Saturday, July 29, 2017

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хариуцлага хүлээх үү?


2017-07-24
news.zindaa.mn
Саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн Ах намд том сургамж өгч, удирдлагуудад нь үхлийн цохилт болж буй билээ. Гэвч МАН-ын дарга М.Энхболд барьц алдсангүй. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, тэр ч байтугай намын даргын албан тушаалаасаа огцрохоо мэдэгдээд байгаа нь түүний улс төрийн соёлын нэгэн үзүүлэлт болж буй юм. М.Энхболдын ялагдлын шалтгааныг өнөөдөр олон талаас нь дүгнэн бичицгээж байна. Тухайлбал, "Эрүүл Монгол" хөдөлгөөнөөс гаргасан М.Энхболдын ялагдлын 6 шалтгааны нэгдүгээрт “ИТГЭЛ ЭВДСЭН ЗАСГИЙН ГАЗАР, ЖИГШИЛ ХҮРГЭМ ТОМИЛГОО-г нь онцлон дурдаж, М.Энхболд өөрийн ээжийн талын хамаатан Ж.Эрдэнбатыг Ерөнхий сайд, мөн ээжийн талын хамаатан Д.Ганбатыг Зам Тээврийн сайд, худ А.Цогцэцэгийгээ /зарим эх сурвалж Н.Энхболдын худ гэдэг. ред./ Эрүүл мэндийн сайд, Уяачдын холбооны генсек П.Сэргэлэнгээ Хөдөө Аж Ахуйн сайд, гэх мэтээр төрлүүд, тойрон хүрээний хүмүүсээс бүрдүүлж энэ засгийн газрыг байгуулсан. Засгийн газраас гадна бүх шатны томилгоонуудыг удирдаж хүү М.Анарыгаа Монголбанкны газрын дарга, хуурай дүү Ц.Сандуйгаа нийслэлийн ИТХ-ын дарга гэх мэтээр нийт томилгооны 80 хувийг удирдаж хийсэн нь олны жигшил зэвүүцлийг хөдөлгөсөн юм. Өмнөх парламентад сөрөг хүчин байсан МАН мэргэжлийн засгийн газар байгуулна хэмээн давхар дээлийг эрс эсэргүүцэж байсныг ард түмэн дэмжсэн. 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж сонгогчдын итгэлийг үүрсэн ч амлалтаасаа ухарсаар ард түмнээ хулхидсаар байгаа юм. Долоон төрлийн татвар нэмэгдүүлж, халамжуудийг зогсоосон давхар дээлтэй, мэргэжлийн бус засгийн газар нь түүнийг сонгуульд ялагдуулсан хамгийн том шалтгаан байлаа” гэсэн нь анхаарал татах ажээ.
Монголын ууган улс төрийн хүчин МАН үүрээ хөндүүлсэн шоргоолж мэт бужигнаж байгааг бид өнөөдөр харж байна. Энэ бужигнааны гол дүрийн нэгэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын тэргүүний үүрэгт ажлаа хойш тавин өрсөлдөж буй дүр зураг намын гишүүдийнх нь төдийгүй олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна. Ж.Эрдэнэбатын МАН-ын дарга болох санаархлын эхний алхам нь Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар тэргүүтэй гишүүд хэвлэлийн бага хурал хийж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан руу дайралт хийснээр эхэлсэн хэмээн ажиглагчид үзэж байгаа. Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн твиттер хуудсанд ийнхүү бичжээ.
Хэрвээ Ж.Эрдэнэбат өөрөө намын сонгуулийн төв штабын дэд дарга, штабын дарга нь М.Энхболд юм бол тэд хоёулаа яг адилхан хариуцлага хүлээх ёстой хүмүүс байж таарна биз дээ? М.Энхболд даргын хувьд хариуцлагаа хүлээнэ гэдгээ хэлчихээд байхад, Ж.Эрдэнэбат намын даргын суудал өөд санаархаж буй нь, энэ хоёр хүний хэн нь хэн бэ гэдэг ялгааг өдөр, шөнө мэт улам тодотгон харуулж байх шиг.
Монголчууд 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д итгэл хүлээлгэж үнэмлэхүй олонхийн суудал өгсөний дараа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбат эх орныхоо төлөө яг юу хийж бүтээсэн юм бэ? Долоон төрлийн татварыг шинээр бий болгон иргэдийн нуруун дээрх ачааг улам нэмж байхдаа тэр хүн юу бодож байв? ОУВС-гийн өмнө үүрэг хүлээгээд гайгүй ажиллах нь уу хэмээн итгэн харж байсан олон түмний итгэл рүү жишим ч үгүй ус цацаж байхдаа, тэр Монгол Улсаа бодсон уу? ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа зөрчсөн гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байж, ямар зорилгоор ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийв? Ер нь ОУВС манай улстай хийсэн гэрээгээ цуцлах юм бол улс орны эдийн засгийн байдал юу болж хувирах вэ? Тэр яг л живж буй хөлгөөс зугтаж байгаа харх мэт Засгийн газраа орхин зугтахыг хүсэж байна гэж үү?  
Түүний хувьд засгийн газрын танхимын гишүүдээ ч олигтойхон томилж, удирдаж чадахгүй байж нам толгойлохыг санаархаж буй нь зүгээр л инээдэмтэй хэрэг юм. Түүний танхимын сайд асан Ж.Батсуурь гэхэд л элсэлтийн ерөнхий шалгалтын тест задраасан асуудлаар хугацаанаасаа өмнө огцорч булайгаа чирсэн. Чухам Ж.Эрдэнэбатын засгийн газрын шийдвэрээр л “Тост, Тосон бумбын тусгай хамгаалалттай газар нутаг”-аас хэсэг газар нутгийг нь таслан хулгайлж Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн компаниар олборлолт хийлгэх замаар говийн баян бүрдийг орвонгоор нь эргүүлэхийг санаархсан. Яагаад гэвэл говийн иргэдийн амь амьдрал, ундны ус, говьд амьдрал байх эсэх нь тэдний хувьд юу ч биш байсан хэрэг. Нутгийн иргэд, хэвлэл мэдээллийнхний тэмцэл энэ асуудлыг таслан зогсоогоогүй бол Монголын маань газар нутгийн нэгээхэн хэсэгт иргэд нь дайнаас зугтаж буй мэт дүрвэж, мал амьтан, ховор амьтан, ургамал устан алга болох аюул ойрхон байсан юм. Энэ асуудлын дуулиан намжиж амжаагүй шахам байхад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэцэгийн тушаалаар ерөнхийлөгчийн сонгуульд ажиллахаар явсан эмч нар осолд орж биеийн байдал нь маш хүнд байгаа тухай сошиал сүлжээнд мэдээлсээр байгаа. Засгийн газрын гишүүдийнх нь үнэн төрхийг зах зухаас нь сөхөхөд л ийм байна. Хэрвээ алдаа бүрийг нь ухаж төнхөн гаргаж ирэх юм бол уртаас урт жагсаалт болох хэмжээнд аль хэдийнэ хүрчээ. Байдал ийм байхад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн ажлаа хаяад намын дарга болохыг санаархах нь зүйд нийцнэ гэж үү? “Та нар улс төрөө хий. Би гүйцэтгэх засаглалын ажлаа л хийе” гэж байснаа тэр хүн өнөөдөр ор тас мартжээ. Яг үнэндээ МАН-ын төв штабын дэд дарга, ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бол МАН-ын дарга М.Энхболдтой хамт хариуцлага хүлээх ёстой хүн юм. Түүнийг Ерөнхий сайдаар томилсон хүн нь М.Энхболд дарга. Иймд энэ хүн “намайг Ж.Эрдэнэбат гэдэг” гэж мянгантаа давтан хэлээд ч, тэрээр намынхандаа болон олон нийтэд “М.Энхболдын хүн” хэвээр харагдана гэдгээ ойлгохгүй байгаа бололтой юмаа даа.

МАН-д ирээдүй гэж байна уу?
Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн бас нэгэн том хүчин зүйл нь 60 тэрбумын асуудал. 60 тэрбумын асуудлыг нэг тийш нь шийдээгүй цагт МАН-ын ирээдүй бүрхэг хэвээр үлдэх нь тодорхой юм. Гэвч тус намд шударга бустай үл эвлэрэх гишүүд байгаа аж. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ твиттертээ
  
хэмээн мэдэгдсэн. Ердөө хоёр өдрийн өмнө “МАН-д 60 тэрбумаас намаа цэвэрлэе хөдөлгөөн байгуулагдлаа” гэсэн мэдээлэл хэвлэлд гарч, энэ хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар санаачилсан тухай мэдээлжээ. МАН-д ирээдүй байгаасай хэмээн хүссэн олон нийтийн хүлээлт биелэхэд ойртож буйг нотолсон сайхан мэдээ энэ байлаа. Үнэхээр намаа цэвэрлэж чадах юм бол МАН-ын ирээдүй бүрхэг биш болно.
Гэвч намын дарга хэн болох вэ гэдгээс маш их зүйл шалтгаалах юм. Намын даргад нэр нь яригдаж буй өөр нэгэн эрхэм бол Шадар сайд У.Хүрэлсүх билээ. Тэрбээр хамгийн зоригтой үгийг хэлж, үйл хэргээрээ ч түүнийгээ баталж чаддаг хүн гэдгээ олонтоо нотлон харуулсан. МАН-ын шинэ үеийн төлөөлөл болсон түүнийг намын дарга болоосой гэсэн хүлээлт олон нийтэд ч, намынханд нь ч бий. Чухам У.Хүрэлсүх л намын дарга болох юм бол намаа сэргээж хатуу гараар зангидаж чадна гэсэн итгэл намын гишүүдэд нь байдаг. Яг үнэндээ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд ч болох хүний нэг байсан гэдгийг нь үгүйсгэдэггүй юм билээ.
МАН шинэчлэгдэх үү, эс шинэчлэгдэх үү? Энэ асуулт өнөөгийн улс төрийн хамгийн халуун сэдэв болон яригдаж, хэлэлцэгдэж байна. Тус намын эргэн тойронд өрнөж буй олон асуудлын дотроос чухам хэнээр намын даргаа сонгох вэ гэдэг асуулт л хамгийн хурцаар тавигдаж байгаа билээ. МАН-ын гишүүдийнх нь эрүүл саруул сонголт л энэ бүхнийг шийдэх юм.     

Ц.Оюунчимэг
WWW.ZINDAA.MN

No comments:

Post a Comment