг байсан бол амьсгал зөв авахыг манай Хайдав багш зааж өгсөн. Ер нь дууг хүчлэхгүй дуулах ёстой. Жишээ нь, өвөрмонгол, хятадын дуучдын нэг дутагдалтай тал нь нюанс гэж байдаггүй. Их хүчтэй дуулсаар байгаад хоолойгоо зөөлөн үед нь удирдах чадвар муутай болчихдог. Тийм учраас ар Монголын зөөлөн эвлэгхэн дуулж чаддаг дуучид их сонирхолтой санагддаг. Сэрчмаа, Сарантуяа ч гэдэг юм уу. /инээв/
Таны “Содура”-г дуулсан бичлэгийг саяхан дахин нэг сонслоо. Хөвсгөлд зураг авалт хийсэн байна. Та тэр үед өөр орон зайд орсон мэт сэтгэгдэл төрсөн шүү. Улаанбаатарт төрсөн, орос сургууль төгссөн, рок попын дуучин гээд бодохоор танаас ямар ч байсан хөдөөний маягийн зэрлэг хоолой гарах ёсгүй гэж би боддог байлаа.
/инээлдэв/ Тэнд бол танаас яг тийм “байгалийн” хоолой гарчээ. Тайгын ч гэмээр юм уу?
Хоолойн бичлэгийг Улаанбаатарт New stars-д хийлгэсэн. Бичүүлэхдээ би өөрөө бараг л хэнгэрэг барих нь холгүй дуулсан. Аравнайлсан дуу гэдэг шиг “амилуулсан” дуу юм билээ.  Universe best songs-ийн шилдэг хөтлөгч Одгэрэл тийм гүн гүнзгий үг бичсэн байгаа юм. Найруулгыг нь манай продюсер Гантөр хийсэн. Би энэ дууг бичүүлчихээд, ерөөсөө энэ дуу бол клиптэй байх ёстой юм байна. Тусдаа клип хийлгэе гэж хүсэлт тавиад, Хөвсгөл рүү нисэж очсон. Өөрөө охиныгоо, ээжийгээ, ээжийнхээ дүүг (Якутаас ирсэн), найз Хулангаа (Германаас ирсэн) аваад “хоёр Хулантай” ниссэн гэсэн үг. Тэр үед ер бусын хүмүүсийн энерги нэг дор цугласан нөхцөл бүрдсэн. Тэр ч байтугай миний хүндлэн дээдэлдэг Дарханы Маам гээд “цагаан” удган гэр бүлийн хүнтэйгээ ирсэн.  
Ямар сонин юм бэ?
Тэр өглөө манай UBS телевизийн зургийн багийнхан урцнуудаа босгочихсон байсан. Зураг авалтын үеэр нэг их гоё уйлагнасан нартай бороо ороод л. Тайга бол их баярласан л гэж ярьдаг юм. Надад нэг тийм “этник” хоолой байдаг шүү дээ. “Аргагүй монгол аялгуу” дээр гарч байсан. Тэр этник хоолой бол якут удам угсааны эмээгийн угшилтай хоолой болж таарлаа л даа.
Этник хоолой бол байдаг. Гэхдээ бүр нэг цаанаасаа гарсан гэмээр дуу хоолой байсан даа?
Бас нэг сонин юм гэвэл, шөнийн зураг дээр нэг удган хиймлээр бөөлөх ёстой байсан юм байна. Би бичлэгээ тавиад дагаад дуулсан чинь нөгөө удган “Энэ Сарантуяа яагаад амьдаараа дуулахгүй байгаа юм, тайгад?” гэж өгүүлэл тавьжээ. Техникийн бололцоогүй учраас бичсэн бичлэг дээр нь амыг нь хөдөлгөж клипний зураг авдаг юм. Би бичлэгээ дагаж дуулаад 5-6 дубль авсны дараа нөгөө удганы маань онгод нь орж ирээд, түшээ нь байхгүй, унаад сандаргасан. Хэрвээ би худлаа амаа хөдөлгөсөн бол онгод орж ирэх байсан уу?
Дуу болгон өөрийн гэсэн амьтай гэдэг. Сонин юм шүү.
Би “Содура” киноны үйл явдлыг нь огт мэдэхгүй. Тэр кинон дээр хавцлаас унадаг юм байна. Клипэн дээр би өндөр хавцлын ирмэг дээр зогсоод дуулдаг. Хөвсгөл нуурын Модон хүй арал дээр зураг авч байхад би зургийн багийнхныг “Завь хөлсөлж гоё байгаль дунд зураг ав” гээд, том усан онгоцоор арлыг тойрч байгаад зураг авалт хийлгэсэн. Тэр арал бол хүн амьдардаггүй, шувууны арал. Урьд өмнө ямар ч кино болон клипний зураг авалтад ашиглаагүй аргаар тэр зургийг авсан. Тийм газрыг мэдэрч очиж дуулна гэдэг бол бас сонин. Зураг авалт дээр бол би санаачилгыг гартаа авсан гэж болно. “Содура” кино гарахаас хоёр жилийн өмнө дууг нь амилуулсан юм шүү дээ.

“ГООЛИНГОО” ДУУНЫ ТӨГСГӨЛД УРТЫН ДУУНЫ АЯ ОРУУЛЖ, ХАГАЦСАН СЭТГЭЛҮҮД НӨГӨӨ ЕРТӨНЦӨД УЧИРЧ БАЙГААГААР ДУУЛСАН

Та уртын дуучин Цоодол гуайгаар ардын дуу заалгаж, цомгоо Сингапурт бичүүлж байсан. Танд юу хэлж өгсөн бэ?
Ер нь нэг их олон юм ярьдаггүй хүн. Их өндөр настай  байсан даа. Орчин үеийн нэрд гарч байгаа хүүхэд дууг нь сонирхоход өөрт нь тааламжтай байсан байх. “Гоолингоо”, “Аргагүй амраг”-ийг одоогийн дуучдын дуулдгаас арай өөрөөр зааж өгснөөр нь би дуулсан юм. Тэр утгаараа гурав дахь үеийн залгамж халаа нь болсон. Цоодол гуайн дуулсныг диктафон дээр бичиж аваад дахин дахин сонсдог байлаа. Миний хамгийн сайн найз бол диктафон, кассет, CD. Манайхан дуу өгөхөөрөө CD дээр л гэрийн даалгавар шиг бичээд өгчихдөг. 
Гоолингоог заалгаж байхад танд Цоодол гуай ямар нэгэн түүх ярьж өгсөн үү?
Үгүй. Харин Сингапурт очоод Гоолингоог бичүүлэх гэсэн чинь ерөөсөө болдоггүй. “Зүүдээ ээ...” гээд дуулахаар нэг л тансаг, тарган цатгалан хоолойтой хүн. Зовлонтой дуу гэдгийг нь би сүүлд ойлгож байгаа юм. Өглөөнөөс эхлээд бичүүлээд, орой арав өнгөрөөд шөнийн хоёр цаг хүртэл дуулаад, “Болохгүй бол больё” гэж байсан. Гэтэл хоёр цагаас хойш хоолой суугаад, ядраад, цөхрөнгөө бараад, бараг уйлангаа алдаад, энэ дууг эртхэн хийхгүй яасан юм гэж оранжировк хийсэн залууд уурлаад, зовж стрессдээд, “Зүүдээ ээ” гэсэн чинь яг нөгөө хүсэж байсан хоолой нь гарч байгаа байхгүй юу. Гансарсан хоолой байх ёстой байсан юм билээ. Тэгээд л би ойлгосон. Энэ ийм учиртай дуу юм байна даа гэж.
Дуу бүхэнд өөрийн хувь заяа байдаг юм шиг санагддаг. Зарим хүмүүс энэ дуунд нэг их таатай ханддаггүй гэж сонссон юм байна.
Анх “Гоолингоо” дууг дуулах санааг надад дуучин Наран өгч байсан юм. Өөрөө дуулна гэчихээд жил хагас боллоо. Дуулахгүй болохоор нь би аваад дуулсан. Наран надад гомддоггүй байх гэж боддог. Ямар өмчлөгдчихсөн дуу биш. Хүмүүс энэ дууг дуулуулах дуртай. Гэхдээ би найр наадам дээр бол дуулдаггүй. Нээлтийн арга хэмжээ ч юм уу, тийм этник талаас нь энгийн арга хэмжээн дээр дуулдаг. Хагацлын дуу учраас хуриман дээр бол дуулдаггүй.
Харин “Аргагүй амраг”-ийг?
Энэ дуу зүгээр л зугаатай. Гунигтай дуу шиг биш. “Сэтгэл чинь хөрөх гээд байна уу, үгүй юу” гэсэн тийм утгатай санагддаг. Төгсгөлийг нь би доёолсон маягтай өөрчилсөн.  Гоолингоог ч бас өөрчилж төгсгөлд нь уртын дууны ая оруулж, хагацсан сэтгэлүүд нөгөө ертөнцөд учирч байгаагаар дуулсан.
Гунигтай дуу бол таны маш сайн тоглосон жүжиг гэж үнэн үү?
Үнэн. Би хэрвээ гуниглавал 24 цаг л гуниглана. Тийм зав алга. Толгойгоор дүүрэн шинэ санаа, хийх ажил байхад завтай байх нь буруу гэж боддог. 
Нэгэн зэрэг хэд хэдэн дуун дээр ажиллах тохиолдол бий юу?
Би нэг дуун дээр ажиллаж байгаа бол тэрийгээ дуусгаж байж дараагийн дууг дуулна гэдэг. Дууг бол зүгээр нэг өнгөцхөн “Кафед танилцсан бүсгүйтэй нэг залуу яриа өрнүүлж байгаа юм шиг биш, бүр гүн гүнзгий дурлаж байгаа хүн шиг” би дууг барьж авдаг. Тэгж байж тэр дуу болгон нь их гоё, өвөрмөц болдог. Егүзэр хутагт гуайн нэг дуу байдаг юм. Тэр хүний дууг дуулахад л би бүр гайхаж байсан. Намайг Анужин багшийн хичээлд суугаад 21 хоногийн мацгаа барьчихаад байхад надад тэр захиалга орж ирэхэд нь “Тэр их ариун гэгээн хүний дууг мацаг барьсан хүн л дуулах ёстой гэж дээрээс ирлээ дээ” гэж бодож хүлээж авч байсан. Тэр их учиртай юм билээ.
Дуулсан дуу болгон нь хит болдог дуучин ховор. Таны хувьд дуу бүхэн тань хүний сэтгэлд хүрч, дийлэнх нь хит болж чаддаг. Нэг дуунд ер нь ямар хугацаа зарцуулдаг вэ?
Янз янз. Заримдаа яаралтай гээд 30 минут. Содура-г бол би хоёр цагийн дотор л дуулсан. Удахгүй их гоё аавын тухай дуу дуулна. Амжвал “Морин хуур” наадамд оролцох санаатай. Урьд нь бол хүмүүсийн яаруулсан цагт  амжуулаад дуугаа бичүүлдэг байсан. Одоо бол цагаа хэлдэг болоод байна. Цаг хэлдэггүй цэрэг шиг жагсдаг нь төрийн алба болсон.  Дуунууд “Сарантуяа намайг хэзээ дуулах вэ” гээд жагсчихсан байгаа. Гэхдээ ер нь барьж аваад бүгдийг нь дуулаад цэгцэлье гэсэн бодол бий. Би ч удаан бариад байх дургүй. 30 жил дуулсных хэдэн дуунуудаа оркестровкийг нь хийлгэж ноотлууллаа. Тэгээд бас миний тухай ном гарах гэж байна. “Хөх монгол принтинг” хэвлэлийн газарт хэвлэгдэнэ.
“Хөх” гэдэг үг тантай их холбоотой юм. “Хөх тэнгэр” хамтлагт дуулдаг байсан. Содон өнгө төрхөөр эстрадын ертөнцөд гарч ирж амжилтад хүрсэн болохоор тань 1999 онд “Зууны манлай” эстрадын дуучнаар шалгаруулж байсан байх аа?
Миний тухай яг ийм утгатай “Зууны дуу хоолой” гэдэг нэртэй ном гарч байгаа. Хорин есхөн насандаа “Зууны манлай эстрадын дуучин” болно гэдэг үнэхээр гайхамшигтай байсан. 17 жил энэ нэрийг мандуулаад явж байна. Хувсгалын тохироо гэдэг шиг дуулах нөхцөл нь надад бүрдчихсэн байгаа. Дээрээс нь би одоо хүртэл, тайзан дээр гарахдаа хоцрогдчих вий, улиг домог болчих вий гэж минут секунд бүр боддог гээд бод доо. Яагаад гэвэл “Баян Монгол”, “Соёл Эрдэнэ”-ийн ах эгч нарыгаа харж байлаа. /санаа алдав/ СТӨ-ний шатаар өгсөж явахдаа “Дуулдаг байсан өргөөнийхөө орлогч захирлаар томилогдчихдог нь сонин тавилан юм даа” гэж бодогддог. Урлагийн төлөө зүтгэж явсны минь шагнал, гэмгүй явсны буян байх аа. Урлагийн мэдрэмжтэй хүнийг оруулъя, шинэлэг сэтгэж магадгүй гэж найдсан болов уу. Томилсон дарга нарынхаа итгэлийг алдахгүй байя гэж боддог. Орчин үеийн дарга нар их энгийн. Урьдын дарга нар шиг ихэмсэг биш. Энэ нь их таалагддаг. Үнэхээр ардчилалтай, тал засах шаардлага байхгүй.  

САРААГИЙН 30 ЖИЛИЙН ДУУНУУДЫНХ  НЬ "ТРИУМФ", БАЯРЫН ДЭЭД ЦЭНГЭЛ БОЛСОН

Ярилцлагад бэлтгэж байхдаа, Дуучин Сараа бол Монголынхоо нийгмийн нэг өнгө төрх нь юм байна гэж бодож байлаа. Гудамжны сандал дээр суугаад дуулж байхад хажууд нь цэцэг барьсан хосууд ирээд суугаад л босч яваад байдаг гоё клипийг 90-ээд оны тэр саарал өдрүүдэд үзээд сэтгэл өөдрөг болдогсон. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр таны дуунууд улам л гоё болоод байна. Тэгэхээр Дуучин Сараа бол нийгмээ урагш хөтлөх, урам зориг өгөх хүч нь болж иржээ. Анх тайзан дээр гарч байсан Сараа, өнөөдрийн Сараа хоёрыг харьцуулбал хэрхэн дүгнэж хэлэх вэ?
Залуу үеийн Сараа бол аймшиггүйгээр, нөөхгүйгээр дуу авиа гаргаж байгаа юм. Аялан тоглолтоор хоолойгоо сөөлгөөд, концертоо хойшлуулж байсан тэр олон бэрхшээлийг давахаа мэдэхгүй Сараа чинь өрөвдмөөр шүү дээ. Дараа нь нуруугаа авсан Сараа нэг өөр болж байгаа. Тэгээд бүр эргэлт буцалтгүйгээр дайрсан давшилттай Сараа байгаа. Хүн нь бол бууж өгөөгүй. Гэтэл бууж өгсөн дуучид бий. Дайсантайгаа хамсаатан болж өөрийн үзэл бодлоосоо буцсан, үгнээсээ буцсан уран бүтээлчид ч байгаа. Би бол дайснуудаа хөлдөө суулгасан. Сөхрүүлсэн. Ухаанаараа, ур чадвараараа сөхрүүлж чадсан. “Урлагт 30 жил” тоглолт бол манай үзэгчид, нийтлэлчид, сэтгүүлчид зуун хувь хүлээн зөвшөөрөх тийм л үйл явдал болсон. Гучин жил дуулсан “Примадонна” нь яаж дуулах нь вэ гээд манай урлагийнхан, рок попынхон бүгд л хүлээлттэй байсан байх. Бид нар хуучинсаг маягаар бэлэг авдаг баяр хийгээгүй. Зүгээр л Сараагийн гучин жилийн дуунуудынх нь “триумф”, баярын дээд цэнгэл болсон. Сараагийн ч биш, дуунуудын. Энд Сараа ямар мундаг вэ гэсэн акцент тавигдаагүй. Дуунууд нь ямар мундаг хүмүүс зохиож, энэ дуунууд өдий хүртэл ямар олон жил сайхан амилсан, мартагдаагүй вэ гэдэг баярын цэнгэлийг үзүүлэхийг зорьсон. Энэ бол Сараагийн фенүүдийн, Сараагийн уран бүтээлийн баярын цэнгүүн болсон. Энэ бол яг л миний хүсэж байсан хэмжээ. Би энэ тоглолтоосоо дээд зэргийн сэтгэл ханамж авсан. Тоглолтын дараах хүлээн авалт АСЕМ вилла-д болсон нь бүр тансгийн тансаг. Урлагийн бурхдыг ингэж л дайлж цайлах ёстой гэсэн шиг тийм сайхан цайллага болсон. “Монголиан Стар мелшерс” манай ивээн тэтгэгчээр орж байсан. Моёт шампанск, хоол хүнс ерөөсөө аманд хайлсан гэж яриад байгаа байхгүй юу. Аманд хайлсан хоол гэж юу ярьж байна аа, тэр бол гайхамшигтай юм болсон байгаа биз дээ?
Үлгэрийн төгсгөлд л ингэж бичсэн байдаг даа.
Ер бусын энерги бүрэлдсэн, бүх сайн сайхан нь тэгш хосолсон үдэш болсон учраас бүх зүйл нь дээд зэргийнх байсан. Би тоглолтоо таван цагт хийсэн. Тав хоногийн өмнө билет нь зарагдаж дууссан. Билет хэрхэн зарагдаж байгааг шууд веб сайтаас харж байлаа. Одоо их сайхан болсон шүү дээ. Ээжийн төрсөн өдөр гээд постлоход л 10 мянган лайк, 156099 хүн үзсэн байна.
Постыг нэг удаад л 73 мянган хүн харж байна. Тэгэхээр энд мэдээллээ оруулаад байхад болж байна. Би page-ээ өөрөө хөтөлдөг. 75 мянган лайк, 74 мянган фолловерстой. Хүмүүс утасдаад хиймэл лайк санал болгодог ч би үгүй гэдэг.
30 жилийн дүнг гаргах гээд үзье. 30 жил урлагийн ертөнцөд байхад нийт хэдэн дуу хийсэн бол? Хэдэн орноор явав, ямар шагналууд авав?
Тоолж үзээгүй шүү дээ. 21 цомогт дунджаар 10 дуу орсон гэвэл 210. Энэ бол цомог. Цомогт ороогүй, өөр хүмүүсийн цомогт орсон гээд багцаалах юм бол 500 гаруй. 20 гаруй орноор явж аялан тоглолт хийсэн. Тоймтой томоохон шагнал гэвэл, 1991 онд Шанхайн Азийн дууны наадмын фестивальд мөнгөн медаль авсан
/Баян Монголын Эрдэнэцэцэг бид хоёр/. Казахстанд 22 орны 25 оролцогчоос шалгарч Азийн дуу хоолой наадмын “Гран при” 10 мянган долларын шагнал авч байсан.  Хит парад, Ая дууны жигүүр наадамд 1, 2, 3-р байрууд, Пентатоник наадамд 1995, 1996 онд “Шилдэг дуучин”, 1996 онд “Шилдэг дуу”, 1999 онд “Шилдэг дуучин” шагнал авч байсан. 2000-аад онд “Шилдэг транс” гэх мэтчилэн олон шагнал авч байсан. 1995 онд Улаанбаатар хотын “Хангарьд” шагналтан болж, Хүндэтгэлийн тэмдгээр шагнуулсан. 1999 онд “Зууны манлай эстрадын дуучин”, 2004 онд Соёлын тэргүүний ажилтан, 2005 онд Монгол Улсын гавьяат жүжигчин. Гэхдээ хамгийн үнэ цэнэтэй нь МУГЖ, “Зууны манлай эстрадын дуучин”. Мөн ОУ-ын тэмцээнээс авсан Гран при, “Азийн алтан гургалдай” шагнал маань их чухал.
Монголоо тойрч хэдэн удаа аялан тоглолт хийв?
Таван удаа. 1996 онд “Хайрын бурхан”, 2000 онд “Хайрын зөрлөг”, 2003 онд “Би жаргалтай”, 2007-2008 онд “Хайрламаар”, 2011 онд “Аргагүй монгол аялгуу”. Чингис хаан шиг, байлдан дагуулалт хийгээд л Монголоо бүтэн тойрох гоё шүү дээ. Хөгжим, гэрэл авч явна. Хоёр фургон, нэг жийптэй гараад л онгоцноос хурдан явдаг байлаа. Угтуулаад үдүүлэх сайхан. Өдөрт хоёр тоглолт хийж, 400-500 км явна. 

ЭРХЭМБИЛЭГ ХҮҮ ЭРЧ ХҮЧ, ЭНЭРЭЛ ХАЙР ӨГСӨН БОЛ ХУЛАН ОХИН УУЖУУ СЭТГЭЛ, ТЭВЧЭЭР ХАЙРЛАСАН

Таны “Хайрын бэлэг” их гоё дуу болсон байна.
Миний хувьд шинэ, оюунлаг, урлагийн мэдрэмжтэй хүмүүсийг дор нь мэдрээд хамтарч ажиллаж чаддаг. Би тэр залуучуудыг авч дэмжээд байдаг чинь ийм учиртай. Би доминат, би супер гэдэгтээ гол нь биш. Ерөнхийдөө залуу дуучидтай ажиллаж их юм хийж байна.
Авьяаслаг монголчуудын залуусыг хэрхэн харж байна вэ?
Зүгээр ээ, хөөрхөн. Сандлаасаа унатал юм болоогүй шүү дээ. Харин Шижирбат мундаг байсан. Ийм төрлийн шоунууд сонирхолтой. “Яг түүн шиг” шоу бол дээр үеийн одуудыг дахин таниулах, эргэн дурсаж алдаршуулах ач холбогдолтой. Мөн одоо дуулж байгаа дуучдыг задалж хөгжүүлж байна. Би хүртэл энэ шоунд ормоор санагддаг. Өөр өөр дүрд хувирч дуулна гэдэг чинь сонирхолтой шүү дээ.
Анх ээж болохдоо уйлж байв уу? Ямар мэдрэмж төрж байсан бэ?
Тийм ээ, уйлж байсан. Би хэвлэлийн дайралтад их өртөж байсан үе. Хүүхдийг минь сольчих вий гээд хүүхдээ л сайн харж авч байсан.
Ер нь тийм бодол төрдөг юм шүү.
Тийм ээ. Хоёрдугаарт 100 хувь миний хүүхэд гэсэн мэдрэмж их хүчтэй байдаг. Бүх шийдвэрийг өөрөө гаргадаг учраас тэр байх. Эрхэмбилэг хүү эрч хүч, энэрэл хайр өгсөн бол Хулан охин уужуу сэтгэл, тэвчээр хайрласан. Анхны хүүхэд хүү байх нь зөв байдаг юм байна. Одоо миний хүү маш их түшигтэй шүү дээ. Хүүхдүүдээ гэр бүлсэг хүмүүжүүлж байгаа. Бас нэг охинтой. Дүүгийн маань охин. Эрэгтэй дүү маань 2005 онд бурхан болж, эхнэр нь гадаадад сурахаар болсон юм. Тэгээд 5 настайд нь аваад, дүүгийнхээ шарил дээр “Охиныг чинь өсгөж хүмүүжүүлнэ” гэж амласандаа хүрч байна. Саяхан 16 насны төрсөн өдрийг нь их чухал тэмдэглэлээ. Надад бол ачаалалтай л байсан. Тийм амар биш. Анхнаасаа “Би чамайг эгчийн хайраар хайрлана” гэж хэлсэн. Гэтэл охин маань утсан дээрээ миний дугаарыг “ээж” гэж бичдэг. Яагаад тэгсэн гэхээр, анх Хуягаагийн охин Цоомоод 19-тэйдээ хойд ээж нь болж байлаа. Эрхэмээгийн ахыг би бас харж байсан. Дараа нь аваад явчихаар их хэцүү. Зүрхнээс нэг мах тасдаад аваад явчихсан юм шиг санагддаг. Гэхдээ дүүгийнхээ охиныг би ганцаараа өсгөсөн биш, ээж нь бас дэм болж байгаа.



Таны хувьд амьдралын хамгийн гол утга учир нь юу вэ?
Ерөөсөө л гэр бүл. Миний хамаг баяр баясгалан гэр бүл дээр тогтож байна. Найз нөхөдтэйгээ уулзалгүй яахав. Найдвартай сайн найз нар байдаг. Хамгийн гоё зүйл бол өглөө зуслангийн цэвэр агаар амьсгалж сэрэх. Саруулхан том цонхтой өрөөндөө сарнай үнэртсэн охиноо үнсээд л сэрдэг. Бид хоёр хамт алхана. Зусландаа би их олон юм нэмж тохижуулсан. Байгальд ойр байх дуртай. Том хотод байх дуртай л даа. Гэхдээ дэлхийг мэдрэх, аньс түүх, ойд алхах илүү гоё. Би тав тухтай амьдрах дуртай. Аж ахуйч талдаа хүн л дээ. Гэр бүлийн жим гаргаж, тэр жимээр хүүхдүүдээ дагуулж явах дуртай. Болохгүй юм гэж байхгүй. “Гүй”- гээр төгссөн бүх үг манай гэр бүлд хориотой. Энэ сэтгэлгээг түгээмээр санагддаг. Хүнд чадахгүй гэж хэлэх муухай байдаг.
Түүний оронд хариу хүсээгүй тус хүргээд явах нь сайхан. Манай аав тийм зантай. Харин эрэгтэй хүнд бол өөр шүү. Тэр улсуудтай өөр тооцоотой. Бодлынхоо үзүүрт бодсон бодлоо тавьдаггүй. Тэр гомдол тавигдсан цагт л өөр хүнтэй учрах байх. Зүгээр эргүүлж байгаа эрэгтэй хүн инээдтэй санагддаг. Бодвол сайхан харагдаад хүсэмжилдэг хүн байдаг л байлгүй. Илэрхийлээгүй бол хохь чинь л гэдэг.
Сэхүүн салхи дуу шиг үү?
/инээлдэв/
Эрэгтэй хүн худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, амьдарч байгаа байрныхаа мөнгийг төлчихдөг, тогтмол цалинтай ч байж болно. Гол нь халуун сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Гар нь хөдөлдөг, тусалчихдаг. Аягүй хэцүү алба гэж бодоод байх шиг байгаа юм. Хонины ордныхон шиг hard нь халтлаа ажиллаж бүхнийг зохицуулж чаддаг хүмүүст маш энгийн хүн таардаг. Чи ямар гоё нүдтэй юм бэ, ямар дур булаам юм, ямар сайхан үнэртэй юм... Эрхэмээгийн аав намайг, “Ертөнцийн хамгийн гоё нүдтэй эмэгтэй” гэдэг байсан. Эсвэл нэг сайхан чанга тэврээд авах хэрэгтэй шүү дээ. Хулангийн аав яг л тийм байсан. “Ийм нэгэн явдал” кино шиг”...
Тэрийг л мэдэхгүй юм даа, эрчүүд /инээлдэв/.
Хүмүүс их өндөр tax-т орчихно гэж айгаад байдаг. Намайг үдийн хоолоо Монэ-д иддэг гэж бодоод байх шиг байгаа юм. /инээв/ Би хүлээн авалт маш сайн зохион байгуулдаг учир үнэтэй эмэгтэй гэж харагдаад байдаг талтай. Үнэтэй юм авбал би галзуурчихна шүү. Харин үнэ цэнэтэй юм авч хэрэглэж болно оо.
Та ердөө ч сул дорой харагддаггүй. Үргэлж хүчирхэг байж чаддагийн нууц нь юу вэ?
Би хонины орд, галын тэмдэг. Энэ нөлөөлдөг байх.
Танд хувийн амьдралтай холбоотой дуу байдаг байх, тийм үү?
Гэрэлтэй сайхан хайрын дурсамж... гэж эхэлдэг дууг Хуягаагаас салсан үед Өөжгий үгийг нь бичсэн. “Мартъя” гарч байх үед би гэр бүлтэй хүнд дурласан байсан. Сэтгэлээ их татаж авдаг байлаа. Тэрийг нь буруугаар ойлгоод салгагч гэж яриад байдаг. Бодоод байхад би хайр сэтгэлд их энэрэнгүй, дандаа эмэгтэй талыг нь боддог. Эрэгтэй хүнд хэзээ ч итгэж байгаагүй. Нэг бус эмэгтэй ирж уулзахад сэтгэл санааг нь тайван болгоод явуулж байсан. Харин тэр эрчүүд нь надаас өшөө аваад байдаг ч юм шиг. Би буруу ойлгогдсон, буруу уншигдсан роман байгаа биз дээ. Энэ бол үйлийн үр байх. Хоёрын хоёр амьдарч болох нөхрүүдээсээ өөрөө салсан. 15 жил ганцаараа амьдарч байна. Надаас асууж байсан. Ганцаараа амьдрах хэцүү юу гэж. Тэгэхэд би хариулж байсан. Хүүхдээ өргөж явах хамгийн хэцүү. Хоёр дахь хүүхэд дээр бол их хүнд байсан. Хөлтэй хүн хөлөөрөө явна аа гээд охиноо хөтлөөд явдаг байлаа. Гэтэл нагац ах охиныг минь өргөөд явах гэхэд охин маань “Хөлтэй хүн хөлөөрөө явна аа” гээд өөрөө алхаж байсан юм даа... Дараа нь Эрхэмээ дүүгээ өргөдөг болж их амар болсон. Гурван хүүхэд гэдэг бол их баялаг шүү дээ.
Хүнд дурлаад, тэр хүнийхээ ар гэрийг бодоод салж чадаж байна. Өөрт гэхдээ хэцүү байдаг биз дээ?
Хүнээс салахад 45 хоног л хэрэгтэй байдаг юм биш үү. Сараа гэдэг хүний дотоод сэтгэл нь шаналдаг байх л даа. Ер нь бол сэтгэлийн үзүүрт нэг гомдол үлддэг юм билээ. Ерөөсөө хайртай дуртай байсан гэдэг нь худлаа ч юм шиг, хоосон. Эрэгтэй эмэгтэй хүний дунд хүүхэд нь л үлддэг учраас, мөн хүндлэгдэхүйц түвшинд явж байгаа болохоор өөр. Гэхдээ миний сэтгэлийн гүнд гомдол байдаг гэдгийг тэд нар мэддэг л байх. Би их хатуу шүү дээ. Яагаад хатуу вэ гэхээр, салалт гэдэгт хандсан хандлагаас нь болж байгаа. Намайг цөхрөөгүй, шалдаа бууж гуйгаагүйд эгдүү нь хүрдэг байх. Хайрлаж чадахгүй гэж хэлсний төлөө ямар үнэтэй хариу авч байна аа, тэр эрчүүдээс.
Эмэгтэй хүн хүчирхэг байсны төлөөс үү?
Үгүй ээ, шударга байсны төлөөс л дөө. Уран ухаан хэрэглэж байж хүүхдэдээ анхаарал тавиулах нюанс үүсгэж байна.

“SINGLE MOM” НИЙГЭМД БАЙР СУУРЬТАЙ, ХҮЧИРХЭГ БАЙЖ БОЛДГИЙГ ХАРУУЛСАН

Цэл залуухан Сараагийн хувьд хайр гэдгийг яаж төсөөлдөг байв?   
Ер нь хайр бол их ээдрээтэй. Хайрыг удирдах боломжгүй.
Уран бүтээлчийн эрх чөлөө яах вэ?
Анхнаасаа л хил хязгаарыг нь тавьж өгнө. Тийм учраас л охины аав салсан байх. Ааштай, алдартай эмэгтэй хүн чинь “гэрийн найран дээр ирэх ёстой байсан ирээгүй” г.м зүйлээс эхлээд л салах болсон. Тийм учраас надаас дээгүүр, нэр хүндийн дээд хэмжээ болсон хүн л намайг удирдах юм шиг байгаа юм.
Харин одоогийн Сараа?
Надад одоо ээж гэдэг Сараа 70 хувь, эмэгтэй хүн гэдгээ унтуулчихсан. Хүссэн юмаа авдаг эмэгтэй гэдгийг маань мэдэж байгаа шүү дээ, хүмүүс. Зүрхээ шархлуулаад л, нэг тийм дундуур сэтгэлтэй үлдмээргүй байна. Би чинь урвалт шарвалтын ертөнцөд бол дүүлсэн эмэгтэй. Сүүлдээ бүр урвалтад ч гомдохоо байчихдаг. Надаас урвасан гэж мэдсээр байж тэр хүнтэй хамт байх хэцүү биз дээ.
Энэ бүхнийг даван туулах дотоод хүчийг хаанаас олж байна вэ?
Өөрөө өөрөөсөө хүчээ авдаг. Өөрөө өөрийгөө нээнэ. Бясалгал, хоолны багш гээд өөрийгөө нээх сургалт дамжаанд явах дуртай. Би ерөөсөө өөрийгөө л цаглашгүй их энергийн уурхай гэж боддог. Бүр жаахан байхдаа миний амьдрал телевизээр гардаг байх гэж боддог байсан. 40 насандаа охиндоо таалагдах гээд дугуй унаж сурч байлаа. Амьдрал яг л хоол хийж байгаа юм шиг. Толгойгоо жаахан цэгцлээд хэрэггүй хүмүүсийг, хэрэггүй бодлуудыг бүгдийг нь гэрээсээ гаргаад хаях хэрэгтэй. Намайг хайрлахгүй, хүндлэхгүй байгаа улсуудтай би уулзах хэрэггүй, учрах хэрэггүй. Шударга, үнэн голоосоо хүнийг хайрладаг, хүндэлдэг улсуудтай харьцаад явах нь сайн. Хэзээ ч моодноос гарахгүй гэж бодогддог нь ийм учиртай. Ерөнхийдөө baby boom хийгээд авсан. single mom нийгэмд байр суурьтай, хүчирхэг байж болдгийг харуулсан. 
Та ямар хөгжим сонсох дуртай вэ?
Би нэг тийм эрэлхэг, сөөнгө хоолойтой Cool эрэгтэй хүний дуу сонсох дуртай. Брайн Адамсыг шүтдэг. 
Та цэцгэнд дуртай юу?
Цэцэг суулгах дуртай болсон. Миний энэ насандаа хийх ёстой үйлийн нэг юм шиг байгаа юм. Сайн үр суулгавал үр шимийг нь амсана. Би ингэж чадсан гэж бодож байгаа. Хүнд итгэсэн, тусласан, баярлуулсан олон түүх бий.

Монгол эмэгтэйн хатан ухаан гэж ярьдаг. Хатан ухааныг та хэрхэн тодорхойлох вэ?
Бид бол гурван нүүдлийн дараах юмыг ярьж байна. Хатан ухаан гэдэг бол есөн нүүдлийн цаадхыг тооцоолох чадвар юм. Төрийн бодлого, гэр бүлийн бодлого, хатдын бодлого гээд бүгдийг оруулж байгаа. Дээрээс нь эмэгтэй хүний өөрийнх нь бодлого байна. Энэ бүх юмыг шингээж байж л хатан ухаан бий болдог юм байна л даа. Тэр мундаг бие сэтгэлээ өгч байж улс орноо аварч байсан агуу хатдын ухаан. Үр хүүхдүүдээ дайнд илгээж байсан сэтгэлийн хат. Золиос гаргаж чаддаггүй хүн бол хатан ухааны талаар яриад ч хэрэггүй.
Дуу ба гэгээрэл ямар холбоотой гэж та боддог вэ?
Дуу дуулна гэдэг чинь лам нарын хувьд маани уншина гэдэг шиг, нэг тийм сэтгэл зүйн нислэг хийж байгаа явдал юм. Энэ нислэг дээр зөв буух гэдэг утгаараа үнэн голоосоо дуулаад л дууг амилуулна шүү дээ. Дууг олон дуулж өөрөө ойлгож байж хүнд ойлгуулна. Дууг дуулна гэдэг чинь бас урлаг шүү. Тийм амархан биш. Гэгээрэлтэй холбож байгаа нь зөв л дөө. Яагаад гэхээр дуугаар хүн өөрийгөө илэрхийлдэггүй. Тэр дуу нь зохиогдсон үзэл бодлыг илэрхийлдэг. Яг залбирал хийж байгаатай адил. Би чинь тайзан дээр бол нийгэмд өөрийгөө өгөх үүрэгтэй хүн шүү дээ. Тайзны тэр “алтан” заагийг хадгалах нь зөв гэж боддог.
Танд баярлалаа.

Ярилцсан: Ц.Оюунчимэг
"Зиндаа" сэтгүүл №2 /502/, 2017-01 сар

Tuesday, January 24, 2017

МУГЖ Ш.Дэлгэржаргал: Театрын тайзан дээр ахмад, дунд, залуу гурван үеэрээ хамт байх юм бол урьд өмнөх өвийг авч үлдэж чаддаг


12-р сарын 28 -нд
"Зиндаа” сайтын “Ярилцлага” булангийн зочноор Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал уригдлаа. Гавьяат маань “Тунгалаг Тамир” киноны Цахиур Төмөрийн гэргий Дулмаагийн дүрээр олонд танигдсан уран бүтээлч. Анх Хүүхдийн театрт дагалдан жүжигчнээр орж уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид суралцан төгсөж Хүүхдийн театр, Дархан хотын “Залуучууд” театрт ажиллан, кино болон драмын жүжгийн олон сайхан дүрийг бүтээсэн. “Мюзик холл” Театр, кино, хөгжмийн дээд сургууль, “Бэрс” хэвлэл мэдээлэл, театр, киноны дээд сургууль, КУДС-д багшилж, Эх орон телевизэд “Өглөө” хөтөлбөр, “Ерөөлтэй орчлон” нэвтрүүлэг хөтөлж, FM 104.5 радиогийн хөтлөгчөөр ажиллаж байв. Одоо TV8 телевизийн “Утга зохиолын увдис” цуврал нэвтрүүлгийн хөтлөгч редактораар ажиллаж байна. Тэрбээр ахмад уран бүтээлчийн хувьд залуу үеийнхэндээ түүчээлэн хүргэх үг сургамж, ажиглалт дүгнэлт, санаа бодлоо сэтгэл харамгүй хуваалцсаныг та бүхэнд толилуулъя. 
Бидний ярилцах сэдэв тайз дэлгэцийн бүтээлүүдэд төвлөрсөн ч үг, аялгууны увдис шингээсэн дууны тухай ярилцсанаар эхлэлээ тавьсан билээ. Ард түмний дунд ардын дууны хэмжээнд хүртлээ алдаршсан олон сайхан дууны нэг бол Ардын жүжигчин Д.Түмэндэмбэрэл гуайн дуулсан “Усны тунгалаг Тамирын гол” хэмээх дуу билээ. “Энэ дууг тайзан дээр дуулахын өмнө гурван жил бэлтгэл сургуулилт хийсэн гэдэг юм шүү дээ” хэмээн МУГЖ Ш.Дэлгэржаргал яриагаа эхэллээ. “Дуучин хүн дуулах гэж буй дууныхаа үгийг нэрнээс нь эхлээд судалж, дараа нь бадаг бадгаар нь, улмаар бүхлээр нь ойлгож байж сая дуулах ёстой хэмээн Хайдав багш хэлдэг байж билээ. Гэтэл дуучид өнөөдөр дууны үгээ аваад маргааш нь дуугаа бичүүлж байна. Дуулаад байгаа мөртлөө дууныхаа үгийг ойлгоогүй явж байгаа хүмүүс их байна аа” хэмээн тэрбээр харамсангуй хэлсэн юм.
Зиндаа: Уран бүтээлч хүн, тэр тусмаа дуучин хүн бүтээлээ олны хүртээл болгохдоо юун дээр илүү анхаарч, ямар алдаа гаргахаас зайлсхийх ёстой вэ?
Ш.Дэлгэржаргал: Нэг ийм дуу байдаг даа. Явлаа гэж чанга чанга битгий хэлээрэй гээд. Энэ дууны үгийг сэтгэл зүрхнийхээ угаас хэлж дуулах ёстой дуу. Гэтэл баясгалантайгаар энэ үгийг чанга чанга хэлээд дуулах нь явсанд чинь баярлаж байна гэсэн утга илэрхийлээд дуулсан хэрэг болно шүү дээ.  Дууг баясгалантай дуулах ёстой гэсэн ерөнхий ойлголт байгаа болохоос дуунд амьдарна гэдэг утга учир тэр бүр харагдахгүй л байна. Тийм учраас драмын жүжигчид л дууг зүрхээрээ дуулдаг гэж ярьдаг. Яагаад гэвэл драмын жүжигчид дүрийн судалгааг асар сайн хийдэг, үгтэйгээ их ажилладаг хүмүүс учраас дууг дуулахдаа хүртэл зүрхээрээ, дотроосоо дуулдаг. Харин манай дуучид голдуу сайхан хоолой, үг, аяар дуулж байна. Гэтэл дуучид тэр гоё дуу хоолойн дээр зүрхээ нэмээд өгөх юм бол.. гэж бодогддог л юм. Манайд сайн дуучин олон бий л дээ. Гэхдээ л тийм тал их ажиглагддаг учраас үүнийг хэлмээр санагддаг.
Зиндаа: Нээрэн л зарим дуу хол хөндий санагдаж байхад, сайн дуулсан дуу шууд зүрх сэтгэлд хүрдэг шүү дээ.
Ш.Дэлгэржаргал: Зүрхээрээ тэр дууны үгийг мэдэрч, тэр дуунд гарч байгаа үгийг өөрийнхөө мэдэрсний хэрээр хүний зүрх рүү хийж өгөх ёстой юм. Тэр яруу найрагч юу бодож тэр үгийг бичиж вэ, гэтэл тэр бодролыг нь мэдэрч байж хөгжмийн зохиолч ая бичиж байгаа шүү дээ. Тэгээд үг, хөгжим хоёр чинь ямар гоё нийцэж байж дуу бүтэж байна. Үүнийг дуучин аваад өөрийнхөө зүрхийг нэмээд яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин гурвын зүрх сэтгэл нэг зүгт хөглөгдөх юм бол, тийм л дуу ардын дуу болж үлдээд байгаа юм.
Зиндаа: Үгээ буруу ойлгосноос болж буруу дуулагддаг дуу хэр их байна вэ?
Ш.Дэлгэржаргал: Нэг дууны үгийг настай хүн надад хэлж өгсөн юм. Бид нар урлагийн бригадаар хөдөө явж байгаад айлд дуулцгааж байлаа. “Гарын арван хуруу”-г дуулаад сууж байсан чинь айлын хүн “Та нар наад дуугаа ер нь буруу л дуулаад байх юм даа, хүүхдүүд минь” гээд зөв үгийг нь хэлж өгсөн. 
Гарын арван хуруу нь гажаа нь үгүй шулуун
Гартаа хийсэн бөгжийг нь тольдоо нь үгүй сэтгэл үү дээ
Хар өнгийн торгоор ханцуйгаа юунд эмжлээ
Харийн хошууны чамдаа хайраа юунд өглөө гэсэн үгтэй гэж. Харийн хошуунаас ирчихээд тэр сайхан бүсгүйг хараад дурласан чинь сүйн бөгжийг нь хараагүй дурласан байгаа юм. Үүнийг би нэлээн хэдэн дуучинд хэлж өгсөн дөө. Ерөөсөө засаж дуулахгүй байгаа юм. Бас нэгэн жишээ хэлэхэд “Үймж явсан насны багад Үнэнч амрагаа танихгүй явлаа” гэдэг дууг “үймүүлж явсан” гээд дуулах нэг өөр, “үймж явсан” гэхээр үймж бужигнаж явжээ дээ. Үймж бужигнаж явах, үймүүлэх хоёр чинь ялгаатай. Иймэрхүү утгуудыг, ялангуяа манай МУГЖ Д.Сосорбарам байнга хэлдэг, өөрөө ч үлгэр жишээ дуулдаг. Энэ бүхнийг дуучид өөрсдөө л хийх ёстой ажил нь юм шүү дээ.


ТАЙЗ ДЭЛГЭЦ ГЭДЭГ ЧИНЬ ХҮМҮҮЖЛИЙН ТАЛБАР БАЙЛАА ШҮҮ ДЭЭ!
Зиндаа: Өнөөдөр дэлгэцийн зарим бүтээлд муу муухайг хэт их харуулж байна. Ийм байдлаас нь шалтгаалж монгол уран бүтээлээ таашаан үзэхэд зарим үед хэцүү. Та мэргэжлийн хүний хувьд энэ бүхний шалтгааныг хэрхэн харж байна вэ?  
Ш.Дэлгэржаргал: Барууны соёл хэт их нэвтэрч байна. Дээр нь нэмээд оюуны хоосрол бий болж. Оюуны хоосролд орсон учраас агуулгаас илүү хэлбэрийг хөөцөлдөх нь ихсэж байна. Уран бүтээлд муу муухайг үзүүлэхдээ хэм хэмжээг нь хэтрүүлээд байна. Уг нь монгол ёсоор бол “Хүүхдэд улай бүү үзүүл” гэдэг. Хүүхэд бол маш их дуураймтгай амьтан. Гэтэл зарим киноны рекламнаас нь эхлээд л зүрх шимшрүүлж байна. Энэ харгис кино ший чинь хүүхдийн хүмүүжлийг эвдэж, ах захгүй хүмүүсийг бий болгоход хувь нэмрээ оруулаад байна шүү дээ. Тэгэхээр бид нар уламжлалт ёс заншил, дэг жаяг руугаа л эргэж хандах хэрэгтэй болчихоод байна.
Зиндаа: Бусад орны кино, мөн манай өмнөх үеийнхний бүтээлүүдэд ч нүдний харц, дууны нухацтай илэрхийлэл, биеийн үйлдэл, хэл яриа гээд олон аргаар дүрээ тодотгож байгаа харагдах юм. Гэтэл манай жүжигчид хоолойгоо шахаж бачимдан ярьж байгаа мэт сэтгэгдэл төрүүлээд байдаг?
Ш.Дэлгэржаргал: Манай жүжигчид харин сайн. Гагцхүү энэ нийгэм, бусармаг орчин, түүнийг шүүмжлээд “Өнөөдөр та нар ийм л болоод байна даа” гэж хэлж байна гэж боддог. Ялангуяа хариуцлагатай ажил хийж буй хүмүүс, дээдсүүд эндээс өөрийгөө олж харах хэрэгтэй. Өвөр Монголд гэхэд манай монгол жүжигчдийн тоглолтыг илүү таашаах хандлагатай байдаг. Яагаад гэвэл хятад /өвөр монгол/ жүжигчид илүү их жүжиглэлттэй, хэтрүүлсэн тоглолт ихтэй хиймэл дүр гаргадаг юм уу даа. Монгол жүжигчид их үнэн тоглодог гэж өвөрмонгол найруулагч ярьж байсан.  
Зиндаа: Тэгвэл тайз, дэлгэцийн жүжигчний ялгаа гэж гараад байна уу?
Ш.Дэлгэржаргал: Дээхэн үедээ тайзны жүжигчдийг кинонд авах дургүй байсан. Яагаад гэхээр тайзныхаа өргөлтийг хийгээд, театрынхаа өргөгдсөн нөхцлөөр тоглочих гээд байдаг. Киноны жүжигчид гэж тусгайлан бэлтгэж эхэлсний учир үүнтэй л холбоотой байх. Тэгээд кинонд дуу оруулдаг дублёжийн жүжигчид гэж гарч ирж байсан юм. Киноны дуу оруулдаг жүжигчид бол тайзан дээр тоглож байгаагаас ялгаагүй шүү дээ. Ямар сайндаа л жүжигчин биш хүн дүрд тохирдог. Дүрд тохируулаад жүжигчин биш хүнийг тоглуулчихаад заавал жүжигчин хүнээр дууг нь хийлгэдэг зарчимтай байлаа. Жүжигчин биш хүн чинь тэр дүрийнхээ дотоод ертөнцийг нарийн гаргаж чадахгүй шүү дээ. Тэрийг дуугаар нь хийж өгч дүрийг товойлгож өгдөг. Жишээ нь, “Тунгалаг тамир” –ын Цахиур Төмөр бол яг ийм аргаар бүтээсэн сайхан дүр. Тэр хүнгэнэсэн сайхан хоолойг Ардын жүжигчин Н.Дагийранз агсан хийсэн юм шүү дээ. Ингэж л дүрийг тодотгож өгдөг. 
Зиндаа: Дулмаагийн дүрд та өөрөө дуу оруулсан уу?
Ш.Дэлгэржаргал: Дулмаагийн дууг би Цэнд-Аюуш эгчээр хийлгэе гэж найруулагчаасаа их гуйсан. Тэгтэл жүжигчин болох гэж байгаа ухаантай л юм бол чи өөрөө хий гэж загнаад зөвшөөрдөггүй. Тэгээд дуугаа өөрөө оруулсан. Гэтэл Цэнд-Аюуш эгчийн дуу надад наалддаггүй, миний дуу Цэнд-Аюуш эгчид наалддаггүй их учиртай байдаг юм байна. Манай хуучны найруулагч нар энийг сайн мэддэг байж. Тэгэхэд Батцэцэгийн дуу, миний дуу хоёр хоорондоо уусдаг. Батцэцэг бол дүр нь “Эх бүрдийн домог” кинонд их сайхан тохироод, дууг нь би оруулж, улмаар түүний эхний дөрвөн киноны дууг хийсэн. Батцэцэг маань жүжигчин болоогүй, МУИС-ийн орос хэлний ангийн оюутан байсан учраас тэр. Ер нь жараад оны бараг бүх киноны гол дүрд мэргэжлийн бус хүн тоглосон доо. 17-20 насны залуучуудынх нь дууг Элбэгсайхан бид хоёр хийдэг байлаа.
Зиндаа: Тэгвэл жүжигчний хоолойг зураг авалтаас тусад нь хийх үнэхээр их ач холбогдолтой төдийгүй уран бүтээлийн чанарт шууд нөлөөлдөг байх нь ээ?
Ш.Дэлгэржаргал: Бидний үед бол найруулж зургаа авчихаад дараа нь дуугаа хийдэг байлаа. Чанараа бодоод дууг нь дахин хийдэг найруулагч одоо ч байгаа. Харин жүжигчин биш хүн тоглочихоод өөрөө дуугаа оруулахад дүрээ унагаачихдаг гэм бий.
Зиндаа: Тайзны жүжигчин дэлгэцийн бүтээлд тоглохоор дээрх асуудал үүсээд байх тал бий юу?
Ш.Дэлгэржаргал: Одоо драмын жүжигчид тайз, дэлгэцийн бүтээлд тоглох тал дээр ямар байх учраа олчихсон байгаа.
Зиндаа: Тэгвэл юуных вэ?
Ш.Дэлгэржаргал: Зарим тохиолдолд хиймэл сүржин, хэтрүүлсэн тоглолт хийгээд байгаа тал харагддаг. Энэ нь солонгосын жүжигчдэд их харагддаг юмыг хуулбарлахын уршиг юм уу даа. Ямар сайндаа л Нямгаваа найруулагч аргаа барахдаа “Солонгосын жүжигчид ээ, Цагаандэлгэрийн уран сайханчид аа” гээд хашхирч байхав. Энэ нь найруулагч хүн жүжигчнээсээ дотоод сэтгэлийн үнэнийг нэхсэнийх юм болов уу. Солонгосын кинонд зарим дүрд эргүү маанаг юм шиг өнгөний тоглолт харагддаг. Үүн шиг зүйл сүүлийн үеийн зарим кинонд цухалзах болсонд эмзэглэдэг. Бас зохиол гэдэг юмтай их нандин холбоотой байх. Хамгийн чухал нь зохиол байдаг юм шиг байгаа юм. Тайз гэдэг чинь жүжигчнийг голоод гаргаад хаячихдаг гэж үг бий. Энэ нь уран бүтээлч хүн өөрийгөө байнга бэлдэж, сургуулилж, судалж, бүх нөөц бололцоогоо дайчлах ёстой гэсэн л үг байх.
Зиндаа: Ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн хэлхээ холбоо манайд жаахан дутагдаад байх шиг. Ажлын байран дээр насаар ялгаварлах үзэл давамгайлж байгаа нь театр, урлагийн салбарт сөргөөр нөлөөлж байна уу?
Ш.Дэлгэржаргал: Бидний залуу байх үед багш нар, ахмадууд маш их юм хэлж заадаг байсан. Энэ юутай холбоотой гэхээр ахмад, дунд, залуу үе хамт нэг дор байж байдгийн тус юм даа. 90-ээд оноос залгамж гурван цагийн хэлхээ байхгүй болсон харагдаад байгаа. Ахмадууд театрт ерөөсөө байхгүй, бараг ихэнх нь чөлөөндөө гарчихсан. Ялангуяа драмын жүжигчин өөрөө л хүсээгүй бол 80, 90 хүрсэн ч гэсэн тэтгэвэртээ гарахгүй байж болно гэдэг бичигдээгүй хууль байлаа. Одоо тийм юм алга. Би охиноо дагаад Москвад гурван жил болоод ирсэн. Харж байхад, хуучин ЗХУ-ын жүжигчид ёстой 80, 90 хүрсэн ч гэсэн уран бүтээлийнх нь авьяас чадвар нь шавхагдаагүй хэвээр байна. Ахмадууд нь ерөөсөө тайзнаас буугаагүй ид оволзож байгаа юм. Хачин гоё санагдсан. Тэндээс бодож ирсэн. Бид нар чинь тэтгэврээ тогтоолгоод л өөрсдөө өөрсдийгөө авсалчихдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрөөд, дахин шинээр төрсөн юм шиг болоод ирсэн. Би хэдийгээр тэтгэврээ тогтоолгосон ч сүүлийн 15 жилээ сургуульд багшлаад харьцангуй бас унаагүй л дээ. Тэгэхдээ л би ерөнхийдөө унасан байна шүү гэсэн ойлголт төрж ирсэн. Манайд бол цалин  мөнгөтэй л холбоотой ахмадуудыг ажилгүй гаргачихаж байна. Хэдэн жилийн өмнө манай залуучууд нэг арга хэмжээ явуулсан чинь “манай ахмад уран бүтээлч” гээд жүжигчин Б.Нармандах гараад ирсэн чинь миний бүр гол харласан шүү дээ. Бидний үеийнхэнд Нармандах чинь хүүхэд. Гэтэл бид нэг үедээ байж байхад, Нармандах залуучуудынхаа толгой болоод явж байх ёстой байтал “ахмад” гэж хэлэгдээд сууж байх нь, яг уран бүтээлчдэд бол буруу юм шиг санагдсан. Энийг яагаад хэлж байна гэхээр ахмадуудаас авч үлдэх юм асар их байдаг. Театрын тайзан дээр ахмад, дунд, залуу гурван үеэрээ хамт байх юм бол урьд өмнөх өвийг авч үлдэж чаддаг юм шүү дээ.
Зиндаа: Кино үйлдвэрийн тухайд та ямар бодолтой байна вэ?
Ш.Дэлгэржаргал: Кино үйлдвэр чинь мундаг том үйлдвэр байсан юм. Ер нь тэр чигт нь хөгжүүлсэн бол их том павильон, эдлэл хэрэглэл гэж бүгд жинхэнэ. Кино үйлдвэр бол тухайн үедээ үнэхээр гоё байсан. Ер нь улсын чанартай үйлдвэрүүд алга болсны гор юм даа. Одоо кино үйлдвэрийг шинээр байгуулна гээд ярьж байгаа дуулдах юм. Тухайлбал, Оросын Мосфильм гэхэд ерөнхийлөгчийнхөө ивээл дор байдаг гэсэн. Солонгост бас урлаг нь ерөнхийлөгчийн ивээлд байдаг. Манайх чинь өмнө нь урлагийг ямар их дээд зэргээр харж үздэг байсан гэж бодож байна. Тэр бодлогоо сэргээх хэрэгтэй санагддаг.


ДҮРИЙГ МУУ ГАРГАНА ГЭДЭГ ДҮРЭЭ СУДЛААГҮЙ, ДҮР ДЭЭРЭЭ АЖИЛЛААГҮЙ, ДҮРИЙН БОЛООД ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГАА ҮГИЙНХЭЭ УТГА УЧРЫГ ОЙЛГООГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ
Зиндаа: Жүжигчин гэдэг мэргэжлийн онцлогийг тодорхойлбол?
Ш.Дэлгэржаргал: Мэргэжлээ бид нар хайрлаж явах ёстой юм. Мэргэжлээ хайрлаж байж хүний зүрх сэтгэлд өгч, өөрөө зүрх сэтгэлээ тэжээж явна гэж надад бодогддог. Энэ бол бүгд л манай ахмадуудын надад хэлж өгсөн зарчим шүү дээ. Багш нарынхаа заасан бүхнийг өртөөлөн цааш нь дамжуулах гээд хэлээд байна. Энийг бас дараа үеийнхэн нь авах учиртай юм. Мэргэжилдээ ханаж болохгүй гэж багш найруулагчид маань их сургадаг байсан. Ямар ч уран бүтээлд оролцохоос хоёр цагийн өмнө бүгд цугладаг байлаа. Тэгээд бие, сэтгэл санаагаа бэлдээд тайзан дээр их тайван гардаг. Гомбосүрэн багш л гэхэд байнга дүрдээ орчихсон байж байдагсан. Театр бол галзуугийн больниц гэгддэг байлаа. Хаа сайгүй дүрээ бодоод, бэлдээд, тэр сайхан бэлтгэлээрээ тайзан дээр гарахаар сэтгэлд их хөнгөн байдаг юм. Тэгэхгүй гялс ярьж байгаад л гялс гарахаар дүрийнхээ гүн гүнзгий утга санааг хэлж гаргаж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал гарна биз дээ.  
Зиндаа: Жүжигчин мэргэжлийн хүмүүсийг зөвхөн дээд боловсролын тогтолцоогоор бэлтгэх нь хэр оновчтой вэ?
Ш.Дэлгэржаргал: Хөгжимчид, бүжигчид, дуурийн дуучдыг бага наснаас нь эхлэн бэлддэг шиг сонгодог урлагийн жүжигчдийг багаас нь бэлтгэх хэрэгтэй санагддаг. Байгалиас заяасан авьяас гэж байдаг юм билээ. Манай Цээнямбуу гэхэд пионерийн ордны жүжгийн дугуйланг төгссөн. 10-р анги төгсөөд шууд театрт ороод “Хар санаа ба хайр сэтгэл” жүжгийн Луйзад тоглож байлаа. Пионерийн ордонд Чүлтэмжамц, Дугар гэж хоёр багш суурийг нь маш сайн тавьсан байх. Хамгийн гол нь өөрөө байгалиас заяасан авьяастай байж дээ. Сонгодог жүжгийн эмэгтэй гол дүр ер нь 14-16 насны охид, хөвгүүд байдаг. Театрт 8, 10 дугаар анги төгссөн авьяастай залуусыг дагалдангаар авч зургаан сарын хугацаанд туршаад, шалгалт аваад тэнцвэл жинхэлдэг байлаа. Байгалиас заяасан авьяастай залуусыг Оюун багш сургуульд оруулдаггүй байсан гэдэг. Эвдэрчихнэ гээд.  Жишээ нь АЖ Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, Д.Цээнямбуу нарыг нэрлэж болно. Одоо бол байгалиас заяасан сайхан авьяастай залуучууд сургуульд сурах гэхээр төлбөрийн чадвар хүрэлцэхгүй байх, театрт дагалдан авахаа больсноос тэдний авьяас илэрч чадахгүй, жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэх боломжгүй байгаад сэтгэл гонсгор явах юм даа.
Зиндаа: Жүжигчин хүний бусдаас ялгарах онцгой чадварын илэрхийллийг бодит дүр дээр жишээ авч яривал?
Ш.Дэлгэржаргал: Мэргэжлийн жүжигчин хүний нэг онцлог чанарыг багш нар маань бидэнд сургадаг байлаа. Энэ нь тайз дэлгэцэнд болж байгаа үйл явдалд жүжигчин хүний дотоод сэтгэлийн илэрхийллээр уйлах тохиолдолд жүжигчин хүний самсаа шархирч хоёр нүдний аяга дүүрэн нулимс бүрхээд ирэхэд үзэгчид мөн адил тэгдэг. Харин тэр үед жүжигчин нулимсаа унагалгүй татаж байхад үзэгчдийн нулимс өөрийн эрхгүй асгардаг. Харамсалтай нь жүжигчдийг асгаруулан мэлмэрүүлэн уйлахгүй болохоор үзэгчид хүлээж авахгүй тал байдаг. Мэргэжлийн жүжигчид бид энэнд нь хөтлөгдөөд үзэгчдийн аясаар явдаг. Гол нь зритель уйлж байх ёстой байхгүй юу. Энийг бол ёстой гайхамшигтай үзүүлсэн нэг кино бий. “Мандухай цэцэн хатан” кинон дээр Мандухай хатан хоёр нуган үр төрүүлчихээд Батмөнх даян хааныг хүлээж байгаа хэсэг. Нуган үр төрүүлнэ гэдэг эх хүнд хамгийн эрхэм юм. Тэгээд их сайхан байж байтал хаантан нь Алтжинг бага хатнаа болгож авлаа гэсэн мэдээ ирдэг шүү дээ. Тэгэхэд яг л ингээд нулимс нь аягыг нь дүүрч ирээд л эргээд цааш нь татаад, нэг их гоё. Аргагүй л жүжигчин хүн ийм байх ёстой гэдгийг харууллаа даа, манай Сувдаа гээд би их бахархаж байсан.
Зиндаа: Их сонирхолтой жишээ байна. Таны багш, найруулагчид ямар арга барилаар ажилладаг байв?
Ш.Дэлгэржаргал: Ер нь хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл нүдэнд заавал илэрч гарч байх ёстой гэдгийг манай Оюун багш их хэлдэг байсан. Нүд, нүд, нүд гээд л. Гэтэл Ванган багш болохоор дуу хоолойны интонац дээр анхаарч, энүүгээр нь хүнийг зөв ярьж байна уу, буруу ярьж байна уу гэдгийг их мэдэрдэг хүн байж.  Ванган багш бол доошоо хараад сонсоод л суугаад байна. Яриад л явж байтал зогс, стоп, худлаа. Шал худлаа ярьж байна чи гээд л. Оюун багш бол ерөөсөө нүд ширтээд суучихдаг. Нүд нүд, чи дотор чинь хов хоосон болохоор нүд чинь хов хоосон байна шүү дээ, хонгор үр минь гээд суучихна.
Зиндаа: Сүүлийн үеийн зарим кинонд жүжигчин нь “Би дүрд тоглож байгаа” гэх байдалтай тоглосон нь харагддаг. Энэ юутай холбоотой вэ?
Ш.Дэлгэржаргал: Энэ бол дүрээ судлаагүйтэй л холбоотой. Хоёрдугаарт, уран бүтээл дээр ажиллаж байгаа нь солонгосын кинонуудыг их дуурайгаад байна уу гэмээр ажиглагддаг. Ер нь дүрийг муу гаргана гэдэг дүрээ судлаагүй, дүр дээрээ ажиллаагүй, дүрийн болоод хэлж ярьж байгаа үгийнхээ утга учрыг ойлгоогүйтэй шууд холбоотой. Үүнээс болж хүнд үнэмшигдэхээр биш, хүний зүрх сэтгэлд үлдэж чадахгүй дүр бий болж уран бүтээлийн чанарт ч нөлөөлдөг.
Зиндаа: Одоо тайз дэлгэцийн бүтээлүүд дээр гарч байгаа, та л хэлэхгүй бол өөр хүн хэлэхгүй, анхаараасай гэсэн ямар  шүүмж байна вэ?
Ш.Дэлгэржаргал: Манай уран бүтээлчид судалгааг их сайн хийсэн л гэж яриад байна. Гэхдээ тэр жинхэнэ судалгаа байна уу, үгүй юу? Жүжигчин хүн жүжгийн болон кино зохиолоо аваад заавал гараараа хуулж бичих ёстой байдаг юм. Түүн дээрээ ажиллаад, дэвтэртээ хаана нь яаж хэлэх вэ, гуних уу, инээх үү гээд тэмдэглэдэг. Манай Гэндэн багш жүжигчин хүний дэвтэр улаан эрээн байх ёстой гэдэг байсан. Тэр улаанаараа тодотголуудаа хийж аваад, тэр дэвтэр дээр өөрийнхөө бүх бодол санааг гаргадаг, найруулагчийн хэлснийг тэмдэглэж авдаг ийм ажиллагаа заавал байх ёстой юм. Одоо бол зохиолыг хэвлээд өгчихнө, тэрийг нь барьж байгаад ямар ч харандаа хүрэхгүй, бичсэн үгээр нь тоглоод явчихаж байна. Гэтэл тэр зохиол дээр бичгийн хэлээр бичсэн байдаг. Дэвтэрт хуулж авдагийн учир юу вэ гэхээр, бичгийн хэлнээс ярианы хэл рүү хөрвүүлж байгаа юм. Тийм ч учраас жүжигчний ангид бичгийн хэлнээс яриа руу хөрвүүлж авах хичээл ордог. Тэр хичээлийг нь дэвтэр дээр ажиллаж байж л сурч авна. Энэ судалгаа дутагдаж байгаа гэж боддог. Нөгөөтэйгүүр дүрийн судалгаа гэдгийг багш нар маш сайн хэлж заадаг. Судалгаа гэдэг нь дүрийнхээ намтарыг зохиолоос нь эхлээд, зохиогч юуг хэлэх гэсэн болон тухайн цаг үе, зан заншлыг судлахаас эхлээд асар өргөн хүрээтэй ажил байдаг. Мөн харилцаж байгаа хүнийхээ хэлж ярьж буйгаас ч бас өөрийн дүрээ тодотгох гээд их юм бий. Үүнийг л орчин үеийн кинон дээр хийхгүй харагдаад байна уу даа. Түүхэн кинонуудын дүрийг бол арай илүү ажиллаж судалж байх шиг байгаа юм.


УРЛАГИЙН БҮТЭЭЛ ДЭХ МОНГОЛ ДҮР ТӨРХ АЛГА БОЛЖ БАЙГАА НЬ СЭТГЭЛ ЭМЗЭГЛҮҮЛДЭГ
Зиндаа: Урлагийн бүтээл дэх монгол дүр төрхийн тухайд таны бодлыг сонсъё.
Ш.Дэлгэржаргал: Түүхэн кинонуудад монгол дүр төрхийг аргагүй л гаргасан байдаг. Орчин үеийн кинонд монгол дүр төрх илэрхийлсэн нь байна, гэхдээ ховордох гээд, солонгос киноны стиль рүү ороод байна. Ялангуяа эмэгтэй хүн, охид нэгэндээ атаархах, нэгэндээ хортой юм хийх, хор хонзон санах. Энэ чинь уг нь монгол зан чанар биш юм шүү дээ. Энийг чинь бүр эрт дээр үеэс эхлэн цээрлэж ирсэн араншин. Гэтэл арван жилийн сургуулийн хүүхдүүдийн дунд хүртэл ийм зүйл болж байгаа тухай нэг кино хийгдсэн байсан. Хотын хүүхэд хөдөө очоод, хот хөдөөгийн ялгаа дунд охид хоорондын тэмцэл гарч байгаа юм. Ийм зүйлд маш их сэтгэл эмзэглэдэг. Яагаад гэхээр тэр чинь монгол дүр төрх биш байхгүй юу. Монгол дүр төрх гэдэг чинь зүгээр харагдах өнгөнөөсөө монгол дээл өмсөөд намбайгаад алхаад байна гэсэн үг биш, харин зан чанар, үзэл бодол, ухамсар, хүмүүжил юм. Тэр бүхэн энэ уран сайхны дүрүүдээс үнэхээр л алга болоод байна. Ялангуяа сүүлийн үеийн кинонууд юу хэлэх гээд байгаа нь тодорхойгүй, хэрэлдээд байгаа хэлцээд байгаа нь ч ойлгогдохгүй бүдүүлэг хэл яриатай, хүмүүжилгүй охид залуучууд л байх болоо юу даа. Залуучууд хүүхдүүд үзээд чухам юуг авч үлдэх вэ гэдгийг заримдаа ойлгохгүй юм аа. Тэгэхдээ л уран бүтээлчид ер нь монгол ёс, зан заншил, монгол төрхөө гээсэн уран бүтээлээс татгалзаж, гадныхныг шүтэн хуулбарлахгүй байгаасай гэж хүсэж байна. Энэ тал дээр их л юм хэлмээр байх юм даа. Төр засаг минь хөдөөгийн хөгжил, дэд бүтэц рүү анхаарлаа төвлөрүүлээсэй. Монголоо битгий уусгачихаасай.
Зиндаа: Монгол дүр төрхийг уран бүтээлд илэрхийлэхдээ юуг нь тодотгох шаардлагатай харагдаж байна вэ?
Ш.Дэлгэржаргал: Монголгүй зан араншинг илэрхийлсэн кинонууд захаасаа аван гарч байна. Сайхан үерхэл нөхөрлөлийн тухай, сайхан хайрын тухай, сайхан хүндлэл, энэрлийн тухай кинонууд ч гарч л байна. Жишээ нь “Хувь тавилангийн ээдрээ” гэж киноны төгсгөлийн 60-р анги их гоё төгслөө. Тэр бие биендээ муу санаж хорсож явсан санаа бодлоо цайруулаад төгсгөж байна. Энэ нь бидний ээж аавын сургаж ирсэн “Хүн бүхэн сайн муу талтай. Сайн тал ч бий, муу тал ч бий. Арван муу юм байлаа гэж бодоход нэг гялтайсан сайхан юм байх ёстой. Тэрийг л олж хараад харьцаж бай” гэж миний ээж сургадаг байсан. Яг ээжийн энэ сургаалыг л саяын кинон дээр харлаа даа. Сайхан санагдлаа. Ийм кино олон хийгдэж байгаа. Гэтэл солонгос кинон дээр өс хонзон санаад цусны, ясны, бүр удмын өшөө болоод байдаг. Ийм юм монгол хүнд байгаагүй юм аа. Онегинд тоглосон Дамиран дуучин театрын дарга хийж байсан юм. Жүжигчид хоорондоо сайндаж муудалцах зүйл гарна. Тэгэхэд “Та нар яасан хэцүү хүмүүс вэ. Бүх насаараа хонзон болохгүй шүү дээ. Одоо та нар ингэж үтэр ятар хийгээд яах юм. Нэгнийгээ өнхрөөд өгөхөд аль сайныг нь бодоод л уйлахаас хойш” гэдэг байсан. Монгол төрх гэдэг энэ л юм даа.
Зиндаа: Урлагийн бүтээлээр дамжуулж нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлж буйн жишээг дурдвал?
Ш.Дэлгэржаргал: “Гарын таван хуруу” кино хийгдэхэд эргээд бүтэн гэр бүл болж нийлсэн айл байдаг юм. Урлагийн бүтээл гэдэг ингэж эргээд хүний амьдралд өгөөжөө өгөх ёстой гэж бодож байна л даа. Энэ уучлах, уужуу хандах, өршөөх, энэрэх уужуу сайхан сэтгэл гэж байх ёстой. Чингис хаан дандаа дайсны талынхаа хүмүүсийг нөхрөө болгоод авчихдаг байсан. Тэр хүний уучлах сэтгэл их агуу байна аа даа. Гэтэл хонзон өвөрлөөд явж байгаа хүний сэтгэлд гэгээ орж ирдэггүй. Цаг үедээ гарцаагүй гарах юм гараад л явдаг. Зөв нь буруугаа, зөөлөн нь хатуугаа иднэ гэдэг. Тэгэхээр зөв талаас нь бодож уучлаад өөрийнхөө сэтгэлийг ариун байлгая гэж л хүн бодох хэрэгтэй. Муу санаа өвөрлөөд хонзон санаад байх юм бол өөрийнх нь сэтгэл тайвшрахгүй учир өөрөө зовно. Тийм л юмыг жаахан гаргаж өгч баймаар юм шиг. Тэрийг л сая “Хувь тавилангийн ээдрээ” киноны төгсгөлд хийгээд өглөө. Эндээс хүн байхын учир гэдгийг бодоосой. Кино үзэхдээ юуг нь амьдралдаа хэрэгжүүлж авах вэ, юуг нь гээх вэ гэдгээ бодох нь их чухал юм. Ном уншихдаа ч, театр үзэхдээ ч, кино үзэхдээ ч тунгааж бодож байх ёстой гэдгийг ялангуяа багш нар маань их сургадаг байсан даа. Тийм учраас номыг уншихдаа доод тал нь таван удаа унш, ширээний ном болгоно гэдгийн учир чинь бараг өдөр болгон уншиж байх учиртай юм шүү дээ гэдэг байлаа. Тэгэхээр энэ зохиолыг бичсэн, энэ уран бүтээлийг хийсэн хүн хэчнээн их зовж байж бүтээж байна. Энэ хүмүүс юу хэлэх гээд ингэж зовж зүдэрч хийгээд байна гэдэг тэр зорилгыг ойлгож авч чадах юм бол бидний ч гэсэн хэрэг бүтэж байна шүү дээ. Залуучууд маань сайн юм л хийх гэж мэрийж яваа. Гэхдээ бусдад юу өгөх вэ гэдгийг маш сайн бодох учиртай болов уу. Сүүлийн үеийн кинонууд маргалдаад хэрэлдээд байгаа ч юм шиг хүмүүжилгүй, ёс суртахуунгүй охин, эр хүний төлөв чанаргүй эрчүүд л гаргаад байх болж. Энэ бол монгол биш юм. Ер нь монгол эр хүн л ховордоод байна аа даа. Хов ярилцдаг эр хүн байхгүй байсан л санагдах юм.
Зиндаа: Зарим кино бүтээлд үзэхэд ч хэцүү үйл явдал харуулах юм. Ингээд муу  муухайг дэлгээд байх нь хэр зөв байдаг юм бэ?
Ш.Дэлгэржаргал: Хэцүү кинонууд бий л дээ. Хүний гол гогодсон хэцүү юмнууд. Дээр үед манай багш нар “Энэ чинь их түгээмэл асуудал биш. Мэр сэр гардаг асуудлыг тэгж дэлгэж тавих учиргүй” гэж бид нарт ойлгуулдаг байсан юм шүү дээ. Тэрийг чинь дэлгээд тавьчихаар болчимгүй нэг нь дуурайж байна. Хүнийг их харгис хэрцгий болгож байна. Энийг нуухаас өөр аргагүй гэдэг байлаа. Юуг харуулах, юуг харуулахгүй байх гэдэг асуудал дээр урлаг, улс төр хоёр адил юм. Урлагт ч, улс төрд ч бодлого гэж байдаг. Ялангуяа урлаг бол гэгээлэг зүйлийг харж, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг маш хүчтэй өрнүүлэх үүргийг нийгмийнхээ өмнө хүлээж байдаг юм шүү дээ. Дээр нь тэр Их хурлын гишүүдийн хэрүүл, элдэв муухай мэтгэлцээнийг бид, ялангуяа хүүхэд залуучууд ер нь харах ямар хэрэгтэй юм бэ? Эд маань өөрсдөө ямар ч үлгэр дууриалгүй байна шүү дээ.
Зиндаа: Хошин шогийн мэдрэмжийг урлагийн бүтээлд нэлээд зохисгүй илэрхийлж байгаа харагдах юм. Мөн хөдөөгийнхөн гэхээр болхи бүдүүлэг гэж харуулах хандлага давамгайлж байх шиг?   
Ш.Дэлгэржаргал: Хошин урлаг, инээдэм гэдэг бол их том, мэргэжлийн чухал зүйл. Жишээ нь оросын жүжигчид бол гадна төрх, хөдөлгөөн гэж нэг их гоёчилохгүй. Зүгээр яриад сууж байхад л нирхийтэл инээж байдаг. Тэрэнд чинь зохиол бас хэрэгтэй. Их сайхан зохиол гаргаад ирэх хүн байхгүй болохоор энэ хүүхдүүд чинь өөрсдөө нийгэмд байгаа дутагдалтай юмнуудыг хэлж өгөх гээд зүтгэж байна л даа чааваас. Энэ дотор бас тайзан дээр хүнд хэлж болохгүй юмнууд хэлэгдээд байна гэдгийг ойлгохгүй байна. Бас нэг зүйл гэвэл эмэгтэй хүний дүрд тоглодог эрчүүд. Жишээ нь, оросын хошин урлагт эмэгтэй хүний дүрд тоглодог хоёрхон л эрэгтэй байдаг. Нүдний шил зүүгээд, алчуур өмсөөд суудаг хоёр жүжигчин. Гэтэл манайд хэд болж байна. Зарим зүйл нь эмэгтэй хүнийг хэт доромжлонгуй, хөдөөгийн хүмүүсийг бүдүүлэг, маанаг юм шиг үзүүлсэн хандлага харагддаг. Үзэгчдээ л инээмтгий хүн болгоод байна уу? Хошин урлагийнхан маань мэргэжил тал руугаа анхаарах цаг болж. Ер нь тайз, дэлгэцийн соёл гэдгийг сайн бодох хэрэгтэй юмуу даа гэж бодогддог. Гэтэл одоо хошин урлагийн тоглолтоор монгол хүний яс маханд нь байхгүй юмыг хийж өгч байна. Нэг удаа Оюун багш Дарханд очоод жүжиг үзээд гарч ирээд “Дарханы үзэгчдийг чи инээмтгий хүн болгочихож” гэж Нямгавааг загнасан. Тэр нь охины ээж, найз залууг нь ямар мэргэжилтэй билээ гэж асуухад “Шүдний эмч” гэж хариулахад нь үзэгчид нирхийтэл инээсэн юм. Үүнийг “Шүдний эмч гэхэд яагаад инээв? Энэ чинь драмын жүжиг” гээд загнаж байсан. Найруулагч үүнийг инээдэмтэй хэлэх тавилт хийсэн юмуу, эсвэл жүжигчний дүрийн эрэл байсан юмуу. Энэ учрыг л олох хэрэгтэй. Уг нь хот, хөдөөд урлагийн дэд бүтцийг сайн хөгжүүлээд олон драмын театртай болох юм бол драмын урлагаар амжилт олох боломжтой олон жүжигчин хошин урлагийнхан дотор байгаа харагддаг.
Зиндаа: Уран бүтээлчээр дамжуулж нийгэмд түгээх зохистой хандлагын талаар хийж чадах зүйл байгаа биз дээ?
Ш.Дэлгэржаргал: Жүжигчний ангид хичээл зааж байхдаа би “Хүнд атаархал биш цагаан өрсөлдөөн л байх ёстой шүү” гэж хэлдэг байсан. Энэ театр урлагт байгаа атаархлыг таслан зогсоох ажлыг багш нар хийх ёстой юм даа гэж бодож явдаг. Театр гэдэг бол ариун сүм. Тэр ариун сүмийг ариун байлгахын тулд хүн өөрөө ариун нандин байх учиртай гэж манай багш нар сургадаг байсан даа.
Зиндаа: Манайд урлагийнхны хөдөлмөр, бүтээл арай л хожуу үнэлэгдээд байх шиг санагдах юм?
Ш.Дэлгэржаргал: Уран бүтээлч хүнийг ид оргилж байх цагт нь алдар цолыг нь өгчихөд түүгээрээ дуудуулаад тайзан дээр гарч байхдаа урам нь сэргээд эрч хүч ороод явж байх учиртай юм уу даа гэж бодогдож байна. Одоо бид тэтгэвэрт гарсан хойноо энэ алдар цолыг авах сайхан л байна. Гэхдээ хэзээ, хаана энэ цолоороо дуудуулж тайзан дээр гарах юм? Аваагүй байхад энэ цол хэргэмийг чинь өгчихөөд ард түмэн өөрөө хүрээлчихдэг юм билээ. Ард түмэн хүрээлээд арав гаруй жил болсон хойно энэ цолыг албан ёсоор авна гэдэг чинь, ядаж энэ цолоороо дуудуулаад гараад байх юм байхгүй. Тэгэхээр уран бүтээлч хүнийг хөглөж байдаг юм бол энэ байж болох юм гэж бодогддог. Жишээ нь “Маамуу нааш ир” дууг дуулдаг В.Долгор дуучин байна. Саяхан бүх цэцэрлэгүүд нэгэн зэрэг дууллаа, ямар гоё байв. Яг тэр үед “Ардын жүжигчин” цолыг нь өгүүлсэн бол хэчнээн сайхан байх байв. Урлагийн залуу үеийнхнээс Б.Амарсайхан, Ц.Баясгалан, С.Баттулга /филармони/ гээд гайхамшигтай хөдөлмөрч, мэргэжилдээ хайртай залуучууд олон байна. Б.Амархүү байна. Өөр улс орон гавьяат цол өгчихөөд байхад ийм хөдөлмөрч, авьяастай хүүг бид дэмжих хэрэгтэй. Одоо залуу үеийнхнийгээ урмаар тэтгэх цаг болжээ.
Зиндаа: Та Соёлын яамны талаар ямар бодолтой байдаг вэ?
Ш.Дэлгэржаргал: Соёлын яамгүй болсон явдал урлаг соёлыг эхээсээ салсан өнчин хүүхэд шиг болгочихоод байна. Соёлын яам бол бодлого боловсруулдаг газар. Чадвартай мэдлэгтэй хүмүүс энэ бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж явдаг. Саяхан нэг хүн С1-ийн ярилцлагад “Урлагийнхан Соёлын яамгүй болчихлоо гэж гоншигноод байна. Тэр яам гэдэг нь МУСТА, МУГЖ, МУАЖ-ийг нь тодорхойлдог юм байна л даа” гэхэд яав даа даанч, ийм сайхан залуу ийм өчүүхэн бодолтой, хоосон толгойтой байх гэж. Нөгөө оюуны хоосрол чинь энэ шүү дээ гэж харамслаа. Нэвтрүүлгийн төгсгөлд харсан болохоор хэн гэдгийг нь даанч мэдсэнгүй. Соёл урлаг бол улс орны нүүр царай, хөгжлийг тодорхойлдог зүйл. Энийг дээрээ ч, доороо ч мэдэхгүй болж. Ялангуяа төрийнхөн бүр ч ойлголтгүй харагдах юм. Мөнгөнөөс өөр юм нүдэнд нь харагдаж, сэтгэлд нь бодогдохгүй, нэр солих ажил л их том ажил нь болоо юу даа гэж харамсаж байна. Тэгэхдээ хүн гэдэг чинь урмаар тэжээгдэж явдаг юм шүү дээ. Гэтэл хөөрхий муу урлагийнхан харин ч бор зүрхээрээ энэ бусармаг нийгмийн харалган шуурганд сөрж яваа дайчид шүү.  
Зиндаа: Танд баярлалаа.
Ярилцсан: Ц.Оюунчимэг
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

ХОЁР ЗАСГИЙН ГАЗРЫН НҮҮР ҮЗСЭН 2016 ОН


2016 оны 12-р сарын 30 -нд
Хоёр оны зааг гэдэг амжилт ололт, алдаа оноогоо дүгнэн, цаашид хэрхэх вэ гэдгээ шийддэг нэгэн чухал үе билээ. 2016 ба 2017 оны зааг дээр монголчууд маань бүгд л энэ оны ажлаа дүгнэн, ирэх оны ажлаа төлөвлөж байна.
Оны эхэнд “Шийдлийн” хэмээх Ч.Сайханбилэгийн засгийн газар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, уул уурхайн томоохон төслүүдээ хөдөлгөнө хэмээн мэдэгдэж байсан улс төр, эдийн засгийн нөхцөл байдал ердөө нэг жилийн дотор орвонгоороо өөрчлөгдөж, “Мэргэжлийн” хэмээх Ж.Эрдэнэбатын засгийн газар эрх барихдаа ямагт хямралын талаар ярьж буйг энэ оны гол үйл явдал хэмээн нэрлэж байна. Хоосон чанарын тод жишээ гэмээр, нөхцөл байдал алга урвуулахын төдийд өөрчлөгддөгийг харуулсан энэ хоёр засгийн газрын үйл ажиллагаа зарим талаар төстэй. Аль аль нь энэ онд төрийн эрх барьж байсан болон барьж байгаа засгийн газар. Аль аль нь төдийлөн даацтай алхам хийж чадаагүй буюу чадахааргүй харагдаж буй ерөнхий сайдууд.
Тэд ерөнхийдөө намын жанжин шугамаар гэж нэрлэгдэхүйц байр суурийг баримталж ирсэн төдийгүй аль аль нь өмнөхөө үгүйсгэсэн бодлогоор ажлаа эхэлсэн гэдгээрээ ч төстэй. 28 дахь ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь Ардчилсан намын засгийн газрыг хуйвалдааны гэмээр аргаар унагасны дараа засгийн эрхэнд гарсан бол, 29 дэх ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр үнэмлэхүй ялалт байгуулсан Монгол Ардын намын засгийн газрыг толгойлж буй ерөнхий сайд. Аль аль нь хурц хүмүүс биш. Тэд яг адил итгэл найдвар төрүүлж гарч ирсэн ч, хүлээгдсэн үр дүндээ эхнийх нь хүрч чадаагүй бол, дараагийнх нь хүрч чадах эсэх нь эргэлзээтэй харагдаж буй.
Гэхдээ тэд зарим талаараа ялгаатай. Жишээ нь ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны 5 дугаар сард  Арабын нэгдсэн Эмират улсад айлчилж, Дубай хотноо ирсэн өдрөө “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг  зурах ёслол"-д оролцон, Монгол-Эмиратын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад үг хэлсэн. Тэрбээр айлчлалаас буцаж ирмэгцээ “Бид өнгөрсөн өдрүүдэд Оюу-Толгойн 6 тэрбум ам.долларын том хөрөнгө оруулалтын асуудлыг шийдлээ. Дээр нь айлчлалын үеэр Дубай хотноо CIB гэдэг банк санхүүгийн групптэй гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Монгол Улсад Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулахаар шийдэж, Сангийн яам, CIB group-ийн хооронд санамж бичигт гарын үсэг зурлаа. Тавхан өдрийн дотор Энэтхэгийн нэг тэрбум зээлээр, Оюу-Толгойн нэг тэрбум хөрөнгө оруулалтаар, АНЭУлсаас хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж нэг тэрбум ам.доллар, ингээд 8 тэрбум ам.долларын асуудлыг шийдэж чадлаа” хэмээн мэдэгдэж байв.
Түүнийг айлчлал хийгээд ирсний дараа тухайн үеийн УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар мэдээлэл хийж, “Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барихаар болсон” гэдгээ мэдэгдэж байсан. Тэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалын үеэрээ “Рио Тинто” группын төлөөлөгчидтэй “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсныг эсэргүүцэж, ерөнхий сайдын энэ удаагийн Оюутолгойг хөдөлгөсөн шийдэл нь ард түмний эрх ашигт нийцээгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байв.
Харин Ж.Эрдэнэбат сайдын хувьд 2016 оны 10 дугаар сард Япон улсад айлчилж, “Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцон үг хэлсэн. Монгол, Японы стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх зорилготой дунд хугацааны шинэ хөтөлбөр байгуулахаар тохирч, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх гол ажлаа хөтөлбөрт тусгахаар ярилцсан, Монголын сайн чанарын нүүрсийг Японы зах зээлд худалдан борлуулах санамж бичгийг "Энержи Ресурс" компани болон Японы "Сумитомо" групп хооронд байгуулсан. Хэдий тийм ч Японоос эхлүүлсэн анхны айлчлалаа Ерөнхий сайд “зээл тусламж гуйхаасаа илүүтэй, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах зорилготой” хэмээн тодорхойлсон тухай хэвлэлийн мэдээлэлд дурдагдсан байдаг.  Монгол Улсын сан хөмрөг хоосорлоо, улс маань дампуурлаа хэмээн засгийн эрх авмагцаа зарлаж суусан ерөнхий сайдын хувьд ийнхүү нэрэлхэх нь хачин шийдэл биш гэж үү? Тэр Монгол Улсынхаа өмнөөс, монголчуудынхаа өмнөөс бусдаас тусламж гуйхаас ичингүйрдэг бололтой юм. Үүгээрээ тэр Ч.Сайханбилэг ерөнхий сайдаас өөр аж.
Ч.Сайханбилэг ерөнхий сайд УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа дуусах гэж байх мөчид Монгол Улс Эрдэнэт УБҮ-ийн 49 хувийг өөрийн болгож, монголчууд 100 хувь эзэмших боломжтой болсон талаар дуулиантай мэдэгдэл хийсэн нь өнөө ч маргаан дагуулсаар буй. Гэхдээ л “Эрдэнэт” УБҮ монголчуудынх болсон. Тэгвэл Ж.Эрдэнэбат сайдын засгийн газрын хувьд БНХАУ-аас их хэмжээний хөнгөлөлттэй зээл авах гэж байтал Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад айлчилснаас болж гадаад харилцаанд хүндрэл учирлаа хэмээн, тус засгийн газрын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил бараг л уучлал гуйж, манай засгийн газрын үед дахин хэзээ ч ийм зүйл хийхгүй гэсэн тухай мэдээлэл нь олон нийтийн дунд шуугиан тариад буй. Ж.Эрдэнбатын засгийн газрыг огцруулах асуудал ч намын нөхдийнх нь дунд яригдаж, өргөн барих бичиг төлөвлөгдсөн тухай хэвлэлд нийтлэгдэж байсан нь 28 ба 29 дэх ерөнхий сайдуудын хувьд тохиолдсон ижил төстэй гэмээр үйл явдлууд хэмээн нэрлэж болно.
Ч.Сайханбилэг ерөнхий сайд эх орондоо АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, өндөр боловсролтой, юм үзэж нүд тайлсан залуу хүний ёсоор ажиллан, уулзалт ч маш амжилттай болж өнгөрсөн. Монгол Улсын нэр хүнд асар их дээшлэн, олон улсын түвшинд шагшигдаж байх тэр мөчид Ж.Эрдэнэбат ерөнхий сайд энэ бүх сайхан үр дүнгийн араас баллуурдах ажлыг “араа бодохгүйгээр” хийж, Монгол Улс дампуурах гэж буйг зарласан. Тухайн үед Ж.Эрдэнэбат өөрийн намыг аврагч бурхан мэт харагдуулах явцуу бодолд хэт автан, зөвхөн нам дотроо л ажиллаж үзсэн хүний байр сууринаас хандсан биз гэж харагддаг. Одоо ч тэрбээр жинхэнэ ерөнхий сайд болж хараахан амжаагүй байж мэдэх юм. Гэхдээ л өөрийн үг хэл, үйл хөдлөлөөрөө баллуурдсан бүхнээ дахин сэргээхээр хичээж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан бөгөөд тус зөвлөл Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк, санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг хүлээх аж. Эдийн засаг, банк, санхүүгийн тогтолцоонд тулгарч байгаа хүндрэлийг даван туулах, цаашид тогтвортой өсөлтийг хангах, макро эдийн засгийг тогтворжуулах, бизнес, хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зэрэг чиглэлээр оновчтой арга зам, арга, хэрэгслийг тодорхойлон, санал боловсруулж Засгийн газарт танилцуулж байх энэхүү Орон тооны бус Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө ахлаж байна. “Тус зөвлөлийн гишүүдэд Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Банкны холбоо, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Эдийн засгийн судалгаа, Эрдэм шинжилгээний хүрээлэн, МУИС зэрэг байгууллагын эрдэмтэд, судалгааны байгууллагын төлөөллүүд түлхүү багтсан” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн хугацаанд ихэнхдээ орон нутагт буюу дотооддоо ажилласан. Одоо Монгол Улсынхаа нөхцөл байдалтай бүрэн танилцсан биз ээ. Түүний улс төрийн алхмуудаас харвал, гадаадаас юм гуйх дургүй, дотоод нөөц бололцоогоо л бүрэн дайчлахыг эрмэлзэж байгааг илтгэх дүр зураг харагдаж буй. Гэвч манай улсын эдийн засгийн хүчин чадал хүрэлцэх үү, үгүй юу гэдгийг бас бодолцууштай санагдана. Гадаад хамтын ажиллагааг улам сайн хөгжүүлж, дотоод нөөц бололцоогоо ч бүрэн дайчилж байж л хүссэн үр дүнгийнхээ зарим хэсэгт хүрэх болов уу. Ер нь Монгол Улс түүхэндээ ямар нэгэн хэмжээгээр өр зээл тавьж, буцалтгүй тусламж авч байж л эдийн засгаа босгон, ард иргэдийнхээ амьдралыг авч явсан түүхтэй байдаг. Гэнэт үнэмлэхүй ялалт байгуулсан намын нэг ерөнхий сайд гарч ирээд л энэ бүхнийг нэгмөсөн засчихна гэж бодогдохгүй л байна. Гэхдээ “Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдэг дээ.
УИХ-ын чуулганы 2016 оны 12 сарын 16-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийхдээ “Монгол Улсын хөгжлийн гарц нь зөвхөн эрдэс түүхий эд бус, эрдэм боловсролтой, өндөр ур чадвартай монгол хүн гэдгийг дэлхий дахинд нотлон харуулцгаая” хэмээн уриалсан. Энэхүү уриалга нь 2017 оноос эхлэн ажил хэрэг болон хэрэгжих болтугай гэсэн ерөөлөөр оны заагийн нийтлэлээ өндөрлөе.
Ц.Оюунчимэг