Saturday, July 29, 2017

Тэтгэврийнхэн улстөрчдийн шоглоом болсоор л байх уу?

2017-07-29
news.zindaa.mn
Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах болсноор 2035 он гэхэд тэтгэврийн насыг 65 болгох шийдвэр гарсан. Энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлж, МҮЭ-ийн зүгээс ч багагүй эсэргүүцэлтэй тулсан билээ. Монгол хүний дундаж наслалт 69 байхад тэтгэврийн насыг 65 болгох нь буруу гэсэн асуудал ч олны анхаарлын төвд байж хүчтэй яригдсан.
Ийнхүү гурван сар гаруйн өмнө уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байхад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Тэтгэврийн даатгалын сан хоосорсон юм биш. Байгаа. Монгол хүний дундаж наслалт өсч байна. Энэ хэрээр тэтгэвэр авагчийн тоо нэмэгдэж байна. Тэтгэврийн даатгалын санд төлж байгаа хураамж нэмэгдэхгүй мөртлөө ахмадад очиж байгаа тэтгэвэр нэмэгдсээр ирсэн нь алдагдлыг нэмсээр байгаа. Гурван жилийн дараа 3 их наядад хүрэхээр болоод байна” хэмээн мэдэгдэж байлаа. Сангийн сайд Б.Чойжилсүрэн ч “ОУВС-гаас тавьсан нөхцөлтэй холбогдуулан татварыг нэмэхээс зайлшгүй шаардлага үүссэн. Тэтгэврийн насны хувьд дэлхий нийтийн чиг хандлагыг баримтлах хэрэгтэй” гэж байв.
Гэтэл тэр өдрөөс хойш хоёр сар ч өнгөрөөгүй байхад, тэд энэ үгнээсээ буцаж “тэтгэврийн нас хуучин хэвээрээ” хэмээн барин тавин мэдэгдэж эхэлсэн юм. Гэтэл энэ нь ерөнхийлөгчийн сонгуульд ахмадуудын саналыг татах гэсэн башир арга төдий байсан нь өнөөдөр илүү тодорхой болж байна. Сонгуульд саналаа өгдөг хүмүүсийн дийлэнх нь ахмадууд, тэгээд ч залуусын идэвх оролцоо сул гэдгийг тэд тооцоолсон учраас л сонгуулийн санал хураалтын өмнөхөн элдэв амлалтуудаар булах болсон нь тэр аж. Ахмадууд хэдий болтол улстөрчдийн шоглоом болж, сонгуулиас сонгуулийн хооронд цонхны цаанаас чихэр долоож амьдрах ёстой юм бэ?

БОДИТ БАЙДАЛ ЯМАР БАЙГАА ВЭ?
Бодит байдлыг илүү тодорхой танилцуулахын тулдwww.egulecapital.mn-д нийтлэгдсэн “Салбаруудын нэгдсэн судалгаа”-ны мэдээллээс тоймлон хүргэе.
1. Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал, үүсээд буй нөхцөл байдал
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн зардлын зохистой харьцаа алдагдсанаас тэтгэврийн даатгалын сангийн орлого нь зарлагаа бүрэн санхүүжүүлж чадахгүйд хүрч улсын төсвөөс авч байгаа татаас нэмэгдэх хандлагатай байна. Дараах хүснэгтээс харахад сүүлийн жилүүдэд тэтгэврийн даатгалын сангийн алдагдал эрс нэмэгдсэн байна.

Хүснэгт 1: Нийгмийн даатгалын сангийн орлого,зарлага 
 Эх сурвалж: Үндэсний статистикийн газар
Тэтгэврийн сангийн ДНБ-нд эзлэх хэмжээ нь 2020-2030 онд 5-7 хувь, 2040-50 онд 8-10 хувьд, цаашид урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, ойрын 4-5 жилд тэтгэврийн сангийн  дээрх хэмжээний алдагдлыг нөхөх болон төр хариуцах иргэдийн тэтгэврийн зардалд төсвөөс 3.6-4.0 их наяд төгрөгийн татаас олгох, үүнээс тэтгэврийн сангийн алдагдалд 2.5 их наяд орчим төгрөг зарцуулах шаардлагатай байна.
Тэтгэврийн сангийн урт хугацааны төсөөллөөр одоогийн тогтолцоог хэвээр үргэлжлүүлбэл ойрын 10 жилд тус сангийн алдагдлыг нөхөхөд хамгийн бага хувилбараар тооцоход 7.2 их наяд төгрөг төсвөөс зарцуулах шаардлагатай гэсэн урьдчилсан төсөөлөл гараад байгаа 
2.Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг нөхөх шийдэл, төрийн бодлого
Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх: Манай улсын хувьд бусад улстай харьцуулахад дундаж наслалт нэлээд бага, тэтгэвэр тогтоолгосноос хойш амьдрах хугацаа богино байна. Иймд зөвхөн тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг нөхөх зорилгоор тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь учир дутагдалтай юм.

Хүснэгт 2: Дундаж наслалт 2015 он 
 
 Эх сурвалж: Үндэсний статистикийн газар
“Тэтгэвэр тогтоолгох насыг оновчтой болгох эдийн засгийн зарим асуудал” сэдэвт судалгаагаар манай улсын хувьд дундаж нас нэгээр нэмэгдэхэд эрэгтэйчүүдийн тэтгэврийн нас 0.2674-р, эмэгтэйчүүдийнх 0.3977-р нэмэгдэх зүй тогтол ажиглагджээ.

Хүснэгт 3: Биологийн насанд тулгуурлан тооцсон тэтгэвэр тогтоох нас 
 
Эх сурвалж: Х.Бумдэлгэр, (2013) ХАА-н Шинжлэх ухаан сэтгүүл №10 (01):195-199
(Судалгааны эх сурвалж: http://www.egulecapital.mn/2017/04/blog-post_42.html?m=0)
Дээрх судалгаанаас үзвэл тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нь тэтгэврийн насыг нэмэгдүүлэх хангалттай үндэслэл биш ажээ.
2015 оны  06  сарын  16-ны  өдөр батлагдсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 53 дугаар тогтоолоор 2015-2030 онд баримтлах бодлого тодорхойлогдсон байдаг.
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын зорилго нь хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэйгээр зайлшгүй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг төр, иргэн, ажил олгогч санхүүгийн чадавхаа үндэслэн хамтран хариуцаж, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох тогтолцоог бүрдүүлэхэд оршиж буй.
Иймд уг бодлогын хүрээнд илүү бодитой хүчин зүйлсийг гарган ирж, иргэддээ ойлгуулснаар манай улс ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг эрх баригчид хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Улсынхаа эрх ашгийн төлөө шинэ гарц боломжуудыг хайж, нийтээрээ урагшлах хатуу шалгуурын өмнө байгаагаа тэд мэдэх л ёстой доо.  

ЯМАР ГАРЦ, БОЛОМЖ БАЙЖ БОЛОХ ВЭ?
Манайхтай ижил тэтгэврийн насны шинэтгэл хийсэн гадаад орнууд, тухайлбал Япон улс тэтгэврийн насны шинэчлэлийг иргэддээ ойлгуулж, хуулиа хэрэгжүүлэхэд одоогийн байдлаар 20 жилийг зарцуулаад байгаа аж. Дахиад 10 жил дутуу гэж байгаа. Тэгвэл тэтгэврийн насны шинэчлэл хийхэд манай улс хэдэн жилийг зарцуулах бол?
Тухайлбал, Нийслэлийн нийтийн тээвэрт картын систем нэвтрүүлэхэд ердөө хоёр сарын хугацаа шаардагдсан нь төслийн гадаад мэргэжилтнүүдийг алмайруулсан гэдэг. Монголчууд ямарsmart /ухаалаг/ юм бэ? гэдэг үг тэдний амнаас өөрийн эрхгүй унасан гэхээр, манайхан аливаа өөрчлөлтөд дасан зохицох чадвар сайтай нь харагдана. Магадгүй тэтгэврийн насны шинэчлэлийг хийхэд Монгол Улс бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага хугацаа зарцуулж ч болох юм.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо, төрлөөр
(Хэмжих нэгж: мян.хүн)
/Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар, 2017-07-18/
Яг үнэндээ, одоо тэтгэвэрт гарах хүмүүс бол baby boom-ынхан буюу төрөлтийг дэмжих төрийн бодлого хэрэгжсэний дараах 50, 60-аад оныхон голдуу байгаа. Энэ үеийнхний хувьд боловсрол эзэмшсэн, залуу сэтгэлгээтэй, нийгмийн хөгжилтэйгээ хөл нийлүүлж яваа хүмүүс дийлэнх хувийг нь эзэлдэг гэхэд хилсдэхгүй. Нийгмийн хөгжлөө дагаад  ч тэрүү “40 наснаас амьдрал эхэлнэ” гэдэг үг өнөөдөр “50 наснаас амьдрал эхэлдэг” хэмээн өөрчлөгдсөн байгаа. Магадгүй 60-70 наснаас амьдрал эхэлнэ гэж ярих цаг ойрхон байхыг үгүйсгэх аргагүй. 
Иймд тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхийн тулд эн тэргүүнд нийгмийн сэтгэлгээнд далайцтай өөрчлөлт хийх шаардлагатай юм. Нэн ялангуяа ажлын байран дээрх насаар ялгаварлан гадуурхах үзэл, хандлагыг өөрчилж байж тэтгэвэрт гарах насыг хойшлуулах бодлогыг хэрэгжүүлэх ёстой болж байна. Эс тэгвэл УИХ-аас ямар ч “супер” хууль батлаад, Засгийн газар нь яаж ч “хүчлээд” энэ бодлого хэрэгжих боломжгүй байж мэднэ. Яагаад гэвэл өнөөгийн ажлын байрны заруудаас үзвэл, хөдөлмөрийн зах зээлд 40+, 50+ насныхан огт хэрэгцээгүй мэт харагдаж байгаа. Тийм учраас тэд тэтгэвэрт гарах хүртлээ хэрхэн ажил хөдөлмөр эрхлэх вэ гэдгийг төрийн бодлогоор сайтар зохицуулах шаардлага гарч байна.
Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд түгээмэл ажиглагддаг “насаар ялгаварлан гадуурхах хандлага”-ын улмаас 40+, 50+ насныхан хэнд ч хэрэггүй гэх ойлголт нийгэмд давамгайлж байна. Ид хөдөлмөрлөж бүтээх чадвартай, мэдлэг туршлага хуримтлуулсан, ажилдаа хангалттай олон цаг зарцуулан ажиллаж чадах хүмүүс ийнхүү гэрийн мухар сахихад хүрч байгаа нь улс орны эдийн засгийн бүтээмжид ч сөргөөр нөлөөлж байгааг анхаарах цаг нэгэнт болжээ. Тэгээд ч аливаа байгууллагад үе үеийн төлөөлөл болсон хүмүүс хамт ажиллаж гэмээнэ нэг нь нөгөөгөөсөө суралцан уламжлал, шинэчлэлээ бүрэн хуваалцаж чаддаг онцлогтойг умартаж болохгүй билээ. 
Үүний зэрэгцээ онцгой анхаарууштай бас нэгэн зүйл гэвэл 40+, 50+ насны ажил орлогогүй хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад өртөх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн намар нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 40-60 насны эмэгтэйчүүдтэй ярилцаж байхад, ач зээгээ өсгөж гэр орны хамаг ажлыг нь хийчихээд “Юу ч хийхгүй зүгээр сууж байж...” гээд хүүхдэдээ загнуулан амьдрах шиг хэцүү юм алга. Хүүхэд хардаггүй бол өөрөө чадах ажлаа хийгээд чөлөөтэй амьдармаар байх юм. Тэгж хэлэхээр “Хөгширч үхэх гэж байж таны ажил хийнэ гэж юу байсан юм” гэж загнаад ажил ч хийлгэдэггүй хэмээн ярьцгааж байсан юм. Мөн хорооны нэгэн эмэгтэй /60 настай/ “Найман ач зээгээ өсгөсөн. Одоо би өөрийнхөөрөө л амьдармаар байна” гэж байсан нь санаанд тод үлджээ.
Дээр дурдсан тохиолдлуудыг өнөөгийн хүмүүсийн “зоосны нүхээр харах” сэтгэлгээгээр авч үзэх юм бол, ээж аав нь хүүхдийг нь өсгөж өгсөн тэр хугацаанд хүүхэд асрагчид мөнгө төлөөд хүүхдээ харуулсан бол хэдэн төгрөг зарцуулах байснаа залуус маань өөрсдөө нэг удаа боловч тооцож үзэхэд илүүдэмгүй санагдана.
“Үхтэл үр харам” гэгчээр өөрсдийг нь төрүүлж өсгөчихөөд, ач зээгээ ч бас өсгөнө гэдэг нэг талаас сайхан. Гэвч нөгөөтэйгүүр, ялангуяа хот суурин газар амьдарч буй бол өөрийн гэсэн эрх чөлөөгүй, орлогогүй байснаас чадах ажлаа хийж хүссэнээрээ амь зуух боломжтой байвал ийм эмгэнэлтэй дүр зураг бий болохгүй юм. Тэр өдрүүдэд би залууст хандаж “Чиний эцэг эх чамайг төрүүлж өсгөсөн. Энэ нь бүрэн хангалттай. Одоо та нар өөрсдийнхөө хүүхдийг өөрсдөө өсгөцгөө” гэж хэлмээр санагдсанаа фэйсбүүкт нийтлэхэд тааламжтай хүлээж авах хүн цөөн байсан юм.
Тэгэхээр 40+, 50+ насныхны нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж, тэдэнд хандах нийгмийн сэтгэлгээнд өөрчлөлт хийхгүйгээр тэтгэврийн насны шинэчлэлтийг бүрэн төгс хэрэгжүүлнэ гэдэг төсөөлснөөс хавьгүй хэцүү байхаар байна. Ийм нөхцөлд өнөөгийн Засгийн газар хуулиа хэрэгжүүлэхийн тулд хий дэмий дороо дэвхцэн үнэн худал нь үл ойлгогдох мэдээллээр аргацаахаас хэтрэхгүй, үр дүнд нь ард иргэдийн бухимдал улам нэмэгдэж хуулиа дахин дахин өөрчлөх шаардлага гарвал яах вэ? Тэгээд ч засаг солигдох бүрт бодлогоо солиод, хуулиа өөрчлөөд байвал юу болж дуусах юм бэ?  
(“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай Монгол Улсын хууль” бүрэн эхээрээ:http://www.legalinfo.mn/law/details/383)

2018 ОНООС ЭМЭГТЭЙ 60, ЭРЭГТЭЙ 65 НАСАНДАА ТЭТГЭВЭРТ ГАРЧ, НДШ НЭМЭГДЭНЭ
Эрх баригчид “тэтгэвэрт гарах насаа иргэд өөрсдөө сонгоно” хэмээн ам уралдан ярьцгааж байгаа. Энэ үнэн үү? Эсвэл сонгуульд санал авахын тулд ярьж эхэлсэнээ зогсоож чадахгүй үргэлжлүүлсээр л байна уу? Эрх баригчдын ам, ажлын зөрүүг дараах баримтуудаас харцгаая.
Баримт 1.
УИХ-ын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-иар эрэгтэй “60 нас” гэснийг “65 нас” гэж, эмэгтэй “55 нас” гэснийг “60 нас” гэж өөрчлөлт оруулахаар заасан бөгөөд энэ заалт 2018  оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.
PS: Ирэх 2018 оноос эхлэн эрэгтэй 65, эмэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарна гэж ойлгогдож байна.
Баримт 2.
“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 29-р тогтоолыг мөн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталжээ. Уг тогтоолын 12 дахь заалтад “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмсэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийн тоог бууруулсан нь иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлж байгаад хяналт, үнэлгээ хийж үр дүнг жил бүр Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулж байх;” гэж цагаан дээр хараар бичсэн байна.
Баримт 3.
Түүнчлэн НДШ дэх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 2007 оноос өмнө 19 хувь /ажил олгогч 9,5 хувь, даатгуулагч 9,5 хувь/ байсныг 2007 онд 14 хувь /ажил олгогч 7,0 хувь, даатгуулагч 7,0 хувь/  болгон бууруулсан нь өнөөдөр ч мөрдөгдөж буй. Тэгвэл  2018 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн буцаад 19 хувь /ажил олгогч 9,5 хувь, даатгуулагч 9,5 хувь/ болно гэдгийг та анзаарсан уу?
Үүнтэй хамт НДШ-ийн дүн: Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ “10.0” гэснийг “12.7” гэж, Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ “10.0” гэснийг “12.5” гэж өөрчлөлт оруулсан байна.Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг мөн л 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэгэн адил хэрэгжих юм.  
PS: 2018 оноос эхлэн ажил олгогч болон хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн төлөх НДШ нэмэгдэнэ гэж ойлгогдож байна.
Баримт 4.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын хууль /2017-04-14/
Он 
Эрэгтэй
Эмэгтэй
Эмэгтэй /4 ба түүнээс дээш хүүхэдтэй/ 
2017
60 нас
55 нас
50 нас
2018
60 нас 6 сар
55 нас 6 сар
50 нас 6 сар
2019
61 нас
56 нас
51 нас
2020
61 нас 6 сар
56 нас 6 сар
51 нас 6 сар
2021
62 нас
57 нас
52 нас
2022
62 нас 6 сар
57 нас 6 сар
52 нас 6 сар
2023
63 нас
58 нас
53 нас
2024
63 нас 6 сар
58 нас 6 сар
53 нас 6 сар
2025
64 нас
59 нас
54 нас
2026
64 нас 6 сар
59 нас 6 сар
54 нас 6 сар
2027
65 нас
60 нас
55 нас
2028
-
60 нас 6 сар
-
2029
-
61 нас
-
2030
-
61 нас 6 сар
-
2031
-
62 нас
-
2032
-
62 нас 6 сар
-
2033
-
63 нас
-
2034
-
63 нас 6 сар
-
2035
-
64 нас
-
2036
-
64 нас 6 сар
-
2037
-
65 нас
-
PS: Ирэх оноос эхлэн тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж ойлгогдож байна.
Энэ бол 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тэтгэврийн нас нэмэгдэж, тэтгэврийн даатгалын шимтгэл 9,5 хувь болсон нь үнэн гэдгийг нотлоход хангалттай хөдөлшгүй баримтууд юм. Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол учраас бид үүнийг хэрэгжүүлж л таарна.
Гэвч яг аль заалтыг нь амьдралд хэрэгжүүлэх юм бэ? Хуулиа мөрдөх үү? Журмаа хэрэгжүүлэх үү? Эсвэл хоорондоо авцалдаагүй янз бүрийн заалтуудыг бүгдийг нь хэрэгжүүлэх гэж оролдох уу? Хөдөөгийн олон салаа замын алинаар нь явахаа мэддэггүй шиг, олон салаа ойлголт төрүүлсэн заалтуудыг цэгцтэй болгож амьдралд бодитойгоор хэрэгжүүлэх арга зам байна уу, Ерөнхий сайд аа?
“Сүх далайтал үхэр амар” гэдэгчлэн одоохондоо нам жим байна. Тэгээд ч амралтын үе учраас иргэд анзаарч эхлээгүй байгаа. Яг хууль хэрэгжээд эхлэвэл юу болох бол гэдгийг тааварлахад ч бэрх!

Ц.Оюунчимэг
WWW.ZINDAA.MN

No comments:

Post a Comment