Sunday, September 18, 2011

“Бяцхан” Дисней Лэнд

Парк удахгүй Дисней Лэнд шиг болох юм гэнэ лээ хэмээн арваад жил дуулиантсан болохоор нь нүдээр үзье гээд хүүхдийн паркийг зорилоо.
Эхний удаад такси хөлөглөн үүдэнд нь буув. Автомашины зогсоол нь хангалттай олон машин багтахуйц том харагдана. Зогсоолын зохицуулагчаас нь ойр хавьд автобусны буудал байгаа эсэхийг лавлавал, гол хаалганаас баруун зүгт, паркийн хашааны гадна байгаа гэв. Ердөө ганц чиглэлийн автобус зогсдог болов уу гэмээр харагдах уг зогсоолд автобус ирж зогсоод хүн бууж байхыг нь гурвантаа очихдоо нэг ч харсангүйг бодоход паркад зориулагдсан эд биш бололтой. Тэгэхээр хүүхдийн парк маань машинтай хүмүүс ирж үйлчлүүлэхэд илүү тохиромжтой харагдлаа. Гэвч бусад нь тэгээд яах болж байна аа?
Хаалгаар ороход хэн ч надаас мөнгө нэхсэнгүй. Би яагаад ч юм зүгээр яваад орчихов. Паркийн оффис руу орж хэдэн асуултад хариулт авахыг хичээлээ. Харамсалтай нь хүн бүр өмнөх ажлаасаа өөрийг мэдэх эрхгүй байдаг бололтой. Паркад хэдэн хүн нэгэн зэрэг үйлчлүүлэх боломжтой талаар хэн ч тодорхой хариулт өгч чадсангүй. Тэд ийм асуултад хариулахаас аль болох зайлсхийж, би баахан хүний хооронд нааш цааш яваад ч тусыг эс олсон билээ. Ингээд миний энэ асуулт хариултгүй үлдэв.
Намайг хаалгаар орох үед нэгэн хүү ваучер барьчихсан түүгээрээ яаж үйлчлүүлж болохыг асуугаад явж байсан юм. Ээж нь бараа худалдан авсны урамшуулалд ирсэн ваучераа хүүдээ өгсөн нь энэ гэнэ. Хүү парк руу алхаж ирсэн, гэр хороололд амьдардаг гэж байв. Түүний гар дахь ваучер дөрвөн зоосоор солигдлоо. Ингээд бид хоёрдугаар давхарт байрлах автомат тоглоомын төвийг зорив. Тэнд хүүхдүүд тийм ч олон байсангүй. Ихэнх нь эцэг эхтэйгээ хамт яваа харагдана. Нэг автомат тоглоом тоглоход хоёр зоос хийдэг аж. Хүү хоёр, гурван минутаас хэтрэхгүй тоглов. Эхний тоглолт маш амархан дууссан тул тэрээр дараагийн тоглоомоо оновчтой сонгохоор хайж байгаа харагдана. Би хүүд амжилт хүсээд ажиглалтаа үргэлжлүүллээ. Автомат тоглоомуудыг тоолбол 40 орчим байх бөгөөд тэдний 9 нь засвартай байх аж. Хүүхдүүд тоглоомоо амжилттай тоглож оноо авсан тохиолдолд бэлгэнд авах зөөлөн тоглоомуудыг өрж тавьсан харагдана. Гурван мянган төгрөгөөр 10 зоос авч болно шүү хэмээн зоос борлуулагч нь надад хандан хэлж байв. Би бусад газруудыг нь үзэхээр гарлаа. Нэгдүгээр давхарт түргэн хоолны газар ажиллаж байна. 35 орчим ширээ, 100 орчим сандал бүхий энэ газарт хот дог, тахианы мөч, бургер зэрэг зургаан нэр төрлийн хоол, хоёр төрлийн салат, нэг төрлийн зутан шөл бүхий цэс харагдана. Ундаа, ус, жүүс, түүнчлэн тийм ч хямд биш үнэтэй, эрүүл мэндэд сайнгүй цагаан гурилаар хийсэн хоол, нарийн боов, бялуун бүтээгдэхүүнээр үйлчилдэг аж. Уламжлалт монгол хоолны үнэр ч алга. Бууз, хуушуур, цуйван хийхээр “Дисней Лэнд биш” болчих гээд байгаа бололтой. Угаасаа л биш шүү дээ. Дисней Лэндийн бүх паркууд, тэдгээрийн хамгийн том нь болох Дисней Ворлд хүртэл газар тариаланд хэрэглэгдэх ямар ч боломжгүй болтлоо үржил шимээ алдаж цөлжсөн газарт гайхамшигийн орноо байгуулсан байдаг. Гэтэл манай парк хотын төвд, ногоон бүс дотроо, цэвэр усны эх үүсвэрийн ойролцоо, бараг л хамгийн үржил шимтэй хөрсөн дээр байгуулагдсан тул Дисней Лэндтэй харьцуулахад ичгэвтэр түүхтэй гэж хэлж болно.


ХӨТӨЧТЭЙ АЯЛАЛ
Хоёр дахь удаагаа паркийг зорихдоо алхаж очихоор шийдэв. Уламжлал ёсоор Д.Нацагдоржийн хөшөөний хавьд байдаг хаалгаар нь орно хэмээн сэтгэсэн маань алдаа байлаа. Тэр хаалга аль хэдийн барилгын талбайн цаана орчихжээ. Ингээд Хүүхдийн ордны хажуугаар алхлав. Гурван жаахан охинтой тааралдаж зам асуувал “Паркийн Сөүл ресторан руу ордог хаалгаар ороод явах нь илүү ойр” гэж байна. Тэдний заасны дагуу алхалсаар явган хүний зам дууслаа. Ингээд нэлээд аюултай харагдах авто замыг машинуудын сиймхий хүлээн туулсаар Сөүл ресторан руу очдог замаар, паркийн баруун талаас нь орлоо. Ресторанаас цааш явах гэтэл манаач гарч ирээд тойрч явахыг анхааруулав. Тойрсоор паркийн хашааны өмнө гарч, уг замаараа алхалсаар урд гол хаалганы өмнө ирлээ. Касс ажиллаж байна. Тэнд нь очоод 1000 төгрөгийн билет авч орно гэсэн анхааруулга бичгийг нь олохоор хайж эхлэв. Ил харагдах зүйл алга. Харин ажиллахгүй байгаа зүүн талын кассын зүүн буланд уг анхааруулга харагдлаа. Би зориуд хаалгаар нь шууд явж орох оролдлого хийв. Билетээ аваад ор гэж байна. “1000 төгрөг төлж орно” гэсэн бичиг чинь хаана байна гэж асуувал угтагч охин хайгаад олсонгүй. Тэрээр кассынханд “Бичгээ ил хадах хэрэгтэй байна” гэж хэлж байна. Би ч "тоглоом"-оо дуусгаж билетээ аваад орлоо.
Хэдэн өдрийн өмнө ирэхдээ ерөнхий төрх байдлыг нь л ажигласан болохоос тодорхой зүйл мэдэж авч чадаагүй юм. Энэ удаад илүү тодорхой мэдээлэл авахын тулд “монгол” технологио ашиглав. Танил талаараа дамжуулан хөтөч олж өгөхийг хүссэний дагуу надтай утсаар холбогдсоор паркийн хоёр ажилтан ирлээ. Тэд энд ажилладагаараа бахархдаг нь илт. Паркийнхаа бүхий л үйлчилгээг нэгд нэгэнгүй танилцуулж байна. Хамгийн эхэнд “Эргэдэг дельфин” тааралдав. Найман дельфин тус бүр гурван суудалтай байх агаад нэг удаад 24 хүүхэд хоёр минут тоглуулах боломжтой аж. Хоёр минут тоглохын төлөө дөрвөн мянган төгрөг төлнө гэдэг арай л үнэтэй санагдав. Цааш явлаа. “Сансрын хөлөг” байна. Найман хүн 2-3 минутын хугацаанд нар буруу болон зөв эргэдэг энэ тоглоом бас л ижил үнэтэй. Үнэтэй юм биш үү гэсэн миний асуултын хариулт болгож паркийн ажилтнууд тоглоомын багцуудаа тайлбарлав. 7, 15, 20 мянгын багц гэж байдаг гэнэ. Тоглоомын нэг багцын үнэд нэг хүн орох билетийн үнээс чөлөөлөгддөг гэх бөгөөд гурван нас хүртэлх хүүхдээс бусад хэн ч байсан 1000 төгрөг төлж байж хаалгаар нэвтэрдэг юм байна. Багцад ордоггүй ганц үйлчилгээ нь завиар аялах. Нэг хүн таван мянган төгрөг төлж суудаг эдгээр жижиг завь нь таван хүний багтаамжтай гэнэ. Завиар аялахад 15 минут зарцуулдаг ба завьтай хүмүүсээ хянах аврагчид тусгай завиар явж байгаа нь содон харагдаж байлаа. Парк доторхи хиймэл нуурын мандал дээр нэгэн өвөрмөц усан онгоц байх нь уушийн газар аж. Энд саявтархан хүлээн авалт зохион байгуулсан, зуу орчим хүн чөлөөтэй багтаж байна лээ хэмээн охидын нэг нь надад сонирхууллаа. Оройн цагаар ирвэл усан оргилуур нь ажиллаж байдаг гэнэ. Хиймэл нуурын төв хэсэгт цайз босгожээ. Цайзад ресторан нээхээр бэлтгэж байгаа юм байна. Парк оройн 10.00 цаг хүртэл ажиллах ба амралтын өдрүүд болон хүн ихтэй үед үдшийн 11.00 цаг хүртэл ажилладаг хэмээн охид надад танилцуулав. 1000 төгрөг төлөөд энэ хавиар зугаалахад болох л юм байна гэж надад бодогдсон шүү.

ТОГЛООМОО УГААДАГ ПАРК
Бидний явсан газар бүрт явган хүний зам тавигдсан байхын зэрэгцээ ойр ойрхон байрлах төрөлжүүлсэн хогийн сав, гэрэлтүүлэг, сандал, сүүдрэвч, ариун цэврийн байгууламжууд, тоглоомын касс, жижиг худалдааны өвөрмөц мухлагууд гээд хүнийг ая тухтай байлгах бүхий л нөхцөлийг хангахыг хичээсэн нь илт. Замаа угаадаг болов уу гэмээр цэвэрхэн харагдаж байгаагийн учрыг хөтөч охидоос асуувал, тэд зам, бага тайзны талбай төдийгүй тоглоомуудаа өглөө бүр операторууд нь угааж, цэвэрлэдэг гэсэн хариултыг надад өгсөн юм. “Монголчууддаа соёлтой үйлчилгээ үзүүлэхийг хичээж байна даа” гэсэн бодол төрүүлэх энэ орчинд миний олж харсан бас нэгэн содон үзэгдэл нь хиймэл зүлгэн дээр гэр бүлээрээ амран тухлах хүмүүс байлаа. Их тайзны эргэн тойронд сүүдрэвч бүхий суудал олноор нь зассаны зэрэгцээ үзэгчид хиймэл зүлгэн дээр суугаад тоглолт үзэх нөхцлийг бүрдүүлж, тайзны зэргэлдээ том дэлгэц байрлуулсан харагдана. Хиймэл зүлгийг бас тогтмол цэвэрлэдэг гэнэ. Энэ үеэр амрагчдын бололтой гялгар уут салхинд хийсч ирснийг хөтөч охидын нэг нь бушуухан шүүрч аваад эвхэж, хогийн саванд хийв. Хоггүй орчныг бий болгохын төлөө ингэж л ажилладаг аж. Дараа нь бид “Дээрэмчний хөлөг онгоц”-ыг үзлээ. 45 хүний суудалтай энэ онгоц гурван минутын хугацаанд хүмүүсийг зугаацуулдаг байна. Ойролцоохон “Агаарын дугуй” харагдана. 10 хос дугуй байх бөгөөд нэг дугуй нь хоёр хүний суудалтай. Онгоц, дугуй аль алинд нь нэг хүн дөрвөн мянган төгрөг төлж сууна. Агаарын дугуйн замын дотоод хэсгийн багавтар тоглоомын талбай 10 хүртэлх насны хүүхдүүдэд зориулагдсан, үнэ төлбөргүй аж. Мангасын ам, Шатар зэрэг тоглоомууд нэгэн адил үнэ төлбөргүй гэнэ. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд цагийн 5-7,5 мянган төгрөгөөр 1-2 хүүхдэд зориулсан тэрэг түрээслэх боломжтой бөгөөд түүнчлэн тээш хадгаламжийн үйлчилгээг 500 төгрөгийн үнэ бүхий зоосоор авч болдог байна. Хэрвээ үйлчлүүлэгч хүсэх юм бол операторт хэлж 2000 төгрөгийн үнэ бүхий гэрэл зургийн үйлчилгээг ч бас авдаг ажээ. Гэрэл зураг гэснээс паркад авхуулсан хуучны гэрэл зургаа авчирч тоглоомууд дээр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тоглох боломжийг 6 сарын 22-ноос 7 сарын 1-нийг хүртэл явагдсан урамшууллаар үйлчлүүлэгчиддээ олгосон тухай мэдээлэл самбарт харагдана.
Ингээд “Алсыг харагч”-д сууж үзэв. Кабинд ормогц өмнө нь суусан хүмүүсийн үнэр өөдөөс ханхийх бөгөөд кабины хажуу талд гаргасан жижиг бөөрөнхий нүхнүүдээр хааяа нэг агаар салхи орж ирнэ. Өмнөхөөсөө 15 орчим метрээр өндөрссөн гэх шинэхэн алсыг харагч 28 кабинтай бөгөөд кабин бүр дөрвөн суудалтай, нийт есөн минутын туршид эргэдэг юм байна. Паркийн талбайг бүхэлд нь харах боломж эндээс олдов. Засан тохижуулсан газартаа үйлчилгээ явуулж, засварлаж дуусаагүй хэсэгт нь бүтээн байгуулалт өрнөж буй паркийн газар нутаг нэлээд багасчээ. Паркийн тоглоомууд хоорондын зай ойртсон, тэр хэмжээгээрээ тохижилт сайн хийгдсэн учир “Бяцхан” Дисней Лэнд гэж нэрлэхэд буруудахааргүй харагдана. Бяцхан хүүхдүүдэд зориулсан тоглоомоос 12 хүний суудалтай “Динозавр” гурван минут эргэлддэг бол, 24 морь, дөрвөн тэрэг бүхий “Морин тойруулга” хоёр минут давхидаг, “Мэлхийн үсрэлт” дээр нэг ээлжинд зургаан хүүхэд дээшээ гурав, доошоо гурав үсэрч тоглодог байна. Мөн хоёр хүний суудалтай “Мөргөлддөг машин” гурван минут явдаг, 48 хүний суудалтай “Гинжит савлуур” гурван минут эргэлддэг, найман хүний суудалтай “Саран савлуур” 2 минут 30 секунд савладаг, дөрвөн машин бүхий “Галзуу хулгана”-аар нэг ээлжинд найман хүн “нэг минут” тоглодог гэсэн дэлгэрэнгүй мэдээллийг хөтөч нараасаа сонслоо. Тоглоом бүр дээр хүн бүр дөрвөн мянган төгрөгийн үнэ төлж тоглоно гээд бодохоор хүн амын хэдэн хувь нь хүүхдээ дагуулан энд ирж, тэдний хэд нь сэтгэл хангалуун буцаж чадах вэ?... Хоёр ширхэг зоос 600 төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Тэгвэл анхны өдөр надтай тааралдсан хүү 1200 төгрөгийн үнэ бүхий ваучераар паркад тоглохоор ирсэн байжээ...

“ЖИНХЭНЭ" ДИСНЕЙ ЛЭНД
Хөтөч охидын ярьснаар, энд өвөл зунгүй ажилладаг “Мөсөн гулгуурын талбай” байгуулагдаж байгаа бөгөөд түүнчлэн “Супер галзуу хулгана”, “Аймшгийн агуй”, “Агаарын үсрэлт” гээд шинэ тоглоомууд нэмэгдэх юм байна. Одоогийн байдлаар паркийн тоглоомуудаас гадна боулинг, спорт pub, билъярд болон түүний дэргэд байрлах Зар түгээх цэг, VIP өрөө зэрэг үйлчилгээнүүд байгаа гэнэ. Бяцхан хүүхдүүдэд зориулсан “Бонгын ертөнц” тоглоомын төв байнга ажиллахын зэрэгцээ захиалгаар охид, хөвгүүдийн төрсөн өдрийн өрөөг чимэглэн түрээслүүлэх үйлчилгээ автомат тоглоомын төвд байдаг ажээ. Жижиг мухлагуудад паркийн билэг тэмдэг бүхий бүтээгдэхүүн цөөнгүй харагдана. Алхам алхамаар урагшилж буй энэ ажилд залуусын оролцоо их байгаа нь анзаарагдаж байлаа. Тэдний нэг хэсэг нь паркийн бүтээн байгуулалтад оролцож байсан бол, нөгөө хэсэг нь үйлчилгээг хүмүүст хүргэхийн төлөө ажиллаж байна. Паркаар аялахад минь тусласан худалдааны ажилтан Г.Нарантунгалаг, түрээсийн тэрэгний оператор М.Номинзул нар хүүхэд баярлуулдаг ажил нь гэрэл гэгээтэй болохыг надад ойлгуулсан билээ.
Өдөр нь гэрэл гэгээтэй, үдэш нь гэрэлтүүлэг чимэглэлтэй, агаар нь цэвэр, амьсгалахад уужим тэнүүн Хүүхдийн паркаар аялахад ая тухтай байлаа. Гэвч аливаа бизнесийн хэрэглэгч нь, түүнийг сайхан харагдуулдаг хүчин зүйл нь “хүн” билээ. Нийслэлийн сая хол давсан хүн амыг хотын төвд байрлах ганц парктаа татаж чадахгүй юм бол сайхан парк байгуулсны үр шим хэнд ч хамаагүй болно бус уу. Хаалгаар нь орсон хүн хэдэн цагийн туршид саатаж, жижиг үйлчилгээнүүдэд нь мөнгө зарцуулснаар гол орлого нь орж ирдэг гадаадын паркийн нууц юундаа байдаг юм бол. Америкийн Флорида мужийн Орландо хотын дэргэдэх Дисней Ворлд-д гэр бүлээрээ аялж байсан дүүгээсээ энэ талаар тодрууллаа. Дисней Ворлд-д орох такс 10 доллар байдаг гэнэ. Манайх шиг хоёр гуравхан минут тоглодог, цаг шаардахааргүй бүх тоглоом, урлагийн тоглолтууд, жижиг арга хэмжээнүүд нь үнэгүй. Харин “Гүнжийн ордон”, “Далайн дээрэмчин” гэх мэт гучин минутаас нэг цаг хүртэлх хөтөлбөртэй, тусгай үйлчилгээтэй тоглоомууд нь 3-5 болон 5-10 долларын үнэтэй байх ба билетийг нь ойролцоох кассаас авч тоглодог аж. Аялагчид анх орсон таксаараа гурван цаг орчим паркаар зугаалж, төрөл бүрийн үнэ төлбөргүй тоглоомууд дээр оочерлон тоглож, богиновтор хэмжээний нэг болон урт хөтөлбөртэй хоёр тоглоомоор наадсаныхаа дараа Дисней Ворлд-ын гадна байрлах зоогийн газар, ресторануудын нэгэнд хооллож, ойролцоох зочид буудалд нь байрлан хоногоор аялдаг юм байна. Ийм газруудыг улсаас хувийн компаниуддаа удаан хугацааны түрээсийн гэрээгээр эзэмшүүлж, алслагдмал бүс нутгийнхаа хөгжлийг дэмждэг гэнэ. Манайд байгуулагдаж буй “Цонжин болдог” цогцолбор ийм туршлагын сайхан жишээ ажээ. Тэнд гадаадын төдийгүй дотоодын аялагчид хэдэн зуугаараа очиж байхтай нь би олонтаа таарч байлаа. Нийслэлээс хол орших цогцолборт хүний хөл тасрахгүй байхад хотын төвд байрлах Хүүхдийн парк хүнээр дутахын учир юу вэ?
Ц.Оюунчимэг


2011 оны 6 дугаар сарын  22, 28-29, Улаанбаатар хот

/2011.07.01 - www.shuum.mn/

No comments:

Post a Comment