Зиндаа" сэтгүүлийн хоймор "Эрхэм зиндаа" буланд Төрийн хошой шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин, доктор, профессор Нацагийн Жанцанноров уригдан оролцож байна.
Тантай ярилцлага хийхээр бэлтгэж байхдаа өөрийн боломжийн хэмжээнд намтартай тань танилцлаа. Таны тухай Норовжанцан гэгээнтний хойд дүр гэж бичсэн байна. Та үнэхээр гэгээнтний хойд дүр юм уу?
Намайг гэгээнтний хойд дүр л гэдэг юм. Би одоо Ардын жүжигчин, Төрийн хошой шагналтай, доктор, профессор, нэмээд Гэгээнтэн баймааргүй байна л даа. /инээв/
Гэхдээ л /инээлдэв/, Та илүү тодорхой ярьж өгөөч. Их сонирхолтой санагдаж байна.
Би ямар дэлхийн Чингис хааны академийн П.Давааням шиг хааны удмын хүн гэдгээ мэдэх биш. Тийм яриа, түүхэн сурвалж, судалгаа байдаг л юм билээ. Би өөрийгөө Гэгээнтэн гэж боддоггүй. Тэгээд ч Гэгээнтэн хүн заавал урд насныхаа бүх юмыг санах албагүй. /Инээв/ Би нэгэнт урд наснаасаа нэг ч юм санадаггүйгээс хойш... Гэхдээ янз бүрийн яриа хөөрөө байдаг л юм.
Ямар яриа хөөрөө байдаг юм бэ?
Яг түүхэн судалгааны мэргэжлийн хүмүүсийн иш баримттайгаар; 19 дүгээр зууны төгсгөлөөр манай хошууны ноён хатантайгаа Амарбаясгалант хийд рүү очиж мөргөл үйлдэхээр явж л дээ. Тэр бараа бологчид дотор нь миний ижийн талын, нэлээн мал хөрөнгөтэй Хүрэл гэдэг хүн явсан юм билээ. Тэр хүний дүү нь Гомбосүрэн гэж манай ижийн аав. Ижийн талынхныг Хүрэлийнхэн гэж овоглодог, их том удам бий. Амарбаясгалант хийдэд нэг том лам манай хошууны ноёныг угтаж авсан юм гэсэн. Яг угтаж авах үед хошуу ноёны хатны морь нь бусгаад ойчсон гэдэг. Юу болов, яав ийв гээд бөөн юм болж л дээ. Гэтэл тэр лам “Зоволтгүй зоволтгүй, энэ их сайн совингоор танай хатан мориноос унасан байна. Танай хамгийн сүүлчийн Гэгээнтэн энэ Хүрэл хүүгийн төрөлд төрөх юм байна” гээд, манай ижийн нэрийг бараг нэрлэсэн юм байх. Тэр нь Хүрэлийнхний удамд намайг төрсөн гэсэн яриа явсаар байгаад ийм түүх үлдэж.
Та өөрөө энэ тухай анх хэзээ сонсож байв?
1989 онд сонссон. Тэр үеийн өөрчлөн байгуулалтаас өмнө бол юун гэгээнтний хойд дүрийн тухай ярих байхав. Харин өөрчлөн байгуулалтаас хойш зарим мэдээллийг нээлттэй ярилцаж эхэлсэн. Миний ижий 1991 онд бурхан болсон юм. Бурхан болохоосоо өмнө учир начрыг нь ярьж өгсөн нь тэр.
ЗЭЭРД ХАЛЗАН МОРЬ Л БЭЛЭГЛЭ, ӨӨРИЙНХ НЬ УНАА
Таны ээж танд юу ярьсан юм бэ?
Ижийн эцгийн талынхан хар, эхийн талынхан санваартан улсууд байж. Миний эмэг эхийн ах гэхэд лам хүн байсан гэдэг. Ижийг арван хэдтэй байхад манай хошуу ноён хатнаа болгоно гэж ярьж байсан юм билээ. Ижийг маань сайн удамтай санваартан хүрээний охин гэснийх юм болов уу. 1937 оны өмнөхөн ёстой л хатан болдог дээрээ байгаа шүү дээ, нас нь. Ламтан, хошуу ноён хоёр тэднийхээр их ирдэг. Ламтан тэр үед өсвөр насны хүүхэд байж. Манай ээж эд нар тоглож нааддаг хүүхдүүд байсан гэдэг юм. Эхлээд ноён нь баригдаад явсан. Оргож зугтаад, нэрээ сольж Заамарт худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байхад нь хүмүүс таниад, сүүлд цаазлагдсан юм билээ. Ноён баригдаж явахаасаа өмнө манай ээжид нэг пансан цамц өгсөн байдаг. “Чи үхэр мал саахдаа нөмөрч байгаарай. Тэнгэрийн дуу, аянганаас хамгаална. Санаж яваарай” гэж хэлсэн гэдэг. Манай ижий тэр цамцыг урагдаж элэгдтэл нь олон жил бороо шороонд өмссөн дөө.
Гэгээнтэн ер нь ямар хүн байсан бол?
Гэгээнтэн бол хошуу ноёны төрсөн дүү. Мундаг ламтан байж. Халимагтай, опель дугуй унадаг, германаар ярьдаг. Одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт суманд Илдэн бээлийн хүрээ гэж байсан. Өмнөө Сүмбэр уултай. Тэр уул өөд лам нараа жагсааж дасгал хийлгэдэг. Их сэргэлэн. Найранд их дуртай. Энэ бол Говийн Лха- гийн унаа, бурхны унаа гээд зээрд халзан морь унадаг байж. Есөн зүйл суманд Улаан Санжаажав гэж нэг өвгөн байсан юм. Ламтантай их үерхдэг байсан тэр хүн, бурхан болохоосоо өмнө надад нэлээд юм ярьж өгсөн. Санжаажав гуай ламтныг баригдахад хамт байсан гэдэг. Ламтан өглөө малгайгаа буруу харуулаад өмсчихсөн “За одоо миний явах цаг боллоо” гээд суугаад байж л дээ. Үнэхээр ногоон малгайтай улсууд машинтай ирээд аваад явсан гэдэг. Ламтныг 1938 онд Өвөрхангай аймгийн төвийн наад талын цохионд манай нутгийн шар Гомбо гэж хүнээр буудуулсан юм билээ. Тэр хүн сайн сайхан амьдарч чадаагүй. Өөрийн үйлийн сүүдэр тусдаг биз. Зөвхөн ламтныг биш олон хүнийг хороосон гэдэг юм. Домог юм уу мэдэхгүй, ламтныг гурван удаа буудахад үснээс нь улаан гал гараад л унаж өгөхгүй байсан гэж ярьдаг. Гомбо гуай, “Ламтныг хороох гэж даанч хэцүү юм билээ, гурван удаа буудсан. Тэгээд “Гомбо минь, ямар чи буудаж байгаа биш, чамаар буудуулж байгаа юм чинь битгий ай. Чи дахиад зоригтойхон бууд” гэж ламтан хэлсэн. Дахиад буудсан чинь л “пан” гээд явчихсан” гэж ярьсан байдаг.
Айхтар цаг байж дээ...
Айхтар цаг. Түүнээс арваад жилийн хойно, ламтан арван хэд хоног ээжийн зүүдэнд ирж л дээ. Яг унтах гээд зүүрмэглэх зуур нь ламтан толгой хавьд нь ирж завилж суучихаад “Цэрмаа! би танай хүүхэд болъё” гэдэг гэнэ. Сэрээд харахаар алга болчихдог. Хүн амьтанд ч хэлж чадахгүй. Ламтан үгүй болоод арван жил болчихсон байдаг. Өмнө нь нэг ч удаа зүүдэнд орж байгаагүй. Тэгээд л миний хүү гэдсэнд олдсон юм шүү дээ гэж ижий ярьдаг юм. 1949 оны хавар би төрсөн юм билээ. Манай аав аянд явчихсан, аавын дүүгийнх манайхтай айл. Тэр үед манай тэр хавьд шоронгоос суллагдсан Балбар гэж ганц лам байсан юм. Намайг төрөхөөс өмнө, удахгүй хүүхэд төрөх нь ээ гээд очиж асууж л дээ.
Балбар гэлэн гуай, “Өө энэ хүүхэд чинь зүгээргүй хүн байна. Манай Гэгээнтний хойд дүр байна шүү дээ. Яагаад Нацагийнд очоод төрчихдөг байна аа” гэж. Тэгээд “Энэ Гэгээнтний зүүж байсан бурхан надад үлдсэн. Зүүх ёстой хүн нь одоо төрөх гэж байгаа юм байна” гээд мөнгөн хүрээтэй, зэс гуутай бурхан өгсөн байдаг.
Мөн хулгайч хүнээр хүйг нь таслуулаарай гэж. Жанцандорж гэж мал төөрүүлдэг 19 настай хүнээр хүйг таслуулах гээд, одоо 2-3 хоноод төрнө гэсээр байлгаад байж. Ээж өвдөөд намайг унахад, хайч бариулчихсан чинь хаагуур нь огтолдог юм гэж асууж байсан гэж ярьдаг юм. Манай ээж цасанд явж байгаад гэнэт өвдөөд л орой нар жаргах үед төрсөн гэдэг. Нэрийг нь урвуулж Жанцанноров гэж нэр өг, гурав хоноод угаа, зургаа хоноод мал эрсэн цагаан тэмээтэй хүн өмнө зүгээс ирнэ. Тэр хүнийг сайн хооллоод явуул. Их баярлуулахгүй бол аминд нь халтай юм байна шүү гээд Балжир гэлэн зөндөө юм хэлсэн байдаг. Нээрэн л цагаан тэмээтэй хүн ирсэн, баахан ундаалж цайлаад явуулсан гэдэг. Мал эрж явна хэмээн хэлсэн гэж ярьдаг юм.
Яг л хэлсэн байна даа.
Улаан Санжаажав гуай; “Чи ер нь манай хүүхэд байгаа юм” гэж их хэлдэг байсан. Намайг төрсний дараа өргөж авъя гэж олон удаа гуйсан байдаг. Манай аав өгөөгүй юм гэнэ лээ. Ээж бол өгвөл өгчихье л гэж байсан гэдэг. Би 12 дахь хүүхэд нь. Бид арван гурвуулаа төрсөн ч гуравхан нь үлдсэн юм шүү дээ. Их зовлон үзсэн улсууд аа.
Таныг төрийн шагнал хүртэхэд ээж тань их баярласан байх даа?
Тийм ээ. 1989 онд “Мандухай цэцэн хатан” киноны хөгжим хийсэн учир надад Төрийн шагнал олгосон. Зун нь нутагтаа очсон. Төрийн шагнал хүртсэн хүн чинь майхан барьж, айраг сөгнөөд тэр үеийн жишгээр даруухан найр хийнэ шүү дээ. Ёндонноров гэж манай сум, нэгдлийн дарга миний үеийн залуу хүн байлаа. Сагсалзсан хөөрүү нөхөр. Зээрд халзан морь хөтөлсөөр давхиж ирсэн. “Энэ морийг чамд манай нэгдлээс бэлэглэж байгаа юм. Чиний морь гэсэн” гэж байна. Юун чиний морь! гэхэд минь, нутгийн өвөгчүүдээс чамайг Төрийн шагнал авахад, юу бэлэглэх вэ гэж асуусан чинь, “Зээрд халзан морь л бэлэглэ. Гончигийнд байгаа зээрд халзан морь бол өөрийнх нь унаа” гэсэн гэнэ. Тэгээд л бэлэглэсэн. Нутгийн хөгшчүүл бүгд мэддэг байх нь. Энэ Н.Жанцанноров гээд хөгжмийн зохиолч хүн чинь манай гэгээнтний хойд дүр шүү дээ гэж хөгшчүүл сэмхэн сэмхэн ярьдаг байсан байлгүй. Нэгдлийн дарга Ёндонноров бид хоёр юугаа мэдэхэв, залуу хүмүүс.
НАДАД ҮЛДСЭН ЮМ ГЭВЭЛ, ГАНЦ БУРХАН Л БАЙНА
Гэгээнтэнтэй холбоотой, танд бодитоор тохиолдсон түүх байдаг уу?
Намайг Боловсролын яаманд ажиллаж байхад Кубад сургууль төгссөн Лхагвасүрэн гэж байсан юм. Тэдний хадам ээж нь манай гэгээнтний аягач байсан юм билээ. Лхагвасүрэн “Манай хадам ээж таныг дагуулж ирээч” гээд байх юм гэдэг. Нэг орой ажлаа тараад Лхагвасүрэнг дагаад очлоо. Хаалгаар нь орсон чинь “Ээ бурхан минь, Та” гээд бохирч мөргөөд сүйд. Би жанжин Сүхбаатар шиг бос бос гэлтэй нь биш. “Та морил” гээд цай хийж өгөөд, “Та энэ өрөөнд морил, бурхад энд байгаа” гээд оруулсан чинь, жигтэйхэн гоё бурхад байна. Бурхадын өмнө хоёр том цөгц зэрэгцээд байж байгаа юм. “Энэ хоёр том цөгц чинь яагаад ингээд зэрэгцээ байдаг билээ. Дунд нь юм баймаар юм аа” гэж гэнэт бодогдсон.
Танд үнэхээр тийм бодол төрсөн гэж үү?
Толгойд зүгээр л бодогдсон. Уран бүтээлч хүний нүд шүү дээ. Гэтэл тэр хөгшин хэлж байна. “Бурхад маань байгаа, дутуу гуцуу юм бий. Гэхдээ яахав хагас хугас ч гэсэн байгаа” гэж байна. Би “Энэ хоёр цөгцний чинь дунд юм байхгүй байсан юм уу?” гэсэн чинь, “Еэ бурхан минь нэг хүжний хайрцаг байсан, тэр нь ерөөсөө байхгүй. Та яг мэдэж байна” гэлээ. Би ямар хүж энэ тэрийг нь харсан биш. Гэхдээ л би үүнийг тохиолдлын зүйл гэж үзэхгүй байна. Бас би өөрийгөө мэргэн түргэн гэхгүй. Гэхдээ аливаа юманд ямар нэгэн холбоо байгаа. Тийм биш байсан бол надад тэр мэдрэмж төрөхгүй байсан ч байж болно. Гэгээнтэн гэдэгтэй холбоотой товчоор юм уу, дэлгэрэнгүйгээр ярихад ийм. Манай хүрээний түүх, манай хошууны түүхийг бичиж байгаа улсуудын дунд ийм л юм яваад байдаг. Заримдаа гэгээнтэн биш ээ, хошуу ноёны хойд дүр гэсэн юм бичсэн харагддаг. Би аль алинд нь тэгтлээ итгэдэггүй. Надад үлдсэн юм гэвэл, Бурхан багш хоёр шавьтайгаа байгаа ганц тэр бурхан л байна.
Таны аав бороо халхалдаг байсан тухай яриа ээжид тань хошуу ноёноос өгсөн цамцтай холбоотой байж таарах нь уу?
Үгүй. Манай аав бол хүрээнд олон жил суусан хүн. Чойр хурах гээд хурлынхаа хөрөнгийг гаргаж чадаагүй ядуу хүн байхгүй юу. Жаахан хүүхэд байсан болохоор баригддаг тавигддаг зиндааны хүн биш. Хүрээ хийд тараад Хужиртын артель байгуулагдахад тэнд ажиллаж эхэлсэн. Аянчин жинчин болж хувирахгүй юу. Лам нар тэнд унь, тооныг нь хийгээд, манай аав ханын бургасыг нь зөөдөг. Ном сайтай, хүүхдэд их сайн гэгддэг байлаа. Хулгайгаар арц уугиулчихна. Нутгийнхан бол хүүхдээ жаахан тааруу байвал манай аавыг аваачаад ном уншуулчихна. Манайд ном судар тун цөөн үлдсэн. Нас ахиад ирэхээрээ номтой болох гээд л, айлаас Алтангэрэлийн товчлол, эсвэл Сандуйн жүдийн товчлол авч ирээд надаар хуулуулдаг. Би бол түвд үсэг мэдэхгүй, ном мэдэхгүй. Дөрвөлжин бол дөрвөлжин, гурвалжин бол гурвалжингаар нь зураад хуулчихдаг байсан. Аав миний хуулсныг уншаад зөв болж гээд, нөгөө гуйж авсан номоо айлд нууцаар аваачиж өгнө. Миний хуулснаар манайх гэртээ хадгалчихдаг. Миний 6-7 настай байхдаа хуулсан, тус бүр нь арваад хуудастай номнууд манайд бий шүү.
Та урд насныхаа боловсролоор бичсэн юм биш үү?
Тийм юм байхгүй /инээв/. Зүгээр л дуурайж хуулахгүй юу.
Аав тань үнэхээр бороо халхлах шид үзүүлдэг байв уу?
Манай эцэг цаг хэвээрээ байсан бол лам болох ёстой байсан, ядуу айлын хүү. Аавыг энэ чадвараа үзүүлэхийг нь би хэд хэдэн удаа харсан. Бороо орж байгаа зүгт очиж зогсоод гараа хөдөлгөөд л ном уншаад байдаг юм. Бороо орж байгаа нь харагдаад байна. Гэхдээ тойроод явчихна.
Та нар бол норохгүй юу?
Норохгүй. Гэхдээ аав маань тийм алдартай том лам хүн биш ээ. Ёстой нэг амиа аргалчихтайгаа л байсан юм уу даа.
Таны ээжийн талын Хүрэлийнхэн ямар хүмүүс байв?
Ээжийн талынхныг бол хааны удмынх гэсэн яриа байдаг л юм.
Алтан ургийнх гэж үү?
Алтан ураг гэж дэвээд хэрэггүй л дээ. Тийм яриа үлдсэн байдаг юм л гэж байгаа нь тэр.
100-гаад жилийн өмнө манай нутагт нэг их том ган болж урагшаа нүүцгээхэд хошуу ноён, “Ямар улсууд үлдэв” гэхэд нь “Хүрэлийн хэд үлдчихлээ” гэсэн чинь, “Бушуу тэмээ унаш гаргаж тэднийг авчир. Тарвага алаад идчихнэ. Тэд чинь тарвага алж идэж болохгүй улсууд шүү. Хааны удмын улсууд” гэж хэлж байсан тухай хууч яриа бий.
Энэ том удмынхан уржнан жил Хүрэлийнхний ургийн баяр хийхэд 1000 гаруй хүн цугласан. Тэдний дунд гуйлга гуйдаг хүн байхгүй, танагаа алдсан архичин алга. Бас их сонин сэтгэлгээтэй. Манай Хүрэлийнхний хамгийн өндөр настан 100 настай нэг хөгшин бий. “Та хот хүрээ ордог уу” гэсэн чинь, “Ордог оо ордог. Хот хүрээ ч сайхан юм билээ. Манай хүүхдүүд энэ машин түгжирдэгт л ундууцаад байх юм. Наадах чинь ядуугийн зовлон биш баяны зовлон. Битгий ундууцаж бай” гэж хэлсэн гэж ярьсан шүү. Миний бодоогүй талаас нь тайлж байна аа даа. Түүнээс хойш би түгжрээг өөр талаас нь харж эхэлж байгаа юм. Бид юмаа цэгцэлж чадахгүй байгаа болохоос, ядарчихаад байгаа гэсэн үг биш гэж. Тийм том ухаан.
Таны таамаглаж байгаагаар, хааны удмынхнаас одоо ямар хүмүүс байдаг бол?
Өгөдэй хааны үед Хархорин хот улсын нийслэл болж Алтан ургийнхныг энэ гурван голын хөндий рүү нэлээн их татсан гэсэн яриа байдаг. Хэнтий чигээсээ Орхон, Туул, Онги гурвын завсар руу. Ардын жүжигчин Гомбосүрэн гуай, Дөнгөтийн Цоодол, Ардын жүжигчин А.Очирбат гуай, Д.Чойжамц хамба гээд Төв аймгийн Бүрэн сум, түүнээс жаахан баруун нутгийнхныг бол цагаан ястнууд л гэж яриад байдаг юм. Яагаад Самбуу гуай Бүрэнгээс, Гүррагчаа Элсэн тасархай хавиас гараад ирэв. Яагаад Мөнхбат гарч ирээд Хакухотой болчихсон юм. Яагаад Орхоны зүгээс бүр саяхан Сумъяабазар, Дагвадорж, Өсөхбаяр нартай болчихов. Үндэстнээ сайн судлах хэрэгтэй санагддаг шүү. Зүгээр миний хар яриа шүү дээ. Уул нь шинжлэх ухаан жаахан лав ормоор байгаа юм.
ХҮҮХДЭД ӨМГӨӨЛӨЛ ХАМГААЛАЛ МАШ ЧУХАЛ
Та анх хэдэн настайдаа дуулж сурав?
4-5 настайгаасаа л сурсан. Аав маань цагаан идээ, мод, бургас тээж хот, хөдөөгийн хооронд наймаа хийдэг хүн байлаа. Аавын ажиллаж амьдарч байсан гол газар нь 3,4 дүгээр хорооллын Модны хоёр. Дээр үед тэнд модны том зах байсан гэдэг юм. Тэр үеийн сургууль, албан газрууд бүгд л мод түлж, Налайхын нүүрс морин тэргээр татдаг байж. Улсын мод бэлтгэлд шоронгийн хоригдлууд ажиллана. Туулын эхнээс модоо хийгээд салаар урсгаж ирдэг болохоор дандаа нойтон мод. Харин манай аав Түнхэлээс тэмээгээр хуурай мод оруулж ирнэ. Аавыг улсын мод бэлтгэлтэй өрсөлдөж хувиараа мод борлуулсан хэргээр барьж аваад, бүх эд хөрөнгийг нь хураасан. Тэгээд нэгдэл гэж байхгүй юм чинь, бид айлын зарц болохгүй юу даа. Ах бид хоёр айлын хурга хариулаад, дуу дуулаад л явна. Ээж аргалд явахдаа “Ар хөвчийн унага” гээд хөөрхөн дуунууд зааж өгч байсан.
Та хэдэн уртын дуу мэддэг байсан бэ?
Би ер нь арван таван нас хүртлээ 100-гаад уртын дуу мэддэг байсан байх шүү. Хөөрхөн дуулдаг байсан. Одоо тэгээд хоолойгүй болчихсон. Н.Норовбанзад гуай эд нар бол надаас жаахан жийрхдэг байлаа шүү. Дуулдаг биш, мэддэг гээд тэр.
100 уртын дуу мэддэг хүний дэргэд “Айхгүй ч гэсэн аягүй” байх л даа.
Би Соёлын яаманд ажиллаж байхдаа Ардын Дуу Бүжгийн Чуулгын концертыг очиж үзнэ. Уртын дуугаар л концерт эхэлнэ шүү дээ. Н.Норовбанзад гуай шавь нартаа “Өндөр хөх ирж үү, үгүй юу? Хөшигний завсраар хараатах” гэдэг. “Ирсэн байна аа, багш аа” гэхээр “Яана аа, бас нэг юм хэлнэ дээ, цаадах чинь, кхмм” гээд л хоолойгоо засдаг. “Ирээгүй байна аа” гэвэл, “За за, өнөөдөр тэгвэл нэг аргалчихаад явчихъя” гэдэг байсан гэж шавь нар нь ярьж инээдэм болцгоодог сон.
Та найранд дуулдаг байв уу?
Дуулна шүү дээ. Манай ах бол их сайхан дуулна. Нацагийн хоёр хүү гоё дуулдаг гээд л бид хоёрыг хөөргөөд дуулуулна. Үүр цайтал ч дуулдаг үе байлаа. Гэхдээ мэргэжлийн биш л дээ, хөдөөний л дуучин.
Та одоо тэр дуунуудынхаа үгийг санадаг уу?
Ер нь гайгүй. Гэхдээ бүгдийг нь одоо бич гэвэл хэцүү. Мартаад л байх юм. Гэхдээ ихэнхийг нь хүмүүс дуулах юм аа. “Өндөр Хангай” гэх зэрэг нийтээр дуулдаггүй ганц нэг дуунууд үлдсэн байна лээ.
Нутгийн дуу гэсэн үг үү?
Тийм ээ.
Та багадаа зовлон бэрхшээл туулснаа цухас дурдсан. Ямар зовлон бэрхшээл туулсан бол?
Өлсөх, цангах, даарах, өөнтөглүүлэх гэх мэт л хэлбэрүүд дээ. Би аавыг шоронд байхад ганцхан улаан даалимбан өнгөтэй нэхий сэгсүүргэн дээлтэй байсан. Ул нь эргэчихсэн шахам ганц Монгол гутал, нэг муу нэхий өмдтэй. Сургуульд ороогүй жаахан хүүхэд айлд зарагдаад л, олдсон юмаа иднэ. Нэг шөнө нөгөө ганц дээлэн дээрээ чацга алдаад, маргааш нь өмсөх юм байхгүй. Нөгөөдхийгөө өглөө авч гараад араг дээр дээш нь харуулж тохчихоод, айлын нохдыг дуудаж ирээд долоолгочихно. Тэгээд өмсөөд явчихна. Ямар сайндаа, манай нутгийн Сэр-Од гэж өвгөн намайг “Энэ навшааны буруу сүүжээр орчихгүй бол гайгүй хүн болох золиг шүү” гэж байсан гэдэг. Манай аавыг намхан хамартай болохоор навшаан Нацаг гэдэг байсан юм. Тэр үед айлын хонь хариулна, хөдөө хээр хононо. Өлсөнө. Зун бол хонь татваар үхээсэй л гэж бодно. Хонь цатгалдаад татвалзаж үхдэг хонины “татав” гэдэг өвчин юм шүү дээ. Тэр баян айлын олон хониноос зун хааяа нэг татваар үхнэ. Айлууд хуушуур хийж идэхээр гадуур нь явж үнэрлэнэ. Манай ээж, ах бид хоёрт өрмөн дотор жууцай хийгээд жигтэйхэн хар гуриланд боож хайраад өгнө. Яг л хуушуур шиг амттай болдог сон.
Өрөмтэй жууцай гэж их сонссон юм байна шүү. Бага насны амьдралаасаа та юуг ойлгож авсан бэ?
Өлсөх хэцүү, даарах ч хэцүү. Гэхдээ өмгөөлөл хамгаалалгүй байна гэдэг бүр хэцүү. Хүн хайрлаж дурлаж, гэр бүл болоод эсвэл огт тооцоололгүйгээр хүүхэдтэй болдог нь үнэн. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн үед төлөвлөж болдог л байх. Ер нь төлөвлөлтгүйгээр л хүүхэд заяачихдаг шүү дээ. Нэгэнт хүүхэд заяасан л бол тэр хүүхдийн өмгөөлөл хамгаалал маш чухал. Тийм учраас хүн гэдэг амьтан хамгийн түрүүнд хүүхдийнхээ л өмнө том хариуцлага хүлээх ёстой юм билээ. Яагаад гэвэл би хүүхэд насныхаа аавгүй байх үе, тэр өмгөөлөлгүй байх мөчийг бодохтой зэрэг их тийм сонин санагдаад байдаг. Тийм учраас ер нь хүүхэдтэй байна гэдэг асар их хариуцлагатай гэдгийг л би хүүхэд наснаасаа ухаарсан байх.
СОЁЛЫН ДОВТОЛГОО
Таны аав хэр удаж байж ирсэн бэ?
Намайг сургуульд орохын урьд жил гэртээ ирсэн. Аав маань модны л асуудал, аян жин тээсэн асуудлаар л хэд хэдэн удаа шоронд орсон юм билээ. Есдүгээр сард баахан цагаан идээ энэ тэр цуглуулж аваад л гарна. Улсууд эмээл, хазаар ч захидаг юм уу, нөгөө “Хүргэн хүү” кино шиг юм болно. Цагаан идээг нь борлуулаад, захисан юмыг нь аваачиж өгөөд, дундаас нь хөлсөө аваад амьдарна. Аавыг байх үед их сайхан. Би анх удаа мөсөн чихэр идэж байснаа сайн санадаг юм. Аав маань жилийн гурван улиралд нь гэртээ байхгүй. Аавыг эзгүйд л хүүхэд төрнө, хүүхэд нас барна. Манай ээж л бүх юмыг туулаад гарсан даа. Зарим нь жаахандаа, заримыг нь бүр наймтай, арван гуравтайд нь алдаж байсан юм.
Их л хэцүү үе байж дээ.
Тэр үед Европ эмнэлэг нь хүрэлцдэггүй, хуучин Монгол эм тангаа хориглочихсон завсрын үе байлаа. Анагаахын хувьд үнэхээр хэцүү үе байсан. Улаан тарианы үед би их бага байсан л даа /инээв/.
“Улаан тарианы үе” гэхээр өнөөгийн залуус мэдэхгүй байх. Их айхтар өвчний үе шүү дээ.
Жаахан байхад багийн дарга л “Тариандаа яваарай” гээд хашхираад давхиад байна. Залуучууд гоёод л сумын төв рүү давхидаг. Тариагаа хийлгэнэ гээд тэднийг явахад “Ямар сайхан юм, хэзээ нэг ингэж улаан тариандаа явдаг болох бол оо” гэж атаархдаг. Гэтэл тэр нь бэлгийн замын өвчин байж гэдгийг хожим мэдсэн. Оросууд тэр үед 70 бригад гаргаж энэ өвчнийг дарсан юм байна лээ. Бас л мундаг ажил хийсэн улс шүү.
Соёлын довтолгооны үеийг та мэдэх юм байна, тийм үү?
Хөгийн юм болно. /инээв/ Би сүүлд Намын Төв хороонд ажиллаж байхдаа соёлын довтолгооны талаар сонирхож, тэр үеийн тогтоол шийдвэрүүдийг харсан. Ер нь бол мундаг тогтолцоогоор хийсэн юм билээ. Солих цамцгүй, дотуур өмдгүй, орны даавуугүй, хөнжлийн даавуугүй, хөнжилгүй үеийг яриад байна шүү дээ. Зуух яндангүй, ил тулгатай. Бөөн утаа май. Би чинь тулгатай үнсний дэргэд л өссөн хүүхэд. “Аргалд явсан ээж” гэдэг дуу чинь тэр л суурин дээр төрсөн. Үнс рүү орчихно гээд уячихаад явна. Ирж өгөхгүй, би өлсөөд байдаг. Гал унтарчихна, даарна. “Аргалд явсан ижий минь арай ч дэндүү удлаа даа” гэдэг үг чинь тэр.
Соёлын довтолгоог Монголд яаж хэрэгжүүлсэн байдаг вэ?
Би бол соёлын довтолгооны тогтолцоог нь ингэж ойлгосон. Эхлээд Улс төрийн товчооны гишүүд өглөө болгон шүдээ угаахаас эхлээд бүх зүйлийг өөрсдөө хэрэгжүүлж сурсан. Тэгээд Улс төрийн товчооны гишүүд нь Намын төв хорооны гишүүдэд тодорхой хуваариар багцалж семинарлаад, орос сургагч ч оролцсон байж магадгүй. Намын төв хорооны гишүүд нь аймгийн намын хорооны дарга нарыг хотод ирүүлж сургалт хийгээд, аймаг дээрээ очихоор тэд нар өөрсдөө сумын намын хороон дарга нарыг авчирч сургалт явуулаад, суман дээрээ болохоор багийн дарга нараа сургаад, багийн дарга нь бол айлууддаа, эцэг эх нь хүүхдүүддээ зааж өгдөг ийм шат дамжлагатайгаар хэрэгжсэн байх. Шүдний оо тарааж өгдөг байсан. Жорлон л хамгийн хэцүү, өмхий үнэртэнэ. Дөрвөн буланд нь шон зоогоод таар шиг юмаар халхавч хийнэ. Жорлонгоосоо болж хөдөөнийхөн нүүх болдог байлаа.
Одоо ч гэсэн хөдөө явахад харагддаг тэр жорлон, соёлын довтолгооны үеийнх байх нь ээ?
Тийм. Харин цагаан даавуу энэ тэрийг бол хэрэглээд сурчихаж байгаа юм.
Цагаан даавууг хүмүүс худалдаж авдаг байсан уу?
Үгүй, тарааж өгнө. Гэхдээ мал бэлтгэл, ноос үсний үнээс нь суутгадаг байсан байх.
Тэгвэл маш том кампанит ажил байжээ?
Ярих юм биш.
СОЁЛЫН БАЛМАГДАЛ
Та хэзээнээс хөгжмийн зохиолч болъё гэж бодох болсон бэ?
Би дуу хуурт дуртай хүүхэд байлаа. Сургуульд байхдаа гармошка хөгжим тоглож, дууны ноот бичиж сурсан. Радиогоор дуу явахад ноотыг нь бичиж авна. Дуу хөгжмийн багш маань намайг Багшийн сургуулийн хөгжмийн ангид оруулсан юм. Дуу зохионо гэж бодоод л суралцсан. Хөгжмийн зохиолч болъё гэдэг сонирхол Багшийн сургуульд байхад анх бий болсон. Түүнээс биш би бол математик чигийн хүн.
Та багшилж байхдаа хэр олон дуу бичив?
Багшийн сургуульд сурч байхдаа дуу бичсэн шүү дээ. 1969 онд аавыгаа бурхан болоход “Төрсөн нутгийн бараа” гэдэг дуугаа бичиж байлаа. 1971 онд сургуулиа төгсөхөд би зөндөө дуутай болчихсон байсан. Тэгээд л Багшийн сургуульдаа хөгжмийн онолын багшаар үлдсэн.
Киевт сурахаар явахад ямар санагдаж байв? Өндөр хөгжилтэй оронд очиход тохиолддог соёлын шокийг та мэдэрсэн үү?
Шок гэдэг үг чинь одоо балмагдал гэсэн үг үү?
Балмагдал юм даа. /инээлдэв/
Ер нь бол онц мэдрээгүй. Ийм сайхан юм байх гэж, ийм гайхамшигтай юм байх гэж гээд мэлэрч баларч үзээгүй. Аяндаа дасчихсан. Энэ мэдрээгүй явдал бол манай боловсролын тогтолцоотой холбоотой юм шиг байна лээ. Өнгөрсөн зуунд, одоо ч соёл гэдэг зүйл хүний амьдралын анхдагч хэрэгцээний дараа ордог асуудал гэдгийг боловсролын тогтолцоонд суулгаж өгөөгүй байгаа юм. Соёл гэхээр дуурь, балет очиж үздэг хүнийг соёлтой гэх биш. Өөрөөр хэлбэл, хүний бүтээмжийн гайхамшиг нь юу вэ гэдгийг хүнд ойлгуулах нь соёлын асуудал юм. Шашин ч бай, шинжлэх ухаан, урлаг ч бай бүтээмж бол асар үнэтэй, их нандин зүйл. Энэ бол чамаас салшгүй зүйл юм гэдгийг ухааруулж өгдөггүй тогтолцоо байна гэж би ойлгож байгаа. Жороо морь сайхан, үнэтэй гээд байдаг. Тэр үнэт зүйлийн тухай хүмүүст баримжаа бий болгохгүй учраас, энэ үнэтэй зүйл байна гэж баримжаалж чаддаггүй. Соёл бол байгаль өөрөө биш, харин хүний оюун ухаан болоод хүчин чадлаар бүтсэн биет болон биет бус бүхий л зүйлийн бүрдэл шүү дээ. Үүнийг бидэнд сайн ухааруулаагүй байх.
Та төгсөж ирээд Соёлын яаманд ажилласан. Тэр үеийн соёлын бодлого хэрхэн явагдаж байсан гэж та өнөөдөр харж байна вэ?
Хуучин МАХН ямар асуудал тавьж байсан тэр л хүрээнд байсан. Тийм учраас эцсийн эцэст соёл бол агуулга талаасаа дутмаг, харин бодлого нь хэлбэр талаасаа бол одоогийнхоос хамаагүй өндөр түвшинд байж. Хэлбэр талаасаа дуурьтай байх ёстой. Дуурийн театр 60 балетчинтай, 70 хөгжимчинтэй байх ёстой. Кино театрууд төчнөөн суудалтай байх ёстой. Соёлын төв ийм байх хэрэгтэй гээд бүгдийг хэлбэр талаас нь бүрдүүлнэ. Хэлбэр талаасаа их сайн бодож байсан учраас “Материал техникийн бааз”-ыг хэлбэр талаас нь сайн бүрдүүлсэн. Тийм барилга барья, төчнөөн хүүхэд сургая гээд. Гэхдээ яг монгол хүн дэлхийтэй хэрхэн өрсөлдөх вэ гэдэг агуулга талын асуудлыг тавьдаггүй байж. Зөвлөлтөөс, социалист орнуудаас суралцах ёстой гээд л байдаг. Зөвлөлт орноос суралцаад байна гэдэг нь, яаж ийж байгаад дэлхийн түвшинд гаръя л гэсэн асуудал байж. Зүүн Германы түвшинд очъё л гэсэн санаа. Гэхдээ агуулга нь түрүүлж явахгүй учраас нэг өдөр бүгдийг нь задалчихаар баримжаа муутай болж байгаа юм.
Тэгэхээр 90-ээд онд нэлээн “балмагдсан” гэсэн үг үү?
Энэ театраар чинь одоо яах билээ. Кино гэхээр нөгөө “Халтар царайт” л гоё юм биш үү.
Гэтэл “Тунгалаг тамир” кинонд замбараагүй их мөнгө зарж, их чадвартай жүжигчид тоглоод агуу бүтээл хийсэн байдаг. Агуулга талыг нь хараагүй. Гэнэт л “Халтар царайт” гараад ирсэн чинь хөрөнгө мөнгө гэдэг чинь хүний амьдралыг шийддэг юм байна гэж ойлгоод, хийх гэтэл бүх арга нь хуучирчихсан байдаг. Дайсан олох гэтэл дайсангүй болчихдог. Одоо яах вэ? /инээв/ Тийм байдалд орсон.
Тойрон хүрээлэгчид гээд ярих гэхээр хувьсгалт намынхан хажууд байгаад байдаг. Учрыг нь олдоггүй. Тэгж хэлбэрдсэн юм ингэж баримжаагүй болгодог. Харин зүүн Европын орнууд их хурдан сэхсэн явдал бол агуулга талаа барьж байсантай нь л холбоотой. Манайх бол дэндүү хэлбэрдсэн. Гэхдээ хэлбэрдэхээс ч өөр аргагүй байсан тал бий.
Тэр нь чухам юу вэ?
Уламжлалт хэв шинж гэдэг юм их олон мянган жил үргэлжилсэн шүү дээ. Би нүүдлийн соёлдоо хайртай. Хайртай гэдэг нь бүгдийг уламжилъя гэсэн санаа биш. Орхих юм их бий гэж бас боддог. Нүүдэлчний амьдрал хатуу шалгууртайгаасаа гадна манайх энэ жалганд, танайх тэр жалганд хэнээс ч хамааралгүй амьдарна. Хонио төхөөрчихнө, гүүгээ бариад айргаа исгээд уучихна. Нүүгээд явчихна. Ямар ч хамаарал байхгүй. Энэ нь, одоогийнх шиг бүх юм бусдаас хамааралтай амьдрал руу ороод ирэхээр сэтгэхүйн түвшинд хүнд байдалд орж байгаа юм.
ОВООНД ӨРГӨДӨГ ГУРВАН ЧУЛУУНЫ УЧИР
Нүүдэлчний соёлд өнөөгийн бидний ойлгож чадаагүй зүйл цөөнгүй байх шиг. Таны бодлоор бидэнд юуг нь өвлүүлээд, юуг нь гээгдүүлчихэв?
Жишээлбэл, бидний эцэг эх нүүдэлчний дадал заншлыг хэлбэрээр нь яг мөрдүүлдэг мөртлөө, агуулгыг нь үлдээдэггүй нь их олон юман дээр ажиглагддаг. Тэгэхээр танай сэтгүүлийн хувьд үүнийг их чухал асуудлын хэмжээнд хөндөж байвал зүйтэй байх. Манай эцэг өчнөөн удаа малд яваад, надтай хамт овоон дээр очиж байсан. Миний хүү, овоон дээр гурван чулуу өргөдөг юм. Нар зөв тойроод гурван чулуу өргөөрэй гэдэг. Тэр соёл хэлбэрийн хувьд надад суусан боловч, соёлын үнэ цэнийн тухай надад суулгаагүй учраас ааваасаа “Яагаад гурван чулуу вэ?” гэж асуухгүй. Аав нас барсан, би хүүгээ дагуулаад овоон дээр очсон. Миний хүү гурван чулуу өргөдөг юм шүү гэсэн. Миний хүү өргөөд л, ингэж хүүгээс хүүд дамжин бүгд л гурван чулуу тавьж байгаа. Нэг дэх, хоёр дахь, гурав дахь чулуу ямар утгатай тухай хэн ч, хэзээ ч ярихгүй.
Та өөрөө судалж үзэв үү?
Би өөрийнхөөрөө бодож олоод хүүдээ хэлж өгсөн. Ер нь энд монголчуудын философи “баймж” гэдэг үг хэрэглэх нь зөв байх. Баймжид бол тэнгэр, газар, оюун ухаан гурав салшгүй нэг огтлолцол дээр байна гэж үзэж болох юм. Энэ гурвын шүтэн барилдлага дээр энэ хорвоо ертөнц оршиж байна гэж ухаардаг тал бий.
Овоонд өргөж байгаа гурван чулуу бол тэнгэрт өргөсөн өргөл, газарт өргөж байгаа өргөл, оюун сэтгэлд өргөж байгаа өргөл юм.
Харин нар зөв тойрдгийн учир юу вэ?
Яагаад Монгол хүн нар зөв тойрдог юм. Үеэс үед л нар зөв тойрч ирсэн ч яагаад гэдгийг хэлэхгүй. Уг нь энэ чинь өөрөө байгаль ертөнцийн зүй тогтолтой холбогдож, оюунаар бүтсэн дадлууд байх л даа. Хэрвээ сайн томьёолох юм бол философийн том том нээлтүүдийн багцалсан хураангуй байдаг. Гегелиэс ч өндөр түвшинд хүрсэн философийн асуудал. Энэ үнэт зүйлсийг хүнд шингээхгүй хэлбэрддэг, хэлбэрийг нь уламжлаад агуулгыг нь уламжлахгүй байгаагаас өнөөдөр бид монгол хүний ёс зүй, мөс чанар ийм тийм гэж ярих болчихоод байна гэж би бодоод байна.
Тийм байна.
Хэрвээ бид, нар зөв тойрдог юм бол яагаад дэлхийн бүх биеийн тамирын талбай нар буруу тойруулдаг юм бол гэдэг асуулт гарч ирнэ биз? Манайх ч нар буруу тойрч байгаа. Яагаад гэдгийг тайлбарлахгүй, ямар учиртайг нь хэлэхгүй. 1964 оноос хойш олимпод оролцоод нар буруу тойроод л гүйгээд, буруу тойрч гараад медаль аваад, ирээд л нар зөв тойроод яваад байгаа. Нар зөв, буруу тойрохыг хүн л бүтээсэн. Тийм учраас энэ бол үнэт зүйл. Гэтэл бид мэдлэг гэхээр Ньютон, Эйнштейн, Менделеевийг заагаад байхаас илүүтэй, ийм том том оршихуйн тухай ойлголтуудыг яагаад тоохгүй байгаа юм гэдэгт л гол учир байгаа юм.
АЛИВАА ХҮН ЧАДЛЫНХАА ХЭРЭЭР ЕРТӨНЦИЙН БҮХ ЮМСЫГ ӨӨРӨӨ ТАЙЛБАРЛАХЫГ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ
Та оршихуйн ойлголтыг өөрийнхөөрөө тайлж үзэв үү?
Би үүнийг тайлахгүйгээр ямар нэг юмыг тийм байдаг гэж хэлж болохгүй. Тэгэхээр би бас тайлах гэж оролдоно биз дээ. Би энэ “нээлтдээ” баясаад байгаа юм. Бөмбөрцөг нар буруу явж хоногт тэнхлэг дээрээ нэг эргэдэг. Бөмбөрцөг 960 сая км замыг жилд туулдаг. Дэлхийн төв бүслүүр 40 мянган км юм бол, бид секундэд 30 км хурдтай явж байгаа гэсэн үг. Газрын татах хүчин, атмосферийн даралт байгаа учраас мэдэхгүй. Гэхдээ бодитойгоор явж байгаа юм. Бид үргэлжийн асар хурдтай хөдөлгөөнөөр явж байгаа учраас бидний бие 36 хэмийн дулаантай байгаа байх нь ч учиртай. Тэрэнгүй бол тийм байх ямар ч боломжгүй. Үүнийг хэн өгсөн гэж үзэж байгаа юм гэвэл, эрчим (энерги) гэж хэлж болно. Мөнхийн хөдөлгөөн. Ер нь аливаа хүн чадлынхаа хэрээр ертөнцийн бүх юмсыг өөрөө тайлбарлахыг хичээх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ бусдынхтай харьцуулахад тэр нь эрдэм болно. Минийх заавал зөв байх албагүй.
Нар зөв эргэхийн учрыг яаж ойлгох вэ?
Ер нь хүн бүрт энерги, хурд үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл зургаа дахь юм уу, долоо дахь мэдрэмж дээр 27 м/с хурд мэдрэгдэж байна. Энэ хурд, эрчим тэнцвэртэй байхын тулд нар буруу эргэж болохгүй. Тэгэх юм бол бие муудна. Бөмбөрцгийнхөө эсрэг хөдөлгөөнд явж байгаа юм, бид. Тэгж энерги тэнцүүлэх энэ зарчим тогтож байгаа. Энэ миний л бодол. Худлаа байвал надад үнэнийг хэлж өгөх хэрэгтэй.
Тэгвэл, стадионд нар буруу тойрч гүйдэг нь ямар учиртай юм бэ?
Жишээ нь, ямар ч тойрог дотор талаар нь хэмжихэд бага, гадна талаар нь хэмжихэд их гардаг. Тэгж үзэх юм бол спортын тэмцээн явагддаг стадион чинь замбараагүй том. Гэхдээ тойргийн дотор тал богино байна гэдэг нь тодорхой. Тэгэхээр аливаа хүчийг гаргахад булчингаас гадна хүний зүрхний ачаалал гэж байх ёстой. Тиймээс зүрхэн талд хэдий чинээ ачаалал авна, төдий чинээ их хүч зарцуулна. Гэтэл хурдан гүйхийн тулд бага хүч зарцуулж их зам туулах ёстой. Бас зүрхэн талд бага ачаалал өгөх ёстой. Иймд яаж ч тойрлоо гэсэн нар буруу тойроход зүүн тал бага ачаалал авна, баруун тал их ачаалал авна. Зүүн хөл богино, баруун хөл урт зам туулна. Ингэж байж л зүрхэнд бага ачаалал авч байна. Тэгэхлээр Грекийн олимпийг зохиосон улсууд тэнэг биш байгаа биз. Энэ бол миний “нээлт” /инээв/.
ЕРТӨНЦИЙН ГОЛ ТҮЛХҮҮР АСУУДЛЫН НЭГ БОЛ ХУРД ЮМ
Таны бодлоор хурд, хөгжим хоёр ямар уялдаа, харилцан хамааралтай вэ?
Нэг сайхан хөгжим бичье гэж бодъё. Тэр миний сэтгэл татаад байгаа бүсгүйд сайхан сонсогдож магадгүй гэх замаар бол явахгүй. Яг жинхэнэ хөгжим бол тэгж бичигддэг ч эд биш. Тэгж зохиогдож байгаа юм шиг хэлбэр талаасаа харагддаг боловч, яг хөгжмийн зохиолч шинэ бүтээл гаргаж байгаа нь, бүдүүн тоймоор хэлэх юм бол 2016 настай хүнд зориулагдаж байгаа юм. Миний хийж байгаа нэг аялгуу ийм настай хүнд л зориулагдана. Хэрвээ хүнийг Христийн он тооллоор авч үзвэл шүү дээ. Тоймлоод залуучуудад, настайчуудад гэсэн ойлголт байх ёсгүй. Яагаад гэвэл өнөөдрийн төрсөн хүн гэдэг бол, энэ тооллоор нь яривал, 2016 жилийн оюуны болоод биологийн генетикийг өөртөө тээгч учраас зөвхөн өнөөдрийн бүтээгдэхүүн биш. Тийм болохоор бид өнөөдөр хөгжим зохиохдоо Моцартыг ч, Уяхан замбуу тивийг ч, Америкийн рок попыг ч авч үзэх ёстой. Тэгэхлээр шинэ бүтээл гэдэг үндсэндээ ийм түүхэн зүйлийн үр дүнд гарч ирж байгаа юм. Яаж ч бичсэн гэлээ өнөөдрийн хүн сонсоно гэж тооцож байгаа юм. Тэрнээс хуучин ийм мундаг байсан гээд уртын дуутай ижилхэн хийвэл хүн сонсохгүй. Өнөөдрийн хүн чинь асар их хурдтай явж байгаа хүн. Бидний өнөөгийн сэтгэлгээний байдал бол асар их хурдаар илэрхийлэгдэнэ. Моцартын үе эсвэл Монголын Богд хаант засгийн үеийн сэтгэлгээний хүлээж авах тэвчээр бол урт. Харин өнөөгийн биднийх богиносчихсон. Өөрөөр хэлбэл, Богд хаант Монгол Улсын үеийн хүн энэ аяыг таван минут сайхан тайван сонсоход, яг тэр аяыг өнөөдрийн хүн сонсох юм бол ямар уйтгартай юм бэ, болиосой гэнэ. Бүх юм хурдны баримжаагаар явж байна. Энэ бол хэмнэл, аялгуу. Гэхдээ хөгжмийн зохиолч хүн XIII зуунд ийм хурдтай байсан гээд тэр болгоныг тооцоолоод суухгүй. Харин өөрийнх нь мэдрэмж тэгж явах ёстой. Хамгийн энгийнээр ярихад, цаг үетэйгээ хөл нийлүүлэх. Нийлүүлж чадсан нь таалагдана гэсэн үг. Сайн хөгжмийн зохиолч зуун жилийн дараа хүнд таалагддаг хөгжим бичиж чадсан бол нөгөө сонгодог, төгс төгөлдөр гэдэг нь болно. Моцартын үед хар мянган хөгжмийн зохиолч байсан, Моцарт л үлдэж байгаа юм. Тэр чинь бидний хурдыг мэдэрч байсан байна.
Та оюутан байхдаа хөгжмийн бүтээл бичсэн. Тэр үед та энэ хурдыг мэдэрдэг байсан уу?
Мэдэрдэггүй байсан. Технологид л суралцсан. Энэ туйпууг хаана өрөх вэ, үүний даац нь хэд вэ гэдэг шиг, төчнөөн бичвэл уртаддаг, тийм оркестрыг их овоолох юм бол чангаддаг, зөөлөрдөг гэсэн технологид л сурсан. Технологи сурч явахад авьяастай хүнийх бол мөнхийн бүтээл болдог тал бий. Авьяастай хүмүүс технологийг нь сурч байхдаа дэлхийн бүтээл хийсэн байдаг. Тэр бол оюун генийн чадамж. Хэчнээн хүн хөгжмийн дээд сургуульд сурдаг гэж бодно. Хэд нь үлддэг гэж бодож байна. Зуугаас тав юм уу, дөрөв нь л үлддэг. Хурдыг мэдэрдэг нөхөр л үлдэнэ шүү дээ. Хурд, хөдөлгөөн гэж бидэнд байгаа учраас цус халуун байна. Жишээ нь, хүүхдийн халуун 38 хэм гэхэд гайгүй байдаг. Биднийх 36 хэм, хурд удааширч байгаа. Хүүхдийн бүх юм хурдтай. Бүх нарийн эд эсүүд нь асар хурдтай байна гэсэн үг.
Та Киевийн консерваторийг хөгжмийн зохиолч, хөгжим судлаач мэргэжлээр төгссөн. Энэ хоёр мэргэжлийн ялгааг тайлбарлаж өгнө үү?
Хөгжмийн зохиолч нь илүү сэтгэгч талдаа. Хөгжим судлаач нь илүү ухаарагч талдаа. Оюуны нэлээн өндөр түвшинд ангилал хийх чадвартай байх хэрэгтэй. Хоёуланд нь авьяас хэрэгтэй. Хүч, цаг, тэвчээр хэрэгтэй. Хөгжим судлаач бол ядахдаа гурван цаг номын санд тэвчээд суудаг байх хэрэгтэй. Хөгжим зохиож байгаа хүн гурван цаг хөгжим тоглох хэрэгтэй биз дээ? Тэр талаараа бол ижил. Аль нь ч ялгаагүй инженерийн мэргэжил, инженерчлэл. Нэг нь бол зохион бүтээгч. Өөрөөр хэлбэл, хөгжмийн зохиолч шинэ хэлбэр (формыг) бий болгоно. Судлаач бол энэ хэлбэр юу вэ гэдгийг ухаарна. Яагаад энэ хэлбэр ийм байна. Тийм л асуудал. Тэрнээс биш хөгжим судлаач хүн илүү их уншсан байх хэрэгтэй, илүү их философийн мэдлэгтэй байх ёстой гэсэн тийм юм бол байхгүй. Ер нь судлаач хүн бол тийм түүхэн зүйлүүдийг баримтаар нь баримжаалдаг байх хэрэгтэй.
Хөгжмийн зохиолч бол түүхэн зүйлүүдийг тухайн нийгмийнх нь сэтгэл хөдлөлийн түвшнээ баримжаалах ёстой. Өөрөөр хэлбэл 21-р зууны хүн “Боингоор нисэж байхад ийм хөгжим тоглуулж байгаа бол, Моцартын үед морин тэргээр явдаг байхад ийм хөгжим зохиосон байна гэдэг тэр хурдыг хөгжмийн зохиолч мэдэрч байх хэрэгтэй. Их ондоо хүмүүс шүү дээ.
Ер нь нэг л асуудал байдаг. Энэ бол хурд. Ерөөсөө ертөнцийн гол түлхүүр асуудлын нэг бол хурд юм. Үүнийг шинжлэх ухаан бол лавтай сайн хэлдэггүй. Үүнийг би л ингэж өөрийнхөөрөө тайлах гэж оролддог. Энэ бүхний учрыг олсон цагт л нийгэм, шинжлэх ухаан, дайн дажин, урлаг соёл, анагаах ухаан бүгд үүнтэй холбоотой болох нь ойлгогдоно. Хурд бол хүч агуулна. Орчлон дээр, зогсож байгаа юм гэж нэг ч байхгүй. Тийм хүч бол байгаа.
Таны дипломын өнгө ямар вэ? Онц төгссөн гэсэн үг бичигдсэн байдаг уу?
Байсан. Бас өнгө нь улаан. Хоёр мэргэжлээр төгссөн болохоор улсын шалгалтын хоёр тогтоол байдаг юм. Миний нэг мэргэжил хөгжим судлаач гэж бичигддэг боловч дотроо их нарийн ангилалтай. Инженерүүд их нарийн ангилалтай байдаг шиг, хөгжим судлаач ялгаа байхгүй. Би бол хөгжмийн түүхч биш. 13-р зуунд тийм хөгжим, морин хуур яг төдийд бүтээгдсэн гэдэг бол миний асуудал биш. Харин яагаад морин хуур байгаа юм, яагаад ингэж дуугарч байна, яагаад энэ бүхэн холбоотой юм гэдэг л миний асуудал. Түүнээс биш морин хуур гурван чихтэй, дөрвөн чихтэй байсан, дөрвөлжин, гурвалжин байсан гэдэг бол миний асуудал биш. Бүр нарийвчилж хэлбэл, яагаад морин хуурын дуу, энэ хөгжмийн зэмсэг сэтгэл хөдөлгөөд байна вэ гэдэг л миний асуудал. Бусад нь бусад инженерийн асуудал.
Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГА ЯВАХААСАА ӨМНӨ ИХ МАРТАМХАЙ БОЛСОН
Ю.Цэдэнбал дарга таныг Намын төв хороонд анх ажилд авсан гэдэг. Ю.Цэдэнбал даргын тухай ямар дурсамж тод үлдсэн байдаг вэ?
Ю.Цэдэнбал дарга бол нийгмийн ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан, улс төр эдийн засгийн ухаан, марксизм ленинизмийн онол гэх мэт чиглэлээр бусдаасаа толгой өндөр байсан гэж боддог. Арга байхгүй удирдагч, манлайлагч. Ярьж байгаа, бичиж байгаа, уншсан гээд ямар ч асуудалгүй. Маш их сахилга баттай. Хувийн болоод хувьсгалын сахилга баттай. Энэ бол “лидер” хүний онцгой чадвар. Нэгэнт толгой өндөр учраас бүгд үг дуугүй хүлээн зөвшөөрнө. Миний үед шүү дээ. Ц.Лоохууз энэ тэр гэж өөрийнх нь үеийнхэн сөргөлддөг байсан л байх. Миний үед бол эцэг хүн шиг гэсэн үг. Их сонин шүү. Юманд их хүрц сайтай. Намын төв хорооны ажилтан гээд өрөөнд сууж байхад гэнэтхэн Ю.Цэдэнбал дарга ороод ирж мэднэ шүү. П.Очирбат гуай ч юм уу, Н.Багабанди гуай манай өрөөнд ороод ирнэ гэж би бол төсөөлөхгүй байна. Тэгээд ч Н.Багабанди, П.Очирбат нар Ерөнхийлөгч болсныхоо дараа энгийн ажилтны өрөөгөөр ер нь орж байсан гэдэгт ч би итгэхгүй байна. Ю.Цэдэнбал дарга бол ороод ирнэ. Ёстой онгойлгож үзнэ шүү. Гуанзанд орчихсон л явж байна. Ордноор хуушуурын үнэр үнэртлээ гээд зааг тавиулна. Тийм бүх юманд хариуцлагатай. Ер нь ороод ирнэ л гэж бодож байх ёстой. Ороод ирнэ. Одоо бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг ороод ирнэ гэж бодохгүй л байна. Гэтэл Ю.Цэдэнбал дарга бол тийм хүрцтэй хүн. Яахав, авгайнхаа үгэнд ордог энэ тэр юм байсан байх. Авгай чинь өөрөө бас бусад улс төрийн товчооны гишүүдийн авгай нараас бүтэн биш гэхэд, хагас толгой ч дээгүүр байж мэднэ. Соёлтой, юм уншиж мэдчихсэн айхтар авгай. Ер нь авгай дураараа байсан нь бол үнэн. Тэгэхдээ авгайг бол Оросын тагнуул юм уу, Оросын бодлогыг яг тэдний заавраар хэрэгжүүлэгч байсан гэдэгт би нэг их сайн итгэдэггүй. Манайхан авгайн нэрээр бие биенийгээ дээш доош нь унагаж хэлмэгдүүлэх маягийн юм болж байсан нь бол зөндөө. Тийм учраас авгайгаас их айна. Тэгээд л ажилгүй болох эсвэл дэвших магадлал их өндөртэй. Авгай их итгэмтгий, цагаан сэтгэлтэй. Нүгэлтэй итгэмтгий. Муу л гэвэл муу, сайн л гэсэн бол сайн. Тийм авгай байсан. Юм хийхийн төлөө бас их сахилга баттай. Хүүхдийн парк, хуримын ордонд нэг мэдэхэд л яваад оччихно.
Үнэхээр Монголын хүүхэд багачуудын төлөө, соёлын төлөө их зүйл хийсэн хүн дээ.
Би нэг айхтар загнуулж билээ. Цагаан морьтой хүүхэд давхиж ирээд гэрийн гадаа бууж ороод, хайрцаг нээгдээд “Боролдойн цаг” эхэлдэг. “Боролдойн цаг”- ийг хүмүүс мэднэ дээ. Тэрнийг чинь зайлуул, авгай захиалж хийлгэсэн юм. Манайх хүүхэлдэйн бүтээл хийж чаддаггүй. Орост л хийлгэсэн. Тэгээд нэвтрүүлгийг нээх гээд Адьяа дарга гурвуулаа үзье, ямар болсон бол гээд очсон. Очоод үзсэн чинь гоё юм аа. “За яаж байна?” гэж надаас асууж байна. “Их сайхан болжээ, Анастасия Ивановна. Үгүй, энэ морьтой хүн чинь ирээд мориныхоо буруу тал руу буучих юм” гэсэн чинь уурлаад, “Чаддаг юм бол чи зөв тал руу нь харуулаад зурчих. Чи чаддаг юм бол өнөө шөнө зураатах” гэсэн. Тэр чинь хөдөлгөөн болгоноор нь зурна шүү дээ. Тэгээд би ялагдаад одоо хүртэл тийм хэвээрээ. Бас их сонин. Намар байсан юм, есдүгээр сард. Тэр үед яасан ч их бороо ордог байсан юм. Энэ үндэсний телевизийн хойгуур дандаа гэрүүд, өөр юу ч байхгүй. Хэдэн том хонхортой. Нуль борооны ус, шавар. Тэр айлуудын хүүхдүүд бөөн шавар шороо болчихсон нүцгэн тоглож байна. Бид гурав гарч ирээд унаагаа хүлээгээд зогссон. Тэгсэн чинь “Адьяа дарга аа, энэ Монголын хүүхдүүдийг хэзээ нэг цэцэрлэгт бүрэн явуулдаг болно доо” гээд нүдний нулимс нь гарч байсан. Үнэн сэтгэлээсээ, үнэхээр уйлаад байгаа юм. “Яаж энэ хүүхдүүдийг шаварт зууралдуулахгүй цэцэрлэгт явуулах вэ, яаж бассейнтэй болгох вэ, Адьяа дарга аа” гээд нулимс нь цуваад байсан.
Ю.Цэдэнбал дарга сүүлийн жилүүддээ эрүүл мэндийн хувьд ямар байсан талаар маргаантай байдаг шүү дээ. Танд ажиглагдсан юм байдаг уу?
Ю.Цэдэнбал дарга явахаасаа өмнө их мартамхай болсон. Энийг одоо ер нь бас бодитойгоор дүгнэдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол 70 жил оросууд бид нарыг колоничилсон, 70 жил Коминтернээс авахуулаад ингэсэн, хамгийн сүүлчийн удирдагчийг маань аваачаад ухаан мэдрэлийг нь тийм болгосон гэж бичээд, яриад байна. Манай дарга бол үнэхээр айхтар мартамхай болсон. Явахаас нь тав хоногийн өмнө билүү, хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн гуайн талаар би хүсэлт тавиад, Цэдэнбал дарга Ардын жүжигчин цол олгосон юм. Шагнал гардуулах тусдаа өрөө гэж байгаагүй. Дарга өөрийнхөө өрөөнд л өгчихнө шүү дээ. Тэгээд өрөөндөө оруулж шагнал өгөөд, би Хөгжмийн зохиолчдын холбооны даргын хувьд дагуулж орж, арван хэдэн минут дарга ярьж суусан. Тэгэхэд сургуульд анх орсноо дунд нь нэг минутын зайтайгаар яг давтаад гурван удаа ярьж байгаа юм. Өгүүлбэр ерөөсөө солихгүй. Тийм байсан. Тэгэхээр оросууд ухаан санааг нь самууруулсан гэх нь их зовлонтой. Оростой ч, Хятадтай ч бид чинь мөнхөд л хөршүүд шүү дээ. Тэгээд л нэг юм болохоор нэгийгээ, нөгөө юм болохоор нөгөөхийгөө дагаж байсан. Гэхдээ энэ хоёрыг алгасаад, цоолоод, цойлоод хөгжих тун хэцүү шүү. Жаахан бодитой хандах хэрэгтэй юм. Бид нар чинь яг яст мэлхий шиг байхгүй юу. Яст мэлхий хуягандаа ордог. Ямар ч лидер гарч ирээд энэ яст мэлхийн орон зайнаас гарах боломжгүй. Тэгэхээр мэлхий байхын тулд хуягаа бодох хэрэгтэй биз дээ.
Одоо бид ямар байдалд байна гэж та бодож байна?
Бид энэ хоёрынхоо аяыг зөв олох ёстой юм шиг. Яг амортизатортай адил. Энэ тал дээр бид алдаж байгаа юм шиг санагддаг. Бид дэлхийн хоёр супер гүрнээр тойруулсан. Гэхдээ хоёр супер гүрэнтэйгээ хиллэхдээ өөрийнхөө үндэстэнтэй харь орон болж хиллэдэг. Хөлөнбуйраас авахуулаад Шилийн гол, Баян нуур, Алшаа, Шинжаан Уйгар, Алтайн БНУ, Буриад гээд Монгол Улс монгол угсаатантайгаа харь болж хиллэж байгаа геополитикийн онцлогтой. Монгол Улс хан үндэстэн, орос үндэстэнтэй хиллэж байвал бас өөр. Тэгэхгүй монголтойгоо хиллэнэ. Хоёр Солонгос чинь нийллээ л бол Солонгос шүү дээ. Хоёр Герман нийлээд л Герман болчихсон. Манайх өнөөдөр монголчууд нийллээ гэж мөрөөдөхөд орос хүнтэй, хятад хүнтэй, монголчуудтайгаа давхар давхар юм болно. Ингэж мөрөөдөөд мөрөөдөөд биелэх нь тун хэцүү биз дээ. Тэгэхдээ мөрөөдөх сайхан. Би ч мөрөөддөг нэгэн. Монгол Улсаа тойрсон монгол угсаатантайгаа хэл соёлын хувьд нэгдмэл байхын төлөө биднийг юм хийхэд хоёр хөрш маань хорихгүй шүү дээ. Жишээ нь, Буриадад цагаан сараа аятайхан хийхэд нь бид туслах ёстой. Өвөр монголд аятайхан дуу дуулахад нь ч бас дэмжих хэрэгтэй. Эд нар чинь үргэлж л бидэн рүү хэл соёлын хувьд “Алтан гадас” шиг ширтэн харж байдаг. Асуудал үүсэхэд бид орчуулагчгүй нэг хэлээр ярьж, нэг дуу дуулдаг байвал мөн сайхан аа. Монгол үндэстэн гурван сая биш, 20 саяулаа монгол хэлээрээ ярьдаг, монгол дуугаа дуулдаг баймаар байна шүү дээ. Ерээд онд гэхэд, бид дотооддоо үндэсний эв нэгдэл гэдэг юмаа барьж авч чадаагүй. Үүнээс болоод тэр Улс төрийн товчоо шууд огцордог руу очсон. Энэ бол системдээ ч биш, үндэсний эв нэгдэлтэй холбоотой. Үндэсний гэсэн тэр хүчтэй зүйл аль ч талдаа бие биенээ олж чадаагүйтэй холбоотой гэж би мунхагладаг юм шүү дээ. Одоо ч тийм л байна.
ГАДААД ПАСПОРТ ГЭДЭГ ЧИНЬ УЛС ТӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЧУХАЛ ХЭЛБЭР
Ардчилсан хувьсгалын талаар та ямар бодолтой байдаг вэ? Тэр үед бид яах ёстой байсан юм бол?
Түүхийг засварладаггүй. Болсон юм болоод л өнгөрсөн. Гэхдээ яг бодлогын түвшинд, “За огцоръё, гэхдээ хуучнаасаа ийм юмаа ав, шинээсээ ийм юмаа авъя” гэсэн тэр үндэсний эв нэгдлийн тогтолцоон дээр юм хийж сайн чадаагүй. Би тэгж ойлгодог юм. Тэр үед би Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд байсан. Яаж ч чадаагүй. Түүнээс биш энэ өөрчлөлтийг цаг нь эртэдсэн, оройтсон зүйл байхгүй яг цагтаа л болсон гэж боддог. Үүнийг нэг их хувь хүн рүү биш, түүхэн завсарт “яст мэлхий хуягаа онгойлгосон” үйл явдал гэж хардаг. Их хол харагдсан, Америк хүртэл харагдсан. Данзангийн үед бол Япон харагдсан. Харин хоёр хөршийнхөө тухайд л бодож чадаагүй юм бий байх. Тавантолгойн нүүрсийг шуудайнд хийгээд онгоцоор зөөхгүй шүү дээ. Энэ хоёроор л дамжина. Ямар ч арга байхгүй. Хүмүүс янз бүрийн хувилбар ярьдаг л даа. Хятад маягийн эдийн засгийн эрх чөлөөг эхлээд өгөх байсан энэ тэр гээд. Би бол яг тэгж боддоггүй юм. Хэрвээ улс төрийн эрх чөлөөг нь жаахан сүүлд өгсөн гээд бодвол, ямар ч байсан монгол хүн болгон гадаад паспорт авах боломжгүй болно гэсэн үг шүү дээ, тэр үед. Гадаад паспорт гэдэг чинь, бүдүүлгээр ярих юм бол, улс төрийн эрх чөлөөний нэг чухал хэлбэр. Дахин хэлэхэд, өнгөрснөө өөрчлөөд эргээд давтаж болдоггүй, харин сургамж авдаг.
Ер нь ардчилсан хувьсгал гарах хөрс суурь хэрхэн бүрэлдэж байв? Өөрчлөн байгуулалт их нөлөөлсөн, тийм үү?
Ардчиллын тухай бол 1989 оноос л ярьсан. Ц.Намсрай гуай бүр 1984 онд “Энхтайван социализмын асуудал” сэтгүүлд “Монголыг монголоор нь хөгжүүлнэ” гээд өгүүлэл бичсэн шүү дээ. Оросуудаас дарамт авч л байсан, бичиж л байсан. Мандухай хатны зохиолыг боловсруулаад киног нь хийсэн. Ер нь Горбачёв бол ЗХУ задрах суурийг тавьсан гэдэг. Тэгэхдээ Горбачёвын тэр “перестройка” гэдгийг яг одоогийн улс төрийн агуулгаар томьёолж үзэх юм бол, нам төвтэй төрийг төр төвтэй болгох гэсэн л үзэл санаа гэж ухаарч болно. Нам ерөөсөө дэндүү их оролцож байна, хатуу байна. Намын оролцоог багасгая гээд орж ирсэн үзэл санаа. Энэ перестройкийг тасалдуулахгүйгээр Зөвлөлтөд юм уу, Монголд ч тэр зөв ухаараад явсан бол ЗХУ ч арай зөөлөн ойчих, манайх ч арай зөөлхөн гарах боломж байсан байх. Тэр перестройкийг нарийн тооцоод явсан бол, ардчилсан хувьсгалын тэр өөрчлөлтийг, тэр уламжлалыг зөв мэдэрсэн бол их чанга ойчихгүй байсан гэсэн бодол надад байдаг. Барууныхан манай онцлогийг сайн мэдэхгүй л дээ. Би 1989 оны тавдугаар сарын 17-нд тавьсан Хөгжмийн зохиолчдын тавдугаар их хурлын илтгэлдээ ардчиллын тухай бүхэл бүтэн томьёоллууд оруулсан байдаг юм. 1989 оны 12 дугаар сард ардчиллын анхны цуглаан болохоос хагас жилийн өмнө гэсэн үг.
Тэр үед би сэхээтнүүдийг хэлмэгдүүлсэн 1937 оны тухай маш ширүүн илтгэл тавьсан. Л.Түдэв гуай “Үнэн” сонинд байсан тулдаа л миний илтгэлийг гаргаж байсан даа. Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөн ч бас миний зохион байгуулалцсан ажлын нэг. Тэр хурлыг удирдаж байхдаа үг хэлүүлнэ гээд Бадар-Уугантай урьдчилаад ярьсан байсан юм. “Би үгээ ацаглаад Сүхбаатарт өглөө” гэхэд нь зогсоолгүй Дарь.Сүхбаатараар үгийг нь хэлүүлээд, ардчилал болон улс төрийн талаар үг хэлдэг чинь тэр байхгүй юу. Энд би юу хэлэх гээд байна гэхээр, аливаа нэгэн улс төрийн болон нийгмийн томоохон өөрчлөлт тохиолдлын байх нь ховор гэх гээд байна.
Ер нь аливаа ийм зүйл бол шууд нэг хүн санаачлаад гаргаад ирдэг зүйл ч биш. Нийгэм, дэлхий дахины үйл явцтай уялдаа холбоотой л бий болдог. Тохиолдлын зүйл гэж тун ховор. Тохиолдлын баатар ч гэж бас л ховор шүү дээ.
Ардчилсан хувьсгал жам ёсны зүйл байсан гэж та хэлэх гээд байна уу?
Одоо хувьсгал гэж ярих болж. Ардчиллын үйл явц бол яг цаг үеийн хувьд цагаа олсон, жам ёсны юм болсон. Дахиад л нөгөө яст мэлхийн үлгэр болсон. Монгол орон, Монгол Улс ер нь ингэж л ирсэн. Иймд яг тухайн цагаар нь юмыг хэмжихгүй бол, болоод өнгөрсөн юмыг өнөөдрийн цагаар хэмжиж хэрхэвч болохгүй. Ю.Цэдэнбал даргыг 1976-1978 онд Улаан талбайд очоод “Монгол танай нөлөөнөөс гарна” гээд өлсгөлөн зарлана гээд бодоод үз л дээ. Тэгэхээр Ю.Цэдэнбал даргад өөр ямар ч хувилбар байгаагүй. 1990 оныг ч тэр үетэй нь л харьцуулж дүгнэнэ. Түүнээс биш өнөөдрөөр хараад хэрэггүй.
1990 оны ардчилсан хувьсгалд хүчтэй нөлөө үзүүлсэн “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмийг та бичсэн. Монголчуудын сэргэн мандлын үеийг харуулсан кино гэж яригддаг. Энэ тухай та юу хэлэх вэ?
Соёлын хувьд шинэ сэргэн мандлын үе л дээ. Харин хоёр их гүрний түүхэн цаг хугацаанд аялдан дагалдахаас өөр гарцгүй байсан тэр үеийг одоо харахдаа Өндөр гэгээнийг урвагч, Галдан бошигтыг хядагч гэж мөргөлдүүлэх, сүүлд Ю.Цэдэнбалыг золиослогч гэх мэт өнөөчилсөн дүгнэлтүүд бол бидэнд сайн юм авч ирэхгүй. Би бол тэднийг эх орончид гээд бодчих дуртай. Жишээ нь, Манжийн 200 жилийн дарлалд байсан гэдэг нь, тэд дарласан гэхээсээ илүү, зүгээр л хаягдсан хязгаар нутаг болгосон нь бол үнэн. Хан үндэстэн суурьших, газар хагалах зэрэг чинь хямгатай хязгаартай л байсан. Монгол Улс хэчнээн ядарсан ч ухаантан, мэргэд эв эеийг нь олоод тогтоож л байсан.
Та 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод хоёр жил орчим ажиллаад өөрөө татгалзсан. Шалтгаан нь яг юу байсан бэ?
Албан ёсны бичиг баримт, тэмдэглэлүүдэд миний өргөдөл өгсөн, их хурлаар хэлэлцсэн, их хурлаас гарсан шийдвэр нь бол биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой. Анхны УИХ байсан учраас Үндсэн хуультай нийцүүлэхийн тулд бүх хуулийг цоо шинээр гаргах ёстой байсан. “Иргэний хууль” гэж айхтар социализмын үеийн хууль байлаа. Түүнийг задлах шаардлага байсан. Зохиогчийн эрхийн тухай, Патентын тухай хуулиудыг байх хугацаандаа батлуулсан. Соёлын тухай хууль бол батлагдах шатандаа очсон байсан. Ер нь миний үүрэг хангалттай биелсэн гэж үздэг. Боловсрол, гадаад харилцаатай холбоотой хуулиуд, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалууд гарсан байсан. Бид чинь дэндүү их суудаг байсан юм. Долоо хоногийн дөрвөн бүтэн өдөр нь нэгдсэн чуулган хийдэг. Ирцийг бол яг арван жилийн хүүхэд шиг бүртгэнэ. Шөнө хоёр, гурван цагт л тардаг. Тийм Их хурал байсан. Эрүүл мэнд ч тийм сайнгүй байсан. Миний хувьд, хүний нас нэг л юм чинь энэ насыг яаж өөртөө ханамжтай, бусдад хэрэгтэй өнгөрөөх вэ гэж дүн тавих ёстой доо. Тэгэхээр өөртөө ханамжтай байх нь бол энэ уран бүтээл, эрдэм шинжилгээний ажил. Бусдад өгөөжтэй нь ч ялгаа байхгүй. Тийм учраас би их улс төрөө зогсооё. Ер нь улс төр гэвэл одоо хүртэл МАН-ын бага хурлын гишүүн, би улс төрд оролцсоор л яваа. Тэгэхдээ яг их улс төр гэдгийгээ зогсоох нь чухал юм байна гэж бодсон. Тэгээд бодчихоор дахиад хоёр жил надад харамсалтай байгаа юм. Хөгжмийн зохиолч хүний хувьд хэн ч бай бүгд л миний сонсогч. Улс төрийн тогоонд их удаад, тэгээд түүнд дуртай болбол хөгжмийн зохиолоо хаях хэрэгтэй болж байгаа юм, явж явж. Тэгээд л ийм сонголт хийсэн.
МАНЛАЙЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ “ҮЛГЭР ЖИШЭЭ” ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ
Нэгэнт хоёулаа улс төр яриад эхэлсэн юм чинь танаас улс төрийн хэдэн асуулт асууя. Таны бодлоор, улстөрч гэж хэн юм? Улстөрч хүн ямар байх ёстой вэ?
Ёстой өөрийнхөө бодлоор л хэлбэл; Улс төрч гэдэг бол УИХ-ын гишүүн гэсэн үг биш гэдгийг л шууд хэлмээр байна. УИХ-ын гишүүн бол улс төрийн тогтолцооны түвшин дэх улс төрийн сонгуульт ажил. Харин улстөрч гэдэг бол албан тушаал биш гэдгийг ойлгомоор байгаа юм, ядаж. Засгийн газрын гишүүнийг улс төрийн албан тушаалтан гэдэг болохоос улстөрч гэж хэлдэггүй. Улс төрийн албан тушаал, томилгоо гэж ярьдаг. Улс төрийн ажил учраас улстөрч гэж ярьдаггүй. Тэгэхлээр УИХ-ын гишүүн болчихоод тангараг өргөснийхөө маргааш “Улстөрч бид ард түмнийхээ санал онолыг сонсож улс орноо хөгжүүлэх хэрэгтэй байна” гэсэн санаа хэлж байгаа олон залуусыг би харсан. Тэгэхээр тэр хүн бол ард түмний эд эс биш болж хувирч байгаа юм шиг. Зааглаж, ард түмнээс тасарсан гэдгээ л зарлаж байгаа хэрэг шүү дээ. Ингэхэд өөрөө хэн болж таарч байна.
Тэгэхлээр жинхэнэ улстөрч гэдэг бол улс орны, энэ үндэстнийхээ өнгөрснийг бараг мэддэг, өнөөдрийг бараг ухаардаг, маргаашийг бараг төсөөлдөг, энэ мэддэг ухаардаг төсөөлдөг нь дэлхийн улс гүрнүүдийн хөгжиж ирсэн зүй тогтолтой харьцуулагдсан, бие даасан тийм зарчим илэрхийлэгчийг улстөрч гэж болно.
Би ингэж ухаарч байгаа юм. Зүгээр өөрийнхөө юмыг мэддэг, бусад улс орон яаж байгааг төсөөлөхийг ч хүсдэггүй хүнийг бол яг өнөөдрийн парламентын түвшинд улстөрч гэх боломж байхгүй.
Өнөөдөр манайд таны тодорхойлсон шиг улстөрч байна уу?
Өнөөдрийн улстөрчийг өнөөдрийн нийгмийн хүн нь сайн, муу гэж тодорхойлоход үнэхээр харьцангуй. Би хэрвээ “тэр бол сайн улстөрч” гэх юм бол бараг алдах магадлал өндөр. Яагаад гэвэл, зогсдоггүй хоёр юм байна шүү дээ. Хурд, цаг хугацаа хоёр. Тэр хоёр ямар нэгэн хэмжээгээр хэмжээс нь өөрчлөгдсөн цагт л дүгнэлт хийх нь арай бодитой. Жишээлбэл, “За байз нэлээн сайн улстөрч чинь ер нь А.Амар сайд байсан юм байна” гэдэг ч юм уу. Тэгвэл боломжтой. Өөрөөр хэлбэл олон морь уралдаж байхад яг энэ түрүүлэх нь дээ гэх хэцүү байдаг. Түрүүлээд ирчихсэн тохиолдолд, түрүүллээ гэдгийг нь мэдэж байж хэлэх боломжтой. Тэгэхлээр одоо хэлэхэд бол хэцүү. Ухаандаа улс төрийн талаар баримжаатай хүмүүс бол бий л дээ. Жишээлбэл, С.Баяр ч юм уу, улс төрийн талаар баримжаатай. Залуучуудаас ардчилсан намын ч билүү М.Батчимэг гээд бүсгүй байдаг ч юм уу, тийм баримжаатай хүмүүс байдаг гээд яриад байж болно. Эдийн засгийн талаар гэх юм бол Р.Амаржаргал ч гэдэг юм уу, баримжаатай. Эд нарыг би сайн улстөрч гэж тодорхойлж байгаа юм биш. Тэр бол өөр асуудал. Зүгээр ийм баримжаатай хүмүүс хувь хүнийхээ хувьд, эрдэм мэдлэгийн хувьд том хүрээгээр сэтгээд, бодоод, бусад ухаантны өндөр дэмжлэгийг аваад, ийм хүмүүс бусад ухаантанд өөрийнхөө баримжааг тулгах биш, бусад ухаантны баримжааг өөрийнхөө баримжаатай жишиж үзээд шийдвэр гаргадаг. Тийм хүмүүс л том улстөрч байх ёстой. Гэтэл тийм хүмүүс одоо хэр зэрэг их байна гэдэг дээр л асуудал гарч ирээд байгаа. МАН, АН гээд том намуудад ийм баримжаатай хүн зөндөө л байдаг байх. Гэхдээ том улстөрч гэдэг бол баримжаанаас гадна, хуучнаар бол их “үлгэр жишээч” хүн байх хэрэгтэй. Манлайлах гэж байгаа юм бол “үлгэр жишээ” үзүүлэх ёстой шүү дээ. Ядаж л элдэв хэл ам, хэрэг чаргад орооцолддоггүй байна биз.
Улс төрд сайн хүн гэж байдаггүй, муу хүн гэж байдаггүй гэдэг. Та үүнийг юу гэж тайлах вэ?
Энэ бол хүн чанар, хүний дотоод мөн чанар, хүний ёс зүйтэй нь холбож байгаа зүйл огт биш. Өөрөөр хэлбэл, эрх ашиг гэж юм байна аа л гэж байгаа юм. Эрх ашгийн тухай асуудал бол “Өөрийнх нь зорьж, хүсэж байгаа эрх ашигт таарвал дайснаа ч авна. Таарахгүй бол нөхрөө ч хөнөөнө” л гэсэн үг. Эрх ашиг нь хэнд үйлчилж байгаагаас хамаараад тунгалаг уу, шударга уу, эс тунгалаг уу, эсвэл бидний энгийн яриагаар ард түмний эрх ашигт нийцэж байна уу, эс нийцэж байна уу гэдэг тухайн тэр шалгуур нь өөр өөр. Тэр эрх ашгийн шалгуур нь жинхэнэ эх орон, улс гүрнээ гэсэн эрх ашиг байвал, нөгөө манлайлагч чинь нөхөр, дайснаа зөв олоод л явна гэсэн үг.
Улстөрч болно гэсэн залуус олон байгаа шүү дээ?
Тэд улстөрч болъё гээд байгаа юм уу, улс төрийн албан тушаалтан болъё гээд байгаа юм уу. Улстөрч болъё гэвэл одоо биеэ бэлд. Гэрээ бэлд, тэгээд улс төр лүү яв. Бие чинь байна шүү дээ. Одоо дэлхийг тооцоолохгүй Монгол гэж байхгүй. Монголын улстөрч гэдэг бол “дэлхийн” улстөрч байж гэмээ нь л Монголын улс төрч болно. Яаж ч мунхаглалаа гэсэн дэлхийн хэмжээгээр л бодохгүй бол монголын улстөрч байх боломж байхгүй. Тийм учраас дэлхийн хүний түвшинд л өөрийгөө бэлд. Харин битгий хөөрөг бариад, морь уяад давхиад бай.
Олон залуу гишүүн, төлөөлөгч нартай боллоо. Тэд нарын дотроос таны бодлоор арай дөнгүүр, жаахан баримжаатай гэсэн хүн хэр их байна?
Одоохондоо ерөөсөө мэдэгдэхгүй байна. Баримжаатай нь одоохондоо ил гарахгүй байна. Баримжаагүй нь л ил гарч ирж байх шиг.
ХУУЛЬ ТОГТООГЧ ШҮҮ ДЭЭ, ЭНЭ НӨХӨР
Улстөрчдөөс жишээ аваад асууя л даа. С.Жавхлан, Н.Номтойбаяр, Ц.Элбэгдорж гээд энэ гурван хүний талаар та юу гэж хэлэх вэ?
Юу ч гэж хэлэхгүй.
Жишээлбэл, С.Жавхлан гишүүн морио унацгаая, дээлээ өмсөцгөөе гэж уриалдаг. Үүнийг та дэмждэг үү?
Үзэл санааг нь дэмжиж байна. Ер нь бол ямар нэгэн зүйлд уриалснаар, шийдвэр гаргаснаар, хүч хэрэглэж ч юм уу, албадлагаар хэрэгждэг юм биш. Аливаа зүйл тогтолцооны түвшинд очиж байж л хэвшдэг. Энэ агуулгаар нь асуудлаа бодож байгаа бол би дэмжиж байна. С.Жавхлан гишүүн морио унуулахын тулд “Морио унацгаая” гэхээсээ илүүтэйгээр, УИХ дээр морио унах ямар хөшүүргийг эрх зүйн түвшинд бий болгох вэ гэдэгт л анхаарах ёстой. Тэрийг нь түрүүлж бодоод байх юм бол, С.Жавхлан гишүүн улстөрч болох гээд байна гэж би үзэх гээд байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, тогтолцооны түвшинд шийдвэрлэх ёстой. Аливаа асуудлыг тогтолцооноос гадуур шийдэж болохгүй. Жишээ нь, тариаланчдад манайхан урамшуулал өгч байгаа. Эмнэг сургаж байгаа хүнд урамшуулал өгч байгаа юу? Зуун эмнэг сургасан хүнд ямар урамшуулал өгч байна вэ? Мориор малаа хариулж байгаа хүнд урамшуулал өгдөг үү? Энийг л С.Жавхлан бодох ёстой юм. Яагаад гэвэл мотоциклиор битгий малаа хариул аа гэдгийг хэлж болно. Мотоциклиор малаа хариулах нь ирээдүйд ашиггүй ч гэсэн өнөөдөр хамгийн их ашигтай. Цаг хожно, мөнгө хожно, олон юм хожно. Мориор хоёр цаг явах юмыг 10 минутад явна. Ядрахгүй. Мэдээж ирээдүйд эрүүл мэндэд ямар вэ гэдгийг хэлж чадахгүй. Морин дээр нэг цаг салбаганахад ирээдүйд миний түрүү булчирхайнд юм уу, бөөрөнд хэрэгтэй гэдгийг ярих хэцүү. Яагаад гэвэл өнөөдөр гэдэг бас л чухал шүү дээ. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэдэг.
Тэгэхлээр яах ёстой вэ?
Монгол Улс дэлхийн улс орнуудаас хоцрохгүй технологийн соёлтой, сонгодог нүүдлийн соёлоо хадгалсан ийм монгол үндэстэн байх ёстой гэж зорьж байгаа биз дээ. Зах зээлийн эдийн засагтай. Одоо тэгвэл тэрийгээ л хий. Мотоцикль унасан хүн өнөөдөр цаг хожиж байхад, морио унасан хүн мөнгө хожих хэрэгтэй. Тэгэхлээр Жавхлан уриалсан уриалаагүй мотоцикл унах нь багасна. Тэмээгээр нүүсэн айлд урамшуулал өгөх ёстой. Мод түлэхгүй дандаа аргал түлдэг айлыг урамшуулж байх хэрэгтэй. Мод түлдэг айлыг жаахан торгож болно. Ойлгож байгаа биз? Ер нь мод битгий түлээч ээ гэж хэлж байхаар, мод түлэх нь дэмий юм болох нь дээ амьдралд гэж бодож сургах ёстой. Мотоциклтой ингэж завхарч байхаар морьтой явбал ашигтай юм байна гэж бодоход хүргэх хэрэгтэй. Их хурлын гишүүн гэдэг хүн бол аливаа юмыг хийхдээ тогтолцооных нь түвшинд бодож асуудлыг шийдэж байвал, таны уриалах гээд байгаа зүйл өөрөө бий болно. Бид бол харин “Морио унацгаая” гэж уриалж болно. Үүнийг сонссон С.Жавхлан тогтолцоогоо хийх ёстой. Асуудал энэ. С.Жавхлан гишүүн одоохондоо туршлагагүй байна. Хүнд сайн харагдах, сайхан санагдах бол нэг хэрэг. Хууль тогтоогч шүү дээ, энэ нөхөр. Энийг л Их хурлын гишүүд бүгд бодох ёстой. Би бол хууль тогтоогч, би хүний төлөөлөл болж гарч ирснээрээ зөвхөн Баянзүрх дүүргийнхэн төдийгүй бүх Монгол Улс хожих ёстой гэж бодох ёстой юм. Тийм учраас Их хурлын гишүүн болчихоороо С.Жавхлан бол Баянзүрх дүүргийн төлөөлөл биш, Монгол Улсын бүрэн эрхт парламентын гишүүн. Морь унаж сургагч, хог арилгаж сургагч бол бүр ч биш. Ер нь тэднийг хүрз бариад цас арилга, худалдаа наймаа хий гэж сонгоогүй, хуулийг тогтоо л гэсэн.
ОФФШОР ГЭДГЭЭ НЭГ МӨР ОЙЛГОМООР БАЙНА
Улс төр дэх жендэрийн асуудал гэж яригддаг. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог та ер нь дэмждэг үү?
Ер нь бол би дэмждэг. Социализмын үед нэг ийм юм ярьдаг сан. Тооноос чанарт билүү. Миний санаа ойлгогдож байна уу. Ер нь аливаа юмыг хэлбэр талаас нь харахаар л алдаа гардаг золиг. Уг нь дэмжих ёстой юм. Гэхдээ парламентын гишүүдийн тэдэн хувь нь заавал эмэгтэйчүүд байна гэдэг байдлаар яваад байвал нөгөө тооноос чанарт гэдэг тэр зарчим хэцүү.
Анх театр байгуулдаг шиг үү?
“Эр хүн тэнэж дуусаад гэрээ санадаг, эм хүн бодож дуусаад гэрээ хаядаг” гэсэн үг бий дээ. Тийм хүйсийн онцлог байна. Бүр оршихуйн. Яг ингэж бодвол эмэгтэйчүүд төрийн эрх барихад олон байх тусмаа сайн. Харин тоогоор хөөцөлдөөд байвал хэлбэр тал руугаа явна. Эмэгтэйчүүдийг зарим нь урт үстэй, ухаан богинотой гэнэ, зарим нь мяндсан ухаантай гээд л ярина. Тэр асуудал бол чухал биш юм. Ер нь жендэрийн асуудлын тухайд бол, эмэгтэйчүүд тэр зүг рүү өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй. Зүтгэх чухал биш. Бэлдэх нь чухал. Бэлэн байвал тэр нь байгаа.
Оффшорчид гэж их ярьж байна. Энэ ер нь юу болж дуусдаг бол?
Яг оффшор гэдэг байна шүү дээ... Улсын их хурлын түвшинд ч, улс төрийн зүтгэлтнүүдийн түвшинд ч, шүүх эрх мэдлийн байгууллагууд, иргэний байгууллагуудын түвшинд ч нэгдсэн нэг ойлголтод хүрээгүй л байх шиг. Зарим их том эдийн засагч болохоор байх л ёстой зүйл гэж төөрүүлээд л. Явж явж тэр нуусан мөнгө бол цэвэр биш гэж үзэхээсээ илүүтэй, ямар ч байсан цэвэр гэх нь маргаантай л мөнгө байхгүй юу. Маргаантай л бол, авгайгаасаа нуусан миний мөнгө ч гэсэн маргаантай л гэсэн үг шүү дээ. Тийм учраас оффшор гэдгийг нэг мөр ойлголцох хэрэгтэй юм шиг. Манайд хөрөнгө оруулагчид бүгдээрээ л оффшортой, тэгэхээр оффшор дотор л орж байж хөрөнгө оруулахгүй бол яах юм гэж манайхан хэлдэг. Оффшорыг бүрэн хорих хэрэгтэй гээд зарим нь хэллээ. Хэрвээ дэлхийн эдийн засаг дотор орж тоглох гэж байгаа бол, Монголын эдийн засаг гэж шал ондоо зүйл биш байгаа юм, уг нь. Энэ “Дэлхийн эдийн засаг” гэдэгт очиж наалдаж, нэг өнцөг мөргөнө шүү. Тийм учраас энийг их л сайн бодох ёстой болохоос, яаран сандран хууль гаргах хэрэг байна уу? Хууль гарчихвал юу ч болох юм билээ. Эсвэл хэлмэгдүүлэлт болох юм уу? Эдийн засгийн ямар нэгэн мухар булан руу орж балрах уу? Эсвэл нээрээ сайн юм болоод мандчих юм уу? Ер нь аливаа нэгэн юмыг яг атгаж үзээгүй, барьж үзээгүй цагт шийдэхэд хэцүү. Тэгэхээр би бол, эцсийн эцэст шууд хууль гаргаж шийднэ гэдгээсээ өмнө оффшор гэж юу юм гэдгээ ёстой улс төржилгүй ойлголцмоор байгаа байхгүй юу. Товчоор хэлэхэд, оффшороо учрыг нь олчихоод С.Баярцогтоо шүүе ээ л гэсэн үг.
Та МАН-ын гишүүн хүн. Саяын сонгуулиар ялалт байгуулахад их баярласан уу?
Үгүй, их баярлаагүй.
Яагаад?
Манай нам ялсан нь сайн хэрэг. Манай нам сайндаа ялсан уу? Ардчилсан нам муудаа ялагдсан уу гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Үнэхээр МАН энэ дөрвөн жилд сайн авч явах учраас ялчихав уу, эсвэл АН өнгөрсөн дөрвөн жилд муу авч явсан учраас ялагдчихав уу гэдгийн учрыг олох ёстой юм. Хоёрдугаарт манайх шинэ парламентат ёсыг аваад 24 жил боллоо. Парламентат ёс гэдэг юу вэ гэхээр, би тайван ажил амьдралаа бодъё, чи амьдралыг бодсоноор минь байлгаад өгөөч ээ гээд өмнөөсөө хүн явуулчихаж байгаа юм. Ийм юмыг бид сонгож авсан.
Үнэн чанартаа бол УИХ- ын гишүүн гэдэг чинь, бүдүүн тоймоор хэлэхэд, “ажилгүй, амьдралгүй” болж байгаа юм шүү дээ, дөрвөн бүтэн жил. Тэр хүн энэ сонгосон хүмүүсийн төлөө өөрийгөө золиосолж байна гэсэн үг. Би сонгуульд оръё гэж бүр ухамсартайгаар шийдэж орсон. Ухамсартайгаар би хайран дөрвөн жилээ золиосолъё гэсэн л хүн.
Гэтэл тийм биш болж хувираад байгааг бид сайн харж байна. Тийм учраас манай засаглал явж өгөхгүй байгаа биш үү.
Тэгвэл энд нэг гажуудал байна аа даа?
Ю.Цэдэнбал даргын үед нэг хэсэг нутгийнх нь хүнээр аймгийн дарга тавьдаггүй байсан шүү дээ. Тэр бол бас л нэг бодлого. Одоо бол нутгийн, нүүдэлчний жалга довны үзэл хүчтэй байна. Төв аймгийн хүн Өвөрхангайд очоод өрсөлдөхөөр танихгүй учраас нөгөө таньдаг хүнээ л гэнэ. Энэ хүн бол өөрийгөө золиосолсон хүн гэж ойлгохын оронд, энэ хүн ийм хүн байгаа юм гээд л дуусаа. Өөрийгөө золиослоод сонгогдох гэж байгаа хүн маань ямар ч аргаар хамаагүй санал авахыг л бодно. Юу ч амлаж чадна. Тийм учраас хонийг чинь олшруулна, таван ихэр хурга гаргуулна гэдэг ч юм уу ярьж байж санал авч байгаа. Ийм нөхөд гарч ирээд Их хурлын гишүүн болчихоор улс орны хөгжлийн асуудалд хөл алдаж эхэлнэ. Нөгөө талаар хүн ам цөөнтэй хөдөөд бол ихэнх нь танил тал, садан төрөл рүү ордог. Энэ нь нөгөө овгийн байгууллаас гаралтай. Хотод бол бэл бэнчин бүр чухал. Энэ бүхнээс болоод тод байхыг их хүсэж байгаа юм. Бүдэг л байвал дахин гарч ирэхгүй. Тод байхын тулд хэнд ч бай таалагдах юмыг хийх ёстой болдог. Уг нь Их хурлын гишүүд бол телевизээр яриад байх улс биш, хуулиа л хиймээр юм. Их хурлын Тамгын газар л мэдээллээ хийнэ биз. Гэтэл манайхан тод байх ёстой. Ингээд улс төр нь улс төр биш болж, өнөөх популизм болж байгаа нь тэр. Популизм битгий хий гээд л популизмаа хийнэ. Үүнээс болоод институц хоорондын зөрчил гарна.
Институц хоорондын зөрчлийн гол үр дагавар нь юунд байна вэ?
Тоглоомын дүрэм ийм. Ерөнхийлөгчийг шатраар ноён гэж бодъё. Их хурлыг бэрс, Засгийн газрыг тэмээ, тэрэг, морь гэж бодъё. Ноён бол нүүдэл алгасахгүй. Нэг л түлхэнэ. Бэрс бол хөндлөн ч нүүнэ, гулд ч нүүнэ. Тэрэг бол чигээрээ л нүүнэ. Морь бол өрөөлдөж нүүнэ. Хуулиараа ингээд заачихсан. Ингээд тоглолоо. Одоо тод байх гэдгийг тайлбарлая л даа. Морь нүүж байгаад бэрсэнд идэгдэх болохоороо тэрэгний нүүдлээр нүүгээд явчихна. Хүү ноёноо хамгаалж байх ёстой. Гэтэл гэнэтхэн тод байх гээд хоёр алгасаад нүүчихнэ. Ноён хамгаалалтгүй учир мад тавиулна. Тоглож болохгүй. Морины нүүдлээр нүүх байх гээд бодож байтал тэмээний нүүдлээр нүүнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хийх ёстой юмнаас Ерөнхийлөгч өөрийн эрхгүй хийлцээд эхэлнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газар хэдэн жилийн өмнө утааг сааруулах ажлын хэсгийг Тамгын газартаа байгуулсан шүү дээ. Тэнд Ерөнхийлөгчтэй хамаатай нэг л асуудал байдаг. Монгол Улсын иргэн хүн эрүүл орчинд аж төрөх эрхтэй. Тэр эрхийг хамгаалахад Ерөнхийлөгч санаа тавих ёстой. Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газар санхүүг нь барьж, утаанд тэдэн төгрөг зарна гэдэг бол хотын захиргаа юм уу, дүүргийн түвшинд яригддаг асуудал руу орж байгаа хэрэг биз дээ. Эсвэл ерөнхий сайдын алба “Нүүрс” хөтөлбөр гээд гардаад орчихдог тал бий. Хот, дүүрэг гээд хийх ёстой газар доогуур байгаа. Тэднээр ажлыг нь хийлгэхгүй булаагаад авч байна. Мөн зарим Их хурлын гишүүн явж байгаад л Засгийн газрын ажилд оролцоод ирдэг. Нөгөө тэрэг маань одоо морины нүүдлээр нүүнэ. Тэгэхээр Засгийн газрын гишүүн яах вэ? Чи морины нүүдлээр нүүж байгаа юм бол би тэмээний нүүдлээр нүүнэ гэнэ биз дээ. Ингээд ирэхээр хариуцлага тооцох боломж улам л багасна. Энэ асуудал бол манайхыг ёстой баллаж байгаа даа.
ХӨГЖИЖ БАЙГАА ЦАРАЙ БОЛ ЯГ “АМЬ” НЬ БИШ ЮМ
Засаглалын тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй юм болов уу. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
Феодалын засаглалтай их сайн хөгжсөн улс орон бий. Хаант засаглалтайгаар ч сайн хөгжсөн орон бий. Парламентын засаглалтайгаар сүйрчих ч нөхцөл бүрэлдэж болно. Япон улс гэхэд л эзэн хаантай. Англи улс хатан хаантай. Болоод л байна. Тогтолцооны хэлбэр ямар байхаас үл хамаараад, сонгосон хэлбэрээ улс орон, иргэнийхээ эрх ашигт хэр нийцүүлсэн бэ гэдэг л их чухал. Тэгэхдээ, тэр нутаг дэвсгэрт байгаа хүмүүсийн эрх ашигт нийцэхээс гадна, тэр нутаг дэвсгэрт байгаагаас бусад газрынхтай хэр зэрэг жишиж нийцүүлсэн бэ гэдэг асуудал бас чухал. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн засаглалтай болъё л гээд байна. Одоо Назарбаевын Засгийн газар Казакстаныг үнэхээр айхтар хөгжүүлж байна л даа. Гэвч энэ бол нэг өдөр хөмрөхөд л 20 жилийнх нь ололт үнс болох аюултай ч байж мэднэ. Тэгэхлээр хөгжиж байгаа царай бол яг “амь” нь биш юм. Жишээ нь, ирэх гурван сард Оросын банкууд бараг оймсныхоо түрийг эргүүлэхэд бэлэн болчихоод байна гэсэн яриа гараад л байгаа. В.Путины энэ том засаг юу болох юм, бүү мэд. Ийм байдалтай байна. Тэгэхлээр тэр л асуудал. Ямар хэлбэрийг сонгож авснаас үл хамаараад, тухайн тэр сонгож авсан хэлбэрээ нийгэм, нийтийн эрх ашигт хэрхэн нийцүүлсэн бэ гэдэг л гол асуудал юм.
Тэгвэл манайд парламентын засаглал тохирохгүй байгаадаа биш байх нь ээ?
Манайд энэ парламентын засаглал болохгүй хэлбэр биш гэж би боддог. Миний тэр дээр яриад байгаа тоглоомынхоо дүрмээр л тоглох ёстой. Хууль тогтоогч нь хууль тогтоогч шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг байх. Тэгэхээр Ерөнхий сайд хэдэн төгрөгөө батлуулж авч хэний ч оролцоогүйгээр хар толгойгоороо хариуцаад, ингээд зарчихлаа шүү гэдгээ жилийн эцэст их хуралдаа тайлагнаж байх ёстой. Өөр нэг асуудал бол сахилга бат. Энэ ойлголтыг Монголын улс төрийн хэлнээс авч хаясан байна. Энэ үгийг ер ярихгүй байгаа. Яваандаа эх орон гэдэг үг ч ярихгүй болох юм шиг байна. Эх орон гэхээр популист гээд цоллоод байна уу үгүй юу! Сайн бодвол, эх орон гэдгээс өөр юу ярих ёстой билээ, аан! Харин хариуцлага гэдгийг “хариуцлага тооцно” гэж яриад байдаг. Хариуцлага тооцно гэдгээ бол цаг хугацааны хувьд үр дүн гэж ухаараад байгаа юм. Тэгэхээр хариуцлагыг явцын дунд нь тооцохгүй, дуусахаар нь тооцох нь ээ. Тэгээд л Ардын намыг Дөрвөн жилийн дараа та нартай хариуцлага тооцно. Энэ дөрвөн жилд та нар яавал яацгаа гээд байгаа юм уу!
Харин Ардчилсан намын хувьд?
Ялгаагүй л дээ. Ардчилсан намыг болохоор сая сонгуулиар хариуцлага тооцсон гэж үзэж байгаа. Харицлага тооцох бол зөвхөн албан тушаалаас буулгах ч асуудал биш шүү дээ, уг нь. Дөрвөн жилд бол яагаа ч үгүй. Хариуцлага тооцоогүй. Тэгвэл тэр сахилга бат яахав. Явцын дунд чи буруу юм хийж болохгүй гэдэг санхүүгийн сахилга бат, албан тушаалын сахилга бат, сахилга бат алдвал ингэнэ шүү гэдэг тэр зүйлийг яахав. Тийм учраас л сахилга бат гэдэг үгээ ядаж оруулж ирье гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр зарж байгаа мөнгөнд нь хяналт тавихгүй, дөрвөн жил идсэний дараагаар хариуцлага тооцно гээд байгааг өөрчлөх хэрэгтэй байна. Тэр хариуцлага гэдэг юмаа, эсвэл ойлголтоо өөр болгоё. Хэрвээ хариуцлага нь үр дүн юм бол сахилга баттай байх ёстой. Санхүүгийн, хөдөлмөрийн, зам тээврийн, замын дүрмийн. Энийг хэрэгжүүлэхгүйгээр, ийм юм руу явахгүйгээр идсээр л байх болно. Ингэхгүйгээр тэр хариуцлага нь иднэ үү, бултаж алга болно уу дурын асуудал болчихож байгаатай адил.
МӨНГӨТЭЙ БОЛ ЭРХ МЭДЭЛТЭЙ, ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛ МӨНГӨТЭЙ
Үнэн худлын зааг ялгаа харагдахгүй байгаа тал бас байна уу, үгүй юу?
Бас нэг сонин юм байна. Энэ эсвэл гадны хүч байдаг юм уу, эсвэл дотооддоо ийм юм зохиодог хүчтэй болчихов уу. Хүнийг мөнгө идсэн гээд л зарлаад баахан явж байснаа, нэг газраас огт мөнгө идэж чадахгүй нөхрийг мөнгө идсэн гэж зарлаад явдаг. Ингээд зэрэгцээд явчихна. Тэгэхээр мөнгө идсэн хүнийг ч гэсэн, энэ бас идээгүй байж болох юм байна гэж би бодож эхэлж байгаа юм. Бүгдийг саармагжуулаад эхэлнэ. Бүгдээрээ идсэн ч юм шиг, эсвэл идээгүй ч юм шиг. Зарим нь үнэхээр идэх ёсгүй хүн болохоор бүгдээрээ идээгүй ч юм шиг. Зарим нь нээрээ ч идчихэж болохоор хүн болохоор бүгдээрээ идчихсэн ч юм шиг. Ингэж саармагжуулдаг юм байна.
Үүнээс гадна мөнгө, эрх мэдлийн барьцаатай тусгай хүрээлэл бас байх шиг?
Ер нь бол манайд ийм юм байна. Энэ бол МАН-ын одоо гарч ирээд хийсэн ч юм биш. АН дөрвөн жилийн өмнө хийчихсэн ч юм биш. Мөнгөтэй бол эрх мэдэл байна. Эрх мэдэлтэй байвал мөнгөтэй байна гэсэн энэ тойрог. Ер нь бүх шатанд ийм сэтгэл зүй суусан байна. Энэ яг хэдийд ийм болсон. Хэн ийм болгосон гэвэл, би бараг баримжаагаар нэрлэж болох л байх. Нэрлээд ч хэрэггүй. Цаг хугацаа бий болгосон, цаг хугацааны явцад аяндаа энэ ургацаг ингэж ургасан. Энэ бол нийгэм өөрөө ургуулсан ургацаг. Энэ ургацгийг шууд тас цохиж болохгүй, шимж алга болгох ёстой. Болбол хурдан. Энэ нөхцөлд бол төрийн албыг бэхжүүлнэ, төрийн албыг тогтвортой байлгана гэж худлаа яриад яахав. Худлаа ярихад нь итгэж л байна л даа. Ийм тойрог байхад тэр яриа бол үнэхээр худлаа л байх болно.
Тэгвэл одоо яах хэрэгтэй юм бэ?
Энэ “хавдрыг” шимэгдүүлэх, богино хугацаанд арилгах ёстой. Тэгэхгүйгээр Монгол Улсын хөгжлийн асуудлыг ярихад их хэцүү. Хөгжлийн асуудал ярих гэж байгаа бол энэ тойргоос л гарах ёстой. Нөгөө нэг асуудал бол, монгол хүний ёс зүй, энэрэнгүй ёс, хүнлэг чанар их муудаж байгаа гэж яриад байна. Шударга байдал ч гэх шиг, шударга байя ч гэх шиг. Энэ бол түрүүчийн мөнгөтэй бол эрх мэдэлтэй, эрх мэдэлтэй бол мөнгөтэй гэсэн тойрог дотор эрх мэдлээ урвуулан ашигласан нөхөр ард иргэд бидний нүдэн дээр хариуцлага хүлээгээгүй цагт тэгж эх оронч үзэл, үндэсний соёл, уламжлал, шударга байдал, шударга хөдөлмөр гэх мэт ойлголтыг яриад ч дэмий юм. Одоо тэгээд яахав гэж та асуулаа. Хариуцлагаа л тооцож сурах хэрэгтэй.
УЛС ОРНЫХОО АМГАЛАН ТАЙВАН БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРАХ ЁСТОЙ
Ер нь учраа олоход их л хэцүү болчихоод байгаа юм биш үү?
Иргэдийн хувьд хэд хэдэн хэсэгт хуваагдаж байна л даа. Зарим нь төрийг үзэн ядах үзэлтэй болж байна. Зарим нь өөрсдийнх нь явж байсан зорилго тодорхойгүй болоод ирэхээр нийгэмд гэхээсээ илүү өөрийнхөө амьдралд бухимдах ч байдалтай болж байна. Зарим нэг амар сайхандаа жаргасан улсууд бол, тэр дээр юу болж байх нь ямар хамаа байна. Хэдэн малаа маллаад, гутлаа үдэж хадаад яршиг зүгээр. Ийм хуваагдал руу явж орж байна. Энгийн бидний түвшний иргэд бол нэг тийм байдалтай. Энэ ч сайн сайхан зүйл биш шүү дээ.
Тэгээд?
Тэр үзэн ядах байдал бий болсон бухимдалтай хэсэг их нэмэгдвэл давалгаа өөрөө хүчтэй явчихаж мэдэх. Ер нь манай төр засгийн удирдлагад байгаа нөхдүүд дотоодынхоо энэ байгаа байдлыг сайтар ухаарч, гадаад дэлхий ертөнцөд болж байгаа үйл явцыг их сайн анзаарч, тэрний жишгээр манайд ямар нэгэн асуудал гарвал яах вэ гэдэг тал дээр онцгой мэдрэмжтэй байх хэрэгтэй байх л даа. Манайхан жаахан соргог бус хандах юм бол; жишээлбэл Солонгост Ерөнхийлөгчөө нэг иймэрхүү юманд буруутгаад л, гэнэтхэн оюутнууд нь ноцоод л, гэнэт түргэн унагаад хаячих юм бол, залуучууд нажигнаад эхлэх юм бол хэцүү шүү дээ. Хариуцлагатай албан тушаал хашиж байсан, хашиж байгаа хүмүүсийн яриаг үнэн гэж ухаараад, Ц.Элбэгдорж “Эрдэнэтийн” 49 хувийг луйвардахыг зохион байгуулсан, хуйвалдааны төр бий болгосон гээд бужигнаж эхэлбэл яах вэ. Барьж зогсооход хэцүү шүү дээ. Тэгээд л “Ц.Элбэгдорж оо, огцор” гэвэл ямар цэргээр даралтай нь биш. Тийм учраас гадаад ертөнцөд болж байгаа, болох гэж байгаа зүйлийг анзаарч, улс орныхоо амгалан тайван байдалд онцгой анхаарах ёстой юм. Яагаад гэвэл манай иргэдийн амьдрал сайхан биш байна шүү дээ. Монголчууд бидний сэтгэлд эх орноо гэсэн халуун зүрхний тэмүүллийн гал үргэлж асаалттай байгаа. Дөлийг нь дээрээс нь бөхөөгөөд байвал яаж асан бадрах билээ.
МОНГОЛЧУУДЫН “СОНГОДОГ ФИЛОСОФИ” ДЭЛХИЙ НИЙТИЙНХ БОЛОХ ХАНДЛАГА БАЙНА
Та дэлхийн хөгжлийн чиг хандлага, түүний дотор Монголын хөгжлийн чиг хандлага ямар байвал зохистой гэж бодож тунгааж байна вэ?
Би хөгжлийн чиг хандлага судалдаг эрдэмтэн хүн биш. Жирийн уран бүтээлч. Монгол хүн амны билгээрээ. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Хүн төрөлхтөн нэг тийм шинэ дэг маяг руу орох гээд орж чадахгүй байгаа ч юм шиг. Социализм, коммунизм, капитализм гэсэн үг биш шүү дээ. Энэ дэлхий, эх байгальтайгаа хэрхэн зохицох вэ гэсэн чин санаа шинэ дэг рүү хөтөлж магадгүй. Хүлэмжийн хий, байгаль экологи гээд л. Технологи улам хөгжөөд, хүн болгон нисдэг тэрэгтэй болж, сугандаа нэг шарик хийчихээд л далавчтай болох гэж яараад байвал хэцүү. Монголчуудын байгальтайгаа төгс зохицох ухаан, сонгодог философи нь дэлхийн чиг хандлагын шинэ хөтөч болох боломж байх шиг. Монгол бол хамгийн үлгэрлэгч орон байж болох талтай. Энэ талаасаа харвал их сайхан. Одоогийн эдийн засгийн ашиг завшаан дээр тулгуурласан том том геополитикийн цөмрөлтүүд, байгалийн том том гамшгуудыг эс тооцон амгалан тайван байдлаар, энгийнээр сэтгэж үзэхэд би Монгол орноо өөдрөгөөр сэтгэж бодон, сайхнаар хардаг юм. Миний бодол л доо. Зам, эрчим хүч, ус гурвыг л бүрэн шийдэх хэрэгтэй юм шиг. Ер нь Монгол хүн, тэр дундаа яг Монгол Улсын хүн ам их хурдтай өсөх ойрын ирээдүй харагдахгүй байгаа. 10 сая болчихно гэдэг ч юм уу, тэгж хамаагүй мөрөөдөж болохгүй санагддаг. 5-6 саятай хэдэн арван жил болох байх аа.
Өнөөгийн эрх баригчдын ярьж буй Монголын сайхан ирээдүйн тухай төлөвлөлт нь таны төсөөлөлд хэр ойр байдаг вэ?
Энэ уурхай гэдэг юманд ажлын байр олноор бий болгоод монголчуудыг ажиллуулна гэдэг бол тийм их холыг бодсон бус, ядуу сэтгэж байгаа хэрэг юм. Ажлын байр бий болгоод л уурхайд дийлэнх монгол залуус ажилтай болно гэдэг тийм ч зөв шийдэл биш байх. Би бол монголчууд ихэвчлэн багш, урлагийнхан, шинжлэх ухаан, эмч, инженер, эрх зүйч гэх мэт мэргэжлийг түлхүү эзэмших хэрэгтэй гэж боддог. Ер нь ирээдүйд чинь сайхнаар бодоход бол, дэлхий улам л ойртоно шүү дээ. Тийм учраас товчоор хэлбэл, монгол хүний олонх нь бидний ярьдгаар “хар ажил” хийхгүй байгаасай гэж боддог. Зөв тооцож бодож оруулж ирсэн гадаад хүн ажиллаж болно шүү дээ. Мэдээж үндэсний аюулгүй байдал бол энд асуудал.
Таны төсөөлөл өнөөгийн эрх баригчдынхаас өөр байна шүү. Тэгвэл малчдын ирээдүй?
Өнөөх сонгодог нүүдэлчний соёлоо уламжлан авч хоцорно гэвэл Канадын нэг хүн “Монголын тэр хөдөө л нэг очихсон. Айлд очдог гэнэ. Аргал түүдэг гэнэ. Гэрт амьдруулдаг гэнэ. Тэр нь 200 доллар гэнэ, хямдхан л байна шүү дээ. Хонь өрөлж гаргадаг гэнэ. Тэгээд таван цулаар нь хоол хийдэг гэнэ. Өөрсдөөр нь махыг нь эвдүүлээд гал түлүүлээд хоол хийлгүүлж идүүлдэг, тэр нь 1000 доллар гэнэ. Гайгүй л юм байна” гээд захиалгаа өгдөг. Малчид нь интернеттэй, душтэй, сумын төв рүү хайрган замаар яваад л орчихно. Тэгээд цаашаа засмал. Сайн гэгч орлоготой тэр малчных үхэр тэргээр явдаг, ердийн хөсгөөр нүүдэг, гэр бариулдаг гэнэ. Ямаа саалгадаг гэнэ, тэр нь 25-хан доллар гээд л төсөөлөн мөрөөдөхөд нүдэнд харагддаг. Одоо бол малчид мах бэлтгэж, малын гаралтай бүтээгдэхүүнээ хамгийн хямд үнээр өгч амиа борлуулахаас хэтрэхгүй байна шүү дээ. Ийм байдлаар цааш яваад байвал юун нүүдлийн сонгодог соёлыг хадгалах.
Өндөр түвшний сэхээтнүүд болон малчидтай байх нь манай ирээдүй гэж та харж байна, тийм үү?
Буриад, Өвөрмонгол, Тува, Халимаг хүмүүс “За тэр Улаанбаатар гэдэг хотод очоод л эмчид үзүүлэх юмсан. Тэр Монгол эмч нар Герман, Америк, Солонгост сурсан. Монгол хүн болж төрснийх Улаанбаатарт л очиж эмнэлэгт үзүүлье. За энэ муу хүү жаахан авьяастай, Монгол Улсын СУИС-д сургаатахъя. Буриадын нэг дуучин гэхэд л Улаанбаатарын дуурийн театрт очоод Отелло дуулаад л тэтгэвэртээ гаръя. Тэнд итали удирдаач байдаг гэнэ. Италийн дуучид дуулдаг гэнэ” гэдэг ч юм уу. Эсвэл Улаан-Үдийн нэг хүүхэн “Улаанбаатарт очоод нэг шоппинг хийчихээд ирье” гэдэг. Зүгээр нэг ийм орон баймаар байгаа байхгүй юу. Тэр хойд Солонгосын хүн Оюутолгойд ажиллана уу яадагсан. Уурхайнхаа үүдэнд нь бүртгэе л дээ. Манай монгол мах, ноосыг тэд л худалдаж авна биз. Ийм л орон байя. Дуурийн театрт маргааш Канадын балеттай, нөгөөдөр Америкийн дуурьтай. Ингэж чадах л ёстой. Том том эрдэмтэдтэй нийлээд стратегиэ боловсруулаад, эдийн засгийн тооцоогоо хийчихдэг. Дэлхийн эдийн засагчдыг уриад төсвөө боловсруулахад ашиглачихдаг. Ингээд сайхнаар бодоход ийм улс орон байх боломжтой. Ерөөсөө өндөр түвшний сэхээтэнтэй, өндөр түвшний малчинтай. Монгол нь монголтойгоо гэрлэнэ гэж иргэд нь бас хичээдэг. Хүн болгон иргэний өндөр боловсролтой. Монголын англи хэлний багш нар гэж мундаг. МУИС-д нь англи хэлний ангид хүүгээ өгчих юмсан гээд Өвөр монгол хүн зүтгэж байх жишээтэй. Энэ монголчуудаар, энэ хэдхэн хүнээр нүүрс ухуулна, уурхайд ажиллуулна гээд л зүтгээд байхгүй. Харин гадаадад ажиллаж болно. Тэнд замбараагүй том том компани удирддаг. Монголчууд чадах ёстой. Сайнаар тэгж төсөөлнө. Би танд ийм мөрөөдөл ярьж өглөө. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг биз дээ.
МОНГОЛ ХҮН БАЙХ ОЮУН САНААНЫ ЧАДАМЖ Л ИХ ЧУХАЛ
Бид хөгжилд хүрэхийн тулд ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?
Япон хүн, Хятад хүн, Америк хүн, Монгол хүний ерөнхий суурь нь өөр. Тийм учраас хөгжлийг нь нэг хэмжүүрээр хэмжиж болохгүй. Хятадад бол 56 үндэстэн эв найртай байх л чухал. Америкт америкийн иргэн эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдрах нь чухал. Хан байна уу, хар байна уу, цагаан байна уу гэдэг тэнд огт чухал биш. Харин Монгол, Япон, Франц гэх мэт улсад бол Франц хүн, Монгол хүн, Япон хүн сайн сайхан амьдрах ёстой. Энэ бол суурь асуудал. Тэгэхээр бидэн шиг ийм “моно” үндэстнээр бий болсон улсуудад тэр “үндэс” нь хамгийн чухал. Иймд юуны түрүүнд 21-р зууны монгол хүн гэж хэн бэ гэдэг жишиг “стандартыг” бий болгох хэрэгтэй. Ямар уламжлалтай, уламжлалаасаа юуг нь авсан, орчин цагаас юу авсан, ёс зүйн ямар хүрээтэй, ямар хүсэл эрмэлзлэлээр цэнэглэгдсэн, ямар мэдээллийн багцуудыг ангилж чадах чадвартай байх ёстой юм гэдэг ийм кодексийн тухай бодох ёстой юм. Жишээ нь, Япон хүн ийм байх ёстой гэсэн кодекс нь байдаг. Түүнд суурилсан боловсрол, соёлын бодлого төлөвлөлт хийгдэх хэрэгтэй юм шиг.
Таны бодлоор, монгол хүний кодексод заавал орох ёстой зүйл юу байх вэ?
Ерөөсөө л ийм тийм юм орно гэхээсээ илүүтэй, энэ нүүдлийн соёл уламжлалын аль зүйлийг нь тохируулж одоо авч үлдэх, дэлхийн соёлын аль зүйлийг нь манайтай таарна гэж үзэх, энэ хоёрын холбоосон дээрээс л манай тэр кодекс гарах ёстой. Хэдий чинээ чөлөөтэй байх тусам төдий чинээ өөрийгөө илүү олж авдаг гэдэг тийм онолын талаар зарим хүмүүс ярьдаг л даа. Тэрийг ч би нэг их мэдэхгүй юм. Харин нүүдлийн соёлын үнэт зүйл бол ерөөсөө дэлхийн соёлд үнэтэй зүйл байгаа юм. Харин юуг нь авч уламжлах, юуг нь гээж орхихоо онож чадвал шүү дээ.
Даяарчлалын эринд, дэлхийн хөгжлийн хувьсал дунд монголчууд монголоороо үлдэж чадах уу?
Чадах ёстой. Чадахгүй байж магадгүй гэвэл хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл хурд нэмэгдээд байгаа. Хурд нэмэгдэж байгаа нөхцөлд хүн нэг газартаа тогтох байдал багасна. Нэг тосгонд насаараа суугаад байхгүй. Одоо бол бид 500 мянган жуулчин бага байна, ихэсгэх юмсан гээд л бодоод байна. Хэрвээ дэлхий аятайхан байвал, 10-20 жилийн дараа хэдэн сая хүн Монголд орж ирнэ шүү. Бээжин орохын тулд Улаанбаатараар дайрдаг болно. Энэ бол зайлшгүй зүйл. Нэг сая биш, нэг тэрбум 400 сая хүн урд талд чинь байна. Тэдний хоёр гурван сая нь Монголыг үзсэн үү, үзээгүй юу л байгаа. 50 хувь нь Монгол Улсыг үзнэ гэх юм бол, нэг улсын 700 сая хүн Монголд ирнэ гэсэн үг. Амьдралын хурд нэмэгдэж байгаа нөхцөлд ийм цөөхөн хүнтэй улсын хувьд, үндэстнээ яг цэврээр нь бариад үлдэнэ гэдэг маш хэцүү болно. Тийм учраас хамгийн түрүүнд монгол хүний оюун дархлааны асуудлыг онцгойлон ярих ёстой юм. Оюун дархлаатай байхад цусны асуудал тийм ноцтой гэж үү! Гэтэл манайхан цусаа л яриад байдаг. Тэр их хэцүү. Жишээ нь миний хувьд, манай дээдэс 800 жилийн өмнө Арабаас ирсэн, тэр мөнгөн модыг хийсэн дархан хэн нэгнийх нь удам байсан эсэхийг би яаж мэдэх юм. Хэрэв тийм бол би цэвэр цусны монгол уу? Тийм биз дээ. Манайхан орос, хятадын эрлийз гээд, эрлийз байхаараа л орос, хятадын тал, тагнуул туршуул юм шиг ойлгоод байгаа. Хүн ямар улсын иргэн байхаа сонгож чаддаг ч, ямар хүний үр болон мэндлэхээ сонгох боломжгүй байдгийг яалтай билээ. Одоо ч хар бор арьстай Монгол Улсын иргэн, монгол хүн байгаа л биз дээ. Иймд монгол хүн байх оюун санааны чадамж л их чухал.
Шинэ жилийн баярын тухай таны бодол?
Шинэ жил бол монгол хүний хувьд дэлхийтэй хөл нийлүүлэх бас нэгэн баяр л даа. Энэ бол Христ гэдэг “миний найз” төрсний л баяр шүү дээ. Нийт хүн төрөлхтний ихэнх нь ингэж заншаад амьдралынхаа нэг мөчлөг, ажил үйлсийнхээ нэг мөчлөгийг эргэж хардаг, урьдчилж төлөвлөдөг ийм цаг хугацаа юм. Энэ баярыг жишиг ёсоор нь тэмдэглэх хэрэгтэй. Нэгэнт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлээд явж байгаа нөхцөлд, манай иргэд би юу хийчихвээ, би юу хийх вэ гэдэг тэр зааг дээрээ зогсоно. Энэ бол нэлээн өндөрт гарч ирээд зогсож байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, хоёр тийшээ харах боломжтой өндөрлөг дээр гараад зогсчихож байгаа юм. Тэгээд л аль болох харамсаагүй өнгөрсөн юм шиг санагдвал та их азтай байгаа юм байна. Үнэхээр харамсалтай юм шиг өнгөрсөн бол ирэх жил энийгээ давтахгүй байхын төлөө нэг юм бодож үзэх хэрэгтэй. Тэгээд л давчихвал таны хувьд шинэ жил болчихлоо гэсэн үг.
Хоёр оны заагийн тухай та ярилаа. Харин хүний амьдралд заримдаа үхэл амьдралын зааг тохиолддог. Тэр заагийг та үзсэн. Танд юу бодогдож байв?
Нэг их философидоод байгаагүй. Би монгол хүн, хөдөөний хүн болохоор ер нь амьд байна гэдэг бол хөдөлгөөн юм байна. Амьд байна гэдэг бол мөнх гэдэг ойлголттой төсөөтэй. Үнэ цэнэ нь би дал наслахад бол, далан жил наслаагүй, далан жил амьдарсан биш далан жил мөнхөрсөн юм байна. Тэгэхээр амьд байна гэдэг чинь мөнх оршиж байна гэсэн үг. Далан жил л мөнхийн усыг уусан байна. Тэгэхээр энэ чинь агуу байгаа биз дээ. Тэгж л ухаарагддаг. Түүнээс, би ч азтай байна аа гэх зүйл бол биш юм шүү дээ.
ДАЛАЙ ЛАМЫГ ЗӨВ АМЬДРАХ УХААНЫ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НОМЛОГЧ ГЭЖ БИ БОДДОГ
Манай “Зиндаа” сэтгүүлээс “Ховор номын сан” төсөл хэрэгжүүлж байгаа юм. Сэтгүүлийнхээ нээлттэй зэрэгцүүлээд энэ төслийн нээлтээ хийнэ. Та манай ховор номын санд нэг ном хандивлах боломжтой юу?
Боломжтой. Өөрийнхөө номыг өгье. Хамгийн сүүлийнхээ судалгааны номыг өгье. Тэр ном маань өөрөө дэлхийн хөгжимд нэлээн бага судлагдсан, хөгжмийн сэтгэлгээний нэг аргын талаарх судалгааны бүтээл байгаа. “Монгол хөгжмийн эгшиг, сэтгэлгээний онолын утга тайлал” гэдэг номоо бэлэглэе.
Танд маш их баярлалаа. Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
Би нэг дурсамж бичиж байна. Дурсамж гэхээсээ илүүтэй, хоёр асуудлаас болж энийг бичих болж байна. Нэг асуудал нь чухал. Манай хүүхдүүд “Аав аа, та алдартай хүн байгаад байх юм. Таныг хүүхдүүд чинь хэр зэрэг мэддэг гэж боддог вэ?” гэж асууж байгаа юм. Та нар намайг мэддэг л биз дээ гэсэн чинь, юу ч мэдэхгүй шүү дээ. Тийм ийм дуу, хөгжим бичсэн гэж л мэднэ. Яг таны хэн гэдгийг мэдэхгүй. Бид өөрсдийнхөөрөө л мэднэ. Тэгэхээр та хэн бэ гэдгээ бидэнд үлдээхийн тулд бич гэсэн юм. Тэгээд бичсэн. Үүнээс гадна би бас нас жаахан ахиж байна. Үе үеийн Монголын томчуудтай уулзаж учирч, хамтарч ажиллаж, асуудал шийдэж явж. Зөвхөн шашин гэхэд Гомбожав хамбатай уулзаж, Гаадан хамба, Чойжамц хамба, Дамбажав хамба, Нацагдорж хамба гээд явна биз. Монгол Улсын соёл, нийгмийн их том үйл явдлуудыг бас үзэж. Ингээд сүүлийн арваад жил ажиглаад байхад, тэр үйл явдлуудыг мэддэг хүмүүсийн тоо их цөөрч байна. Үлдсэн хүмүүсээс нь яагаад ч юм, яг болсон үйл явдал, яг тэр хүний тухайд өөртөө ашигтайгаар сайлах муулах юм их гардаг болж. Тэгэхээр үнэн болсон зүйлээс гажиж ярьсан тэр зүйлс нь үнэн болж үлдэх гээд байгаа юм. Яагаад гэвэл, би тэр Б.Ширэндэв гуайг мэднэ гээд ярихдаа “Ширэндэв гуай намайг тэгсэн” гээд байх. Гэтэл түүнийг нь тэгээгүйг мэдэж байгаа хүн сууж байгаа байхгүй юу, жишээ нь. Тэгэхээр би “тэгээгүй юм аа” гэдгийг хэлэхгүй бол, тэр тэгсэн болж үлдэх гээд байна. Тийм учраас би өөрийнхөөрөө С.Гончигсумлаа, Г.Бирваа, В.Ширэндэв гуайтай тийм байсан, Цэдэнбал гуайг тэгж боддог гэж бичээд үзье гэж бодоод байгаа юм. Хүмүүс Ю.Цэдэнбалыг судлахдаа Жанцанноровын номон дээр нэг тийм юм байгаа шүү гээд, Б.Ширэндэв гуайн тухай, Н.Норовбанзадын тухай, С.Гончигсумлаагийн тухай тэнд юм бий гэдэг ч юм уу. Тэгээд би хэлхээс хийгээд, Гончигсумлаа гэвэл 105, 203-р хуудсанд байна гээд л биччихье. Ер нь олон хүн байна. Э.Оюун, С.Удвал, Д.Намдаг гээд л бүгдтэй нь хамтарч ажилласан байна лээ. Зарим хүмүүс “Монгол тулгатны зуун эрхэм”-ээр л гэхэд тэр гуайн тухай тэр тэдэн хүүхэнтэй унтсан гээд. Тэр чинь үр хүүхэдтэй хүн. Ярьж байгаа хүнийг ч өөрийнх нь үр хүүхэд сонсож байгаа. Энэ ариун явдал мөн үү? Ийм ариун бус явдал бага гараасай гэж өөрийнхөө мэдэх хүрээний юмыг ном болгож гаргах санаатай.
Та хөгжмийн ямар бүтээл туурвиж байна вэ?
Ирэх жил Японд миний уран бүтээлийн тоглолт болно. Хэдэн хөгжим оролдож байна.
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Монгол Улсад айлчиллаа. Та Далай ламтай уулзаж байсан. Далай ламын тухай танд үлдсэн сэтгэгдэл?
Түүнтэй Японд нэг зочид буудлын зэрэгцээ өрөөнд гурав хонож билээ. Бие сэтгэл хөнгөрөх шиг л болсон. Миний “Цагаан суварга” бүтээлийн аяыг тавиад, сүсэгтэн олонд тэр хөгжмийн аян дээр сургаалаа айлдахад нь би их догдолж билээ. Далай ламыг зөв амьдрах ухааны хамгийн хүчтэй номлогч гэж би боддог.
Манайд шашин шүтлэгийн байдал ямар байгаа гэж та боддог вэ?
Манайд, ялангуяа итгэл үнэмшлээрээ шашин шүтэх нь тун бага шүү. Намайг аварна, очоод ном уншуулаад, мэнгээ засуулчихвал гайгүй болов уу гэсэн найдвар зонхилдог гэж болно. Буруу өдөр үсээ засуулчихвал тэгчих болов уу гээд дандаа амьдрал ахуйдаа ашиглаж хэрэглэх гэсэн байдлаар шашинд хандаж байгаа нь ажиглагддаг. Мөнгө төгрөгтэй зарим улс бол шашин чамд үйлчлэх ёстой гэсэн байдалтай. Том компанийн эзэн гэхэд, ламд 300 мянган төгрөг хадагтай жолоочоороо явуулчихаад л, багштан нэг сайн бодож байгаарай гэчихээд гараад давхичихна. Дугуйгаа харахгүй. Замдаа дугуй нь хагарчихна. “Өчигдөр 300 мянган төгрөгтэй хадаг явуулаа биз дээ, энэ чинь. Дугуй хагарчих юм. Номоо уншсан л баймаар юм гэдэг” /инээв/.
Яг тийм л байгаад байна.
Энийг чинь одоо шүтлэг гэх үү, мухар сүсэг гэх үү? Найдвар, итгэлцэл дээр л тулгуурласан нэг ийм сонин юм байгаад байгаа юм. Мухар сүсэг л юм даа. Бурхан шашинтай хүн гээд бурхны шашнаа яг судалж ухаарч байгаа хүн ховор. Мэргэжилтнүүд, судлаачид л нэг жаахан харж байгаа.
Та Христ, Лал, Бурхны шашныг өөрийнхөөрөө харьцуулаад дүгнэж үзэв үү?
Уг нь Христийн шашныг бол итгэл дээр суурилдаг гэж ухаараад, Лалын шашныг бол бурхныхаа өмнө шударга байх гэдгээр нь хараад, Бурхны шашныг бол зовлон, түүний шалтгааныг ухаарах гэж ойлгох юм бол зөв гаргалгаа гарна гэж бодоод байгаа юм. Өөрөөр хэлбэл Бурхны шашин бол айхтар хүмүүнлэг, сүнслэг ухаантай. Зовлон ба түүний учир шалтгаан дээр бүх юм оршиж байна гэж үздэг шүү дээ. Зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн. Энэ бол үнэхээр бурхны шашны мундаг чанар байгаа юм. Энэ заагийг зөв олоод байх юм бол, уг нь хүнийг хүн байхад нь оюун сэтгэлийн чухал тулгуур болох юм. Бие, хэл, сэтгэл гурвын нэгдэл гэж нэг том асуудал байгаа.
Манай “Зиндаа” сэтгүүл нийгмийг соён гэгээрүүлэх нийтлэлийн бодлоготой. Нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын тулд манай сэтгүүл ямар чиг барьж ажиллах нь оновчтой бол? Энэ тал дээр та бидэнд зөвлөнө үү.
Хүний аливаа бүтээмж гэдэг нь тодорхой нэг зорилго агуулсан байдаг ёстой л байх. Сэтгүүлүүдийг харж байхад хэд хэдэн зорилго байдаг юм байна гэж ажигладаг. Зарим сэтгүүл гоо сайхны мэдрэмж, мэдлэг, мэдээлэл гээд яг урлаг, гоо сайхны чиглэл барьдаг. Улс төрийн сэтгүүл бол үзэл санааг хүмүүст хүчтэй хүргэх зорилготой байдаг. Мөн бизнесийн хандлагатай гэх үү, худалдаа арилжааны чиглэлийн сэтгүүл гэж байна. Хэрвээ би зөвлөж болж байгаа бол, танай сэтгүүлийн хувьд явж явж тодорхой хүнд тус болно гэхээсээ илүүтэй, тэр хүн танай сэтгүүлийг уншаад өөрөө өөртөө тус болохоор чиг баривал илүү сайн байж магадгүй. Миний санаа ойлгогдож байна уу? Та нар тэр хүнд тус болъё гэхээсээ илүүтэй, тэр хүн өөрөө уншчихаад өөртөө тус болохоор байх нь илүү чухал юм. Одоо хүнийг нээнэ гэж их ярьж байна. Хүний сайн сайхан, муу муухайг хүмүүст хүргэж болно. Гэхдээ хамгийн гол нь, бид тодорхой нэг өөр нийгмийн тогтолцооноос бас нэг өөр нийгмийн тогтолцоо руу ороод сайн бэхжээгүй талын юм байна. Ялангуяа оюуны салбарт бол үнэхээр тийм. Хүн гэж чухам нийгмийн бүтээгдэхүүн гэж ярьсаар байгаад олон жил болчихсон. Нийгмийн бүтээгдэхүүн байх нь ч яахав /инээв/.
Ер нь бол их инээдтэй сонсогддог юм байна шүү /инээлдэв/.
Маркс, Энгельс нар гэхэд л “Хөдөлмөр хүнийг бий болгосон” гэдэг. Миний бодоход, хүнийг давтагдашгүй бодгаль гэдэг талаас нь харах хэрэгтэй байх. Гэхдээ нэг асуудал байна. Дэлхийн бөмбөрцөг дээр жишээ нь бүгд нэг үндэстэн, бүгдээрээ нийлээд нэг улс болчихсон бол ерөнхий бодгаль яриад байж болно. Гэтэл хил хязгаартай, өмгөөлөх хамгаалах, хайрлах харамлах юмтай, бусдаас давуу, бусдаас дутуу юмтай байна шүү дээ, энэ үндэстэн, улсууд чинь. Миний яриад байгаа энэ бүгдэд үндэстнийг бүрэлдүүлж, баталгаажуулж, дархлаажуулж байгаа юм нь давхар байгаад байна. Бодгаль гэж хандахаас илүүтэй, энэ үндэстний нэг эрхэм чанар, орь хүслэн гэж байгаа. Тэр бодгаль, орь хүслэн хоёрын харьцааны асуудал гэж бий. Сэтгүүл бол бусдад өөрийн бодлогыг хүргэнэ гэхээсээ илүүтэй бусдыг өөрсдөө сэрж, өөрсдийгөө сэрээхэд нь тусална гэсэн үг. Үндсэн хуулийн үгээр бол, хүмүүнлэгийн үзэл санаа энэ сэтгүүлийн ард байгаа бол, энэ үндэстний эрхэм дээд орь хүслэн рүү яаж тэмүүлэх вэ гэдэгт нь нэгтгэхэд туслах хэрэгтэй. Монгол үндэстний эрхэм дээд орь хүслэнд тэмүүлэх галын дөл мөнхөд дүрэлзэж байх учиртай юм. Тийм л юм би олж харж байна.
Танд баярлалаа. Бид энэ сайхан зөвлөгөөг тань ажил хэрэг болгохын төлөө хичээх болно.
Ярилцсан: Ц.Оюунчимэг
2016-12 сар. “Зиндаа” сэтгүүл №1 /501/
No comments:
Post a Comment