Monday, October 9, 2017

Эр цэргийн үр сад эх орноо хэзээ ч худалддаггүй юм


Монгол Улсын шинэ ерөнхий сайд томилогдлоо. УИХ-ын чуулганы индэр дээрээс шинэхэн томилогдсон ерөнхий сайд У.Хүрэлсүх гал цогтой, дайчин үгээ хэлж ард түмний хүсэн хүлээсэн бүхнийг бий болгохын төлөө ажиллахаа илэрхийллээ. Монголчууд түүнд итгэж байна. Харин одоо түүнээс “Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн орох вэ?” гэдэг асуултыг асуух нь тодорхой. Шинэ засгийн газраас ард түмэн үнэхээр их зүйлийг хүсэн хүлээж байгаа учраас ийнхүү асуух нь зүйн хэрэг юм. Хуульгүй засаглал, эрх мэдэлтнүүдийн дур зоргоороо авирласан үйлдлүүдээс нэгэнт залхсан ард түмэн маань У.Хүрэлсүхийн “Ардын засгийн газар”-т эцсийн найдлагаа тавьж байгаа билээ.
У.Хүрэлсүхийн засгийн газар нам дотроо сөрөг хүчинтэй гэдэг нь нэгэнт тодорхой болсон зүйл. УИХ-ын 76 гишүүнээс 47 нь чуулганы хуралдаанд оролцож 100 хувийн саналаар түүнийг ерөнхий сайдаар томилсон ч, УИХ дахь МАН-ын бүлгийн 37, АН-ын бүлгийн 8, МАХН-аас сонгогдсон О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан нар чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлээгүй бол МАН дараагийн Ерөнхий сайдыг томилж чадахгүй байх байв. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож саналаа өгсөн гишүүдийн хувьд улс, эх орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, намчирхаж бүлэглэхгүйгээр саналаа өгч дэмжсэнийг нь талархууштай юм. Түүнчлэн өмнөх засгийн газрын танхимын гишүүдээс Ц.Мөнх-Оргил гишүүн чуулганд оролцон дэмжиж саналаа өгсөн байгаа нь энэ хүнд төрийн хүний чигч чанар байгааг харуулсан үзүүлэлт гэж хэлж болно. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлэг 65 гишүүнтэй, Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй 31 гишүүний дийлэнх нь чуулганы хуралдаанд оролцсонгүй. Тэд гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд орж ажиллах сайдуудаа энэ 31 гишүүний төлөөллөөс тодорхой хэсгийг нь авах ёстой гэх “шаардлага” Ерөнхий сайдад тавьсан нь үл ойлголцох шалтгаан болсон гэдгийг холбогдох эх сурвалж хэлж байв.  
Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоогүй МАН-ын бүлгийн гишүүд бол Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Д.Баделхан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, М.Билэгт, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Б.Ундармаа, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Н.Номтойбаяр, Н.Оюундарь, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Б.Чойжилсүрэн, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нар. Тэд энэ засгийн газрын оруулсан аливаа асуудлыг хэлэлцэхэд цаашид ч чуулганы хуралдаанд суухгүй байх өндөр магадлалтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “60 тэрбумын бүлэглэл” хэмээх МАН-ын бүлэг доторх сөрөг хүчин нь шинэ засгийн газрын ажлыг нь хийлгэхгүй байх бүхий л арга замыг эрэлхийлэх нь тодорхой хэмээн ажиглагчид үзэж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “60 тэрбумынхан” тодорхой чиг үүргийн гурван яамыг авахаар улайран тэмцсэн сураг ч дуулдаж буй. Нөхцөл байдал ийм байхад чухалд тооцогдох яамдын сайдаар УИХ-ын гишүүдээсээ томилохгүй бол, МАН доторх 31-ийн бүлэгтээ дарамтлуулах нөхцөл байдал үүсч ч болзошгүй юм.  


ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР “ХҮЧИРХЭГ” БАЙХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй” хэмээн ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы индэр дээрээс хэлсэн. Энэ засгийн газар хамгийн хүчирхэг танхимыг бүрдүүлэх түүхэн үүргийг ард түмнийхээ өмнө хүлээж байна. Ерөнхий сайдын хэлсэнчлэн халуун амь, бүлээн цусаараа хамгаалж ирсэн хамгийн том баялаг маань Монгол эх орон, газар шороо маань билээ. Эх орныхоо сөөм газрыг ч харийнхны мэдэлд өгөхгүй байх үүрэг хүлээсэн нэгэн чухал яам бол Байгаль орчин, аялал жуулчлалын яам юм. Энэ яамыг хэн удирдахаас газар шороо маань бүрэн бүтэн байх эсэх, монгол хүн эх орондоо амар тайван амьдарч чадах эсэх нь шууд хамааралтай болохыг өнгөрсөн гашуун туршлага бидэнд харуулж байна. Өмнөх сайдын үед хөрөнгө мөнгө, эрх мэдэл бүхий зарим хүмүүст олон мянган га-гаар нь газар өмчлүүлэн эзэмшүүлсэн, тэр ч байтугай харийнхны мэдэлд өгсөн асуудал хүртэл ил, далд яригддаг байлаа. Чухам үнэнийг олж сурвалжлан олон нийтэд мэдээлэх нь эрэн сурвалжлах сэтгүүлчдийн үүрэг юм. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвшөөрлөөр хятад иргэд мянга мянгаараа визгүйгээр Монголын хилийг даван орж ирсэн дуулиан дэгдэж олон монголчуудын сэтгэлд түгшүүрийн харанга дэлдсэн нь энэ яамыг онцгой анхаарлын төвд оруулах ёстойг сануулсныг хүмүүс мартаагүй байна.  
Шинэ засгийн газрын хувьд, энэ мэт алдаа завхрал дахин хэзээ ч давтагдах ёсгүй юм. Үүний тулд зарчимтай, ёс зүйтэй, эх оронч зүрх сэтгэлтэй, УИХ-аар асуудлаа шийдүүлж чадах нөлөө бүхий хүнээр тус яамны сайдыг томилох ёстой болж байна. Гэвч тэр хүн нь хэн байж болох вэ?



Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Б.Саранчимэг нарын нэр тус яамны сайдад яригдаж байгааг хэвлэлд мэдээлсэн. Энэ чухал яамны сайдыг УИХ дотроосоо томилохоор яригдаж буй нь туйлын зөв юм. Сайд нь зангарагтай хүн байж л УИХ-д асуудлаа шийдүүлж чадна. Гэхдээ хүнээ зөв сонгож томилох нь энэ засгийн газрын хувьд хамгаас чухал. Энэ хоёр нэр дэвшигчийн хувьд туршлага, ажил хэрэгч чанар огт дутагдахгүй. Ц.Гарамжав бол Монголын томоохон компанийг толгойлж амжилтад хүргэж чадсан хүн. Гэхдээ саявтархан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Сайд болох сонирхолгүй" хэмээн мэдэгдэж амжсан. Харин Б.Саранчимэг гишүүний хувьд байгаль орчны асуудалд нэлээд санаа тавьдаг хэдий ч, түүнийг улс төрийн өнцгөөс нь харвал, Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаанд оролцоогүй. Нөгөөтэйгүүр Ц.Гарамжав, Б.Саранчимэг нар хоёулаа уул уурхайтай холбоотой томоохон ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс. Иймд тэдний хэн нь ч нэр дэвшлээ гэхэд, байгаль орчныг хамгаалах асуудал дээр уул уурхайнхны ашиг сонирхлын эсрэг хатуу байр суурьтайгаар зогсож чадна гэдэгт туйлын их эргэлзэж байна. Харин тэдний оронд ашиг сонирхлын зөрчилгүй өөр хүнийг нэр дэвшүүлбэл асуудал арай өөрөөр эргэж болох юм.  




Тухайлбал, өмнөх ЗГ-ыг огцруулах асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр гишүүдийн хэн нь хэн бэ гэдэг нь нэгэнт танигдсан гэж болно. Гишүүдээс онцгой эр зориг гарган тэмцсэн эмэгтэй гишүүдийг би энд онцлон дурдахыг хүсч байна. Тэд бол УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар. Эмэгтэй гишүүд маань “60 тэрбумын бүлэглэлийн эсрэг” байр суурин дээрээ хатуу зогсож, шударга ёсыг тогтоохын төлөөх тэмцлийг чуулганы танхимаас хийж байсныг нь хүмүүс мартаагүй байна. Сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүлзүйн гал тогооноос улс төрд орсон эмэгтэй гишүүдийн зарчимч байр суурь, эр зориг нийгэмд үлгэр дуурайл болж чадсан билээ.  
Ялангуяа УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлийн хувьд чуулганы танхимаас үгээ хэлэн тэмцэж, иргэдийнхээ болон сэтгүүлчдийн дуу хоолой болж ирснийг нь хэвлэлд олонтоо мэдээлж байсан. Тэрбээр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд ч иргэдийн санаа бодол, хүсэл зориг юунд чиглэгдэж байгааг сайн мэдэх хүний нэг. Эх орны өнцөг булан бүрээс тус байнгын хороонд хандаж ирүүлдэг иргэдийн захидлыг тэр өдөр бүр задлан уншиж байгаа. Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал бэрхшээл, түүний дотор Монголынхоо газар нутаг, байгаль орчноо хамгаалах бодлогыг сайжруулахад анхааран туслаачээ хэмээн эцсийн найдлага тээн бичсэн олон захидлыг тэр уншсан. Хэрвээ энэ бүхнийг шийдэх боломж, эрх мэдэл нь байдагсан бол ийм арга замаар шийдэхсэн гэдэг гарцыг ч бас тэрбээр олж харсан байж таарна. 




“ХҮЧИРХЭГ” ХЭМЭЭХ ТОДОРХОЙЛОЛТОД НИЙЦЭХ ЦӨӨН ХҮН БИЙ   

УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдож, улс орныхоо хөгжлийн чухал шийдвэрүүдийг батлалцаж, хууль тогтоох үйл ажиллагаанд даацтай хувь нэмрээ оруулж ирсэн Д.Сарангэрэл бол МАН-ын бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, нэр хүнд бүхий улстөрч эмэгтэйчүүдийн нэг юмТүүний аав, ээж хоёр энэ намын батлахыг зүрхэн тус газраа нандигнан авч явдаг гишүүд нь байсан. Аав нь цэргийн хүн байлаа.
Тэрбээр Монголын Үндэсний телевизийн мэдээллийн агентлагт сурвалжлагчаас хариуцлагатай редактор, ерөнхий редакторын албан тушаал хүртэл дэвшиж, 1995 онд нэг жил "ММ" агентлагийн захирлаар ажиллаж байв. Улмаар ТВ-5 телевизийн ерөнхий захирлаар ажиллаж, 2005 оноос МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдож таван жил хийсэн ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн. “Монгол Ардын намыг сэтгүүл зүйн ажлаараа дэмжихийн дээдээр дэмждэг байсан. Ийм байхад дөнгөж намд элссэн, 2-3 жил болсон нь битгий хэл намд 15-16 жил болж байгаа хүн ч надтай ямар нэгэн юм яриад байх хэрэг байхгүй” гэж олны амыг таглаж байсан удаа түүнд бий. Өөрийн бодолтой, хатуу байр суурьтай, үзэл бодолдоо үнэнч хүний амнаас л ийм үг гарах боломжтой билээ.
2012 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр сонгогдон, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа Д.Сарангэрэлд намынх нь гишүүд төдийгүй бусад намынхан, сонгогчид нь ч ам сайтай байдаг нь өдгөө нууц биш. Тэрбээр нэгэнтээ Сэтгэл хөөрч баярлаж байна. Хатан Туул ээжийн нулимсыг урсган байж, Улаанбаатарчуудаа ундны усгүй болгон алдсан карьеруудын үйл ажиллагааг хотын дарга бүрмөсөн зогсоолоо. Одоо Туул голыг тойрон талыг там болтол ухаж сэндийлэн хүн, малыг гишгэх газаргүй болгосон нүхнүүдийг буцаан тэгшилж,  нөхөн сэргээлт хийх ажлыг гүйцэтгүүлэх үлдлээ. Хотын даргадаа баярлалаа. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд, ажлын албандаа баярлалаа. Та бидний ажлын үр дүн гарсаар байна” хэмээн фэйсбүүк хуудасдаа бичсэн байдаг. Байгаль эхийнхээ төлөө гэсэн түүний сэтгэл зүтгэлийг илэрхийлэх үүнээс өөр нотолгоог хаанаас олох билээ. Ийм хүнээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг удирдуулаад, эх орныхоо газар нутгийг хариуцуулж, ямар ч мөнгө, эрх мэдлийн өмнө бууж өгөхгүй байх хатан зориг, ёс зүй, зарчимч байр сууриар нь бахархаад явах боломж бидэнд байна шүү дээ.
Үнэхээр л хүчирхэг засгийн газар бүрдүүлье гэвэл хүчирхэг сайдуудыг томилон гаргаж ирэх учиртай. “Хүчирхэг” хэмээх тодорхойлолтод нийцэх цөөн хүний нэг нь УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл мөн гэдгийг шинэ Засгийн газрын тэргүүнд нь дуулгахад илүүдэхгүй хэмээн үзсэн минь энэ. Нийгмийн сэтгэл зүй, сонгогчдынх нь итгэл, хүлээлт ч үүнийг шаардаж буй гэдэгт эргэлзэхгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг Д.Сарангэрэлд итгэн даатгаж болно. Учир нь “Эр цэргийн үр сад эх орноо хэзээ ч худалддаггүй юм”.  

Ц.Оюунчимэг


No comments:

Post a Comment