Saturday, July 21, 2012

Жаргасан гэж үү дээ, БИД?


2012.05.16
“Энхбаярыг байхад...” гэдэг хэллэг моодонд орох цаг болжээ. Энхбаярын тухай мэдээ уншигдаж, Энхбаярыг харуулсан нэвтрүүлгийг хүн үзэж байгаагаас үзвэл, тэрээр эдийн засгийн ашиг тусыг хэвлэлийнхэнд авчирч буй нэгэн чухал объект болсон нь илт. Энхбаярыг өрөвдсөн, хайрласан үг ч хаа сайгүй дуулдах болж. Монголчууд бид угаасаа л сайхан сэтгэлтэй, өр нимгэн хүмүүс билээ.
Уг нь би Энхбаярыг хувь хүнийх нь хувьд ойлгож, бас өрөвдөөд байдаг юм. Анх хичнээн сайхан залуу их улс төрд орж ирсэн билээ. Мөрөн дээгүүрээ пиджакаа тохсон, нүүр дүүрэн инээмсэглэлтэй, эрч хүчтэй алхсан сайхан залуу байв. Ирсэн цагаасаа эхлэн төрийн гурван өндөрлөгийн суудалд ээлж дараалан “заларсаан”. Гэтэл ердөө арван жилийн дараа “өвгөн” төрхөндөө орж, арай ч дээ, даанч дээ гэмээр болчимгүй үгсийг амнаасаа унагаснаар төрийн тэргүүний суудлаа өгч байв. Гэвч чухам тэр үеэс л түүний ухаарал эхэлсэн болов уу. Оройтсон бороо усархаг, оройтсон хайр хүчтэй байдаг жамаар Энхбаяр гэнэт ард түмэндээ, Монгол Улсдаа хайртайгаа мэдэрсэн байж. Бас ямар их буруу зүйл хийж байснаа ч ойлгосон болов уу гэмээр зүйлсийг хэвлэлд ярьж, улмаар 2011 оны эхээр “шинэ” МАХН-ын дарга болсон билээ. Тэр үнэхээр бүхнийг ойлгосон байж ч болох талтай.
Би түүнийг 7 сарын 1-ний шийдвэрт нь, яг шууд буруутгачихаж чаддаггүй юм. Буддист, бурхан шашны ажилд онцгой идэвхи санаачлага гаргадаг энэ хүнээс таван хүний амь насыг хороож, хэд хэдэн хүнийг шархдуулах тушаал өгөгдсөн гэж төсөөлж чаддаггүй болоод л тэр. Уг нь энэ тухай жинхэнэ үнэнийг нь ярих гэж байсан чинь... гэж “бодогдохоор” үйлдлийг бас гаргасан гэдэг ч, энэ тухай бүгд ярьж байгаа учир сонин биш.
Харин Энхбаярын од болон гялалзаж, Монголын эзэн хаанаар өргөмжлөгдөж явсан “сайхан” цагийг нь дурсая. Дандаа л муу юм яриад байлтай нь биш. Монгол хүн амны билгээрээ гэдэг дээ. Энэ хүнд чинь бас жинхэнэ “STAR” болж байсан үе бий юм шүү. Уг нь 1992 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдож, Соёлын сайдаар ажиллаж байсан юм билээ. Тэр үеийг нь би төдийлэн сайн санадаггүй юм. Харин 1997 оны нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга болоод, Засгийн газрыг огцруулна хэмээн чанга дуугарч эхэлсэн үеэс нь би түүнийг олноос ялгаж таньдаг болсон. Энхбаяр тун удалгүй МАХН-ын дарга болж, 2000 оны сонгуулиар намаа ялуулж, мөн оны 7 сард Монгол Улсын Ерөнхий сайд болж байсан юм. Цахилгаан дайн гэдэг шиг, гэрлийн хурдаар дэвшсэн байгаа биз?
Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад манай улсын иргэд, амьдрал сайхан байгааг телевизийн дэлгэцнээс л үздэг байлаа. Нэг л их баяр жаргалтай Ерөнхий сайд маань амьдрал улам сайхан болж байгааг ганцаараа мэдрэн, түүнийгээ ярьж, хэвлэлийн хуудаснаа өдөр бүр, телевизээр бол цаг тутамд гардаг байсан юм. Монголын Үндэсний телевизээр зөвхөн эрх баригч намын гишүүд ярих эрхтэй байсан тэр жилүүдэд, Н.Багабанди гэдэг Ерөнхийлөгчтэй байгаагүй бол, чухам юу болох байсныг бүү мэд. Тэр үед хоёр дахь удаагаа сонгогдоод байсан ерөнхийлөгч маань ард түмнийхээ талд байж, цөөнхийн үгийг сонсдог байсан нь, жирийн иргэд биднийг аз түшсэн хэрэг байв.
Тэрхүү он жилүүдэд орон нутгийн санхүүгийн эрх мэдэл бүрмөсөн хумигдаж, социализмын үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн зарчмаар бүхнийг нэг гарт төвлөрүүлээд, Сангийн сайдаар нь өнөөгийн УИХ-ын гишүүн Ч.Улаан ажиллаж байлаа. 2000-2004 оны хооронд болсон эдийн засаг, улс төрийн үйл явдлуудыг эргээд санахаар их сонин санагддаг юм. “ОХУ-д төлөх Их өрийг гэнэт нэг өдөр төлөөд баахан хүн телевизийн камерийн өмнө уйлцгаасан, Бат-Үүл баривчлагдсан, Баабарыг баривчлах шахсан, сэтгүүлчдийг бороохойдсон, шөнөөр баривчилсан, заримыг нь хорьсон, жагсаал цуглааныг хүчээр тараасан, хориглосон, бас УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Л.Гүндалайг Олон улсын хүний эрхийн хуралд явах гэж байхад нь хүч хэрэглэн баривчилсан” гээд зах зухаас нь хальт дурьдвал нэг иймэрхүү. Тэр үед Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар нь өнөөгийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ажиллаж байсан юм. Хэрвээ тэр он жилүүдэд Л.Гүндалай гэдэг шинэхэн гишүүн УИХ-ын чуулганы нээлт бүрийг /чуулганы нээлтийг орон даяар шууд дамжуулдаг/ үймүүлж, дарангуйлал тогтох гээд байгааг янз бүрийн лоозон, плакат өргөж сануулдаг байгаагүй бол, монголын улс төрд юу болж, энэ бүхэн чухам юугаар төгсөх байсныг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан тэр он жилүүдэд тийм хүмүүс байж, ийм үйл явдлууд болж өнгөрсөн нь бодит түүх билээ.
Өнөөгийн хүмүүст энэ бүхэн хошин шогийн тоглолт шиг л санагдана гэдгийг би ойлгоно оо. Гэхдээ л тэр үед нөгөө сайхан ардчилал, зах зээл гэдэг цээж тэнийлгээд байсан мэдрэмж, боломж бүхэн маань хумигдаж, ард иргэд нь айдас түгшүүрт автаж эхэлсэн нь үнэн юм. Албан тушаалын наймаа, танил тал, төрийн албанд орж гэнэт баяжих “дон”, намд элсэж дарга болох “хобби” гээд хувь хүний хөгжлийн асуудалд юу эс тохиолдсон гэж бодно. Зарим хүмүүс “сайхан ч цаг байж дээ” хэмээн санаа алддаг гэсэн. Улс орны хөгжил юм хойно сайн муу бүгд зэрэгцэн өрнөж, хөгжил дэвшил болон хөгжлийг хойш татсан алхамууд аль аль нь нэг дор явагдаж байв. МАХН гэдэг улс төрийн нам дахин “манлай нам” болж, социализмын үеийн дуунууд “хит” болж байлаа. Ардчилсан нам гэдэг “өөр” нам байгаа шүү гэдгийг сануулдаг нь Гүндалай. Түүнийг тойроод ардчиллынхан бөөгнөрнө. Нэг иймэрхүү л үйл явдал өрнөсөөр дөрвөн жилийг ардаа орхисон доо.
Тэр он жилүүдэд, би Энхбаярт их дургүй байсан юм. Ганцаараа жаргаад байсан болохоор нь атаархсан байх л даа. Харин нэг удаа түүнийг их өрөвдөж билээ. Манай ерөнхий сайд англи хэлийг Их Британид сурсан учир өөртөө жигтэйхэн итгэлтэй байсныг нь би яаж мэдэх вэ дээ. Тийм ч учраас “Дойче Велле” телевизийн нэг нэвтрүүлэгт оролцохдоо англиар ярилцлага өгсөн хэрэг байх. Гэвч тэр ярилцлагыг нь үзэж байхдаа, герман эрийн өмнө сандарч тэвдэн, асуусан асуултад нь эг магхийн хариулж суугаа улсынхаа ерөнхий сайдыг би үнэн сэтгэлээсээ өрөвдөж байсан юм. Монгол хүн учраас л тэр. Тэгээд, еэ бурхан минь, манай улсын дараа дараагийн удирдагчид ийм хэцүү байдалд дахин бүү ороосой хэмээн чин сэтгэлээсээ бодож сууснаа санаж байна.
Манай улсын бүх амьдрал дөрвөн жилээр төлөвлөгдөж, бүх ажил ердөө дөрвөн жилийн хугацаанд хийгддэг учир, удалгүй дараагийн сонгууль болсон. 2004 оны сонгуулиар МАХН өмнөх дөрвөн жилд эзэмшиж байсан 72 суудлынхаа бараг талыг ардчилсан хүчнийхэнд алдав. Ийнхүү эвслийн засгийн газар байгуулагдсанаар Энхбаяр УИХ-ын дарга болж, хууль тогтоох дээд байгууллагын дарга хэмээх эрхэм сэнтийд заларсан билээ. Төрийн гурван өндөрлөгийн хоёр дахь албан тушаалдаа ороод жил орчим болсны дараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, нүүрний баясгалан муутай нөхдүүдийг ядах юмгүй ялав. Ингээд улсын ерөнхийлөгч болон өргөмжлөгдөж, хамгийн өндөр сэнтийд заларсан юм. Тасралтгүй төрийн өндөрлөгт байж, ямагт улсын хааны дайтай эрх мэдэлд байна гэдэг хэн хүнд тохиох нь ховор боломж. Гэхдээ л түүнд тохиосон юм. Энэ бүхэн хувь заяа юу, аль эсвэл бодлого уу? Энэ бүхнийг өнөөдөр шууд дүгнэхэд эрт байна. Дахиад ямар ч баримт дэлгэгдэх юм билээ. Бид үүнийг мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан монголчуудынхаа амьдралаас тасарч, тусгай хамгаалалтад тусгаарлагдаж, эрх мэдэлд умбасан амьдрал нь түүнд сайныг авчирсангүй бололтой. Бидэнд ч бас, түүний эрх мэдэлтэй байсан он жилүүд нь жаргал авчраагүй юм. Тэрээр төрийн өндөр албан тушаалаа өгөхийн өмнө яалаа даа. 7 сарын 1 хэмээх монголын түүхэнд хараар бичигдсэн үйл явдал болсон. Аз болж монголын тамирчин алтан медаль аваагүй бол, бас Элбэгээ ялалт байгуулж Ерөнхийлөгч болоогүй бол... гээд олон хүн ярьдаг юм билээ. Өнөөдөр энэ бүхнийг эрэгцүүлээд үзэхээр, Энхбаярын үед “Жаргасан гэж үү дээ, Бид” хэмээн бодогдох нь харамсалтай.
Гэхдээ энэ үг зөвхөн Энхбаярт хамаатай үг биш юм. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд бүгд л дөрвөн жилийн ажлаа тайлагнаж байна. Өөрсдийгөө “Олон жил парламентад суусан, тулхтай төрийн түшээ” хэмээн өргөмжилж буй тэд, эрх мэдэлд байхдаа иргэд сонгогчид биднийгээ жаргаасан билүү? Тэд бидний төлөө яг юу хийсэн юм бэ? Бидний амьдралд хэрэгтэй ямар хууль санаачилж, ямар асуудлын шийдлийг гаргаж ирэв? Тэд шийдвэр гаргахдаа улс орноо, хүн ардаа бодож байв уу? Энэ талаар бүгдээрээ сайтар тунгаан бодож, тэдний ажлыг дүгнэх цаг нь болжээ. Ирэх дөрвөн жилд ямар нийгэмд амьдрахаа, хэнд итгэхээ, хэнийг дэмжиж санал өгөхөө бид өөрсдөө шийддэг баймаар байна. Монгол хүн бүр шинэ сонголтоо өөрөө хийж, шинэ амьдралаа хүссэнээрээ байгуулах эрхтэй билээ.
Ц.ОЮУНЧИМЭГ
2012 оны 5 дугаар сарын 16, Улаанбаатар хот
 

No comments:

Post a Comment