Sunday, September 18, 2011

“Цонжин болдог”-т аялсан тэмдэглэл

Чингис хааны хөшөөт цогцолбор болон “13 дугаар зуун” цогцолборыг сурвалжлан бичихсэн гэж хагас сарын өмнөөс төлөвлөсний дагуу өнгөрсөн хагас сайн өдөр хэсэг нөхдийн хамт Улаанбаатараас хөдөллөө. Бидний хоёр нь гадаадад суралцаад дөнгөж төгсөж ирээд байсан тул “Цонжин болдог”, “13 дугаар зуун” үзнэ гээд их л өндөр сэтгэгдэлтэй явсан билээ. Зам зуур таарах шинэхэн бүтээн байгуулалтуудыг сонирхон харж, цэцэг алагласан нов ногоон хөндийгөөр давхисаар их талын дундаас гэнэт гарч ирэх Чингис хааны хөшөөт цогцолборт хүрч очив.
Машины зогсоолд зогсож орчин тойрноо ажиглавал, том жижиг нийлсэн 45 суудлын машин, хоёр микро автобус харагдана. Бид хөшөөт цогцолборын гадна хэдэнтээ зургаа татуулсны дараа тасалбараа авахаар касс руу очив. Хөшөөт цогцолборыг үзэхэд монгол хүн 5000, гадаад хүн 10,000 төгрөг төлдөг. Үүнээс нь үзвэл гадаад хүнд арай олон үзмэр үзүүлж, илүү сайн үйлчилж, тайлбарыг нь дэлгэрэнгүй хийдэг юм болов уу гэж бодмоор. Гэвч үгүй. Үүнээс нь болж би өнгөрсөн жилийн зун гаднын зочныхоо өмнө хоёр ч удаа эвгүй байдалд орж байснаа санаж байна...

Яг адилхан үзмэрийг хоёр өөр үнээр үзүүлж, зочид буудлын ижил өрөөнд хоёр өөр үнээр байрлуулдаг ийм үйлчилгээ манайхаас өөр ямар оронд байдаг бол оо. Би бодлоо, гадаад орнуудад явж байхад минь намайг монгол хүн гэдгээр нь илүү мөнгө төл гэж хэлж байсан тохиолдол бий бил үү? Швейцари, Америк, Англи, Филиппин, Энэтхэг, Тайланд, Хятад, Орос, Украйн гээд явж үзсэн хэдхэн орноо тоолоход ийм тохиолдол огт гараагүй байлаа. Үйлчлүүлэгчдээ яс үндэс, иргэншлийн харьяаллаар нь ялгаварлан гадуурхаж, өдөр шөнө шиг ялгаатай үнийн тариф тогтоодог энэ хандлага манай үйлчилгээний салбарт олон жилийн туршид бугшсан “социализмын угшилтай” дутагдал бөгөөд энэ мэтчилэн алхам тутамд таардаг нь даанч харамсалтай.


7605 РАЗМЕРИЙН ГУТАЛ БА ҮЛ ТАНИГДАХ ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛ
Цогцолборт ормогц угтаж авсан тайлбарлагч бүсгүй бидэнд танилцуулгаа хэдхэн минутын дотор дуржигнатал ярьж, том монгол гутал төдийгүй алтан ташуур, цогцолборын бусад үзмэр, Хүннү гүрний музейг орж үзэхийг зөвлөөд буцаж хаалганы дэргэд очиж зогссон юм. Нэг төрлийн мэдээллийг өдрийн туршид давтан ярьдаг тайлбарлагчийн ажил амаргүй ч тухайн үзмэрийг үзэж буй хүмүүс ихэвчлэн анх удаа ирж байдгийг харгалзан үйлчлүүлэгчиддээ хүндэтгэлтэй хандаж сурахад илүүдэхээргүй харагдаж байсан.
Хаалгаар ормогц хамгийн түрүүнд нүдэнд тусдаг үзмэр нь асар том монгол гутал юм. Зургаан метр гаруй өндөр, хоёр метр орчим өргөн энэхүү сүрлэг монгол гутлыг 285 үхрийн ширээр урласан бөгөөд 7605 размерын гутал ажээ. Танхимын хоймор хэсэгт Их эзэн Чингис хааны Цонжин болдог хэмээх газраас олсон Алтан ташуурыг дөрвөн метр урттайгаар найман цэн алтаар бүрж урласан нь гайхамшигтай харагдаж байв. Энэхүү хүндэтгэлтэй үзмэрийг “аравнайлуулсан” гэж тайлбарлагч нь онцолж байна билээ.

Танхимд зургаа авхуулахдаа хэрэглэж болох нэгэн өвөрмөц үйлчилгээ нь монгол баатрын иж бүрэн өмсгөл, монгол хатны дээл, малгайг төлбөртэйгээр өмсөх. Ямар ч төрлийн хувцсыг нэг удаа өмсөхөд 1500 төгрөг төлөх ба энэ хувцастайгаа хэдэн ч удаа зургаа авахуулж болох юм. Эдгээр нь дөрвөн төрлийн баатрын өмсгөл, хоёр төрлийн хатны хувцас бөгөөд зарим нь хими цэвэрлэгээнд яваад ирээгүй байна гэж үйлчилгээг хариуцаж буй залуус ярьж байв. Тэдэнтэй ярилцаж байхад “Өвөрмонголоос ирсэн хүмүүс дээл хувцасны загвар, хийцийг их шүүмжилдэг. Энгэр нь буруу талдаа байна энэ тэр гээд өмсөж өгдөггүй. Бид нар аль нь буруу, аль нь зөв болохыг нь ч сайн мэдэхгүй болохоор заримдаа хэцүү байдаг” гэж байлаа. Үнэхээр энэ үйлчилгээний дутагдалтай тал нь хэддүгээр зууны үеийн ямар баатар болон хатны өмсгөл өмсөөд байгаагаа мэдэх боломжгүй. Тайлбар ч байхгүй, гэрэл зургийн үзүүлэн ч байхгүй. Хувцас өмсөж зургаа авахуулахаас хэтрэхгүй, шинэ мэдээлэл авах боломжгүй нь “нэг тиймэрхүү”. Ингэхэд би хэдий үеийн ямар үндэстэн ястны хатны хувцсыг өмсчихөв өө гэж зургаа авхуулсныхаа дараа тэднээс асуухад “Таны өмссөн хатны хувцас ойрд монголынх” гэхээс өөр тоймтой хариулт хэлж чадахгүй байсан нь хачирхалтай. Уг нь энэ тал дээр ахиц дэвшил гаргая гэвэл угсаатны зүйн судлаачидтай хамтран ажиллаж, тэднээс зөвлөгөө авч, бодитоор нь биш гэхэд гэрэл зургаар үнэн зөв мэдээлэл өгч, нүүр улайхааргүй хэмжээнд ажиллах боломжийг 21 дүгээр зууны хөгжил дэвшил нээгээд өгчихсөн шүү дээ.

Цогцолборын хэд хэдэн танхимд байрлуулсан уран зургийн үзмэрүүд нь хаад, хатадын хөрөг голдуу харагдана. Доод давхарт нь Хүрэл зэвсгийн үеийн 1500 орчим үзмэртэй Хүннү гүрний музей байрлана. Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Булган, Төв, Ховд, Завхан, Хэнтий, Архангай аймаг, Өвөрмонгол болон Алтай-Саяны бүс нутгийн олдворуудаас бүрдэх эдгээр үзмэрүүд сонирхол татахуйц ажээ. Музейн үзмэрүүд нь хүн, амьтныг ихэвчлэн хосоор нь дүрсэлсэн, эерэг илэрхийлэлтэйн зэрэгцээ ан амьтныг агнах үйл явцыг олон талаас нь харуулсан, төрөл бүрийн ан амьтдын дүрс, ялангуяа янгирын толгойг уран тодоор дүрсэлсэн, чамин загвар хийц бүхий эдлэлүүд байсан юм. Миний хувьд хамгийн ихээр анхаарал татсан үзмэр нь төрөл бүрийн хийц загвараар урласан “бүсний арал”-ууд байв. Өнөөгийн монгол гоёлоос олж харахааргүй өвөрмөц чамин хийц загвар бүхий бүсний арлыг МЭӨ IX-VII, IY-I зууны үеийн гар урчууд хийж чаддаг байжээ гээд бодоход бахархмаар. Монгол дээлний бүс урладаг гар урлалчид энэ музейг ядаж нэг удаа үзэх хэрэгтэй гэж бодогдсон шүү.

32 МЕТР-Т МЭДРЭГДЭХ ТАЛЫН САЛХИ
Чингис хааны хөшөө цогцолборын нийт өндөр нь 40 метр бөгөөд үүнээс суурь хэсэг нь 10 метр, хөшөө нь 30 метр өндөртэй ажээ. Бид морины сүүл хэсэгт тааруулан хийсэн цахилгаан шат болон явган шатаар өгсөж, кино танхимд орж хөшөөт цогцолборыг хэрхэн барьж байгуулсан тухай танилцуулга нэвтрүүлгийг үзээд, морины цээжин дундуур дамжин гадагш гарч, 32 метрийн өндөрт байрлах морины дэлэн дээрээс талын салхины хүчийг мэдрэн зогслоо. Нийслэлийн “утаа, тоост” агаараар амьсгалж дассан бидэнд талын цэнгэг агаар толгой эргэм мэдрэмжийг төрүүлж байв. Их хааны хөшөөний дөрвөн зүг, найман зовхист хаяа тэлэн байгуулагдаж буй цогцолборын ажил хараахан дуусаагүй ч ойролцоох жуулчны баазууд аль хэдийнэ үйл ажиллагаа явуулаад эхэлсэн харагдана. Жуулчны баазад байрлахад ямар үнэтэй байдаг бол хэмээн асуухад “Нэг гэр нь 30 мянга гэнэ лээ” гэсэн хариултыг ойр хавьд байсан хүмүүсийн нэг нь өгөв.

Баруун гартаа алтан ташуур тулж, наран ургах зүгт алсын бараа харан зогсох Их хааны морьт хөшөөг 250 тонн ган хуудсаар хийсэн бөгөөд суурь хэсгийнх нь байгууламжийн диаметр 36 метр гээд бодохоор Монголдоо анхны томоохон цогцолбор байгууламж аж. Тус цогцолборын нярав Б.Авирмэдээс хэр олон хүн цогцолборыг үзэж сонирхдог болохыг асуувал, “Өдөрт дунджаар 300-400 хүн үзэж сонирхдог. Амралт, баяр ёслолын үед дунджаар 1000, заримдаа бүр 3000 хүртэл хүн үйлчлүүлдэг” гэсэн хариултыг бидэнд өгсөн юм. Энд бас “Монгол хурим”-ын захиалга авдаг юм байна. Нэг удаагийн захиалгад 100-150 хүртэл хүнийг хүлээн авах боломжтой бөгөөд нэг хүний зардал 25,000-30,000 төгрөгт багтдаг гэнэ. Энэ зардалд хуримын зоог, хосын бэлэг, үзвэр, хүлээн авалтын танхимд гурван цагийн туршид үнэгүй үйлчлэх үйлчилгээ багтдаг ажээ. Хуримлагчдын захиалгаар засал чимэглэл, монгол үндэсний хувцасны түрээс, ардын урлагийн тоглолт, автобус, хаммер жип, монгол гэр болон фото зургийн үйлчилгээг нэмэлт болгон үзүүлдэг юм байна.
Цогцолборын хоёрдугаар давхарт зоогийн газар, ариун цэврийн өрөөнүүд байрлах бөгөөд нэгдүгээр давхарт нь бэлэг дурсгал, ноолууран эдлэлийн дэлгүүр харагдана. Гадна талбайд нь түргэн хоолны жижиг үйлчилгээ ажиллаж, саравч, сандал ширээ зэрэг аялагчдын тав тухыг хангасан нөхцлийг бүрдүүлжээ. Түргэн хоолны цэгт нь хотдог, бургер зэрэг дөрвөн төрлийн хоол, ундаа ус зэргээр үйлчилж, тэдгээр нь 1000-2500 төгрөгийн үнэтэй харагдана. Уламжлалт монгол хоолыг зоогийн газартаа л хийж үйлчилдэг бололтой. Биднийг “13 дугаар зуун” цогцолбор луу хөдлөх үед зогсоол дээр 60 суудлын машин, 6 микро автобус, 4 том оврын автобус ирж зогссон байлаа.

Улаанбаатар хотоос 54 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах энэ цогцолборт хүний хөл ихтэй болохоор төөрч будилах явдал гарахааргүй. Өөрийн унаагаар явсан тохиолдолд Улаанбаатарын Баянзүрхийн товчоогоор гарч Налайх дүүргээр дайрч өнгөрөөд Тэрэлж явах замаас баруун гар тал руугаа салж явсаар, төд удалгүй талын дунд сүндэрлэх сүрлэг хөшөө гараад ирдэг билээ. Компаниас нь18 хүний суудалтай автобусыг 150,000 төгрөгөөр хөлслөөд “Цонжин болдог” явж болдог гэж лавлахаас утсыг нь авч холбогдсон аялал, маркетингийн менежер залуу хэлж байсан. Гэвч би хаанаас 18 хүн цуглуулах гээд явж байх вэ дээ. Гэхдээ Налайх, Улаанбаатарын хооронд нэг талдаа 800 төгрөг төлж нийтийн тээврийн автобусаар яваад дараа нь тэндээсээ нэг хүн 5000 төгрөгөөр такси хөлсөлж Цонжин болдог яваад ирж болдог тухай ч бас сонсож байлаа. Энэ замаар явахын тулд ядаж л Налайхад танилтай байх хэрэгтэй тул би үүнийг сонгоогүй.
Заавал автобус, машин  хөлслөхгүйгээр нийтийн тээврийн, эсвэл тогтсон маршрут бүхий автобус, микро автобусаар явах аялалд урьдчилан бүртгүүлж, аяллыг зохион байгуулах үйлчилгээг авах боломжгүй байдаг нь “Цонжин болдог” болон “13 дугаар зуун” цогцолборт очиж үзэх гэсэн олон хүний хүсэл эрмэлзлэлийг хааж боодог болохыг би ийнхүү өөрийн туршлагаас мэдэж авсан юм. Өөрийн унаатай хүний тоо хязгаартай, холын замд унаагаа бариад явах чадвартай нь бас тоо хэмжээтэй, олуулаа нийлээд автобус хөлслөх баг бүрдээгүй тохиолдолд дотоодын аялагчдад зориулсан сонголтуудыг санал болгож, аялал зохицуулалтын үйлчилгээ эрхлэх ажлыг жижиг бизнес эрхлэгчид хийж болмоор харагдсан. Улаанбаатар-Цонжин болдог-Улаанбаатар, Улаанбаатар-13 дугаар зуун-Улаанбаатар, Цонжин болдог-13 дугаар зуун-Цонжин  болдог гээд маршрут гаргачихад юу нь болохгүй байх билээ.

“Цонжин болдог”, “13 дугаар зуун” цогцолборууд руу нийтийн тээврийн хэрэгслээр явах ямар ч боломжгүй хэмээн мөнөөх аялал, маркетингийн менежер надад хатуу ойлгуулсан учир би найз нөхөдтэйгээ хамт аялахаар гарсан нь энэ.
1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа “Женко Тур Бюро” хэмээх аялал жуулчлалын тэргүүлэгч компанийн менежер “Та өөрийн унаагүй бол манайхыг очиж үзэж чадахгүй ш дээ” гээд доромжилсон мэт өнгө аясаар утасны цаанаас үйлчлүүлэгчдээ хэлэх нь их л “эвгүй”сонсогддог юм билээ. 

13 ДУГААР ЗУУНД ХҮРЭХ “БАЛАРХАЙ” ЗАМ
“Цонжин болдог”-оос хөдлөхийн өмнө “13 дугаар зуун” цогцолборт хүрэх замаа заалгалаа. Улаанбаатарын лавлах утаснаас аль нэг байгууллагын байршлын хаяг асуугаад юу сонсдог билээ, яг л тийм хариултыг сонсож мэл гайхав. “Төв аймгийн Эрдэнэ сумын төвийн цагдаагийн пүүткний хажуугаар баруун эргээд 18 километр яваад очно”... Тэр сумыг нь мэдэхгүй, замыг нь мэдэхгүй хүмүүс яах болж байна аа? Яг үүнийг л бид өөрийн биеэр тууллаа даа.

Эрдэнэ суманд ч яахав замаа дагаад яваад очлоо. Цагдаагийн пүүтк гэдэг нь аль юм бүү мэд. Нүдэнд шууд тусахаар хаяг харагдсангүй. Сумын төв рүү ороод асуувал бид өнгөрөөд явчихжээ. Буцаж яваад харвал нэгэн цоожтой модон байшингийн дэргэд модон дээр сийлсэн болов уу гэмээр, хараа муутай хүн бол уншиж чадахааргүй бүүдгэр бор өнгийн хаяг байлаа. Гэхдээ зүгээр л “13  дугаар зуун” цогцолбор гэсэн бичиг. Дахиад л зам асуухаас өөр аргагүй болов. Бидэнд байгаа ганц утасны дугаар холбогдсонгүй. “Хөдөөгийн энэ олон салаа замын алинаар нь явах вэ, та минь ээ” гэдэг дуу санаанд орж байна. Аль салаагаар нь явахад 13 дугаар зуун” цогцолборт хүрэх талаар километрийн тэмдэглэгээтэй сум заасан бичиг хайгаад олсонгүй. Нутгийн нэгэн мотоциклтэй хүн зам зааж өгөв. Зааснаар нь яваад байтал малчин айл дээр очлоо. Бид буруу замаар явчихжээ. Буцаад явах болов. Малчин эмэгтэй арай ойр зам гээд зааж өгсөнөөр нь явтал зам маань бүдгэрсээр өвсөн доогуур шургаад орчихлоо. Арай гэж буцаж гарч ирэв. Нөгөө бүдэг замаараа яваад л байлаа. Малчин эмэгтэйн “энүүхэнд” их л хол аж. Нэг ч айлгүй, мал амьтан ч харагдахгүй зэлүүд газраар баахан явлаа. Болгоомжлоод бүдэг ч гэсэн замаараа л явав. Ингэж явахдаа машинаараа нэг чулуу мөргүүлчих шиг болсон ч зогссонгүй. Ингээд арай гэж дахиад нэг айлын бараа харж бөөн баяр хөөр боллоо. Очиж зам асуувал жинхэнээсээ “энүүхэнд” байгаа гэнэ. Бид явсаар гүүр нь эвдэрсэн, бөөн том том чулуу хөглөрсөн замаар гарч бас л нэг эзгүй хөндий рүү ороод ирэв. Гайхан явж байтал зүүн гар талд нэг отог цухуйлаа. Явж очоод зогсвол “13 дугаар зуун” цогцолборын “Өртөө, улаач, харуулын отог” гэнэ. Том дээлтэй хоёр залуу гарч ирж байна. Бид цогцолбор үзэхээр мөнгөө төлөх гэтэл “Та нар оройтож ирж байгаа учир бүгдийг нь үзэж амжихгүй” гээд хүлээж авах янзгүй байна. Бид “Танай компани замын тэмдэглэгээ тавиагүйгээс болж төөрөөд оройтсон учир нэгэнт ирсэнийх ямар ч байсан үзнэ” гээд мөнгөө төлж, “ваучер” гэж нэрлэгдэх орлогын баримтыг авлаа. Нэг хүн 26,000, нийт 104,000 төгрөг төлөв. Энэ үеэр биднийг нэр усаар нь бүртгэх гэсэн нь манайханд онцгүй сэтгэгдэл төрүүлж, яагаад заавал хүн нэг бүрийг бүртгэх гээд байгааг нь тайлбарлахыг шаардсан юм. Ингээд арай гэж нэг юм ойлголцож, цогцолборын зургаан отгийн эхнийх нь болох “Өртөө, улаач, харуулын отог”-ийн тухай тайлбараа сонсож эхлэв. Гадаа гарвал “Женко Тур Бюро” компанийн ажилтнууд, санхүүгийнхэн, захиралын гээд машинууд ар араасаа ирэв.

Манай машины тос нь гоожсон болохыг компанийн залуусын нэг анзаарч хэлснээр бөөн асуудал үүслээ. Бид “Замын тэмдэглэгээ тавиагүй компанийн буруугаас болж машин эвдэрсэн тул асуудлыг шийдэж өг” хэмээн шаардаж, эхлээд хүний нөөцийн менежер, хуулийн зөвлөх Бат-Отгон, дараа нь мөнөөх аялал маркетингийн менежер Билгүүн, санхүүгийн ажилтан Энхмаа нарт дэс дараалан тайлбарлаж, тэдэнтэй ойлголцохыг хичээв. Захирал Намуунаа ирсэн ч бидний асуудалд оролцохыг хүссэнгүй, сэтгүүлчид яваа болохыг мэдэнгүүтээ хэвлэл мэдээллийн байгууллагатай нь ярина гэсэн зүйл ажилтнууддаа хэлчихээд бушуухан яваад өглөө. Ингээд компанийн менежерүүдтэй нүүр тулаад үлдэв. Аяллаа бүрэн хийж чадахгүй нь ойлгомжтой учир мөнгөө буцааж авав. Компанийн үйл ажиллагааны буруугаас болж машинаа эвдсэн гэдэгтэй тэд эвлэрэхийг огт хүсэхгүй байлаа. “Хүмүүс зүгээр л яваад олоод ирдэг ш дээ”, “Өөр газраар зугаалж яваад буруугаа манай дээр тохох гээд энд ирсэн биз” гэж хэлэх хүн ч гарав. Арай хүн ёсоор харьцах гэж үзэж байгаа нь Бат-Отгон менежер байлаа. Билгүүн менежерийн хувьд нэлээд эсэргүүцэж үзээд, дараа нь биднийг сонсож, зохицуулах гэж үзсэн ч эрх мэдэл нь хүрсэнгүй бололтой. Ямар ч байсан нэлээд ширүүн өрнөсөн яриа хэлэлцээ, маргааны эцэст тэд биднийг микро автобусаараа “ууртайгаар” огцом огцом чирсээр Улаанбаатарт оруулж өгч, бид “13 дугаар зуун” цогцолбор үзэх гэж байсан 104,000 төгрөг дээрээ дахин нэмж мөнгө төлөөд машинаа засуулснаар энэ удаагийн аялал өндөрлөсөн билээ.

Энэ бүхний эцэст Аялал жуулчлалын тэргүүлэгч компани болох “Женко Тур Бюро”-гийн ажилтнуудад “үйлчлүүлэгч” гэдэг ойлголт бараг байдаггүй болохыг мэдэж авлаа. Тэдний хувьд мөнгө төлөх нь, тэгээд бүр хэдэн төгрөг төлөх нь л гол болохоос үйлчлүүлэгч гэдэг “хүн” огтоос чухал биш аж. Тэд мөнгийг хүн төлдөг, нэг хүний ард олон хүн байж тэд ч бас үйлчлүүлэгч болдог гэдгийг мэддэггүй бололтой. Тэдний бидэнтэй харилцаж буй харьцаа,  яриандаа хэрэглэж буй бүдүүлэг, дайрч давшилсан үг хэллэг, үйлчлүүлэгчийнхээ үгийг сонсох тэвчээргүй хурц зан ааш, асуудлыг газар дээр нь бие дааж шийдэх, зохицуулах чадваргүй байдал зэрэг нь дэндүү өрөвдөлтэй бөгөөд харамсалтай харагдаж байсан. Хөөрхий тэдний тархийг цэнэглэж, сургалтад хамруулах цаг нь аль хэдийнэ болоод, бүр хугацаа хэтэрсэн нь илт...

“Женко Тур Бюро” компанийг үүсгэн байгуулагч, өнөөгийн Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Х.Баттулга анх энэ бизнесээ эхлэхдээ Монгол орныхоо аялал жуулчлалын өнгө төрх нь болж, хэний ч өмнө нүүр бардам байхыг хүссэн нь мэдээж. Гэвч харамсалтай нь, 21 дүгээр зууны үйлчилгээний соёл байтугай “үйлчлүүлэгч” гэдэг ойлголтын “А”-гүй ажилтнууд нь үйлчлүүлэгчдээ үргээж, бизнесийг нь дампуурлын ирмэг рүү түлхсээр байна.
Монгол хүн монгол газар нутаг дээрээ “хүн  шиг” үйлчлүүлэх цаг хэзээ ирэх юм бол оо?

Ц.Оюунчимэг
2011 оны 7 дугаар сарын 23,  Улаанбаатар-Цонжин болдог-13 дугаар зуун цогцолбор-Улаанбаатар


/2011.07.26 - www.shuum.mn/

No comments:

Post a Comment

Post a Comment