Sunday, September 18, 2011

Ажилтай, орлоготой "Бардам амьдрал"

Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн дэргэд хот сүндэрлэсээр өдгөө 35 дахь онтойгоо золгож буй. Монголчуудын өнгөрсөн зууны бүтээн байгуулалтын бахархал болсон Эрдэнэт хотыг зочиндоо үзүүлэхээр галт тэргэнд сууж аян замдаа гарлаа. Эрдэнэтийн утасны лавлахынхны зөвлөсний дагуу хамгийн гайгүй зочид буудалд нь өрөө захиалсан, тэгээд ч үйлдвэрийн цехийн дарга Н.Дэлгэрдалай ахынх тусгайлан бэлтгэсэн монгол зоогоор зочинд маань үйлчилнэ гэсэн тул санаа амар зорчиж явав.  Галт тэрэгний үйлчилгээ урьдынхаас нэг их ялгагдахгүй ч цай, кофе нь 250-300 төгрөг, нэг хос цагаан хэрэглэл нь 1000 төгрөгөөр үнэлэгдэх аж. Замын хүнсээ базаасан зорчигч үүнээс өөр зардал гаргахгүйгээр аялж болохоор харагдана. Удалгүй хоол хүнсний болон сонин хэвлэлийн худалдаа вагонуудад  үйлчилж эхлэв. Зэргэлдээх купенд улс төрийн ширүүн маргаан өрнүүлсэн яриа шөнө дөл болтол үргэлжилж, вагоны цонхоор харан зогсох хүмүүс зам зуурын сониноосоо хуваалцана. Купенийхэн маань болох хятад бизнесмэн, түүний орчуулагч, манай швейцари эмэгтэй бид дөрөв амар тайван аялсаар зорьсон газартаа хүрлээ. Галт тэрэг зогсоол дээр ирмэгц яаралгүй буугаад алхалж явтал таксины жолооч эмэгтэй хот руу явах эсэхийг маань асуугаад “тийм” гэсэн хариулт сонсмогцоо бидний чемодан, цүнхийг өргөөд машин руугаа алхаллаа. Нийтдээ дөрвөн зорчигч суулгаж байж хөдөлдөг аж. Хамгийн ойр буусан нь 1000, дараагийнх нь 1500, бид 3000 төгрөг төлснөөр “Тамир” зочид буудлын үүдэнд ирлээ. Уулын энгэрт, Хүүхдийн паркийнхаа дэргэд байрлах зочид буудлын байршил нь ихэд таалагдав. Гэвч хаалгаар нь ормогц монгол үйлчилгээний хүндрэл биднийг угтсан юм. Хэдийгээр урьдчилан захиалсан ч яг яваад очиход хоёр өрөө бэлэн биш байсан тул швейцари бүсгүйн хамт хоёр хүний нэг өрөөнд орохоос өөр сонголт үлдсэнгүй. Ингээд хоногийн 35 мянган төгрөгийн үнэ бүхий өрөөндөө орлоо. Хувцасны шүүгээний гүйдэг хаалга нь эвдэрхий тул чемодандаа хувцсаа үлдээх шийдвэр гаргаснаар төвхнөлөө. Хоёрдугаар микрорайон руу явахаар такси захиалсан ч ирэхгүй удсаар байх тул залхаж ойролцоох таксины зогсоол руу очив. Хэд хэдэн такси зогсож байх бөгөөд тэд яг очерын дарааллаараа шуурхай үйлчилдэг юм байна. Хотын нэг захаас нөгөө хэсэг рүү очиход тогтмол 800 төгрөг байдаг гэнэ. Том оврын автобус ховор байхыг бодвол 90 мянга орчим хүн амтай Эрдэнэт хотын нийтийн тээврийн гол хэрэгсэл нь такси, микро автобус бололтой. Ингээд хоггүй цэвэрхэн хотыг харан баясаж, өчүүхэн ч түгжрэлгүй замаар явахын сайхныг мэдэрлээ.  


ЗУУНЫ ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ҮЗЭВ
Эрдэнэт хотод ирсэн анхны өдрөө л үйлдвэр үзэх болсондоо хөл газар хүрэхгүй баярласан бид Уулын баяжуулах үйлдвэрийн гадна ирэв. Хамгийн эхэнд олборлолтын карьер үзэхээр уулын зам даган хөдлөлөө. Зам дагуу уулын модыг бараг хэвээр үлдээсэн харагдах нь олзуурхууштай санагдав. Олборлолтын карьер асар том талбайг эзэлсэн нь сүрдмээр. Үйлдвэрлэлийн дамжлагуудын бараг 90 хувь нь автомат удирдлагаар явагддаг хэдий ч 8000 орчим ажилтантай гээд бодохоор ямархуу хэмжээний үйлдвэр болох нь мэдрэгдэнэ. Ажилтнуудынх нь 2000 орчим нь орос мэргэжилтнүүд байдаг бөгөөд тэд ч эндээсээ явах туйлын дургүй “монголжсон” хүмүүс байдаг гэнэ. Үйлдвэрийн монгол ажилчдын цалин гүйцэтгэх ажил үүргээсээ хамааран янз бүр байдаг ч үйлдвэрийн дамжлагын ажилчдын хувьд 600 мянгаас 2 сая орчим төгрөгийн дундаж цалин авдаг аж. Хөдөлмөрийн нөхцөл “хортой” гэсэн ангилалд хамаарах тул үйлдвэрээс ажилчдадаа сүү, сүүн бүтээгдэхүүн олгож, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл, усанд орох шүршүүр, хувцас солих өрөө, хооллох тухтай орчин, чанартай хоол хүнс, гар утас болон гэрийн интернэтийн хөнгөлөлт, ажилдаа ирж очих унааны үйлчилгээ гээд хамгийн наад захын бүхий л нөхцлөөр сайтар хангадаг учир хүмүүс нь ажлын байран дээрээ тогтвортой ажиллаж, улмаар үр хүүхэддээ мэргэжлээ өвлүүлэхийг эрмэлздэг юм байна.  
Үйлдвэр дотор явж үзэхэд химийн бодисын содон үнэр хамар цоргиж, хувцсанд шингэх нь үү гэмээр санагдана. Толгойны хамгаалалт каска өмсөөд үйлдвэрийн зарим дамжлагаар орж үзлээ. Хоорондоо ярихад үг сонсогдохооргүй их дуу чимээтэй энэ орчинд удаан тэсэхэд хэцүү санагдсан ч үйлдвэрийн ажилчдын хувьд ердийн зүйл бололтой. Үйлдвэрийн байрны төв хэсэгт 35 жилийн өмнө тус үйлдвэрийн нээлтийн үеэр авсан хар цагаан гэрэл зураг харагдана. Энэ зурган дээрх хүмүүс, тэдний үр хүүхдүүд үйлдвэрээрээ, хотоороо бахархдаг нь лавтай. “Бүтээнэ, байгуулна” гэсэн эрмэлзлэл дүүрэн монгол залуус илгээлт өвөрлөн Эрдэнэтийн овоог зорьж байсан он жилүүд санаанд минь тодхон үлджээ. Илгээлтийн эзэн залуус зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, хотоо байгуулсан. Тэдний хөдөлмөрийн үр шимээр бүтээгдсэн “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэт хот өнөөдөр Монголдоо үлгэр жишээ болохуйц бүтээн байгуулалтын загвар болон сүндэрлэсэн нь энэ билээ.
ЭРДЭНЭТИЙНХНИЙГ УНДААЛДАГ УС
Үйлдвэр үзсэний дараа малчин айлд очихоор хөдөөгийн замд гарахад “подъём” дээр очно хэмээн Дэлгэрдалай ахын эхнэр ярьж байв. Юу болохыг нь лавлавал хотын хэрэгцээний усаа татдаг байгууламж гэнэ. Эрдэнэтчүүд Сэлэнгэ мөрний усаар ундаалдаг ажээ. Сэлэнгэ мөрнөөс дөрвөн подъём дамжуулан газар доогуурх хоолойгоор усаа татдаг бөгөөд подъём тус бүр дээр томоохон барилга байгууламж босгосон, тэнд нь мэргэжлийн хүмүүс хянан ажиллаж байдгаас үзвэл “ах” нар усны асуудалд онцгой анхаарсан нь илт. Ямар ч байсан хотын усан хангамж найдвартай гарт байгаа юм байна. Бидний очсон эхний подъёмын ойролцоох газар нь Эрдэнэт хавийн малчдын зуслан бололтой. Айлууд подъёмоос үүсэн урсах горхины хоёр талаар эгнэн бууж эхэлжээ. Зам зуур нүүдэлтэй таарч, нутгийн залууст цэвэр ус хандивлав. Харин нэгэн харамсалтай дүр зураг харагдсан нь Эрдэнэт хотын хогийн цэг байлаа. Хэдэн уулын энгэр дамнан харагдах энэхүү хогон хөндий хотоос шууд харагддаггүй учир иргэд нь ч, хотын удирдлагууд ч мартаж орхидог бололтой. Их хогноос дутахгүй зай талбайг Уулын баяжуулах үйлдвэрийн шингэн хаягдал эзэлдэг гэнэ. Энэ бүхэн хотоосоо хол, ойр хавьд нь гол ус байхгүй тулдаа л одоохондоо болж байдаг байх. Эрдэнэт хотын удирдлагуудын болон иргэдийнх нь онцгой анхаарал хандуулах зүйл энэ л байна даа гэсэн бодол төрж байв. 
Малчны хотонд зочилсныхоо дараа Эрдэнэт хивс компанийн нэрийн барааны дэлгүүрийг зорилоо. Нэр төрөл олон, өнгө үзэмж сайтай боломжийн хямд харагдах хивс, хивсэн бүтээгдэхүүн зочны маань анхаарлыг татсан ч аваад явахад арай л том юм гэснээр худалдан авалт хийсэнгүй. Дэлгүүрийн хоймор хэсэгт байрлах монгол гэрийн буланд хэдэн сайхан зураг татуулснаар сэтгэл нь ханав бололтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа телевизийн суваг эргүүлж, хотын сувгуудыг үзэхийг хичээсэн ч зар сурталчилгаанаас өөр зүйл олдсонгүй. Харин маргааш өглөө нь эрүүл мэндийн сайн нэвтрүүлэг явж байхтай таарч ихэд сонирхон хэсэг харж суусан билээ. Зочид буудлын өглөөний цай нэгэн ижил цэсээр бүх хүнд үйлчилдэг нь илт байлаа. Учир нь өглөөний цайнд юу авах вэ гэж огт асуулгүйгээр шууд оруулж өгдөг юм билээ. Эрдэнэт уг нь нэлээд өндөр хөгжилтэй хот хэдий ч зочид буудалд нь интернэтийн үйлчилгээ байгаагүй юм. Бид хотын төв рүү алхалж интернэт кафе-г зорив. Мэйлээ шалгасны дараа хоттой танилцахаар явлаа. Улаанбаатартай харьцуулшгүй сайн үзүүлэлт алхам тутамд таарна. Хот нь бүхэлдээ ногоон байгууламж ихтэй, явган хүний зам сайтай, хоггүй цэвэрхэн, өнгө үзэмж сайтай, байр хоорондын зай талбай стандартын дагуу хангалттай их гээд тоочоод байвал бүхэл бүтэн магтаал төрөхөөр сайхан сэтгэгдэл төрж байв. Гэвч хотын түүхтэй холбоотой бэлэг дурсгалын зүйлс харагдахгүй байгаа нь хачирхалтай. “Уг нь зэсээр хийсэн бэлэг дурсгал байвал ч” гэсэн бодлыг минь таасан мэт ахынх маань Каролин бид хоёрт зэс аяга, халбага бэлэглэж баярлуулсан билээ. Эрдэнэтэд ирсэн юм чинь орос хоол идье гэсэн зочныхоо хүсэлтийг биелүүлэхээр хүмүүсээс асуугаад л алхаад байв. “Москва петушка” гэдэг pub байх ч тэр нь олон үндэстний хоолтой, тэгээд ч арай л харанхуй санагдаад “Русская кухня” гэдэг газар бий гэсэн сургаар үргэлжлүүлэн алхлаа. Очвол “Славъянска кухня” буюу Трактирь хэмээх хаяг бүхий жижгэвтэр кафе байх агаад украйн хоолны газар байв. Энд ч оросуудын хаанчлал түүх болон үлдэж дээ гэсэн сэтгэгдэл төрсөөр хоттой танилцах аяллаа үргэлжлүүлсэн юм. Маргааш солонгос хоол идье гэсэн зочныхоо хүсэлтийг харгалзан хотын төвд байрлах нэгэн хоолны газрыг урьдчилан очиж үзэв. Энэ газарт хоёр жилийн өмнө Хөвсгөл явах замдаа хооллоход төдийлэн таалагдаагүй учир би дурамжхан л байлаа. Ашгүй, олон жил уулзаагүй найз бүсгүй маань биднийг хятад ресторанд урьснаар үдийн зоог онцгой сайхан болж өнгөрсөн билээ.  

ХҮН ШИГ АМЬДАРЪЯ ГЭВЭЛ ЭРДЭНЭТЭД СУУРЬШ
Энэ үгийн үнэнийг найз Ариунаатайгаа хуучлах зуур улам ихээр мэдэрч суулаа. Хотын гудамжаар алхалсан хоёр өдрийн туршид нийслэлийн гудамжинд олж хардаг шиг ядуурлын дүр зураг огт харагдаагүй нь Эрдэнэтийнхний амьдрал илүү сайн байгааг илтгэж байв. Эрдэнэтчүүд өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун, ирээдүйдээ итгэл дүүрэн амьдардаг аж. Хотын ихэнхи хэсгийг орон сууцны хорооллууд эзэлж, шинээр коттедж таун хороолол бий болчихсон, хот бүхэлдээ өргөжин тэлж, өнгөжин жавхаажиж буй дүр зураг хаа сайгүй харагдах нь гайхалтай. Энд ногоон мод, зүлэг үнэхээр их байдаг нь үйлдвэрийн хаягдлаас үүсэх агаарын бохирдлоос амьдрах орчноо хамгаалдаг биз ээ. Тэгээд ч хүн амьдардаг микрорайонуудаа үйлдвэрийн бүс болон төмөр замаасаа хол зайдуу байршуулсан хот төлөвлөлт нь нийслэлтэй харьцуулшгүй зөв зүйтэй шийдэл болсон харагдана. Спорт комплекс, бассейн, хөл бөмбөгийн талбай, хоккейн талбай гээд биеийн тамир, спорт хөгжүүлэх таатай орчин энд бүрджээ. Байруудын дунд сагсан бөмбөгийн шийт зоосон, тэнд нь хүүхдүүд тоглож байгаа дүр зургийг хаа сайгүй олж харах боломжтой юм байна. Номын сангийн уншлагын танхимууд нь амралтын өдөргүй бүтэн ажилладаг, хамгийн стильтэй залуус нь интернэт кафе ажиллуулдаг, гудамжаар алхлах хүмүүс нь өнгөлөг гээд сайхан сэтгэгдэл төрүүлсэн жишээ олныг дурьдаж болно. Улаанбаатарт байдаг бүхий л томоохон сүлжээ үйлчилгээний газар, дэлгүүрүүд Эрдэнэтэд аль хэдийнэ суурьшсан харагдана. Гэр хороолол нь хотоосоо зайдуу хэдий ч цэвэр цэмцгэр байх бөгөөд удахгүй гэр хороолол руу цэвэр, бохир усны шугам татагдах гэж байгаа нь нийслэлийн удирдлагууд үлгэр жишээ авмаар сайхан санаачлага байлаа. Хотыг бүхэлд нь “Өндөрлөг” дээрээс харж болно. Өндөрлөгөөс эргэн тойрноо ажиглахуйд хотын амьдрал “бардам” харагдах аж. Эрдэнэтийнхний ажилтай, орлоготой амьдралын эх булаг нь “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэр билээ. Эрдэнэтийн овоог илгээлт өвөрлөн зорьж байсан тэр үеийн залуусын нэгэн адил өнөөгийн залуус “Оюу толгой”-г зорих болжээ. Оюу толгойн алтыг нь аваад авдрыг нь үлдээх үү, аль эсвэл ажилтай, орлоготой “бардам” амьдрал буцалсан хот байгуулагдах уу? 
Ц.Оюунчимэг
2011 оны 5 сарын 19-25 УБ-Эрдэнэт-Дархан-УБ

/2011.06.13 - www.shuum.mn/

No comments:

Post a Comment