Monday, May 22, 2017

Атаархлаас ангижирсан минь...




...Би дуучдад маш их атаархдаг байсан юм. Ялангуяа Алла Пугачёва, Сарантуяа, Чингис хаан хамтлагийн Жаргалсайхан гээд л... Тэдний дууг сонсох бүрдээ “Эд нар шиг бодож санаж, мэдэрч байгаа бүхнээ ил гарган хэлж чаддаг ч болоосой” гэж үнэн голоосоо атаархан боддог байв. 

Хаалттай нийгэмд төрж өссөн, тэгээд ч хүүхэд насандаа эцэг эхийнхээ өөдөөс үг сөрж үзээгүй, өөрийн санаа бодлоо багш нартаа ч тэр бүр чөлөөтэй илэрхийлж байгаагүй надад ийм бодол бүр бага наснаас минь эхлэн хуримтлагдсаар ирсэн байж таарна. Нийтэч зан чанартай гэгддэг байсан надад л ийм байгаа юм чинь бараг үг дуугардаггүй, төлөв томоотой гэж хэлэгддэг дуугай хүмүүс бүр багтарч үхэх гэж явдаг байх даа гэж бодогддог байсан юм. 
"Ардын эрх" (одоогийн Өдрийн сонин)-ийн 2-р нүүрэнд хэвлэгдсэн анхны нийтлэл ("Та нарыг дэмжих хүч бий шүү", 1998 он)-ийг минь уншаад баяр хүргэсэн найз нөхөд, гэр бүлийнхнийхээ үгийг сонсон баярлаж суухад надад бас нэгэн шинэ мэдрэмж төрсөн нь, би атаархахаа больж эхэлснээ мэдэрсэн явдал юм. Шинэ, хуучин нийгмийн ялгааны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэн бичсэн нийтлэл маань миний дотоод ертөнцийн бөглөрлийг авч хаясан нь энэ байлаа.

Дотоод сэтгэл рүүгээ өнгийж юунд санаа зовж явдгаа эргэцүүлэв. “Бардам байж сурцгаая” нийтлэлээ бичлээ. Энд монголчуудын гадаадынхантай харилцах харилцааны асуудлыг хөндөж бичсэн юм. Цаг үеэ мэдэрч бичихийн чухлыг анхны нийтлэлээсээ олж харсан тул бүх мэдээг анхааралтай үзэж, сонинуудыг алгасахгүй уншдаг байлаа. Тухайн үед Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн асуудал олны анхаарлын төвд байв. Дараагийн бичих сэдвийнхээ санааг би тус үйлдвэр дээр хийсэн шууд сурвалжлагаас олж авсан юм. Ийнхүү “ГОК-ийн ажилчид хэзээ 2000 ам.долларын цалинтай болох вэ?” гэсэн нийтлэл маань Эрдэнэтийн тухай багц мэдээлэл, сурвалжлагуудын хамт нийтлэгдэв. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлыг хөндсөн нийтлэлийг маань ГОК-ийн ажилчид бөөгнөрөн уншиж, зөв юм бичсэн байна гээд удтал энэ сэдвээр ярилцаж байсан тухай, би хэдэн жилийн дараа тэндхийн ажилтан Дэлгэрдалай ахаасаа сонссон юм. Харин ГОК-ийн ажилчид одоо 2000 ам.долларын цалин авдаг болсон гэдгийг би нийтлэлээ бичсэнээсээ хойш яг 12 жилийн дараа тэнд ажилладаг найз Эркегультэй уулзах үедээ мэдэж ихэд баярласан билээ.

Бичиж эхэлснээсээ хойш нийгмийн амьдралыг өөр нүдээр харж эхэлснээ би анзаарч байв. Миний нийтлэлүүд ар араасаа бичигдэж "Ардын эрх" төдийгүй өөр бусад сонинд ч нийтлэгдсээр байсан үе. Нэгэн өдөр "Сэрүүлэг" сонины эрхлэгч С.Баярмөнх, "Толь" сонины эрхлэгч Д.Цэдэн нар манай ажил дээр ирэв. Баярмөнх “Нэг талыг л бариад бичээд бай” гэж аминчлан зөвлөж байна. Тэд миний оюутан цагийн найз нөхдийн хувьд надад баяр хүргэхээр ирсэн аж. Би маш их баярлаж билээ. Удалгүй “Санасандаа хүрч чадах цаг үе ирлээ” нийтлэлээ бичив. Нийтлэлийг маань уншсан олон хүн надад баяр хүргэж утасдсаны дотор манай албаны дарга байсан Ё.Бат-Эрдэнэ “Үг чинь урсаад л гардаг юм байна” хэмээн үнэлсэн бол, найз Ө.Баяр “Чи ерөөсөө сэтгүүлч болох хэрэгтэй юм биш үү” гэж байв. Харин хажуу өрөөнд суудаг ажлын газрын залуу “Би чамайг нэг талыг л баримталж бичдэг гэж бодсон чинь, чи чөлөөтэй бичдэг юм байна” хэмээн өөрийн сэтгэгдлийг хуваалцлаа. Миний хувьд сэтгүүлчийн хөдөлмөр жинхэнэ утгаараа эхэлчихээд байгааг би тэр үедээ сайтар ухаарч амжаагүй л байлаа.

Хоёр өөр нийгмийн тогтолцоог өөрийн нүдээр харж, дотор нь амьдарч, жаргал, зовлонг нь туулж явсан маань миний нийтлэлүүдэд нөлөөлж байсан юм болов уу гэж санагддаг. 1998-1999 оны үед нийгмийн амьдрал учраа бүрэн олоогүй, бүхнийг хийж туршиж үзэж байсан сонирхолтой цаг үе байлаа. Бас ирээдүйд итгэх "шинэ" итгэл дөнгөж бүрэлдэж байв. Ийм цаг үед нийгмийн шинэхэн тогтолцооны сайн талыг олон нийтэд сурталчлах үүргийг өөртөө сайн дураараа авсан миний бие өөрийн мэдрэмж, туршлага, уншиж мэдсэн бүхэндээ тулгуурлан нийтлэлүүдээ бичихийн зэрэгцээ үндсэн ажлаа ч орхигдуулахгүй сайн хийж эрч хүчтэй амьдарч байснаа санаж байна. Миний нийтлэлүүд сонинд нийтлэгдэх нь миний хувьд хамгийн том аз жаргал байсан юм. Эхлэн бичигч намайг өөрийн сонины гал тогоонд бойжуулж, анхны нийтлэлүүдийг минь олны хүртээл болгосон “Ардын эрх”, “Ням гариг” сонин, надад итгэл үзүүлсэн тус сонины эрхлэгч Ж.Мягмарсүрэн, Б.Цогзаяабаатар нарт би туйлын их баярлаж явдаг билээ.

Харин эхэнд дурдсан Алла Пугачева, Б.Сарантуяа, Д.Жаргалсайхан нарын хувьд миний хамгийн их бишрэн шүтдэг дуучид маань бөгөөд би яг үнэндээ тэдэнд атаархсандаа ч бус, харин тэдэн шиг үг хэлэх эрх чөлөөгөө эдлэх сэн гэсэн хүсэл мөрөөдөлд л умбаж явж дээ гэж одоо бодогддог юм.

Ц.Оюунчимэг

No comments:

Post a Comment