Wednesday, May 3, 2017

Дөрөв дэх засаглалын төрсөн өдөрт хэлэх үг


Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Сэтгүүлчид бид хундага тулгаж биш үгээ хэлж тэмдэглэх ёстой ийм л өдөр. Сэтгүүлчдийн эгнээнд байж, сэтгүүлзүйн салбарт хүч хөдөлмөрөө зориулан цаг наргүй ажиллаж яваа бидний үгийг анхааран сонсох өдөр бол чухам өнөөдөр билээ.
Монголын хэвлэл мэдээллийн салбарыг дөрөв дэх засаглал хэмээн нэрлэж дадсанаас хойш өдгөө хорь гаруй жил болжээ. Дөрөв дэх гэсний учир нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын дараа орохуйц хүчирхэг хэмээн 90-ээд оноос хойш олон нийт үнэлэх болсноос үүдэлтэй.
90-ээд оноос өмнөх хэвлэл мэдээллийн салбарыг үгүйсгэж байгаадаа ч биш, гагцхүү тэр үеийн сэтгүүлчдэд шударга үнэний төлөө үгээ хэлэх хүсэл эрмэлзлэл, зориг зүрх нь байгаад ч хяналт цензурын давааг тэр бүр давах боломжгүй байсныг ойлгосондоо л тэр. Тэр үеийн сэтгүүлзүйг намын бодлого, төр засгийн шийдвэрт нийцсэн олон нийтийн харилцааны буюу албан ёсны хэвлэлийн албаны хэм хэмжээнд явагдаж байжээ хэмээн өнөөчлөн ойлгуулж болно. Тэр үед ямар мэдээллийг олон нийтэд хүргэх, юуг огт мэдээлэхгүй байх, хэнийг шүүмжлэх, хэнийг магтахыг шийддэг хяналт цензурын механизм оршин тогтнож, хамгийн шилдэг сэтгүүлчид тэрхүү даалгаврыг нь биелүүлдэг тийм л цаг үе байлаа.
Тийм цаг үед билгүүн номч Б.Ринчен гуайг “Далан настанд ч даруулга хэрэгтэй” хэмээн шүүмжилж байсныг баримт түшин дурдъя. “Миний тэмдэглэлийн дэвтэрт Сэнгээ (зохиолч) дайрал зохиол бичсэнийхээ төлөө надаас уучлал эрлээ. Аргагүйн эрхэнд бичсэн гэж ам шүд алдлаа. Төв хорооны нарийн бичгийн дарга Н.Л-гийн даалгаврыг биелүүлснээ улайлаа” гэсэн 1954 оны IX сарын 4-ний тэмдэглэл бий хэмээн Б.Ринчен гуай тухайн үеийн төр засгийн удирдагч Ю.Цэдэнбалд бичсэн захидалдаа өгүүлсэн байдаг.
Тийм цаг үед сэтгүүлч Ц.Балдоржийн “Далай ээж маань цаазын тавцанд” нийтлэл хэвлэгдэн гарч, нийгмийг цочроосон бодит баримтыг ил тод болгосноороо шийдвэр гаргах үйл явцад нөлөөлсөн түүх “тэнд” бий. Чухам тэрхүү нийтлэлийн ачаар л Хөвсгөл далай ээж “аврагдаж” үзэсгэлэнт байгаль, хүн амьдрах орчин нь өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэнийг хөвсгөлчүүд төдийгүй монголчууд мартах ёсгүй юм. Энэ бол үзэг барьсан сэтгүүлчийн баатарлаг гавьяаны нэгэн тод томруун жишээ билээ.
Удалгүй цагаан морин жилийн буухиа эхэлж 90-ээд оны ардчилсан өөрчлөлт шинэчлэлт явагдсан нь олон зүйлийг, түүний дотор сэтгүүлзүйг ч өөрчилсөн. Хяналт цензур үгүй болсноор шинэ тутам чөлөөт хэвлэл олноороо бий болж, хэвлэлийн эрх чөлөө бол үг хэлэх эрх чөлөө мөн гэсэн логикоор нээлттэй хөгжсөн. Далд байсан мэдээллүүд ил тод болж, ил гарсан мэдээлэл бүрийг уншигчид шимтэн уншиж өөр хоорондоо ярилцдаг мэдээлэл солилцооны шинэ эрин үе эхлэв. “Сонинд нийтлэгдсэн бүхэн үнэн” гэдэг сэтгэлгээ хүчтэй хэвээр байлаа. Сэтгүүлчдийн арми өргөжиж, идэвхтэн бичигчдийн хүрээ тэлж хэвлэн нийтлэх эрхээ эдлэх боломжийг нээлттэй болгосны ид хавыг жинхэнэ утгаар нь үзүүлж байв. Гэвч аливаа шинэлэг бүхэн сайн талтай, бас муу талыг ч дагуулж явдаг жам манайхныг тойроогүй нь үнэн билээ.
Удалгүй интернетийн сүлжээний хүртээмж бий болж сонин хэвлэл захиалаагүй, худалдаж аваагүй хүн ч нийтлэгдсэн мэдээллийг унших боломж нээгдэв. Эхэн үеийн вэб сайтууд хамгийн сайн нийтлэл, мэдээллийг интернет орон зайд нийтэлж олны хүртээл болгодог байсныг энд хэлэх хэрэгтэй. Нийтлэлүүдийн дор бичигддэг сэтгэгдлүүд нь ч ёс зүйтэй байсан юм шүү! 
Гэвч энэ бүхэн өөрчлөгдсөн. Төсөөлшгүй хэмжээнд өөрчлөгдсөн. Үүнээс ихийг хэлэх нь илүүц биз.
Сэтгэгдлүүд ч өөрчлөгдөв. Вэб сайтад нийтлэгдсэн мэдээллийн дор нэр нь үл мэдэгдэх сэтгэгдэл бичигчид элдвийн үг хэллэг хэрэглэн бичигчийг болон бичигдсэнийг нь гутаан доромжлох хандлага бий болов. Цахим хэвлэл мэдээллийн хөгжил хурдацтай урагшилснаар ийм төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тоогоо алдаж, хэн бичсэн, ямар эх сурвалжаас мэдээлсэн нь үл танигдах мэдээллүүд улам л олшров. Мэдээллийн хулгай бий болов. Бусдын оюуны бүтээлийг өөрөө бичсэн мэт хувирган нэрээ тавьж нийтлэх ёс зүйгүй бичигчид ч нэмэгдэв. Гэвч сэтгүүлчид шантраагүй юм. Тэд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажилласаар л байлаа.
Нийгмийн сүлжээ бүгдэд хүртээмжтэй болсноор мэдээлэл дамжуулалтын хурд огцом нэмэгдэв. Гэхдээ аль нь үнэн мэдээлэл, аль нь худал мэдээлэл гэдгийг ялгахад бэрх. Эцэст нь уншигчид төөрөлдөх болжээ.
Сэтгүүлзүй засаглал мөн үү? Сэтгүүлчдийн бичсэн нийтлэл, мэдээ, сурвалжлага нийгмийн сүлжээн дэх постоос юугаараа ялгаатай юм бэ? Тэрхүү мэдээллийн үнэн бодит байдал хэдэн хувьтай вэ? Ийм асуултыг мэдээлэлжсэн нийгмийн гишүүд болох уншигчид, үзэгчид, сонсогчид нь сэтгүүлчдэд тавьж байна.  
Хэрвээ сэтгүүлзүй засаглал юм бол нийгмийн сэтгэлгээг хааш нь чиглүүлэх үүрэгтэй юм бэ? Задрал, үйл ойлголцолд хүргэх үү, эсвэл эв нэгдэл, харилцан ойлголцолд дэм болох уу? Энд л сэтгүүлзүйн ялгагдах онцлог, нийгмийн өмнө хүлээх үүргийн “торгон зааг” оршин буйг ойлгуулахын төлөө сэтгүүлчид бүтээж туурвин ажиллаж байна. Ажилласаар ч байх болно.
Сэтгүүлзүй бол нийгмийн сэтгэлгээнд хамгийн хүчтэй нөлөөлж чадах асар том хүч гэдэгтэй өнөөдөр хэн ч маргахгүй. Социализмын хатуу цензур дор сэтгүүлчдийн хүчээр иргэдээ нэгэн зорилгод нэгтгэж ирсэн бодит түүх манайд бичигдэн үлдсэн нь, сэтгүүлзүй тэр үед ч засаглаж байсныг илтгэж байна.
Өнөөдөр 21-р зууны Монголын сэтгүүлзүй, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бодлогын хувьд ч, стандартын хувьд ч хүчийг хуримтлуулан хөгжил дэвшилд хүрч чадсан. Гэвч асуудлыг үндэслэлгүйгээр дэвэргэж бус харин үнэн мөнийг эрэлхийлэн сурвалжилж, иргэдийнхээ эсрэг биш харин тэдний эрх ашгийг хамгаалан бичиж, нийтэлж, нэвтрүүлснээ бүрэн түгээж чадаж байна уу? Яагаад нийгмийн сэтгэлгээнд эрүүл саруул хандлагыг бий болгож улс орноороо урагшлахын төлөө энэ хүчийг чиглүүлж болохгүй гэж?
Иргэдэд энэрэлгүй, байгаль орчинд ээлгүй, хойч үед маань халтай шийдвэрүүдийг өөрчлүүлэхийн төлөө хамтдаа үгээ хэлцгээе, нийтлэлээ бичицгээе, нэвтрүүлгээ хийцгээе.
Сэтгүүлзүй “засаглал” мөн л юм бол засагласан шиг засаглах цаг нь болжээ.
Сэтгүүлч Ц.Оюунчимэг
2017-05-03
www.zindaa.mn

No comments:

Post a Comment