Thursday, April 18, 2013

Ц.ОДОНТУНГАЛАГ: ХҮМҮҮС ОЮУТОЛГОЙД АЖИЛЛАХЫГ ХҮСДЭГ ШИГ, ЖОЛООЧ НАР “АВТОБУС1”-Д АЖИЛЛАХЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДДӨГ БОЛНО

-Өглөөний таван цагт гэрлээ асаагаад ярайтал зогсох автобуснууд маань эх орноо хамгаалахаар явж буй цэрэг эрс шиг харагддаг-

Нийслэлийн нийтийн тээврийн газраас зарласан “Аюулгүй тээвэр-Соёлтой зорчигч” аян тус салбарыг олны анхаарлын төвд оруулаад байгаа билээ. Нийслэлийн иргэдийг ажил амьдралтай нь холбоход гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн “Автобус-1” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Ц.Одонтунгалагтай ярилцлаа.

-“Автобус-1”-ийн жолооч нар ажил хаялаа гээд нэг хэсэг үймэлдсэнийг санаж байна. Таныг ажлаа авахын өмнө бил үү?
- Тийм ээ. 11 дүгээр сарын тавны өдөр ажил хаясан байдаг юм. Гол шаардлага нь цалин нэмэх. Удирдлагаас орлогын өндөр төлөвлөгөөгөөр шахан тэр нь биелэхгүйгээс болоод цалин нэмэгдэхгүй байна гээд, энэ бүхэн удирдлага сайн ажиллахгүй байгаатай холбоотой гэж шүүмжилсэн байсан. Гэхдээ ажил хаялт зарлах нь бас дүрэм журамтай байдаг юм. Үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан гурав хоногийн өмнө мэдэгдээд шаардлагыг нь биелүүлэхгүй бол ажил хаялт зохион байгуулах учиртай. Гэтэл манай жолооч нар урьдчилан мэдэгдэлгүй, нэг өглөө ирээд л ажилдаа гараагүй. Ажиллах гэсэн нэгнийгээ явуулалгүй хаалгыг нь хаагаад зогсчихсон байсан. Тухайн үед нийслэлийн удирдлага зохицуулж ажилд нь гаргасан байдаг. Учир нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болохоор тодорхой орлогын төлөвлөгөөтэй. Гэтэл өдрийн хагас ажил хаяхад л улсад 20 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байгаа юм. Ажил хаялт зохион байгуулагчид удирдлагаа солих шаардлагыг бас тавьсан байсан. Түүний дагуу Хотын удирдлага энэ газрын даргаар намайг томилсон. Ажил хаялт болсон үйл явдлаас хойш 10-аад хоногийн дараа би ажлаа хүлээж авч байлаа.
-Ажил хаясан хүмүүсийн тавьсан шаардлага үнэхээр бодитой байсан уу?
-Би хүмүүстэйгээ уулзаж, нөхцөл байдлыг судлахаас ажлаа эхэлсэн. Тэд цалин бага, амьдралд хүрэлцэхгүй байна. Ажлын ачаалал хүнд, жолооч нарт өгдөг цаг-рейсийн төлөвлөгөө, кондукторуудын орлогын төлөвлөгөө өндөр байна. Энэ төлөвлөгөөг биелүүлэхэд хүндрэлтэй байдаг гэж байсан. Гэтэл төлөвлөгөөг гаргахдаа өмнө оны мөн үед орж байсан орлого, хийж байсан рейсийг судалж байж дунджаар гаргадаг юм байна. Иймд төлөвлөгөөг үндэслэлгүй зохиосон гэж хэлэх боломжгүй юм.
-Өмнө нь биелүүлээд байсан төлөвлөгөөгөө өндөр байна гэж хэлэх ямар шалтгаан байсан юм бол?
-Тухайн шугаманд нь хулгайн тээвэр хийгчид орж ирдэг, мөн шугамын давхардал үүсдэгээс болоод жолооч рейсээ цагт нь хийж, кондуктор орлогын төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд хүрдэг юм байна. Дээр нь замын түгжрэлийн улмаас 5 удаа рейс хийх ёстой жолооч ердөө 3 удаа явах жишээтэй. Энэ бүхэн нийтийн тээврийн бодлого, зохицуулалт алдагдсанаас үүдэлтэй. Нийтийн тээврийн үйлчилгээг төлөвлөхдөө нэг шугаманд явах автобусны тоог хүртэл нарийвчлан гаргах ёстой юм. Бусад хэсэгт үйлчилгээ тасалдаад байхад бүх автобус хотын төв рүү бөөгнөрөөд ороод ирдэгийн улмаас шугамын давхцал үүсч, замын ачаалал нэмэгддэг.
-Жолооч нарын рейс, кондукторуудын орлогын төлөвлөгөө ямар байдаг юм бэ?
-Манай бааз гэхэд 120 автобустай. Нийт хүчин чадлын 80 хувийг үйлчилгээнд гаргах ёстой байдаг. Тэр хэмжээг бууруулж болохгүй. Тиймээс өдөрт 100-105 автобус үйлчилгээнд гарч байгаа. Өвөл, зуны улирал, оюутан сурагчдын амралтын үе гэх мэтчилэн цаг үеийг нарийн тооцож төлөвлөгөөг гаргадаг. Өдөр, сараар өөр өөр. Жолооч нар чиглэлийнхээ урт богиноос шалтгаалаад 5-6 рейс хийдэг. Кондукторын орлогын өдрийн төлөвлөгөө 150-200 мянган төгрөг байх жишээтэй. Энэ бас чиглэл чиглэлээсээ шалтгаална.

ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ЯВАА ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ, ТЭД ЧИНЬ

-“Автобус-1”-д хэдэн хүн ажиллаж байна вэ?
-Манайд 650 орчим хүн ажиллаж байна. 120 автобустай. Хөдөлмөрийн хуулиараа өдрийн 8 цаг буюу жолооч, кондукторууд  өглөө, үдээс хойш гэсэн хоёр ээлжээр ажилладаг. Ээлжээр ажиллаж байгаа 240 жолооч, төдий тооны кондукторууд, тэднийг амраах үеэр ажиллах нөөц ээлжийн жолооч гээд нийтдээ 270-аад жолоочтой. Мөн тийм тооны кондуктор бий. Хүн л юм болохоор асуудал гарна. Тэр үед ажиллах нөөц жолоочтой байхаас аргагүй. Үндсэндээ 30-40 хүнийг сул цалинжуулдаг гэсэн үг. Засварын цех болоод захиргаа, аж ахуйн албанд нийт 88 хүн ажиллаж байна.
-Та ажилчдынхаа цалинг нэмэх боломжийг судалж үзэв үү?
-Би энэ талаар удирдлагын багтайгаа ярилцсан. Манай компанийн хувьд ажиллах хүч, хүчин чадал, цалин мөнгөний хувьд бусад нийтийн тээврийн компаниудаа тэргүүлж ирсэн байдаг. Удирдлагын багтайгаа ярилцаад, тэдний саналыг үндэслэн ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Одоо байгууллага дотроо үйлдвэрчний эвлэлтэйгээ ойлголцож, тулгамдсан асуудлуудыг нь шийдэхэд хамтарч ажиллаад явж байна.
-Танай жолооч, кондукторууд дунджаар хэдий хэмжээний цалин авдаг юм бэ?
-Кондукторуудын үндсэн цалин 355 мянган төгрөг. Жолооч нарын үндсэн цалин 445 мянган төгрөг. Орлогын төлөвлөгөөгөө биелүүлсэн тохиолдолд жолооч нар сая гаруй, кондукторууд 700 мянгаас сая төгрөг хүртэл цалин авдаг.
-Нийтийн тээвэр гэдэг онцгой салбар. Сахилга бат, стандартыг мөрдөх гээд анхаарах зүйл их байна биз?
-Тэгэлгүй яахав. Автобусыг орой буугаад ирэхэд тусдаа хүн хүлээж авна. Өглөө ажилдаа гарахад нь механик нь гаргаж ирэн хүлээлгэж өгнө. Тусгай инженер ажиллаж байна. Засвар үйлчилгээ, бүртгэл гээд бүх л зүйл стандартын дагуу явж байгаа. Нийтийн тээврийн стандартыг үзье гэвэл манай компанид л байна даа. Үе үеийн удирдлага тун сайн ажиллаж иржээ. Тэр эрчээ алдаагүй байгаа. Манай ажилчид үнэхээр ухамсартай, сэтгэлтэй хүмүүс. Өглөө 05.00 цагт ирэхэд бүгд гэрлээ асаагаад, ажилдаа гарах гээд ярайгаад зогсчихсон байдаг. Тэднийг харахаар хилийн зүг эх орноо хамгаалах гээд явж буй цэрэг эрс шиг санагдаад байдаг юм. Үүнийг харсан хүн л тэдний үнэн сэтгэлийг ойлгох болно.
-Нийтийн тээвэрт ажиллана гэдэг үнэхээр амаргүй байх аа?
-Үнэндээ автобусаар зорчиж яваа хүмүүс жолооч, кондукторыг үл тоосон байдалтай харилцдаг. Гэтэл тэр хүн бүхэл өдөржингөө ууртай, ааштай, эрүүл, согтуу, хөгшин хөвөө гээд маш олон хүмүүстэй тулж ажилладаг. Тэр хүмүүсийн гаргаж байгаа ааш авирыг хүлцэн ажиллаж байгаа тэдний тэвчээрийг би гайхаж, тэднээр бахархдаг. Гэтэл бид яадаг билээ. Нэг хүнтэй муудалцчихвал өдөржингөө бухимддаг биз дээ. Зарим хүмүүс кондуктор гэхээр боловсролгүй нэгэн гэж боддог. Гэтэл үнэндээ манай кондукторуудын 50 хувь нь дээд боловсролтой. Мэдээж олон янзын ааштай хүмүүстэй ажилладаг болохоор бухимдах үе гарна. Ингээд л кондукторуудыг ууртай ааштай гэх зэргээр гоочилдог. Энэ бүхэн надад жаахан гомдолтой санагдаад байдаг юм. Миний мэдэрч байгааг мэдэрсэн хүмүүс л манай жолооч, кондукторуудыг хайрлана. Хайрлахгүй ч байхын аргагүй. Онцгой үүрэг гүйцэтгэж яваа хүмүүс шүү дээ, тэд чинь.

АВТОБУСАНД ЯВЖ БАЙГАА 40 ЗОРЧИГЧИЙН 17-18 НЬ Л МӨНГӨӨ ТӨЛЖ БАЙНА

-Автобусны жолооч нарыг хамаагүй давхидаг гэж шүүмжилдэг?
- Энэ асуудлыг ч бас бид судалсан. Тэдэнд орлого төлөвлөгөө, цаг/рейс гээд өгчихдөг. Бас замын ачаалал гэж байна. Тэд чинь биднийг унтаж байхад ажилдаа ирээд, биднийг унтсаны хойно л гэртээ ордог хүмүүс. Тэдний ажлыг хүндэлж, ойлгоосой гэж би хүсдэг. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд автобусны нэг рейс нь дунджаар 28-30 км байдаг. Нэг эцсээс нөгөө эцсийн буудал хүртэл 14-15 км байгаа биз дээ. Тэгвэл 14-15 км газарт 400 төгрөгөөр л хүргэж байгаа юм. Гэтэл такси нэг км-ын хөлсөнд хэдийг авдаг билээ дээ. 10 гаруй км явбал хэдийг төлөх билээ. 400-хан төгрөгөөр хүмүүсийг нэг эцсээс нөгөө эцсийн буудал хүргэх гээд л явж байгаа юм шүү дээ, манай жолооч, кондукторууд. Гэхдээ бид автобусаар зорчих тасалбарын үнийг нэмэх гээд байгаа юм биш. Нэмэгдвэл ард иргэдийн нуруун дээр ачаалал ирнэ. Тэгэхээр үүнийг шийдэх гарц нь нөхөн олговрыг бүрэн өгөх, эсвэл үнэгүй зорчигч тээвэрлэдэг асуудлыг зогсоочих хэрэгтэй байгаа юм. 
-Үнэгүй зорчих иргэдийг тээвэрлэсний нөхөн олговорт хэдэн төгрөг авдаг вэ?
-2012 онд манай жолооч, кондукторууд 9.4 тэрбум төгрөгийн орлого оруулсан байгаа юм. 5.3 тэрбум төгрөгийг нөхөн олговороос авсан. Бид нийтийн тээвэрт явж буй автобуснууддаа хааяа шалгалт хийдэг л дээ. Шалгаад үзэхээр автобусанд 40 зорчигч явж байлаа гэхэд 17-18 нь л мөнгө төлдөг. Нийт зорчигчдын 50-иас дээш хувь нь мөнгө төлөлгүй зорчдог. Үнэгүй зорчдог үнэмлэхтэй. Автобусаар зорчиж буй хүмүүсийн 50-иас дээш хувь нь үнэгүй зорчиж байгаа гэж бодохоор бидэнд олгож байгаа нөхөн олговор бага байгаа юм л даа. Бид зорчиж буй иргэдийн 50 хүрэхгүй хувиас нь мөнгө хураахад 9.4 тэрбум төгрөг олж байна шүү дээ. Гэтэл 50 хувиас илүүг нь үнэгүй тээвэрлэчихээд тал мөнгөө л олж явч байна. Ийм байхаар нийтийн тээврийн байгууллага ашигтай ажиллах, цалингаа нэмэх боломжгүй.
-Яагаад?
-Бид айл гэр шиг олсон орлогоороо л амьдардаг. Манайх 650 ажилчдынхаа нийгмийн даатгалыг авсан цалингийнх нь хэмжээгээр төлөөд явдаг. Гэтэл хувийн зарим компаниуд 100-150 мянган төгрөгийн цалингаас нь нийгмийн даатгалыг нь төлөх жишээтэй. Жолооч кондукторуудын авсан 700 мянгаас сая төгрөгийн цалингаас бодон нийгмийн даатгал төлөхөд бид сардаа 130 сая орчим төгрөг зарцуулдаг. Бидний олсон орлого цалин, түлш, татвар, нийгмийн даатгал, засвар үйлчилгээ гээд зарцуулаад яг таардаг.
-Тийм гэж үү?
-Гэтэл улсаас бидний алдсан орлогыг 100 хувь өгчихгүй, талыг нь л өгч байгаа юм. Зарим хүмүүс нөхөн олговор гэдгийг сайн ойлгодоггүй. Улсаас зүгээр мөнгө авчихаад сууж байна гэж бодоод байдаг. Гэтэл үнэндээ бид шатахуунаа зарцуулаад хүмүүсийг үнэгүй тээвэрлээд, ажилчдаа цалинжуулаад ажиллуулчихсан байгаа шүү дээ. Тэгээд гаргасан зардлаа улсаас бүрэн авч чадахгүй байна. 2009 онд литр түлшний үнэ 1300 төгрөг байсан. Тэр үед зорчигчдыг 400 төгрөгөөр тээвэрлэх тариф тогтоож байсан. Гэтэл одоо түлшний үнэ 1800 төгрөг болчихоод байхад 400 төгрөгөөрөө үйлчил гээд л байж байгаа. Тэгээд ч нөхөн олговрыг орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гэдгээр нь хувийн компаниудаас бага өгдөг.
-Улсын байгууллага болохоор ийм байдлаар хандаад байгаа юмаа даа?
-Тийм гэж хэлж болно. Орлогын бүтцийг аваад үзье л дээ. Манайд орж буй орлогын 30 хувийг л нөхөн олговор эзэлж байгаа юм. Гэтэл хувийн хэвшлийн компаниудын орлогын 70-80 хувь нь нөхөн олговор. Тэд үндсэндээ нийт орлогынхоо 20-30 хувийг л шугаманд явж олж байна гэсэн үг.
-Тэр бол айхтар том нугалаа байна шүү?
- Гэтэл хувийн компаниуд шугаманд 100 автобус гаргана гэж хэлчихээд 50-ийг гаргачихдаг. Тэгсэн атлаа нөгөө 50 автобусандаа 100 автобусны станц суурилуулчихдаг гэж байгаа. Уг нь автобус бүрт нэг станц байдаг. Тэр автобус эцсийн буудалд ирэхээр станц уншигдаад рейс хийснийг нотолно. Түүгээрээ тооцон нөхөн олговор авдаг. Манайх нэг автобусны нөхөн олговор авч байхад тэд олон станц тавьчихаад олон автобус явуулчихсан юм шиг нөхөн олговор аваад сууж байх тохиолдол гарсан жишээ бий. Ийм байдлаар нийтийн тээвэрт мафийн сүлжээ шиг зүйл бий болчихсон байж. Энэ асуудлыг судлан шийдвэрлэх ажил хийгдэж байгаа юм билээ.  

НИЙТИЙН ТЭЭВЭРТ ЦАХИМ КАРТЫГ ЯАРАЛТАЙ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

-Нийтийн тээвэр цахим системд шилжинэ гэж дуулдаад байгаа. Тэгвэл энэ асуудлууд цэгцэрнэ гэж ойлгож болох уу?
- Яг өнөөдрийн хувьд оюутны виза картаар их, дээд сургуулийн багш ч,  үйлчлэгч нь хүртэл хүртэл зорчиж байна. Тэтгэвэрт гараагүй хүмүүс үнэгүй зорчдог үнэмлэх авчихсан байна. Улаанбаатарт үнэгүй зорчих эрхтэй 500 мянган хүн байгаа ч үнэндээ 800-900 мянган хүн явж байгаа. Цахим системд шилжвэл бүх зорчигчдын тоо үнэн зөвөөрөө гараад ирнэ. Үйлчлүүлсэн хүмүүсийнхээ тоогоор нөхөн олговроо бид бүрэн авч чадна. Тэгэхээр цахим картыг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Нийтийн тээврийн салбарт хамгийн их хэрэгтэй байгаа өөр нэг зүйл бол GPS систем. Энэ системийн тусламжтайгаар нийтийн тээврийн үйлчилгээ хаана доголдож байна, хаана хүрэлцээтэй байна гэдгийг мэдэхээс гадна түлшний зарцуулалтдаа ч хяналт тавих бололцоотой болдог. Манай компани нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд дотроос хамгийн түрүүнд GPS системийг нэвтрүүлсэн. Одоо дутуу рейс хийх, түлш хумслах, цаг хулгайлах явдал үгүй болсон. Автобуснууд хаана явж, хаана зогсож байгааг байнга хянаж байдаг. Шаардлагатай бол автобусны зааландаа зураг авалт хийж болдог.
-Автобуснууд камертай гэсэн үг үү?
- Тийм ээ.
-Танай байгууллага өдөрт дунджаар хичнээн хүнд хөл залгуулдаг бол?
-Өдөрт 11 чиглэлд 100-110 автобус үйлчилдэг. Жилд дунджаар 45 сая зорчигч тээвэрлэдэг гэдэг тооцоо байдаг. Ер нь манай компани бүх л зүйлээрээ нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын тэргүүн эгнээнд явдаг. Өөр аль ч компанид байхгүй засвар үйлчилгээний төвтэй. Бас японы тоног төхөөрөмжөөр тоноглосон автобус угаалгын цехтэй. Тийм болохоор манай автобусууд хамгийн өнгөлөг нь байдаг юм даа.
-Автобусны жолооч, кондукторын эрүүл мэндэд хэрхэн анхаардаг вэ?
-Манайх өөрийн гэсэн эмчтэй. Тэр эмч маань жолооч, кондукторуудад анхан шатны бүх үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Өглөө ажилдаа гарахаас нь өмнө хүмүүсээ үздэг. Долоо хоногийн 3 өдөрт нь өглөө 05 цагт ирж жолооч нарт эрүүл мэндийн үзлэг хийж ажилд нь гаргадаг. Манай бүх автобус эмийн сантай. Шаардлагатай эмнүүд бий. Түүнийгээ сар бүр сэлбэж байдаг. Ажилчдад зориулсан цайны газар хоёр бий. Нэг нь компанийн байранд, нөгөө нь компанийн хашааны гарах хаалганы дэргэд байдаг. Нэг давхар байр байсныг томсгоод хоёр давхар болгон тохижуулсан. Цайны газраас гадна кондукторуудын амардаг өрөө, жижүүрийн жолооч нарын хонодог өрөө бий. Хоолны үнийн талыг байгууллага даадаг.
-Ажилчдаа өглөө, оройд хичнээн “А” автобусаар тээвэрлэдэг вэ?
-Нийтдээ есөн автобус байгаа. Есөн жолооч жижүүрлээд баазад хонодог. Тэд өглөө 04 цагт гараад есөн чиглэлээс хүмүүсээ тээвэрлэж ирдэг. Орой 23.30 цагт ажлаасаа буусан хүмүүсийг хүргэдэг юм.
-Боловсон хүчнээ сонгохдоо ямар зарчим баримталдаг вэ?
-Манай жолооч нар Д ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Гэхдээ бид жолооч нартаа 23-аас дээш насны, 3-аас дээш жил жолоо барьсан мэргэшсэн байх шаардлага тавьдаг. Түүнээс гадна хариуцлага өндөртэй, хүний амь нас, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй болохоор хувь хүний овсгоо самбаа, чадвар, хувийн байдлыг нь ч харгалзан үзэж боловсон хүчнээ бүрдүүлэх бодлого барьж байгаа.
-Цахим картын системд шилжүүлбэл жолооч нарын цалин тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх даа?
-Ухаалаг карт нэвтрүүлэхээр орлогоо 100 хувь авчихна. Орлого өсөхөөр жолооч нар жинхэнэ утгаараа өндөр цалин авч, нийгмийн асуудлаа ч шийдэх бололцоотой болно.
-Танай байгууллага хүмүүсээ хэрхэн урамшуулж, дэмжиж байгаа вэ?
-Бид байгууллагын аваргуудаа шалгаруулаад жилдээ 40-өөд хүнийг гадаад, дотоодын аялалд явуулдаг. Энэ жил 10 хүнд гэр өгсөн. Цаашдаа ажилчдынхаа нийгмийн асуудалд түлхүү анхаарна. Манай байгууллага ажилчиддаа зориулан хотын захад эко хотхон барихаар төлөвлөж байгаа. Нийтийн тээврийн хүнд хүчир ажилд зүтгэж байгаа хүмүүстээ хүндэтгэлтэй хандахаас аргагүй. Эмнэлгүүдтэй гэрээгээр хамтарч ажилладаг. Жилдээ хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгт ажилчдаа хамруулж, гэрээт эмнэлгүүддээ хэвтэж эмчлүүлэх боломжоор хангадаг. Ажилчдын цайны газрыг тохижууллаа, биеийн тамирын танхимыг ч мөн тохижуулж байна. Манай байгууллагын жилдээ хоёр удаа зохион байгуулдаг тэмцээн бол лигийн тэмцээний дайтай болдог юм. Ажилчид маань үдийн цайны цагаараа теннис, сагс, билльяард тоглож, бялдаржуулах танхимдаа спортоор байнга хичээллэдэг.  
-Танай байгууллага ёс зүйн дүрэмтэй болсон гэж үнэн үү?
- Тийм ээ. Байгууллага маань 60 жилийн түүхтэй. Энэ хугацаанд үргэлж нэгдүгээрт явсан манлайлагч байгууллага. 60 жил амжилттай явж ирсэн энэ байгууллагыг бид муу хэлэх эрхгүй. Энэ байгууллагыг удирдаж байгаа дарга муу байна, эдийн засагч муу байна гэж ярьж, шүүмжилж болно. Түүнээс биш “Автобус-1” компани муу байна гэж хэн ч ярих эрхгүй шүү гэж би хүмүүстээ сануулдаг. Гол нь нэг биш нэлээд олон хүнээс энэ компанийн нэр хүнд шалтгаалдаг болохоор Ес зүйн дүрмэндээ ч энэ тухай оруулсан байгаа.
-Гаднын туршлагыг хэр судалж байна даа?
-Цалингийн систем нь ямар байдаг, ямар графикаар ажилладаг, ажилчдаа хэрхэн зохицуулдаг гээд судлах зүйл их байна. Олон улсын компаниудын автобусны оролт, гаралт нь өөр байдаг юм байна. Энэ бүхнийг судалж, шинэлэг зүйл хийхийг чармайж байгаа.
-“Автобус-1” ер нь эмэгтэй даргатай байсан болов уу?
- Би энэ байгууллагын анхны эмэгтэй дарга. Түүгээрээ ч бахархдаг. Баг хамт олноороо сэтгэл гаргаад хийх зүйл маш их байгаа. Хийгээд ч эхэлсэн. Хотын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд бид орон сууц, биеийн тамир, спортын комплекс, эрүүл мэндийн төв, хүүхдийн цэцэрлэгтэй “Автобус-1” хотхон байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Ажилчид маань өглөө ажилдаа гарахдаа хүүхдээ цэцэрлэгтээ өгчихөөд орой нь тараад хүүхдээ авдаг байх боломж бүрдүүлэхийг зорьж байна. Харилцагч банк маань шинээр баригдаж байгаа орон сууцнуудаас худалдан авахад зориулж жилдээ 10-20 хүнд орон сууцны зээл олгоё гэж байгаа. Хүмүүс Оюутолгойд ажилд орох гээд гүйдэг шиг жолооч нар манайд ажиллахын тулд өрсөлддөг болно гэдэгт итгэлтэй байна.
Ярилцсан: Ц.Оюунчимэг


No comments:

Post a Comment