Wednesday, October 25, 2017

Д.Сарангэрэл: Үг, үйлдэл маань үлгэр дууриал болж байгаа гэдэгт эргэлздэггүй


"Зиндаа” сэтгүүлийн энэ дугаарын “Үлэмж төгөлдөр” булангийн зочноор УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Даваажанцангийн Сарангэрэл уригдлаа. Фото зургийн лаборантаар ажлын гараагаа эхэлж, сэтгүүлч мэргэжил эзэмшин 20 гаруй жил ажилласан тэрбээр улс төрд хөл тавиад хоёр дахь парламентдаа сонгогдоод байгаа билээ. Илүү дутуу үггүй “жин тан” байхыг эрмэлздэг, шулуухан үгээр хэлье гэснээ хэлчихдэг, хийе бүтээе гэсэн сэтгэлтэй, түмний төлөө зүтгэх эрхэм үүргээ төгс ухамсарласан улстөрч хэмээн түүнийг тодорхойлж болно. Д.Сарангэрэл гишүүнтэй улс төр, сэтгүүл зүйн сэдвээр нээлттэй ярилцлага өрнүүлж амьдрал, үзэл бодлынх нь талаар илэн далангүй ярилцсанаа уншигч танд хүргэе.

Та УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон эмэгтэй улстөрчийн хувьд өөрийн үүрэг, манлайллын хэм хэмжээг ямар байх ёстой гэж үздэг вэ?  
Эмэгтэй хүнийхээ хувьд хатуу улс төрийг зөөллөх, нийгмийн чиглэлийн асуудалд түлхүү анхаарах зэрэг бүсгүй хүний оролцоо шаардлагатай асуудал, нөхцөл байдал хааяа үүсдэг. Сонгогчид маань итгэл даах хүн гэж сонгосон болохоор зүтгэл гарган ажиллахыг хичээдэг. Тэгэхээр сонгогдсон гишүүний үүрэг нэн чухал. Харин манлайлагч байх нь өмнөх ажлаа сайн хийх, залхуурч хойш суулгүй идэвхтэй ажиллах тухай ойлголт гэж бодож байна.

Та тойрогтоо хэр олон удаа ажиллаж амжив? Танай тойргийн сонгогчдын өмнө тулгамдсан ямар асуудал байна вэ? Шийдлийг нь та хэрхэн харж байгаа вэ?  
Тойрогтоо ажиллаж амжилгүй яахав. ХУД-ийн 12-р хороо буюу нийслэлийн алслагдсан хороо Биокомбинатад газрыг нь ухаж элс хайргыг нь аваад, сул шороог нь үлдээгээд явчихсан асуудалд иргэд бухимдаж байна. Хүн явах, мал бэлчих газаргүй болгочихоор бухимдалгүй яахав. Энэ асуудлыг анхаарч ажиллаж байна. Цахилгаангүй 40 шахам өрхийн асуудал шийдвэрлэгдсэн. Ажилгүйдэл бас л тулгамдсан асуудал.
Сонгуулийн сурталчилгааны үеэр Биокомбинатад Унгарын Засгийн газраас хэрэгжүүлэх 25 сая долларын төслийн хүрээнд энэ комбинат маань бүрэн шинэчлэгдэж ажлын байр олноор бий болохоос гадна хорооны дэд бүтэц, халуун хүйтэн ус, дулааныг шийдэх боломж давхар бүрдэх талаар ярьж явлаа.
Энэ оны гуравдугаар сараас ажил нь эхлэх боломжтой гэсэн сайхан мэдээ байгаа. Мөн ”Харгиа” цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрийн үнэрт хүндхэн амьдарч буй явдал, цэцэрлэг хүрэлцэхгүйн зовлон гээд асуудал байна аа. Асуудлыг шийдэхийн төлөө тууштай ажиллана. Манай Засгийн газар, УИХ нэгдмэл нэг хөтөлбөртэй. Багаараа иргэд, сонгогчдынхоо итгэлийг дааж ажиллана.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд та УИХ- ын чуулганд ямар асуудлуудыг оруулж хэлэлцүүлэв, ямар үр дүнд хүрэв?  
Өргөдлийн байнгын хороо бол иргэдтэй хамгийн ойр, амьд холбоотой ажилладаг УИХ-ын чухал бүтэц. Байнгын хороо нийгэмд анхаарал татаж байгаа олон асуудлаар хэлэлцүүлэг хийж, дүгнэлт, чиглэл гаргаж Засгийн газар, холбогдох байгууллагуудад өгч байна. Ажлын байр нэмэгдүүлэх, Улаанбаатарын утаа, Туул голын бохирдол, ”Үдийн цай” хөтөлбөр, Байгаль орчны нөхөн сэргээлт, Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, Түрээсийн орон сууц зэрэг чухал асуудлаар хэлэлцлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нар байнгын хорооноос гарсан чиглэлийн дагуу ажлын байр бий болгох, карьеруудын үйл ажиллагааг хуулийн дагуу зохицуулах талаар богино хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа мэдээллээ. Энэ жишгээр ажиллавал байнгын хорооны ажил үр дүнтэй байх ньгэсэн өөдрөг дүгнэлттэй байна.

Иргэд ихэвчлэн ямар асуудлаар өргөдөл ирүүлж байна вэ?  
Өргөдлийн 90 шахам хувь нь хувийн асуудлаа шийдвэрлүүлэхийг хүссэн байдаг. Өнөөдөр иргэдийн амьдрал хүнд байна. Иргэд асуудлыг нь шийдээд өгөх болов уу гэдэг үүднээс манай байнгын хороонд ханддаг. Харамсалтай нь Өргөдлийн байнгын хороонд тэр мөнгө нь байхгүй юм. Гэхдээ бид нэг ч иргэний өргөдөлд “дүлий” ханддаггүй. Хариуцсан байгууллагуудад өргөдлийг нь хүргүүлээд хариуг нь тухайн хүндээ бичгээр хүргүүлдэг.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг батлан гаргах ажил дараагийн парламент дамжин хэрэгжиж байна. Энэ хуулийн гол ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?  
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол нийгмийн захиалга болсон хүлээлт ихтэй хууль байлаа. Энэ хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдсэн иргэн хүн заавал мэдээлж байхаар хуульчилсан нь бусдын хэрэгт “дүлий” ханддаг байдлыг үгүй болгох боломжтой. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээллийг хууль хяналтын байгууллагад заавал өгөх үүргийг иргэн хүн хуулиар хүлээж байна. Хуулиа зөрчвөл торгуулийн арга хэмжээ хүлээнэ. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хэн нэгний эрүүл мэнд, амиа алдах эрсдлийг бууруулах, цаг алдалгүй арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Өмнөх парламентад эмэгтэй гишүүдийн бүлэг нийгмийн асуудлуудыг шийдэхэд чиглэгдсэн цөөнгүй хуулийг батлан гаргахад санаачилгатай оролцсон. Тухайлбал, “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн нийгмийн ач холбогдол нь юугаар илэрхийлэгдэх бол?  
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль үргэлжлэн хэрэгжиж байгаа. Хилийн отряд, заставт хүрсэн байна. Баян-Өлгий аймаг дахь ... дугаар хилийн застав хүүхэд харах үйлчилгээтэй болсон тухай хамгийн сүүлийн мэдээлэл байна. Энэ жилд гэхэд л төсөвт 6 тэрбум орчим төгрөг тусгасан. Цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа үед энэ орон зайг эзлэх чухал шийдэл гэж ойлгодог.

Хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настанд чиглэсэн ямар шинэлэг бодлогыг төрөөс нэмж хэрэгжүүлэх шаардлагатай гэж та үздэг вэ?  
Энэ чиглэлээр хийх шаардлагатай ажлын жагсаалт нэгэнт гарсан. Эдийн засгийн одоо байгаа нөхцөл бололцоонд тулгуурлан, асуудлыг тулгамдсан байдлаар нь эрэмбэлэн шат дараатай хийж хэрэгжүүлээд явж байна. Засгийн газар эмэгтэй гишүүд бидний тавьж байгаа асуудалд онцгой анхаарч эрэмбэ дарааллын хувьд эхэлж шийдвэрлэх асуудлын жагсаалтдаа оруулсан байгаа. Зарим асуудал шийдвэрлэгдэж байна. Тухайлбал, тав хүртэлх насны хүүхдүүдийн эмийн үнийг төр 100 хувь даадаг боллооӨндөр насыг нь хүндлэн 121905 ахмаддаа энэ жилээс эхлэн төр хишгээ түгээх болж байнаАхмадын банкны зээлийн хүү 18 байсныг 15 болголоо. Ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг төвүүдийг бий болгох, ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага бий. Тэтгэвэртээ суугаа ахмадуудын маань 67,5 хувь нь ажил хөдөлмөр эрхлэх, мэдлэг туршлагаа залуу үедээөвлүүлэн үлдээх эрмэлзэлтэй нь судалгаагаар тогтоогдсон.

Иргэдийн амьдрал тааруугаас хүн амын өсөлт санасан хэмжээнд хүрэхгүй байна гэдэг. Хүн амын өсөлтөд анхаарч ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?  
Өнөөдөр нийт өрхийн 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй байна. Нэголзуурхууштай мэдээлэл гэвэл чухамдаа одоо хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүд их байгаа цонх үе юм. Энэ үед нь төрөлтийг дэмжих нь чухал. Судалгаанаас үзэхэд цаашид 5 жил тутамд төрөлт 0,2-0,3 пунктээр буурахаар байна. Одоо хүн амын дундаж өсөлт 2,1 хувьтай байгаа бөгөөд 2025 онд 0,99 болж буурах тооцоог судлаачид гаргажээ. Ийм нөхцөлд төрөлтийг төрөл бүрээр хөхиүлэн дэмжих шаардлагатай гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс хийсэн. Энэ нь эхчүүдийн нийгмийн баталгааг хангаж өгөх, төрөх хүсэлтэй болгоход анхаарах шаардлага бий болсныг харуулж байна. Дээр нь эмэгтэйчүүдийн сурч боловсрох, хөгжиж дэвжих, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг нийгмийн харилцаанд бүрэн оролцох чиглэлд төрийн бодлого чухал гэж хэлэх гээд буй таны санааг дэмжиж байна.


АЛДАРСАН ИТГЭЛИЙГ ЭРГҮҮЛЖ АВЧРАХ ТҮҮХЭН ҮҮРГИЙГ АРД ТҮМЭН МААНЬ БИДЭНД ӨГСӨН ГЭЖ БОДДОГ
Таны хувьд улс төрд орсноороо юуг өөрчилье, юуг нь бэхжүүлье, юуг шинээр төлөвшүүлэн бий болгоё гэсэн бодолтой байдаг вэ? 
Их том асуулт байна. Миний хувьд надад итгэл өгсөн сонгогчид маань эрхэм. Их ажил хийнэ гэж, тодорхой хөтөлбөр санал болгож, түүнд маань итгэж найдаж сонгосон учраас энэ дөрвөн жилд мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ.
УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хууль санаачлах, хэлэлцэх, батлахад оршдог. Энэ ажлаа хийхгүй бол төрийн түшээ гэдэг сонгуульт ажил маань агуулгаа алдана.
Тиймээс ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож тухайн гарч буй шийдвэрт санаа оноогоо тусгах, тэр дундаа манай хөрсөнд буусан, амьдралд нийцэх, хамгийн гол нь ардтүмэнд эерэг тусгалтай төрийн шийдвэр гаргах чиглэлд илүү анхаарч ажиллахсан гэж хичээдэг. Багаараа нэг зорилго, үйлсийн төлөө зүтгэх боломж бүрдсэний үр дүнд ээжүүд нь хүүхдээ хараад гэртээ суухдаа цалинтай, ахмадууд маань насны хишигтэй болж эхэлж байна. Өөрийн амаар энэ тухай ярьж явсан болохоор урамтай л байна. Энэ удаагийн Монгол Улсын төрийн дээд эрхийг барих парламентын сонгуульд миний эгнээнд нь байдаг Монгол ардын нам нэгдсэн хөтөлбөртэй орж ялалт байгуулсан. Иймд ард иргэдийн төрдөө итгэх итгэлийг эргүүлж авчрах түүхэн үүргийг ард түмэн маань бидэнд өгсөн гэж боддог.

Таны улс төрд баримтлах гол чиг шугам тань юу вэ?  
УИХ-д хоёр дахь удаагаа ажиллах явцад хандах зүг маань улам тодорхой болж буйг илүү мэдэрч байна. Улстөрч хүн түмний төлөө ажиллах үндсэн үүрэгтэйг улам бүр ойлгож байна. Үүрэг гэдэг бол хариуцаж хийхээр та дааж авсан ажил, амлалт. Ингэж бодох тусам төрийн албанд ажиллаж буй хүмүүс энэ үүргээ илүү ухамсарлаж, илүү сэтгэл гаргаж ажиллаасай гэж хүсэх боллоо. Ингэж чадвал нөгөө шүүмжлэлд өртөөд байгаа тогтворгүй төрийн алба тогтвортой болно. Төрийн залгамж чанар хадгалагдана. Түмэн олон маань төрдөө сэтгэл хангалуун байна. Ингэж чадсан нам улс төрийн олимпод олон удаа аваргална.
Өөрсдийгөө төрийн албаны тусгай хүн гэж бус, харин ард түмнийхээ үйлчлэгч хэмээн үнэнхүү сэтгэлээс итгэж ажиллавал нэн сайн.
Иргэд сонгогчдын тавьж буй асуудал, Өргөдлийн байнгын хороонд ирж байгаа өргөдлүүд хүссэн хүсээгүй төрийн бүх түвшний дарга, түшмэдтэй хамтран ажиллах, харьцах шаардлагатай болгодог. Хараад байхад тухайн хурлыг тэгсхийгээд аргалаад өнгөрөөх, араас нь хөөцөлдөхөөс нааш хариу өгдөггүй нэг тийм идэвхгүй, сэтгэлгүй байдал ажиглагдах юм. Тиймээс ажил хийдэг, түмний төлөө гэсэн сэтгэлтэй хүн л төрд ажиллах ёстой гэдэг үгийг боломж гарах тохиолдол бүрт хэлж байгаа. Энэ л миний зарчим болж байна даа. Нэгэнт үүрэг ярьсных үүргээ биелүүлэхгүй байгаа, дааж хариуцаж авсан ажлаа хийхгүй байгаа нөхрийг яах вэ. Үүнд өнөөдөр хариулт байхгүй байгаа шүү.

Ер нь эмэгтэйчүүд улс төрд орсноороо нийгэмд ямар өөрчлөлтийг авчрах ёстой юм бэ? 
Хоёр хүйсийн нэгэнд нь тулгуурлаж буй бүхэн доголон хүнтэй адил. Тиймээс хүйсийн тэнцвэртэй байдал нь өөрөө хөгжлийн тулгуур, аль аль хүйсийн оролцоо нь үнэ цэнэтэй. Нөгөө талаас санаа нийлсэн гишүүд, тэр дундаа эмэгтэй улстөрчид эрч хүчээ төвлөрүүлж олон ажлын ард гарч болдог сайн жишиг улс төрд бас бий. Өнгөрсөн парламентад байсан манай 11 эмэгтэй гишүүн улсын болон нийслэлийн төсөвт цэцэрлэг барих санхүүжилт суулгах, Хавдар судлалын үндэсний төвийн барилгын өргөтгөлийн өртөг зэрэг хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг зохион байгуулалттай ажиллаж шийдүүлж байлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эмэгтэй гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Соёлын тухай, Хог хаягдлын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Органик хүнсний тухай зэрэг хууль, тогтоолын төслүүд дээр хамтран ажилласан.
Түүнчлэн эмэгтэй гишүүд дөрвөн жилийн хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай нягт хамтран ажиллаж, улсын төсөв болон гадаадын урт хугацааны зээл, тусламжаар сургууль, дотуур байрны хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавьж ажилласнаар урьд жилүүдээс хамаагүй олон тооны сургууль, цэцэрлэг, дотуур байр, хүүхдийн эмнэлгийн асуудлыг шийдсэн юм. Улсын хэмжээнд нийт 152 цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл энэ хугацаанд баригдсан байдаг.

Одоогийн парламентын эмэгтэй гишүүд ямар асуудалд гол анхаарал хандуулж байна вэ?  
Одоо манай 13 гишүүн ч ялгаагүй хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох ажилд ханцуй шамлан орсон. Жил бүр хүүхдийн тоо нэмэгдэж буй нь цэцэрлэгийн хүртээмжийн нэмэгдлийг нэхэж байна. Архи хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх чиг үүрэг Эрүүл мэндийн яаманд шилжсэн нь эмнэлгүүдэд хүндрэл учруулж байсныг хууль санаачлан Хууль, хяналтын байгууллагад нь буцаах ажлыг шуурхай шийдлээ.
Олон хүүхэд төрүүлсэн ээжийн ажилласан жил хуулийн хугацаа буюу 20 жилд хүрэхгүй бол хамгийн бага тэтгэвэр авдаг байсныг халлаа.Төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан жил нь 1,5 жилээр нэмэгдэж байна гэсэн үгХүүхдээ гурван нас хүртэл нь харж байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл тасрахгүй болж байна. Тэгэхээр таны хэлээд байгаа улс төрд эмэгтэйчүүд байх нь ямар давуу талтай вэ гэдэг асуултад эмэгтэй гишүүд маань үйл ажлаар харуулж чадаж байгаа болов уу.


УЛС ТӨРЖИЛТ, ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДАЛ, АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ХАМГИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ БАЙЖ МЭДНЭ 
Та улс төрд хэр холын зорилготой байгаа вэ?  
Улс төр том тогоо, олон хүний санаа оноо нийлж байж шийдвэр гардаг, үр дүнд хүрдэг учраас багаар ажиллах, ойлголцох, зөвшилцөх нь чухал. Өөрт байгаа нөөц бололцоогоо улс орноо авч явах үйл хэрэгт нэмэр болгох зорилго тээж анх улс төрд хөл тавьж байлаа. Өөр өөрийн хариуцсан ажилдаа эзэн байж, манлайлан ажиллах нь улс төрд хөл тавьсан хүн бүхний үүрэг гэж боддог. Нөгөө талаас улстөрчийн ажил хийгээд байна гэхээсээ илүүтэй хүн зон, нийгмийн төлөө ажиллаж байна гэвэл оновчтой гэж бодогдож байна.

Таны бодлоор, монголын нийт ард түмний өмнө нэн тулгамдаад байгаа ямар асуудал байна вэ?  
Улс төржилт, хариуцлагагүй байдал, авлига хээл хахууль хамгийн тулгамдсан асуудал байж мэднэ. Эдгээр гурван том мангас манайхыг идээд байх шиг байна. Тиймээс ч ард иргэд маань улсын мөнгө төгрөг завшсан, авлига хээл хахууль авсан, оффшор данстангуудыг зарлаж хариуцлага тооцохыг шаардаад байна. Эдгээрийг хууль, журмаар л шийдвэрлэх боломжтой. Хамгийн шударга хариуцлага тооцогч нь эцсийн эцэст ард түмэн шүү.
Улстөржилтгүй хөгжлийн бодлого зорилт чухал. Газрын хэвлий дэх баялаг, газар тариалан, халуун хошуут малынхаа буянаар хүн бүр нь өнгөтэй өөдтэй, улс орон нь хөгжиж дэвжих боломж бололцоо бидэнд бий. Гагцхүү үр өгөөжтэй ашиглаж, нийгмийн төлөө энэ бүгдээ зориулж чадвал хөгжингүй Монгол Улс болох цаг ойрхон. Эрдэмтэн мэргэдийнхээ хийсэн тооцоо судалгаа, тоо баримт, гаднын улс орны туршлагатай харьцуулсан бүтээл туурвилд суурилан хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж ажиллах нь чухал юм.

МЭДЭЭЛЭЛ БОДИТ БАЙХ ЧИГЛЭЛД СЭТГҮҮЛЧИД ӨӨРСДӨӨ ХИЧЭЭХ, РЕДАКЦИЙН ӨӨРИЙН ХЯНАЛТ ЧУХАЛ ГЭДГИЙГ ХЭЛЬЕ
Та сэтгүүлчдийн байгууллагын удирдах албыг хашиж явсан туршлагатай сэтгүүлч. Нийгмийг соён гэгээрүүлэх, нийгмийн сэтгэлгээнд энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлэхэд сэтгүүлзүй ямар үүрэг гүйцэтгэж, хэрхэн ажиллах ёстой гэж та үздэг вэ?
Сэтгүүлзүй үнэн бодит байхаас гадна хүнлэг энэрэнгүй байх учиртай. Эрдэмтэн багш нар маань “Чиний бичиж нийтэлж байгаа бүхний ард хүн байгаа гэдгийг бүү мартаарай” гэж зааж сургадаг байлаа. Энэ салбарт 20 гаруй жил ажиллахдаа хүний муу үзэх захиалгат зүйл нэгээхэн ч хийж явсангүй.
Сэтгүүлзүйн салбар маань сайны хажуугаар саарыг тээж яваа нь таны хэлээд буй энэрэнгүй хандлагаа өөрсдөө алдах явдал байна. Эхлээд энэ дутагдлаа засах хэрэгтэй.
Өөрөө өвчтэй бол бусдыг яаж эмчлэх билээ. Нийгмийг соён гэгээрүүлэх нь сэтгүүлзүйн нэг чухал функц юм. Энэ чиг үүрэг орхигдоод байгаа гэдэгтэй тантай санал нэг байна.

Манай улс шиг цөөн хүн амтай улсад хэвлэл мэдээллийн байгууллага ийм олноор буй болсны давуу ба сул талыг цөөн үгээр хэрхэн тодорхойлох вэ?
Нэгэнт хөрөнгө мөнгөө зарж, хууль номын дагуу бий болсон хэвлэлийн байгууллагыг хаах хумих тухай яриа байж таарахгүй. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг хаасан хэрэг болно. Төр зохицуулж байна гээд ийм тоо томшгүй телевиз, хэвлэлтэй болгосон. Одоо энэ асуудлыг зах зээлийн жамаараа шийднэ гэж үздэг.

Сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн түвшинг та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
Сэтгүүлзүй бол нийгмийг хөдөлгөгч хүч. Сэтгүүлзүй бол ард түмний үнэнийг мэдэх эрх ашиг. Сэтгүүлзүй бол нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэгч. Энэ талаас нь аваад үзвэл та бид хамгийн чухал мэргэжлийн эзэд юм. Тиймээс хариуцлагатай сэтгүүлзүйг хөгжүүлэх явдал өнөөгийн сэтгүүлзүйн тулгамдсан асуудал бол гэж харж байна. Монголын сэтгүүл зүй өөрийнхөө голдрилоор л хөгжиж байна. Манайсэтгүүлзүйд шийдэх ёстой бас нэг асуудал санхүүгийн эрх чөлөө. Мөн сэтгүүлчийн хөдөлмөрийн бодит үнэлгээг бий болгох шаардлага бий. Хууль эрхзүйн орчны тухайд зөв голдрил руу явж байна гэж үздэг. Сэтгүүл зүйтэй холбоотой асуудлыг Эрүүгийн бус Зөрчлийн хуулиар шийдвэрлэх алхмыг одоогийн парламент хийж байна. Сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага сэтгүүлзүйн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж асуудлыг цогцоор нь харах нэг том ажил бидэнд байна гэж бодож байна.

Өмнө нь “соц” нийгмийн үед хяналттай, нийгмийг удирдан чиглүүлэхэд дөхөм болохуйц байдлаар хэвлэн нийтэлдэг байсан. Манайд барууны сэтгүүл зүйн чиг хандлага давамгайлж аливаа алдаа дутагдлыг, мөн төдийлөн тодорхой болоогүй зүйлсийн тухай ч хэт ил тод бичдэг болсон нь хэр оновчтой юм бэ? Балансыг нь яаж тохируулбал зөв юм бол?
Маш чухал асуудлыг та хөндөж байна. Хэвлэлийн эрх чөлөөг хариуцлага байнга дагалдаж явах учиртай. Та бичсэн нийтэлснийхээ хариуцлагыг хүлээж чадах уу, түүнээс гарах үр дагавар танд хамаатай юу гэдэг асуудал гарч ирнэ.
Хагас дутуу мэдээлэл аваад шууд олон нийтэд хүргэж байгаа нь ямар хор уршигтай вэ гэдгийг үргэлж тооцох ёстой. Ойрын хоёр жишээ татъя. Төсвийн тодотгол хэлэлцэж байх үеэр хэд хэдэн салбарт татвар нэмэгдүүлэх тухай асуудал УИХ-д орж ирсэн. Засгийн газар төсөл л оруулж ирнэ. Тэрийг хэрхэхийг УИХ шийднэ. Гэтэл бүх татварыг нэмэх гэж байна гэж шуугиад л архи, тамхи, алтны татвар нэмэхгүй болж байх жишээтэй.
Зүй нь сэтгүүлзүй үүнд шүүлтүүртэй, судалгаатай, мэдээлэлтэй хандаад нийгмийн сэтгэлзүйг зөв бүрдүүлж өгөх үүрэгтэй оролцох ёстой болохоос, мэдээлэлгүй байгаа масстай адил асуудалд хандах ёсгүй байлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг нэг нам өөртөө зориулж өөрчлөх гэж байна гэж бас шуугиад Сонгуулийн ерөнхий хороо гурван өөр институцийн сонгуулийг тусад нь явуулах санал гаргасныг байгаагүй мэт болтол нь гуйвуулж орхисон. Үр дүнд нь, тухайлбал сэтгүүлзүйд хүндээр тусах нэг заалт хуульд үлдсэнийг хэлье. Хуулийн 47.5-д сонгуулийн сурталчилгааны цагийг өдөрт 60 минут гэж заагаад, 47.20- д энэ заалтыг зөрчвөл тухайн телевизийн үйл ажиллагааг 6 сар хаана гэсэн заалтыг засах боломжгүй болгочихсон. Нэг найруулагч маань алдаад 61 минутын нэвтрүүлэг явуулахад зуун хүн хагас жил ажилгүй болно. Социализмын үеийн хэвлэлийн хяналт, главлет-ыг эргэн санагалзаагүй ч асуудлыг илж бус ухаж хандах, мэдээлэл бодит байх чиглэлд сэтгүүлчид нэн түрүүнд өөрсдөө хичээх, редакцийн өөрийн хяналт чухал байгаа гэдгийг хэлье.

Та манай сэтгүүлийн хуудсаар дамжуулан нийт сэтгүүлчиддээ хандаж юу хэлэх вэ?
Сэтгүүлчид бол ард түмнийхээ үнэнийг мэдэх эрх ашигт үйлчилдэг хамгийн хариуцлагатай салбарын дайчид. Дөрөв дэх засаглалд саад бэрхшээл их байгаа ч даваад гарах эх оронч сэтгэл зүтгэл манай сэтгүүлчдэд түүнээс ч их байгаа гэдэгт итгэж явдгаа илэрхийлье.

АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ИХ ХӨДӨЛМӨРЛӨСНӨӨ Л САЙН САНАЖ БАЙНА
Монголын улстөрч байхын тулд дэлхийн улстөрч байх хэрэгтэй гэдэг. Энэ талаар таны бодлыг сонсъё?
Өнөөдөр Монгол Улс маань өөрөө дэлхийн улс болчихоод байна шүү дээ. Манайд болж буй үйл явдлыг дэлхийн мэдээллийн томоохон агентлаг, сайтууд тэр дор нь шүүрч аваад мэдээлж байна. Бид байгалийн баялаг, улс төрийн өнгө төрхөөрөө ч дэлхийн анхаарлын төвд байна. Хамгийн гол хэлэх зүйл бол хоёрхон орны дунд, тэгэх тусмаа нэгэнтэй нь огт харьцаагүй явж ирсэн үеийнхэн, одоо цагийн залуусын үетэй харьцуулахад газар тэнгэр шиг өөр болжээ. Өөрөөр хэлбэл манай залуучууд дэлхийн залуучууд болсон.
Дэлхийтэй ижил тэнцүү харьцах тэр мэдлэг мэдээлэл дунд байна. Тэдэнтэй ижил хэлээр ярьж ойлголцох чадвартай болжээ. Би гадаад хэл гэдэг утга илэрхийлээгүй шүү. Тэдэнтэй ижил сэтгэж, ижил мэдээлэл авч, ижилхэн интернетээр аялж байгаа учраас залуус, хүүхдүүдээ дэлхийн хүн болсон гэдгийг тодотгох гэсэн юм.
Өнөөдөр манай монголчуудын цаг иржээ гэж боддог. Шатрын тэмцээнд УИХ-ын даргаараа үнсүүлж үдүүлсэн бяцхан охин дэлхийн аварга болоод ирж байна. Оюун ухааны тамирчдыг хар. Спортынхныг аваад үз. Урлагийнхныг хар. Мариинскийн их театрт Монгол залуу гоцлол дуучнаар уригдан ажиллаж байна. Монголчуудын маань тэнгэрлэг заяаны илэрхийлэл гэж бодож бахархдаг. Тиймээс улс төрчид нь дэлхийн дайтай сэтгэх учиртай гэсэн үг гэж таны асуусныг ойлгож байна даа.

Та улс төрд орсон цагаасаа өнөөг хүртэл хүрсэн ололт амжилтаа нэгтгэн дүгнэж үзэв үү? Энэ бүхнээ цөөн үгээр тодорхойлбол та юу хэлэх вэ?
Та надтай ярилцаж суугаад ажигласан буй заа. Би энд тэнд үг хэлэх, сэтгүүлчийн асуултад хариулж байхдаа мэргэн цэцэн байхсан гэж төдийлөн хичээдэггүй. Тухайн үед юу бодогдож буйгаа илхэн гаргаад хэлчихдэг. Зөв бурууг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ нь дандаа үнэн үг байдаг болохоор үг цээжлэх, мартаж зовох асуудал үүсдэггүй сайн талтай. Одоо төрийн албаны хүний үг, үйлдэлд нийгэм нэлээн шүүмжлэлтэй ханддаг болсон байна. Өмнөх парламентад нэг сэтгүүлчийн “Парламент танд ямар санагдаж байна” гэсэн асуултад “Энэ миний хоёр дахь их сургууль болж байна” гэж хариулсныг оюутан болжээ гэж ойлгосон байсан. /Инээлдэв/ Харьцангуй өөртөө итгэлтэй, түмний төлөө зүтгэх эрч хүчтэй, хэлсэн ярьснаа хийж хэрэгжүүлэх эрмэлзэл дүүрэн болжээ. Энэ бол багагүй ололт гэж бодож байна.

Сэтгүүл зүй, улс төрийн ажил бол цаг наргүй алба. Таны хань таныг ойлгож, дэмжиж ирсэн учраас л та амжилтаас амжилтад хүрч яваа байх. Гэр бүлийн хүнээ танилцуулна уу?
Бид арван жилийн нэг ангийн хоёр. Хань маань даруу төлөв атлаа ажил хэрэгч, амьдралын баяр баясгалантай хүн. Надаас юу хүсч байгааг минь асуудаг цорын ганц хүн. Үүгээр л хань минь надад хэрхэн ханддаг, тэр минь миний нэгэн даль жигүүр гэдгийг илэрхийлэхийг хүслээ. Аядуу зөөлөн зантай, архи тамхи хэрэглэдэггүй, ажлын төлөө л хүн.
Ангийн маань багш Буянцогийн Мөнхжаргал гэж орос хэлний багш сайхан эмэгтэй байдаг юм. Би ангийн дарга байсан болохоор багштайгаа ойрхон байдаг байлаа. Багш маань надад удам сайтай хүнтэй л ханилах хэрэгтэй гэдэг байлаа.
Энэ үгээ багш маань баян тарган, бололцоотой айлын хүүтэй гэрлэх гэдэг утгаар бус зөв хүмүүжилтэй, хатуу хахир зангүй, муу үйлийг үл тэвчдэг тийм гэр бүлийн хүүтэй ханилан суугаарай гэдэг санаагаар захьдаг байсан. Багштайгаа бид хоёр одоо ч холбоотой. Нөхрийн маань магтаал сэтгүүлийн нэлээн хуудас, орон зайг эзэлнэ шүү. Тийм болохоор ингээд зогсъё.

Эр хүний ямар зан чанарыг хүндэтгэдэг вэ? Ханийнхаа ямар зан чанарт нь сэтгэл татагдаж байв? Романтик дурсамжаасаа хуваалцана уу?
Эр хүний шулуун шударга, хээ хуаргүй зан аятайхан санагддаг. Манай монгол эрчүүд ерөнхийдөө тийм зан чанартай даа. Эхлээд ер нь ханийнхаа даруу төлөв зан төрхөнд нь татагдсан байх шүү. Залуу үеийн романтик дурсамж нэг их санаанд орохгүй байх чинь ээ. Бид хоёр нэлээд зугаалдаг байснаа санаж байна. /инээв/. Залуудаа бид хоёр маш их ажилласан. Амьдралын төлөө их хөдөлмөрлөснөө л сайн санаж байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэгчлэн амжилтад хүрсэн шүү. Ёстой ариун цагаан хөдөлмөрөөрөө өнөөдрийн амьдрал ахуй, ажил бизнесээ бий болгосон болохоор бахархалтай байдаг.

Таны ширээний ном? Та хамгийн сүүлд ямар ном уншив?
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн “Титэм үг” хоёр боть манай гэр бүлийн ширээний ном. Ухаарал, сургаалыг тэндээс олдог. Ном байнга уншдаг. Оройдоо хоёр, гурван хуудас ч болтугай ахиулдаг. Одоо “Путин ба Путинчууд” нэртэй орчуулгын ном уншиж байгаа.


САЙХАН ХООЛ ХИЙЖ ГЭРИЙНХНЭЭ, НАЙЗ НӨХӨД, ЭГЧ ДҮҮСЭЭ БАЯРЛУУЛАХ ТААТАЙ САЙХАН ШҮҮ ДЭЭ
Та их сайхан дуулдаг юм билээ. Таны хамгийн дуртай дуу ямар дуу вэ?
Баярлалаа. Сайхан дуулна гэдгийг яаж ойлгохоос бас шалтгаална шүү. Дуучин хүний үр удам учраас хэм хэмжээ алдахгүй, за бас хоолой салгаж дуулдаг юм бол бий. Гэхдээ бүтэн хоолойгоор дуулж барахгүй. Эвээр л дуулдаг. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг, Ардын жүжигчин А.Энхтайваны ая “Ээжийнхээ ачийг яалаа даа” гэдэг дуунд дуртай. Энэ дууг хоолойндоо бус сэтгэлдээ зориулж дуулан ТВ5 телевизийн “Түмэндээ барих түшээдийн бэлэг” нэвтрүүлэгт оролцсон. Ээжийгээ алдсан хүнд үед энэ дууг сонсож сэтгэлээ дэвтээж байлаа. Сүүлчийн мөчөөс нь өөрийг төсөөлж харж чадахгүй болчихсон үедээ энэ дууг уяран хайлан сонсож ээжтэйгээ байсан сайхан үеэ эргэн санаж элэг зүрхээ дэвтээж байсан болохоор энэ сайхан дуунд дуртай, бас сонсохоос хэзээ ч уйддаггүй. Энэ дуунд бүх хүн дуртай байх даа.

Анх ээж болохдоо та уйлж байв уу? Энэ мэдрэмжээ илэрхийлсэн тэмдэглэл, эсвэл сэтгүүл зүйн бүтээл танд байдаг уу?
Анхны хүүхдээ төрүүлэхэд сэтгэл хөдөлж уйлахаасаа илүүтэй өвдөлтөөс л болж уйлсан даа. Ер нь сэтгэл хөдөлсөн үедээ дөрвөн мөрт бол бас тэрлэнэ ээ. Арван жилдээ, оюутан байхдаа сэтгүүлчээр ажиллаж байхдаа бичсэн хэдэн мөртүүд бий. Сэтгүүлч бүхэн жижигхэн зохиолч байдаг гэдэг дээ.

Та ном бичиж байгаа юу?
Сайхан асуулт байна. Сэтгүүлч болохоор тэрүү мэргэжил нэгт маань яриа хөөрөө өрнүүлэхээрээ энэ тухай асуудаг. Бичих бодол бий. Юун тухай, яаж бичих вэ гэдэг бол ном бичихэд хамгийн гол шийдэл нь. Энэ ойлголтоо цэгцлээд авчихсан байгаа. Чухал алхмаа хийсэн байгаа биз.

Бэрхшээлийг даван туулах эрч хүчийг та хаанаас авдаг вэ? Шантарч байсан үе бий юу?
Аливаа ажлын ард гарч байж санаа амардаг. Одоо бодоод байх нь ээ, аав минь зүйр цэцэн үг их хэлдэг хүн байжээ. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал“ гэдэг юм наадахыгаа хийж дуусга гэдэг байсныг санаж байна. Шөл ихтэй хоол аягалж өгөхөд нь би дуртай ханддаггүй байснаа санадаг юм. Аав идүүлэх гээд “шөлөөр цадаж төлөөр баяждаг“ гэж хэлж байсан юм байна шүү. Эцэг эхийн минь өгсөн хүмүүжил тэвчээр хатуужилд сургасан буй за.

Таныг усан спортоор хичээллэдэг гэж сонсоод бахархаж байлаа. Спортод хэр их цаг зарцуулж байна вэ?
Усан спортоор хичээллэдэг гэвэл тамирчин болчихно байх. /инээв/. Зав чөлөөгөөрөө бассейнд орохыг боддог. Ширээний теннис тоглодог. Зун зуслан дээр агаарын болон ширээний теннис хүүхдүүдтэйгээ тоглох сайхан байдаг.

Та хүүхдүүдээ бага байхад нь хэр их цаг заваа зориулж чаддаг ээж байв? Та тэдэндээ юуг сургаж, ямар чиг шугамаар хүүхдүүдээ хүмүүжүүлсэн бэ? Танай гэр бүлийн үнэт зүйл?
Эргээд бодоход хүүхдүүддээ бага цаг зарцуулдаг байжээ. Хоёр хүүхдээ 6 сартай байхад нь л ажилдаа орж байсан. Аав ээж ажилдаа ор гэж шахдаг байлаа шүү дээ. Зөнгөөрөө л өсөцгөөсөн. Эмээ нарын дэмжлэг их байсан даа. Ер нь эцэг эх гэдэг өөрсдийнхөө үйлдлээр л хүүхдээ хүмүүжүүлдэг юм билээ. Миний хувьд манай гэр бүлийн үнэт зүйл бол үр хүүхдүүд минь. Тиймээс тэд маань зөв сайхан, эрүүл саруул, амжилт бүтээлтэй явбал сэтгэл минь амар байх болно. Гэр бүлээрээ нэр бүтэн, элэг бүтэн сайн сайхан явна гэдэг их буян заяа.

Чөлөөт цагаа хаана, хэрхэн, өнгөрүүлэх дуртай вэ?
Завтай үедээ хөдөө явах дуртай. Тогоо шанагаа бэлдэж аваад майхан савтай хээр аялах үнэхээр сайхан. Манай хүүхдүүд аялах дуртай. Хөдөө явъя гэхээр багаасаа л баярлаж хөөрцгөөдөг байсан. Хорь хоногоор хөдөөгүүр аялж байсан үе ч бий. Унтахдаа л майхандаа орно.
Хөдөө нутаг, сайхан байгаль дэлхийдээ хүн ер нь татагддаг юм билээ. Аав маань биднийг зунжингаа ойгоор дагуулж самар жимс түүдэг, гол руу загасанд авч явдаг байсан нь байгальд дуртай болоход нөлөөлсөн байх.
Гэртээ байгаа үедээ янз бүрийн хоол, бялуу, амттан хийнэ. Ер нь сайхан хоол хийж гэрийнхнээ, найз нөхөд, эгч дүүсээ баярлуулах таатай сайхан шүү дээ.

ХААН УХААНАА ТҮШИЖ ЯВАХЫГ “ХАТАН УХААН” ГЭЖ ОЙЛГОДОГ
Таны бодлоор, хүний амьдралын хамгийн гол утга учир нь юу вэ?
Амьдралын гол утга учир өөрийн зам мөртэй, зөв сайхан амьдрахад орших байх. Үүнд гэр бүл, ажил төрөл, таныг тойрон буй, тантай хамааралтай бүх зүйл орно гэж бодож байна.

Амьдралын хамгийн сайхан зүйлээс гурвыг нь нэрлэ гэвэл та юуг нэрлэх вэ?
Ээж аав, эх орон, гэр бүл.

Та өөрөөсөө дээш хэдэн үеэ мэдэх вэ? Таны өвөг дээдэс ямар хүмүүс байв?
Ээж маань тайж угсаатай хүн байсан. Тэр үеэс хадгалж ирсэн ном судар нь ч бий. Овгийн нэр нь ч Тайжууд. Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Хөшөөт гэдэг газар мэндэлсэн. Дөрвөн охинтой айлын бага нь. Насаараа тээврийн салбарт нягтлан бодогч хийж байсан, Тээврийн яаманд эдийн засагчаар ч ажиллаж байсан хүн. Үр хүүхдийнхээ тоогоор өр зүрхээ хуваасан хосгүй сайхан ээж байсан даа миний хайртай ээж. Олон хүүхдээ өсгөж өндийлгөх гээд өөрийн жаргалыг орхисон юм билээ, одоо бодоход. Аюулт өвчин тусаагүй бол одоо ч байж байх л байсан.
Бид гэрийнхээ илүү түлхүүрээ ээждээ өгдөг, ээж маань бүгдийг нь эргэж тойрдог, бичиг баримтуудыг ч ээж хадгалдаг байлаа. Хачин нямбай,хариуцлагатай, ажилч хичээнгүй жин тан хүн байлаа. Хишиг-Өндөрт ээжийн маань хамаатан садангууд одоо ч байдаг. Бид ах дүүгээрээ зундаа очиж амардаг, сар шинийн баяраар золгуут хийдэг. Өвлийн идшээ ч тэд нараасаа авдаг. Аавын маань ээж аав энэ орчлонгоос эрт хальсан. Гэхдээ миний өвөө гурван үеийн намтраа бичиж үлдээсэн байдаг болохоор төрөл саднаа сайн мэднэ.
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Зөөлөн гэдэг газар төрсөн, бас л айлын бага хүү. Аав маань Цэргийн ансамблийн гоцлол дуучин “Калинка” Даваажанцан гэдэг хүн байлаа. Нутгийн ах Бяраагийн Чимэдтэй Шинэ-Идэр сумаар Базарын Ширэндэв гуайн тухай баримтат кино хийж нэлээд хэд хоног явах үеэр манай өвөөгийн бууцыг зааж өгсөн. Буурин дээр нь бод малын том шагай байж байсан. Манай Чимэд ах нэг их бурхан шашин гэдэггүй ч “Шагай олох сайны тэмдэг” гэж хэлж байсан юм даг. Тун удалгүй тэнгэрт хоёр солонго татсан. Сонин л санагддаг юм билээ.

Та өөрийгөө энэ ертөнцөд ямар үйл хэрэг бүтээхээр ирсэн гэж боддог вэ?
Энэ асуултад хариулахын тулд бурхны элч гэж өөрийгөө бодох хэрэгтэй болох уу /инээв/. Ямар ч байсан муу үйл хийхээр ирсэн хүн биш ээ. /инээлдэв/

“Монгол эмэгтэйн хатан ухаан” гэдгийг та хэрхэн тодорхойлох вэ?
Хаан ухаанаа түшиж явахыг хатан ухаан гэж ойлгодог. Монгол төрийн, монгол айл гэрийн ч алтан мөнгөн багана нь арга билгийн хослол. Энэ сайхан тэнцвэрийг хангаж явах хатан ухаан монголын сайхан бүсгүйчүүдэд бий.

Монгол эмэгтэйчүүддээ хандаж хэлэх таны үг?
Монголын сайхан эмэгтэйчүүдээрээ бахархдаг. Гэр бүл, үр хүүхдээ гэсэн халуун сэтгэл чухамдаа монгол эмэгтэй, монгол эхэд илүүтэй заяасан гэж боддог. Ээжийн минь үр хүүхэд бидэндээ өгсөн хайр халамж надад ээж минь илүү дээ хэмээх бодлыг өгсөн билээ. Ийм сайхан ээжүүд, эмэгтэйчүүдээрээ бахархахгүй байхын аргагүй.Монголын эмэгтэйчүүд өрх гэртээ төдийгүй улс гүрэндээ чухал байр суурьтай болж чадсан. Эхчүүд эмэгтэйчүүд минь аз жаргал, баяр баясгалангаар бялхаж явахыг хүсье.

Таны бодлоор монголчууд маань ёс заншил, уламжлалаа хэр дээдэлж байна вэ?
Цаг үеэ дагаад уламжлал, ёс заншлаа орхигдуулаад байгаа тал харагддаг. Ялангуяа ахмадаа хүндэтгэх, хайрлах халамжлах ёсон алдагдаж байна. Энэ бол маш буруу. Ах захаа хүндэлдэг, уламжлал, ёс заншлаа дээдэлдэг хүмүүжилтэй болж төлөвшинө гэдэг зөв явахын үндэс. Тиймээс эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, төр засаг, хэвлэл мэдээлэл бүхэлдээ энэ асуудалд анхаарах ёстой гэж боддог.

Таны бага насны хүмүүжил төлөвшлөөс таны хүүхдүүдэд уламжлагдан ирсэн ямар өв соёл байдаг вэ?
Бид аав ээжээсээ ажилч хичээнгүй зан чанарыг нь өвлөсөн гэж боддог. Манайх хүүхэн олонтой айл. Залхуу хүн нэг ч байхгүй. Бүгд айл гэрээ сайхан авч явдаг. Нэгнийдээ баяр ёслолоор очихдоо хүртэл зүгээр хараад суугаад байдаггүй. Одооны хүүхдүүд биднээс өөр. Цаг үе нь тийм юм. Гэхдээ үг, үйлдэл маань үлгэр дууриал болж байгаа гэдэгт эргэлздэггүй. Бичиг цаасны ажлаа дуусаад “Хийе гэсэн ажлынхаа ард гарах үгүй мөн сайхан шүү” гэж хэлээд харахад охин маань тааламжтай инээмсэглэн зогсдог. Энэ нь үглэж яншсанаас илүү үр дүнтэй байх. Эргээд бодоход ээж минь энэ мэтээр миний ажил амьдралын замыг заагч байж дээ.

Та бурханд итгэдэг үү? Өөрийн итгэл үнэмшлээ нэг өгүүлбэрт багтаан хэлбэл?
Бурханы шашиндаа хүндэтгэлтэй ханддаг. Монголчуудынхаа нэгэн адилаар жилийн заслаа хийлгэж, шинийн нэгний өглөө зам мөрөө гаргадаг даа.

Сар шинийн баярын өглөө танай гэр бүлд яаж эхэлдэг вэ?
Цагаан сар бол ахмадаа хүндэлж, ардын уламжлалаа дагадаг их сайхан баяр. Мөрөө гаргах нь шинийн нэгэнд хамгийн түрүүнд манай гэрийнхний хийдэг ёслол. Цайгаа чанаад өргөчихнө. Тэгээд л дээлээ өмсөөд золгуут хийхээр гарна даа.

Хамгийн их сэтгэлд тод үлдсэн сар шинийн баярын дурсамжаасаа хуваалцахгүй юу?
Биднийг бага байхад аав ээж маань айл руу нэг их авч явдаггүй байлаа. Цагаан сараар бол заавал авч явна. Үүнд нь хачин их баярлана. Бэлэг авахаараа бүр ч баярлана. Долоон настай л байсан байх. Жамиа ээж гэж авгайлдаг байсан ээжийн том эгчийнд бүгдээрээ очлоо. Бид нарт бүгдээрэнд нь хэд хэдэн хурганы арьс бэлгэнд өгсөн. Их сонин санагдаж, хурганы арьсаа баахан эргүүлж тойруулж, илж үзээд хэрдээ л бужигнасан. Ээж дараа нь хурган дотортой дээл хийлгэж өмсөж байж билээ. Одоо бодоод байхад миний багад цагаан сараар нэг их чихэр, жимс өгдөггүй байсан байх шүү. Баахан хэвийн боов гэрт цуглачихсан байдаг байсан. Нэг сайхан зүйл нь гэвэл халуун уур савсуулаад бууз банш гаргаж байгаа нь гоё санагддаг байж.
“Зиндаа” сэтгүүлийн сэтгүүлч Ц.Оюунчимэг маань зорин ирж сэтгэлийг минь нээн ярилцсанд талархлаа илэрхийлье. Та бүхэндээ ирж буй гал Тахиа жилдээ төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байж уран бүтээлийн олз омог дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Танд баярлалаа.
Ярилцсан: Ц.ОЮУНЧИМЭГ
“Зиндаа” сэтгүүл, №03/503
2017 оны 2 дугаар сар.

No comments:

Post a Comment