Monday, July 30, 2012


МУ-ын Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг: “Их гоё урлагийн сургууль нээхсэн гэж бодож явдаг нэгэн мөрөөдөл надад бий”

1 цаг 49 минутын өмнө /2012-07-31/
 - Урлагийн ертөнцөд гарсан бүтээлүүд бол нэгэн цаг үеийн түүх байдаг учир, түүхээ эргээд харахад зөв бичсэн байх юмсан гэж боддог-

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгтэй ярилцлаа. Поп хатагтай маань энэхүү эрхэм хүндтэй шагналыг улсын баяр наадмын өмнөхөн гардан авсан билээ. Ер нь хэдий хэмжээний хөдөлмөр зүтгэл гаргаж, хичнээн удаа гадаад, дотоодод аялан тоглолт хийж, ямархуу он жилүүдийг чин үнэнчээр урлагтаа зориулж, урлаг соёлоо хөгжүүлэхэд ямархуу хувь нэмэр оруулсны эцэст төрийн дээд шагналд хүрдэг юм бэ гэдгийг тодруулан ярилцаж, “шинэхэн” гавьяатынхаа амьдралын хуудсаас уншигч таны өмнө дэлгэж байна.

-Төрийн эрхэм хүндтэй шагнал авсанд тань баяр хүргэе. Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх хүндтэй шагнал хүртсэний дараах сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцана уу.
- Наадмын өмнөх өдөр Монгол Улсынхаа ардчилсан Ерөнхийлөгчөөс энэхүү хүндтэй шагналаа авч байхад, алтан үеийнхний мундаг багш нарынхаа өмнө өвдөг чичрээд шалгалтаа өгөөд дуулаад зогсож байсан үе маань нүдэнд харагдаж байлаа. Ерөнхийлөгчөөс шагнал авна гэдэг их догдолмоор юм байна лээ. Тэр өдөр үнэхээр эгэл хүмүүс төрийн дээд шагналаар шагнуулсан. Тогооч, үсчин, кассчин, жолооч, слесарь гээд дандаа олон жил хөдөлмөрлөсөн, ажил мэргэжилдээ үнэнч байж, амжилт гаргахын төлөө залуу нас, амь амьдралаа зориулсан ийм хүмүүстэй зэрэгцэж шагнал авсандаа би маш их баярлаж байлаа. Шагналаа авч гарч ирээд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Төрийн дээд шагнал авна гэдэг сүрдмээр, догдолмоор зүйл байдаг юм байна. Энэ хүндэтгэлтэй шагналыг эгэл хүмүүстэй, ард түмэнтэйгээ зогсож байгаад авсандаа баяртай байна. Үзэгч түмэндээ баярлалаа” гэж хэлж байлаа. Би дуучин төдийгүй залуу хүн. Хорин жил хоолойгоо сөөтлөө дууныхаа урлагийн төлөө, шантарч эргэж буцах үе байсан ч зогсоохгүйгээр үргэлжлүүлэн явж чадсан. Гэтэл энэ эгэл жирийн хөдөлмөрч хүмүүс 30, 40 жил зүтгэж, түүнийхээ төлөө амьдарч бүх залуу насаа зориулж ирсэнийхээ төлөө шагналаа аваад, ямар их баяртай зогсож байсан бэ. Тийм их баяртай байгаа хүмүүсийн дунд би ч бас баярлаад зогсож байсандаа тухайн өдөр маш аз жаргалтай бөгөөд сэтгэл дүүрэн байж чадсан гэж хэлмээр байна.

-Та энэ баяртай мөчид хүүхэд ахуй цагийн дурсамжаасаа юуг онцолмоор байна вэ?
-Миний хүүхэд ахуй нас, өсвөр нас маань Налайхын уурхайд, ажил хөдөлмөр бужигнасан тосгонд өнгөрсөн. Тийм ч учраас тэрхүү ажил хөдөлмөр буцалсан дүр зураг одоо ч сэтгэлд тод үлдсэн байдаг юм. Миний ээж эм найруулагч -эмийн санч, аав маань уурхайчин хүн байлаа. Миний хувьд сурлага сайтай, идэвхитэй сурагчийн нэг байсан. Нэг их онцгойрохгүй ч дуу дуулдаг гэдгийг маань Налайхынхан тэр чигээрээ мэддэг байлаа. Наадмын өмнөхөн 7 сарын 9-ний өдөр шагнал авах тухайгаа сонсож байхдаа би аавыгаа их дурссан. Аав маань 1997 онд намайг СУИС төгсөхөд өнгөрсөн л дөө. Магадгүй охиныхоо олон жилийн зүтгэлийг, энэ алдар гавъяа шагнал авсаныг хараад үнэхээр их баярлах байсан болов уу. Тэр өдөр дуугаа ч гаргаж чадахгүй уйлаад л, Налайхын соёлын ордонд их сонирхолтой уур амьсгал бий болсон. Хүмүүс маань уйлаад, аав ээжийн найз нар баярлаад, “Бид нар чамайг хүүхэд байхаас чинь л мэднэ” гэцгээж байлаа. Шагналаа 10-ны өдөр гардан авсаны дараа Налайхаас утасдаж, “Алтаа чи сонсож байна уу, Налайхынхан уухайлаад дэмжиж байна шүү дээ. Ямар гоё юм бэ, Налайхын уурхайнхаа 90 жилийн ойгоор гавъяат болж байна. Налайхчууд маань гавъяаттай боллоо” гээд ярьж байсан. Үе үеийнхээ амьдралыг зориулж ирсэн бүх уурхайчиддаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Налайхын уурхай гэдэг тухайн үед монголын бас нэгэн халуун цэг нь байж чадсан. Тэнд өсөж торнисондоо би баярладаг. Аав маань ном их уншдаг, бас биднийг номонд дуртай болгосон хүн. Энэ бүхэн амьдралыг үзэх үзэл, тархи оюунд маань нөлөөлж, ер нь л юманд хичээнгүй байж, голж шилэхгүй хийж, нугарч хугарахгүй явах сэтгэлийн хатыг суулгаж өгсөн юм болов уу гэж боддог юм.

-Уран бүтээлчийн хувьд анхны гараагаа яаж эхлэв, урлагийн ямар сургууль төгсөв гээд амьдралын түүхээсээ ярьж өгнө үү?
-1991 онд 10 дугаар ангиа онц төгсөж, СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгөөд тэнцээгүй. Онц сурдаг хүүхдүүдэд шууд хуваарь өгчихдөг байсан болохоор Багшийн их сургуулийн хуваарь авч байсан юм. Ээж, аав маань багш бол гэж зөвлөдөг, ерөнхийдөө урлагийн хүн болохыг маань төдийлэн дэмждэггүй байлаа. Гэвч би урлагийн хүн болохыг үнэхээр хүсч байсан учир амьдралдаа анх удаа бие даасан шийдвэр гаргаж, Налайхын соёлын ордны ахмадууд, уран сайханчдыгаа дагаад нэг сарын хугацаатай аялан тоглолтоор явчихсан юм. Тэгж явахдаа хааяа ёочин тоглодог, ардын дуу дуулдаг, бас жүжгийн рольд тоглочихдог байлаа. Ирэнгүүтээ гэртээ харьж чаддаггүй ээ, айгаад. Тэр үед ааваасаа эхний бөгөөд эцсийн удаа нэг сайн зэм хүртсэн дээ. Одоо бодоход, үнэхээр дотроо хүсч мөрөөдөж, урлагийн хүн болохсон гэж үнэн сэтгэлээсээ тэмцсэн тэмцлийн маань анхны хэлбэр нь тэр байсан юм билээ. Тэр шийдвэртээ одоо ч баярлаж явдаг.

-Дараа нь ямар алхам хийсэн бэ?
-1992 онд СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөөд тэнцсэн. Анх дуучны ангид орохдоо Дундговийн мундаг уртын дуучны ард хоёрт жагсаад орж байлаа. Тэр үед 190-ээд хүүхэд дундаас 11 хүүхэд хуваарь авч байсан болохоор маш их өрсөлдөөнтэй байсан. Конкурс гурван өдөр явагдсаны дараа “тэнцсэн” гэдэг хариугаа аваад маш их догдолж, бүр хүсэл мөрөөдөл маань биелчихсэн юм шиг л санагдаж байсан. СУИС-д шалгалт өгч байхад Хайдав гуай гээд л мундагчуул бидний дуулахыг сонсдог. Тэр үед би Долгор эгчийн “Бодлын цагаан хун”-г дуулсан юм. Намайг дуулсны дараа “Энэ охинд Долгорын хэв маяг байна аа” гэдэг. Тэгснээ ”Чи өөр мэргэжлээр сурч болоогүй юм уу” гээд, бас л энэ хүн үнэхээр урлагийн ертөнцөд эргэлт буцалтгүйгээр явж чадах нь уу гэж шалгалт авч байсан юм шиг байгаа юм. Тэгэхэд нь би “Миний багын хүсэл дуучин, жүжигчин болох. Дуучин, жүжигчин хүн ч гэсэн онц сурдаг байх ёстой гэж бодож байна. Энэ дуучны мэргэжлийг ч гэсэн би яг арван жилд онц сурсан шигээ сурна гэж бодож байгаа” гэсэн чинь багш нар надад баяр хүргээд, орох орохдоо аягүй гоё нүдлэгдэж орж байсан.


 "ДУРЛАЛЫН НУЛИМС" КИНОНЫ ДУУ БОЛ МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ

-Оюутан цагийн дурсамжаасаа онцолвол..?
- Миний хувьд тэгж их зорьж орж ирсэн болохоор маш идэвхтэй оюутан байсан. Манай ангийнхан ч бас их онцлогтой. Рок попын алдартай дуучидтай нэг анги төгссөндөө их бахархдаг. Миний хувьд нэгдүгээр курст байхаасаа эхлээд тэр үеийн “Варьете” чуулгад дагалдан дуучнаар орсон. Понограм тавина гэсэн ойлголт огт байхгүй. Шууд хөгжим яваад л дуулдаг байлаа. Миний хувьд “Бодлын цагаан хун” болон гадаад дуунуудыг дуулж, өөрийн гэсэн уран бүтээлтэй болох эхлэлээ тавьж байсан.
-Анхны шагналаа ч бас оюутан байхдаа авсан уу?
-Тийм ээ. 1993 онд намайг хоёрдугаар курсийн оюутан байхад “Монголын эстрадын хатан хаан” гэдэг сүртэй нэртэй тэмцээн Соёлын төв өргөөнд болсон юм. Анх тэр тэмцээнд “Түүнд би хайртай байсан” гэдэг дуугаараа оролцож, хоёрдугаар байр эзэлж байлаа. Өөжгий, Бачка нар хөгжмийг нь тоглож байсан. Дуучин Наран гуравдугаар байр, Мишээл нэгдүгээр байр эзэлж байсан. Дархан, Эрдэнэт хот болон холын аймгуудаас хүмүүс зорьж ирж оролцсон том тэмцээн болсон юм. Тэр тэмцээн дээр поп хатагтай Сарантуяа, Наран бид хоёрыг анх анзаарч, цаашид хамтран ажиллах эхлэл тавигдсан түүхтэй.
-Дан эмэгтэй дуучдаас бүрдсэн тоглолт шуугиан тарьж байсныг санаж байна..?
- “Намайг Ангирмаа гэдэг” гэсэн нэртэй тоглолт 1994 онд болж, 5 эмэгтэй дуучин оролцсон. Одоо ч манай студид 18 жилийн өмнө хамтарч тоглолтоо хийсэн 5 эмэгтэй дуучны маань тухайн үеийн зураг хүндтэй байрыг эзлэн хадгалагдаж байдаг. Үүний дараа 1995 онд “Вавилон мөрний эрэг дээр” тоглолтод Ангирмаа, Сарантуяа, Эрдэнэцэцэг агсан, Наран бид тав дуулж байлаа. Тэр тоглолт бол тухайн үедээ үнэхээр шуугиан тарьсан. Бид тавыг уран бүтээлч гэдгээр нь ард түмэнд илэрхийлж чадсан тоглолт болсон. Улсын циркт яг тоглолтоо хийх гээд тайзан дээр гарсан чинь суудал дээрээ давхралдаад суучихсан, багтаагүй нь шатан дээр чихцэлдээд суучихсан тийм их хүн хоёр өдөр дараалан үзсэн. Дараа нь Наран бид хоёрын аялан тоглолтууд эхэлсэн дээ. Монгол туургатнуудын олон улсын тэмцээн фестивалуудад бид хоёр олон удаа оролцож, олон ч шагналыг нь авч байлаа. Анх 1993 онд би 2-р байр, Наран 3-р байр эзэлж байсан бол, 1995 онд Тува-д болсон эстрадын залуу дуулаачдын уралдаанд би нэг, Наран хоёрдугаар байрыг нь эзэлсэн. Тэгээд Улаанбаатар таймс сонин, FM107-д анхны ярилцлагуудаа өгч байсан маань их дурсгалтай санагддаг.
-Анхны клипээ хэзээ хийж байв?
- 1997 онд “Чамайг би хүнийх гэж бодсонгүй” гээд хүмүүст их хүрсэн дуугаараа клип хийлгэсэн юм. Тэр клипэндээ халзан толгойтой гоё залуутай хамт, би урт хиймэл хумс, сормуус зүүгээд л, үсэндээ хар чёолк тавиад тоглож, “..үүлэн борооны дунд хайраа нээчихээд” гэсэн секси үгтэй дуу дуулсан чинь “Яахлаараа ийм замбараагүй хачин юманд тоглодог юм. Тэр юун залуу хаанаас гараад ирэв, хэний хүүхэд юм” гэж баахан хүн утасдаад. Оюутан цагийн уран бүтээл маань ингэж л эхэлж байлаа. 1992 онд “Ая дууны жигүүр”-т оролцохдоо анх удаа телевизээр гарч, 1994 оны анхны Пентатоникт дуулахад үзэгчид маш сайхан хүлээж авч байсан нь урам өгсөн. 1995-1996 онуудад “Варьете” чуулгынхаа зохиогдож байгаа бүх л арга хэмжээ, аялан тоглолтуудад оролцдог байлаа. Тэгээд 1997 онд СУИС-ийг төгсөхөд бол аль хэдийнээ дуучин. Гэхдээ үүнийхээ хажуугаар оюутан байхдаа авсан програмуудад их үнэнч, мэргэжлийнхээ шалгалтыг онц дүнтэй өгч байсан.
- Алтан үеийнхэн болох багш нарынхаа тухай юу хэлэх вэ?
-Би анх СУИС-д элсэн орохдоо багш нартаа амлаж байснаа биелүүлж, СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг онц дүнтэй төгсөж чадсан. Хамгийн гол нь, алтан үеийнхэн болох багш нар маань бүгдээрээ “Чи одоо аягүй хөөрхөн Чио Чио Сан дуулж чадна, эсвэл концертны дуу дуулж чадна. Тийм учраас нэг жил огт рок поп дуулахгүйгээр дуурийн хоорт ор” гэдэг байлаа. Тэр үед манай СУИС-д урлагийн алтан үеийн Пүрэвдорж агсан, Загдсүрэн агсан, Найдалмаа багш, Жамьянжав багш болон миний багш МУГЖ О.Ичинхорлоо гээд дандаа сүрдмээр, биширмээр, үнэн сэтгэлээсээ зааж сургадаг мундаг багш нар хичээл заадаг байсан нь үнэхээр бахархмаар санагддаг.


БАГШ, ЭМЧ НАР АЖИЛ ХАЯЖ, ГУДАМЖИНД ЖАГСААД БАЙДАГ, УРЛАГИЙНХАН БОЛ ХЭЗЭЭ Ч ТЭГЖ ЯВДАГГҮЙ...

-Сургуулиа төгсөж, мэргэжлийн урлагт хөл тавьж байсан тэр үеэ одоотой харьцуулахад ямар санагдаж байна вэ?
-Одоо дэлхий глобалчлагдаад манай урлагийн ертөнц маш хурдацтай урагшилж байгаа гэж би хэлнэ. Намайг оюутан байхад ч, сургууль төгссөний дараа ч ийм олон телевиз, FM байгаагүй. Хамгийн анхны FM 102,5 гэхэд 1995 онд, анхны дуу бичлэгийн “Сонор” студи 1997 онд нээгдэж байсан. Түүнээс өмнө бид нар айлын гал тогоонд хоолоо хийж байхад нь, яг дуусах гэж байна чимээгүй байж байгаарай гэж гуйж байгаад л, гурван минутад нэг ч бадаг алдахгүй дуулж дуугаа бичүүлдэг тийм л цаг үе байсан. Заримдаа айлын орцонд хүлээж сууж байгаад, нэг шанс олдонгуут нь бичлэгээ хийлгэнэ. Тэгж л явж, хөгжиж ирсэн. Энэ хугацаанд тохиолдсон бэрхшээлүүдэд шантрахгүйгээр олон жил явж байж би энэ урлагийн ертөнцийг мэдэрсэн болохоор, хэнээс ч хараат биш продакшн хийе гээд нөхөртэйгээ хамтарч Prosound’s студээ байгуулаад гуравдахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Олон жил дуулсан, яг энэ тогоонд буцалж явсан хүнийхээ хувьд урлаг соёлоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулъя гэж боддог. Яагаад гэвэл, рок поп бол маш залуу урлаг. Залуучууд маань хий дэмий хайран цаг заваа алдчихвий гээд сэтгэл өвдөөд байдаг юм. Өнөөдрийн байдлаар монголд студи бол ашиггүй байгууллага. Бид нар хүнд дарамтан дор ажлаа явуулдаг. Гэсэн хэдий ч энийгээ зогсоохгүй үргэлжлүүлээд, шинээр олон олон хамтлаг дуучдыг гаргаж ирэхийн төлөө ажиллаж байна. Тэгээд ч урлагийн ертөнцөд олон хүнийг гаргаж ирэхэд тусалж байх нь үүрэгт ажил маань юм болов уу гэж би боддог.
-Энэ хугацаанд хэдэн удаа бие даасан тоглолт хийж, хичнээн цомог гаргаж, хэр олон шагнал авч байснаа тоймлон хэлбэл?
-1998 оноос эхлээд дууны клипээ цацаад, 2000 онд хамгийн анхныхаа бие даасан тоглолтоо “Одиссей” нэртэйгээр циркт хийж байлаа. Хоёр дахь бие даасан тоглолтоо “Нисч ирсэн дурлал” нэртэйгээр UB паласт 2007 онд хийж, 200 гаруй уран бүтээлч оролцсон том тоглолт болсон. Энэ тоглолтынхоо дараа сар хагасын хугацаанд Монгол орныхоо бүх аймагт аялан тоглолт хийж, олон хүнтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, маш олон хүний сэтгэл шингэсэн бэлгийг хүлээн авч, ард түмний дуучин гэдгээ мэдрэн, шинэ санаа бодлоор цэнэглэгдсээр ирж байлаа. Нийтдээ 9 цомог, нэг DVD гаргасан. Ардын дууг бол 2001 оноос эхлэн дуулж, 2010 онд өөрийн дуулсан ардын дуугаар цомог гаргаж байлаа. Сая наадмаар дөрвөн эмэгтэй дуучинтайгаа хамтран тавуулаа дуулсан “Миний Монгол” дуугаараа клип хийлгэж олон нийтэд хүргэлээ. Ер нь өнгөрсөн хугацаанд би нийт 100 гаруй шагнал, өргөмжлөл авсан юм байна лээ. Монгол Улсын Гавъяат жүжигчин, Алтан гадас одон, Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Гранпри гэсэн томоохон шагналуудаасаа бусдыг нь студидээ авчирсан байгаа. 2000 оны Пентатоникоос “Рок-поп хөгжмийн шилдэг дуучин”, 2003 онд “Шилдэг этник зохиомж” шагналыг авч, 2001 онд Олон улсын гранпри шагналын эзэн болсон. 2002 онд Азийн наадамд тусгай шагнал, Буриад улсад болсон наадамд хоёрдугаар байрын шагналыг нь авч байлаа. 2002 онд кино, жүжгийн дуу дуулж эхэлсэн. “Бооцоо” жүжгийн дуу маань хүмүүст маш их хүрсэн учир, клипэнд тоглосон үйл явдлыг миний бодит амьдрал хэмээн ойлгосон эмэгтэйчүүд намайг олон нийтийн газарт таарахаараа таньж, зарим нь өрөвдөж байгаагаа илэрхийлдэг байсан гээд бодохоор, урлаг хүмүүст хичнээн их нөлөөтэй болох нь мэдрэгддэг юм. 2006 он хүртэл би 7 тэмцээнд улс эх орныхоо нэрийг гаргаад, 2006 онд болсон тэмцээнд гранпри авч, Монголын маань далбааг олон бүжигчин нуруун дээрээ үүрээд бүжиглэж, Монголын дуучин гранпри авсан гэдгийг харуулаад, төрийн дуулал эгшиглүүлж байсан нь одоо ч сэтгэлд тодхон байдаг. Олон уралдаан тэмцээнд оролцож, монголынхоо соёл урлагийн хөгжлийг үзүүлж, таниулж байлаа. 2007 онд Тайваньд болсон үзэсгэлэнгийн үед долоо хоногийн туршид миний концерт тоглогдож, цомгоо борлуулж байсан. Нэг ч үг мэдэхгүй хэрнээ монгол гэж бахархсан олон хүн ирж надтай уулзаж байсан нь сайхан дурсамжийг үлдээсэн.
- Дуучин хүнийхээ хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хамгийн тод мэдэрсэн үе танд хэзээ тохиолдож байсан бэ?
- Анх Divas Mongolia 2006 тоглолтыг зохион байгуулахад дуулж, шилдэг таван эмэгтэй дуучны нэгээр тодорсны дараа хамгийн анх ийм мэдрэмж төрж байлаа. Дараа нь орон даяар аялан тоглолт хийж байхдаа би “Ер нь шилдэг дуучин хүн гэдэг зүгээр нэг дуучин төдийгүй нийгмийн зүтгэлтэн байх ёстой юм байна. Хүмүүнлэгийн ажил хийх ёстой юм байна. Залуу үедээ үлгэр дуурайл өгөх ёстой юм байна. Ямар нэг гоё чухал зүйл заавал хийх ёстой юм байна. Хүмүүсийг зөв амьдрах замд нь оруулахад нөлөөлөх ёстой юм байна” гэж толгойдоо маш тодоор бичиж авсан. Ийм учраас би студи байгуулаад, багшлаад, олон ажил амжуулаад явж байна. Би бас урлагтаа их олон жил үнэнч явж, урлагийнхаа төлөө зүрх минь цохилж явдаг. Дууныхаа төлөө шантралгүй явж байсан хорин жилийн маань хөдөлмөр, дуу бичлэгийн студи байгуулаад монголынхоо урлагт бодитой хувь нэмэр оруулсан гээд хөдөлмөр зүтгэлийг маань үнэлсэн болов уу. Одоо урлагийг үнэлэх үзэгчид байхгүй, мэдрэмж байхгүй энэ хэцүү үед урлагийн төлөө явна гэдэг нь золиос байдаг. Үнэхээр тэр хэцүү үед үнэнчээр зүтгэж байгаад нь урлагийнхныгаа үнэлэх ч ёстой юм. Бас нэг зүйлийг онцлоод хэлэхэд, багш, эмч нар ажил хаяад гудамжинд жагсаад байдаг. Урлагийн хүн бол хэзээ ч тэгж явдаггүй. Байхгүй, болохгүй зүйлсээ нууж хааж, болж бүтэж байгаа юм шиг явж чаддаг. Тэгсэн хэрнээ олон түмнийхээ дунд сайн сайхан уур амьсгал өгөх гэж тэмүүлдэг гэдгийг ард түмэн маань ойлгоосой.

ТЭР ҮЕИЙН МОНГОЛД ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭН ХОЛ САНАГДДАГ БАЙСАН БОЛ, ОДОО ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ХҮРТЭЛ ХӨДӨЛМӨРЛӨХ БОЛОМЖ БИДЭНД БАЙНА


-Таны сүүлийн үед хийсэн хүмүүнлэгийн ажлууд, хандивын тоглолтууд тань хүүхдийн сайн сайхны төлөө чиглэгдэж байгаа нь анзаарагдаж байна. Энэ талаар ямар томоохон ажлыг санаачилж байгаа вэ?
- 2010 онд хүүхдийн дууны цомог гаргаж, 2011 онд Хүүхдийн ордонд хандивын тоглолт хийсэн. Цомгийнхоо орлого, бас найз нөхдийнхөө хандиваар Эх нялхасын эмнэлэгт амьсгалын гурван аппарат авч бэлэглэсэн юм. “Алтанцэцэгээ, чиний авч өгсөн аппаратаар маш олон хүүхдийн амь нас аврагдаж байна” гэж хэлэхэд нь надад их сайхан байдаг. Энэ сайн үйлс маань үргэлжлээд явж байгаа. Энэ жилийн хувьд бас 6 сарын 1-нд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тоглолт хийж, цаашид Хүүхдийн сувилал байгуулъя гэсэн зорилготойгоор төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Миний хувьд ч ид залуу байснаа дунд үедээ орчихсон, мэргэжлийн болоод сэтгэл зүйн хувьд ч гэсэн бэлтгэгдчихсэн, цаашдаа хийж бүтээх олон ажил өмнө маань харагдаж байгаа нь бас их бахархалтай санагддаг. Энэ сайхан нэр төр, алдар гавъяа, авсан шагнал энэ бүгдийгээ цааш нь хариуцлагатай, нэр төртэйгөөр авч явна гэдэг миний хувьд бол том зам нээгдэж байгаа хэрэг гэж бодогдож байна. Миний эргэн тойрны найзууд их олуулаа. Тэд нар маань ч гэсэн надаар бахархаж, миний хийсэн хүмүүнлэгийн ажлыг дэмжиж, ар талд маань баталгаа болж зогсдогт нь би найз нартаа талархаж явдагаа хэлмээр байна.
-Та гэр бүлээ танилцуулна уу?
-Манай нөхрийг Сүхбуян гэдэг. “Бластмон фактурн групп” ХХК-ийн захирал. Саяхан намайг гавъяат авахаас долоо хоногийн өмнө Монголын ОУ-ын ТББ-аас манай гэр бүлийг “Манлай гэр бүл”-ээр өргөмжилсөн юм. Манай хүн ерөөсөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаггүй. Харин энэ шагналд их ач холбогдол өгч, хамт очиж шагналаа гардан авсан. Бид 18 жилийг хамтдаа өнгөрөөж, хоёр хөөрхөн хүүхэдтэй болжээ. Хүү гуравдугаар анги, охин маань гурван настай. Миний амжилт, ололт бүхэн гэр бүлийн маань ойлголцол, дэмжлэгтэй салшгүй холбоотой гэж би хэлнэ.
-Таны хамгийн ойрын үед биелүүлэхсэн гэж бодож яваа мөрөөдөл тань юу вэ?
-Одоо урлаг ч бас хурдтай хөгжихгүй бол, хүмүүс тэр тавхан минутын төлөө ямар их цаг зарцуулагдаж байгааг үнэлэхгүй, үзэнгүүтээ дараагийнхийг нь нэхдэг тийм нийгэмд бид амьдарч байна. Иймд залуучуудаа бас олон зүйлд сургах хэрэгтэй болов уу. Урлаг гэдэг хатуу үедээ үнэхээр хатуу байж чаддаг. Цаг хугацаа их хурдан өнгөрдөг юм байна. Тийм учраас “Та нар аливаа зүйлийг голохгүйгээр хийх ёстой, хичээх ёстой. Тэр үеийн монголд дэлхийн хэмжээний тэмцээн хол санагддаг байсан бол, одоо дэлхийн хэмжээнд хүртэл хөдөлмөрлөх боломж бидэнд байна” гэж би залуустаа хэлэх дуртай. Манай студи залуусын авьяасыг дэмжих чиглэлээр цөөнгүй ажлуудыг хийж байна. Тухайлбал, Total music, Coca-Cola ХХК-иас зохион байгуулдаг Coke’n beat амьд хөгжмийн наадамд шалгарсан оролцогчдын шинэ дуу бичлэг болон дууны найруулгыг хийж хамтран ажиллаж ирлээ. Энэ наадмын өнгөрсөн жилийн ялагч Compass хамтлаг Asian beat наадмын шилдэг хоолойгоор шалгарсан бол, энэ жилийн Coke’n beat-ийн ялагч UFO хамтлаг Сингапурт 11 сард болох Asian beat-д оролцохоор бэлтгэж байгаа нь гүйцэтгэгч Admax агентлаг буюу Мөнхсайхан ахын маань зохион байгуулсан ажлын үр дүн, бидний бахархал юм. Түүнчлэн өнгөрсөн онд Making The band-2 наадмыг 25-р суваг телевизтэй хамтран зохион байгуулж, шалгарсан Extacy хамтлагийг манай студиэс урлагийн ертөнцийн өрсөлдөөнд бэлтгэж, хамтран ажиллаж байна. Мөн SBN телевизтэй хамтран зохион байгуулсан “Манай аялгуу” дууны наадам зэрэг тодорхой амжилтад хүрээд байгаа төслүүдээ дурьдаж болно. Залуучууд яаж бор зүрхээрээ гарч ирж байгааг харахаар дэмжмээр санагддаг. Манай студи дээр залуус бэлтгэлээ хийж байна гэдэг бол бас л их сайхан нэр төрийн хэрэг. Иймд цаашдаа их гоё урлагийн сургууль нээхсэн гэж боддог нэгэн мөрөөдөл надад бий. Гараа сайн бол бариа сайн гэгчээр хийх зүйл их байгаа.
-Таны дараагийн бие даасан тоглолт хэзээ болох вэ?
-Төрийн шагнал хүртсэний дараахан олон хүн утасдаж, “Алтанцэцэгээ чи бол том дуучин, уран бүтээл хийгээрэй, тоглолт хийгээрэй” гээд хэлж байсан нь сайхан санагдаж байлаа. Хүмүүсийн итгэл, хайр хүндэтгэлийг дааж явна гэдэг их чухал. Ирэх намар 10 сард бие даасан гурав дахь том тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Шинэ уран бүтээлийг үзэгчдэд хүргэнэ гэдэг амаргүй зүйл. Тэр тусмаа энэ том цол хүндэтгэлийг авсан учраас хүмүүс ихийг хүлээж байгаа. Рок поп маань өөрөө шаардлага өндөртэй урлаг. Тайз, гэрэл, өнгө төрх, оролцох уран бүтээлчид гээд олон зүйлийг бэлдэж байна. Би поп дуучин попоо дуулна. Уянгын дуунууд ч дуулна. Дуурь, уянгын дуу, амьд хөгжимтэй дуу, багт наадмын гэсэн дөрвөн хэсгээс бүрдсэн тоглолт хийнэ. Удахгүй шинэ клипнийхээ зураг авалтыг хийхээр Солонгос улсыг зорих гэж байна. Дуучин хүний сэтгэл гэдэг тэр чигээрээ дуу байдаг гэж би хэлэх дуртай. Тэгээд ч урлагийн ертөнцөд гарсан бүтээлүүд бол нэгэн цаг үеийн түүх байдаг учир, түүхээ эргээд нэг харахад зөв бичсэн байх юмсан гэж боддог.
-Ярилцлагынхаа төгсгөлд, Урлагт дөнгөж хөл тавьж буй залуустаа хандаж хэлэх үгийг тань сонсъё?
-Урлаг гэдэг их айл өөрөө агуу том ертөнц. Тэр агуу ертөнцөд орж байгаа залуучууд хэзээ ч битгий шантарч байгаасай. Хүсэл мөрөөдөлдөө жижиг гэлтгүй бүгдийг уусгаж, зүрх сэтгэлдээ шингээж ажиллаарай. Тэгж байж л амжилтад хүрнэ.
-Танд уран бүтээлийн улам их амжилтыг хүсье!


Ярилцсан Ц.ОЮУНЧИМЭГ
2012-07-25, Улаанбаатар хот

No comments:

Post a Comment