Thursday, November 26, 2015

“Нар” баруунаас мандсан нь

Одоогоос 8 жил гаруйн өмнө бичиж байсан нийтлэл маань АТГ-ын вэб сайтад нийтлэгдсэн хэвээр байх юм. Мэдээж нийтлэлийн нэрээр хайлт хийж байж гаргаж ирсэн. Гэхдээ л сайхан санагдав.

Манайхан өөрийгөө ялж, хорт зуршлаас ангижирч чадсан нэгнийгээ “чоно махнаас гарч дээ” гэж ярьцгаадаг. Гэтэл авлигад баруун солгойгүй идэгдэж, авлигагүйгээр ажил бүтээнэ гэдгийг мэдэхээ больсон Монголд гэнэт Авлигатай тэмцэх газар гэгч байгууллага бий болсон нь нар баруунаас мандсантай адил зүйл болсон нь илт.

“Хүүхдээ сургуульд оруулах гэсэн юм. Туслаач, өгдөг юмыг нь өгье”. Энэ бол монголчуудын дунд бараг л өдөр тутам яригдаж байдаг хэвшмэл хэллэг. Ийм “процедур”-гүйгээр Монголд юу ч бүтэхгүй гэсэн ойлголт нийгмийн сэтгэл зүйд аль хэдийнэ баттай орон зайгаа эзэлчихсэн. Өөрөөр хэлбэл, энэ байдлыг нийгмээрээ байх л ёстой зүйл гээд хүлээгээд авчихсан ийм цаг үед нар баруунаасаа мандах гээд туяарч байна. Баруун талаас мандах гэж буй нарны туяа зүүн талын уул толгодын оройд гэрлээ тусгаж, орчныг нэлэнхүйд нь гэрэлтүүлж эхлэсэн харагдана. Яг одоо хэрвээ 12 жилд орох гээд тэмээ, хулгана хоёр өрсөлдөж байсан бол тэмээ нь ялахаар байна..
“Авлигыг зөвхөн та л зогсоож чадна” гэсэн сүржин гарчиг бүхий албан захидлыг Авлигатай тэмцэх газраас гаргаж, “өгөхгүй бай, авахгүй бай, нэхвэл илчил” хэмээн ард иргэддээ уриалжээ. Улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулах цоо шинэ албыг авч явна гэдэг амаргүй даваа. Тэр тусмаа зүгээр нэг хэсэг бүлэг хүмүүс бус бүхэл бүтэн системийг өөрчлөх ажлыг хийнэ гэдэг хэн хүний чадах зүйл ч биш. Энэ байгууллагад залуус голдуу харагдсан нь анхаарал татаж байлаа. Тэд бол нийгмээрээ орооцолдож, гарах гарцгүй болсон аалзны торноос биднийг салгах хүмүүс. Гэвч яаж?

Ямар нэг чухал ажил хийх болохоор л “манайхан чадахгүй дээ” гэсэн өөрсдийнхнөө үл ойшоосон сэтгэлгээ монголчуудад цухалзаад байдаг. Энэ сэтгэлгээний хамгийн тод жишээ нь зам, барилгын ажилд хятад ажилчдыг үй олноор нь оруулж ирсэн явдал. Үүнийг нь бүр төрийн бодлогын хэмжээнд авч үздэгийн илрэл нь 2007 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай Монгол улсын Засгийн газрын 58 дугаар тогтоолоор баталгаажсан байх жишээтэй. Гэтэл монголчууд энэ ажлыг нь яагаад хийж чаддаггүй юм бэ гэх бодол захын хүний толгойд төрөөд байдаг.

Үүний нэгэн адил Авлигатай тэмцэх газар гэхээр л “тусгай” хүмүүс ажиллах юм шигээр хүмүүс ойлгоод байж мэднэ. Авлига бол бидний л асуудал. Бид өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэх хэрэгтэй. Тийм ч учраас тэнд бидэнтэй адил монгол хүмүүс ажиллана. Харин хэрхэн ажиллах бол?

АТГ бол ард түмний найз 

Гадаад орнуудын авлигатай тэмцэж ирсэн туршлагаас сонирхоход аливаа асуудлын учир холбогдол нь их л энгийн бөгөөд хялбархан гаргалгаатай байх нь олонтаа. Энд “сонирхлын зөрчил” хэмээх ойлголтыг түлхүү авч үзье. Үүнд, тухайлбал хувийн эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Батыг Эрүүл мэндийн сайдаар томилдоггүй. Учир нь ашиг сонирхлын зөрчилд орно. Үүний нэгэн адил иргэн Туул ч бас хувийн сургуультай бол тэр өөрөө ямар ч шилдэг боловсон хүчин байлаа гэсэн Боловсролын асуудал хариуцсан сайдаар томилогдох ёсгүй. Мөн иргэн Тулга алт олборлодог компанитай бол түүнийг ямар ч тохиолдолд Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдаар томилохгүй гэсэн зарчим “тэнд” үйлчилдэг.

Ашиг сонирхлын зөрчил хэмээх ойлголт ийнхүү хамгийн энгийнээр тодорхойлогдож байна. Тэгвэл манайд юу болж байна вэ? Яг эсрэгээрээ. Үүнийг ердөө ганцхан жишээнээс харъя. Эрүүл мэндийн сайд асан П.Нямдаваа гэхэд л хувийн сайн эмнэлэгтэй хүн гэдгээрээ алдартай байх жишээтэй. Түүний мэдлийн “Гялс” төвд шинжилгээ хийлгэхэд бусад ижил төрлийн үйлчилгээ явуулдаг газруудаас өндөр үнэтэй хэдий ч сайн гэдэг. Ийм бизнес эрхэлдэг түүнийг Эрүүл мэндийн сайдаар томилсон. Ийм маягаар бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнд эрх мэдэл өгсөөр ирсэн байх юм.

Харин төрийн албан хаагч, жирийн иргэн Даваа яах вэ? Энэ асуултын хариулт бас л энгийн. Тухайлбал, тэрээр ашиг сонирхлын зөрчил бүхий ажил үүрэг гүйцэтгэхгүй байхад л хангалттай гэнэ. Үүнд, хэрвээ арьс ширний үйлдвэрлэл эрхэлдэг ах дүү хамаатан садантай бол энэ чиглэлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хянах, шалгах ажилд биечлэн оролцохгүй байх хэрэгтэй аж. Байгууллагын удирдлага нь ч түүний энэ байдлыг мэдсээр байж ажилтан Давааг энэ чиглэлийн шалгалтын ажлын хэсэгт томилох ёсгүй юм байна. Хэрвээ удирдлага нь ийнхүү томилох юм бол Даваагийн хувьд хамгийн түрүүнд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрх нь зөрчигдөнө. Хоёрдугаарт, хэрвээ ажилтан Даваа өөрөө энэ шалгалтын бүрэлдэхүүнд орохыг санаачлаад, хөөцөлдөөд байвал асуудал шал өөрөөр эргэнэ.

Энд өөрт ашигтай шийдвэр гаргах, эсвэл гаргуулахаар хөөцөлдөж буй гэж ойлгогдоно. Үүний зэрэгцээ ажилтан Даваа нь төрийн албан хаагчийн ёс зүйгээ зөрчиж, “өөрийн албан үүргийн дагуу олж авсан мэдээллээ бусдад, ялангуяа ашиг сонирхлын зөрчил бүхий субьектэд өгөх гэж байна, мөн албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллээ ашиглан ашиг хонжоо олох гэж байна” хэмээн ойлгогдох аж.

Энд ашиг сонирхлын зөрчил гэсэн ойлголтын зэрэгцээ ёс зүй хэмээх ухагдахуун ихээхэн чухал байр суурь эзлэх нь тодорхой болж байна. Одоо манайхтай ижил тогтолцоотой байсан нэгэн улс орны авлигатай тэмцэж буй туршлагад анхаарлаа хандуулъя.

Латви улсын парламентын гишүүн, тус улсын Ерөнхий сайд асан Андрис Берзинс “Ардын эрх” /113/645/ сонинд өгсөн ярилцлагадаа “Авлигатай тэмцэхийн тулд ганцхан байгууллага байгуулж, түүнд бүх зүйлийг даатгах бус авлигатай тэмцэх байгууллагыг прокурор, яам, шүүх гээд бүх байгууллагатай холбож өгөх ёстой. Үүний тулд хууль эрх зүйн орчин нь оновчтой байх хэрэгтэй. Наад зах нь манай авлигатай тэмцэх байгууллагын ажилтнуудын цалин бусад төрийн албан хаагчдынхаас гурав дахин их байдаг. Дээр нь авлигыг хязгаарлахын тулд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төсвийн мөнгөөр бараа худалдан авах тухай хууль гээд маш олон хуулийг Авлигатай тэмцэх хуультай холбож нягт уялдуулсан. Ингэж хууль эрх зүйн орчныг нь цогц болгож өгөхөөс гадна авлигатай тэмцэх гэж байгаа бол ард түмнийг сонсох хэрэгтэй. Энэ бол тун чухал шүү” гэсэн байна.

Ард түмнийг сонсох нь мэдээж чухал. Үүнтэй холбогдуулан нэгэн жишээ авахад, төрийн өндөр албан тушаалтан болох “А” өөрийгөө гурван байшинтай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байг л дээ. Гэтэл түүнд дөрөв дэх байшин бас байдаг гэдгийг мэдэх иргэн энэ талаар АТГ-т хандан мэдээлж, улмаар шалгуулах хүсэлтээ тавьж болох хууль эрх зүйн орчин байгаа аж.

Үүнд Авлигын эсрэг хуулийн 9-1-д “иргэн, хуулийн этгээд авлигын асуудлаар АТГ-т өргөдөл гомдол гаргаж, мэдээлэл өгч болно” гэсэн байна. Учир нь АТГ бол мэдээлэлд үндэслэн шалгалт явуулах ёстой байгууллага. Мэдээлэл ирэхгүй бол шалгалт байхгүй, улмаар ажил байхгүй гэсэн үг. Тэгэхээр АТГ гэдэг нь ард түмний дайсан биш харин “найз” нь болж таарч байна.

Ёс зүйн дүрэмтэй болцгооё

“Төрийн албан хаагчийг авлигач нэрнээс хамгаалах гол хэрэгсэл чинь хөрөнгө орлогын мэдүүлэг шүү дээ” гэж Төрийн албаны зөвлөлийн дарга Ж.Норовсамбуу Ардын эрх /111/643/ сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Тэгэхээр төрийн албан хаагчид эхлээд хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөхөд суралцах хэрэгтэй болж таарах нь.

Гэвч зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй бүх нийтээрээ хөрөнгөө зөв мэдүүлэхэд суралцахад илүүдэхээргүй тийм л замбараагүй байдал манайд ноёрхож буй нь бодит үзэгдэл. Хамгийн наад зах нь иргэн бүр татварын дэвтэртэй болохоос энэ ажлыг эхлэхэд гэмгүй санагдана.

Манайд ийнхүү иргэдийнхээ орлого, зарлага, татварын асуудлыг нүдэн балай чихэн дүлий хаячихсан явахад урд хөршийн Шанхай хотод хүн нэг бүрийн худалдан авсан бохь, чихрийг хүртэл бүртгээд эхэлчихсэн гэж байна. Нөгөө Ч.Сайханбилэгийн яриад байсан таны тухай хамаг мэдээллийг нэг дор агуулах “ухаантай паспорт” уг нь их зөв зүйл байсан байгаа биз? Ийм паспорттай байхад АТГ ч бараг хэрэггүй болж хувирна.

Үүний зэрэгцээ зөвхөн төрийн албан хаагчид гэлгүй хэрэгжүүлмээр харагдаад буй бас нэг ажил бол байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрийн гэсэн ёс зүйн дүрэмтэй болох явдал юм. Ердөө л ажлын байрандаа, ажлаа хийж байх бүхий л нөхцөлд мөрдөх ёс зүйн зарчим. Ийнхүү хамгийн энгийн гэмээр ажлуудыг цэгцтэй хэрэгжүүлж чадах юм бол системээрээ орооцолдсон аалзны торноос мултрахад тийм ч хэцүү биш.

Ингэхийн тулд заавал сүржин атлаа даржин ухуулах хуудас энд тэнд нааж, ил захидал бичин сонинуудад төлбөртэй нийтлүүлэх шаардлагагүй. Мэдээж төрийн ажил учир төрийн албан хаагчдын үүрэг хариуцлага илүү жин дарна. Энэ ч утгаараа төрийн албан хаагчдын хувьд авлигын талаар мэдээлэх үүрэг илүү өндөр байхаар хуульчлагджээ.

Авлигын эсрэг хуулийн “Авлигын тухай мэдэгдэх” гэсэн 8 дугаар зүйлд шүүгч, прокурор, цагдаа, тагнуулын байгууллагын албан тушаалтан, төрийн аудитын болон мэргэжлийн хяналтын байгууллагын албан тушаалтан, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг нэн даруй АТГ-т мэдэгдэх үүрэгтэй гэсэн байна.

Энэ үүргээ биелүүлэхэд нь төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй гэсэн бөгөөд хэрвээ биелүүлээгүй бол 200-250 мянган төгрөгийн торгууль ногдуулах аж. Үүнээс их мөнгө тавьж зүрхлээгүй бололтой. Гэвч манай улс чинь хууль баталчихаад сурталчилдаггүй муу зуршилтай.

Ядахдаа төрийн албан хаагчиддаа энэ хуулийнхаа заалтуудыг олигтойхон сурталчлаасай билээ. Эс тэгвэл төрийн албан хаагчид нь нэг л өдөр гэмт хэрэгтэн болчихсон явахыг үгүйсгэх аргагүй. Бас энэ заалт тэднийг “ногоон малгайтнууд” болгочих юм биш биз хэмээн болгоомжилмоор ч юм шиг. Авлигын эсрэг хуулийн нилээдгүй хэсгийг авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг соён гэгээрүүлэх тухай заалтууд эзэлсэн харагдана. Үүнийг харж суутал өмнө нь сонсож байсан нэгэн мэдээлэл санаанд буулаа. Энэ нь хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг бууруулах тэмцлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн явуулах тухай хичээл. Энд иймэрхүү асуудлын хор холбогдлыг нь ойлгуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт их мэдээлэх нь эргээд сурталчилгаа болон хувирдаг тухай гадаадын нэгэн орны бодит жишээг ярьж байсан.

Манайд ч бас иймэрхүү гашуун туршлага бий. 17 жилийн өмнө чөлөөт хэвлэлтэй болсноос хойш ард иргэдийг гэмт хэргээс сэргийлэх зорилгоор ил тод мэдээлж буй гэх сонинуудын нийтлэл нь сүүлдээ бүр гэмт хэрэгт сургадаг сурах бичиг болон хувирсан. Үүгээр хязгаарлагдахгүй зөвхөн гэмт хэрэг, аллагыг дагнан уншдаг уншигчидтай болж, гэгээлэг оюунлаг мэдээллийг хүлээж авах сэтгэлгээний орон зай улам бүр хумигдсаар ирсэн харамсалтай үр дагавар ажиглагддаг. Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь тодорхой ч ийм зүйл рүү л битгий орчихоосой.

Мэдээж, хэн ч гэсэн байнга авлига өгөөд байхыг хүсэхгүй. Хүн бүр л авлигагүй нийгэмд амьдрахыг хүснэ. Ийм ч учраас нийгмээрээ Авлигатай тэмцэх газрынханд итгэж, тэдний хэрхэн ажиллахыг нь анхааралтай ажиглаж байна.

Ц.Оюунчимэг “Шинэ Эрх чөлөө” сэтгүүл 2007 оны 8 сар, №01


 Нийтлэгдсэн:2007 оны 09 сарын 19 | Уншсан 7038
http://www.iaac.mn/content/57#.Vlfs3r-FFSl

Контент ба мөнгө


    Дэлхийд өрсөлдөх монгол контентыг бүтээх талаар хэлэлцэж шийдэл гаргах хамгийн том, хамгийн олон оролцогчтой арга хэмжээ болж чадах Content summit Mongolia - 2015.12.04 арга хэмжээнд оролцохыг хүссэн хүмүүс бүртгүүлэхдээ Контентыг мөнгө болгох талаар өөрийн бодлоо хуваалцаж 200 үгт багтаан эшлэл хавсаргаарай гэсний дагуу бодлоо илгээв.


         Аливаа контент хэрэглэгчдэд үнэхээр хэрэгтэй байж чадвал мөнгө болох боломжтой гэсэн үг. Контентыг хармагц төрөх анхны сэтгэгдэл маш чухал. Бас нэгэн чухал зүйл бол ойлгомжтой байх. Хүн бүрийн мэдээлэл хүлээж авах чадвар янз бүр байдаг учраас энгийн байх тусмаа зүгээр. Хэрэглэхэд эвтэйхэн, мэдээлэл сайтай, бас садаа болоод байдаггүй контент нь байнгын хэрэглээ болох магадлал өндөр юм. Харин бүдүүлэг үг хэллэгтэй, муу муухайг илэрхийлсэн дүрстэй контентыг огт хийхгүй байсан нь дээр.
         Контент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхийг хүсэгч хэн бүхэн хэрэглэгчээ зөв онилох хэрэгтэй юм. Зөвхөн мөнгө бодож хийсэн контент хол явахгүй ч байж мэднэ. Бас юу бодож тэрхүү контентыг бүтээсэн нь түүнээс дутуугүй чухал.
          Би сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж байхдаа нэгэн удаа сэтгүүлийнхээ хавтсан дээр тавих эх хүүхэд хоёрын сайхан зураг хайж билээ. 1990-2007 он хүртэлх үеийн монголын алдартай гэрэл зурагчдын бүтээлээс ийм зураг олдоогүй юм. Их харамсалтай, бас жихүүцмээр санагдсан. Яагаад тэр цаг үеийн эх хүний сайхан дүр төрхийг гэрэл зурагт үлдээхийг хүсээгүй юм бол? Тэгэхээр бидний бүтээсэн контент бүхэн үлдэнэ. Бид юу үлдээх вэ?

Ц.Оюунчимэг
Сэлэнгэпресс ХХК-ийн ерөнхий редактор

2015-11-25

http://contentsummit.mn/ 

СЗХ-ны гишүүн Э.БАТБОЛД:ДААТГАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХҮРТЭЭМЖ НЭМЭГДСЭНЭЭР ДААТГАЛЫН САЛБАР ЭРЧИМТЭЙ ХӨГЖИХ БҮРЭН БОЛОМЖТОЙ




-Хөдөөгийн иргэдийн хувьд малын индексжүүлсэн даатгал чухал бол, хот сууринд 4 хүн тутмын нэг нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаж байна-

Энэ оны 11 дүгээр сарын 24-нд Монгол Улсын ЗГ-ын 2014 оны 398-р тогтоолын дагуу Даатгалын өдрийг тэмдэглэж байна. Даатгалын салбарт Санхүүгийн зохицуулах хороо шинээр ямар боломжуудыг нээж өгч байгаа талаар СЗХ-ны гишүүн, тус байгууллагын дэд дарга Э.Батболдтой ярилцлаа.
-Даатгалын өдрийг манайд анх удаа тэмдэглэх гэж байна. 2015 онд Санхүүгийн зохицуулах хорооноос Даатгалын салбарт ямар гол шинэчлэлтүүдийг хийв?
-Юуны өмнө Даатгалын салбарын хамт олондоо “Даатгалын өдөр”-ийн мэндийг дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. СЗХ-ны хувьд хамтын удирдлагатай байгууллага. 7 гишүүн, дарга, 2 орон тооны гишүүнтэй. Асуудлыг хурлаараа хамтран шийддэг. Манай багийн хувьд хамгийн түрүүнд “Төр бүх юманд нь оролцоод заагаад байхаа больж, даатгалын компаниудыг зах зээлд нь бие даалгаж сургах нь чухал юм байна” гэдгийг олж харсан. Тийм ч учраас, Нэгдүгээрт даатгалын зах зээл дээрх төрийн оролцоог багасгаж, хөрөнгө оруулах боломжуудыг нь нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, даатгалын компани болон даатгалын мэргэжлийн оролцогч компаниудаас СЗХ-нд төвлөрүүлдэг зохицуулах үйлчилгээний хураамжийн хувийг бууруулж, дээд ба доод хязгаарыг тогтоож өгсөн. Гуравдугаарт, Монгол Улсын хилээр дамжин өнгөрч байгаа болон түр орж ирж байгаа гадаадын жолооч иргэдийг нэгэн адил жолоочийн хариуцлагын даатгалд хамруулах болсон. Дөрөвдүгээрт, Даатгалын компанид мөрдөгдөх Нягтлан бодох бүртгэлийн зааврыг НББ-ийн болон санхүүгийн тайлагналын ОУ-ын стандартад нийцүүлэн шинэчилж энэ оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар баталлаа.
-СЗХ-ноос даатгалын салбарт ямар боломжуудыг нээж өгөв?
-Бид эхний ээлжинд даатгалын компаниуд өөрсдийн нөөц хөрөнгөөр санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийх боломжуудыг нь нээж өгсөн. Хуучин бол ББСБ-д итгэлцлээр даатгалын нөөц сангийн хөрөнгийн 5 хүртэл хувийг байршуулахыг зөвшөөрдөг байсныг 20 хувь болгосон. Мөн ЗГ-ын бонд, Хөрөнгийн биржийн хувьцаанаас багахан хэмжээгээр авч болдог байсан бол даатгалын нөөц сангийн хөрөнгөөс хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулах боломж нээгдлээ. Хувьцаанд хөрөнгө оруулах хувь хэмжээг нь өсгөж өгсөн. Бонд авах эрхийг нь 100 хувь нээж өглөө. Хөрөнгө оруулалт нь аль болох компаниудад дарамтгүй, ашигтай байхад чиглэгдсэн энэ шийдвэр нь даатгалын компаниудад сул хөрөнгөө ашигтай байлгах боломж олгож байна. Үүнийгээ дагаад манай даатгалын компаниуд мэргэжлийн хөрөнгө оруулагч болж төлөвших эхлэл тавигдаж, улмаар хөрөнгө оруулалтын сангууд шинээр нээгдэх боломжтой юм.
- Хамгийн түгээмэл даатгал бол Жолоочийн хариуцлагын даатгал. Энэ даатгалын гол онцлог юу вэ?
-Даатгалын салбарт хэлбэр гэж байна, тэр нь бүтээгдэхүүн болж задардаг. Бүтээгдэхүүн бол маш олон байгаа. Хэлбэрийн хувьд ердийн даатгал 16, урт хугацааны даатгал 6 байдаг. Жолоочийн хариуцлагын даатгал бол бүтээгдэхүүн юм. Энэ нь хариуцлагын гэдэг хэлбэрт орчихож байгаа. Хөрөнгийн даатгал, амь насны даатгал гэж байгаа. Энэ нь маш олон задардаг. Одоогийн байдлаар манайд хамгийн их даатгуулдаг хэлбэр нь хуультай учраас “хариуцлагын” буюу жолоочийн хариуцлагын даатгал болоод байгаа. СЗХ-ноос шийдвэр гаргаж, манай улсаар дамжин өнгөрч буй болон түр орж ирсэн гадаадын жолооч нарыг ч бас энэ даатгалд хамруулдаг болсноор 2015 оны 3 дугаар улирлын байдлаар 2089 даатгалын гэрээ байгуулагдаж, 510,5 сая төгрөгийн даатгалын хураамжийн орлого төвлөрсөн байна. Жолоочийн хариуцлагын даатгалын гол ач холбогдол нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр иргэдийн амь нас, эд хөрөнгөд учруулсан хохирлыг даатгагчаар барагдуулах тогтолцоо бүрдсэн явдал юм.
- Даатгалын компаниудын СЗХ-нд төвлөрүүлдэг зохицуулах үйлчилгээний хураамжид оруулсан өөрчлөлтийн тухайд, хэд байснаа хэд болж өөрчлөгдсөн юм бэ?
- Тухайлбал, Монгол даатгал зэрэг олон жил болсон компаниуд их өндөр дүнтэй хураамж төлөөд байхад зарим нэг компани маш бага хэмжээгээр төлдөг гэхчлэн асар их зөрүү байсан. Нэг нь 130 сая төлөөд нөгөө нь 5 сая төгрөг төлөөд байх бол шударга биш. Энэ үнийн зөрүүг гаргаж өгсөн. Тэгэхээр дээд тал нь 70 саяас хэтрэхгүй, доод тал нь 5 саяыг төлдөг байя гэсэн шийдвэр гаргасан. Ингэснээрээ санхүүгийн зах зээл дээрх хөрөнгө оруулалтын боломж нэмэгдэж, даатгалын компаниуд ч өөрсдийн хөгжилд хөрөнгө оруулах боломж нээгдэж байгаа юм.
- Нягтлан болох бүртгэлийн журмын шинэчлэлт ямар дэвшил авчрах вэ?
- НББ-ийн хуулиндаа Монгол Улс ОУ-ын стандартыг дагаж мөрдөнө гэсэн байдаг. Бодит амьдрал дээр тэр нь буугаагүй. Даатгалын салбар маань өөрөө гаднаас хөрөнгө оруулалт сонирхож байдаг салбар. Тэгээд гадныханд өгөх санхүүгийн тайлангаа өөрсдийнхөө ойлгодог тоо дугаараар гаргах гээд байдаг. Тэгэхээр энэ журмыг шинэчилснээр олон улсын стандартруу, ОУ-ын санхүүгийн хэлрүү дөхөж очиж байгаа хэрэг юм. Стандарт нь мөрийн дугаараас гадна нэршилүүдтэй. Мөрийн дугаараасаа эхлээд өөрчлөгдөж байгаа гэж ойлгож болно.

ГАДААДАД БОЛ ДААТГАЛЫН КОМПАНИУД НЬ МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БАЙДАГ

-Санхүүгийн зах зээл гэдгийг энгийнээр тайлбарлавал?
-Санхүүгийн зах зээлийг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банкны зах зээл гэж хуваадаг. Монголд бол банкны зах зээл нь өндөр хөгжсөн байна. Одоо хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлээ яаж хөгжүүлэх вэ, бичил санхүүгээ яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон гол анхаарлаа хандуулж байна.
-Даатгал бол чухал салбар юм байна. Ер нь яагаад даатгуулдаг юм бэ?
-Хүн өөрөө аль ч салбарт байсан тодорхой хэмжээний эрсдэл гаргана. Тэр эрсдэлийг жирийн иргэн байлаа гэхэд энгийн асуудал гээд зохицуулж болно. Гэтэл санхүүгийн ч юм уу нарийн асуудал байлаа гэхэд мэргэжлийн хүнээр өөрийнхөө эрсдэлийг хаацайлуулж байгааг л даатгал гээд байгаа юм. Даатгал нь өөрөө бусдын эрсдэлд менежмент хийж өгдөг, хүн дээр  суурилсан том бизнес. Анх үүссэн түүх нь английн далайчдаас гаралтай. Тэр үед Энэтхэг болон өөр бусад орнуудаас маш их үнэт зүйл авчирч зардаг байсан. Гэтэл усан тээвэр хамгийн эрсдэл өндөртэй. Тэгээд английн далайчид бөөнөөрөө сууж байгаад яриад, дундаа нэг сан байгуулж, үнэхээр 10 онгоцны 2 нь живээд байгаа бол тэр сангаасаа нөхөж өгье гэж шийдээд ажлаа эхэлсэн байдаг. Одоо ч ийм байдлаар явсаар байгаа. Дэлхийд даатгалгүй орон гэж байхгүй. Японд бол даатгал нь банк шигээ 50:50 харьцаатай хөгжсөн. АНУ-д бол 20 хувь. Хамгийн өндөр даатгалтай орон бол Голланд, Франц, тэгээд Дани, Япон юм байна. Казакстан, Монгол Улс хамгийн бага хувьтай байна.
- Манайх хамгийн бага хувьтай байгаагийн шалтгаан юу вэ? Даатгалын тухай мэдлэг нимгэн байна уу?
- Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс юуг олж харсан бэ гэхээр ер нь даатгал, санхүүгийн зах зээл хөгжих хамгийн том боломж нь иргэдийн боловсрол юм байна. Иргэд боловсролгүй буюу санхүүгийн мэдлэг дутуу бол оролцдоггүй юм байна. Иймд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нь хамгийн тулгамдсан асуудал юм байна гэж үзсэн. Мэдээж энэ байдалд манай уламжлалт сэтгэлгээ тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Монголчуудын нүүдэлчин амьдралын нөхцөлд эрсдэл ихтэй газраас эрсдэл багатай газар луу нүүдэллээд л холдоод явчихдаг байсан. Энэ нь хүмүүсийн хандлагад нөлөөлдөг хүчин зүйл мөн. Гэвч энэ байдал бага багаар өөрчлөгдөж байна. Хөдөөгийн иргэдийн хамгийн чухал даатгалын нэг нь малын индексжүүлсэн даатгал бол, хот сууринд 4 хүн тутмын нэг нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаж байна. Ийм олныг хамарсан даатгал нь нөхөн төлөлтийн хувь өндөртэй ч даатгалын бусад төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ “гүүр” болж өгдөг сайн талтай. 
-Даатгалын үйлчилгээ нь хуулийн үйлчилгээ шиг сэтгэгдэл төрүүлж байна. Даатгалын салбарын хамгийн чухал мэргэжил нь юу вэ? Даатгалын компанийг чадавхжуулахад хэрхэн нөлөөлөх вэ?
- Ерөөсөө даатгалын компани бол боловсон хүчин дээр л тулгуурладаг. Андеррайтер, актуарч гэж их олон шалгалт давж байж зэрэг авдаг чухал 2 мэргэжил байдаг. Энэ шалгалтуудыг давж гараад олон улсын зэрэг авчихсан хүн одоогоор Монголд байхгүй ч удахгүй гарч ирэх байх. Тийм хүмүүстэй болоод ирэхээр даатгалын компани бас чадавхжиж илүү сайн ажиллах байх. Жишээ нь олон улсад метро, төмөр замын ажил дээр л зөвлөгөө өгдөг андеррайтер гээд салбараар дагнаж нарийн мэргэшсэн хүмүүс байдаг. Дэлхий дээр цөөн байдаг мэргэжил учир маш өндөр цалинтай. Актуарч нь бол цэвэр математикч хүний хийх ажил. Тооны аргаар тухайн хүнд учирч болох эд хөрөнгийн хохирлын хувийг тооцож гаргаж ирдэг. Мөн энэ төрлийн бүтээгдэхүүн дээр ийм л хураамж байх юм байна, тэгвэл манайх ашигтай ажиллах юм байна шүү гэдэг нарийн тооцоог хийнэ. Энэ мэргэжил нь олон улсын стандартаар 8 шалгалт өгдөг учир өндөр мэргэшсэн хүмүүс цөөн. Энэ хүмүүс маш өндөр орлоготой байдаг. Иймд компаниудыг чадавхтай болгоё, олон улсад өрсөлдөхүйц болгоё гэвэл боловсон хүчний бодлогод онцгой анхаарах хэрэгтэй.
-Даатгалын зах зээлд төрийн оролцоо өндөр байсан гэдэг нь ямар хэмжээнд вэ? Одоо тэр байдал хэрхэн өөрчлөгдөв?
-Даатгалын салбар хөгжиж байх эхний үед, нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих шилжилтийн үе таарсан учир иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс оролцоо нь их байсан. Өөрөөр хэлбэл даатгалын төрөл, бүтээгдэхүүн бүрийг төрөөс бүртгэн тогтоол гаргаж зөвшөөрөл олгодог байсан юм. Одоо бол бүртгээд л явж байгаа. Энэ онд бид “даатгалын төлөөлөгч зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө хөлс авах” эрх зүйн орчинг бүрдүүлж чадлаа. Одоо Хорооны зүгээс иргэдэд хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг бий болгох ажлыг эхлүүлээд байна. Тэгэхээр бодлогын шийдэл дээр төрийн оролцоо хэрэгтэй хэвээр байгаа.
- Даатгалын компаниуд дээр төвлөрч байгаа орлогыг хэрхэн хянадаг вэ?
-Даатгалын компани дээр цуглараад байгаа мөнгө нь эцсийн дүндээ даатгагчийн өөрийнх нь мөнгө биш. Энэ бол тэр компаниар хэзээ нэг цагт эрсдэл гарах юм бол дааж өгнө шүү гэж өгсөн мөнгө. Тэгэхээр тэр мөнгийг хаана байршуулах вэ гэдэг бол Хорооны хувьд нүдний цөцгий мэт харж байх зүйл. Тэр мөнгөөр зохицуулалттай зах зээл дээр хөрөнгө оруулаач, бага эрсдэлрүү оруулаач гээд байгаа юм. Тэгэхээр хамгийн таатай буюу засгийн газрын бонд  болон энэ жилээс чөлөөтэй болгосон нөгөө 20 хувийг хөрөнгө оруулалтын санд байршуулж болно гэсэн заалтууд маань их чухал. Сан гэдэг маань үнэт цаасны зах зээл дээр оруулж байгаа хөрөнгө. Мэргэжлийн хүн мэргэжлийнхээ ажлаар дамжуулаад эрсдэлийг байршуулж байгаа нэг хэлбэр юм. Энэ нь олон улсын түвшиндээ ч хүлээн зөвшөөрөгддөг. Одоо даатгалын компаниуд маань олширч, бас чадавхжиж байна. Хянах бололцоо ч гарч ирж байна. Бид одоо даатгалын салбар дахь мэргэжлийн холбоодыг сайжруулж, боловсон хүчнийхээ журмуудыг бэлтгэх гээд ажиллаж байгаа. Хуучин бол боловсон хүчнүүдээ бэлтгэх гээд шалгалт авдаг байсан бол одоо холбоон дээрээ өөрсдөө төлөөлөгчтэйгөө сургалтаа хийгээд, манай стандартыг аваад яв гэж байгаа. Цаашдаа тэр зөвшөөрлийг нь холбоонд өгчих юм бол төрийн үүргийг төрийн бус байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж буй ажил болох юм.
-Даатгалын компаниуд өөрсдөө даатгуулдаг уу? Үйл ажиллагааны зарчим нь яаж явагддаг вэ?
- Одоо та бид гурав яг адилхан юм даатгууллаа гэж бодъё. Гурвуулангаас нь хураагаад нэг санд хадгална. Тэр санд нь эрсдэлд нь тааруулаад хадгална гээд тодорхой дүн бариад үлдчихэж байгаа. Тэгээд гэрээ дуусахлаар сангаа чөлөөлөөд үйл ажиллагаандаа хэрэглээд явдаг. Хугацаа нь дууссан гэрээний мөнгө хасагдаад шинэ гэрээнээс орж ирж байгаа мөнгө нэмэгдээд явдаг. Энэ тооцооллыг хийдэг хүнийг актуарч гэдэг. Харин тантай байгуулж байгаа гэрээ хэдэн төгрөгийн эрсдэлтэй гэрээ вэ, энэ ер нь зөв үү буруу юу гэдэг дээр ажиллаж байгаа хүнийг андеррайтер гэж байгаа. Харин энэ гэрээн дээр нь эрсдэл үүсэх магадлал хэдэн хувь байхыг математик тооцооллоор хийж байгаа тэр хүнийг актуарч гэнэ. Тэгээд эрсдэлийг нь зохицуулж байгаа даатгалын компани өөрөө эрсдвэл яах вэ гэдгийг бүр том гадаадын аварга компаниудад даатгадаг.
-Одоо манайд гадаадын компанид даатгалтай хэдэн компани байна?
-Бүгд л ямар нэгэн даатгалтай. Хуулиараа эрсдэлээ даатгуулж байх ёстой. Банктай адилхан даатгал гэдэг чинь итгэлцэл дээр л явж байгаа зах зээл. Одоо манай даатгалын компаниуд чадавхжиж байгаа, давхар даатгал гэдэг зүйлд заавал даатгуулж эрсдэлээс аль болох сэргийлж байгаа.
- Даатгалын салбарын олон улсын жишиг ер нь ямар байдаг вэ? Манай зах зээлийн хэтийн төлөв ямар байх бол.
- Одоо гадаад орнуудад хөрөнгө оруулалтын сангаар дамжиж маш их бүтээн байгуулалт хийгдэж байна. Жишээ нь Норвеги гэдэг улс бол Норвегийн хөрөнгө оруулалтын сангаар, Сингапур ч мөн энэ сангаараа дамжиж хөгжсөн. Монголын хувьд, Санхүүгийн зохицуулах  хорооны зүгээс хөрөнгө оруулалтын санг нь журамлаад өгсөн, байгуулаад эхэлчихлээ. Тэгэхээр даатгалын компани маань хөрөнгө оруулалтын санд ашигтай, эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийгээд, өөрөө бас тэр санг удирдаад менежмент хийгээд явах боломж нээгдсэн. Гадаад орнуудад бол даатгалын компаниуд нь ерөөсөө л мэргэжлийн хөрөнгө оруулагчид байдаг. Зах зээлээ дагаад компаниудынх нь тоо олон, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл нь ч их. Иргэд нь санхүүгийн боловсролтой учир амьдралынхаа эрсдэл бүрийг урьдчилан даатгуулж хэвшсэн байдаг. Манай улсын хувьд, даатгалын 15 компани үйл ажиллагаа явуулдаг хөгжиж буй зах зээл юм. Даатгалын компани тус бүр 5-16 хэлбэрийн даатгалын үйлчилгээг үзүүлж 5-66 нэр төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож байна. Иргэдийнхээ санхүүгийн боловсролд хөрөнгө оруулалт хийж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэр төрлийг олшруулаад хүртээмжийг нь нэмэгдүүлэх юм бол даатгалын зах зээл өргөжин тэлж, компаниуд нь өсөн дэвжих бүрэн боломжтой.

"Засгийн газрын мэдээ" сонин 2015-11-24 

Wednesday, August 20, 2014

"Их хааны өв" ба Өвөрмонголчуудын амьдрал




-Өвөрмонголд аялсан тэмдэглэл 4-

         Далай их Чингис хааны маань нэрээр нэрлэгдсэн Ордос хотын төв талбайд Тэмүүжин хүүгээс Их Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдөх хүртэлх амьдралын үе шатуудыг нь харуулсан асар том хөшөөнүүд сүндэрлэж, гэрлэн чимэглэл нь хүртэл есөн цагаан тугны хэлбэрийг агуулсан байх нь нүднээ содон тусах аж. Монгол үндэсний хээ угалзыг хотынхоо жижиг детальд хүртэл нэгбүрчлэн оруулсны зэрэгцээ, монгол гэрийн хэлбэртэй Олон улсын бага хурлын төв, монгол шатрыг нэгбүрчлэн урлан тавьсан ногоон парк, Монголын нууц товчоо, Алтан товч, Эрдэнийн товч судруудыг билэгдсэн гурван ном зэрэгцүүлэн тавьсан хэлбэртэй Төв номын сангийн барилга, монгол маягийн эрэгтэй, эмэгтэй малгай зэрэгцүүлэн тавьсан хэлбэртэй театрын барилга, Шанью-гийн алтан титмэн дээвэртэй үндэсний гар урлалын худалдааны төв, хүрэл зэвсгийн олдворуудаар хийсэн том баримлууд бүхий цэцэрлэгт хүрээлэн, монгол үндэсний хээгээр чимэглэсэн далангаар хүрээлэгдэж, сүрэг адуу давхиж буй хөшөөг төв хэсэгтээ залсан Улаан мөрөн голын эрэг дэх амралт зугаалгын газар, Хияа багшийн шинэ дүүрэг гээд Ордос хотын онцлох “үзмэр”-ийг нэрлэвэл урт жагсаалт болно. Хотын төв хэсэгт байрлах музей нь гэхэд л элэгдсэн чулууны хэлбэр бүхий зэс гадаргуутай 39 метр өндөр барилга байх ба газар дор 1, газар дээр 4 давхар бүхий байгууламж гэнэ. Тэнгэр баганадсан өндөр барилгуудыг олноор нь барьж байгуулсан тус хотод хүн суурьшаагүй бололтой шинэ хороолол ч цөөнгүй харагдав.

Монгол хүн үнэ төлбөргүй үздэг “шүтээн”  
         Намрын эхэн сарын шинийн гурванд нутгаасаа гарсан манай багийнхан шинийн 8-ны өдөр “Их онгон” цогцолборт зочилсон билээ. Их хааны сүнс оршин буй хэмээн бидэнд тайлбарласан, энэхүү шүтээнд зочлохдоо багийнхан маань дундаасаа хадаг цай, архи тус бүр гурвыг өргөв. 99 гишгүүр шатаар алхан өгссөөр гол шүтээнд ороход “Эзэн сан” хэмээх ном уншиж, идээний дээжийг хүн нэг бүрт хүртээх бөгөөд зочид гэр бүлийн гишүүдийнхээ тоогоор хүж асааж, арц, улаан утаснаас нь хувь хүртдэг ажээ.    
    Хишигтэн хошууны гаралтай Хайраа хэмээх тайлбарлагч бүсгүйн ярьснаар, шүтээний өмнө байх зулыг 786 жил унтраалгүй асааж яваа Боорчи, Мухулай нарын удмынхан үе дамжин онгон шүтээнд ажиллаж ирсэн ба шүтээнийг хамгаалдаг дархадуудад улсаас тэтгэмж өгдөг болсон гэнэ. Хар азарганы онгон дэлээр хийсэн Их хар сүлдийг догшруулах тахилгыг луу жил бүрт хийж, 12 жилд нэг удаа хар сүлдийг сольдог байна. Их хар сүлдийг тахихдаа “Сүлдийн сан” хэмээх ном унших бөгөөд хар сүлдийг байрлуулсан талбайн дээд талын шат руу эмэгтэй хүн гардаггүй уламжлалтай гэв.   
        Өгөдэй хааны үеэс эхлэл нь тавигдаж, Хубилай хааны үед найман цагаан орд өргөөг тахих болсон уламжлал өдгөө ч хэвээр байгааг бидэнд үзүүлэв. Тайлбарлагчийн ярьснаар, цаг тайван бус байх 1939 онд Ганьсу мужийн Бумбын сүмд шилжүүлэн 10 жил тахиж, 1949 онд Хөх нуурын Гомбын сүмд таван жил тахисны дараа 1954 оны 4 сарын эхээр одоогийн байгаа Эзэн хороонд авчирсан аж. Харин “Их онгон” цогцолборыг 2005 онд байгуулж дууссан бөгөөд Сүлдийн тахилгыг зүүн дархадууд буюу Мухулайн үр сад, Ордон гэрийг баруун дархадууд буюу Боорчийн үр сад тахиж, хамгаалж ирсэн тул шүтээнд 24 цагаар байх эрх дарх эдэлдэг байна. Билгийн тооллын 7 сарын 14-нд их хар сүлдийг тахидаг бол, билгийн тооллын 3 сарын 21, 5 сарын 13, 9 сарын 12, 10 сарын 3-нд бусад тахилгыг хийдэг хэмээн бидэнд танилцууллаа.
         “Их онгон” цогцолбор өглөөний 07.30-19.00 цаг хүртэл зочдоо хүлээн авах бөгөөд Монгол Улсын зочид болон өвөрмонголчууд шүтээнийг үнэ төлбөргүй үзэж, тахилгад үнэ төлбөргүй оролцох эрхтэй байдаг гэнэ. Харин хятад хүн болон гадаад орны иргэд 110 юань төлж тасалбар авсны дараа уг шүтээн цогцолборт нэвтэрдэг аж.


Даяарчлалд нэрвэгдсэн амьдрал

    ӨМӨЗО-ны хөгжлийн түвшин манайхаас хэд дахин илүү гэхэд хилсдэхгүй. Даяарчлагдсан ертөнцийн тавьж буй бүхий л шаардлагыг тэд биелүүлжээ. Харин хүн ам нь энэ хурдыг гүйцэхийн тулд үндэсний соёлоо, төрөлх хэлээ гээж үрэгдүүлээд зогсохгүй, даяарчлалын шуурганд нэрвэгдэн унахгүйн тулд хөл дээрээ тэнцэж ядан, шинэ ертөнцөд амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа дүр зургийг өвөрмонголчуудын амьдралаас би олж харсан юм. Тэд аялгатай ч гэсэн хачин хэллэгтэй монгол хэлээр бидэнтэй ярьж, монгол дуу дуулж, морин хуурын аялгуугаар сэтгэл гэгэлзүүлж чадсан. Бас монгол айл бүрийн үүдэнд хос хар сүлд тахиастай байгааг бидэнд харуулж, монгол маягийн гэрүүд парк, цогцолборуудынх нь гол үзмэр болох нь анзаарагдаж байсан. Гэвч үндэсний соёл гэдэг тэдний хувьд асар том байгууламжууд, байшин барилга, эд зүйл дээрх хээ угалз, хэлбэр дүрс болон музейн гайхалтай үзмэр, түүнчлэн өөрсдөө бараг үзмэр болох шахсан үндэсний хувцастай аялал жуулчлалын хөтөч нарын түвшинд л үлджээ.
           Тэдний алдааг бид давтахгүй гэхийн аргагүй тул, “хашгирч чарласан” гэмээр хэт хөгжилд улайрч, бусдыг дуурайн уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаасаа татгалзах хэрэгггүй юм байна гэдгийг “тал нутаггүй, бэлчээргүй” болсон өвөрмонголчуудын амьдрал бидэнд харуулж байна. “Тал нутаг хаана байна” гэдэг дууг хятад хэлээр дуулан зогсох өвөрмонгол эмэгтэйчүүд, тэдний үр хүүхдүүд нь зөвхөн засмал замаар явж, зүлгэн дээр гишгэхгүй амьдарч, паркад очиж агаар амьсгалах, нэг байшингаас нөгөө байшинд, нэг тээврийн хэрэгслээс нөгөөд шилжин суух тийм л амьдралд “хүлэгдсэн” хувь заяаг эргэлт буцалтгүй сонгожээ.  

        Харин бидэнд зөв сонголт хийх боломж нь одоо ч нээлттэй байна. Сайхан Монгол орныхоо сэрүүн тунгалаг агаараар цээж дүүрэн амьсгалж, цэцэгт ногоон талдаа тааваараа бэлчих мал сүргээ маллан, морио унаж, монгол дээлээ өмсөөд, өргөө гэртээ сэтгэл тэнүүн амьдран сууж, нутгийнхаа хаана ч хүссэнээрээ зугаалж яваа монголчуудын амьдрал жаргал цэнгэлээр дүүрэн ажээ. Ямар их хувь заяагаар бид нар эзэн нь болж төрөв өө гэсэн дууны үг юутай үнэн болохыг мэдрүүлсэн энэ өдрүүдэд баярлалаа. 
         “Хатан зориг бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя” хэмээн өглөө бүр төрийн дууллаа дуулж зоригжин, хичээлдээ, ажилдаа явж буй хойч үеийг төрүүлсэн хүмүүс билээ бид. 


          Бидний Монгол Улс мөнхөд оршиг.


             Ц.ОЮУНЧИМЭГ

  

Saturday, August 31, 2013

НОГООН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ БА “ХУРДНЫ ЗАМ”



-Өвөрмонголд аялсан тэмдэглэл 2-

            Монголын жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөгчид ӨМӨЗО-нд зочлохдоо Хөх хотоос гадна Бугат, Ордос хотуудтай танилцахаар хурдны замаар аялсан юм. Мэддэг юм шиг атлаа огт мэддэггүй Өвөрмонголд хийсэн бидний аялал шинэ содон бүхнээр дүүрэн байсан билээ.
            Хөх хотоос гарч, хурдны замаар давхиж явах зуур замын хажуу талаар жирийтэл тарьсан 50 см-аас нэг метр орчим өндөртэй модны суулгацууд сул газар нэгийг ч үлдээлгүй ургасан харагдах нь гайхмаар. Хурдны зам барихаар төлөвлөгдсөн газруудад суулгац тарих ажлыг зам тавихаас гурван жилийн өмнө эхэлдэг гэсэн нь үнэн бололтой. Ийнхүү тариа, ногооны талбайгаас бусад бүх газрыг ногоон бодлогод хамруулж, цөлжилтийн эсрэг тэмцлийн талбар болгожээ. Хааяа нэг сул хөрс харагдахад нь ажиглавал бүхэлдээ элс байх агаад, үзвэл цөлжилттэй ийнхүү тэмцэхээс өөр аргагүй хэмжээнд хүрсэн бололтой.  
Замын дагуу таарах хот, сууринд амьдрагсдын өдөр тутмын амьдрал ажил хөдөлмөрөөр нэн баялаг. Замын хашлага, төмөр замын дэрийг хүртэл хийгээд нийлүүлэхээр бэлдэн жирийтэл өрсөн байхыг хэд хэдэн удаа харав. Түүнчлэн хурдны замд тээвэр хийж буй жолооч нарт зориулсан хоол, жимс ногоо зарах үйлчилгээ эрхлэгчид ажлаа дугуйгаар болон гурван дугуйтай ердийн хөсгөөрөө амжуулж байх нь элбэг тааралдана. Хүлэмжтэй нь хүлэмжиндээ мод, цэцэг, ногоогоо тариад хэрэгцээт газар нь нийлүүлдэг болов уу гэмээр тэр чигээрээ хүлэмжнээс бүрдсэн хороолол ч харагдав.
Байгалиас элс, хайрга олборлож буй үйл явцыг нь харахад, олборлолт хийж буй газрынхаа ерөнхий тогтцыг эвдэхгүйгээр бага зэрэг дутуу үлдээгээд, олборлолт хийснийхээ дараа сул газар үлдээлгүй модны суулгац тарьж орхидог уламжлал тогтсон нь ажиглагдлаа. Уйгагүй хөдөлмөрлөснийг нь харвал бахархмаар, удаан хараад байвал бачуурмаар тэр их моддыг тарьж ургуулахад ямархуу хэмжээний ажил явагдаж, хичнээн хүн хөдөлмөр зүтгэлээ зориулсан бол оо гэж бодогдоно.

Хурдны замын 100 км тутамд амралтын бүс байгуулжээ
            Хот хоорондын хурдны замыг хоёр урсгалтайгаар байгуулсан байх ба нэг урсгал нь гурван эгнээтэй аж. Хурдны зам дээр 80-100, 100-120 км/цаг хурдалж болох бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор автобус, том ачааны машинууд хүртэл нэгэн зэрэг зорчдог ажээ. Хурдны замын гадаргуу дээр тод ногоон, улаан, цагаан өнгөөр ялган зурсан тэмдэглэгээ нь шулуун явах болон эргэх, гүйцэж түрүүлэх, түр зогсох, хурдаа сааруулах, хурдаа нэмэх газруудыг зааж өгсөн байх ба хааяа нэг таарах замын хажуугийн том самбарт үйлчилгээний цэгт хүрэхэд хэдэн километр дутуу байгааг, мөн жолооч нарт үүрэглэхгүй байхыг анхааруулсан, гүйцэж түрүүлэхдээ анхаарал болгоомжтой байхыг сануулсан тэмдэглэгээнүүдийг энгийн ойлгомжтой зураг дүрс, тоо, товч мэдээлэл хэлбэрээр байршуулсан харагдана.
            Аюулгүй байдлын үзүүлэлт хурдны замд нэн чухал учир зам дагуух уул толгод, жалга довны зам руу харсан ханан хэсгүүдийг нь нэгд нэгэнгүй барилгын материал болох цемент чулуун шигтгэмэлээр бэхжүүлэн хатууруулж, хурдны зам руу санамсаргүй байдлаар шороо чулуу өнхрөн орох болон усанд идэгдэхээс нь хамгаалсан харагдана.
Хурдны замын дагуу 100 километр тутамд амралтын нэгдсэн төвүүдийг зорчигчдод зориулан байгуулжээ. Замын хоёр талын урсгалд зориулан яг ижил хэмжээнд байгуулагдсан энэ төвүүдэд ойрын хэрэгцээний бараатай жижиг дэлгүүр, кафе, хоолны газар, нийтийн бие засах газар, эмнэлгийн үйлчилгээний цэг, авто засварын үйлчилгээ, цагдаагийн пост зэргийг байршуулсны зэрэгцээ бүх төрлийн тээврийн хэрэгслүүд зогсож, бүр хонож болохуйц хангалттай том зай бүхий авто зогсоолыг замын тэмдэглэгээ, сандал, хогийн сав, гэрэлтүүлэг чимэглэлийн хамт байгуулсан нь зөв шийдэл болсон ажээ.
Хурдны зам дагуух гэрэлтүүлгийг нар, салхины эх үүсвэрээр бүрэн шийдсэн байх бөгөөд замыг бүрэн хяналтад байлгахуйц хэмжээнд, тодорхой зай бүрт замын хөдөлгөөн бүрэн харагдахуйц хэмжээнд хяналтын камеруудыг байршуулжээ. Камерууд тодорхой цаг бүрт тээврийн хэрэгслүүдийн зургийг авч баримтжуулдаг болох нь ажиглагдсан. Байсхийгээд л таарах шалган нэвтрүүлэх цэгүүдэд замын хураамж болох 20-40 гаруй юань-ийг төлөх бөгөөд энэ нь хурдны замыг арчилж тордоход зарцуулагддаг гэнэ. Түүнчлэн замын цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгүүд үе үе таарч, тээврийн хэрэгсэл бүрийг бүртгэн авч, автобусны зорчигчид суудлын бүсээ бүсэлсэн эсэхийг шалгаад, ямар чиглэлд явж байгааг нь тэмдэглэн авч байлаа.
Хурдны зам дээр ямар нэгэн осол болоход богино хугацаанд зам чөлөөлж, тээврийн хэрэгслийг зохих байршилд нь хүргэх үүрэгтэй тусгай компаниуд ажилладаг гэнэ. Ачааны машины нэг ийм осол, түүнийг замаас зайлуулж буй дүр зурагтай бид таарахад, орчуулагч маань бидэнд ийнхүү тайлбарласан юм.

Урд хөршийнхөн цахилгаан станцын нүүрсээ зөөж байна
Монголоос урагш нь нүүрс зөөж, тал нутгийн хөрсийг орвонгоор нь эргүүллээ хэмээн ад үзэгддэг том ачааны машинууд цуваа цуваагаараа нүүрс зөөгөөд явж байхтай таарав. Хичнээн километр үргэлжилж байгаа нь үл мэдэгдэх, зах хязгаар нь үл харагдах нэгэн ийм цувааг бид Бугатаас Ордос явах замд харсан билээ.
Манай монголчууд өвлийн улиралтай өрсөлдөн цахилгаан станцынхаа нүүрсийг зөөж сүйд болдог бол, нүүрсний орд газраар баялаг өвөрмонголчууд энэ ажлаа улирлын дулаанд амжуулдаг ажээ. Нүүрс зөөж буй машинууд ачаагаа хучиж, тэвшээ бүрэн хааж бэхэлсэн битүү бүтээлэгтэй харагдана. Ачаагаа хэтрүүлэн дүүргэж, овойтол нь ачсан нэг ч машин байсангүй. Бүх машин жигд ачилттайн дээр, нэг цуваагаар, хурдны замын хамгийн хөл хөдөлгөөн багатай урсгалаар тээвэрлэлт хийж байгаагаас нь үзвэл, төлөвлөлттэйгээр явагдаж буй ажил болох нь илт.
Замын туршид бүтээн байгуулалтынх нь цар хүрээг ажиглаж, зөвхөн хурдны зам төдийгүй гүүрэн зам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугамыг хаана л бол хаана, тэр ч байтугай уулын орой дамнуулаад барьж байгуулчихсаныг нь харахад гайхалтай санагдсаныг нуух юун. Хамгийн хариуцлагатай бөгөөд ажилсаг хүмүүс бол цагдаа, байцаагч нар нь юм байна хэмээн бид ярилцаж явлаа. Хүн нэг бүр хичээж чадваас, зорьсон бүхнээ бүтээх боломж нь хорвоо дэлхийн хаана ч нээлттэй байдаг ажээ.     


Ц.ОЮУНЧИМЭГ 

ҮНДЭСНИЙ СОЁЛЫН ХЭРЭГЛЭЭ БА “УХААЛАГ” ХОТ




-Өвөрмонголд аялсан тэмдэглэл 3-

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийг найрсгаар угтан авсан Хөх хот болон Бугат, Ордос хотуудад хийсэн аялал маань монгол үндэсний соёлын өв, түүний хэрэглээ Өвөрмонголд ямар хэмжээнд байгааг нүдээр харах боломжийг олгосон билээ. Манайхны майхан болон гэрээ чимэглэдэг хээ угалз тэндхийн байшин барилга төдийгүй хогийн саван дээр харагдах нь хачирхалтай. Орой үдшийн цагаар гадаах кафе болон задгай талбайн бааранд монгол дуу эгшиглэхэд нь очиж харвал, том хээ хуараар чимэглэсэн үндэсний хувцастай дуучин тоглолтоо хийж байв. Үзэгчдийнх нь дотор үндэсний хувцастай хүн нэг ч байсангүй.   

Монгол Улсад очиж, Улаанбаатарыг үзэх нь тэдний том мөрөөдөл
Монгол үндэстний нэг хэсэг нь гэдгээ илэрхийлэх боломж бүрийг алдалгүй ашиглаж, түүхэн ховор олдвор болох Шанью-гийн титмийг асар том байшингийн оройд яг тэр чигээр нь урлан тавьж, хүрэл зэвсгийн үеийн олдворуудад бүсний арал хэмээн тэмдэглэгддэг амьтдын дүрсийг том баримлууд болгон урлаж, бүхэл бүтэн парк байгуулсан гээд хэм хэмжээг нь хэтрүүлсэн гэмээр зүйлсийг Ордос болон бусад хотуудад олонтаа харснаа энд тоочиж баршгүй нь. Монгол үндэсний хээ угалз, хэлбэр дүрсийг нэгбүрчлэн ашиглаж барилга архитектурын бүтээлүүдээ хийсэн, монгол үндэсний гэж нэрлэж болох бүхнээр асар том цэцэрлэгт хүрээлэн, парк зэрэг байгууламжуудыг нүсэр хэмжээтэйгээр босгоод, уйгаржин монгол бичгээр хаягласан харагдах ч, дэргэдэх ханзаар бичсэн хаяг нь илүү тод томруун байх Өвөрмонголын хотууд өвөрмөц байв. ӨМӨЗО нь монгол, хятад, манж, хотон, дагуур, эвэнк зэрэг 55 үндэстнээс бүрдсэн 24,8 сая хүн амтай бөгөөд тэдний 4,5 сая нь монгол үндэстэн байдаг хэмээн бидэнд өгсөн танилцуулгад бичжээ. 
Өвөрмонголчуудын өмссөн монгол үндэсний хувцас гоёлд хятад маягийн өнгө аяс шингэсэн болох нь илт. Тал нутгаа санаж мөрөөдсөн дууг тэд олонтаа дуулах боловч, тал нутаг гэж нэрлэж болохоор нэг ч газрыг аяллын үеэр бид олж хараагүй юм. Монголчууд явж байна гэхээр хүн бүр үнэн сэтгэлээсээ инээмсэглэн мэндчилж, аль болох бидэнтэй ярихыг хичээж, монгол хүн гэдгээ мэдрүүлэхийг эрмэлзэж байх нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байсан. Гэвч бидэнтэй уулзсан өвөрмонголчуудын дийлэнх нь монгол хэл огт мэдэхгүй байв. Миний ажигласнаар 10 хүн тутмын 3 нь л монгол хэлээр ярьж, бидэнтэй ойлголцож байсан. Хэдий тийм ч, жинхэнэ Монгол Улсад очиж, Улаанбаатарыг үзэх нь тэдний том мөрөөдөл юм билээ.

Бугат – “Ухаалаг хот” ажээ
Аяллын явцад хамгийн богино хугацааг өнгөрүүлсэн атлаа хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн хот бол Бугат байлаа. Хотод орж ирмэгц ногоон модод эгнүүлэн тарьж, гайхамшигт цэцгийн хүрээлэнгээр чимэглэсэн эмх цэгцтэй гудамж нүднээ тусна. Манай Улаанбаатар шиг арзайсан олон кабель, цахилгааны утаснууд огт харагдахгүй. Гудамжны гэрэлтүүлэг нь илүү дутуу зүйлгүй цэмцгэр, улаан, ногоон, шар өнгөөр асдаг гэрлэн дохио нь лед дэлгэцтэй, маш энгийн атлаа зай бага эзлэх ганц самбарт бүх тэмдэглэгээ нь багтсан, хотын өнгө үзэмжийг илүү цэмцгэр байлгахад бүх талаар анхаарч чадсан энгийн атлаа ухаалаг шийдлүүд ихтэй тус хотын гудамжаар яваад, сайн ажиглах юм бол суралцах зүйл багагүй байх аж. Тухайлбал, дугуйны зам ямар байх ёстойг энд жинхэнэ утгаар нь харж болохоор байв. Автомашины замын хоёр талаар тусгаарлаж байгаад дугуйн замыг тусад нь байгуулсан байх бөгөөд дугуйн болон машины зам хоорондын тусгаарлагдсан орон зайд автобусны зогсоолоо байршуулжээ. Дугуйн замынхаа гадна талаар явган хүний замыг бүх стандартынх нь дагуу тавьж, явган хүний замын гаднах багахан зайд машины зогсоолыг эвтэйхэн шийдсэн байв. Машин зогсоолд зогсохдоо хаагуур орж, хаашаа харж зогсох төдийгүй ямар зай эзэлж зогсох ёстойг нь тод өнгөөр замын гадаргуу дээр зурж өгсөн байгааг нь манай хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, замын цагдаагийнхан очиж үзэхэд илүүдэмгүй санагдав.   
Бид Бугат хотод хагас өдөр өнжихдөө “Хот байгуулалт, төлөвлөлтийн ордон”-той нь танилцаж, “Сайхан тал” паркад зочилсон юм. Хот байгуулалт, төлөвлөлтийн ордон нь хотын иргэд болон зочдынхоо өмнө байнга нээлттэй байх бөгөөд, Бугат хотод ямар шинэ бүтээн байгуулалт хийгдэх гэж байгааг иргэддээ танилцуулах, хотынхоо өөрчлөлт бүрийг иргэд нь урьдчилан мэдэх боломжийг олгох үндсэн зорилго бүхий тойрон аяллын хөтөлбөртэй аж. Бугат хот төлөвлөлтөө 12 жилээр хийдэг бөгөөд, хамгийн сүүлд 2008-2020 он хүртэлх төлөвлөлтийг хийж, иргэддээ танилцуулаад, хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ. Тус ордонтой танилцаж, Бугат хотын хот төлөвлөлтийн түүх, одоогийн бодит байдал, бүтээн байгуулалтын төлөвлөгөөг нь иж бүрэн макет хэлбэрээр харж, 3D танхимд нь дүрс бичлэгээр үзсэнийхээ дараа, “Улаанбаатарынхаа хот төлөвлөлтийг ингэж харах юмсан” гэх мөрөөдөлтэй болсон билээ.
“Хүн оршин суухад хамгийн таатай хот” гэсэн өргөмжлөлийг НҮБ-аас гардан авсан Бугат хотын иргэд Хот төлөвлөлт, байгуулалтын ордондоо тойрон аялал хийж, хаана юу байгуулагдах гэж байгаатай танилцаад, өөр хоорондоо инээд хөөр болон ярилцахыг нь харахад атаархмаар байв. Ардчилсан Монгол Улсын Улаанбаатар хотын иргэн би Өвөрмонголын Бугат хотын иргэнд атаархаж зогсох тийм мөч үнэхээр тохиосон юм.

Хот дотор хөдөөг байгуулна
“Сайхан тал” хэмээх парк бол хот дотор байгуулсан хөдөө юм хэмээн тайлбарласныг нь бидэнд орчуулж өглөө. Үүд хаалганаасаа эхлээд монгол маягийн хээгээр чимэглэж, морьтой баатруудын барималаар хамгаалуулсан ногоон парк руу бид явж оров. Бараг битүү мод тарьсан 10 мянган га газартай энэ парк хот доторх хамгийн том байгууламж бөгөөд цэвэр агаар амьсгалахыг хүссэн явган хүн 2-3 цаг алхаж бүтэн тойрдог ажээ. Тус хотод дахиад 12-13 ийм парк байдаг гэнэ. Паркад буга сүргээрээ амьдардаг бөгөөд 200 гаруй нэр төрлийн шувуу байдаг хэмээн бидэнд танилцуулсан.
Өвөрмонголын хувьд хөдөөд хот байгуулах хөгжлийн үе шат нь хэдийнэ дуусгавар болж, хүн чөлөөтэй явах орон зай нь хумигдсан учраас хот дотор хөдөөг бий болгох ажлыг далайцтай хэрэгжүүлж байгаа бололтой. Гэвч хот дотор байгуулсан энэ хөдөөд хүн зөвхөн засмал замаар алхаж, дугуйгаар аялж, аяллын нийтийн унаагаар маршрутын дагуу зорчиж, бас зориулалтын газар нь хооллож, амрах учраас жинхэнээсээ хөдөө байгаа мэт сэтгэгдэл төрөхгүй. Хэдий тийм ч цэвэр агаараар амьсгалах боломжийг хангалттай сайн бүрдүүлж өгсөн тул хотод амьдардаг иргэдийн эрүүл мэндэд нэн тустай байгууламж болж чаджээ. Ухаалаг хот Бугатаас суралцах төдийгүй ухаарах зүйл их байлаа.  

Ц.ОЮУНЧИМЭГ

Thursday, August 29, 2013

21 ДҮГЭЭР ЗУУНЫ АСУУДАЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХААРЛЫН ТӨВД БАЙНА

           

          Монголын жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг төлөөлөн 18 эмэгтэй ӨМӨЗО-д зочилж, харилцан туршлага солилцож ирээд удаагүй байна. Монголын эмэгтэйчүүдийн багийг  НИТХ-ын төлөөлөгч, СХД-ийн АЭХ-ны тэргүүн, хатагтай С.Ичинхорлоо ахлан явж, өмнөд хөршийн эмэгтэйчүүдтэй найрсаг харилцаа тогтоох анхны алхамыг хийж чадлаа. ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, ӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбооныхон манай эмэгтэйчүүдийг өндөр түвшинд хүлээн авч, Хөх хот, Бугат, Ордос хотуудад танилцах аялал, туршлага солилцох уулзалтуудыг амжилттай зохион байгуулсан юм.

Хамтын ажиллагааны гарцыг нээсэн уулзалт
            Хятад-Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөгчдийн уулзалт ярилцлага бүхэлдээ 21 дүгээр зуунд тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулав. Мэдээллийн технологи, харилцаа холбоо эрчимтэй хөгжсөн энэ зууны тулгамдсан асуудлын хүрээнд гэр бүлийн үнэт зүйл, соёлын ялгаа, тал нутгийн бэлчээрийн менежмент, цөлжилтийг сааруулах, залуусын хөдөлмөрийн зах зээлийн бодлого, жижиг дунд бизнесийг зээлийн бодлогоор дэмжих, эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагаагаар дамжуулан эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах зэрэг сэдвийн хүрээнд өрнөлөө.
Уулзалтыг нээж Хятадын талаас ӨМӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга, хатагтай Жан Шүхуа, Монголын талаас НИТХ-ын төлөөлөгч, СХД-ийн АЭХ-ны тэргүүн, хатагтай С.Ичинхорлоо нар үг хэлж, хоёр талын төлөөлөгчид харилцан туршлагаа солилцлоо.    
Хятадын талаас ӨМИС-ийн компьютерийн дээд сургуулийн профессор, докторантурын багш Жөү Жяньтао өнөөгийн нийгэм дэх гэр бүлийн үнэ цэнэ, эмэгтэйчүүдийн нийгэмд болон гэр бүлдээ гүйцэтгэх үүргийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлсэн бол, Тал нутгийн эмзэг хөрсийг хамгаалах чиглэлээр 1960-аад онд аавынхаа хийж байсан ажлыг залгамжлан авсан Хятадын ШУА-ийн Өвөрмонголын өвсний аж ахуй судлалын төвийн захирал Сүнь Хайлянь, хүн амын хэт өсөлттэй холбоотойгоор бэлчээрийн талбай хомс байгаа учир зөв менежментээр ашиглах, тал нутгийн экологийг сэргээх шаардлага өндрөөр тавигдаж байгааг онцолсон. ӨМӨЗО-ны залуучуудын холбооны дэд дарга Номин дээд боловсрол эзэмшсэн олон мянган залууст ажлын байр олж өгөх талаар ажиллаж, багагүй амжилтад хүрснээ дуулгасан бол, ӨМӨЗО-ны гэр ахуйн үйлчилгээг удирдах төвийн захирал Санаа олон мянган гэрийн эзэгтэй нарыг сургалтад хамруулж, гэрийн үйлчлэгчийн ажилд зуучлах ажлыг амжилттай зохион байгуулсан туршлагаасаа хуваалцлаа. Өвөрмонголын тал нутгийн Үндэс хүүхэлдэйн шог зургийн аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын ХХК-ийн ТУЗ-ийн дарга, хатагтай Лю Тао-гийн танилцуулсан, одоогоор 116 анги хийгдээд буй “Тал нутгийн үндэс” хүүхэлдэйн киноны тухай мэдээлэл оролцогчдын сонирхлыг багагүй татсан. Уулзалтад эгэл жирийн атлаа агуу хөдөлмөрч нэгэн эмэгтэй оролцсон нь ӨЗО-ны АТИХ-ын төлөөлөгч Ван Шилянь байв. Тэрээр Хөх хотын Үчуань шяний Хар гацааны энгийн бүсгүй бөгөөд өөрийн уйгагүй хөдөлмөрөөр “Үчуаний эрдэнэ” нутгийн брэнд төмсийг буй болгож, бизнесээ өргөжүүлэн, 2008 оны Бээжингийн олимпод бүтээгдэхүүнээ нийлүүлсэн ӨМӨЗО-ны тэргүүлэх ААН болж чадсан туршлагаасаа хуваалцсан юм.
Монголын талаас “Алтандалбаат” ХХК-ийн захирал Т.Алтанцэцэг, “Мөнхөд мандаг” ХХК-ийн захирал Д.Баяраа, “Онжи-Агат” ХХК-ийн захирал Л.Отгонцэцэг, ON сургалтын төвийн захирал Ү.Оюунбилэг нарын эмэгтэйчүүд эрхэлж буй бизнесийн туршлагаасаа хуваалцаж, монголын эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлын тухай товч танилцуулга хийв. Монгол Улсад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дээшлүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд УИХ-д эмэгтэйчүүдийн бүлэгтэй болж, Засгийн газрын гишүүн, салбарын сайд, дэд сайд, газрын дарга болон бусад албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн тоо багагүй хэмжээгээр нэмэгдэж, бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй болсон тухай манай төлөөлөгчид танилцуулав. Уулзалт халуун дулаан уур амьсгал дунд болж, илтгэлтэй холбоотой асуулт хариулт өрнөн үргэлжилсэн юм. Хөрш зэргэлдээ орны эмэгтэйчүүдийн санаа зовдог асуудал, тулгамдаж буй бэрхшээл нь ч ижил төстэй байсан ба тэд цаашид хамтран ажиллах талаар харилцан саналаа илэрхийлж байв.
Уулзалт, арга хэмжээ, танилцах аяллын бүхий л үйл явцыг ӨМӨЗО-ны үндэсний телевиз сурвалжлан мэдээлсэн. Тус телевизийнхэн монголын төлөөлөгчдөөс ярилцлага авч, айлчлалын хугацаанд өдөр бүр 2-3 эмэгтэйн ярилцлагыг мэдээний болон ярилцлагын цагаараа үзүүлж байсан билээ.    

“Хүүгүй” зээлийн бодлого анхаарал татав
            ӨЗО-ны Эмэгтэйчүүдийн холбооны ажлын туршлагаас “2009 оноос эхлэн урт хугацаатай хүүгүй зээлийн бодлогыг хэрэгжүүлж, одоогоор 2 тэрбум 10 сая юаний хүүгүй зээлийг хот суурингийн 280 мянга, хөдөө тосгоны 220 мянган эмэгтэйчүүдэд олгоод байна” гэсэн мэдээлэл нь манай төлөөлөгчдийн анхаарлыг хамгийн ихээр татсан юм. Тус холбооноос хүүгүй зээл олгох эмэгтэйчүүддээ  өндөр шаардлага тавьдаг бөгөөд зээл авах эмэгтэй тус бүрийг хоёр хүн батлан дааж, бүхий л үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилладаг байна. Зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг эмэгтэйчүүд өөрсдөө бүрдүүлж, нэгдсэн дансанд хуримтлуулдаг бөгөөд зээлийн хүүг нь улсын төсвөөс санхүүжүүлдэг учир ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь эмэгтэйчүүдэд том дэмжлэг болдог ажээ. Нэг эмэгтэйд олгох зээлийн хэмжээ хамгийн багадаа 50 мянган юань байдаг гэнэ. Хүүгүй зээлийн бодлогын үр шимээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, баялаг бүтээх чадавхи нь сайжирсан бөгөөд тэдний нийгэмд болон гэр бүлдээ хүлээх үүрэг хариуцлага нь дээшилснийг онцлон тэмдэглэж байсан.  
ӨМӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбооны дарга, хатагтай Чаньу, АЭХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, СХД-ийн АЭХ-ны тэргүүн, хатагтай С.Ичинхорлоо нарын хэлснээр, энэ удаагийн айлчлал хамтын ажиллагааны суурийг тавьж, АЭХ болон ӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбоо хоорондын харилцаа шинэ шатанд гарна буй за. Бид ч бас тэдний туршлагаас үлгэр жишээ авч, эмэгтэйчүүдээ төрийн бодлогоор дэмжээд өгвөл монгол бүсгүйчүүд маань гэр бүл, улс орныхоо урагшлах хүч нь болж чадах билээ.


Ц.ОЮУНЧИМЭГ