Monday, October 9, 2017

Эр цэргийн үр сад эх орноо хэзээ ч худалддаггүй юм


Монгол Улсын шинэ ерөнхий сайд томилогдлоо. УИХ-ын чуулганы индэр дээрээс шинэхэн томилогдсон ерөнхий сайд У.Хүрэлсүх гал цогтой, дайчин үгээ хэлж ард түмний хүсэн хүлээсэн бүхнийг бий болгохын төлөө ажиллахаа илэрхийллээ. Монголчууд түүнд итгэж байна. Харин одоо түүнээс “Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн орох вэ?” гэдэг асуултыг асуух нь тодорхой. Шинэ засгийн газраас ард түмэн үнэхээр их зүйлийг хүсэн хүлээж байгаа учраас ийнхүү асуух нь зүйн хэрэг юм. Хуульгүй засаглал, эрх мэдэлтнүүдийн дур зоргоороо авирласан үйлдлүүдээс нэгэнт залхсан ард түмэн маань У.Хүрэлсүхийн “Ардын засгийн газар”-т эцсийн найдлагаа тавьж байгаа билээ.
У.Хүрэлсүхийн засгийн газар нам дотроо сөрөг хүчинтэй гэдэг нь нэгэнт тодорхой болсон зүйл. УИХ-ын 76 гишүүнээс 47 нь чуулганы хуралдаанд оролцож 100 хувийн саналаар түүнийг ерөнхий сайдаар томилсон ч, УИХ дахь МАН-ын бүлгийн 37, АН-ын бүлгийн 8, МАХН-аас сонгогдсон О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан нар чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлээгүй бол МАН дараагийн Ерөнхий сайдыг томилж чадахгүй байх байв. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож саналаа өгсөн гишүүдийн хувьд улс, эх орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, намчирхаж бүлэглэхгүйгээр саналаа өгч дэмжсэнийг нь талархууштай юм. Түүнчлэн өмнөх засгийн газрын танхимын гишүүдээс Ц.Мөнх-Оргил гишүүн чуулганд оролцон дэмжиж саналаа өгсөн байгаа нь энэ хүнд төрийн хүний чигч чанар байгааг харуулсан үзүүлэлт гэж хэлж болно. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлэг 65 гишүүнтэй, Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй 31 гишүүний дийлэнх нь чуулганы хуралдаанд оролцсонгүй. Тэд гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд орж ажиллах сайдуудаа энэ 31 гишүүний төлөөллөөс тодорхой хэсгийг нь авах ёстой гэх “шаардлага” Ерөнхий сайдад тавьсан нь үл ойлголцох шалтгаан болсон гэдгийг холбогдох эх сурвалж хэлж байв.  
Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоогүй МАН-ын бүлгийн гишүүд бол Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Д.Баделхан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, М.Билэгт, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Б.Ундармаа, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Н.Номтойбаяр, Н.Оюундарь, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Б.Чойжилсүрэн, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нар. Тэд энэ засгийн газрын оруулсан аливаа асуудлыг хэлэлцэхэд цаашид ч чуулганы хуралдаанд суухгүй байх өндөр магадлалтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “60 тэрбумын бүлэглэл” хэмээх МАН-ын бүлэг доторх сөрөг хүчин нь шинэ засгийн газрын ажлыг нь хийлгэхгүй байх бүхий л арга замыг эрэлхийлэх нь тодорхой хэмээн ажиглагчид үзэж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “60 тэрбумынхан” тодорхой чиг үүргийн гурван яамыг авахаар улайран тэмцсэн сураг ч дуулдаж буй. Нөхцөл байдал ийм байхад чухалд тооцогдох яамдын сайдаар УИХ-ын гишүүдээсээ томилохгүй бол, МАН доторх 31-ийн бүлэгтээ дарамтлуулах нөхцөл байдал үүсч ч болзошгүй юм.  


ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР “ХҮЧИРХЭГ” БАЙХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй” хэмээн ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы индэр дээрээс хэлсэн. Энэ засгийн газар хамгийн хүчирхэг танхимыг бүрдүүлэх түүхэн үүргийг ард түмнийхээ өмнө хүлээж байна. Ерөнхий сайдын хэлсэнчлэн халуун амь, бүлээн цусаараа хамгаалж ирсэн хамгийн том баялаг маань Монгол эх орон, газар шороо маань билээ. Эх орныхоо сөөм газрыг ч харийнхны мэдэлд өгөхгүй байх үүрэг хүлээсэн нэгэн чухал яам бол Байгаль орчин, аялал жуулчлалын яам юм. Энэ яамыг хэн удирдахаас газар шороо маань бүрэн бүтэн байх эсэх, монгол хүн эх орондоо амар тайван амьдарч чадах эсэх нь шууд хамааралтай болохыг өнгөрсөн гашуун туршлага бидэнд харуулж байна. Өмнөх сайдын үед хөрөнгө мөнгө, эрх мэдэл бүхий зарим хүмүүст олон мянган га-гаар нь газар өмчлүүлэн эзэмшүүлсэн, тэр ч байтугай харийнхны мэдэлд өгсөн асуудал хүртэл ил, далд яригддаг байлаа. Чухам үнэнийг олж сурвалжлан олон нийтэд мэдээлэх нь эрэн сурвалжлах сэтгүүлчдийн үүрэг юм. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвшөөрлөөр хятад иргэд мянга мянгаараа визгүйгээр Монголын хилийг даван орж ирсэн дуулиан дэгдэж олон монголчуудын сэтгэлд түгшүүрийн харанга дэлдсэн нь энэ яамыг онцгой анхаарлын төвд оруулах ёстойг сануулсныг хүмүүс мартаагүй байна.  
Шинэ засгийн газрын хувьд, энэ мэт алдаа завхрал дахин хэзээ ч давтагдах ёсгүй юм. Үүний тулд зарчимтай, ёс зүйтэй, эх оронч зүрх сэтгэлтэй, УИХ-аар асуудлаа шийдүүлж чадах нөлөө бүхий хүнээр тус яамны сайдыг томилох ёстой болж байна. Гэвч тэр хүн нь хэн байж болох вэ?



Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Б.Саранчимэг нарын нэр тус яамны сайдад яригдаж байгааг хэвлэлд мэдээлсэн. Энэ чухал яамны сайдыг УИХ дотроосоо томилохоор яригдаж буй нь туйлын зөв юм. Сайд нь зангарагтай хүн байж л УИХ-д асуудлаа шийдүүлж чадна. Гэхдээ хүнээ зөв сонгож томилох нь энэ засгийн газрын хувьд хамгаас чухал. Энэ хоёр нэр дэвшигчийн хувьд туршлага, ажил хэрэгч чанар огт дутагдахгүй. Ц.Гарамжав бол Монголын томоохон компанийг толгойлж амжилтад хүргэж чадсан хүн. Гэхдээ саявтархан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Сайд болох сонирхолгүй" хэмээн мэдэгдэж амжсан. Харин Б.Саранчимэг гишүүний хувьд байгаль орчны асуудалд нэлээд санаа тавьдаг хэдий ч, түүнийг улс төрийн өнцгөөс нь харвал, Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаанд оролцоогүй. Нөгөөтэйгүүр Ц.Гарамжав, Б.Саранчимэг нар хоёулаа уул уурхайтай холбоотой томоохон ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс. Иймд тэдний хэн нь ч нэр дэвшлээ гэхэд, байгаль орчныг хамгаалах асуудал дээр уул уурхайнхны ашиг сонирхлын эсрэг хатуу байр суурьтайгаар зогсож чадна гэдэгт туйлын их эргэлзэж байна. Харин тэдний оронд ашиг сонирхлын зөрчилгүй өөр хүнийг нэр дэвшүүлбэл асуудал арай өөрөөр эргэж болох юм.  




Тухайлбал, өмнөх ЗГ-ыг огцруулах асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр гишүүдийн хэн нь хэн бэ гэдэг нь нэгэнт танигдсан гэж болно. Гишүүдээс онцгой эр зориг гарган тэмцсэн эмэгтэй гишүүдийг би энд онцлон дурдахыг хүсч байна. Тэд бол УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар. Эмэгтэй гишүүд маань “60 тэрбумын бүлэглэлийн эсрэг” байр суурин дээрээ хатуу зогсож, шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцлийг чуулганы танхимаас хийж байсныг нь хүмүүс мартаагүй байна. Сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүлзүйн гал тогооноос улс төрд орсон эмэгтэй гишүүдийн зарчимч байр суурь, эр зориг нийгэмд үлгэр дуурайл болж чадсан билээ.  
Ялангуяа УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлийн хувьд чуулганы танхимаас үгээ хэлэн тэмцэж, иргэдийнхээ болон сэтгүүлчдийн дуу хоолой болж ирснийг нь хэвлэлд олонтоо мэдээлж байсан. Тэрбээр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд ч иргэдийн санаа бодол, хүсэл зориг юунд чиглэгдэж байгааг сайн мэдэх хүний нэг. Эх орны өнцөг булан бүрээс тус байнгын хороонд хандаж ирүүлдэг иргэдийн захидлыг тэр өдөр бүр задлан уншиж байгаа. Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал бэрхшээл, түүний дотор Монголынхоо газар нутаг, байгаль орчноо хамгаалах бодлогыг сайжруулахад анхааран туслаачээ хэмээн эцсийн найдлага тээн бичсэн олон захидлыг тэр уншсан. Хэрвээ энэ бүхнийг шийдэх боломж, эрх мэдэл нь байдагсан бол ийм арга замаар шийдэхсэн гэдэг гарцыг ч бас тэрбээр олж харсан байж таарна. 




“ХҮЧИРХЭГ” ХЭМЭЭХ ТОДОРХОЙЛОЛТОД НИЙЦЭХ ЦӨӨН ХҮН БИЙ   

УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдож, улс орныхоо хөгжлийн чухал шийдвэрүүдийг батлалцаж, хууль тогтоох үйл ажиллагаанд даацтай хувь нэмрээ оруулж ирсэн Д.Сарангэрэл бол МАН-ын бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, нэр хүнд бүхий улстөрч эмэгтэйчүүдийн нэг юмТүүний аав, ээж хоёр энэ намын батлахыг зүрхэн тус газраа нандигнан авч явдаг гишүүд нь байсан. Аав нь цэргийн хүн байлаа.
Тэрбээр Монголын Үндэсний телевизийн мэдээллийн агентлагт сурвалжлагчаас хариуцлагатай редактор, ерөнхий редакторын албан тушаал хүртэл дэвшиж, 1995 онд нэг жил "ММ" агентлагийн захирлаар ажиллаж байв. Улмаар ТВ-5 телевизийн ерөнхий захирлаар ажиллаж, 2005 оноос МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдож таван жил хийсэн ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн. “Монгол Ардын намыг сэтгүүл зүйн ажлаараа дэмжихийн дээдээр дэмждэг байсан. Ийм байхад дөнгөж намд элссэн, 2-3 жил болсон нь битгий хэл намд 15-16 жил болж байгаа хүн ч надтай ямар нэгэн юм яриад байх хэрэг байхгүй” гэж олны амыг таглаж байсан удаа түүнд бий. Өөрийн бодолтой, хатуу байр суурьтай, үзэл бодолдоо үнэнч хүний амнаас л ийм үг гарах боломжтой билээ.
2012 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр сонгогдон, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа Д.Сарангэрэлд намынх нь гишүүд төдийгүй бусад намынхан, сонгогчид нь ч ам сайтай байдаг нь өдгөө нууц биш. Тэрбээр нэгэнтээ Сэтгэл хөөрч баярлаж байна. Хатан Туул ээжийн нулимсыг урсган байж, Улаанбаатарчуудаа ундны усгүй болгон алдсан карьеруудын үйл ажиллагааг хотын дарга бүрмөсөн зогсоолоо. Одоо Туул голыг тойрон талыг там болтол ухаж сэндийлэн хүн, малыг гишгэх газаргүй болгосон нүхнүүдийг буцаан тэгшилж,  нөхөн сэргээлт хийх ажлыг гүйцэтгүүлэх үлдлээ. Хотын даргадаа баярлалаа. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд, ажлын албандаа баярлалаа. Та бидний ажлын үр дүн гарсаар байна” хэмээн фэйсбүүк хуудасдаа бичсэн байдаг. Байгаль эхийнхээ төлөө гэсэн түүний сэтгэл зүтгэлийг илэрхийлэх үүнээс өөр нотолгоог хаанаас олох билээ. Ийм хүнээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг удирдуулаад, эх орныхоо газар нутгийг хариуцуулж, ямар ч мөнгө, эрх мэдлийн өмнө бууж өгөхгүй байх хатан зориг, ёс зүй, зарчимч байр сууриар нь бахархаад явах боломж бидэнд байна шүү дээ.
Үнэхээр л хүчирхэг засгийн газар бүрдүүлье гэвэл хүчирхэг сайдуудыг томилон гаргаж ирэх учиртай. “Хүчирхэг” хэмээх тодорхойлолтод нийцэх цөөн хүний нэг нь УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл мөн гэдгийг шинэ Засгийн газрын тэргүүнд нь дуулгахад илүүдэхгүй хэмээн үзсэн минь энэ. Нийгмийн сэтгэл зүй, сонгогчдынх нь итгэл, хүлээлт ч үүнийг шаардаж буй гэдэгт эргэлзэхгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг Д.Сарангэрэлд итгэн даатгаж болно. Учир нь “Эр цэргийн үр сад эх орноо хэзээ ч худалддаггүй юм”.  

Ц.Оюунчимэг


Thursday, August 10, 2017

Зээл тусламжийн бодлого хаашаа чиглэж байна вэ, Ерөнхий сайд аа?


ОУВС-гаас өмнөхөөсөө 20 дахин их санхүүжилт авч,
Урд хөршөөс хэт их мөнгө аваад байна уу, үгүй юу-
news.zindaa.mn
2017-08-07-ны өдөр
УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулан парламентад 65 суудалтай болсон МАН, түүний байгуулсан засгийн газар ажлаа авмагцаа Монгол Улс дампуурлын ирмэгт байгааг зарласан. Тэдний хэлснээр, өнөөгийн Монгол Улсын өмнө тулгамдсан эдийн засгийн хүндрэлтэй байдал нь зөвхөн 2012-2016 оны Засгийн газрын алдаатай бодлогын уршиг аж. МАН 2012 онд АН-ын Засгийн газарт эдийн засгийн тогтвортой өсөлттэй, зээлжих зэрэглэл сайжирсан, 3 тэрбум орчим ам.долларын валютын нөөцтэй, хугацаа тулсан өр зээлгүй, төрийн өмчит компаниуд нь ашигтай ажилладаг улс орныг хүлээлгэж өгсөн хэмээн ярьдаг. Тэгвэл 2016 онд байгуулагдсан өнөөгийн засгийн газар Монгол Улсыг хэрхэн авч явж байна вэ?

ОУВС-ГААС ӨМНӨХӨӨСӨӨ 20 ДАХИН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН УУ?
Баримт 1.
Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөр авах болсонтой холбоотой зохион байгуулсан хэвлэлийн хурлын/2017/02/19тэмдэглэлээс:
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: ОУВС-тай хэлэлцээр явуулаад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу “Extended Fund Facility” хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохирсон.Төсвийн хүндрэл, төлбөрийн тэнцлийн хүндрэл гэсэн хосолсон хүндрэл байгаа тул уг хөтөлбөрийг сонгож авсан юм. Монгол Улсын авч байгаа хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг олон улсын байгууллага, донор орнуудаас босгохоор шийдсэн. Үүнд БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.долларын өртөгтэй своп хэлцэл багтсан гэдгийг мэдэгдье. Үлдэж байгаа 3.5 орчим тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, хандивлагч орнууд зэрэг улс орнуудаас босгохоор төлөвлөсөн байгаа.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Ойрын жилүүдэд 3-5 тэрбум ам.долларын орох урсгал үүсэх гэж байгаа нь төгрөгийн ханшийг тогтворжуулах маш чухал дэмжлэг юм.
ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай: Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь ОУВС-гаас хэрэгжүүлдэг гол арга хэмжээнүүдийн нэг юм. Гурван жилийн хугацаанд ОУВС-гаас 440 сая ам.доллар, Япон, Солонгос, Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк гэх мэт хоёр талт болон олон талт түншүүдээс 3 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх ба, үүн дээр нэмэгдээд БНХАУ-ын Ардын банк Монголбанктай байгуулсан свопын хугацааг хамгийн багадаа гурван жилээр сунгахаар хүлээгдэж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам. долларын санхүүжилт бий болж байна. Монгол Улсад туслалцаа, дэмжлэг хэлбэрээр орж ирнэ. Үүнийг харьцуулж хэлбэл өмнөх 2009 онд хэрэгжсэн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 300 сая хүрэхгүй хэмжээний ам. долларын санхүүжилт байсан бол энэ удаад бараг 20 дахин их хэмжээний санхүүжилт орж ирж байна.
Дээрх баримтаас үзвэл Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрөөс урьд өмнөхтэйгээ харьцуулбал 20 дахин их санхүүжилт авахаар болжээ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь 3 жилийн хугацаатай бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас 440 сая гаруй ам.долларын санхүүжилтийг төлбөрийн тэнцлийн зориулалтаар олгох юм байна.
Энэхүү уулзалтын үеэр ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай:  Нэгдүгээрт, зээлийн хүүгийн хэмжээ ерөнхийдөө хөвөгч хүү байдаг. Ихэвчлэн 2 хувиас илүүгүй байдаг. Хөтөлбөрийн сонголтын тухайд яагаад Stand-by хөтөлбөрөөс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг илүүд үзсэн бэ гэхээр эргэн төлөлтийн хугацаа нь Stand-by-тай харьцуулахад хамаагүй урт буюу 10 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх боломжтой. ...ОУВС-гийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд нэг дор бүх мөнгийг өгдөггүй, тодорхой интервалтайгаар явдаг. Энэ нь хөтөлбөрийн хүрээнд тусгасан арга хэмжээнүүд хэр амжилттай хэрэгжиж байна вэ гэдгээс хамаараад тохирсон хуваарийн дагуу санхүүжилт нь олгогдоод явдаг. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр хэрэгжих 3 жилийн хугацааны туршид тодорхой давтамжтайгаар санхүүжилт олгогдоод явна. ОУВС-гийн хувьд үнэлгээгээ 3 сар тутам хийхээр төлөвлөсөн байгаа. Бусад хандивлагчид арай өөр хуваариар хийж магадгүй. Гэхдээ хөтөлбөрийн туршид санхүүжилт байнга олгогдоод тасралтгүй явна гэж ойлгож болно” гэж хариулсан байдаг. 

Хүснэгт 1. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн задаргаа
Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум гаруй ам.доллар байна. 
Санхүүжүүлэгч
Үнийн дүн  /сая ам.доллар/
Санхүүжилтийн төрөл, зориулалт  
ОУВС
441
Төлбөрийн тэнцэл
АХБ
900
Төсвийн дэмжлэг – 600 сая ам.доллар
Төслийн санхүүжилт – 300 сая ам.доллар
Дэлхийн банк
600
Төсвийн дэмжлэг – 440 гаруй сая ам.доллар
Төслийн санхүүжилт – 160 сая ам.доллар
Япон Улс
850
Төсвийн дэмжлэг
БНСУ
500
Төслийн санхүүжилт
Төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилтийн дүн
3,291

БНХАУ
Своп хэлцэл сунгах
15 тэрбум юанийн своп хэлцэлийн хугацааг 3 гаруй жилээр сунгах
НИЙТ:

5,500

Жич: Своп хэлцэл гэдэг нь тухайн өдрийн ханшаар ханшаар валют худалдан авч /худалдаж/ ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах /худалдан авах/ арилжааны 2 хэлцлийг хэлнэ.
2017 оны 6 сарын 30-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд үг хэлэхдээ ОУВС-ийн  Захирлуудын зөвлөл 2017 оны 05 дугаар сарын 24-нд манай улсад хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг дэмжиж баталсан өдрөөс Засгийн газар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.  Энэ хөтөлбөр гурван жилийн хугацаатай бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ОУВС-аас 434.3 сая ам.долларын санхүүжилтийг төлбөрийн тэнцлийг дэмжих зориулалтаар олгохоос эхний хэсэг болох 38.6 сая долларын санхүүжилт аваад байна. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум гаруй ам.доллар бөгөөд хөтөлбөрийн хүрээнд БНХАУ төгрөг - юаны своп хэлцэлийн хугацааг сунгах замаар дэмжиж хамтран ажиллах бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллага, Япон, БНСУ зэрэг хоёр талт түншлэгч орнуудаас нийт гурван тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг төсвийн дэмжлэг, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэлбэрээр олгох юм гэжээ.http://zasag.mn/news/view/17549

УРД ХӨРШӨӨС ХЭТ ИХ МӨНГӨ АВААД БАЙНА УУ, ҮГҮЙ ЮУ?
Баримт 2:
Дээр дурдсан уулзалтын үеэр БНХАУ-аас авах хөнгөлөлттэй зээлийн асуудал ч хөндөгдсөн. Энэ сэдвээр Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт авах 3.5 орчим тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлийн дотор БНХАУ-аас авах зээл тооцогдоогүй байгаа. Харин Хятадын төв банк, Монголбанкны своп гэрээний талаар Монголбанкны ерөнхийлөгч тодорхой хариулт өгнө” гэсэн юм. 
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Монголбанк Хятадын төв банктай своп хэлэлцээртэй. Хэлэлцээрийн хугацаа энэ оны 8 дугаар сард дуусч байгаа. ...2016 оны 8 дугаар сард болсон АСЕМ-ийн зөвлөгөөний үеэр ирсэн Хятадын ерөнхий сайд Ли Кэцян свопын хугацааг цаашид сунгана, гэхдээ хэмжээг нь дахин 10 тэрбум юанаар нэмнэ гэдэг хэлэлцээрийг Монгол улсын Ерөнхий сайдтай хийсэн. Ийм учраас бид цаашдаа хэмжээг нь 10 тэрбум юанаар нэмэгдүүлэх, хугацааг нь дор хаяж 3 жилээр сунгах талаар хэлэлцээрийг бид ирэх 7 хоногоос эхлүүлэхээр төлөвлөж байнагэжээ.
Баримт 3:
Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн айлчлалын мэдээнд Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд эхний ээлжинд БНХАУ-ын олгосон нэг тэрбум долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ мэдэгдэв. Мөн БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар тохирсон. Энэ удаа БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгож байгаа, мөн ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал илэрхийлэв хэмээн мэдээлсэн. 
/http://vip76.mn/content/46628,2017.05.15 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба/
БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд шийдэгдсэн нэг асуудал дээр дурдагдаагүй орхигдсон нь “БНХАУ-аас 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэх” болсон тухай /http://www.ikon.mn/n/10hx/ мэдээлэл юм. Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2017.06.14/ “Хоёр тэрбум юанийн тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах” шийдвэр гарсан.
Ийнхүү өнөөгийн засгийн газар юм л бол урд хөршөөс хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах болсон нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх болгоомжлолыг төрүүлж буйг ажиглагчид онцолж байна. Тэр тусмаа эрх баригч МАН-ын намын даргын сонгууль ойртож буй өдрүүдэд энэ их мөнгө улсын эдийн засгийг аврах бус, харин өөр зорилгоор зарцуулагдах вий гэсэн хардлагыг төрүүлж байгаа нь хэвлэлд нийтлэгдсэн, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллүүдээс ажиглагдаж байна. 
Монгол Улсад орж ирж буй зээл, тусламж, эдийн засгийн хамтын ажиллагааны дэмжлэг зөвхөн үүгээр хязгаарлагдаагүй. БНЭУ, БНСУ, ОХУ гээд л гар сунгаж буй улс орнуудын жагсаалт хөвөрнө. Энэ засгийн газарт юу л байна, мөнгө л байна. Гэвч зээл тусламжийн бодлого хаашаа чиглэж, тэр их мөнгийг юунд зарцуулж байна вэ, Ерөнхий сайд аа?
Ц.Оюунчимэг
WWW.ZINDAA.MN

Saturday, July 29, 2017

Тэтгэврийнхэн улстөрчдийн шоглоом болсоор л байх уу?

2017-07-29
news.zindaa.mn
Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах болсноор 2035 он гэхэд тэтгэврийн насыг 65 болгох шийдвэр гарсан. Энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлж, МҮЭ-ийн зүгээс ч багагүй эсэргүүцэлтэй тулсан билээ. Монгол хүний дундаж наслалт 69 байхад тэтгэврийн насыг 65 болгох нь буруу гэсэн асуудал ч олны анхаарлын төвд байж хүчтэй яригдсан.
Ийнхүү гурван сар гаруйн өмнө уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байхад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Тэтгэврийн даатгалын сан хоосорсон юм биш. Байгаа. Монгол хүний дундаж наслалт өсч байна. Энэ хэрээр тэтгэвэр авагчийн тоо нэмэгдэж байна. Тэтгэврийн даатгалын санд төлж байгаа хураамж нэмэгдэхгүй мөртлөө ахмадад очиж байгаа тэтгэвэр нэмэгдсээр ирсэн нь алдагдлыг нэмсээр байгаа. Гурван жилийн дараа 3 их наядад хүрэхээр болоод байна” хэмээн мэдэгдэж байлаа. Сангийн сайд Б.Чойжилсүрэн ч “ОУВС-гаас тавьсан нөхцөлтэй холбогдуулан татварыг нэмэхээс зайлшгүй шаардлага үүссэн. Тэтгэврийн насны хувьд дэлхий нийтийн чиг хандлагыг баримтлах хэрэгтэй” гэж байв.
Гэтэл тэр өдрөөс хойш хоёр сар ч өнгөрөөгүй байхад, тэд энэ үгнээсээ буцаж “тэтгэврийн нас хуучин хэвээрээ” хэмээн барин тавин мэдэгдэж эхэлсэн юм. Гэтэл энэ нь ерөнхийлөгчийн сонгуульд ахмадуудын саналыг татах гэсэн башир арга төдий байсан нь өнөөдөр илүү тодорхой болж байна. Сонгуульд саналаа өгдөг хүмүүсийн дийлэнх нь ахмадууд, тэгээд ч залуусын идэвх оролцоо сул гэдгийг тэд тооцоолсон учраас л сонгуулийн санал хураалтын өмнөхөн элдэв амлалтуудаар булах болсон нь тэр аж. Ахмадууд хэдий болтол улстөрчдийн шоглоом болж, сонгуулиас сонгуулийн хооронд цонхны цаанаас чихэр долоож амьдрах ёстой юм бэ?

БОДИТ БАЙДАЛ ЯМАР БАЙГАА ВЭ?
Бодит байдлыг илүү тодорхой танилцуулахын тулдwww.egulecapital.mn-д нийтлэгдсэн “Салбаруудын нэгдсэн судалгаа”-ны мэдээллээс тоймлон хүргэе.
1. Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал, үүсээд буй нөхцөл байдал
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн зардлын зохистой харьцаа алдагдсанаас тэтгэврийн даатгалын сангийн орлого нь зарлагаа бүрэн санхүүжүүлж чадахгүйд хүрч улсын төсвөөс авч байгаа татаас нэмэгдэх хандлагатай байна. Дараах хүснэгтээс харахад сүүлийн жилүүдэд тэтгэврийн даатгалын сангийн алдагдал эрс нэмэгдсэн байна.

Хүснэгт 1: Нийгмийн даатгалын сангийн орлого,зарлага 
 Эх сурвалж: Үндэсний статистикийн газар
Тэтгэврийн сангийн ДНБ-нд эзлэх хэмжээ нь 2020-2030 онд 5-7 хувь, 2040-50 онд 8-10 хувьд, цаашид урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, ойрын 4-5 жилд тэтгэврийн сангийн  дээрх хэмжээний алдагдлыг нөхөх болон төр хариуцах иргэдийн тэтгэврийн зардалд төсвөөс 3.6-4.0 их наяд төгрөгийн татаас олгох, үүнээс тэтгэврийн сангийн алдагдалд 2.5 их наяд орчим төгрөг зарцуулах шаардлагатай байна.
Тэтгэврийн сангийн урт хугацааны төсөөллөөр одоогийн тогтолцоог хэвээр үргэлжлүүлбэл ойрын 10 жилд тус сангийн алдагдлыг нөхөхөд хамгийн бага хувилбараар тооцоход 7.2 их наяд төгрөг төсвөөс зарцуулах шаардлагатай гэсэн урьдчилсан төсөөлөл гараад байгаа 
2.Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг нөхөх шийдэл, төрийн бодлого
Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх: Манай улсын хувьд бусад улстай харьцуулахад дундаж наслалт нэлээд бага, тэтгэвэр тогтоолгосноос хойш амьдрах хугацаа богино байна. Иймд зөвхөн тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг нөхөх зорилгоор тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь учир дутагдалтай юм.

Хүснэгт 2: Дундаж наслалт 2015 он 
 
 Эх сурвалж: Үндэсний статистикийн газар
“Тэтгэвэр тогтоолгох насыг оновчтой болгох эдийн засгийн зарим асуудал” сэдэвт судалгаагаар манай улсын хувьд дундаж нас нэгээр нэмэгдэхэд эрэгтэйчүүдийн тэтгэврийн нас 0.2674-р, эмэгтэйчүүдийнх 0.3977-р нэмэгдэх зүй тогтол ажиглагджээ.

Хүснэгт 3: Биологийн насанд тулгуурлан тооцсон тэтгэвэр тогтоох нас 
 
Эх сурвалж: Х.Бумдэлгэр, (2013) ХАА-н Шинжлэх ухаан сэтгүүл №10 (01):195-199
(Судалгааны эх сурвалж: http://www.egulecapital.mn/2017/04/blog-post_42.html?m=0)
Дээрх судалгаанаас үзвэл тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нь тэтгэврийн насыг нэмэгдүүлэх хангалттай үндэслэл биш ажээ.
2015 оны  06  сарын  16-ны  өдөр батлагдсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 53 дугаар тогтоолоор 2015-2030 онд баримтлах бодлого тодорхойлогдсон байдаг.
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын зорилго нь хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэйгээр зайлшгүй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг төр, иргэн, ажил олгогч санхүүгийн чадавхаа үндэслэн хамтран хариуцаж, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох тогтолцоог бүрдүүлэхэд оршиж буй.
Иймд уг бодлогын хүрээнд илүү бодитой хүчин зүйлсийг гарган ирж, иргэддээ ойлгуулснаар манай улс ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг эрх баригчид хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Улсынхаа эрх ашгийн төлөө шинэ гарц боломжуудыг хайж, нийтээрээ урагшлах хатуу шалгуурын өмнө байгаагаа тэд мэдэх л ёстой доо.  

ЯМАР ГАРЦ, БОЛОМЖ БАЙЖ БОЛОХ ВЭ?
Манайхтай ижил тэтгэврийн насны шинэтгэл хийсэн гадаад орнууд, тухайлбал Япон улс тэтгэврийн насны шинэчлэлийг иргэддээ ойлгуулж, хуулиа хэрэгжүүлэхэд одоогийн байдлаар 20 жилийг зарцуулаад байгаа аж. Дахиад 10 жил дутуу гэж байгаа. Тэгвэл тэтгэврийн насны шинэчлэл хийхэд манай улс хэдэн жилийг зарцуулах бол?
Тухайлбал, Нийслэлийн нийтийн тээвэрт картын систем нэвтрүүлэхэд ердөө хоёр сарын хугацаа шаардагдсан нь төслийн гадаад мэргэжилтнүүдийг алмайруулсан гэдэг. Монголчууд ямарsmart /ухаалаг/ юм бэ? гэдэг үг тэдний амнаас өөрийн эрхгүй унасан гэхээр, манайхан аливаа өөрчлөлтөд дасан зохицох чадвар сайтай нь харагдана. Магадгүй тэтгэврийн насны шинэчлэлийг хийхэд Монгол Улс бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага хугацаа зарцуулж ч болох юм.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо, төрлөөр
(Хэмжих нэгж: мян.хүн)
/Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар, 2017-07-18/
Яг үнэндээ, одоо тэтгэвэрт гарах хүмүүс бол baby boom-ынхан буюу төрөлтийг дэмжих төрийн бодлого хэрэгжсэний дараах 50, 60-аад оныхон голдуу байгаа. Энэ үеийнхний хувьд боловсрол эзэмшсэн, залуу сэтгэлгээтэй, нийгмийн хөгжилтэйгээ хөл нийлүүлж яваа хүмүүс дийлэнх хувийг нь эзэлдэг гэхэд хилсдэхгүй. Нийгмийн хөгжлөө дагаад  ч тэрүү “40 наснаас амьдрал эхэлнэ” гэдэг үг өнөөдөр “50 наснаас амьдрал эхэлдэг” хэмээн өөрчлөгдсөн байгаа. Магадгүй 60-70 наснаас амьдрал эхэлнэ гэж ярих цаг ойрхон байхыг үгүйсгэх аргагүй. 
Иймд тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхийн тулд эн тэргүүнд нийгмийн сэтгэлгээнд далайцтай өөрчлөлт хийх шаардлагатай юм. Нэн ялангуяа ажлын байран дээрх насаар ялгаварлан гадуурхах үзэл, хандлагыг өөрчилж байж тэтгэвэрт гарах насыг хойшлуулах бодлогыг хэрэгжүүлэх ёстой болж байна. Эс тэгвэл УИХ-аас ямар ч “супер” хууль батлаад, Засгийн газар нь яаж ч “хүчлээд” энэ бодлого хэрэгжих боломжгүй байж мэднэ. Яагаад гэвэл өнөөгийн ажлын байрны заруудаас үзвэл, хөдөлмөрийн зах зээлд 40+, 50+ насныхан огт хэрэгцээгүй мэт харагдаж байгаа. Тийм учраас тэд тэтгэвэрт гарах хүртлээ хэрхэн ажил хөдөлмөр эрхлэх вэ гэдгийг төрийн бодлогоор сайтар зохицуулах шаардлага гарч байна.
Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд түгээмэл ажиглагддаг “насаар ялгаварлан гадуурхах хандлага”-ын улмаас 40+, 50+ насныхан хэнд ч хэрэггүй гэх ойлголт нийгэмд давамгайлж байна. Ид хөдөлмөрлөж бүтээх чадвартай, мэдлэг туршлага хуримтлуулсан, ажилдаа хангалттай олон цаг зарцуулан ажиллаж чадах хүмүүс ийнхүү гэрийн мухар сахихад хүрч байгаа нь улс орны эдийн засгийн бүтээмжид ч сөргөөр нөлөөлж байгааг анхаарах цаг нэгэнт болжээ. Тэгээд ч аливаа байгууллагад үе үеийн төлөөлөл болсон хүмүүс хамт ажиллаж гэмээнэ нэг нь нөгөөгөөсөө суралцан уламжлал, шинэчлэлээ бүрэн хуваалцаж чаддаг онцлогтойг умартаж болохгүй билээ. 
Үүний зэрэгцээ онцгой анхаарууштай бас нэгэн зүйл гэвэл 40+, 50+ насны ажил орлогогүй хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад өртөх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн намар нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 40-60 насны эмэгтэйчүүдтэй ярилцаж байхад, ач зээгээ өсгөж гэр орны хамаг ажлыг нь хийчихээд “Юу ч хийхгүй зүгээр сууж байж...” гээд хүүхдэдээ загнуулан амьдрах шиг хэцүү юм алга. Хүүхэд хардаггүй бол өөрөө чадах ажлаа хийгээд чөлөөтэй амьдармаар байх юм. Тэгж хэлэхээр “Хөгширч үхэх гэж байж таны ажил хийнэ гэж юу байсан юм” гэж загнаад ажил ч хийлгэдэггүй хэмээн ярьцгааж байсан юм. Мөн хорооны нэгэн эмэгтэй /60 настай/ “Найман ач зээгээ өсгөсөн. Одоо би өөрийнхөөрөө л амьдармаар байна” гэж байсан нь санаанд тод үлджээ.
Дээр дурдсан тохиолдлуудыг өнөөгийн хүмүүсийн “зоосны нүхээр харах” сэтгэлгээгээр авч үзэх юм бол, ээж аав нь хүүхдийг нь өсгөж өгсөн тэр хугацаанд хүүхэд асрагчид мөнгө төлөөд хүүхдээ харуулсан бол хэдэн төгрөг зарцуулах байснаа залуус маань өөрсдөө нэг удаа боловч тооцож үзэхэд илүүдэмгүй санагдана.
“Үхтэл үр харам” гэгчээр өөрсдийг нь төрүүлж өсгөчихөөд, ач зээгээ ч бас өсгөнө гэдэг нэг талаас сайхан. Гэвч нөгөөтэйгүүр, ялангуяа хот суурин газар амьдарч буй бол өөрийн гэсэн эрх чөлөөгүй, орлогогүй байснаас чадах ажлаа хийж хүссэнээрээ амь зуух боломжтой байвал ийм эмгэнэлтэй дүр зураг бий болохгүй юм. Тэр өдрүүдэд би залууст хандаж “Чиний эцэг эх чамайг төрүүлж өсгөсөн. Энэ нь бүрэн хангалттай. Одоо та нар өөрсдийнхөө хүүхдийг өөрсдөө өсгөцгөө” гэж хэлмээр санагдсанаа фэйсбүүкт нийтлэхэд тааламжтай хүлээж авах хүн цөөн байсан юм.
Тэгэхээр 40+, 50+ насныхны нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж, тэдэнд хандах нийгмийн сэтгэлгээнд өөрчлөлт хийхгүйгээр тэтгэврийн насны шинэчлэлтийг бүрэн төгс хэрэгжүүлнэ гэдэг төсөөлснөөс хавьгүй хэцүү байхаар байна. Ийм нөхцөлд өнөөгийн Засгийн газар хуулиа хэрэгжүүлэхийн тулд хий дэмий дороо дэвхцэн үнэн худал нь үл ойлгогдох мэдээллээр аргацаахаас хэтрэхгүй, үр дүнд нь ард иргэдийн бухимдал улам нэмэгдэж хуулиа дахин дахин өөрчлөх шаардлага гарвал яах вэ? Тэгээд ч засаг солигдох бүрт бодлогоо солиод, хуулиа өөрчлөөд байвал юу болж дуусах юм бэ?  
(“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай Монгол Улсын хууль” бүрэн эхээрээ:http://www.legalinfo.mn/law/details/383)

2018 ОНООС ЭМЭГТЭЙ 60, ЭРЭГТЭЙ 65 НАСАНДАА ТЭТГЭВЭРТ ГАРЧ, НДШ НЭМЭГДЭНЭ
Эрх баригчид “тэтгэвэрт гарах насаа иргэд өөрсдөө сонгоно” хэмээн ам уралдан ярьцгааж байгаа. Энэ үнэн үү? Эсвэл сонгуульд санал авахын тулд ярьж эхэлсэнээ зогсоож чадахгүй үргэлжлүүлсээр л байна уу? Эрх баригчдын ам, ажлын зөрүүг дараах баримтуудаас харцгаая.
Баримт 1.
УИХ-ын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-иар эрэгтэй “60 нас” гэснийг “65 нас” гэж, эмэгтэй “55 нас” гэснийг “60 нас” гэж өөрчлөлт оруулахаар заасан бөгөөд энэ заалт 2018  оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.
PS: Ирэх 2018 оноос эхлэн эрэгтэй 65, эмэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарна гэж ойлгогдож байна.
Баримт 2.
“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 29-р тогтоолыг мөн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталжээ. Уг тогтоолын 12 дахь заалтад “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмсэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийн тоог бууруулсан нь иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлж байгаад хяналт, үнэлгээ хийж үр дүнг жил бүр Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулж байх;” гэж цагаан дээр хараар бичсэн байна.
Баримт 3.
Түүнчлэн НДШ дэх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 2007 оноос өмнө 19 хувь /ажил олгогч 9,5 хувь, даатгуулагч 9,5 хувь/ байсныг 2007 онд 14 хувь /ажил олгогч 7,0 хувь, даатгуулагч 7,0 хувь/  болгон бууруулсан нь өнөөдөр ч мөрдөгдөж буй. Тэгвэл  2018 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн буцаад 19 хувь /ажил олгогч 9,5 хувь, даатгуулагч 9,5 хувь/ болно гэдгийг та анзаарсан уу?
Үүнтэй хамт НДШ-ийн дүн: Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ “10.0” гэснийг “12.7” гэж, Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ “10.0” гэснийг “12.5” гэж өөрчлөлт оруулсан байна.Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг мөн л 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэгэн адил хэрэгжих юм.  
PS: 2018 оноос эхлэн ажил олгогч болон хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн төлөх НДШ нэмэгдэнэ гэж ойлгогдож байна.
Баримт 4.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын хууль /2017-04-14/
Он 
Эрэгтэй
Эмэгтэй
Эмэгтэй /4 ба түүнээс дээш хүүхэдтэй/ 
2017
60 нас
55 нас
50 нас
2018
60 нас 6 сар
55 нас 6 сар
50 нас 6 сар
2019
61 нас
56 нас
51 нас
2020
61 нас 6 сар
56 нас 6 сар
51 нас 6 сар
2021
62 нас
57 нас
52 нас
2022
62 нас 6 сар
57 нас 6 сар
52 нас 6 сар
2023
63 нас
58 нас
53 нас
2024
63 нас 6 сар
58 нас 6 сар
53 нас 6 сар
2025
64 нас
59 нас
54 нас
2026
64 нас 6 сар
59 нас 6 сар
54 нас 6 сар
2027
65 нас
60 нас
55 нас
2028
-
60 нас 6 сар
-
2029
-
61 нас
-
2030
-
61 нас 6 сар
-
2031
-
62 нас
-
2032
-
62 нас 6 сар
-
2033
-
63 нас
-
2034
-
63 нас 6 сар
-
2035
-
64 нас
-
2036
-
64 нас 6 сар
-
2037
-
65 нас
-
PS: Ирэх оноос эхлэн тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж ойлгогдож байна.
Энэ бол 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тэтгэврийн нас нэмэгдэж, тэтгэврийн даатгалын шимтгэл 9,5 хувь болсон нь үнэн гэдгийг нотлоход хангалттай хөдөлшгүй баримтууд юм. Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол учраас бид үүнийг хэрэгжүүлж л таарна.
Гэвч яг аль заалтыг нь амьдралд хэрэгжүүлэх юм бэ? Хуулиа мөрдөх үү? Журмаа хэрэгжүүлэх үү? Эсвэл хоорондоо авцалдаагүй янз бүрийн заалтуудыг бүгдийг нь хэрэгжүүлэх гэж оролдох уу? Хөдөөгийн олон салаа замын алинаар нь явахаа мэддэггүй шиг, олон салаа ойлголт төрүүлсэн заалтуудыг цэгцтэй болгож амьдралд бодитойгоор хэрэгжүүлэх арга зам байна уу, Ерөнхий сайд аа?
“Сүх далайтал үхэр амар” гэдэгчлэн одоохондоо нам жим байна. Тэгээд ч амралтын үе учраас иргэд анзаарч эхлээгүй байгаа. Яг хууль хэрэгжээд эхлэвэл юу болох бол гэдгийг тааварлахад ч бэрх!

Ц.Оюунчимэг
WWW.ZINDAA.MN