Sunday, September 18, 2011

Бага тэнгэрийн ам

Зайсангаас зургаан километр орчим гэж амралтын газрын эзэгтэйн заасны дагуу явсаар авто машины зогсоолд нь буулаа. Сагсан бөмбөгийн талбай, хүлэмж, үлгэрт гардаг муурын байшин шиг өвөрмөц байр, бас монгол гэрүүд бүхий тэрүүхэндээ догь амралтын газар нүдний өмнө харагдав. Бид ч дажгүй газар иржээ гэж баярлан дагуулж явсан зочдоо байрлууллаа.
Хоол унд гээд бужигнах үед бүх зүйл сайхан байв. Гэнэт зочдын маань нэг нь ариун цэврийн өрөө хаана байгааг асуув. Амралтын газрын хүмүүсээс асууж байгаад монгол маягийн модон жорлон зааж өгөөд явуулбал “Орж чадсангүй, аймшигтай юм байна” гэсээр буцаж ирлээ. Зочноо дагуулаад байгаль руу явж, энд тэндгүй шар айрагны шил, цэвэр ус, ундааны сав, цаас, гялгар уут хөглөрөн харагдах газраас арай гайгүй гэмээр хэсгийг олж асуудлаа шийдэцгээв. Ингээд хамаг сайхан сэтгэгдэл арилж одох нь тэр.
Урдуураа урсгал ус, эргээр нь бургасан төгөлтэй, ар талдаа уулаар нөмөрлөгдсөн тэр хэсэгхэн газарт байрлах амралтын газрын орчин хэрвээ цэвэрхэн бол, бас жорлонгийн асуудлаа зохих ёсоор шийдчихсэн бол, үйлчлүүлэгчиддээ арай илүү сэтгэл гарган үйлчилдэг байсансан бол үнэхээр сайхан газар байлаа. Энэ амралтын газар ганцаараа ийм биш гэсэн бодол намайг бүр ч их зовоож байв.
Нэг гэрийг хорин мянгаар түрээсэлдэг уг амралтын газар нийслэлд ойр учир үйлчлүүлэгчдийн хөл тасардаггүй нь илт. Тэнд ангиараа ирсэн хүүхдүүд сагсан бөмбөг, гар бөмбөг тоглож, өөрсдөө авчирсан хүнсээ л идэж байгаа болов уу гэмээр харагдсан. Энэ олон хүний дунд цорын ганц жорлон ажиллаж, амрагчид нь үндсэндээ байгальд асуудлаа шийддэг болох нь ч бас харваас илт байлаа.
Эндхийн бүх төрлийн хог хаягдал нэг саванд хаягддаг нь анзаарагдаж байв. Ядаж л архи, шар айрагны шил, ундаа, усны саваа тус тусад нь хийдэг хаягжуулсан том сагсан сав ил байрлуулах юм бол хүмүүс ийм төрлийн хаягдлаа зориулалтын хогийн саванд нь хийж чадах л байсан даа гэж бодогдсон. Тэгээд ч шил болон хуванцар савнуудыг хоёрдогч түүхий эдийн цэгт тушааж мөнгө болгох бүрэн боломж байгаа шүү дээ. Эндээс хогийн сав хийх зардлаа төдийгүй хэд хэдэн жорлон босгох мөнгийг ч олж болохоор харагдаж байсан.
Жорлонгийн хувьд тухайн газар нутгийн онцлогт тохируулан ямар төрлийн жорлон барихаа зөв сонгож чадвал байгаль экологидоо хор хохирол учруулахгүй байх бүрэн боломжтойг “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага” номыг редакторлах явцдаа олж мэдсэн билээ. Нийслэлийн гэр хороолол, амралтын газар, жуулчны баазууд, хөдөөгийн болон хотын захын сургууль, эмнэлгүүд гээд аль болох олон хүн төвлөрдөг газруудад экологийн зөв жорлон барих, хог хаягдлаа ангилан хаяхын ач холбогдлыг зурагтай нь тайлбарласан мэдээлэл энэ номонд бий. Энэхүү чухал мэдээллийг олшруулан хүргэх арга зам нээлттэй байгаасай гэсэндээ бид номоо зохиогчийн эрхийн хамгаалалтгүйгээр хэвлэсэн билээ. Учир нь үүний үр дүнд газар нутаг маань хог хаягдлаасаа цэвэрлэгдэж, гүнийн цэвэр усны эх үүсвэр бохирдлоос хамгаалагдах ажлын эхлэл тавигдах юм. Тэр цагт би хэний ч өмнө нүүр улайхгүйгээр Бага тэнгэрийн аманд тухална гэдэгтээ итгэлтэй байна.

Ц.Оюунчимэг


  \2011.04.30 - www.shuum.mn\

No comments:

Post a Comment